Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
Хэргийн индекс | 128/2017/0162/З |
Дугаар | 436 |
Огноо | 2017-06-05 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 436
Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “5” танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: С.А
Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга
Гуравдагч этгээд: Г.Ж, Т ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2009 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 162, 2011 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 51 дүгээр захирамжийн Г.Ж*******д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, 2008 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 107 дугаар захирамжийн Тээвэр хөгжлийн банкинд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Н, Ц.О, гуравдагч этгээд Г.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Нарангэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие анх Баянзүрх дүүргийн Засаг даргын 2001 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 457 дугаар захирамжаар тус дүүргийн 2 дугаар хороо, ******* дүгээр ангийн зүүн талд байрлалтай 500 мкв газрыг 5 жилийн хугацаатай эзэмшиж эхэлсэн. Уг газар дээр байрлах зочид буудлын зориулалттай барилга нь 2003 онд Тээвэр хөгжлийн банктай байгуулсан зээлийн барьцаанд байсан бөгөөд газартай холбоотой зээлийн барьцааны гэрээ огт байгуулаагүй байхад уг зээлийн гэрээг үндэслэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 107 дугаар захирамжаар дээрх газрыг маань Тээвэр хөгжлийн банкны нэр дээр шилжүүлсэн. Ийнхүү миний эзэмшлийн газрыг Тээвэр хөгжлийн банкинд шилжүүлэн олгосон боловч надад уг газрыг эзэмшүүлсэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2001 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 457 дугаар захирамж хүчин төгөлдөр хэвээрээ байхад давхардуулан захирамж гаргаж, шилжүүлжээ. Миний бие 2008 оноос хойш төрийн захиргааны байгууллагын энэхүү хууль бус үйл ажиллагаа болон миний нэрээр хуурамч гэрээ байгуулан газрыг маань шилжүүлсэн зэрэг асуудлаар цагдаа, иргэний хэргийн шүүх зэрэг байгууллагуудаар тасралтгүй маргасаар ирсэн. Гэвч миний эзэмшлийн дээрх хаягт байрлах газрыг маань Тээвэр хөгжлийн банкинд ийнхүү хууль бусаар шилжүүлсэнийг үндэслэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2009 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 162 дугаар захирамжаар иргэн Г.Ж*******д 500 мкв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 2011 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 51 дүгээр захирамжаар уг газрын хэмжээг 800 мкв болгон нэмэгдүүлж, миний газрын залгаа байрлалтай миний нөхөр С.Г*******ын нэр дээр байсан газраас 300 мкв газрыг хууль бусаар авсан юм. Миний нөхөр С.Г******* нь 2013 онд нас барсан бөгөөд Газрын тухай хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу хууль ёсны өв залгамжлагчид газар эзэмших эрх шилжих ёстой байтал газрын эзэмшил дуусгавар болсон мэтээр ийнхүү иргэн Г.Жадамбын нэр дээр шилжүүлсэн нь хууль бус юм. Иймд дээрх үндэслэлүүдээр Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 107 дугаар захирамжийн Тээвэр хөгжлийн банкинд холбогдох хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасны дагуу илт хууль бус болохыг тогтоож, уг илт хууль бус захиргааны актыг үндэслэн гаргасан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2009 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 162, 2011 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 51 дүгээр захирамжийн Г.Ж*******д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа иргэн С.А*******гийн нэхэмжлэлтэй хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын 2009 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 162, 2011 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 51 дүгээр захирамжийн Г.Ж*******д холбогдох хэсгүүдийг хүчингүй болгуулах, 2008 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 107 дугаар захирамжийн Тээвэр хөгжлийн банкинд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна.
Нэхэмжлэгч 2008 оны 107 дугаар захирамжийн Тээвэр хөгжлийн банкинд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч нь 2003 онд Тээвэр хөгжлийн банктай байгуулсан зээлийн гэрээний барьцаанд уг газар байсан бөгөөд газартай холбоотой зээлийн барьцааны гэрээ байгуулаагүй уг зээлийн гэрээг үндэслэн Тээвэр хөгжлийн банкны нэр дээр шилжүүлсэн, надад эзэмшүүлсэн газар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2001 оны 457 дугаар захирамж хүчин төгөлдөр байхад давхардуулан захирамж гаргасан гэж маргажээ.
Тус нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байна.
Анх С.А******* нь “Нийслэлийн Засаг даргын 1997 оны А/183 дугаар захирамжаар 1998 оны 05 дугаар сарын 07-ны өдөр С******* овогтой Г******* нь Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутагт цагдаагийн хотхонд амины сууц барихаар газрын гэрээ хийсэн хавсралтад С овогтой А*******, овогтой Д******* нарын газар хамт хавсаргагдсан байдаг. Бид амины сууцаа барьсан байгаа тул тус тусын нэр дээр газрын гэрээгээ хийх шаардлага гарч байгааг харгалзан үзэж, газрын гэрээг тус тусад нь хийж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасны дагуу дүүргийн Засаг даргын 2001 оны 457 дугаар захирамжаар С.А*******д Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутагт цагдаагийн хотхонд амины сууцны зориулалтаар 550 м.кв газрыг 5 жилийн хугацаатай олгосон байна.
Үүний дараа 2007 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Тээвэр хөгжлийн банкнаас дүүргийн газрын албанд хандаж, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Цагдаагийн ******* дүгээр ангийн зүүн хойно байрлах зочид буудлын барилгыг эзэмшигч С.А*******, С.Г******* нар нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас Баянзүрх дүүргийн шүүхийн 2004 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1068 дугаар шүүгчийн захирамжаар С.А*******гаас 46.677.871 төгрөгийг Тээвэр хөгжлийн банкинд олгохоор шийдвэрлэсэн, С.А******* нь шүүхийн шийдвэрийг эс биелүүлсэн тул барьцаа хөрөнгийг газрын хамт дуудлага худалдаанд оруулж үнийн санал ирээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь хэсэгт заасны дагуу төлбөр авагчил шилжүүлсэн. Ү-2204******* дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Х*******лын хотхон-1 Б.Доржийн гудамж, ******* тоотод орших үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь Тээвэр хөгжлийн банк болсон тул тухайн үл хөдлөх хөрөнгө харъяалагдах 500м.кв газрыг банкны нэр шилжүүлэх хүсэлт гаргаж, холбогдох нотлох баримтаа ирүүлснийг үндэслэж, дүүргийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 107 дугаар захирамжаар С.А*******гаас Тээвэр хөгжлийн банк руу шилжүүлсэн тул холбогдох хууль тогтоомж зөрчөөгүй. Тээвэр хөгжлийн банкны газар эзэмшлийн хувийн хэргээс харахад нэхэмжлэгч С.А******* нь 2003 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 03/209 тоот зээлийн гэрээ, барьцааны гэрээг Тээвэр хөгжлийн банктай байгуулсан байх ба барьцаа хөрөнгөөр дүүргийн 2 дугаар хороо, Цагдаагийн ******* дүгээр зүүн хойно байрлах 500.мкв газар ашиглах гэрчилгээг, дээр байх зочид буудлын зориулалттай барилгыг барьцаалсан барьцааны гэрээ байгуулсан байх тул нэхэмжлэлд дурдсан зүйл үндэслэлгүй байна.
Баянзүрх дүүргийн Засаг даргын 2009 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 162, 2011 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 51 дүгээр захирамжийн Г.Ж-д холбогдох хэсгүүдийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага мөн хууль зүйн үндэслэлгүй.
2009 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 162 дугаар “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай” захирамжаар 2008 оны 107 дугаар захирамжаар эзэмших эрхтэй болсон Тээвэр хөгжлийн банкнаас Г.Ж*******д тус газрыг шилжүүлж, 5 жилийн хугацаатай эзэмшүүлэх эрх олгосон байна.
Үүний дараа 2011 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр иргэн Г.Ж******* “Тээвэр хөгжлийн банкнаас 550 м.кв газрыг үл хөдлөхийн хамт худалдан авсан, ... энэ газар дээр ерөнхий төлөвлөгөөг хийлгэсний дагуу төлөвлөж байгаа 34, 35 дугаар байрны байрлах 800 м.кв газрыг миний нэр болгож, кадастр газар эзэмших гэрээг 800 м.кв болгож өгөхийг хүсье” гэж хүсэлт гаргасны дагуу 2011 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 51 дүгээр захирамжаар газрын хэмжээг 800 м.кв болгон 5 жилийн хугацаатай газар эзэмших эрх олгосон байна. Дүүргийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/97 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” захирамжаар Г.Ж*******д олгосон газар эзэмших эрхийг 5 жилийн хугацаатай сунгасан байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээд Г.Ж******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэл гаргаж буй С.А*******гийн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн шүүгчийн 1068 тоот захирамжаар, Захиргааны хэргийн шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн шүүгчийн 369 тоот захирамжаар, Захиргааны хэргийн шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн шүүгчийн 10599 тоот захирамжаар нэхэмжилж буй асуудал нь шүүхээр гурван удаа орж шийтгэгдсэн. Шийтгэгдсэн асуудлаар дахин дахин шүүх хүлээн авч бидний цаг зав, ажлыг хохироож байна. Захиргааны хэргийг С.А******* нь 2014 онд нийслэлийн Газрын алба, Баянзүрх дүүргийн Газрын албанд гомдол гаргаж гуравдагч этгээдээр намайг оролцуулан энэ хэрэг 3 жил болсон. Энэ хэрэгт А*******гийн нэхэмжлэлд тайлбар нотлох баримтуудаа гаргаж өгсөн учир хавтаст хэргээс шүүх тайлбар нотлох баримт материалыг авна уу. Би тайлбар нотлох баримтаа танай шүүхэд бүгдийг нь гаргаж өгсөн” гэжээ.
Тээвэр хөгжлийн банк ХХК шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Тус банк нь С.А*******гийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох хэрэгт гуравдагч этгээдээр оролцох боломжгүй байх ба биднийг байлцуулахгүйгээр хянан хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахад татгалзах зүйлгүй болно” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2009 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 162, 2011 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 51 дүгээр захирамжийн Г.Ж*******д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, 2008 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 107 дугаар захирамжийн Тээвэр хөгжлийн банкинд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага гаргасан байна.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад дараахь хууль зүйн үндэслэлээр С.А*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Баянзүрх дүүргийн Засаг даргын 2001 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 457 дугаар захирамжаар С.А*******д Баянзүрх дүүргийн 2 хороо, ******* дүгээр ангийн зүүн талд амины орон сууцны зориулалтаар 500 мкв газрыг 5 жилийн хугацаатай ашиглуулахаар шийдвэрлэж, 2002 оны 06 дугаар сарын 19-ний өдөр “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах гэрээ”-г байгуулжээ.
С.А******* нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1. “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана” гэж заасан эрхийнхээ дагуу Тээвэр хөгжлийн банкнаас 2003 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 03/209 дугаартай зээлийн гэрээгээр 35 сая төгрөг зээлж, мөн өдрийн 03/209 дугаартай барьцааны гэрээгээр Баянзүрх дүүрэг 2 хороо, Цагдаагийн ******* ангийн зүүн хойно байрлах 395.35 мкв зоорийн давхар, мансардны хамт 4 давхар зочид буудлын зориулалттай өөрийн газар дээрх барилгыг, 2004 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 03/209 тоот барьцааны гэрээний хавсралт гэрээгээр Баянзүрх дүүрэг 2 хороо, Цагдаагийн ******* дүгээр ангийн зүүн хойно байрлах 500 мкв газар ашиглах “иргэний газар ашиглах гэрчилгээ”-г тус тус зээлийн барьцаанд тавьсан байна.
С.А******* нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн 2004 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1068 дугаар захирамжаар Тээвэр хөгжлийн банкны нэхэмжлэлтэй, С.А*******д холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлтэнд 46508600 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хариуцагч шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцааны хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 2 хороо, Цагдаагийн *******-р ангийн зүүн хойно байрлах 395.35 мкв талбай бүхий зочид буудлын 4 давхар барилгыг шүүхийн шийдвэрийн албадан дуудлага худалдаагаар худалдаж төлүүлэхийг дурдсан байна.
Улмаар 2004 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” 1652 дугаар захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж зочид буудлын зориулалттай барилгыг Тээвэр хөгжлийн банкинд шилжүүлж, Тээвэр хөгжлийн банкны хүсэлтээр Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 107 дугаар захирамжаар С.А*******гийн ашиглаж байсан 500 мкв газрыг Тээвэр хөгжлийн банкинд шилжүүлэн эзэмшүүлсэн байна.
Дээрх шүүхийн шийдвэр гарсны дараа буюу 2004 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр С.А******* нь “Газар бэлэглэлийн гэрээ”-ээр маргаж буй 500 мкв газраа М.Наранцэцэгт бэлэглэсэн бөгөөд уг бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр болох нь Баянзүрх, С, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр 22-ны өдрийн 101/ШШ2016/00887 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын *******-ний өдрийн 850 дугаар магадлалаар нотлогдож байна.
Түүнчлэн Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Газар эзэмших эрх дараах тохиолдолд дуусгавар болно”, 39.1.1-д газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй” гэж заасан бөгөөд С.А******* нь 2007 оны 06 дугаар сарын 19-ний өдөр газар эзэмших гэрээний хугацаа дууссан байхад сунгуулах хүсэлт гаргаагүй байна.
Эдгэр нөхцөл байдлыг дүгнэхэд нэхэмжлэгч нь өөрийн газар ашиглах эрхээ өөр этгээдэд шилжүүлсэн, гаар эзэмших гэрээний хугацаа дуусгавар болсон буюу тухайн газрын хувьд эдлэх эрх нь дуусгавар болсон байхад “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2009 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 162, 2011 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 51 дүгээр захирамжийн Г.Ж*******д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, 2008 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 107 дугаар захирамжийн Тээвэр хөгжлийн банкинд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор маргаж байгаа нь үндэслэлгүй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйл, 39 дүгээр зүйлийн 39.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.А*******гийн “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2009 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 162, 2011 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 51 дүгээр захирамжийн Г.Ж-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, 2008 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 107 дугаар захирамжийн Тээвэр хөгжлийн банкинд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ