| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
| Хэргийн индекс | 181/2021/00889/И |
| Дугаар | 210/МА2025/02131 |
| Огноо | 2025-12-10 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 210/МА2025/02131
|
|
|
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Т.Бадрах, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 191/ШШ2025/04879 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******ХХК-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрт 206,388,000 төгрөг, сэтгэцэд учруулсан гэм хорын хохиролд 82,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, *******, *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Миний нөхөр ******* нь *******ХХК-д тээврийн жолоочоор ажиллаж, ажлаа хийж байгаад 2020 оны 09 сарын 05-ны өдөр осолд орж нас барсан. *******ХХК-аас үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрийг хүсэхэд ...******* өөрийн буруутай үйлдлээс болж замын хажуугийн нүх рүү осолдож нас барсан ба үйлдвэрлэлийн осол биш болох нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон тул нөхөн төлбөр олгохгүй ... гэсэн. Мэргэжлийн хяналтын газраас 2020 оны 11 сарын 12-ны өдөр гаргасан дүгнэлтдээ Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм-ийн 2.1.1-д зааснаар *******ын уг осол нь үйлдвэрлэлийн осол мөн гэсэн дүгнэлт гаргасан. *******ХХК нь өнөөдрийг хүртэл талийгаачийн нөхөн төлбөрийг өгөөгүй. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-т зааснаар хариуцагчаас 206,388,000 төгрөгийн нөхөн төлбөрийг гаргуулж өгнө үү. Нөхөр *******ыг нас барснаас хойш манай гэр бүл сэтгэл санааны гүн хямралд орсон учир Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 230 дугаар зүйлийн 230.2-т заасныг үндэслэн сэтгэцэд учруулсан гэм хорын хохиролд 82,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч *******ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга: *******ХХК-ийн 2020 оны 08 сарын 28-ны өдрийн ******* тушаалаар *******ыг тээврийн жолоочийн ажилд томилж, уг тушаалын 2 дахь заалтаар түүний цалинг рэйсийн тоогоор /хийснээр/ тооцохоор тохиролцсон. ******* нь компанид ажилд томилогдоод 7 хонох гэж байхдаа нас барсан ба цалин олгож эхлээгүй байсан тул 36 сарын цалинд 206,388,000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Нэг сард хэдэн төгрөгийн цалин авдаг болохыг ямар тооцооллоор, ямар баримтаар хэрхэн тооцсон нь ойлгомжгүй байна. Түүний эхнэр *******ын Хаан банкин дахь дансанд мөнгөн шилжүүлэг хийсэн гэх данс нь *******ХХК болон захирал *******гийнх биш болох нь тэдгээрийн Хаан банкны дансны хуулгаар тогтоогддог. ******* нь ажилд орсны дараа 2020.09.05-ны өдөр *******ХХК-ийн өмчлөлийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслээр Гашуун сухайт хилийн боомтоор гарах хаалганы орчим өмнөө явсан тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэх зорилгоор урсгал сөрж Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас замын хажуугийн нүх рүү орон осолдож нас барсан нь түүний буруутай үйлдлээс болсныг эрх бүхий байгууллага тогтоосон тул түүний ар гэрт нөхөн төлбөрийг тооцож олгох боломжгүй.
Сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 82,5000,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан. Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал-ын 1 дүгээр зүйлд Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүнд учирсан сэтгэцийн хор уршгийг арилгах, нөхөн төлбөрийн хэмжээг шүүхээс тогтооход энэхүү жишиг аргачлалыг харгалзан үзнэ гэж заасан. Талийгаач ******* нь гэмт хэргийн улмаас хохирсон хохирогч биш ба Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас нас барсан нь тогтоогдсон. Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалаар Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам баталсан. Гэмт хэргийн улмаас учирсан сэтгэцийн эмгэг зэргийг дээрх аргачлалын 3.2-т зааснаар шинжилгээний байгууллагаар тогтоосон байх учиртай. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3, 511.4, 511.5-д заасан зохицуулалт нь 2022.12.23-ны өдрийн хуулиар нэмэгдсэн ба *******ын үйлдэл *******ХХК-ийн хооронд гэм хор учруулсан шалтгаант холбоо тогтоогдохгүй, гэм хор учруулагч нь *******ХХК биш тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.
3.Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулга: Хүний амь нас хохирсон тул мөнгийг төлөх нь зүйтэй гэжээ.
4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.5, 511 дүгээр зүйлийн 511.3, 511.5-д заасан үндэслэлгүй тул хариуцагч *******ХХК-аас сэтгэцэд учруулсан гэм хорын хохиролд 82,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 97 дугаар зүйлийн 97.1, 97.1.2-т зааснаар хариуцагч *******ХХК-аас 70,162,992 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******ад олгож, нэхэмжлэлээс 136,225,008 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч *******ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 508,765 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
5.Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхээс *******ын дундаж цалин хөлсийг тооцож нэг сард 1,948,972 төгрөг, 36 сарын цалинг 70,162,992 төгрөгөөр тогтоосныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагчаас талийгаач *******ын эхнэр нэхэмжлэгч *******ын Хаан банк дахь дансанд мөнгөн шилжүүлэг хийсэн данс нь ******* ХХК болон захирал *******гийн данс биш гэж маргадаг ч хариуцагчийн төлөөлөгч 2022.09.05-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл /1хх-н 130-132 тал/-д *******-ийн данснаас цалин хөлс шилжүүлж байсныг хүлээн зөвшөөрсөн. Хариуцагч нь Норт бенц маркийн ******* улсын дугаартай автомашин өөрийнх нь өмчлөлийнх гэдэгт маргадаггүй. Хэргийн баримтаар нэхэмжлэгчийн Хаан банкны ******* тоот дансанд /1хх-ийн 45-56 тал/ 2020.07.25-2020.08.28-ны өдөр хүртэл хариуцагчтай хөдөлмөрийн гэрээ байгуулахаас өмнөх хугацаанд 56-18 гэх гүйлгээний утгаар 7 удаа нийт 5,190,918 төгрөгийн цалин шилжүүлсэн. Энэ нь талийгаач ******* нь хариуцагч "*******" ХХК-ийн эзэмшлийн Норт бенц маркийн ******* улсын дугаартай автомашинаар нүүрс тээвэрлэлтийн ажил үүрэг гүйцэтгэж сард дунджаар 5,190,918 төгрөгийн цалин авч байсныг нотолдог.
Нэхэмжлэгч талаас эгнээндээ 1000 гаруй нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлдэг тээврийн жолооч нарыг багтаасан "*******"-ны үйлдвэрчний эвлэлийн хороо, "*******"-ны тодорхойлолтоор 2020 онд харьцангуй цөөн тээвэрлэлт хийж байсан цар тахлын үед тээвэрлэлтийн жолооч нарын доод цалин дунджаар 4,592,000-с 4,600,000 төгрөг байсныг нотлох баримтаар гаргасанд хариуцагч маргаагүйг зөвшөөрсөн гэж үзэж байна. Иймд анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж 5,190,918x36=186,873,048 төгрөгөөр хангаж өгнө үү. Мөн хариуцагчаас нөхөн төлбөр олгохгүй байх нөхцлийг санаатай бүрдүүлж хэрэг учралыг мушгин тайлбарлаж, хариуцлагаас зайлсхийж байснаас манай гэр бүл, насанд хүрээгүй хоёр хүүхэд аавыгаа нас барсан шалтгаан нөхцлийг буруу ойлгоход хүрч сэтгэл санааны хямралд орж ирсэн тул анхан шатны шүүхэд сэтгэцэд учруулсан гэм хорын хохиролд 82,500,000 төгрөгийг нэхэмжилсэн. Гэвч анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг өөрчилж нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
6.Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга: *******ХХК-аас хүний амь нас үрэгдсэнд уучлалт хүссэн. Өмнө нь анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн дүнгээр давж заалдах гомдол гаргаагүй буюу хариуцагч төлье гэдэг байдлаар зөвшөөрсөн, зарим хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Нийгмийн даатгалын болон Хил хамгаалах Ерөнхий газар, мөрдөгчийн лавлагаа зэргээр зам тээврийн осол байсан нь тогтоогдсон. Тухайн компанид хөдөлмөрийн харилцаа үүссэн өдрийг 8 дугаар сард бүтэн ажилласан гэж тайлбарладаг ч 2020.08.28-ны өдөр ажилд авах тушаал гарч, тээврийн жолоочоор томилогдсон. Хөдөлмөрийн гэрээ байгуулснаас хойш 7 хоног ажилласан нь хэргийн баримтаар тогтоогдсон. Хил хамгаалах Ерөнхий газрын лавлагаагаар 2020.08.31-ний өдөр 1 удаа бүтэн рейс хийсэн нь тогтоогддог. Нэхэмжлэгчийн тайлбарласан шиг бүх зүйлийг үгүйсгэн хүн чанаргүй хандсан зүйл байхгүй. Хуулийн дагуу нотлох баримтаа гаргаж мэтгэлцсэн. Мөн сэтгэцэд учирсан гэм хортой холбоотой асуудалд анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн. Шүүх шинжилгээний тухай хуулийн 86 дугаар зүйлд зааснаар энэ зохицуулалтыг 2023.07.01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн тул хэрэг гарсан цаг хугацаа нь энэ хуулийн зохицуулалтад хамаарахгүй гэж шүүх хуулийг зөв тайлбарлаж, хэрэглэсэн гэжээ.
7.Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн цаг хугацаа, огноог буруу тооцсон. Талийгаач ******* нь 2020.08.28-ны өдөр "*******" ХХК-д тээврийн жолоочоор томилогдож, хөдөлмөрийн гэрээ байгуулсан байтал түүний сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсийг 2020 оны 7, 8, 9-р сар гэж шүүхээс тооцон нэг сард 1,948,972 төгрөг гэж тооцсоноор хуулийг буруу тайлбарлан хэрэглэж 7 хоног ажилласан ажилтны дундаж цалин хөлсийг буруу тооцон. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Дундаж цалин хөлс тодорхойлох журам"-ын 5, 6, 7а-д зааснаар дундаж цалин хөлсийг тодорхойлох боломжгүй нөхцөл байдлыг үүсгэсэн байхад 2020 оны 7, 8-р саруудад өөр компанид ажиллаж байсан үеийг "*******" ХХК-д ажилласан гэж дүгнэсэн нь алдаатай болжээ.
Нэхэмжлэгчийн ХААН банкны дансанд 2020 оны 7, 8-р саруудад "*******" гэсэн гүйлгээний утгатай шилжүүлэг хийгдсэн нь "*******" ХХК, тус компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал ******* нараас огт шилжүүлээгүй бөгөөд мөнгө шилжүүлсэн данс нь ч "*******" ХХК, тус компанийн гүйцэтгэх захирал ******* нарын данс биш болох нь ХААН банкны лавлагаагаар нотлогдоогүй, өөр этгээд эзэмшдэг нь тогтоогдсон. Талийгаач ******* нь 2020 оны 01-08 дугаар сарыг дуустал "*******" ХХК-д тээврийн жолоочоор ажиллаж тус компаниас цалин авч нийгмийн даатгалын шимтгэлээ төлүүлж байсан нь хэргийн 90-91 талд авагдсан баримтаар тогтоогдсонд нэхэмжлэгч маргадаггүй, 56-18 дугаартай тээврийн хэрэгслийг жолооддог байсан нь "*******" ХХК-д ажилладаг гэсэн үг биш, түүнийг нотлохгүй юм. Түүнчлэн "*******" ХХК-тай "*******" ХХК нь хамааралгүй, хувьцаа эзэмшигч болон гүйцэтгэх захирал нар нь мөн хамаарал бүхий хуулийн этгээдүүд биш юм.
Шүүхийн шийдвэрт Талийгаач ******* нь "*******" ХХК-тай хөдөлмөрийн харилцаа үүсгэснээс хойш нас барах хүртэлх хугацаанд Гашуунсухайт хилийн боомтоор 2020.08.31-ний өдөр гарч, 2020.09.01-ний өдөр орсон буюу 1 удаа /рэйс хийж/ ажил үүргээ гүйцэтгэсэн нь Хил хамгаалах ерөнхий газрын 2021.01.13-ны өдрийн 2-5а/07 дугаар тодорхойлолт, түүний хавсралтаар /хх-ийн 16-17/ зохигчдын шүүхэд гаргасан маргаангүй тайлбараар тогтоогдсон" гэж үндэслэл бүхий зөв хууль зүйн дүгнэлт өгсөн байдаг. Хариуцагчийн маргааны үндэслэл нь уг осол үйлдвэрлэлийн осол мөн эсэх дээр маргасан. Уг тохиолдол бол үйлдвэрлэлийн осол биш зам тээврийн осол болох нь хэргийн 115-117 талд авагдсан мөрдөгчийн магадлагаагаар тогтоогддог. Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2020.11.12-ны өдрийн 16/06/093/120 дугаартай дүгнэлт нь Зам, тээврийн ослын акт гараагүй байхад урьдчилж гарснаараа Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан "Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм"-ийн 1.9-д "Осолдогч ажил, үүргээ гүйцэтгэж байх үедээ зам тээврийн осолд орсон тохиолдолд ослыг замын цагдаагийн байгууллагын дүгнэлтийн дагуу хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч судалж баталгаажуулна" гэж заасныг зөрчсөн, хууль ёсны үндэслэлтэй дүгнэлт биш юм.
Хөдөлмөрийн гэрээ байгуулсан 2020.08.28-ны өдрөөс өмнөх цалин хөлсийг хэнээс, ямар байгууллагаас, ямар банкнаас шилжүүлсэн нь "*******" ХХК-д огт хамааралгүй юм. Гагцхүү хөдөлмөрийн гэрээ байгуулснаас хойш "*******" ХХК болон ******* нарын хооронд Хөдөлмөрийн гэрээний 1.6, 2.3 дахь заалт үйлчлэх учиртай. Өөрөөр хэлбэл 2020 оны 07, 08 дугаар саруудад яг "*******" ХХК-аас юмуу гүйцэтгэх захирал *******-гаас, тэдгээрийн эзэмшдэг банкны данснаас цалин хөлс шилжигдэн орж ирж байсныг нэхэмжлэгч тал өөрөө нотолж чадаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлоогүй. Талийгаач *******ын 2020.08.28-2020.09.05-ны өдрийн хооронд ажилласан хугацааны цалин хөлсийг нь тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож олгох нь зүйтэй гэж өмнө нь хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн хууль зүйн дүгнэлт бүрэн үндэслэлтэй байсан бөгөөд хариуцагчийн зүгээс дээрх шийдвэрийг хүлээн зөвшөөрч өмнө нь давж заалдаагүй болно.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулж нэхэмжлэгчид олгох нөхөн төлбөрийн хэмжээг 15,120,000 төгрөг болгон өөрчилж, нэхэмжлэлээс 191,268,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
8.Хариуцагчийн давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд 420,000 төгрөгөөр буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож нөхөн олговрыг төлнө гэж дурдсан нь хөдөлмөрийн харилцаа үүсээгүй гэх тайлбараа үгүйсгэж байна. Хэрэгт *******ын дансны хуулгаар 2020.07.25-ны өдрөөс 2020.09.03-ны өдөр хүртэл ******* гэсэн тээврийн хэрэгслийн дугаар бичсэн гүйлгээний утгаар 5,846,918 төгрөг шилжүүлж талийгаачид цалин олгосон нь хариуцагч компанид ажил гүйцэтгэж байсныг нотлогдсон гэж үзэж байна.
******* холбооны үйлдвэрчний эвлэлийн хорооны тодорхойлолт хэрэгт авагдсан ба жолооч сард дунджаар 6-8 удаа рейс хийдэг цалин нь 6,500,000-6,900,000 төгрөг байдаг. Гэрч н.*******ын өгсөн мэдүүлэг, нэхэмжлэгчийн дансаар орж байгаа мэдээллийг харахад маргах боломжгүй, хөдөлшгүй баримтууд байдаг. Түүнчлэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт ******* нь *******ыг танихгүй гэж дурдсан ч *******ын дансны хуулгаар ******* гэсэн нэртэй гүйлгээ олон байдаг. Үүнээс гадна ******* дугаартай "*******" ХХК-ийн өмчлөлийн тээврийн хэрэгслийн дугаарыг бичсэн 8 гүйлгээ хийгдсэн байдаг. Эдгээр гүйлгээнээс 07 сард 1 удаагийн гүйлгээ, 09 сард 1 удаагүй гүйлгээ, 08 сард 6 удаагийн гүйлгээ орж ирсэн байдаг. Уг үйл баримтыг харахад холбоонуудаас гаргаж өгсөн мэдээллүүдтэй нийцдэг.
Давж заалдах гомдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэл төлсөн дүнгээр хүлээн зөвшөөрч, бусад үнийг зөвшөөрөхгүй гэжээ. Амьдралаа сайжруулах зорилгоор энэ ажлыг хийхээр явсан гэдгийг манай үйлчлүүлэгч сая тайлбартаа дурдсан. Үүнд 420,000 төгрөгийн цалинтай ажиллахаар явахгүй, энэ нөхцөл байдлыг компани мушгиж тайлбарладаг учраас нэхэмжлэгч өөрийн эрх ашгаа хамгаалахын төлөө нэхэмжлэл гаргаж, уг асуудлыг шийдвэрлүүлэх зорилготой байна. Энэ бүхнийг харгалзан үзэж, давж заалдах шатны шүүх хэргийг үнэн зөв шийдвэрлэнэ гэдэгт итгэлтэй байна. Хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
1.Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, зохигчийн гаргасан давж заалдах гомдлоос нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ХХК-д холбогдуулан үйлдвэрлэлийн ослын улмаас нас барсан ажилтны ар гэрт олгох нөхөн төлбөрт 206,388,000 төгрөг, сэтгэцэд учруулсан гэм хорын хохиролд 82,500,000 төгрөг, нийт 288,888,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ******* нь тээврийн жолоочийн ажилд томилогдсоноос хойш 7 хоногийн дараа замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас осолдож нас барсан тул үйлдвэрлэлийн осол гэж үзэхгүй, цалинг рэйсээр олгохоор тохиролцсон ба цалин олгож эхлээгүй тул нэг сарын цалинг ямар тооцооллоор тооцон 36 сарын цалин нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Сэтгэцэд учирсан гэм хорын хохирлын хувьд замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс амь насаа алдсан ба гэмт хэргийн улмаас учирсан сэтгэцийн эмгэгийн хохирол болон хуулийн зохицуулалт хамаарахгүй гэж тайлбарлан маргажээ.
3.*******, *******ХХК нарын хооронд 2020.08.28-ны өдөр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсч, ******* нь тус компанийн тээврийн жолоочоор ажиллаж байхдаа буюу 2020.09.05-ны өдөр тус компанийн өмчлөлийн ******* улсын дугаартай, ******* маркийн тээврийн хэрэгслийг жолоодон Өмнөговь аймгийн Ханбогд сум, Гашуун сухайт хилийн боомтын шалган нэвтрүүлэх хаалганы орчим осолдож нас барсан нь хэргийн баримтаар тогтоогдсон, зохигч энэ талаар маргаагүй байна.
Харин зохигч *******ын нас барсан тохиолдлыг үйлдвэрлэлийн осолд хамаарах эсэх болон ажилтанд олговол зохих байсан нэг сарын цалин хөлсний хэмжээний талаар маргажээ.
*******ын нас барсан нөхцөл байдалд Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2020.11.12-ны өдрийн ******* дугаартай Үйлдвэрлэлийн ослын тухай дүгнэлт гарч, Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм-ийн 2.1.1 /Ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед/-д зааснаар үйлдвэрлэлийн осол болохыг дүгнэжээ. Анхан шатны шүүх энэхүү баримтыг үндэслэн ******* нь ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ үйлдвэрлэлийн осолд өртөн амь насаа алдсан гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Учир нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3-т зааснаар ажил олгогчийн тогтоосон үйлдвэрлэлийн ослын актыг хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч хянан үзэх бөгөөд хуулийн 29.4.1-д ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг зөвшөөрөөгүй бол дүгнэлт гаргах гэж заасны дагуу гаргасан дээрх ******* дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаагүй байна. Хариуцагч талаас улсын байцаагчийн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлгүй гэсэн агуулгаар гомдол гаргасан ч мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5-д зааснаар улсын байцаагчийн тогтоосон үйлдвэрлэлийн ослын дүгнэлтийн талаар шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлээгүй, уг дүгнэлт хүчинтэй байх тул энэ тухай гомдлыг хангахгүй.
4.******* үйлдвэрлэлийн ослын улмаас нас барсан нь улсын байцаагчийн дүгнэлтээр тогтоогдсон тул түүний ар гэрт ажил олгогчоос нь 36 сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрийг гаргуулах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт нийцэх бөгөөд анхан шатны шүүх хариуцагч *******ХХК-аас талийгаач *******ын 36 сарын сарын дундаж цалин хөлстэй тэнцэх нөхөн төлбөрийг олгохоор шийдвэрлэсэн нь зөв. Харин шүүх талийгаач *******ын хариуцагч компанитай тогтоосон хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсгэсэн хугацаа, нэг сарын цалингийн хэмжээг буруу тогтоосны улмаас нөхөн төлбөрийн хэмжээг мөн буруу тооцож олгосон байгааг залруулж, энэ талаархи нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангана.
Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 97 дугаар зүйлийн 97.1, 97.1.2-т зааснаар үйлдвэрлэлийн ослын улмаас нас барсан ажилтны нэг сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрийг 36 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тооцсон нөхөн төлбөрийг түүний ар гэрт нь нэг ба түүнээс дээш удаа олгохоор хуульчилсан. Ажил олгогч буюу хариуцагч *******ХХК нь 2020.08.28-ны өдөр *******ыг ажилд томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан ба тэрээр 2020.09.05-ны өдөр нас баржээ. Энэ хугацаанд түүнд цалин олгогдоогүй тухай хариуцагч тайлбарласан байна.
Хэрэгт нотлох баримтаар авагдсан нэхэмжлэгч *******ын ХААН банк ХК дахь ******* тоот дансны дэлгэрэнгүй хуулгад 2020.07.25-ны өдрөөс ******* гэсэн гүйлгээний утгатай мөнгөн гүйлгээний орлого орсныг анхан шатны шүүх талийгч *******, хариуцагч *******ХХК нарын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн гэж үзсэнийг бодитой гэж үзэхгүй, уг утга бүхий мөнгөн гүйлгээ өөр өөр данснаас хийгдсэн байна. Мөн ******* улсын дугаартай, ******* маркийн тээврийн хэрэгсэл хариуцагч компанийн өмчлөлийнх гэдэгт маргаагүй бөгөөд нэхэмжлэгчийн дээрх дансанд 2020.08.09-2020.09.03-ны өдрийн хугацаанд зөвхөн ******* тоот данснаас мөнгөн гүйлгээний ******* гэсэн утгаар нийт 9 удаагийн орлогын гүйлгээ хийгдсэн нь 5,528,800 төгрөг болсон. ******* нас барснаар уг мөнгөн гүйлгээ зогсчээ.
Хэрэгт талийгаач *******ын 2020.01-08 сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт авагдаж, тэрээр ******* ХХК-д ажиллаж байсныг илэрхийлжээ. Энэхүү баримтаас үзвэл *******ыг 2020.08 сард хариуцагч *******ХХК-д ажиллаж байгаагүй гэж үзэхээр боловч тэрээр хариуцагчийн өмчлөлийн тээврийн хэрэгсэлд олгогдсон тусгай зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслийн жолоочоор ажиллаж байсан, энэ хугацаанд ******* тоот дансаар дамжуулан цалин авч байсан нь тогтоогдсон учир зөвхөн дээрх нийгмийн даатгалын тодорхойлолтыг үндэслэн *******ын ажиллаж байсан байдлыг тогтоох боломжгүй юм.
Хариуцагчийн хувьд 2020.08.28-ны өдрөөс өмнө *******тай хөдөлмөрийн харилцаатай байгаагүй гэж маргасан бол нэхэмжлэгч тал 2020.07.25-ны өдрөөс хөдөлмөрийн харилцаа үүссэн гэж маргажээ. Хариуцагч болон ******* нарын хооронд 2020.07.25-ны өдрөөс хөдөлмөрийн харилцаа үүссэнийг нотлох баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгчийн дансанд ******* гэсэн утгаар 2020.07.25-ны өдөр ******* тоот данснаас 768,118 төгрөгийн орлого орсон, энэ данснаас дахин гүйлгээ хийгдээгүй байх тул хариуцагч уг мөнгийг олгосон гэж үзэхгүй. Иймд давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн дансанд 2020.08.09-ны өдрөөс эхлэн ******* тоот данснаас ******* гэсэн гүйлгээний утгаар орлогын гүйлгээ хийгдсэн өдрөөр талийгаач, хариуцагч нарын хооронд Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 21 дүгээр зүйлд заасан хөдөлмөрийн харилцаа үүссэн гэж дүгнэлээ.
******* нь хариуцагч *******ХХК-д нэг сарын хугацаанд ажилласан тул Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 5, 6-д заасны дагуу түүний авсан нийт цалин 5,528,800 төгрөгийг ажилласан 26 хоногт хувааж /5,528,800/26=212,646/, улмаар нэг өдрийн цалинг /212,646х21=4,465,566/ ажлын 21 хоногоор тооцон талийгаач *******ын нэг сарын цалинг 4,465,566 төгрөг гэж тооцов.
Түүнчлэн Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гашуун сухайт боомтоор 2020 онд богинын тээвэр хийдэг тээвэрчдийн сарын дундаж рейсийг талийгаач *******тай нэг дор ажиллаж байсан гэх гэрч *******ын мэдүүлэгт 4-5 сая төгрөг гэж, Түмэн наст тээвэрчдийн зөвлөл Холбооны 2025.06.06-ны өдрийн ******* тоотод 4,592,000 төгрөг гэж, ******* ҮЭХ-ны 2025.01.03-ны өдрийн ******* тоотод 4,600,000 төгрөг гэж тус тус тодорхойлсонтой дээрх цалингийн тооцоолол ойролцоо байгааг бодит байдалд нийцсэн гэж үзлээ. Энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангасан учир *******д цалин олгож байгаагүй, цалин тооцох боломжгүй тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нөхөн төлбөрийг тооцуулах тухай хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.
Иймээс Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 97 дугаар зүйлийн 97.1, 97.1.2-т заасны дагуу дээрх 4,465,566 төгрөгийг 36 сараар үржүүлж /4,465,566х36/ нийт 160,760,376 төгрөгийн нөхөн төлбөрийг ажил олгогч буюу хариуцагч *******ХХК-аас гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.
5.Нэхэмжлэгч сэтгэцэд учруулсан гэм хорын хохиролд 82,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлснийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн тул энэ тухай нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй.
Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр төлөхөөр зохицуулсан байсныг Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2022 оны 12 сарын 23-ны өдрийн хуулиар уг заалтыг Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана гэж өөрчилж, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсгийг Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ гэж нэмсэн бөгөөд уг заалтыг буцаан хэрэглэх талаар Иргэний хуульд тухайлан заагаагүй учир мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар буцаан хэрэглэхгүй. Энэ үндэслэлээр шүүх 82,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хэвээр үлдээнэ.
6.Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг харгалзан үзэх иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулгыг шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт бичиж, уг дүгнэлтийн талаарх үндэслэлээ үндэслэх хэсэгт тодорхой тусгах тухай Шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.6, 66.7 дахь хэсэгт заасан журмыг зөрчөөгүй байна.
7.Дээрх үндэслэлээр зохигчийн гаргасан давж заалдах гомдлоос нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангаж хариуцагч *******ХХК-аас 160,760,376 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, мөн шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргаанд хамааралгүй заалтыг шийдвэрт баримталсныг хассан өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж, улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтыг өөрчилж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 191/ШШ2025/04879 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч *******ХХК-аас 82,500,000 төгрөг гаргуулах тухай *******ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж,
2 дахь заалтыг Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-т заасныг баримтлан хариуцагч *******ХХК-аас 160,760,376 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* олгож, нэхэмжлэлээс 45,627,624 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж
3 дахь заалтын ...508,765 төгрөгийг... гэснийг 961,752 төгрөг гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 433,165 төгрөгийг улсын төсөвт үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
Э.ЭНЭБИШ