Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2017/01413

 

Д.Н-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 648 дугаар шийдвэр,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 29-ны өдрийн 138 дугаар магадлалтай,

Д.Н-ийн нэхэмжлэлтэй,

У.Ж-д холбогдох,

Гэм хорын хохирол 3.744.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Сарантуулын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Сарантуул, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Н- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2016 оны 12 дугаар сарын 20-ний өдөр 13-83 ОРА улсын дугаартай Элентра маркийн машинаараа такси үйлчилгээ үзүүлээд явж байхад Соната 5 тээврийн хэрэгслийг жолоодож явсан У.Ж  нь өөрийн тээврийн хэрэгслээрээ миний машиныг  мөргөсөн. Энэ зам тээврийн ослоос болж миний биед хүндэвтэр болон хөнгөн гэмтэл учирч, машин эвдэрч гэмтсэн. Хариуцагч 2017 оны 1 дүгээр сард 3.000.000 төгрөг өгсөн бөгөөд тухайн үед уг мөнгийг өөрийн эмчилгээ шинжилгээнд зарцуулсан, ингээд машинаа засуулах гэтэл өгсөн мөнгө нь хүрэхгүй байсан. Иймд машиныг засах зардал 4.880.750 төгрөг, үнэлгээ 120.000 төгрөг, эмчилгээний төлбөрт 1.544,037 төгрөг, ажил орлогогүй байснаас олох ёстой байсан орлого 1.200.000 төгрөг нийт 7.744.000 төгрөг үүнээс өмнө өгсөн 3.000.000 төгрөгийг хасч, 3.744.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч У.Ж  шүүхэд гаргасан тайлбартаа: Би 2016 оны 12 сарын 20-ны өдөр 98-94 ОРХ улсын дугаартай Соната-5 маркийн авто машиныг жолоодон явах үедээ 13-83 ОРА улсын дугаартай Элентра маркийн авто машиныг мөргөсөн. Шинжээчийн дүгнэлтээр Д.Н-ийн биед учирсан гэмтлийг хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй “хөнгөн” зэргийн гэмтэл гэж тодорхойлсон. Д.Н-ийн жолоодож явсан 13-83 ОРА улсын дугаартай Хюндэй Элентра маркийн авто машинд учирсан эд хөрөнгийн хохирлыг 2.025.000 төгрөг гэж хөрөнгийн үнэлгээний эрх бүхий байгууллага тодорхойлсон. Миний өгсөн 3.000.000 төгрөгийг хасч 3.744.000 төгрөгийг гаргуулах шаардлагыг дараах үндэслэлээр бүрэн төлж барагдуулсан. Үүнд сэлбэг 3.000.000 төгрөг, үнэлгээчинд 70.000 төгрөг, эмчилгээнд 420.000 төгрөг, эмнэлэгт хоол хийх мах 80.000 төгрөг нийт 3.570.000 төгрөгийг төлж Д.Н-ийн гэм хорыг нөхөн барагдуулсан гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 648 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.Жавхлант-Одоос 2.553.700 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Н-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.190.300 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 74.854 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч У.Ж-ос 55.489 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Н-т олгож шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 29-ны өдрийн 138 дугаар магадлалаар: Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 648 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг У.Ж-ос 1.884.400 төгрөгийг гаргуулж Д.Н-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.860.400 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж, 2 дугаар заалтад У.Ж-ос 55.489 төгрөг гэснийг 45.100 төгрөг гэж өөрчлөлт оруулж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч У.Ж ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55.810 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Сарантуул хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 2017 оны 06 сарын 29-ний өдрийн Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 138 тоот магадлалыг эс зөвшөөрч байна.

Эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардалд 1.544.037 төгрөг, машины эвдрэл сэлбэг засварт 4.880.750 төгрөг үнэлгээчинд 120.000 төгрөг нийт 7.744.787 төгрөг болсноос У.Ж-ос төлсөн 3.000.000 төгрөгийг хасаад 4.744.787 төгрөг болсон. Гэтэл давж заалдах шатны шүүх хариуцагч У.Ж ын гаргасан гомдолд дурьдсан байдлаар нотлох баримтыг үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг У.Ж ын хүссэн, бичсэнээр 3.500.000 төгрөгийг хасч, мөн нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй хувийн Тайхар эмнэлэгт хэвтэхэд нь У.Ж ын 350.000 төгрөг, хонины мах 80.000 төгрөг, эм тарианд 70.000 төгрөг гэж нийт 500.000 төгрөгийг өгсөн 3.000.000 төгрөгөнд нэмж тооцон хассан нь хэт нэг талын эрх ашгийг нийцүүлэн шийдлээ. Давж заалдах шатны шүүх Тайхар хувийн эмнэлэгт төлсөн 350.000 төгрөгийн баримт нь 2017 оны 01 сарын 25-наас өмнө буюу зам тээврийн осол гарсны дараа хувийн эмнэлэгт хэвтсэн баримт байгаа юм. Энэ зардал нь нэхэмжлэлийн шаардлага гарахаас өмнөх зардал тул шаардлагад хамаагүй гэж тайлбарласаар байхад уг баримтыг оруулан тооцлоо.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

                                                ХЯНАВАЛ

Нэхэмжлэгч Д.Н- нь хариуцагч У.Ж-ос 3.744.000 төгрөг шаардахдаа нэхэмжлэлийн үндэслэлийг зам тээврийн ослын улмаас учирсан гэм хор гэж тодорхойлжээ.

У.Ж  нь 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Соната 5 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа нэхэмжлэгчийн жолоодож явсан Элентра маркийн машиныг мөргөж, зам тээврийн осол гаргажээ.

Зохигчид энэхүү үйл баримтын талаар маргаагүй ба хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...3.570.000 төгрөг төлж, хохирлыг бүрэн барагдуулсан” гэсэн тайлбар гаргажээ.

Дээрх ослын улмаас нэхэмжлэгчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан ба тэрээр өөрийн машиныг засуулахад 4.153.000 төгрөгийн зардал гаргасан нь хэргийн баримтаар тогтоогдсон, хариуцагч эдгээрийг үгүйсгэж чадаагүй байна.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д зааснаар тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын эд юмс эвдэрч, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй.

Хариуцагчийн хууль бус үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн биед хөнгөн гэмтэл учирсан мөн эд хөрөнгө эвдэрч гэмтсэн нь тогтоогдсон ба хариуцагч гэм хорыг Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-т  зааснаар арилгах үүрэгтэй тул нэхэмжлэгч зам тээврийн ослын улмаас учирсан гэм хорыг арилгуулахаар нэхэмжилсэн нь хуулийн дээрх зохицуулалтад нийцжээ.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангахдаа тооцооны алдаа гаргажээ.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа нэхэмжлэгч эмчилгээнд 1.151.400 төгрөг зарцуулсан гэж үзсэн нь зөв боловч хариуцагчийн төлсөн төлбөрийг буруу тооцсоноос гадна магадлалын тогтоох хэсэгт хууль баримтлаагүй алдаа гаргажээ.  

Хэргийн 29 дүгээр талд авагдсан баримтаас үзэхэд хариуцагч 2016 оны 12 дугаар сарын 16-ний өдөр нэхэмжлэгчийн эмчилгээний төлбөрт 350.000 төгрөгийг Тайхар эмнэлэгт төлсөн байх боловч уг зардал нэхэмжлэлийн шаардлагад орж тооцогдоогүй байгааг давж заалдах шатны шүүх анхаараагүй байна.

Түүнчлэн хариуцагчийн “...80.000 төгрөгийн үнэтэй хонины мах өгсөн” гэх тайлбар хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. 

Иймд хариуцагч нь эмчилгээний зардал 1.151.400 төгрөг, машины засвар 4.153.000 төгрөг нийт 5.304.400 төгрөг төлөх үүрэгтэй ба үүнээс төлсөн 3.000.000 төгрөгийг хасч, үлдэх 2.304.400 төгрөгийн шаардлагыг хангаж, энэ үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 29-ны өдрийн 138 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 648 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан хариуцагч У.Ж-ос 2.304.400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Н-т олгож, нэхэмжлэлээс 1.439.600 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дугаар заалтын “...45.100” гэснийг “...51.820” гэж өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр төлсөн 45.100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.АМАРСАЙХАН

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ