Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 2024/ХШТ/37

 

 

2024        03          13                                          2024/ХШТ/37

 

 

Ц.Э-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цолмон, нарийн бичгийн дарга М.Шолпан нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 75 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1203 дугаар магадлалтай, Ц.Э-т холбогдох 2309000000305 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1969 оны 03 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, ... овогтой Ц-н Э нь Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Э-ыг “Боловсролын бакалавр зэргийн диплом хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

шүүгдэгч Ц.Э-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж,

шүүгдэгч Ц.Э-аас гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого болох 126,784,005.68 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ... дугаартай дипломыг хэргийн хадгалах хугацаа дуустал хадгалуулахаар шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 хэсэгт тус тус зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлогоос ажилласан хугацаанд улсад төлсөн татварын үнийн дүн болох нийт 28,677,928 төгрөгийг хасаж, шүүгдэгч Ц.Э-аас нийт 97,137,567.68 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай”,

5 дахь заалтыг “... дугаартай “Боловсролын бакалавр” зэргийн диплом, мөн ... дугаартай “Магистр” зэргийг дипломыг тус тус хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ... дугаартай “Боловсролын бакалавр” зэргийн дипломыг хадгалах хугацаа дуустал хэргийн хамт хадгалсугай” гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ц.Э гаргасан гомдолдоо “...Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 75 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1203 дугаартай магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч хяналтын гомдол гаргаж байна.

   Ц.Э би ... дүүргийн ... дугаар цэцэрлэгийн багшаар ажиллах явцдаа Монгол Улсын Боловсролын их сургуулийн харьяа Сургуулийн өмнөх боловсролын сургуулийг “Сургуулийн өмнөх боловсролын багш арга зүйч” мэргэжлээр суралцан төгсөөгүй атлаа 2011 онд төгссөн гэх ... дугаартай “Боловсролын бакалавр” зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж үргэлжилсэн үйлдлээр ашиглаж буюу 2011 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд тус цэцэрлэгт багшаар ажиллаж, нийт 126,784,005.68 төгрөгийн цалин хөлс авч, улсын төсөвт хохирол учруулсан, мөн үргэлжилсэн үйлдлээр буюу ... дугаартай 120 багц цагийн сургалтад хамрагдсан гэсэн “Боловсролын бакалавр” зэргийн дипломоо хуурамч болохыг мэдсээр байж 2014 оноос 2016 оны хооронд Монгол Улсын Газарчин дээд сургуульд “Боловсрол судлал, менежмент” мэргэжлээр магистрын ангид элсэн орж суралцахдаа ашиглаж, 42 багц цагийн сургалтад хамрагдаж, 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн ... дугаартай “Магистрын диплом” авсан гэмт хэрэгт холбогдсон.

...Миний хувьд анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг тооцохдоо улсад төлсөн хувь хүний орлогын албан татвар болон бусад суутгалыг хассаны дараа ажилтанд бодитоор олгосон гарт олгох цалин хөлснөөс тооцолгүй үндэслэлгүйгээр тогтоосон, мөн эцсийн байдлаар гарт олгох цалингийн талаарх нотлох баримт хангалтгүй, энэ талаар тусгай мэдлэг бүхий этгээдийн дүгнэлт гараагүй байхад хэргийг шийдвэрлэсэн, надаас гаргуулах хохирлыг тооцохдоо миний цэцэрлэгийн багшаар бодитой ажиллаж, хийж гүйцэтгэсэн ажлынхаа үр дүнг үнэлүүлж, хөдөлмөрийн гэрээний дагуу авсан цалин хөлснөөс тухайн цаг хугацаанд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хасаж тооцолгүй бүхэлд нь гаргуулахаар шийдвэрлэсэн зэргээр хуульд нийцэхгүй шийдвэр гаргасан гэж үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвтгөн өөрчлүүлэх хүсэлтээр давж заалдах гомдол гаргасан юм.

Давж заалдах шатны шүүхээс гэмт хэрэг үйлдэж олсон орлогоос ажилласан хугацаанд улсад төлсөн татвар үнийн дүн болох нийт 28,677,928 төгрөгийг хасаж, нийт 97,137,567.68 төгрөгийг гаргуулж улсын орлого болгуулахаар шийдвэрлэсэн ч

- гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг тооцохдоо үйлдвэрчний эвлэлийн гэх мэт бусад олон суутгал шимтгэлийг хасаж тооцолгүй, бодитоор олгосон гарт олгох цалин хөлснөөс тооцолгүйгээр тогтоосон,

- эцсийн байдлаар гарт олгох цалингийн талаарх нотлох баримт хангалтгүй, энэ талаар тусгай мэдлэг бүхий этгээдийн дүгнэлт гараагүй байхад хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн,

- надаас гаргуулах хохирлыг тооцохдоо миний цэцэрлэгийн багшаар бодитой ажиллаж, хийж гүйцэтгэсэн ажлынхаа үр дүнг үнэлүүлж, хөдөлмөрийн гэрээний дагуу авсан цалин хөлснөөс тухайн цаг хугацаанд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хасаж тооцолгүй бүхэлд нь гаргуулахаар шийдвэрлэсэн ... зэрэг байдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Миний нийт ажилласан 11 жилийн хугацааны цалин хөлсийг бүхэлд нь гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж албадан гаргуулах нь шударга ёсны зарчимд нийцэхгүй бөгөөд Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 23 дугаар зүйл “... Ажил хөдөлмөр эрхэлж байгаа хэн боловч ... хийсэндээ таарсан ... шан хөлс авах эрхтэй” гэх заалтыг зөрчиж байна.

Анхан шатны шүүх эцсийн байдлаар гарт олгох цалингийн талаар нотлох баримт хангалтгүй, хавтаст хэрэгт байх цалингийн карт гэх баримт нь (1 дэх хавтаст хэргийн 117-177 дахь тал) огноо дутуу, бичвэр харагдахгүй, ойлгомжгүй, энэ талаар тусгай мэдлэг бүхий этгээдийн дүгнэлт байхгүй байхад хэргийг шийдвэрлэсэн.

Мөн энэ байдлыг давж заалдах шатны шүүхээс зөвтгөөгүй. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ буюу гэмт хэрэг үйлдэж олсон бодит орлогыг бүрэн нотлоогүй бөгөөд энэ нь төрд учирсан хохирлын хэмжээг үндэслэлтэйгээр тогтоох байдалд буюу хохирол, хор уршгийн талаар үндэслэл бүхий дүгнэлтийг шүүхээс гаргахад нөлөөлсөн. Энэ байдлаараа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн асуудал болно.

Үүнтэй ижил олон тооны хэргүүдийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрүүд, зарим Улсын дээд шүүхийн шийдвэрүүдийг харахад гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг буцаан гаргуулахаар тооцоолохдоо хөдөлмөрийн гэрээний дагуу авсан цалин хөлснөөс тухайн цаг хугацаанд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хасаж үлдэх мөнгийг гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Энэ нь хууль хэрэглээний зөрүү, ойлгомжгүй байдлыг үүсгэж, шударга ёсны зарчмыг зөрчиж байна.

 Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гэмт хэрэг үйлдэж олсон орлого буюу надаас гаргуулах хохирол төлбөрийг тооцохдоо миний цэцэрлэгийн багшаар бодитой ажиллаж, хөдөлмөрийн гэрээний дагуу авсан цалин хөлснөөс тухайн цаг хугацаанд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хасаж тооцож өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цолмон гаргасан саналдаа “Энэ хэрэгтэй ижил төстэй шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрүүд болон зарим дээд шүүхийн шийдвэрт энэ асуудлыг янз бүрээр шийдвэрлэсэн байна. Энэ хууль хэрэглээний зөрүү болон ойлгомжгүй байдлыг үүсгэж шударга ёсны зарчмыг зөрчиж байна гэж үзэж гомдлыг гаргасан. Анхан шатны шүүхэд Ц.Э-т бодогдсон нийт цалингийн хэмжээгээр гэмт хэрэг үйлдэхэд олсон орлогыг гаргуулахаар шийдвэрлэсэн. Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс улсад төлсөн татварыг хасаж тооцож, бусад орлогыг гаргуулахаар шийдвэрлэсэн. Энэ нь Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 23 дугаар зүйлд заасан “ажил хөдөлмөр эрхэлж байгаа хэн боловч хийсэндээ таарсан цалин хөлс авах эрхтэй” гэх заалтыг зөрчсөн. Мөн ажил олгогч нь шүүгдэгчийг ажилд авахдаа ажлын байрны албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг зохих ёсоор шалгаагүй арав гаруй жил ажиллуулсан байдаг. Энэ талаар Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт “Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл нөлөөлсөн бол хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно” гэж заасан заалтуудыг үндэслээд шүүгдэгчийн гэмт хэрэгт үйлдэхэд олсон орлогыг гаргуулахдаа цалин хөлсийг нь бүхэлд нь буюу эсвэл зөвхөн татварыг хасаж байгаа байдлаар шийдвэрлэхгүйгээр, тухай цаг хугацаанд ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр дүйцүүлэн хасаж шүүгдэгчээс гаргуулахыг тогтоож өгөх санал хүсэлтээр тус гомдлыг гаргасан. Нэмж хэлэхэд хэрэгт бодитоор гарт авч байгаа цалингийн талаар нотлох баримт хангалтгүй байдаг. Түүнийг шат шатны шүүхүүд анхаараагүй” гэв.

Тус шүүх хуралдаанд прокурор А.Золзаяа хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ Шүүгдэгч Ц.Э-т холбогдох хэргийг анхан болон давж заалдах шатны шүүхээс хянан хэлэлцээд “Боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашиглах” гэмт хэргийг 2011 оны 06 дугаар сараас 2023 оны 01 дүгээр сар хүртэлх хугацаанд үйлдсэн гэж дүгнэн Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр болсон. Хоёр шатны шүүхээс Ц.Э-т холбогдох хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрлэсэн боловч гэмт хэргийн улмаас учирсан хохирлын асуудлыг буюу шүүгдэгчээс ажилласан хугацаанд төрөөс авсан цалин хөлсийг гаргуулахдаа хоёр өөрөөр шийдвэрлэсэн байна. Хэдийгээр шүүгдэгчийн хувьд хуурамч диплом ашиглаж, төрөөс цалин хөлс авсан боловч хяналтын шатны шүүхээс энэ төрлийн гэмт хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгчид ажиллах хугацаанд тухайн жилд дагаж мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинг олгож, зөрүүг гаргуулж, улсын орлого болгон шийдвэрлэсэн хууль хэрэглээний практик нэгэнт тогтсон байна.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 23 дугаар зүйлийн 2, 3 дугаар зүйл, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 107 дугаар зүйлийн 107.3-д зааснаар “...Хүн бүр хийсэн ажил, хөдөлмөрт адил хэмжээний цалин хөлс, шан харамж авах эрхтэй...” гэж хуульчилсан байдаг. Энэ утгаараа хүний эрхийг хангаж хоёр шатны шүүхийн шийдвэрт дээрх өөрчлөлтийг оруулан шийдвэрлэх. Хоёрдугаарт, нэгэнт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан шүүгдэгчид цалин хөлс олгож байгаа бол нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварт төлсөн төлбөрөөс мөн адил тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Мөн давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахдаа “шүүгдэгчийн боловсролын 2 дипломыг хүчингүй болгосугай” гэж шийдвэрлэсэн нь хуулиар өөрт олгогдоогүй эрх хэмжээг эдэлсэн байх тул хяналтын шатны шүүхээс зөвтгөж эрх бүхий байгууллага болох Боловсрол, шинжлэх ухааны яам руу магистрын дипломыг хүчингүй болгуулахаар шилжүүлэх өөрчлөлтийг оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна” гэв.

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгч Ц.Э-ын гаргасан гомдлыг үндэслэн түүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй,  хуульд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

2.Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/446 дугаартай тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг улсын хэмжээний нийт багш нарын их, дээд сургуулийн дипломын дугаарт тулгалт хийж, хяналт шалгалт явуулахад нэр бүхий багш нар боловсролын хуурамч диплом ашиглан ажилд томилогдон ажилласан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсоны дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Ц.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татжээ.

3.Шүүгдэгч Ц.Э нь ... дугаартай “Боловсролын бакалавр” зэргийн диплом хуурамч болохыг мэдсээр байж ашиглан 2011 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд ... дүүргийн ... дугаар цэцэрлэгт багшаар ажилласан, мөн дээрх бакалаврын хуурамч дипломыг ашиглан 2014 оноос 2016 оны хооронд Газарчин дээд сургуульд элсэн суралцаж ... дугаартай “Магистр” зэргийн диплом авсан болох нь Боловсрол, шинжлэх ухааны яамны хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн багш, удирдах ажилтны боловсролын баримт бичигт хяналт шинжилгээ хийсэн тухай танилцуулга, хавсралтын хуулбар (1 хавтаст хэргийн 16-40 дэх тал), мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ч.Э, Я.Н, А.Т, Б.Д, Д.А, хохирогч Г.О нарын өгсөн мэдүүлгүүд (хавтаст хэргийн 41-44, 45-49, 50-53, 54-57, 58-63, 96-103 дахь тал), ... дүүргийн ... дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн тодорхойлолт (1 хавтаст хэргийн 110 дахь тал), Монгол Улсын Боловсролын их сургуулийн ... дугаартай бакалаврын диплом, түүний хавсралт (1 хавтаст хэргийн 179-181 дэх тал), Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (1 хавтаст хэргийн 183-188 дахь тал), ... дүүргийн ... дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2010 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 56 дугаартай ажилд томилох тухай тушаал (1 хавтаст хэргийн 231 дэх тал), Монгол Улсын Боловсролын их сургуулийн 2011 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 223 дугаартай тушаал (1 хавтаст хэргийн 221-223 дахь тал), Газарчин дээд сургуулийн ... дугаартай магистрын диплом, түүний хавсралт (1 хавтаст хэргийн 234-235 дахь тал) зэрэг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч Ц.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Боловсролын бакалавр зэргийн диплом хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж дүгнэн, тухайн зүйл, хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э-т 500,000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т зааснаар цэцэрлэгийн багш нь төрийн үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарна.

Шүүгдэгч Ц.Э нь төрийн албанд хууль дээдлэх, Монгол Улсын иргэд төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах зарчмыг ноцтой зөрчиж, боловсролын хуурамч диплом ашиглан цэцэрлэгийн багшийн ажилд томилогдон ажиллахдаа тухайн мэргэжлийг эзэмшиж, мэргэжлийн диплом аваагүй бусад төрийн үйлчилгээний албан тушаалтнаас илүү цалин хөлс авах хууль бус давуу байдлыг өөртөө бий болгосон байна гэж үзлээ.

4.Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Э-ын 2011 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд цэцэрлэгт багшаар ажиллаж, хийж гүйцэтгэсэн ажлынхаа үр дүнг үнэлүүлж авсан цалин хөлсийг бүхэлд нь гэмт хэрэг үйлдэх замаар олсон орлогод хамааруулан дүгнэж, хохирлын хэмжээг 126,784,005.68 төгрөгөөр, харин давж заалдах шатны шүүх дээрх үнийн дүнгээс улсад төлсөн татварын мөнгийг суутган хохирлын хэмжээг 97,137,567 төгрөгөөр тус тус тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 23 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Хүн бүр ямар ч алагчлалгүйгээр адил хэмжээний хөдөлмөрт адил хэмжээний шан хөлс авах эрхтэй”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт Ажил хөдөлмөр эрхэлж байгаа хэн боловч хувийн болон ам бүлийнхээ ахуй амьжиргааг хүний зэрэгтэй авч явахад хүрэлцэхүйц бөгөөд зайлшгүй тохиолдолд нийгмийн хангамжийн эх үүсвэрээр нэмэн арвижуулсан, хийсэндээ таарсан, хүртээмжтэй шан хөлс авах эрхтэй”,

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй. Хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй”,

Хөдөлмөрийн тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт “Тодорхой боловсрол, тусгай мэргэжил үл шаардагдах энгийн ажил үүрэг гүйцэтгэхэд олгох үндсэн цалингийн нэг цагт ногдох доод хэмжээг Үндэсний хороо Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуульд заасны дагуу тогтооно” гэж тус тус заажээ.

Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Төрийн мэдээллийн сангийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (1 хавтаст хэргийн 183 дахь тал), 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Нийгмийн даатгалын нэгдсэн сүлжээний лавлагаа (1 хавтаст хэргийн 213 дахь тал) зэргийг үндэслэн тооцож үзэхэд Ц.Э-т 2010 оны 06 дугаар сараас 2023 оны 02 дугаар сарыг хүртэл хугацаанд нийт 127,303,430.38 төгрөгийн цалин олгогдсон ба тухайн цаг хугацаанд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинг тооцож үзэхэд 35,410,200 төгрөг байх тул зөрүү 91,892,230 төгрөгийг гэм хорын хохиролд тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан уг мөнгийг шүүгдэгч Ц.Э-аас гаргуулж, улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй гэж үзэв.

5.Түүнээс гадна шүүгдэгч Ц.Э-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ... дугаартай “Боловсролын бакалавр” зэргийн диплом, мөн Ц.Э нь дээрх хуурамч дипломыг ашиглан Газарчин дээд сургуульд элсэн суралцаж авсан ... дугаартай “Магистр” зэргийн дипломыг тус тус хүчингүй болгох асуудлыг холбогдох Боловсрол, шинжлэх ухааны яаманд шилжүүлж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх дүгнэсэн болно.

Иймд шүүгдэгчийн гаргасан “...хөдөлмөрийн гэрээний дагуу авсан цалин хөлснөөс тухайн цаг хугацаанд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хасаж тооцож өгнө үү” гэх гомдлыг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд энэхүү тогтоолд заасан үндэслэлээр зохих өөрчлөлт оруулж  шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 75 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Э-аас 91,887,230 (ерэн нэгэн сая найман зуун наян долоон мянга хоёр зуун гучин төгрөг) төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй” гэсэн өөрчлөлт оруулсугай.

2.Мөн хэсгийн 5 дахь заалтыг “... дугаартай “Боловсролын бакалавр” зэргийн диплом, мөн ... дугаартай “Магистр” зэргийн дипломыг тус тус хүчингүй болгох асуудлыг шийдвэрлэхийг Боловсрол, шинжлэх ухааны яаманд даалгаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ... дугаартай “Боловсролын бакалавр” зэргийн дипломыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар Боловсрол, шинжлэх ухааны яаманд шилжүүлсүгэй” гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3.Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1203 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгосугай.

 

 

ДАРГАЛАГЧ,

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Ч.ХОСБАЯР

 ШҮҮГЧИД                                                     Б.АМАРБАЯСГАЛАН

      С.БАТДЭЛГЭР

       Б.БАТЦЭРЭН

                                                                                             М.ПҮРЭВСҮРЭН