Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2017/01433

 

Л.Г-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2017/01128 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 1501 дүгээр магадлалтай,

Л.Г-ийн нэхэмжлэлтэй,

“Х” ХХК-д холбогдох,

2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн М/667 тоот, 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн В/903 тоот тушаалуудыг хүчингүй болгож, иргэдийн зээлийн судалгааны хэлтсийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичил хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Л.Г-ийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжпэгч Л.Г-, хариуцагчйн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Батдэлгэр, Х.Тэмүүжин, өмгөөлөгч М.Баасанжав, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Л.Г- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2003 оны 09 сард Хны Сонгинохайрхан салбарын жижиг дунд зээлийн эдийн засагчаар ажилд орсон ба тус банкинд тасралтгүй 13 жил ажилласан. Би өөрийн хариуцсан ажил үүргээ гүйцэтгэж байхдаа ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй бөгөөд гэрээнд заасан ажил үүргээ гүйцэтгэж байсан. Гэтэл Хны Хүний нөөц хариуцсан захирлын 2016 оны 05 сарын 09-ний өдрийн М/667 тоот "Л.Г-ийг ажил үүрэг гүйцэтгүүлэхийг зогсоож, ажлын байрнаас хөндийрүүлэх тухай" тушаал гарч ажил үүргийг минь гүйцэтгүүлээгүй байж байгаад 2016 оны 06 сарын 27-ны өдрийн В/903 тоот тушаалаар 2016 оны 07 сарын 08-ны өдрөөс үндэслэлгүйгээр ажлаас халсан. Иймд Хны Хүний нөөц хариуцсан захирлын 2016 оны 05 сарын 09-ний өдрийн М/667 тоот тушаал, 2016 оны 06 сарын 27-ны өдрийн В/903 тоот тушаалыг хүчингүй болгож, Хны Иргэдийн зээлийн судалгааны хэлтсийн захирлын ажилд эгүүлэн тогтоох, 2016 оны 05 сарын 09-ний өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 30.634.782 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Х” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Л.Г- нь зээл шийдвэрлэх эрх хэмжээ бүхий Зээлийн шинжилгээний хэлтэст захирлаар ажиллаж байх хугацаандаа өөрийн төрөл садан, найз нөхдийнхөө нэрээр зээл гаргуулан авч, бусдын нэрээр зээл авахгүй байх, зээлдэгчээс шан харамж, хувь авахгүй байх журмын зохицуулалтыг зөрчсөн зөрчил гаргасан. Хөдөлмөрийн дотоод журамд тодорхойлсон холбогдох этгээд болох Ё.Мягмаржаргалд 100.000.000 төгрөгийн зээл олгохоор шийдвэрлэхэд нь саналын эрхтэйгээр оролцсон, холбогдох этгээд болох талаар банкинд мэдээлэлгүйгээр холбогдох журам зөрчсөн. Л.Хонгорзулын нэрээр авсан 84.000.000 төгрөгийн, 11 cap хүү төлж, 12 дахь сард үндсэн төлбөрөө бөөнд нь төлж дуусгах нөхцөлтэй олгогдсон орон сууц барьцаалсан шуурхай зээлийн үндсэн төлбөр төлөх үүрэг эхлэх сард бизнесийн зээлд хөрвүүлж төлүүлсэн. "Зэст хангай" ХХК-ийн 2013 оны 01 сарын 14-ний өдрийн 250.000.000 төгрөгийн зээлийг зориулалтаар нь ашиглаагүй, үүнээс 48 575 485 төгрөгийг О.Молормаагийн зээлийг, 29.526.671 төгрөгийг өөрийн төрсөн дүү Л.Сундуйчимэгийн зээлийг төлөхөд ашиглаж, мөн 20.000.000 төгрөгийг Л.Г- хувьдаа, 30.500.000 төгрөгийг О.Молормаа хувьдаа ашигласан. 2014 оны 7 сарын 02-ны өдөр "Зэст хангай" ХХК-д 340.000 ам.долларын зээл олгогдсоноос өмнөх зээлийн үлдэгдэл 279.998 ам.долларыг төлж, зөрүү 55.000.000 төгрөгийг Л.Г- өөртөө авч ашигласан. Нөхөр Ч.Дэлгэрийн зээлийн хувийн хэрэг, зээлийн гэрээ, барьцааны гэрээг алга болгосон. Л.Г- нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан нь дотоод аудитын дүгнэлтээр тогтоогдсон учир хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2017/01128 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1 4-т зааснаар "Х" ХХК-д холбогдох, хүний нөөц хариуцсан захирлын 2016 оны 05 сарын 09-ний өдрийн М/667 тоот "Л.Г-ийг ажил үүрэг гүйцэтгүүлэхийг зогсоож, ажлын байрнаас хөндийрүүлэх тухай" тушаал болон 2016 оны 06 сарын 27-ны өдрийн В/903 тоот "Л.Г-т ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай" тушаалыг тус тус хүчингүй болгуулах, Иргэдийн зээлийн судалгааны хэлтсийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 30.634.782 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай Л.Г-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Л.Г- нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 1501 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2017/01128 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Нэхэмжлэгч Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Л.Г- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2017/01128 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1501 дугаар магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Х ны Хүний нөөц хариуцсан захирлын 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн М/667 тоот тушаалаар нэхэмжлэгч Л.Г- миний бие өвчтэй эмнэлэгт байх үед буюу 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр ямар ч үндэслэлгүйгээр ажил үүргийг минь гүйцэтгүүлээгүй ажлын байрнаас хөндийрүүлсэн. Хөдөлмөрийн тухай хуулиар “Ажлын байрнаас түр хөндийрүүлэх” гэсэн ойлголтыг хуульчлаагүй бөгөөд тиймээс хуульд байхгүй зохицуулалтаар цалин хөлсийг минь зогсоож “Ажлын байрнаас түр хөндийрүүлэх” нэрээр ажил үүргийг минь гүйцэтгүүлэхгүй байж байгаад ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлгүй юм. Ажлаас халахдаа надтай хөдөлмөрийн гэрээг бичгээр огт байгуулаагүй, миний өмнөх хөдөлмөрийн гэрээнд ч нэмэлт өөрчлөлтийг оруулаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т зааснаар хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно гэж заасан. Гэтэл намайг чөлөөлсөн албан тушаал болох Иргэдийн зээлийн судалгааны хэлтсийн захирлын албан тушаал дээр надтай хөдөлмөрийн гэрээ огт байгуулаагүй атлаа шүүхээс хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Хны тушаалын үндэслэл болсон зөрчилд тооцоод байгаа зүйлүүд нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131.2-т заасныг зөрчсөн, өөрөөр хэлбэл 2 жилийн өмнөх зөрчилд шийтгэл ногдуулж ажлаас халж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй. Шүүх хариуцагч талын хүсэлтийг үндэслэн 2017 оны 02 сарын 20-ны өдөр намайг болон миний өмгөөлөгчийг байлцуулалгүйгээр гэрчийн мэдүүлэг авсан нь үндэслэлгүй юм.

Дээрх байдлаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ/2017/01128 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1501 дугаар магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргаантай хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулжээ.

Нэхэмжлэгч Л.Г- нь хариуцагч “Х” банкинд холбогдуулан “...тушаалуудыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх” тухай нэхэмжлэл гаргахдаа шаардлагын үндэслэлийг ажлаас үндэслэлгүй халагдсан гэж тодорхойлжээ.

“Х” банкны хүний нөөц хариуцсан захирал 2016 оны 05 дугаар сарын 09-ны өдөр В/667 дугаар тушаал гаргаж, Иргэдийн зээлийн судалгааны хэлтсийн захирал Л.Г-ийн ажлыг шалгах зорилгоор ажил үүрэг гүйцэтгүүлэхийг зогсоож, ажлын байрнаас хөндийрүүлэх арга хэмжээ авсан ба 2016 оны 6 дугаар сарын 27-ний өдрийн В/903 дугаар тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, хөдөлмөрийн гэрээний 2.2.3, 2.2.8, 4.1.3, 4.1.5, 4.1.11 дэх заалтыг үндэслэл болгожээ.

Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогч өөрийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар хуульд заасан ба хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө ажилтан хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн тайлбар гарган маргажээ.

Л.Г- нь Х ны зээлийн шинжилгээний хэлтсийн захирлаар ажиллаж байхдаа 2016 оны 3 дугаар сарын 17-ний өдөр нөхөр Ч.Дэлгэрийн орон сууц худалдан авах зээлийн хувийн хэрэгт байсан зээлийн саналыг устгаж, засварлан шинээр бүрдүүлсэн, 2016 оны 2 дугаар сарын 18-ний өдөр Ч.Дэлгэрийн зээлийн хувийн хэргийг алга болгосон, өөрийнх нь өмнөх зээл төлөгдөж дуусаагүй байхад 2016 оны 2 дугаар сарын 5-ний өдөр дахин 26.000.000 төгрөгийг зээл авсан нь хэргийн баримтаар тогтоогдсон ба эдгээрийг нэхэмжлэгч үгүйсгэж чадаагүй байна.

Нэхэмжлэгч нь зээлийн шинжилгээний хэлтсийн захирлаар ажиллаж байхдаа 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан байх ба уг гэрээний 4.1.11-т “гүйцэтгэж буй ажил үүрэг болон албан тушаал, өөрт олгогдсон тусгай эрх хэмжээ, боломж, эд хөрөнгийг өөрийн эсхүл бусдын ашиг сонирхлыг харгалзан ашигласан, ...эрхэлж буй албан тушаалд нь зориулж ажил олгогчоос үзүүлж буй хангамж, хүлээлгэсэн итгэлийг хувийн ашиг сонирхолд урвуулан ашигласан, ...эрхээ хэтрүүлсэн...” бол ноцтой зөрчилд тооцож гэрээг цуцлахаар заажээ.

Нэхэмжлэгч зээлийн шинжилгээний хэлтсийн захирлаар ажиллаж байхдаа ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон, энэ үндэслэлээр ажил олгогч ажилтныг халсан нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчөөгүй байна. Иймд иргэдийн зээлийн судалгааны хэлтсийн захирлын ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй нь нэхэмжлэлийг хангах нөхцөл болохгүй.

Шүүх хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул энэ талаарх гомдлыг хангах боломжгүй.

Ажилтан хөдөлмөрийн сахилгыг зөрчсөн болон зөрчсөн байж болзошгүй байдал илэрсэн, эсхүл ажилтны хууль бус үйлдлийн талаар үндэслэл бүхий гомдол, мэдээлэл ирсэн бол ажилтны ажил албан тушаал эрхлэхийг түдгэлзүүлэхээр Хны Хөдөлмөрийн дотоод журмын 15.16-т заасан, ажил олгогч нь нэхэмжлэгчийг аудитын шалгалтад нөлөөлөхгүй байх зорилгоор ажлын байрнаас түр хөндийрүүлэх тушаал гаргасныг буруутгах үндэслэл тогтоогдоогүй байна. Харин хариуцагч энэ хугацааны цалин олгохоос татгалзаагүй тул 2016 оны 5 дугаар сарын 9-ний өдрөөс 7 дугаар сарын 8-ний өдөр хүртэл хугацааны 2 сарын цалинг хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн 3, 4, 5 дугаар сарын цалингийн дунджаар тооцон нийт 2.913.800 төгрөгийг гаргуулах боломжтой.

Дээрх үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 1501 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2017/01128 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч Л.Г-ийн хариуцагч "Х" ХХК-д холбогдуулан гаргасан “хүний нөөц хариуцсан захирлын 2016 оны 05 сарын 09-ний өдрийн ажил үүрэг гүйцэтгэхийг зогсоож, ажлын байрнаас хөндийрүүлэх тухай В/667, 2016 оны 06 сарын 27- ны өдрийн В/903 тоот хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг тус тус хүчингүй болгож, Иргэдийн зээлийн судалгааны хэлтсийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар хариуцагч “Хас” банкнаас 2.913.800 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Г-т олгосугай” гэж өөрчлөн шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай..

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.УНДРАХ

            ШҮҮГЧ                                                           Г.ЦАГААНЦООЖ