| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 167/2019/0045/Э |
| Дугаар | 97 |
| Огноо | 2019-05-23 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ө.Мөнхнавч |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 97
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,
Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч Ж.Жаргалсайхан
Шүүгдэгч Э.Эт нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Мөнхнавчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Эад холбогдох эрүүгийн ..... дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 13-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Э.Э
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
Шүүгдэгч Э.Эт нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Дорноговь аймгийн Иххэт сумын 3 дугаар баг Ерөнхий боловсролын сургуулийн технологийн өрөөнд нэвтэрч хохирогч С.Оын эзэмшлийн Леново /Lenovo/ маркийн зөөврийн компьтерийг хулгайлж 560000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч Э.Эт шүүхийн хэлэлцүүлэгт: Би тэр өдөр гадуур 0.75 литрийн хэмжээтэй архи уучихаад гэртээ харих гээд сумынхаа сургуулийн хажуугаар гарч явахдаа бие засчихья гэж бодоод сургууль руу орсон юм. Ингээд 2 давхарт бие засах газар байдгийг мэдэх тул 2 давхар руу гараад 00 орж бие засчихаад гарч явахад 1 ангийн хаалга нь бага зэрэг онгойсон харагдсан. Тэгэхээр нь би тэр ангид юу болж байгаа юм бол гээд сонирхоод шагайхад хүн байхгүй сурагчийн ширээн дээр хар өнгийн цүнхтэй зүйл харагдсан. Тухайн үед сургуульд хүн амьтан харагдаагүй тэр ангид ямар ч хүн байгаагүй тул би ангид орж цүнхтэй зүйлийг аваад гараад гэртээ хариад цүнхийг нь нээж үзэхэд хар өнгийн нөүтбүүк байсан. Би компьютер ажиллуулж мэдэхгүй яадаг юм бол гэж үзэж харж байгаад цааш нь авдарт хийсэн. Би тухайн үедээ согтуу байсан болохоор цүнхэнд нь үнэ цэнэтэй юм байвал заръя гэж бодож авсан юм. Гэхдээ нөүтбүүкийг яахаа мэдэхгүй байсан...” гэсэн мэдүүлэг
Хохирогч С.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ажил дээрээсээ буюу сургуулийн 2 дугаар давхарт байрлах технологийн өрөөнөөс Леново маркийн нөүтбүүкээ хулгайд алдсан юм. Тухайн үед өрөөнийхөө хаалгыг түгжихгүй хамт ажилладаг Н багшид миний өрөөг түгжчихээрэй гэж хэлээд явсан. Тэгээд 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ажил дээрээ очоод нөүтбүүкээ үзэхэд байхгүй болчихсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10- 11-р хуудас/
Гэрч А.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...О багш өдөр 14 цагийн орчимд надад өөрийнхөө түлхүүрийг өгчихөөд би ажилтай болчихлоо гээд миний өрөөг түгжчихээрэй гэж хэлээд явсан. Тэгээд би тус өдөр өрөөг нь түгжихээ мартаад явчихсан. Тэгээд 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр буюу 1 дэх өдөр О багш өрөөнд байсан нөүтбүүк алга болсон байна гэж байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/
“Ашид билгүүн” ХХК-ийн 2019 оны 01-р сарын 17-ны өдрийн ТХҮ6/18-005 дугаартай: “...Lenovo зөөврийн компьютер 560000 төгрөг...” гэсэн дүгнэлт /хх-ийн 24-26-р хуудас/
Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 35-р хуудас/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.Эт нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Дорноговь аймгийн Иххэт сумын 3 дугаар баг Ерөнхий боловсролын сургуулийн технологийн өрөөнөөс хохирогч С.Оын эзэмшлийн Леново /Lenovo/ маркийн зөөврийн компьютерийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 560000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох хохирогч С.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ажил дээрээсээ буюу сургуулийн 2 дугаар давхарт байрлах технологийн өрөөнөөс Леново маркийн нөүтбүүкээ хулгайд алдсан юм. Тухайн үед өрөөнийхөө хаалгыг түгжихгүй хамт ажилладаг Н багшид миний өрөөг түгжчихээрэй гэж хэлээд явсан...”гэсэн мэдүүлэг, гэрч А.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...О багш өдөр 14 цагийн орчимд надад өөрийнхөө түлхүүрийг өгчихөөд би ажилтай болчихлоо гээд миний өрөөг түгжчихээрэй гэж хэлээд явсан. Тэгээд би тус өдөр өрөөг нь түгжихээ мартаад явчихсан...”гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна гэж үзлээ.
Шүүгдэгч Э.Эт нь Иххэт сумын Ерөнхий боловсролын сургууль руу бие засахаар орох үедээ уг сургуулийн 2 давхарт байрлах технологийн өрөөнөөс Леново /Lenovo/ маркийн зөөврийн компьютерийг хулгайлан авсан үйл баримт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Гэмт хэргийн нийгмийн аюулын хэр
хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэмт санаа буюу гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан шүүгдэгч Э.Этад аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 болгон өөрчлөх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иймд шүүгдэгч Э.Эыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр,нууцаар,хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Гэмт хэргийн хэр хэмжээ, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан эд материалын хохирлыг биет байдлаар буцаан өгсөн,хувийн байдал /шүүхээс тэнссэн хугацаанд хүлээлгэсэн хязгаарлалтыг зөрчсөн/ зэргийг харгалзан шүүгдэгч Э.Этад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.
Э.Эт нь Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 14-ний өдрийн 164 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхгүй байх хязгаарлалтын арга хэмжээг зөрчсөн тул шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жил 3 сарын хорих ял оногдуулж энэ тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 3 сараар тогтоов.
Хохирогч С.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Надад Этаас нэхэмжлэх зүйл байхгүй. Миний зүгээс одоо ямар нэгэн гомдол саналгүй...” гэсэн байх тул шүүгдэгч Э.Этыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Э.Эт нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Э.Э.Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 болгон өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч М. овогт Э.ы Э.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хүч хэрэглэхгүйгээр бусдын эд хөрөнгийг нууцаар,хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.Э.1 жил хорих ял шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4,5-д зааснаар шүүгдэгч Э.Э.Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 14-ний өдрийн 164 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар тэнсэж согтууруулах ундаа,мансууруулах бодис хэрэглэхгүй байх хязгаарлалтын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож 1 жил 3 сарын хорих ял шийтгэсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан шүүгдэгч Э.Э.энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 1 жил 3 сарын хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жил 3 сарын хугацаагаар тогтоосугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Э.Э.оногдуулсан 2 жил 3 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Э.Э. цагдан хоригдсон 93 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
8.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Э.авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН