Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 0024

 

 

 

 

 

 

2020 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 128/ШШ2020/0024

Улаанбаатар хот

                           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Б даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Г.М, шүүгч Д.О,

Нэхэмжлэгч: “МАА”

Хариуцагч: БЗДИТХ

Нэхэмжлэлийн шаардлага: “БЗДИТХын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 25 дугаартай “Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох илтгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоох тухай тогтоол нь хууль бус байх тул хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж, Т.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, иргэдийн төлөөлөгч Э.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.У нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Богдхан уулын Дархан цаазат газарт З ам нэртэй газар 11,3 га газрыг аялал жуучлалын зориулалттай ашиглаж байгаа. Энэ газар дээрээ 2011 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах гэрээ байгуулж, 1 м.кв газрын төлбөрт 396 төгрөг буюу нийт 44,748,000 төгрөгийг тогтмол төлж, ямар нэгэн өр төлбөрийн зөрчилгүй болох нь хавтаст хэргийн 37 дугаар талд авагдсан газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаар харагддаг. Монгол Улсын Засгийн Газрын 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 182 дугаар тогтоол батлагдсанаар БЗДИТХ нь 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 25 дугаартай тогтоолыг баталсан. Уг тогтоолын хоёрдугаар хавсралтаар манай эзэмшиж, ашиглаж байгаа газрын төлбөрийн хэмжээ нь бүх төрлийн үйлчилгээ гэсэн ангиллын 6 дугаар бүсэд хамаарч 1 м.кв газрын төлбөр нь 2880 төгрөг болж өссөн. Энэ нь хавтаст хэргийн 41 дүгээр талд авагдсан Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны манай компанид хаяглаж гаргасан албан бичгээс харагдана. Өссөн төлбөрийн дагуу 1м.кв газар 2880 төгрөг гэж үзвэл 11,3 га газрын төлбөр нь 325,440,000 төгрөг буюу өмнө нь төлж байсан төлбөрөөс 7 дахин өссөн. Манай компанийн зүгээс газрын төлбөр тогтоосон БЗДИТХын 2019 оны 25 дугаар тогтоол нь хууль бус байх тул хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Маргаан бүхий захиргааны акт нь БЗДИТХын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн тогтоол байна. Энэ тогтоол нь Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт заасныг үндэслэн гарсан тогтоол юм. Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг нь “тогтоосон газрын төлбөрийг өсгөж бууруулах боломжтой итгэлцүүрийг сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална” гэсэн заалт юм. Итгэлцүүр нь тогтоосон газрын төлбөрийн хэмжээ байхад ашиглах боломжтой болно. Тогтоосон газрын төлбөрийн хэмжээ байснаар өсгөж, бууруулах боломжтой болно. Газрын төлбөрийн хэмжээг хэн тогтоох ёстой юм бэ? гэсэн асуудал гарна. Газрын төлбөрийн хэмжээг тогтоох эрх бүхий этгээд нь ямар ч маргаангүйгээр Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар суурь үнэлгээг үндэслээд, хуульд заасан хязгаарын дотор Засгийн Газар баталгаажуулна.

 Монгол Улсын Засгийн Газар суурь үнийг тогтоохдоо ялангуяа хот тосгон, бусад суурин газрын хэмжээг Засгийн газар 182 дугаар тогтоолоор тогтоохдоо “0,1-1,0 хувь” гэж хуульд заасан дээд доод хязгаарыг нь тавьсан. Дээд, доод хязгаарын дунд нь одоо хэн тогтоох юм бэ? гэсэн асуудал гарч байна. Аймаг, сум янз бүрээр гаргаж байна. Аль алийг нь Хууль зүй, дотоод хэргийн яам бүртгээд явж байна. Засгийн Газар газрын төлбөрийн хэмжээг шууд нарийвчлан тогтоогоогүй бол Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсэгт зааснаар Улсын Их Хурлын баталсан хязгаарт багтааж, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батлах эрх хэмжээг олгосон байна. Итгэлцүүр, газрын төлбөрийн хэмжээг холиод яваад байгаа практик маш удаж байна. Итгэлцүүр батлахдаа л газрын төлбөрийн хэмжээг батлаад байдаг. Өмнө нь нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь итгэлцүүр батлахдаа газрын төлбөрийн хэмжээг батлаад, одоо Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь батлахгүй гэхээр Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь батлаад байдаг.

Энэ буруу жишгийг арилгах зайлшгүй шаардлага байна. Итгэлцүүр нь хуульд зааснаар инженерийн хангамж, ашиглалтын зориулалт, байгаль орчинд нөлөөлөх байдал зэргийг харгалзан үзэж, тогтоосон газрын төлбөрийн хэмжээг эдгээр шалгуур үзүүлэлтээр өсгөж, бууруулах хууль зүйн боломжийг тухайн сум, дүүрэгт олгож байна. Сум, дүүргээс  газрын төлбөрийн хэмжээг тогтоогоод байвал тухайн тогтоосон газрын төлбөрийн хэмжээг өсгөж, бууруулах хууль зүйн боломж нь байхгүй болж байна. Энэ газар эзэмшигч аж ахуй нэгж, сум, дүүргийн хувьд хууль зүйн боломжийг ашиглах боломжгүй болчхоод байгаа үндэслэл байна. Итгэлцүүрийн жишээ нь хэм хэмжээний актуудаар батлагддаг. Дуудлага худалдааны анхны үнэ гэх мэт. Үүн дээр ямар ч төлбөрийн хэмжээг тогтоодоггүй. Тухайн итгэлцүүрт харгалзах үндэслэлийг тодорхойлдог болохоос биш нэг баганад нь итгэлцүүр, нөгөө баганад нь суурь үнэлгээ гэх мэтчилэн газрын төлбөрийн хэмжээг тогтоох эрх хэмжээг сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд олгоогүй. Засгийн газрын бүрэн эрхийн асуудлыг сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь шилжүүлж авч байгаа нь хууль бус гэж үзэж, тус захиргааны актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “БЗДИТХ нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа нутгийн өөрөө удирдах байгууллага юм. Энэ утгаараа хуулиар эрх олгогдсон асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхийн хүрээнд бие даан шийдвэрлэдэг онцлогтой. БЗДИТХ 2015 оны Газрын төлбөрийн итгэлцүүрийг баталсан. Үүн дээр 1997 онд батлагдсан газрын төлбөрийн суурь үнийг тогтоосон бол газрын суурь үнийг шинэчлэн баталсан Засгийн Газрын тогтоол нь 2018 онд шинэчлэн батлагдаад, уг тогтоолд нийцүүлэн бид газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн батлах хэрэгцээ шаардлага бий болж, уг тогтоолыг үндэслэн газрын төлбөрийн итгэлцүүрийг тогтоосон. Хууль зүйн үндэслэлийн хувьд авч үзвэл Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт заасны дагуу “газрын төлбөрийн суурь үнэлгээг иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална” гэж заасны дагуу БЗДИТХ Засгийн Газрын 2019 оны 182 дугаар тогтоолын хүрээнд газрын төлбөрийг нэмэгдүүлэхгүйгээр Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоох тух тогтоолыг эрх хэмжээнийхээ хүрээнд нэгдсэн хуралдаанаараа баталсан.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

БЗДИТХ 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь хэсгийн “д” заалт, 25 дугаар зүйлийн 25.1, 25.2 дахь хэсэг, “Газрын төлбөрийн тухай” хуулийн 6 дугаар зүйлийн  6.3 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн Газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн “Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоох тухай” 25 дугаар тогтоолыг баталжээ.

Тогтоолын нэгдүгээр хавсралтаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрийн газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн зааг, хязгаарыг /солбицол, газрын зааг хязгаарын зураг/-г, хоёрдугаар хавсралтаар Газрын төлбөрийн итгэлцүүрийн тоон утгыг, гуравдугаар хавсралтаар Хөдөө аж ахуйн газрын төлбөрийн итгэлцүүрийн тоон утга/-г тус тус баталсан байна.

Нэхэмжлэгч “МАА” ХХК-иас дээрх тогтоолыг эс зөвшөөрч, “... хуулиар эрх олгогдоогүй этгээд болох дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тус хэм хэмжээний актыг баталсан нь хууль бус” гэх үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гарган маргаж байна.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримт болон нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэгт үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д “Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгоно” хэмээн заасан.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Сум, дүүргийн Хурал нь ... тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй бөгөөд дараахь асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ”, 18.1.2-ын “д”-д “хуульд заасан хязгаар, шаардлагад нийцүүлэн орон нутгийн зарим татвар, төлбөр, хураамжийн хувь хэмжээг тогтоох”, 18.2-т “Хуулиар тусгайлан эрх олгогдсон тохиолдолд захиргааны хэм хэмжээний актыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж, Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлж, мөрдүүлнэ”, 25 дугаар зүйлийн 25.1-д “Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар тус тус батална”,

Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн  6.3-т “Эзэмшиж, ашиглаж байгаа хот, тосгон, бусад суурины газрын суурь үнэлгээнд тогтоосон газрын төлбөрийг инженерийн хангамж, ашиглалтын зориулалт, байршил, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон ногоон бүсийг хамгаалах шаардлагыг харгалзан тооцсон итгэлцүүрээр энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн З-т заасан хязгаарт багтаан өсгөж, бууруулж болно. Итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно” хэмээн тус тус заасанчлан маргаан бүхий акт болох БЗДИТХ 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоох тухай” 25 дугаар тогтоол нь хариуцагчаас Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын “д”, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсгээр тусгайлан олгогдсон эрхийн хүрээнд газар эзэмшигч, ашиглагч нарын эзэмшил, ашиглалтын газрын зааг хязгаар буюу хамрагдах бүсчлэл, түүнээс шалтгаалан төлөх газрын төлбөрийн итгэлцүүрийн тоон утгыг тогтоосноороо нийтээр дагаж мөрдөх, гадагш чиглэсэн, эрх зүйн үр дагавар бүхий, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй, Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан захиргааны хэм хэмжээний акт байна.

Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2-т “Захиргааны хэм хэмжээний актыг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ”, 67.3-т “Энэ хуулийн 67.2-т заасан шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн захиргааны хэм хэмжээний акт эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй бөгөөд биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд үүрэг, хариуцлага хүлээлгэхгүй” хэмээн тодорхой заасан бөгөөд хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан холбогдох нотлох баримтаас үзэхэд, хариуцагч БЗДИТХ нь  2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 10 дугаар хуралдаанаас маргаан бүхий акт болох “Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоох тухай” 25 дугаар тогтоолыг батлан гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 65 дугаар зүйлд заасан журмын дагуу Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 4238 дугаарт бүртгэгдэж[1], мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.2-т заасанчлан ”Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл[2]”-д нийтлэгдсэн хүчин төгөлдөр акт болох нь тогтоогдож байх тул “нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага” болох дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд баталсан тогтоолыг “хуулиар эрх олгогдоогүй этгээд баталсан” гэж үзэх боломжгүй, эл үндэслэлээр гаргасан нэхэмжлэгч “МАА” ХХК-ийн нэхэмжлэлийг ханган маргаан бүхий актыг хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын “д”, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн БЗДИТХд холбогдуулан гаргасан нэхэмжлэгч “МАА” ХХК-ийн “БЗДИТХын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 25 дугаартай “Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох илтгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоох тухай тогтоол нь хууль бус байх тул хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

            ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ц.Б

                                       ШҮҮГЧ                                    Г.М

                                  ШҮҮГЧ                                    Д.О

 

 


[1] https://www.legalinfo.mn/law/details/14136?lawid=14136

[2] Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл. 2019.02.22. дугаар 6.