Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2017/01392

 

А.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШШ2017/01488 дугаар шийдвэр,                                        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 1449 дүгээр магадлалтай,

А.Э-ын нэхэмжлэлтэй,

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Тариалан эрхлэлтийг дэмжих санд холбогдох,

тушаал хүчингүйд тооцож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны  олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшингийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Алтангадас, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшин нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Одбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.Э- нь ХХААХҮЯ-ны Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирлын 2005 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 04 тоот тушаалаар Улиастай салбарын нярав, тооцооны нягтлан бодогчийн ажлын байранд томилогдон ажиллаж байгаад 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/54 дугаар тушаалаар ажлаас үндэслэлгүйгээр халагдсан. А.Э- нь нярваар ажиллаж байх хугацаандаа сахилгын зөрчил болон хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчлийг гаргаж байгаагүй бөгөөд ажил олгогчийн итгэлийг алдахуйц буруутай үйл ажиллагаа хийгээгүй болно. Гэтэл хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлд заасан ноцтой зөрчил гэх үйлдлийг гаргасан гэж үзэж дээрх заалтыг баримталж байгаа нь ойлгомжгүй байна. Иймд ХХААХҮЯ-ны Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн захирлын 2016 оны Б/54 тоот тушаалыг хүчингүйд тооцож, А.Э-ыг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл хугацаагаар гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Тариалан эрхлэлтийг дэмжих сан шүүхэд гаргасан тайлбартаа: А.Э- нь 2016 оны 01 сарын 05-ны өдрийн Гүйцэтгэх захирлын А/01 тушаалаар эд хөрөнгийн тооллогын комиссын гишүүнээр ажилласан ба трактор 1116 ширхэг байх ёстойгоос комиссын тайланд 1100 ширхэг гэж тоолон 16 ширхэг трактор дутсан зөрчил гарсан. Сангийн гүйцэтгэх захирлын 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/17 дугаар тушаалаар тооллогын комисс байгуулагдан ажиллаж, 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/27 дугаар тушаалаар ажлын хэсэг байгуулагдан 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Дотоод хяналт шалгалтын комисс-ын дүгнэлт гарсан. Дутагдсан трактор нь Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2012 оны А/08 Техник, тоног төхөөрөмжийн үнэ, худалдах нөхцлийг батлах тухай тушаалаар 1 ширхэг нь 5,000,000 төгрөгөөр тогтоож, борлуулалт хийх байсан ба дутагдсан 12 ширхэг трактор нь улсад нийт 60,000,000 төгрөгийн хохирол учруулж байгаа болно. Мөн иргэн аж ахуйн нэгжүүдэд олгосон трактор, бараа материалын зээлийн эргэн төлөлт хангалтгүй, улсын сангийн хугацаа хэтэрсэн өр төлбөрийн хэмжээ өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа нь хариуцан ажиллаж байгаа нягтлан бодогчийн ажлын хариуцлагагүй байдал бөгөөд ноцтой зөрчил болно. Тус дутагдсан трактор, сэлбэг хэрэгсэлтэй холбогдох үйл баримтыг эрүүгийн цагдаагийн газар өгч шалгуулсан бөгөөд харьяаллын дагуу Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шилжүүлсэн, тус хэлтэс нь гомдол мэдээллийг шалгаж байна гэсэн хариу өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШШ2017/01488 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн захирлын 2016 оны Б/54 дүгээр тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Аргай овогт Аюурзанын Энхжаргал /Регистрийн дугаар УК68102002/-ыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Тооцооны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 5,406,000 /таван сая дөрвөн зуун зургаан мянган/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Э-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.Э-ыг ажилгүй байсан бүх хугацаанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд даатгуулж, холбогдох даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Тариалан эрхлэлтийг дэмжих санд үүрэг болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 101,446 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 1449 дүгээр магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШШ2017/01488 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 101 446 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшин хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04-р сарын 27-ны өдрийн дугаар 101/ШШ2017/01488 дугаар ерөнхий шүүгчийн захирамж, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 1449 дүгээр магадлалыг хуулийг буруу тайлбарлан, нотлох баримтыг буруу, дутуу үнэлж шийдвэр гаргасан гэсэн үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Сангийн 2016 оны балансад 73 ширхэг бага оврын трактор бүртгэлтэй үлдсэн байдаг. Гэтэл гүйцэтгэх захирлын тушаалаар томилогдсон тооллогын комиссын тайлан, Дотоод хяналт шалгалтын комиссын дүгнэлт, хүнс, хөдөө аж ахуйн яамны улсын ахлах байцаагчийн актаар 11 ширхэг трактор, 9 ширхэг хадуур нийт 56.838.602 төгрөгийн хохирол учруулсан. А.Э- нь 2005 оноос 2016 оны хүртэл тус санд нярав, нягтлан бодогчийн үүрэгт ажлыг хийж гүйцэтгэж байсан бөгөөд Сангийн гүйцэтгэх захирлын 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн дугаар А/17 тушаалаар байгуулагдсан тооллогын комиссын тайлангаас ойлгогдож байна. 2015 оны 01-р сарын 30-ны өдөр ажил олгогчтой байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ”-ний 7 дугаар зүйлийн 7.2.3-т ноцтой зөрчил гэж дараах зөрчлийг ойлгоно. Үүнд: “шунахайн сэдлээр сангийн болон бусдын эд зүйлс, өмч хөрөнгийг үрэгдүүлсэн, ашигласан, хулгайлсны улмаас хохирол учруулсан, энэ үйлдэл нь баримтаар нотлогдсон” гэсэн дутагдуулсан баримтыг үнэлсэнгүй. Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 10 дугаар зүйлийн 10.1.8 дахь хэсэгт /Хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гэдэг нь ...эд материалын болон бусад хохирол учруулсан.../ гэж заасан. Тариалан эрхлэлтийг дэмжих санд ажиллаж байсан трактор хариуцсан тооцооны нягтлан бодогч үүрэгт ажилдаа хайнга хандсан, зарим тракторуудыг урьдчилгаа төлбөр хийлгэлгүй, гэрээ, зөвшөөрөлгүй олгосон эсхүл санаатайгаар ганцаараа болон бусадтай нийлж ашиглан шамшигдуулсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргаж байгууллагад онц их хэмжээний учруулсан хохирол үнэ тогтоогдсон ба учруулсан этгээд буюу нягтлангийн буруутай үйлдэл, эс үйлдэхүй байгаа нь тогтоогдсон.

Мөн анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ 01488 дугаар ерөнхий шүүгчийн захирамж гаргасан ба энэ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлд заасны ноцтой зөрчсөн тул дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж заасны зөрчсөн. Давж заалдах шатны шүүхэд энэхүү үндэслэлээр маргасан боловч давж заалдах шатны шүүх дүгнээгүйд гомдолтой байна.

Иймд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн дугаар 101/ШШ2017/01488 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 1449 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

А.Э- нь хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Тариалан эрхлэлтийг дэмжих санд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангасан, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Хариуцагч шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, хяналтын журмаар гомдол гаргахдаа “...анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ ерөнхий шүүгчийн захирамж” гаргасан гэсэн үндэслэл дурджээ.   

Гомдолд хавсаргасан Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн 2017 оны 04 дүгээр сарын 27-ний өдрийн 101/ШШ2017/01488 дугаар захирамжид шүүгч Д.Цэрэндолгор гарын үсэг зурж,  албажуулсан байна.

Дээрх захирамжийн агуулга, огноо, дугаар хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн дугаар, огноо, агуулгатай адил байна.  

Шүүх хэргийг хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1.-т заасан шийдвэр гаргах ба мөн хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт нийцсэн тогтоох хэсгийн агуулгыг зохигчдод танилцуулна.

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноор анхан шатны шүүх шийдвэрээ өөрчлөх, уншиж танилцуулснаас өөр байдлаар шийдвэр гаргах, шийдвэрлээгүй асуудлыг шийдвэрт тусгах, хянан шийдвэрлэсэн асуудлыг тусгахгүй орхигдуулах эрхгүй бөгөөд хүчинтэй болсон шийдвэрийг уншиж танилцуулсан агуулгаар нь бичгийн хэлбэрт оруулах үүрэгтэй.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлээд 2 өөр нэртэй эрх зүйн баримт гаргасан нь  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

Дээрх алдааг давж заалдах шатны шүүх илрүүлж зөвтгөх арга хэмжээ аваагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т нийцээгүй байна.

Энэ тохиолдолд шийдвэр, магадлал хууль ёсны болоогүй тул маргааны зүйл, хууль хэрэглээний талаар хяналтын шатны шүүхээс дүгнэлт хийх боломжгүй байна.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын заримыг хангаж,  анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШШ2017/01488 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 1449 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 101.446 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ