| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Готовдоржийн Цагаанцоож |
| Хэргийн индекс | 184/2016/02062/И |
| Дугаар | 001/ХТ2017/01412 |
| Огноо | 2017-11-14 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2017 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 001/ХТ2017/01412
“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 184/ШШ2017/01124 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 1542 дугаар магадлалтай,
“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Ш.О, Ц.Б нарт холбогдох,
зээлийн гэрээний үүрэгт 42.340.079 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, барьцааны хөрөнгө хүрэхгүй тохиолдолд бусад хөрөнгө орлогоос төлбөрийг барагдуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бархас, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Одбаяр, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч “Х” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ш.О нь Хтай 2014 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 1500007941 тоот зээлийн гэрээ, 2013 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 50-654, 50-655 тоот баталгаат ипотекийн гэрээ, 2014 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 2013 оны 50-655 тоот баталгаат ипотекийн гэрээний нэмэлт нөхцлөөр гэрээ байгуулж, 80.000.000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай жилийн 25.2 хувийн хүүтэй, бизнесийн зориулалтаар зээлж авсан. 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 1500007941 тоот зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтөөр Ц.Бнь хамтран буюу нөхөх хариуцлага хүлээхээр хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон бөгөөд зээлийн барьцаанд Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хамбын 2-28 тоотод байрлах 55.25 м.кв талбай бүхий хашаа, байшин, 700 м.кв талбай бүхий газар, мөн Хамбын 2-27 тоотод байрлах 253.5 м.кв талбай бүхий байшин, 700 м.кв талбай бүхий газрыг барьцаалуулсан бөгөөд 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн барьцаа хөрөнгө чөлөөлөх 416 дугаар зээлийн шийдвэрээр Хамбын 2-28 тоотод байрлах хашаа, байшин, 700 м.кв талбай бүхий газрыг барьцаанаас чөлөөлүүлсэн. 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар зээлдэгч Ш.О нь гэрээний дагуу төлбөл зохих зээлийн төлбөрт үндсэн зээл 33.100.000 төгрөг, хүү 9.158.403 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 81.676 төгрөг, нийт 42.340.079 төгрөг төлөхөөр байна.
Иймд зээлийн гэрээг цуцалж, зээлдэгч Ш.О, Ц.Бнараас 42.340.079 төгрөгийг гаргуулж, дээрх төлбөрийг сайн дураар төлөөгүй нөхцөлд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, хүрэхгүй тохиолдолд бусад хөрөнгө орлогоос төлбөрийг барагдуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ш.О, Ц.Бнар шүүхэд гаргасан тайлбартаа: Хнаас 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 150016601 тоот нэмэлт зээлийн гэрээ байгуулаад үндсэн зээлийн гэрээ болох 2014 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн үндсэн гэрээний нэмэлт гэрээгээр 39.900.000 төгрөгийг 38 сарын хугацаатайгаар 2019 онд дуусахаар зээлийн гэрээ байгуулсан. Үүнээс 4 удаа нийт 6.800.000 төгрөгийг төлсөн. Үүнээс хойш 2 сарын дараа зээлийн гэрээг цуцлаад нэхэмжлэл гаргасан. Үүргийн ялимгүй зөрчил байсаар байхад үүнийг харгалзаж үзэлгүйгээр нэг талын санаачилгаар гэрээг цуцалж байгаа нь иргэдийг хохироож байна. Зээлийн гэрээний хугацаа 2019 онд дуусах ба зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ цаашид ч биелүүлэх хүсэлтэй байна. Хашаа, байшин, газрын одоогийн үнэлгээ нь нэхэмжлэлийн үнийн дүнгээс илүү байгаа зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй. Нэхэмжлэгч нь Ш.Отэй байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг нэхэмжилжээ. Зээлийн гэрээний дагуу зээлийг Ш.О авч ашигласан байдаг.
Ц.Б нь барьцаа хөрөнгийн хамтран өмчлөгчийн хувьд л дээрх харилцаанд оролцсон, зээлээс нэг ч төгрөг авч ашиглаагүй, эргэн төлөх үүргийг мөн хүлээгээгүй барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна гэжээ.
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 184/ШШ2017/01124 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.5, 208 дугаар зүйлийн 208.6. 451 дүгээр зүйлийн 451.1, 452, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ш.О, Ц.Бнараас 42.182.666 төгрөг /дөчин хоёр сая нэг зуун наян хоёр мянга зургаан зуун жаран зургаа/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хинд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 157.413 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний Хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 169 дүгээр зүйлийн 169.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Байгалмаагийн Сонгинохайрхан дүүргийн 30-р хороо, Хамбын 2-27 тоотод байрлах Ү-2201034708 тоот улсын бүртгэлийн дугаартай 253.5 м.кв талбайтай байшин, Г-2201008020 тоот улсын бүртгэлийн дугаартай 700 м.кв талбайтай газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулах болохыг дурьдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 369.651 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж хариуцагч Ш.О, Ц.Бнараас улсын тэмдэгтийн хураамжид нийт 368.863 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 1542 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 184/ШШ2017/01124 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ш.О, Ц.Бнараас 39.372.612 /гучин есөн сая гурван зуун далан хоёр мянга зургаан зуун арван хоёр/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хинд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.967.467 /хоёр сая есөн зуун жаран долоон мянга дөрвөн зуун жаран долоон/ төгрөгийг, мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж хүрэхгүй тохиолдолд хариуцагч нарын бусад хөрөнгө орлогоос төлбөрийг барагдуулах шаардлагад холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд ипотекийн зүйл болох хариуцагч Ц.Байгалмаагийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хамбын 2-27 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2201034708 дугаарт бүртгэлтэй 253.5 м.кв талбай бүхий байшин, улсын бүртгэлийн Г-2201008020 дугаарт бүртгэлтэй 700 м.кв талбай бүхий газрыг албадан дуудлага худалдаанд оруулан үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай” гэж, 3 дахь заалтын “368.863” гэснийг “354.813” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ш.Огийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 160.300 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч “Х” ХХК хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагаас 2.967.467 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
Давж заалдах шатны шүүх талуудын хооронд 2014 оны 4 дүгээр сарын 8-ний өдөр байгуулсан 1500007941 дугаартай Зээлийн гэрээний 1.1 дэх заалтад зээлийн хүүг “25.2” болон “16.5” гэсэн 2 өөр янзаар тодорхойлсон байна. Иймд гэрээний хүүгийн хувь хэмжээг 16.5 хувиар тооцохоор тохирсон гэж үзэж зээл, хүүгийн төлбөрт 39.372.612 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэрээний 1.4-д зээлийн үндсэн төлбөр болон хүүг хавсралт 1-д заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлнө гэж заасан бөгөөд уг хуваарьт тусгагдсан хүүг жилийн 25.2 хувиар тооцож талууд гарын үсэг зурж баталгаажуулсан. Давж заалдах шатны шүүх 2015 оны 12 сарын 22-ны өдрөөс 2016 оны 12 сарын 05-ны өдөр хүртэл 11 сар 13 хоног байна гэж тооцооллын хувьд алдаа гаргасан. Хавтаст хэрэгт авагдсан 1500016652 дугаартай дансны хуулгаар 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 39.900.000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн бөгөөд энэ өдрөөс банк хүүг тооцсон ба 343 хоног буюу 11 сар 9 хоног болж байна. Талууд 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 1500007941 дугаартай зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийг байгуулахдаа зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу хэсэгчилсэн өөрчлөлт хийхээр харилцан тохиролцож хуваарийг шинэчлэн баталсан. Хэсэгчилсэн төлөх хуваарийн дагуу хариуцагч нь 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн сар бүр 500.000 төгрөгийн үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй тул уг дүнгээс гэрээнд заасан 25.2 хувийн хүүгийн 20 хувь буюу жилийн 5.04 хувиар тооцон 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл нэмэгдүүлсэн хүүнд 81.676 төгрөгийг нэхэмжилсэн болно. Мөн Зээлийн гэрээний 1.12-д Эргэн төлөлтийн хуваарьт заасан зээлийн төлбөр төлөх үүрэг нь гэрээний хэсэгчилсэн үүрэг, уг үүргийг гүйцэтгэхээр заасан хугацаа нь гэрээний хэсэгчилсэн хугацаа гэж тооцогдох бөгөөд заасан хугацаанд үүргээ гүйцэтгээгүй бол гэрээний үүргийн зөрчил гэж үзнэ. Энэ нь гэрээний 4.1-д заасны дагуу нэмэгдүүлсэн хүү тооцох үндэслэл хамаарна. Давж заалдах шатны шүүх талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний зүйл заалтуудыг буруу тайлбарлаж, нэхэмжлэгчийн зээлийн гэрээнд заасан зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож авах эрхийг зөрчсөн.
Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 1542 дугаартай магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Одбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1542 дугаар магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
Нэхэмжлэлийн шаардлага нь зээлийн нэмэлт гэрээний дагуу үндсэн төлбөр болоод хүү шаардсан байдаг бөгөөд тэрхүү гэрээн дээр хүүгийн талаар тохиролцоогүй буюу хүүгийн хэмжээг тодорхойлоогүй. Энэ талаар шүүхийн шийдвэр, магадлалд тусгасан атлаа зээлийн хүү 6.272.612 төгрөг гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй юм. 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Зээлийн гэрээгээр жилийн 25.2 гэж тохирсон нь дараагийн нэмэлт гэрээгээр мөн адил тийм хэмжээний хүү тохирсон гэж дүгнэх боломжгүй. Учир нь хүүгийн хэмжээнд өөрчлөлт орж сарын 2 хувь болгон багасгасан байдаг ба энэ талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаан дээр тайлбарласан. Зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт зээлийн хүүгийн хувь хэмжээнд үзэж хариуцагч үндсэн зээлийн төлбөрөө төлдөг байсан. Тийм ч учраас Ш.Огээс төлсөн 6.800.000 төгрөгийг үндсэн зээлээс хасч тооцож, хүү аваагүй байдаг. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар зээлийн хүүг шаардах эрх нэхэмжлэгчид үүсэхгүй юм.
Иймд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн №1542 дугаар магадлалд өөрчлөлт оруулан, зээлийн хүү болох 6.272.612 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч “Хас” банк нь хариуцагч Ш.О, Ц.Бнарт холбогдуулан зээлийн төлбөрт 42.340.079 төгрөг гаргуулж, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, барьцаа хөрөнгө үүргийн гүйцэтгэлийг хангаж чадахгүй тохиолдолд бусад хөрөнгө орлогоос төлбөрийг барагдуулах шаардлага гаргахдаа зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан гэж дурджээ. Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч дээрх шаардлагыг татгалзахдаа гэрээний хугацаа дуусаагүй гэсэн тайлбар гаргажээ.
Хариуцагч нар нь “Хас” банктай 2014 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр зээлийн болон баталгаат ипотекийн гэрээ байгуулан, 80.000.000 төгрөгийг 36 сарын хугацаагаар зээлэхдээ Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хамбын 2-27 тоотод байрлах 253.5 м.кв талбай бүхий байшин, 700 м.кв талбай бүхий газрыг барьцаалсан ба 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан, гэрээний хугацааг 2019 оны 12 дугаар сарын 20-ний өдөр хүртэл сунгажээ /хэргийн 5-31 дүгээр тал/.
Зохигчид зээлийн болон уг гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээг бичгээр байгуулсан, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, 156 дугаар зүйлийн 156.2-т заасан шаардлагад нийцжээ.
Хариуцагч нар зээлийн төлбөрийг графикийн дагуу тогтмол төлөх үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгч үүргээ гүйцэтгэхийг удаа дараа сануулж, хугацаа өгч байсан нь хэргийн баримтаар тогтоогдсон, энэ тохиолдолд зээлдэгч зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3., 225 дугаар зүйлийн 225.1.-г зөрчөөгүй байна.
Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн гэрээний харилцаа, хүчин төгөлдөр байдлын талаар зөв дүгнэсэн боловч хариуцагчийн хүлээх үүргийн хэмжээг хэрэгт авагдсан баримтад тулгуурлан тодорхойлж чадаагүйгээс гадна нэхэмжлэлийн зарим шаардлагыг шийдвэрлээгүй орхигдуулжээ.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. Мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болох бөгөөд зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.
Зээлийн гэрээнд хүүгийн хэмжээг 2 янзаар тодорхойлсон байх ба давж заалдах шатны шүүх хариуцагчийг зээлийн хүүд 6.272.612 төлөх үүрэгтэй гэж үзсэн нь буруу биш боловч нэмэгдүүлсэн хүүгийн талаархи шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй болжээ.
Нэхэмжлэлийн үндэслэл болсон зээлийн гэрээний 4.1-д зээлдэгч зээлийн үндсэн төлбөр болон хүүг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөх ба нэмэгдүүлсэн хүүгийн нийт хэмжээ нь төлөгдөөгүй үндсэн төлбөрт оногдох үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцүү байхаар заасан учир нэмэгдүүлсэн хүүд нэхэмжилсэн 81.676 төгрөгийн шаардлагыг хангах үндэслэлтэй.
Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагч нараас гаргуулах төлбөрийн хэмжээг үндсэн зээл 33.100.000 төгрөг, хүү 6.272.612 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 81.676 төгрөг, нийт 39.454.288 төгрөгөөр тогтоож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 1542 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...39.372.612 /гучин есөн сая гурван зуун далан хоёр мянга зургаан зуун арван хоёр/ төгрөг” гэснийг “39.454.288 төгрөг” гэж, “...2.967.467 /хоёр сая есөн зуун жаран долоон мянга дөрвөн зуун жаран долоон/” гэснийг “...2.885.791” гэж, “354.813” гэснийг “355.221” гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Одбаярын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр төлсөн 62.430 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагчаас 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр төлсөн 115.320 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРСАЙХАН
ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ