Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2020/0239

 

2020.04.02-ны өдөр 221/МА2020/0239                                            Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

 

  “Мик фүүдс” ХХК-ийн нэхэмжлэлтэй

   захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А, хариуцагч О.А нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 30 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч О.А-д холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 30 дугаар шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-иас Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч О.А-д холбогдуулан гаргасан “Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч О.А-ын 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 1453151 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А давж заалдах гомдолдоо:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20.1.6, 113.2 дэх хэсэгт тус тус заасныг болгон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 30 дугаартай шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараахь үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Шүүх хэрэгт хамааралтай нөхцөл байдлыг бүрэн тогтоож, нотлох ажиллагааг явуулаагүй, нотлох баримтыг буруу үнэлсэн, хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзэж байгаа тул уг шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү.

Шийдвэрийн гол үндэслэл нь “зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд томилогдсон Оюуны өмчийн газрын шинжээчийн 25 дугаар дүгнэлтээр 29 дүгээр ангиллын бараа бүтээгдэхүүнд хэдийгээр хиам, хиаман бүтээгдэхүүн гэж заагаагүй ч ерөнхийлөн заасан гэж үзэж байна гэж дүгнэжээ. Үүнээс үзвэл “М” ХХК-ийн худалдан борлуулж буй чанамал хиам нь “О” ХХК-ийн эрхийн хамгаалалт хийлгэж бүртгэгдсэн барааны тэмдэгтэй төсөөтэй барааны тэмдэг болох нь тогтоогдсон, энэ тохиолдолд “О” ХХК нь уг үйлдлийг таслан зогсоохыг шаардах эрх бүхий этгээд гэсэн дүгнэлт байна.

Шүүх уг үнэлэлтийг өгөхдөө Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох үүрэг, нотлох баримтыг цугцуулах, хэргийн оролцогчийн хүсэлтийг шийдвэрлэх журмуудыг зөрчсөн болно.

Тодруулбал “О” ХХК тухайн барааны тэмдэгтийг эзэмших үндэслэл болсон Оюуны өмчийн газрын даргын 2014 оны 69 дүгээр тушаалын талаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан, энэ тухай баримтыг үндэслэн тодорхой хүсэлт гаргасныг шүүх тодруулж нотлох баримт цуглуулах ажиллагаа явуулахгүйгээр “О” ХХК нь маргаж буй барааны тэмдэгтийн хууль ёсны эзэмшигч мөн гэсэн үнэлэлтийг энэ тухай асуудлаар маргаж буй болохыг мэдсэн, тухайн төрлийн маргаан уг маргааны үндсэн үйл баримтад шууд нөлөөлж болзошгүйг үнэлэх боломжтой атал шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Мөн зөрчлийн хэргийг шийдвэрлэх үндэслэл, нотолгоо болж буй шинжээчийн дүгнэлтийг Оюуны өмчийн газрын шинжээч үйлдсэн нь хэрэгт хөндлөнгийн шинжээч томилох шаардлагыг бий болгож байгаа талаар дурьдаж шинжээч томилуулах хүсэлтийг тавьсан боловч мөн үүнийг үндэслэлгүйгээр хангаагүй. Үүний зэрэгцээ, тухайн барааны ангилалын талаар НИЦЦ хэлэлцээр, бусад баримтуудыг гаргуулах хүсэлтүүдийг хангаагүй бөгөөд зөвхөн Оюуны өмчийн газрын шинжээчийн гаргасан маргаантай дүгнэлтийг тогтоогдсон хөдөлбөргүй үнэн мэтээр авч үзэж байгаад гомдолтой байна.

Түүнчлэн “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-д шүүх хуралдааны товыг мэдэгдээгүйн улмаар хэргийн оролцогч худалдаанд биечлэн оролцох эрх зөрчигджээ.

Чухамдаа Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч О.А-ын гаргасан 1453151 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд хандсан учир нь шүүхэд хэргийг хянах явцад шүүх нотлох, цаашилбал хэргийн оролцогчийн бусад хүсэлтээр тухайн хэргийн бодит үнэнийг тогтооход шаардагдах ажиллагаануудыг явуулах байсаан боловч шүүхээс хэрэгт ач холбогдол бүхий хүсэлтүүдийг үндэслэлгүйгээр хангахгүй орхиж, хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн гүйцэд нотолж тодруулсны үндсэн дээр үнэлэлт өгөхгүйгээр шийдвэрлэсэн.

Иймд дээрх үндэслэлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 30 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, маргааны үйл баримтад үндэстэй зөв дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Маргаан бүхий акт болох Мэргэжлийн хяналтын Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн улсын байцаагч О.А-ын 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулсан тухай” 1453151 дугаар шийтгэлийн хуудсаар “М” ХХК-ийг “...Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д заасан үндэслэлээр 3,000,000 төгрөгөөр торгожээ.

Тус актыг эс зөвшөөрч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А “.."О" ХХК-д 10.60 гэх барааны тэмдгийг олгосон шийдвэр нь маргаантай, зөрчил гаргасан гэдгийг хангалттай тогтоогоогүй, нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй...” гэж маргасан байна.

Оюуны өмчийн газрын 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Зөрчлийн хэрэг /хэргийн дугаар №1902000430/ нээж, “М” ХХК-д холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж, тус ажиллагааны явцад Мэргэжлийн хяналтын Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн улсын байцаагч О.А нь Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт бүртгэгдсэн барааны тэмдгийг бусад этгээд зөвшөөрөлгүйгээр ашигласан бол уг үйлдлийг таслан зогсоохыг шаардах, мөн хуулийн 12.3.5 дахь хэсэгт бүртгэгдсэн барааны тэмдэгтэй төсөөтэй барааны тэмдгийг бусад этгээд ашигласан нь хэрэглэгчийг төөрөгдөлд оруулахаар бол уг үйлдлийг таслан зогсоохыг шаардах эрхтэй гэж заасныг үндэслэн шийтгэл ногдуулсан нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийтгэл гэж үзэхээр байна.

Учир нь “М” ХХК нь “О” ХХК-ийн 1060 нэртэй барааны тэмдгийг дуурайлган ашигласан нь Баянбүрд худалдааны төвд хийсэн үзлэг /шошго 2 хувь гэрэг зургаар баталгаажуулан/ мөн хохирогчийн гаргасан нотлох баримт, Оюуны өмчийн газрын шинжээчийн дүгнэлтээр /10.60 тоон дүрстэй ижил төсөөтэй, түүнчлэн бүртгэгдсэн барааны тэмдэгтэй ижил төрлийн бараа бүтээгдэхүүн ашиглаж байгаа нь хэрэглэгчийг төөрөгдөлд оруулахаар ижил төстэй гэж үзэх үндэслэлтэй байна.

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 12 дугаар зүйлд зааснаар “Барааны тэмдэг эзэмшигчийн онцгой эрх тухайн барааны тэмдгийг услын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ, Бараа тэмдэг эзэмшигчийн онцгой эрх бүртгэгдсэн бараа, үйлчилгээний нэрсийн жагсаалтын хүрээнд үйлчилнэ гэж заажээ.

Оюуны өмчийн газрын даргын 2014 оны 69 дүгээр тушаалаар “О” ХХК-д барааны тэмдгийг эзэмших онцгой эрхийг зөвшөөрч 12254 тоот гэрчилгээ олгосон, мөн хуульд Барааны тэмдэг эзэмшигч тухайн барааны тэмдгийн хувьд дараахь онцгой эрх эдлэхээр байх бөгөөд бүртгэгдсэн барааны тэмдгийг өмчлөх, бүртгэгдсэн барааны тэмдгийг бусдад ашиглуулах, шилжүүлэх, зөвшөөрөлгүйгээр ашигласан бол уг үйлдлийг таслан зогсоохыг шаардах, тэмдэгтэй төсөөтэй барааны тэмдгийг бусад этгээд ашигласан нь хэрэглэгчийг төөрөгдөлд оруулахаар бол уг үйлдлийг таслан зогсоохыг шаардах эрхтэй байна.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд томилогдсон Оюуны өмчийн газрын шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 25 дугаартай дүгнэлтээр “О” ХХК-ийн 1060 дүрстэй барааны тэмдгийн 29 дүгээр ангиллын бараа бүтээгдэхүүнд хиам, хиаман бүтээгдэхүүн гэж заагаагүй ч амьтны гаралтай бүтээгдэхүүнд хамаарч, бүтээгдэхүүнээ ерөнхийлөн заасан гэж үзэж, “М" ХХК-ийн худалдаанд борлуулж буй хиаман бүтээгдэхүүний 10.60 дүрстэй тэмдэг нь хосолмол дүрсийн хэлбэрээр илэрхийлэгдсэн ч арав, жар тоонууд нь тэмдгийн дийлэнх хэсгийг бүрдүүлж байгаа нь бүртгэгдсэн барааны тэмдгийн ялгагдах шинж чанар болох 1060 тоон дүрстэй ижил төсөөтэй, түүнчлэн бүртгэгдсэн барааны тэмдэгтэй ижил төрлийн бараа бүтээгдэхүүнд ашиглаж байгаа нь хэрэглэгчийг төөрөгдөлд оруулахаар байна гэж дүгнэсэн байна. 

Түүнчлэн “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-д шүүх хуралдааны товыг мэдэгдээгүйн улмаар хэргийн оролцогч худалдаанд биечлэн оролцох эрх зөрчигдсэн гэх бөгөөд Ч.А, Б.М нар нь 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 3715 дугаартай "М" ХХК-ийн гомдолтой зөрчлийн хэргийн тухай шүүх хуралдаанд сууж, эрх үүргээ танилцаж ойлгосон байна.

Анх хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг шүүхээс 2019 оны 12 дугар сарын 10-ны өдөр зарласан боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А-ын хурал давхацсан гэх үндэслэлээр шүүх хуралдааныг 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр товлосон.

Улмаар 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр товлосон шүүх хуралдааныг мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ан-н хурал давхацсан үндэслэлээр хурлыг хойшлуулж, 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 10:30 цагт товлосон бөгөөд тус зарласан хурлын товыг шүүхээс нэхэмжлэгч буюу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А-т 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хурлыг товыг мэдэгдсэн байна.

Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нь 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүртэлх хугацаанд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2-д заасан үүргээ өөрөө хэрэгжүүлээгүй байх тул Б.М-д шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй гэсэн үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байна. 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 30 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

 

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН