Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2017/01411

 

М.П-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШЗ2017/00973 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 1415 дугаар магадлалтай,

М.П-ийн нэхэмжлэлтэй,

“Х” ХХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх, 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 99 тоот шийдвэрийг хүчингүй болгож, данснаас татаж авсан 1.093.720 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Отгонбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жаргалмаа, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч М.Пүрэвхүү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Хинд 2004 оны 01 дүгээр сарын 21-нээс 2016 оны 11 дүгээр сарын 25 хүртэлх хугацаанд зээлийн мэргэжилтэн, зээлийн менежер, зээлийн эрсдэлийн менежер, бизнес борлуулалтын менежер, салбарын захирлын ажил, албан тушаалыг тус тус эрхэлж байсан. Хны Увс салбарын захирлаар ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн ажлын хариуцлага алдаж байгаагүй, сахилгын шийтгэл авч байгаагүй. 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/1658 тоот тушаалаар өөрийн данснаас компанийн дансанд мөнгө шилжүүлж банкны баталгаа гаргасан, хугацаа хэтэрсэн зээлийг хариуцагчийн өмнөөс өөрийн хадгаламжаа барьцаалан зээл авч төлсөн, нэг бизнесийн орлоготой хэд хэдэн холбогдох этгээдүүдэд тухайн орлогыг үндэслэн зээл олгохыг хориглосныг мэдсэн буюу мэдэх ёстой атлаа зээл олгосон гэсэн хууль бус үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан. Хинд эд хөрөнгийн хохирол учруулаагүй, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг гутаах үйлдэл гаргаж байгаагүй, тушаалд дурдагдсан ажлаас халсан үндэслэлүүд нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гэдэгт хамаарахгүй байна. Иймд ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч М.Пүрэвхүү нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, Увс салбарын захирлаар ажиллаж байхдаа ажилтнуудын орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамрагдан 114.300.000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатайгаар орон сууц худалдан авах зориулалтаар зээлсэн. Гэтэл Х нь “Ажлаас халагдсан” гэх үндэслэлээр 2016 оны 12 сарын 19-ны өдрийн №99 тоот Зээл шилжүүлэх шийдвэрээр зээлийн хүүг харилцагчийн хүүд  шилжүүлэн 19 хувь болгон өөрчилж, дансны зарлагын гүйлгээг хаасан. Ийнхүү дансны зарлагын гүйлгээг хаахдаа зээлийн 2016 оны 02 сарын 13-ны өдрийн эргэн төлөлт 795.397 төгрөг төлөгдөх ёстой байтал жилийн 19 хувийн хүүгээр бодож 1.889.117 төгрөгийг шууд данснаас татаж авсан. Х нь шүүхээс хэрэг маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад гэрээний хүүг дангаар өөрчилж, данснаас зээлийн илүү мөнгө таталт хийсэн нь хууль бус. Иймд 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 99 тоот шийдвэрийг хүчингүй болгож, данснаас татаж авсан 1.093.720 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Х” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Увс салбарын захирлын албан тушаалд ажиллаж байсан М.Пүрэвхүүтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг тус Банкны Хүний нөөц хариуцсан захирлын 2016 оны В/1658 дугаар тушаалаар ажил олгогчийн санаачилгаар цуцалсан болно. Учир нь М.Пүрэвхүү нь тухайн салбарын эрсдэлийг хамгийн бага түвшинд байлгаж мэргэжлийн удирдлагаар хангах, үүний тулд салбарын зээл, нягтлан бодох бүртгэл зэрэг бүхий л үйл ажиллагаанд тавих давхар болон дараалсан хяналтыг тавих үүргээ биелүүлээгүй, Гүйцэтгэх захирлаас олгосон эрхийн хүрээнд зээл олгох шийдвэр гаргах, банкийг төлөөлөн гэрээ байгуулах эрхээ хэтрүүлэн хэрэгжүүлсэн. Үүгээрээ Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн дотоод журам болон Зээлийн үйл ажиллагааны ерөнхий журамд ноцтой зөрчилд тооцож, хориглосон заалтыг зөрчсөн үйлдэл болон хэрэгжүүлэх ёстой үүргээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүйг тус тус гаргасан. М.Пүрэвхүүтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөр тасалбар болгон цуцалсан бөгөөд уг хугацааны цалинг зохих ёсоор олгосон. Санхүүгийн салбарт арилжааны банкны үйл ажиллагаа эрхэлдэг онцлог, ажиллагсад мөнгөн хөрөнгөтэй холбоотой ажилладаг байдал, үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулахтай холбогдон ажилтныг ажлын байрнаас нь түр хөндийрүүлэх шаардлага үүсдэг ба уг хугацаанд ажилтны үндсэн эрх болох цалин, хөлс авах эрхийг нь хөндөөгүй болно. Иймд М.П-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “Х” ХХК нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан тайлбартаа: М.Пүрэвхүү нь манай банкны үндсэн ажилтан тул түүнийг орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулан 114.300.000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай орон сууц худалдан авах зориулалтаар зээл олгосон бөгөөд талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.3 2-т...”Зээлдэгч нас барснаас бусад шалтгаанаар зээлдэгч болон банкны хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ, контракт дуүсгавар болгосон тохиолдолд дуусгавар болсон өдрөөс хойш ажлын 5 хоногийн дотор зээлийн хүүд банкнаас тухайн үед нийтэд санал болгож буй адил төрлийн буюу ижил зориулалттай зээлийн бүтээгдэхүүний доод хүүгийн хувь хэмжээгээр тооцож өөрчлөлт оруулна" гэж зааснаар М.Пүрэвхүү ажлаасаа чөлөөлөгдсөн тул дээрх заалтын дагуу өөрчлөлт оруулсан нь хуульд нийцсэн. Иймд М.П-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШЗ2017/00973 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан Х ХХК-д холбогдох М.П-ийн Хны Увс салбарын захирлын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулж, уг олговроос шимтгэл тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хны 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 99 тоот "Зээл шилжүүлэх шийдвэр"-ийг хүчингүй болгож, М.П-ийн данснаас хууль бусаар татан авсан 1.093.720 төгрөгийг Хнаас гаргуулж, М.Пүрэвхүүд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60 1. 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.Пүрэвхүү /гомдлоор авч хэлэлцэх нэхэмжлэл/-д улсын тэмдгийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж нэхэмжлэгч М.П-ээс /нэмэгдүүлсэн шаардлага/-д төлсөн 101.000 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Х ХХК-иас 101.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Пүрэвхүүд олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 1415 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 181//Ш32017/00973 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Х ХХК-аас төлсөн 101.000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнх-Эрдэнэ хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 1415 дугаар магадлалыг эс зөвшөөрч гомдлыг гаргаж байна.

Аудитын дүгнэлтийг Хны аудитор гарын үсэг зурсан, бүртгэлтэй дугаар бүхий аудиторын тэмдэг бүхий эх хувийг хэрэгт өгсөн. Дээрх байдлаар давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 болон 44.4 дэх хэсгийг тус тус үндэслэсэн. Улсын дээд шүүхийн 2009 оны 30 дугаар тогтоолын дагуу хариуцагчийн зүгээс зөвхөн эх хувийг эсхүл нотариатаар гэрчлүүлсэн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгөх ёстой байдаг ба хариуцагч шүүхэд “хуулбар үнэн” тэмдэг бүхий нотлох баримт гаргаж өгөөгүй. М.Пүрэвхүү болон Х нар 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж, уг гэрээнд 2016 оны 7 дугаар сарын 26-нд хүүг жилийн тогтмол 8 хувийн хүүтэй байхаар өөрчлөлт оруулсан. Засгийн газрын 8 хувийн хүүтэй хөтөлбөрт үл хамрагдах хэмжээний талбайтай орон сууц худалдан авах зориулалттай зээлийг Банк өөрийн эх үүсвэрээр жилийн хүү нь 11 хувь, цаашлаад 8 хувиар олгож байгаа нь нийтэд санал болгож буй зээлийн нөхцөлөөс харьцангуй хөнгөлөлттэй бөгөөд ийнхүү гэрээ байгуулах болсон нь Зээлийн гэрээний 1.2-т тусгасанчлан “зээлдэгч нь Банкны ажилтан, тэдний хооронд Хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан байгаа” гэдэг нөхцөл байдал байсан. Гэрээнд тусгасан нөхцөл байдал үүсч, М.Пүрэвхүү нь өөрт олгогдсон эрх хэмжээг хэтрүүлсэн үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар Хөдөлмөрийн гэрээг цуцлагдан дуусгавар болсон тул хүүгийн хэмжээ өөрчлөгдсөн. Өөрөөр хэлбэл зээлийн гэрээндээ юуг үндэслэх, хэрхэн өөрчлөгдөх талаар тодорхой тусгаж өгсөн бол зээлийн хүүг өөрчлөн мөрдөх боломжтой байдаг. Нөхцөл өөрчлөгдөх болзоп, түүний харгалзах нөхцөл байдлыг анхнаасаа гэрээнд өөрт нь тодорхой тусгасан, зөвхөн гэрээнд заасан нөхцөл болзол бий болсноор үйлчлэх энэ тохиолдолд гэрээнд нэмэлт өөрчлөлт заавал бичгээр оруулахгүй байх боломжтой.

Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 1415 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 181/Ш32017/00973 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, Хны 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 99 тоот зээл шилжүүлэх шийдвэрийг хүчингүй болгож, М.П-ийн данснаас хууль бусаар татан авсан 1.093.720 төгрөгийг Хнаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Отгонбаатар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 сарын 21-ний өдрийн 1415 тоот магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

“Х” ХХК нь М.П-ийн хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөхдөө Хны хүний нөөц хариуцсан захирлын 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/1658 тоот тушаалыг гаргасан байдаг ба энэхүү тушаалын хууль зүйн үндэслэлийг баримтаар нотлоогүй болно. Ажил олгогч ажилтны эрх, хууль ёсны эрх ашгийг зөрчсөн шийдвэрийг гаргасан л бол уг тушаалыг хууль зүйн үндэслэлийг баримтаар нотлох ёстой байсан. Энэхүү үүргээ хэргийн оролцогч биелүүлээгүй бол нотлох баримтын шаардлага хангасан баримтыг зайлшгүй гаргуулж хэргийг шийдвэрлэх ёстой гэсэн хөндлөнгийн байр сууриа алдсан дүгнэлтийг шүүхээс хийх ёсгүй гэж үзэж байна. Хны Увс салбарын үйл ажиллагаанд хийсэн ээлжит бус аудитаар илэрсэн тус салбарын ажилтнуудтай холбоотой зөрчлийг шалгасан 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн тайлан нь нэхэмжлэгч М.П- ажлаас чөлөөлсөн тушаалын хууль үндэслэлийг нотлох баримт биш юм гэдгийг анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлд зөв дүгнэсэн бөгөөд энэхүү тайлан гэгчийг анхан шатны шүүхээс шийдвэрийн үндэслэл болгоогүй.

Иймд хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байгаа тул давж заалдах шатны магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Зохигчдын хяналтын журмаар гаргасан гомдлын заримыг хангах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Ж.Пүрэвхүү нь хариуцагч “Хас” банкинд холбогдуулан “...ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх, 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 99 тоот шийдвэрийг хүчингүй болгуулж, данснаас татаж авсан 1.093.720 төгрөгийг  буцаан гаргуулах” тухай нэхэмжлэл гаргахдаа шаардлагын үндэслэлийг ажлаас үндэслэлгүй халагдсан гэж тодорхойлжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан бол давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгохдоо “...аудитын тайлан, дансны хуулгууд хуулийн шаардлага хангаагүй” гэсэн үндэслэл дурджээ. 

Хэргийн 64-69 дүгээр талд авагдсан Хны аудитын тайлан нь аудиторын тэмдэгээр баталгаажсан эх баримт байгааг давж заалдах шатны шүүх буруу үнэлж, хуулбар баримт гэж үзсэн нь алдаатай болжээ.

Түүнчлэн дансны ямар хуулгууд хуулийн шаардлага хангаагүй талаар магадлалд тодорхой заагаагүйгээс шүүхийн дүгнэлт ойлгомжгүй болжээ.

Иймд “....магадлалыг хүчингүй болгох” талаар зохигчдын гаргасан гомдлыг хангах боломжтой гэж үзэв.

“Хас” банкны хүний нөөц хариуцсан захирал 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр В/1658 дугаар тушаал гаргаж, нэхэмжлэгч М.П- Увс салбарын захирлын үүрэгт ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, хөдөлмөрийн гэрээний 5.1.11 дэх заалтыг үндэслэл болгожээ.

Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогч өөрийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй ба хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө нэхэмжлэгч Ж.Пүрэвхүүг ноцтой зөрчил гаргасан гэж тайлбарлан маргажээ.

Зохигчдын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.11-д “гүйцэтгэж буй ажил үүрэг болон албан тушаал, өөрт олгогдсон эрх хэмжээ, боломж, эд хөрөнгийг өөрийн эсхүл бусдын ашиг сонирхлыг харгалзан ашигласан, ...эрхээ хэтрүүлсэн, ...ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан”-ыг ноцтой зөрчилд тооцохоор заасан ба нэхэмжлэгч ийм зөрчил гаргасан болох нь хэргийн баримтаар тогтоогджээ.

Тодруулбал, нэхэмжлэгч нь 2016 оны 4 дүгээр сарын 26-ний өдрөөс 10 дугаар сарын 27-ний хооронд 1 гэр бүлийн 2 хүнд нийлбэр дүнгээр 142.000.000 төгрөгийн,  Х.Даариймаа нь “Бэл булаг” ХХК-ийн гүйцэтгэх захирал байхад тус бүрт нь 100.000.000 төгрөгийн зээл олгож,  зээлийн хэмжээг хэтрүүлсэн, зээлдэгч Х.Чимэдбаатар нь эхнэр Ү.Эрдэнэчимэгийн нэр дээрх орон сууцыг худалдан авч буй мэтээр худалдах-худалдан авах гэрээ хийсэн байхад зээл олгож, уг зээлээс Ү.Эрдэнэчимэгийн зээлийг хааж, эрсдэлтэй зээлийн хэмжээг нэмэгдүүлсэн зэрэг үйл баримт нотлогдсон байна. 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж,  ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.  

Түүнчлэн, 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 99 тоот шийдвэрийг хүчингүй болгуулж, данснаас татаж авсан 1.093.720 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэгчийн шаардлагын талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн энэ хэсгийг хангасан байна.

Иймд нэхэмжлэгчийн “нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулах”, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Хнаас 1.093.720 төгрөг гаргуулах  шаардлагыг хэрэгсэхгүй болгох” тухай гомдлыг тус тус хангах боломжгүй  гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 1415 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШЗ2017/00973 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг тус тус хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг болохыг дурдсугай.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.АМАРСАЙХАН

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ