Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2020/0214

 

2020.03.26-ны өдөр 221/МА2020/0214                                 Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

 

  “М” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Цогт, Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 24 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 24 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын “д”, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан нэхэмжлэгч “М” ХХК-ийн “Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 25 дугаартай Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох илтгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоох тухай” тогтоол нь хууль бус байх тул хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц давж заалдах гомдолдоо:

Шүүхийн шийдвэрт “...Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 10 дугаар хуралдаанаас маргаан бүхий акт болох “Газрын үнэлгээний зэрэглэл бүсийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоох тухай 25 дугаар тогтоолыг батлан гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 65 дугаар зүйлд заасан журмын дагуу Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 4238 дугаарт бүртгэгдэж, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.2-т заасанчлан “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтлэгдсэн хүчин төгөлдөр акт болох нь тогтоогдож байх тул нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болох дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд баталсан тогтоолыг “хуулиар эрх олгоогүй этгээд баталсан” гэж үзэх боломжгүй, үндэслэлээр гаргасан нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлийг ханган маргаан бүхий актыг хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ гэжээ.

Нэхэмжлэгчийн зүгээс уг хэм хэмжээний актыг “Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэгдээгүй, Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтлэгдээгүй гэж үзэн маргаагүй билээ. Мөн ийнхүү бүртгэгдэж, нийтлэгдсэн л бол тухайн хэм хэмжээний акт хууль зөрчөөгүй гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Өөрөөр хэлбэл ийнхүү бүртгэгдэж, нийтлэгдэх нь хэм хэмжээний актын хувьд нэг л хуулиар тогтоосон шалгуур бөгөөд ийнхүү бүртгэгдэж нийтлэгдсэн хэм хэмжээний акт нь хууль зөрчсөн тохиолдолд тухайн хэм хэмжээний актыг хүчингүй болгохгүй байх үндэслэл болохгүй билээ.

Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-д Захиргааны хэм хэмжээний актыг хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллага батална гэж заасан байдаг.

Тухайн хэм хэмжээний актыг хуулиар эрх олгосон этгээд баталсан эсэхийг зөвхөн “Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэгдсэн эсэх Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэгдсэн эсэхээр тодорхойлох боломжгүй билээ. Үүнийг тодорхойлохын тулд хуулиар эрх олгосон эсэх асуудалд зайлшгүй дүгнэлт өгөх шаардлагатай.

Суурь үнэлгээнд үндэслэн газрын төлбөрийн хэмжээг тогтоох хуулиар эрх олгосон этгээд нь Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар Засгийн газар юм.

Тодруулбал, Засгийн газар газрын төлбөрийн хэмжээг тогтоох бөгөөд ийнхүү тогтоосон төлбөрийн хэмжээг өсгөж бууруулах хууль зүйн боломж байгаа юм. Ийнхүү өсгөж бууруулах итгэлцүүрийг сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батлахаар Газрын төлбөрийн тухай хуулийн 6.3 дахь заалтад зохицуулжээ. Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолоор хот, тосгон, бусад суурины нэг га газрын төлбөрийн хэмжээг тогтоохдоо түүний суурь үнэлгээний 0.1-1.0 хувь байхаар тогтоосон нь Газрын төлбөрийн хуулиар тогтоосон газрын төлбөрийн хэмжээг тогтоох дээд, доод хязгаартай адил байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газраас Баянзүрх дүүргийн газрын төлбөрийн хэмжээг тогтоогоогүй байна. Энэ тохиолдолд тухайн эрх хэмжээ нь сум дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд шилжинэ гэсэн үг биш билээ.

Маргаан бүхий захиргааны акт батлах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.5-д “Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал энэ хуулийн 7.4.2-7.4.6, 7.4.8, 7.4.10-7.4.14, 7.4.16-д заасан болон Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 6.3-т заасан татварын хувь, хэмжээг Улсын Их Хурлаас баталсан хязгаарт багтаан тогтооно” гэж заасан бөгөөд уг зүйлийн 7.4.11-д “газрын төлбөр” гэж тусгагдсан байна.

Дээрх зохицуулалтуудаас үзэхэд аймаг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь газрын төлбөрийн хэмжээг тогтоох эрхтэй байхаар байгаа юм.

Гэтэл Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 25 дугаар тогтоол нь итгэлцүүрийг бус шууд газрын суурь үнэлгээнд үндэслэн газрын төлбөрийн хэмжээг тогтоосон нь хуулиар олгосон эрх хэмжээг хэтрүүлсэн, хуулиар эрх олгоогүй байхад хэм хэмжээний актыг батлан гаргасан гэж үзэх үндэслэл болж байна.

Өөрөөр хэлбэл тодорхой тогтоосон өсгөж, бууруулах газрын төлбөрийн хэмжээ байхгүй, мөн тогтоосон итгэлцүүргүйгээр Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1-д заасан хувь хэмжээний хязгаарт багтаан шууд газрын төлбөрийн хэмжээг тогтоосон нь хуулиар эрх олгоогүй хэм хэмжээний актыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал баталсан гэж үзэх үндэслэл болж байгаа юм.

Энэхүү нөхцөл байдалд анхан шатны шүүх дүгнэлт хийлгүй шийдвэрлэж зөвхөн захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэгдсэн эсэх захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтлэгдсэн эсэхээр дүгнэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхийг хүсье гэв.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “М” ХХК нь Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 25 дугаартай Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох илтгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоох тухай тогтоолыг хууль бус байх тул хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэл гаргасан байх ба анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд нийцүүлэн үнэлж, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Тодруулбал, Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2010 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А-328 дугаар тушаалаар “М” ХХК-д Богдхан уулын дархан цаазат газар тусгай хамгаалалттай газар нутгийн Залаатын аманд 11.3 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар, 5 жилийн хугацаатай ашиглах эрх олгож 2011 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 2011/03 тоот гэрчилгээ олгосон, үүнийг Богдхан уулын дархан цаазат газрын 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 122 тоот албан бичгийг үндэслэн 2011/03 тоот гэрчилгээний хавсралтын хугацааг 5 жилээр сунгажээ.

Баянзүрх дүүргийн Засаг дарга, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, “М” ХХК-ийн хооронд 2011 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 2011/03 тоот Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ байгуулагдсан, газар ашиглагч нь уг гэрээний 2.4-т зааснаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 5/39 дүгээр тогтоолоор тогтоосон талбайн хэмжээ 113,000 мкв, нэгжийн үнэ 396 төгрөг, бүгд үнэ 1 жилд 44,748,000 төгрөг, эрх бүхий байгуулалгын шийдвэрээр газрын төлбөрийн хэмжээ өөрчлөгдөх тохиолдолд гэрээнд өөрчлөлт оруулахаар тохиролцсон байна.

Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3-т “Эзэмшиж, ашиглаж байгаа хот, тосгон, бусад суурины газрын суурь үнэлгээнд тогтоосон газрын төлбөрийг инженерийн хангамж, ашиглалтын зориулалт, байршил, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон ногоон бүсийг хамгаалах шаардлагыг харгалзан тооцсон итгэлцүүрээр энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн З-т заасан хязгаарт багтаан өсгөж, бууруулж болно. Итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно” гэж заасан байна.

Түүнчлэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын “д”., Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3-д зааснаар тусгайлан олгогдсон эрхийн хүрээнд газар эзэмшигч, ашиглагч нарын эзэмшил, ашиглалтын газрын зааг хязгаар буюу хамрагдах бүсчлэл, түүнээс шалтгаалан төлөх газрын төлбөрийн итгэлцүүрийн тоон утгыг тогтоосноороо нийтээр дагаж мөрдөх, гадагш чиглэсэн, эрх зүйн үр дагавар бүхий, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй байх тул захиргааны хэм хэмжээний акт байна.

Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2, 67.3-д зааснаар “Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 25 дугаар тогтоол нь захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтлэгдсэн хүчин төгөлдөр акт болох нь тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгчээс гаргасан нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болох дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд баталсан тогтоолыг “хуулиар эрх олгогдоогүй этгээд баталсан” гэж үзэх боломжгүй, эл үндэслэлээр гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 24 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгөрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

 

ШҮҮГЧ                                                                       Ц.ЦОГТ

 

ШҮҮГЧ                                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН