Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 181/ШЗ2017/00973

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 05 өдөр     Дугаар181/ШЗ2017/00973                 Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

 

            Нэхэмжлэгч: ... аймгийн ... сумын 0 дугаар баг, 0 байрны 0 тоотод оршин суух, 0000 онд төрсөн, 00 настай, эрэгтэй, 00000000 тоот регистрийн дугаартай, Х овогт М.П-ийн нэхэмжлэлтэй,

 

           Хариуцагч: ... дүүргийн 0 дугаар хороо, ... гудамж, ... байранд байрлах, Х ХХК-д холбогдох,

 

           Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулж, уг олговроос шимтгэл тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгах, 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 99 тоот шийдвэрийг хүчингүй болгож, хууль бусаар данснаас татаж авсан 1.093.720 төгрөгийг гаргуулах тухай  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.П-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О, хариуцагч Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, М.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Тамир нар оролцов.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.П шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Миний бие 2003 онд Компьютер техник менежментийн сургуулийг үйлдвэр ба маркетингийн менежерийн мэргэжлээр төгсөж, Х-д 2004 оны 01 дүгээр сарын 21-нээс 2016 оны 11 дүгээр сарын 25 хүртэлх хугацаанд зээлийн мэргэжилтэн, зээлийн менежер, зээлийн эрсдэлийн менежер, бизнес борлуулалтын менежер, салбарын захирлын ажил, албан тушаалыг тус тус эрхэлж байсан. Салбарын захирлаар ажиллаж байх хугацаанд хариуцсан салбарын өдөр тутмын үйл ажиллагааг удирдлагаар хангах, бизнесийн үйл ажиллагааг сайжруулах, зээлийн багц, мөнгөн хадгаламж болон татан төвлөрүүлсэн хөрөнгийн хэмжээг өсгөх замаар банкны ашигтай ажиллагааг нэмэгдүүлэх үйлсэд өөрийн эрдэм мэдлэг, авъяас чадвар, бүх нөөц, боломжоо дайчлан зүтгэж ирсэн. Миний бие Х-ны ... салбарын захирлаар ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн ажлын хариуцлага алдаж байгаагүй, сахилгын шийтгэл авч байгаагүй, Хөдөлмөрийн тухай хууль, Хас банкны хөдөлмөрийн дотоод журам, Х-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажиллаж байсан. Гэтэл Х-ны Хүний нөөц хариуцсан захирал Г.З-ын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/1563 тоот “М.П-ийн ажил үүрэг гүйцэтгэхийг зогсоож, ажлын байрнаас хөндийрүүлэх тухай” тушаалаар томилогдсон Салбарын удирдлагын хэлтсийн бүсийн захирал Ц.Г-оор ахлуулсан, Санхүү хөрөнгийн хэлтсийн хяналтын мэргэжилтэн К.С, Зээлийн хэлтсийн зээлийн эрсдэлийн шинжээч Г.Б нарын бүрэлдэхүүнтэй ажлыг хэсэг 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Увс салбарын захирал М.П миний ажлыг холбогдох асуудлыг шалгах зорилгоор гэсэн хууль бус үндэслэлээр хүлээж авсан. Холбогдох асуудлыг шалгах нь ажилтныг ажил үүрэг гүйцэтгэхийг зогсоох, ажилтны ажил үүргийг хүлээн авах үндэслэл болохгүй, хөдөлмөрийн тухай хууль тогтомжид ажлын байрнаас хөндийрүүлэх тухай ямар нэгэн нэр томъёо, хууль зүйн ойлголт байхгүй учраас Хүний нөөц хариуцсан захирал Г.З-ын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/1563 тоот тушаалыг хууль бус шийдвэр гэж үзэж байна. Х ажилтан М.П-ийн ажлыг ямар нэгэн ажлаас халсан, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан тушаал, шийдвэргүйгээр хүлээж авсан бөгөөд ажил хүлээж авснаас хойш ажил, үүргийг гүйцэтгүүлээгүй болно. Улмаар М.П намайг Х-ны Хүний нөөц хариуцсан захирал Г.З-ын 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/1658 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг үндэслэн өөрийн данснаас компанийн дансанд мөнгө шилжүүлж банкны баталгаа гаргасан, хугацаа хэтэрсэн зээлийг хариуцагчийн өмнөөс өөрийн хадгаламжаа барьцаалан зээл авч төлсөн, нэг бизнесийн орлоготой хэд хэдэн холбогдох этгээдүүдэд тухайн орлогыг үндэслэн зээл олгохыг хориглосныг мэдсэн буюу мэдэх ёстой атлаа зээл олгосон гэсэн хууль бус үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан. М.П миний бие Х-нд эд хөрөнгийн хохирол учруулаагүй, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг гутаах үйлдэл гаргаж байгаагүй, тушаалд дурдагдсан ажлаас халсан үндэслэлүүд нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гэдэгт хамаарахгүй байх тул Х-ны Хүний нөөц хариуцсан захирал Г.З-ын 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/1658 тоот “М.П-д ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай” тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг ноцтой зөрчсөн, хууль бус шийдвэр гэж үзэж байна. Иймд М.П миний бие зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар тус шүүхэд хандсан бөгөөд намайг урьд ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч М.П-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.П- ... банкны ... салбарын захирлаар ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байхад нь Х-ы Хүний нөөц хариуцсан захирал Г.З-ын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/1563 тоот тушаалаар “М.П-ийн ажил үүрэг гүйцэтгэхийг зогсоож, ажлын байрнаас хөндийрүүлэх тухай” тушаал гаргаж, Салбарын удирдлагын хэлтсийн бүсийн захирал Ц.Г-р ахлуулсан ажлыг хэсэг 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр М.П-ийн ажлыг холбогдох асуудлыг шалгах зорилгоор гэсэн хууль бус үндэслэлээр хүлээж авсан. Холбогдох асуудлыг шалгах нь ажилтныг ажил үүрэг гүйцэтгэхийг зогсоох, ажилтны ажил үүргийг хүлээн авах үндэслэл болохгүй, хөдөлмөрийн тухай хууль тогтоомжид ажлын байрнаас хөндийрүүлэх тухай ямар нэгэн нэр томъёо, хууль зүйн ойлголт байхгүй ба дээрх тушаал нь хууль бус шийдвэр юм. Гэвч М.П-ийн ажлыг шалгаж, энэ хугацааны цалинг бүтэн олгосон тул “М.П-ийн ажил үүрэг гүйцэтгэхийг зогсоож, ажлын байрнаас хөндийрүүлэх тухай” тушаалд ямар нэгэн гомдол, шаардлага гаргаагүй. Харин ... банкны Хүний нөөц хариуцсан захирлын 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/1658 тоот “М.П-д ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах” тухай тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг ноцтой зөрчсөн, хууль бус шийдвэр гэж үзэж байна. Учир нь Х-ны ... салбарын үйл ажиллагаанд хийсэн ээлжит бус аудитаар илэрсэн тус салбарын ажилтнуудтай холбоотой зөрчлүүдийг шалгасан тайлан гэгчийг 2016 оны 12 дугаар сарын 06-нд гаргажээ. Банкны болон аудитын хуулиар дотоод нэгж шалгалтаа хуулийн дагуу явуулах ёстой. Гэтэл банкны ямар дүрэм журмын дагуу хэдэн хүний бүрэлдэхүүнтэй, ямар аудитор ямар хугацаанд шалгаж байгаа эсэх нь тодорхойгүй, зөрчлийг шалгасан тайлан гэх боловч төгсгөлд нь тайланг хэвлэсэн Ц.Л гэж бичсэнээс үзэхэд эрх бүхий этгээд /аудитор/ уг шалгалтыг хийсэн эсэхэд эргэлзээ төрүүлж байна. Уг аудитын шалгалтаар илэрсэн гэх М.П-ийн зөрчил нь 2016 оны 3, 4 дүгээр сард гаргасан зөрчил байх ба энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасан хугацааны дотор биш, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. Түүнчлэн тушаалд дурдагдсан ажлаас халсан үндэслэлүүд нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гэдэгт хамаарахгүй байна. Иймд М.П-г урьдхи ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулж, уг олговроос шимтгэл тооцон, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгаж өгнө үү. Тэрээр ... банкны ... салбарын захирлаар ажиллаж байхдаа ажилтнуудын орон сууцны хөнгөлттэй зээлд хамрагдан 114.300.000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай орон сууц худалдан авах зориулалтаар зээлсэн бөгөөд авсан зээлээ зээлийн гэрээний хугацаа, хуваарийн дагуу бүрэн төлж барагдуулж байгаа болно. Гэтэл түүнийг ажлаас чөлөөлж, ажлаас чөлөөлсөн шийдвэр үндэслэлтэй эсэх талаар шүүхийн маргаан эцэслэн шийдвэрлэгдэж дуусаагүй байхад Х нь ажлаас халагдсан гэх үндэслэлээр 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 99 тоот “Зээл шилжүүлэх шийдвэр” гэгчийг гаргаж, зээлийн хүүг харилцагчийн хүү рүү шилжүүлэн 19 хувь болгон өөрчилж, тус банк дахь М.П-ийн 000000 тоот дансны гүйлгээг хаасан байна. Түүний эзэмшлийн дансны зарлагын гүйлгээг хаахдаа 2016 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн эргэн төлөлт 795.397 төгрөг төлөгдөх ёстой байтал жилийн 19 хувийн хүүгээр бодож 1.093.720 төгрөгийг шууд данснаас нь татаж, давхар хохироосон байна. М.П үндэслэлгүйгээр ажлаасаа халагдсан бөгөөд ажилдаа эгүүлэн тогтоогдсон нөхцөлд өмнөх зээлийн хүү хэмжээгээр зээлээ төлөөд явах бүрэн боломжтой юм. Гэтэл Х  нь хэрэг маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад гэрээний хүүг дангаар өөрчилж илүү мөнгө таталт хийсэн явдал нь хууль бус байна. Иймд Х-ы 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 99 тоот “Зээл шилжүүлэх шийдвэр”-ийг хүчингүй болгож, түүний данснаас хууль бусаар татаж авсан 1.093.720 төгрөгийг Х-аас гаргуулж өгнө үү гэв.

 

  Хариуцагч Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, М.Ж нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн М.П-с тус банкинд холбогдуулан гаргасан урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогч Х ХХК-д даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, мөн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул энэхүү татгалзлыг гаргаж байна. Увс салбарын захирлын албан тушаалд ажиллаж байсан М.П-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг тус банкны Хүний нөөц хариуцсан захирлын 2016 оны В/1658 дугаар тушаалаар ажил олгогчийн санаачилгаар цуцалсан. Учир нь М.П нь тухайн салбарын эрсдэлийг хамгийн бага түвшинд байлгаж мэргэжлийн удирдлагаар хангах, үүний тулд салбарын зээл, нягтлан бодох бүртгэл зэрэг бүхий л үйл ажиллагаанд тавих давхар болон дараалсан хяналт тавих үүргээ биелүүлээгүй, гүйцэтгэх захирлаас олгосон эрхийн хүрээнд зээл олгох шийдвэр гаргах, банкийг төлөөлөн гэрээ байгуулах эрхээ хэтрүүлэн хэрэгжүүлсэн. Үүгээрээ хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам болон зээлийн үйл ажиллагааны ерөнхий журмыг ноцтой зөрчиж, хориглосон заалтыг зөрчсөн үйлдэл болон хэрэгжүүлэх ёстой үүргээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүйг тус тус гаргасан. Харилцагчийн өмнөөс зээлийн төлбөрийг төлсөн, нэг бизнесийн орлоготой хэд хэдэн холбогдох этгээдүүдэд тухайн орлогыг зээл хүсэгч тус бүрийн орлого мэтээр үндэслэн зээл олгож, улмаар тус бүртээ авсан зээлээ нэг орлогоороо эргүүлэн төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэнээр зээлүүдийн хугацаа хэтэрч, харилцагч болон банкийг санхүүгийн эрсдэлд оруулсан. Мөн уг үйлдлээрээ нэг зээлдэгч болон түүнтэй холбогдох этгээд, тэдгээрийн хяналтаа хэрэгжүүлдэг хуулийн этгээдийн Х дахь зээл, түүнтэй адилтгах активын нийлбэрээр тодорхойлно гэсэн гүйцэтгэх захирлын тушаалыг зөрчиж, олгогдсон зээл шийдвэрлэх эрхийн хэмжээг хэтрүүлсэн болно. Аудитын шалгалтаар илэрсэн 2016 оны 03 дугаар сарын 31, 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн зөрчлүүд нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг мэдэж байна, энэ тал дээр маргахгүй. Харин нэг гэр бүлийн хоёр хүнд /П.М, Б.Л/ нарт нийт дүнгээрээ 142.000.000 төгрөгийн зээл олгосон нь эрх хэмжээгээ хэтрүүлсэн гэж үзэж байна. Учир нь Х-ны гүйцэтгэх захирлын 2016 оны А/176 тоот “Орон нутгийн салбар, тооцооны төвийн зээлийн асуудал шийдвэрлэх, эрх хэмжээг батлах тухай” тушаал гарсан ба энэхүү тушаалын 2-т… Орон нутгийн салбар, тооцооны төвд зээл шийдвэрлэх, зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах эрх бүхий этгээд тэдгээрийн эрхийн хэмжээг 1 дүгээр хавсралтаар баталсан ба энэхүү хэмжээ нь 100.000.000 төгрөг, тушаалын 6-ийн 1-т… “Бодит судалгаа тооцоололд үндэслэн, зээлийн холбогдох журам, заавар, батлагдсан нөхцөл, Салбар тооцооны төвийн зээл судлах зөвшөөрлийн хүрээнд шийдвэр гаргах” гэж заасныг биелүүлээгүй байна. Мөн зээлдэгч Х.Ч, Ү.Э нар нэг гэр бүлийн хүмүүс, эхнэр, нөхөр хоёр хоорондоо орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, хуурамч баримт бүрдүүлсэн байхад санаатайгаар салбар хорооны хурлаар салбарын захирал М.П, зээлийн менежер Б.Б, Ж.Т нар зээл олгохоор шийдвэрлэсэн, 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хоёр шийдвэр гаргаж, Б ХХК, тус компанийн гүйцэтгэх захирал Х.Д нарт тус бүр 100.000.000 төгрөгийн зээл олгосон нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна. Түүний гаргасан дээрх зөрчлүүд нь Салбарын үйл ажиллагаанд гарсан асуудлуудад удирдах ажилтан өөрөө биечлэн оролцсон бөгөөд ажиллагсдыг удирдан зохион байгуулсан, салбарын үйл ажиллагаанд гарсан асуудлуудыг мэдсээр байж санаатайгаар зээлийн шийдвэр гаргаж эрсдэлтэй зээлийн багцыг нэмэгдүүлсэн байна гэж үзэж байна. М.П-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөр тасалбар болгон цуцалсан бөгөөд уг хугацааны цалинг зохих ёсоор олгосон. Санхүүгийн салбарт арилжааны банкны үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулахтай холбогдон ажилтныг ажлын байрнаас нь түр хөндийрүүлэх шаардлага үүсдэг ба уг хугацаанд ажилтны үндсэн эрх болох цалин, хөлс авах эрхийг нь хөндөөгүй болно. М.П нь манай банкны үндсэн ажилтан тул түүнийг орон сууцны хөнгөлттэй зээлд хамруулан 114.300.000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай орон сууц худалдан авах зориулалтаар зээл олгосон бөгөөд талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.3.2-т… “Зээлдэгч нас барснаас бусад шалтгаанаар зээлдэгч болон банкны хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ, контракт дуусгавар болсон тохиолдолд дуусгавар болсон өдрөөс хойш ажлын 5 хоногийн дотор зээлийн хүүд Банкнаас тухайн үед нийтэд санал болгож буй адил төрлийн буюу ижил зориулалттай зээлийн бүтээгдэхүүний доод хүүгийн хувь хэмжээгээр тооцож өөрчлөлт оруулна” гэж зааснаар М.Пүрэвхүү ажлаасаа чөлөөлөгдсөн тул дээрх заалтын дагуу өөрчлөлт оруулсан нь хуульд нийцсэн. Иймд М.Пүрэвхүүгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгэсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.П нь хариуцагч Х ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулж, уг олговроос шимтгэл тооцон нийгмийн болон эрүүл даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгочид даалгах, 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 99 тоот “Зээл шилжүүлэх шийдвэр”-ийг хүчингүй болгуулж, хууль бусаар данснаас татаж авсан 1.093.720 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            М.П нь Х-ны гүйцэтгэх захирлын 2004 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 46 тоот тушаалаар зээлийн мэргэжилтнээр анх ажилд орж, зээлийн менежер, зээлийн эрсдэлийн менежер, бизнес борлуулалтын менежер зэрэг ажлуудыг хийж байгаад 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн В/1206 тоот тушаалаар  ... салбарын захирлаар томилогдон ажиллаж байсан байх ба М.П-г 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн В/1563 тоот тушаалаар ажил үүрэг гүйцэтгэхийг түр зогсоож, ажлын байрнаас хөндийрүүлэх тухай тушаал гаргаж, улмаар 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн В/1658 тоот тушаалаар ажлаас нь чөлөөлсөн болох нь зохигчдын тайлбар, тэдний хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ, тус банкны Хүний нөөц хариуцсан захирлын 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн В/1658 тоот “Ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулж, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах” тухай тушаалаар тогтоогдож байна.                    

 

     Хас банкны хөдөлмөрийн дотоод журмын 15 дугаар зүйлийн 15.7-д… “Ажилтанд гэм буруутай үйлдлээс нь хамааруулан Хүний нөөц хариуцсан захирлын тушаалаар хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна” гэж зааснаар М.П-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах шийдвэр гаргасан Хүний нөөц хариуцсан захирал нь ажлаас халах тушаал гаргах эрхтэй субеъкт мөн байна.

 

М.П  Хүний нөөц хариуцсан захирлын 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн В/1658 тоот ажлаас халах тухай тушаалыг хүлээн авч, тус дүүргийн шүүхэд 2017 оны 01 дүгээр сарын 09-нд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т… “Ажлаас буруу халсан тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэсэн заалттай нийцэж байна.

 

Хас банкны Хүний нөөц хариуцсан захирлын 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн В/1658 тоот тушаалд “…Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалтыг үндэслэн ажилтан М.П-г  2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсугай” гэжээ.

 

            Нэхэмжлэгч М.П нь тус банкинд ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн ажлын хариуцлага алдаж, сахилгын шийтгэл авч байгаагүй, хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журам,  байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж ажиллаж байхад үндэслэлгүйгээр ажлаас халсан гэж маргаж, дээр дурдсан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

 

           Харин хариуцагч Х нь дээрх тушаалынхаа үндэслэлийг… …М.П-г гүйцэтгэх захирлаас олгосон эрхийн хүрээнд зээл олгох шийдвэр гаргах, банкийг төлөөлөн гэрээ байгуулах эрхээ хэтрүүлэн хэрэгжүүлсэн нь хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журам болон зээлийн үйл ажиллагааны ерөнхий журмыг зөрчсөн, хэрэгжүүлэх ёстой үүргээ хэрэгжүүлээгүй, харилцагчийн өмнөөс зээлийн төлбөрийг төлсөн, нэг бизнесийн орлоготой хэд хэдэн холбогдох этгээдүүдэд тухайн орлогыг зээл хүсэгч тус бүрийн орлого мэтээр үндэслэн зээл олгосноос тус бүртээ авсан зээлээ нэг орлогоороо эргүүлэн төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэнээр зээлүүдийн хугацаа хэтэрч, харилцагч болон банкийг санхүүгийн эрсдэлд оруулж, зээл шийдвэрлэх эрх хэмжээг хэтрүүлсэн тул М.П-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөр цуцалж, ажлаас чөлөөлөх тушаал гаргасан нь хуульд нийцэж байгаа, Х М.П-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцласан тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.3.2-т зааснаар 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 99 тоот “Зээл шилжүүлэх шийдвэр” гарч, зээлийн хүүг харилцагчийн хүү рүү шилжүүлж, жилийн 19 хувийн хүүгээр тооцож, 1.093.720 төгрөгийг данснаас нь татаж авсан нь хуульд нийцсэн гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байгаа болно.  

             

  ... салбарын захирал М.П-гийн ажил үүргийн хуваарь нь Банкны төлөвлөгөөт зорилтуудын хүрээнд тооцооны төвийн зах зээлд эзлэх байр суурийг нэмэгдүүлэхийн хамт салбарын ашигт ажиллагаа, хөрөнгийн зохистой удирдлагыг хангах, харилцагчийн сэтгэл ханамжийг өндөр түвшинд, урт хугацаанд хадгалж, үлдэхийн тулд харилцагчийн үйлчилгээний стандартад нийцсэн, чанартай үйлчилгээ үзүүлэхэд салбарын болон харъяа тооцооны төвийн бүхий л үйл ажиллагааг чиглүүлэх, нөөцийг батлагдсан төсвийн хүрээнд оновчтой хуваарилж, удирдан зохион байгуулах, салбарын эрсдэлийг хамгийн бага түвшинд байлгаж, мэргэжлийн удирдлагаар хангах, банкны болон салбар, тооцооны төвийн стратеги зорилтыг хангах, үүнтэй холбоотой үүргүүдийг хүлээх, салбарын ажиллагсад харъяа тооцооны төвийн захирлыг удирдлагаар хангах, салбар харъяа тооцооны төвийн үйл ажиллагаа, банкны бүтээгдэхүүн, үйлчилгээг мэргэжлийн түвшинд харилцагчдад хүргэх  зэрэг үүрэгтэй байна.

 

   ... салбарын үйл ажиллагаанд хийсэн ээлжит бус аудитаар илэрсэн тус салбарын ажилтнуудтай холбоотой зөрчлүүдийг шалгасан тайланг 2016 оны 12 дугаар сарын 06-нд гаргасан байх бөгөөд уг тайланг шүүхэд нотлох баримтаар ирүүлжээ.

 

   Уг шалгалтын явцад ... салбарын захирал М.П нь 1-рт: 2016 оны 04 дүгээр сарын 18-нд өөрийн 5000177575 тоот данснаас А ХХК-ийн 000000 тоот дансанд 7.400.000 төгрөгийг бэлэн бусаар шилжүүлж, уг компанийн нэр дээр 45.000.000 төгрөгийн эх үүсвэртэй баталгаа гарсан байх ба энэ нь ажилтны тайлбар болон дансны хуулгаар баталгаажсан. 2-рт:  2016 оны 03 дугаар сарын 31-нд өөрийн нэр дээр  тоот гэрээгээр 2.380.000 төгрөгийн хадгаламж барьцаалсан зээл авч, А ХХК-ийн 1250021739 тоот хугацаа хэтэрсэн зээлийг төлсөн, дээрх А, А, А гэх компаниуд нь гэр бүлийн бизнес бөгөөд банкинд 241.110.000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэйг нь илрүүлсэн байна.

 

    Хариуцагч тал ... салбарын үйл ажиллагаанд хийсэн ээлжит бус аудитаар илэрсэн тус салбарын ажилтнуудтай холбоотой зөрчлүүдийг шалгасан тайланг 2016 оны 12 дугаар сарын 06-нд гаргаж, ажлаас халсан тушаалд дээрх дотоод аудитын тайланг үндэслэл болгосон байх бөгөөд банкны болон аудитын хуулиар дотоод нэгж шалгалтаа хуулийн дагуу явуулах ёстой байтал банкны ямар дүрэм журмын дагуу хэдэн хүний бүрэлдэхүүнтэй, ямар аудитор, ямар хугацаанд шалгаж байгаа эсэх нь тодорхойгүй, зөрчлийг шалгасан тайлан гэх боловч төгсгөлд нь тайланг хэвлэсэн Ц.Л гэж бичсэнээс үзэхэд эрх бүхий этгээд /аудитор/ уг шалгалтыг хийсэн эсэхэд эргэлзээ төрүүлж байна гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзэв.

 

   Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т…Сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан бөгөөд уг шалгалтаар илрүүлсэн гэх зөрчил нь 2016 оны 03 дугаар сарын 31, 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийнх байх ба дээрх хуулийн заалтын дагуу сахилгын шийтгэл ногдуулах хугацаа өнгөрсөн байх тул уг зөрчлүүдэд хариуцлага тооцох үндэслэлгүй байна.         

 

        Хариуцагч  М.П-г 2016 оны 04 дүгээр сарын 26-наас 10 дугаар сарын 27-ны хооронд нэг бизнесийн орлоготой хэд хэдэн холбогдох этгээдүүдэд тухайн орлогыг зээл хүсэгч тус бүрийн орлого мэтээр үндэслэсэн зээл, 2016 оны 08 дугаар сарын 26-наас 10 дугаар сарын 27-ны хооронд нэг гэр бүлийн гишүүдийн хооронд үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах зориулалттай зээл, 2016 оны 09 дүгэр сарын 26-ны өдөр бүрэн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгөд барилга байшин барьж дуусгах зориулалттай зээлийг тус тус олгохыг хориглосныг мэдсэн буюу мэдэх ёстой атлаа олгосон гэж тайлбарлаж, албан тушаалтанд олгогдсон эрхийг зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн, эрсдэлийг хамгийн бага түвшинд байлгаж, мэргэжлийн удирдлагаар хангах, зээл, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаанд давхар болон дараалсан хяналт тавих, гүйцэтгэх захирлаас олгосон эрхийн хүрээнд зээл олгох шийдвэр гаргах, банкийг төлөөлөн гэрээ байгуулах эрхээ хэтрүүлэх, холбогдох журам зааварт нийцсэн байдлаар зээлийн үйлчилгээг үзүүлэх ажлыг зохион байгуулах үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйг тус тус гаргасан гэж үзэж байх ба эдгээр нь доорх баримтуудаар тогтоогдож байна. Үүнд 1-рт:  салбарын 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 108 дугаар шийдвэрээр П.М-д 50.000.000 төгрөгийн, 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 144 дүгээр шийдвэрээр Б.Л-д 92.800.000 төгрөгийн зээл олгож, нэг гэр бүлийн хоёр /холбогдох этгээд/ хүнд нийт дүнгээрээ 142.000.000 төгрөгийн зээл олгосон нь дээрх  салбарын 108,144 дүгээр зээлийн хорооны хурлын тогтоолоор тогтоогдож байх ба  гүйцэтгэх захирлын 2016 оны А/176 тоот тушаалын 2-ын 1 дүгээр хавсралтад…100.000.000 төгрөгийн зээл олгох хэмжээг зааж өгсөн байтал эрх хэмжээг хэтрүүлсэн, 2-рт: Зээлдэгч Х.Ч нь эхнэр Ү.Э-ийн нэр дээрх орон сууцыг худалдан авч буй мэтээр худалдах, худалдан авах гэрээ хийж, 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 1250024476 тоот 50.000.000 төгрөгийн орон сууц худалдах авах зээлийг жилийн 19.5 хувийн хүүтэй, 182 сарын хугацаатай авч, дээрх зээлээс Х.Ч эхнэр Ү.Э-ийн нэр дээрх  тоот зээлийг 23.822.777 төгрөгөөр, 1250022646 тоот зээлийг 21.935.736 төгрөгөөр төлж хаасан байна. Зээлийн хорооны баримт дээр хуучин өмчлөгч нь шинэ орон сууц худалдан авах гэж бичигдсэн боловч Х.Ч, Ү.Э нар гэр бүлийн хүмүүс, эхнэр нөхөр хоёр хоорондоо орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, хуурамч баримт бүрдүүлсэн байхад санаатайгаар салбарын хорооны хурлаар салбарын захирал М.П, зээлийн менежер Б.Б, Ж.Т нар зээл олгохоор шийдвэрлэсэн болох нь Зээлийн хорооны хурлын 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 142 тоот тогтоол, орон сууц, хашаа байшингийн зээлийн санал, орон сууц, хашаа байшин худалдан авах, барих зээлийн тооцооллын хүснэгт, өрхийн сарын орлогын хүснэгт, Н.Э, Х.Ч нарын /гэр бүлийн/ хооронд 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээний хуулбар, Х.Ч, Ү.Э нарын нэр дээрх /тус бүрийн/ улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна. 3-рт:  салбарын 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 159 дүгээр шийдвэрээр Х.Д-д 100.000.000 төгрөгийн зээл, мөн өдрөө 160 дугаар шийдвэрээр Бэл булаг ХХК-д 100.000.000 төгрөгийн зээл олгож /Х.Д Б ХХК-ийн гүйцэтгэх захирал/ нэг хөрөнгийг барьцаалснаар харагддаг ба эдгээр нь Салбарын үйл ажиллагаанд гарсан асуудлуудад удирдах ажилтан өөрөө биечлэн оролцсон бөгөөд ажиллагсдыг удирдан зохион байгуулсан, салбарын үйл ажиллагаанд гарсан асуудлуудыг мэдсээр байж санаатайгаар зээлийн шийдвэр гаргаж эрсдэлтэй зээлийн багцыг нэмэгдүүлсэн гэх хариуцагчийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзэв.

 

          Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т… “Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах”, мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т “ ... хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанг ... ажлаас халах ... хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна”-аар заажээ.

 

   Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ажилтан хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогч санаачлагаараа гэрээг цуцлахаар заасан ба талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.11-т… Гүйцэтгэж буй ажил үүрэг болон албан тушаал, өөрт олгогдсон эрх хэмжээгээ хэтрүүлсэн, ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гаргасан бол… ноцтой зөрчилд тооцон ажил олгогчийн санаачлагаар цуцлахаар заасан байна.

 

  Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар мэдүүлэг, хэрэгт цугларсан хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, Х-ны үйл ажиллагааны журам, иргэдэд зээл олгосон тухай материал, дансны гүйлгээ, Х-ны гүйцэтгэх захирлын 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн А-76 тоот “Орон нутгийн салбар, тооцооны төвд зээлийн асуудал шийдвэрлэх, эрх хэмжээг батлах тухай” тушаалын хуулбар, зээлийн хорооны хурлын тогтоол зэрэг баримтуудаар ажилтан М.П хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлийг гаргасан нь тогтоогдсон гэж үзэж ажил олгогч ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан нь хуульд нийцсэн байна гэж үзлээ.

 

Иймд нэхэмжлэгч М.П-ийн  салбарын захирлын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулж, уг олговроос шимтгэл тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

М.П нь 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Хас банктай 1000003869 тоот зээлийн гэрээ байгуулж, 114.300.000 төгрөгийг 15 жилийн хугацаатай, хувьсах хүүгийн хэмжээ 11 хувь байхаар тохирч, улмаар 2016 оны 07 дугаар сарын 16-нд жилийн хүүг 8 хувь болгон бууруулж, талууд гэрээнд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болсон, зээлдэгч М.П гэрээний дагуу үүргээ гүйцэтгэж байсан байна.

 

    Хүний нөөц хариуцсан захирлын 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/1658 тоот тушаалаар салбарын захирал М.П-г  үүрэгт ажлаас нь чөлөөлсөнтэй холбогдуулан 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 99 тоот “Зээл шилжүүлэх шийдвэр” гарч, зээлийн хүүг харилцагчийн хүү рүү шилжүүлэн 19 хувь болгон өөрчилж, улмаар түүний эзэмшлийн дансны зарлагын гүйлгээг хаахдаа 2016 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн эргэн төлөлтийг жилийн 19 хувийн хүүгээр бодож, 1.093.720 төгрөгийг данснаас татаж авсан нь хууль бус гэж нэхэмжлэгч М.П 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 99 тоот шийдвэрийг хүчингүй болгож, хууль бусаар данснаас татсан 1.093.720 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч тал Х, М.П нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.3.2-т… “Зээлдэгч нас барснаас бусад шалтгаанаар зээлдэгч болон банкны хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ, контракт дуусгавар болсон тохиолдолд дуусгавар болсон өдрөөс хойш ажлын 5 хоногийн дотор зээлийн хүүд Банкнаас тухайн үед нийтэд санал болгож буй адил төрлийн буюу ижил зориулалттай зээлийн бүтээгдэхүүний доод хүүгийн хувь хэмжээгээр тооцож өөрчлөлт оруулна” гэж зааснаар М.П ажлаасаа чөлөөлөгдсөн тул дээрх заалтын дагуу өөрчлөлт оруулсан нь хуульд нийцсэн гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, маргаж байна.

 

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 1.3-т…Банк болон зээлдэгч нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ, контракт дуусгавар болсон тохиолдолд зээлийн гэрээг банкны санаачлагаар цуцлах, эсхүл гэрээний 2.3.2-т заасан тухайн үед Банкны нийтэд санал болгож буй зээлийн нөхцлийг мөрдөхөөр талууд болзолт нөхцөл тогтоож, тусгайлан тохиролцохоор заасан хэдий ч уг заалтын дагуу гэрээндээ өөрчлөлт оруулж, талууд гарын үсгээ зурж баталгаажуулаагүй байна.

 

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т…Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээг бичгээр хийнэ гэж заасан ба зээлийн гэрээний хүүд өөрчлөлт орох тохиолдолд дээрх хуулийн заалтын дагуу бичгээр хийх байтал хариуцагчийн нотлох баримтаар гаргаж өгсөн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 99 тоот “Зээл шилжүүлэх шийдвэр”-ийг Хүний нөөцийн удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Ж гаргаж, гэрээний хүүг өөрчилснийг зөвшөөрсөн хэсэгт зээлдэгч гарын үсэг зураагүй байна.

 

Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т…Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж зааснаар гэрээнд өөрчлөлт оруулж байгаатай холбогдуулан зээлдэгчид мэдэгдэж түүний хүсэл зоригийг хүлээн авсан эсэх нь эргэлзээтэй, Хас банкны 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 99 тоот “Зээл шилжүүлэх шийдвэр”-ийг Хүний нөөцийн удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Ж гаргасан нь уг шийдвэрийг гаргах эрхтэй субъект мөн эсэх нь тодорхойгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлүүдээр  2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 99 тоот “Зээл шилжүүлэх шийдвэр” болон зээлийн хүүг харилцагчийн хүү рүү шилжүүлэн 19 хувь болгон өөрчилсөн нь хуульд нийцээгүй гэж үзэж, Хас банкны 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 99 тоот “Зээл шилжүүлэх шийдвэр”-ийг хүчингүй болгож, М.П-ийн данснаас хууль бусаар татан авсан 1.093.720 төгрөгийг Х-аас гаргуулж, М.П-д олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон       

 

  ТОГТООХ нь: