Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 2019/ДШМ/52

 

    2019           07           18                                           2019/ДШМ/52

 

Э.Эд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                

                                                                                                                                                                                         Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

            Прокурор: С.Энхням,

            Шүүгдэгч: Э.Э,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ж.Жаргалсайхан,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярмаа нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 2019/ШЦТ/97 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Э.Э-д холбогдох, эрүүгийн 1919000440018 дугаартай, 1 хавтас, 165 хуудас бүхий хэргийг прокурор Ө.Мөнхнавчийн эсэргүүцлийг  үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19...... оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Дорноговь аймгийн ...... суманд төрсөн, ...... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Дорноговь аймгийн .......сумын 3 дугаар баг, ...... тоотод оршин суух, Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2017/ШЦТ/164 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалтын арга хэмжээ авсан, М овогт Э-ны Э /РД:ЕД8........./-д холбогдуулан Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Мөнхнавчаас Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

Шүүгдэгч Э.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Дорноговь аймгийн .......... сумын 3 дугаар баг, Ерөнхий боловсролын сургуулийн технологийн өрөөнд нэвтэрч хохирогч С.О-ын эзэмшлийн Леново /Lenovo/ маркийн зөөврийн компьютерийг хулгайлж, 560 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Э.Э-д Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 болгон өөрчилж,

Шүүгдэгч Мангуут овогт Энхтайваны Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хүч хэрэглэхгүйгээр бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.Эад 1 жил хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Э.Э-д Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 164 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар тэнсэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхгүй байх хязгаарлалтын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож, 1 жил 3 сарын хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан шүүгдэгч Э.Эад энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 1 жил 3 сарын хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жил 3 сарын хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Э.Э-д оногдуулсан 2 жил 3 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Э.Э-ын цагдан хоригдсон 63 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Эад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж,   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш  14 хоногийн дотор  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Ө.Мөнхнавч давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: ...Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэхдээ “Шүүгдэгч Э.Э нь .......... сумын 3 дугаар баг, Ерөнхий боловсролын сургууль руу бие засахаар орох үедээ уг сургуулийн 2 давхарт байрлах технологийн өрөөнөөс Леново маркийн зөөврийн компьютерийг хулгайлан авсан үйл баримт хавтаст хэрэгт авагдсан нотлох  баримтуудаар тогтоогдож байна” гэж дүгнэсэн атлаа гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэмт санаа буюу гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан шүүгдэгч Э.Эад аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаат яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 болгон өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ” гэж шийдвэрлэсэн.

Улсын дээд шүүхийн 2006 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 28 дугаартай “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн зарим, зүйл заатлыг тайлбарлах тухай” тогтоолоор хулгайлах гэмт хэргийн талаар тайлбарласан байдаг. Энэхүү тайлбарт: ...”орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн” гэдгийг түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад нь сэм орох, нуугдах зэрэг бусад аргаар нэвтрэн орохыг ойлгоно. Мөн тодорхой хугацаанд байх эрх бүхий этгээд өөр цаг хугацаанд үйлдвэрлэлийн байр, албан тасалгаа зэрэгт зөвшөөрөлгүйгээр орсон байвал орон байр, агуулах саванд нэвтэрсэн гэж үзнэ...” гэж тайлбарласан байдаг тул Э.Эын сургуулийн байранд орж бие засахдаа технологийн өрөөнд онгорхой байхад нь сэм нэвтрэн орж иргэн С.Оын эзэмшлийн зөөврийн компьютерийг хулгайлж 560000 төгрөгийн хохирол учруулж байгаа үйлдэл нь “үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч” хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдож байна.

Шүүгдэгч Э.Эын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлэгт:...би сургуулийн 2 дугаар давхарт гараад 00 орчихоод явж байтал яг юуны анги гэдгийг нь мэдэхгүй, нэг анги онгорхой, ширээн дээр нь хар цүнхтэй нөөтбүүк байхаар нь би уг нөөтбүүкийг аваад сургуулиас гарсан...”, яллагдагчаар өгсөн мэдүүлэгт:... Ингээд 2 давхарт бие засах газар байдгийг мэдэх тул 2 давхар руу гараад 00 ороод бие засчихаад гарч явахад 1 ангийн хаалга нь бага зэрэг онгойсон харагдсан юм. Тэгэхээр нь би тэр ангид юу болж байгаа юм бол гээд сонирхоод шагайхад хаалганд ойрхон сурагчийн ширээн дээр хар өнгийн цүнхтэй зүйл харагдсан. Тухайн үед сургуульд хүн амьтан харагдаагүй, тэр ангид ямар ч хүн байгаагүй тул би ангид орж цүнхтэй зүйлийг аваад гараад гэртээ хариад цүнхийг нь нээж үзэхэд хар өнгийн нөөтбүүк байсан...” гэсэн мэдүүлгүүдээр тухайн цаг хугацаанд шүүгдэгч Э.Э нь онгорхой байсан ангийн хаалгаар харахад ширээн дээр компьютер байсан учраас хулгайлах гэмт санаа бодол төрж тус сургуулийн технологийн өрөөнд хэн нэгнээс зөвшөөрөл авалгүйгээр нэвтрэн орсон болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог.

Гэтэл анхан шатны шүүхээс улсын яллагчийн дүгнэлтийг ямар үндэслэлээр няцаан үгүйсгэсэн талаараа шийтгэх тогтоолд тодорхой дурдалгүй, хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхээс шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн шийтгэх тогтоолын “тодорхойлох” хэсэгт “шүүгдэгч Э.Э нь цагдан хоригдсон хоноггүй” гэж, “тогтоох” хэсэгт “шүүгдэгч Э нь цагдан хоригдсон 93 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай” гэж 2 өөрөөр зөрүүтэй бичигдсэн байна.

Иймд шүүгдэгч Э.Э-д холбогдох Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 2019/ШЦТ/97 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.   

Прокурор С.Энхням давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Улсын дээд шүүхийн 2006 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 28 дугаартай тогтоолоор хулгайлах гэмт хэргийн талаар тайлбарласан тайлбарт дурдсанаас үзэхэд шүүгдэгч Эын сургуулийн технологийн өрөөнд онгорхой байхад нь сэм нэвтрэн орж иргэн Оын эзэмшлийн зөөврийн компьютерийг хулгайлж 560000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь орон байранд нэвтэрч үйлдэж байгаа үйлдэл бөгөөд прокурор Мөнхнавчийн бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Анхан шатны шүүх прокуророос зүйлчилж ирүүлсэн Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсгийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсөн нь үндэслэлгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэж байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан бол” гэсэнд Э-ын  үйлдэл, гэм буруугийн хэлбэр санаа зорилгын нөхцөл байдал тохирч байгаа учраас шүүхээс энэ хуулийн зүйл ангиар зүйлчилсэн байгаа. Прокурор эсэргүүцлийнхээ үндэслэлийг шүүх гэмт хэргийн  нийгмийн хор аюулын хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан хөнгөрүүлсэн нь буруу гээд Улсын дээд шүүхийн тайлбарыг тайлбарласан. Гэтэл энэ тайлбар нь 2002 оноос хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуультай холбоотой тайлбар байгаа. Тэгэхээр хуучин хуулийн заалтаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах хууль зүйн үндэслэл байхгүй. 2017.07.01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эын үйлдэлд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үндэслэл маань тохирч байгаа учраас шүүхээс энэ зүйл ангиар зүйлчилсэн байгаа. Эын хувьд орон байр, агуулах саванд нэвтэрсэн зүйл байхгүй. Гагцхүү сэм нууцаар, уг  сургуулийн байранд орсон. Анхнаасаа сургуулийн байранд бие засах зорилгоор ороод ОО-д ороод гартал нэг ангийн хаалга нээлттэй байсан. Очоод шагайхад нөүтбүүк ширээн дээр байсан ба сэм нууцаар аваад гарсан. Ийм хууль зүйн үндэслэл тогтоогдож байх тул 2017.07.01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн хуулийн заалт буюу Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр хөнгөрүүлж зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Нэгэнт хэргийг прокурорын эсэргүүцлээр хэлэлцэж байгаа учраас шийтгэх тогтоолд хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь үнэлж дүгнэж, харьцуулж үзээгүй. Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг маань хорихоос өөр төрлийн санкцтай. 6 сараас 5 жилийн хугацаагаар хорих ялтай. Энэ байдлаар хорих ялын доод хэмжээгээр 6 сараар буюу хорихоос өөр төрлийн ялаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож хэрэглэх боломжтой. Э-ын гэм буруугаа шударгаар хүлээсэн байдал, хохирол төлбөрөө нөхөн төлсөн, хувийн байдлын хувьд ээжтэйгээ хоёулахнаа амьдардаг. Ээж нь аваарт ороод хүний асаргаа сувилалд байх шаардлагатай тул эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 2019/ШЦТ/97 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

Учир нь: Прокурор Ө.Мөнхнавчийн бичсэн эсэргүүцэлд үндэслэн эсэргүүцэлд бичсэн асуудалд хязгаарлагдахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг давж заалдах шатны шүүхээс бүхэлд нь хянан хэлэлцвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх ба мөрдөн байцаалт, прокурор болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Э.Э нь 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр архи ууж согтуурсан үедээ Дорноговь аймгийн .......... сумын ерөнхий боловсролын сургуулийн байранд бие засахаар орсон үедээ цоожгүй, хаалга нь хагас нээлттэй байсан технологийн өрөөнд орж багш С.Оын эзэмшлийн Леново маркийн зөөврийн компьютерийг хулгайлж түүнд 560.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч С.О /хх 10-11/, гэрч А.Наранцацрал /хх 20-21/ нарын мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 3-7/, хохирлын үнэлгээ тогтоосон “Ашид билгүүн” ХХК-ийн дүгнэлт /хх 24-26/ зэргээр тус тус тогтоогдож байгаа ба шүүгдэгч Э.Э-ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч  мэдүүлсэн мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр /хх-19/,  яллагдагчаар /хх 33-34/ өгсөн мэдүүлгүүд, шүүхэд шүүгдэгчээр өгсөн мэдүүлгүүдээр батлагдан тогтоогдсон байна.

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан баримтат мэдээллүүд байна.

Хэргийн ажиллагааг бүхэлд хянан хэлэлцвэл мөрдөн байцаалт болон прокурорын шатанд хэргийн оролцогч нарыг хавтаст хэргийн материалтай танилцуулсан ба хохирогчийн зүгээс хохирлоо бүрэн барагдуулж авсан тул гомдол саналгүй гэсэн бол шүүгдэгчийн зүгээс хэргийг нэмж шалгуулах талаар ямар нэгэн хүсэлт гаргаагүй ба яллагдагч, хохирогч нарын зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргаж,  прокуророос хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар яллагдагчийн хүсэлтээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлж байжээ.

Прокуророос шүүгдэгч Э.Э-ыг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хуулийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн өөрчилж түүнд 1 жилийн хорих ял оногдуулах эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцсэн гэж үзэхээр байна.

Учир нь: Сургуулийн байр нь бүрэлдэхүүнээрээ хүүхдийн сурч боловсрох үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр,  шүүгдэгчийн хувьд сургуулийн байранд анх нэвтэрсэн санаа зорилго нь бие засах гэж орсон байсан гэдгийг шүүгдэгч өөрөө мэдүүлдэг ба прокурор мөн эсэргүүцэлдээ мөн тэгж үзсэн байх тул шүүгдэгчийг бие засах зорилгоор сургуулийн байранд орсон үедээ цоожгүй онгорхой байсан технологийн танхимд нэвтэрсэн үед хулгай хийх санаа зорилго бий болсон байна гэж  үзэхээр байх тул шүүгдэгчийн технологийн танхимд нэвтэрсэн үйлдлийг тусад нь үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрсэн гэж хүндрүүлэн үзэх шаардлагагүй юм.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь бие засахаар сургуулийн коридороор явж байхдаа тохиолдлын шинжтэйгээр технологийн танхимаас бусдын зөөврийн компьютерийг авсан үйлдэл нь хичээл тарсан байсан, сургууль хүнгүй байсан байдал, анги цоожгүй, онгорхой байсан зэрэг нөхцөл байдлуудыг далимдуулан бусдын эзэмшлийн эд зүйлийг авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэсэн шинжүүдэд нийцсэн байна.

Шүүгдэгч Э.Э-д холбогдох хэргийн зүйлчлэлийг анхан шатны шүүхээс хөнгөрүүлэн өөрчилсөн нь шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаараас хэтрээгүй, түүнд нийцсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Э.Э нь 2017 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хохирогч Н.Чимэдчагдагийг архи ууж согтууран биеэ хамгаалж чадахгүй болсон үед нь хүчиндсэн үйлдэлд Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-д заасан хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд мөн хуульд зааснаар ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхгүй байх хязгаарлалтын арга хэмжээг авсан боловч тэрээр шүүхээс тогтоосон албадлагын арга хэмжээг зөрчиж тэнссэн хугацаанд буюу 2018 оны 12 дугаар сарын 20-нд архи ууж согтуурсан үедээ хулгайлах гэмт хэрэг үйлдсэн тул уг гэмт хэрэгт буюу Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5-д нийцсэн.

Энэ нь анхан шатны шүүх тус 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 164 дүгээр шийтгэх тогтоолоор түүнийг тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жил 3 сарын хорих ял оногдуулж уг ял дээр Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар  нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жил 3 сараар тогтоож шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон “Шударга ёсны зарчим”-д нийцсэн гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

Эдгээр нөхцөл байдлуудад үндэслэн прокурор Ө.Мөнхнавчаас бичсэн анхан шатны шүүх хуулийн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлснийг хүчингүй болгох тухай эсэргүүцэл болон шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайханы давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан ял хөнгөрүүлэх тухай хүсэлт үндэслэлгүй хангах боломжгүй болно.

Мөн прокурор эсэргүүцэлдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “шүүгдэгчийг цагдан хоригдсон хоноггүй” гэж дурдсан алдаа гаргасан талаар дурдсан, шүүх ийнхүү алдаа гаргасан байх боловч шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгчийн цагдан хоригдсон хоногийг зөв тооцож тодорхой заасан тул энэ нь шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах, хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж үзэв.

Иймд шүүгдэгч Э.Э-д холбогдох анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 2019/ШЦТ/97 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Ө.Мөнхнавчийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсанаас хойш давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хүртэл хугацаанд шүүгдэгч Э.Э 56 хоног цагдан хоригдсоныг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

             3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

               ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Н.БАТЧИМЭГ

                                                    ШҮҮГЧИД                                   Н.БОЛОРМАА

                                                                                                        А.САЙНТӨГС