Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 406

 

 

С.Од холбогдох

эрүүгийн хэргийнтухай

 

            Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч  Т.Өсөхбаяр, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ч.Мөнх-Эрдэнэ,   

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Чийн өмгөөлөгч Х.Сэргэлэнбат,

ялтан С.О,/онлайнаар/

ялтны өмгөөлөгч Э.Ганбат, Ш.Эрдэнэцэцэг нар,

нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр  даргалж, шүүгч З.Болдбаатар, Ү.Түмэнжаргал нарын бүрэлдэхүүнтэй  хийсэн шүүх хуралдааны 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн143 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан С.О, ялтаны өмгөөлөгч Э.Ганбат, Ш.Эрдэнэцэцэг нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор эрүүгийн 201625021722 дугаартай хэргийг 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Төгс овгийн С.О, 1976 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хоёр хүүхдийн хамт ................... тоотод оршин суух,

            урьд нь Баянзүрх дүүргийн шүүхийн 2001 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 232 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 30 000 /гучин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан, /РД: ......................./,

            Ялтан С.О нь 2000 оноос 2015 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Хужирт сумын ............. дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах, Баянзүрх дүүргийн .......................... тоот хашаанд байрлах, Сүхбаатар дүүргийн .................. тоотод байрлах гэртээ өөрийн эхнэр Т.Аийг эр эмийн хардалтын улмаас өшиглөх, гараараа цохих зэргээр хүч хэрэглэн бие махбодид нь зовиур шаналгаа учруулсан үйлдлийг байнга хийж зовоон  тарчлаасны улмаас сэтгэцийн “Холимог диссоциатив эмгэг” /хуваагдсан ухамсар/ өвчтэй болгосон,

            2013 оны 01 сард Баянзүрх дүүргийн .................. тоот хашаанд байрлах өөрийн гэртээ эхнэр Т.Аийг эр эмийн хардалтын улмаас зүүн хацар тус газарт нь гараараа цохиж, түүний бие махбодид “зүүн хацар ясны зөрүүтэй хугарал” бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан,

            2012 оны 11 сард Баянзүрх дүүргийн ........................ тоот хашаанд байрлах өөрийн гэртээ төрсөн хүү О.Эийг “гэртээ хулгайч шиг чимээгүй орж ирлээ” гэх шалтгаанаар нүүр, хэвлийн тус газарт нь гараар цохиж өшиглөсөн,

            2013 оны 01 дүгээр сард Баянзүрх дүүргийн ...................... тоот хашаанд байрлах өөрийн гэртээ О.Эийн шанаа тус газарт гараараа цохисон, 2014 оны 4 дүгээр сард Сүхбаатар дүүргийн ......................тоот өөрийн гэртээ О.Эийг “цагдаад байнга дуудлага өгч баривчлуулдаг” гэх шалтгаанаар хоолны халбагаар толгойн тус газарт нь цохиж, гараараа хацар тус газарт нь алгадсан,

            2015 оны 01 сард Сүхбаатар дүүргийн ......................... тоот өөрийн гэртээ О.Эийг ямар ч шалтгаангүйгээр унтаж байхад нь алгадаж сэрээсэн, мөн оны 11 сард Сүхбаатар дүүргийн ....................... тоот өөрийн гэртээ О.Эийг дээрх шалтгаанаар түүний толгой руу нь гараараа цохиж, цээжрүү өшиглөсөн,

            2016 оны 02 дугаар сард Сүхбаатар дүүргийн ...................... тоот өөрийн гэртээ О.Эийг дээрх шалтгаанаар толгой тус газарт гараараа, аман тус газарт тохойгоороо тус тус цохиж байнга зодсон гэмт хэрэгт холбогджээ.

            Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас: С.Оүйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.8, 98 дугаар зүйлийн 98.1, 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: С.О өөрийн эхнэр Т.Аийг зовоон тарчлааж бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан, эхнэр Т.Аийн бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан, төрсөн хүү О.Эийг байнга зодож тарчлаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, С.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.8-т зааснаар 9 /ес/ жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажилагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар С.Оүйлдэлд яллах дүгнэлт үйлдсэн ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэхь хэсэгт заасан гэмт хэргийг өршөөн хэлтрүүлж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэхь хэсэгт зааснаар С.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэхь хэсэгт зааснаар оногдуулсан 2/хоёр/ жилийн хорих хөнгөн ялын зарим болох 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.8-д дахь хэсэгт зааснаар оногдуулсан 9 /ес/ жилийн хугацаагаар хорих хүнд ялд нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг нийт 10 /арав/ жилийн хугацаагаар тогтоож, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар С.От оногдуулсан 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар С.Оцагдан хоригдсон 261 /хоёр зуун жаран нэг/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар С.Очирсууриас нийт 11 964 600 /арван нэгэн сая есөн зуун жаран дөрвөн мянга зургаан зуу/ төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Чт олгуулж, ялтан С.Онасанд хүрээгүй хүүхэд 2000 оны 8 дугаар сарын 18-ны өдөр төрсөн О.Э, 2009 оны 10 дугаар сарын 04-ний өдөр төрсөн О.Энарт асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг зохих журмын дагуу тогтоох асуудлыг Засаг дарга шийдвэрлэх хүртэл тэднийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Чийн асрамжид үлдээж, шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.От урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарт шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.От авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлэхээр  шийдвэрлэжээ.

            Ялтан С.О давж заалдах гомдолдоо:Талийгаач эхнэр Т.А сэтгэцийн өвчинд нөлөөлөх бамбай булчирхайн хордлоготой  өвчтэй болно гэсэн байгаа. Хохирогчийн эх бамбай булчирхайн хүнд өвчтэй байгаад насбарсан, эгч Т.Алтантуяа бамбай булчирхайн өвчтэй байдаг. ЭхнэрТ.Аийг гэр орон үр хүүхдүүдээс албан хүчээр салгаж, айл айлаар дамжуулан, сэтгэл санааны хүнд дарамтанд оруулж, эцэст нь хоол унд асаргааны муугаас тураалд орж нас барсан. Үүнийг ашиг сонирхолын зөрчилд хөтлөгдөж, зохион байгуулалттай хийсэн, манай гэр бүлийн амьдралд байнгын хөндлөнгөөс шууд оролцож үр хүүхдүүдийн эрх ашигийг огтхон ч бодохгүй ноцтой асуудал гэж хууль ёсны төлөөлөгч Т.Ч, эгч Т.Тунгалаг нарт маш их гомдолтой байна.Хууль ёсны төлөөлөгч Т.Ч мэдүүлэгт олон давтамжтай, хэрцгий балмад болгох гэж хэтрүүлж намайг гүтгэсэн байдал их байна.Эд хөрөнгийн сонирхол бүхий гэрчүүдийн мэдүүлэгт тулгуурлаж шийтгэх тогтоол нэг талыг барьж гарсан гэж үзэж байна.Насанд хүрээгүй хүүхэд О.Эийн мэдүүлэгт асрамжинд байгаа хүмүүсийн дарамтанд, тэдний үгээр мэдүүлсэн нь тодорхой байна. Хохирогч Т.А 2015 оны 5 дугаар сард гэрлэлт цуцлуулах өргөдөл бичсэн байсан ч холбогдох газарт өгч байгаагүй. Хууль ёсны төлөөлөгч Т.Ч манай орон сууцны ордерийг авахын тулд миний эхийн 4 хүүхдийн 3 нь шороонд булагдаж 1 нь шоронд хатаахыг нь харнаа гэж занаж байсан хүн, хөрөнгө мөнгөний төлөө юу ч хийж магадгүй хүмүүс байдаг.

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.8 , 98 дугаар зүйлийн 98.1, 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар 10  жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийтгэсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.8-д заасан зүйл ангийг үгүйсгэж байна. Дээрх 4 үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хянан үзэж тодруулан тогтоолгох хүсэлтэй тул мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү гэв.

            Ялтаны өмгөөлөгч Э.Ганбат, Ш.Эрдэнэцэцэг нар давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй.

            С.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.8-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлт хийсэн боловч хэрэгт цугларсан нотлох баримтаар гэмт хэргийн бүрэлдэхүүн нь тогтоогдоогүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүлйийн 96.1 дэхь хэсэгт “Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан, өөрөөр хэлбэл  “сэтгэцийн өвчтэй болгосон” гэж хуульчилсан. Сэтгэцийн өвчтэй болгосон гэх ойлголт нь анагаах ухааны асуудал бөгөөд гэмт үйлдлийн улмаас сэтгэцийн өвчтэй болсон  буюу сэтгэцийн өвчин нь гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотойг тогтоосон байх ёстой. Давж заалдах шатны шүүхээс сэтгэцийн өвчин нь С.Огэм буруутай үйлдэлтэй шалтгаант холбоотой эсэхийг тогтоолгохоор  “Шүүх сэтгэц судлалын шинжилгээ” хийлгэж тогтоолгох заалт бүхий магадлал гаргасан. Үүний дагуу 1118 дугаартай шинжээчийн дүгнэлт гарч “хувь хүний сэтгэл зүйн хэв шинжийн төрлөх онцлог бие махбодийн өвчин, сэтгэл зүйн дарамт нь сэтгэцийн эмгэг үүсэхэд нөлөөлж болно гэдгийг тогтоосон.Иймээс дан ганц нөхрийн дарамтаас үүссэн гэж үзэх үндэслэлгүй байна. Бамбай булчирхайн хордлого нь сэтгэцийн эмгэгт хүргэж болохыг гэрч Баясгалан дэлгэрэнгүй тайлбарлаж мэдүүлснийг шүүх үнэлээгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн “сэтгэцийн өвчтэй болгосон” гэх асуудлыг тогтоохдоо 1-рт сэтгэцийн эмгэг судлалын дүгнэлтээр шалтгаант холбоо баттай тогтоогдсон байх, 2-рт хэрэгт сэтгэцийн эмгэг судлалын дүгнэлтээр шалтгаант холбоо нь тогтоогдсон гэж үзвэл гэмтлийн зэрэг тогтоох журмын дагуу гэмтлийн зэрэг тогтоолгох шинжээч томилж шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргуулсны дараа хэргийн зүйлчлэлийг зөв хийж шийдвэрлэх ёстой. Гэтэл сэтгэцийн өвчнийх нь шалтгаант холбоо тогтоогдоогүй эргэлзээтэй байхад, мөн гэмтлийн зэргийг мөрдөн байцаагч, прокурор, шүүгч өөрсдөө тогтоож зүйлчилж хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Ялтны өмгөөлөгч Э.Ганбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын зарим хэсэг нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй. Давж заалдах гомдлын гол үндэслэл нь С.Оүйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.8 дахь хэсэгт зааснаар хохирогчид хүнд гэмтэл учруулсан гэж үзэн, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт “Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан, өөрөөр хэлбэл “холимог диссоциатив эмгэг” /хуваагдсан ухамсар/ өвчинтэй болгосон гэж шүүх дүгнэж, хэргийг шийдвэрлэсэн боловч хэрэгт авагдсан нотлох баримтаар хохирогч Т.Аийн сэтгэцийн өөрчлөлт нь С.О буруутай үйлдэлтэй шалтгаант холбоотой гэсэн сэтгэцийн шинжээчийн дүгнэлт гараагүй. Сэтгэцийн өвчтэй болгосон гэх ойлголт нь анагаах ухааны асуудал бөгөөд гэмт үйлдлийн улмаас сэтгэцийн өвчинтэй болсон нь буюу сэтгэцийн өвчин нь гэх буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой нь тогтоогдсон байх ёстой.Давж заалдах шатны шүүхээс хохирогчийн өвчнийг дарамт шахалтаас үүссэн үү, бамбай булчирхайн хордлого нь сэтгэцийн эмгэгт хүргэсэн эсэхийг тогтоолгохоор хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Гэтэл хэрэг нэмэлт мөрдөн байцаалтад буцсанаас хойш 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргасан. Уг 1118 дугаартай дүгнэлтэд хохирогчийн сэтгэцийн эмгэг нь олон төрлийн шалтгаан төрлөөс үүснэ. Зөвхөн С.О дарамтаас үүссэн гэж үзэх үндэслэлгүй байна гэж дүгнэсэн. Гэтэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өмнө гаргасан 133 дугаартай сэтгэцийн дүгнэлтийг үндэслэж шийдвэр гаргасан нь буруу гэж үзэж байна. Мөн 1118 дугаартай 5 бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр 133 дугаартай дүгнэлтийг үндэслэлтэй гэх боловч 133 дугаартай сэтгэцийн шинжээчийн дүгнэлтийн 4 дүгээр хэсэгт Т.Аийн сэтгэцийн өвчинд нөлөөлсөн бамбай булчирхайн хордлоготой холбоотой гэсэн байдаг. Тэгэхээр 4 дүгээр хэсэгт заасан дүгнэлтийг бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй гэж дүгнэсэн байхад хэргийн шалтгаант холбоог тогтоогдсон гэж үзэж шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн “сэтгэцийн өвчтэй болгосон” гэх асуудлыг тогтоохдоо 1 дүгээрт сэтгэцийн эмгэг судлалын дүгнэлтээр шалтгаант холбоо баттай тогтоогдсон байх, 2 дугаарт хэрэгт сэтгэцийн эмгэг судлалын дүгнэлтээр шалтгаант холбоо нь тогтоогдсон гэж үзвэл гэмтлийн зэрэг тогтоох журмын дагуу гэмтлийн зэрэг тогтоолгох шинжээч томилж шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргуулсны дараа хэргийн зүйлчлэлийг зөв хийж шийдвэрлэх ёстой.Мөн гэмтлийн зэргийг мөрдөн байцаагч, прокурор, шүүгч өөрсдөө тогтоож зүйлчилж хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Сэтгэцийн өвчний нь шалтгаант холбоо тогтоогдоогүй эргэлзээтэй байсан. Бамбай булчирхайн хордлого нь сэтгэцийн эмгэгт хүргэж болохыг гэрч Баясгалан дэлгэрэнгүй тайлбарлаж мэдүүлсэн байхад шүүх харгалзаж үзээгүй. Хэргийг шалгах явцад сэтгэц болон бие организмд нөлөөлсөн бамбай булчирхайн гүн хордлогын улмаас амь хохирсон гэх нотолгоо хавтаст хэрэгт авагдсан байгаа. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэв.

Ялтны өмгөөлөгч Ш.Эрдэнэцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг нь гэмтлийн зэргийг харгалзан зүйлчлэгддэг учраас заавал гэмтлийн зэргийг шинжээч эмчээр тогтоолгох ёстой. Түүнээс прокурор, шүүхийн дотоод итгэлээр гэмтлийн зэргийг тогтооно гэсэн хуулийн зохицуулалт байхгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зөрчиж байна гэж үзэж байна. Тэр тусмаа энэ хэрэг сэтгэцийн шинжээч шалтгаант холбоог үгүйсгэж зөвхөн нөхрийн дарамтаас үүсээгүй гэсэн байхад бүрэлдэхүүнтэй шинжээч томилж гэмтлийн зэргийг заавал тогтоолгох ёстой. Мөн гэмтлээс үүссэн сэтгэцийн өвчин үү, ердийн буюу дотрын өвчнөөс үүссэн үү гэдэг эргэлзээтэй байдал байсаар байхад хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй. Иймд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэв.

Прокурор Ч.Мөнх-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: Гэр бүлийн хүчирхийлэл нь ялтан С.Огэр бүлд өрнөж буй асуудал бөгөөд энэ талаар уг орчинд өсөж торниж байгаа хүүхэд мэдэхээс өөр хүн мэдэхгүй. Ялтан С.Огэр бүлтэй хамгийн ойр байх хүмүүс нь Чулуунцэцэг, Тунгалаг, Бямбацогт нар бөгөөд мөрдөн байцаалтын шатанд ялтан С.О талаар харсан, сонссон бодит зүйлийнхээ талаар мэдүүлдэг. С.О нь суусан цагаасаа эхлэн хардаж,  ямар ч шалтгаангүйгээр зоддог байсан. Мөн хүү О.Э“аав намайг унтаж байхад шалтгаангүйгээр алгадаж цочоож сэрээдэг байсан” гэж мэдүүлдэг. Ийм хүчирхийлэл болон дарамтад байнгын стрэсстэй орчинд амьдарч байгаа хүн сэтгэцийн хувьд өөрчлөлтэй байх нь тодорхой. Энэ сэтгэц эмгэг судлалын талаар шинжээч эмч  мөрдөн байцаалт болон  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тодорхой мэдүүлдэг. Бамбайн булчирхайн өвчин гэдэг нь дотоод гадаад шалтгааны улмаас үүсдэг. Гадаад шалтгаан нь амьдарч, ажиллаж буй орчноос шалтгаална. Дотоод орчин гэдэг нь бамбайн булчирхай нь хүний сэтгэл хөдлөлийг зохицуулдаг булчирхай учраас байнгын айдас, түгшүүр, дарамт, сэтгэлийн гутралд байх нь  хүний сэтгэл хөдлөлд сөргөөр нөлөөлдөг. Энэ байдал нь даамжрахаар бамбай булчирхайг өвчлүүлдэг. Сэтгэцийн “холимог диссоциатив” гэдэг өвчин нь нэг талаасаа бамбайн булчирхайн өвчин бүрэлдүүлж үүсгэдэг. Мөн хүнээс хүнд халдахгүй, удамшихгүй гэдгийг 2 удаагийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Эдгээр баримтуудаар ялтан С.Огаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй гэж прокурорын зүгээс үзэж байна. Ялтны өмгөөлөгч нарын зүгээс шүүх эмнэлгийн сэтгэцийн эмч нар сэтгэцийн өвчтэй болсон эсэхийг хүнд зэргийн гэмтэл гэж заавал тодорхойлно гэж үзээд байх шиг байна. Гэтэл хуульд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлд өөрт нь сэтгэцийн өвчин хүнд гэмтэл болохыг тодорхойлсон  байдаг. Үүнийг заавал шүүх эмнэлгийн шинжээч эмч тодорхойлохгүй. Шүүх эмнэлгийн шинжээч бие махбодид учирсан гэмтлийн зэргийг тодорхойлно. Гэтэл сэтгэцийн өвчтэй болгоод байгаа асуудлыг шүүх эмнэлэг тодорхойлох боломжгүй. Харин мэргэжлийн шүүх сэтгэц эмгэг судлалын нарийн мэргэжлийн мэргэшсэн шинжээч нар хохирогчийн сэтгэцэд учирсан эмгэгийн шалтгаан нөхцөл, гэмтлийн шалтгаант холбоог тодорхойлсон. Гэтэл өмгөөлөгч нар үүнийг зөвхөн С.Одарамтаас гадна өөр шалтгаанаас үүсэх боломжтой гэдгээр тайлбарлаж байна. Сүүлийн сэтгэц эмгэг судлалын шинжээч эмч нар боломжтой гэдгийг тодорхойлсноос өөр гадны шалтгаант нөхцөлөөс үүссэн гэж тодорхойлоогүй. Ялтан болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй   Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 143 дугаартай шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад хангаж гарсан. С.От  оногдуулсан ял шийтгэл тохирсон тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэв. 

                                                                        ХЯНАВАЛ:

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн143 дугаар шийтгэх тогтоол “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэхь хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлага хангасан байна.

            1.Ялтан С.О нь 2000 оноос 2015 оны 11 cap хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Хужирт сумын ........... багийн нутаг дэвсгэрт байрлах, Баянзүрх дүүргийн ................... тоот хашаанд байрлах, Сүхбаатар дүүргийн ................. тоотод байрлах гэртээ өөрийн эхнэр Т.Аийг эр эмийн хардалтын улмаас өшиглөх, гараараа цохих зэргээр хүч хэрэглэн бие махбодид нь зовиур шаналгаа учруулсан үйлдлийг байнга хийж зовоон тарчлаасны улмаас сэтгэцийн "Холимог диссоциатив эмгэг /хуваагдсан ухамсар/"  гэх  сэтгэцийн өвчинтэй болгосон болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Чийн "...О нь ажилгүй, архи уух болгондоо эхнэр хүүхдээ зоддог, хүүхдээ заамдаж аваад савж унагаадаг, эхнэрээ гудамжны хүнтэй зодолдож байгаа юм шиг энд тэндээсээ нь татаж, чангааж цохиж, зоддог байсан. С.О нь ер нь бол эхнэр хүүхэд хоёроо бүтэн нойртой хонуулж байгаагүй. Би тэдний гэрт 2 жил амьдарсан. Энэ 2 жилийн хугацаанд С.О нь өнжөөд л архи уудаг, уухаараа л эхнэр хүүхэд хоёртоо агсам тавьж зоддог. Би 2014 оны 03, 04 сард А гэрт нь хонох гээд очиж байх үед эгчийн бие болон нүд, ам нь хөхөрчихсөн босож чадахгүй хонож байна хоол унд ч байхгүй гээд хэвтэж байсан. Тэгтэл нөхөр О нь зодчихоод явчихсан гэж хэлж байсан юм. 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр О нь эхнэрээ зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулж эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаад эхнэрээсээ гуйсаар байгаад тэр хоёр эвлэрсэн байсан. А манай гэрт ирэхдээ биедээ янз бүрийн шарх, сорвитой ирдэг юм, Тэр болгоныг би асуухаар О ийм болгочихлоо гэж хэлж байсан. Мөн А хөлнийх нь шилбэнд уурандаа машинхыхаа түлхүүрийг зоож байсан удаатай. Энэ мэтчилэн А-г О нь зодож, сэтгэл зүйн дарамт учруулсаар байгаад 2015 оны 09 дүгээр сарын сүүлээр нөхрийгөө ээлжний ажилтай байх хооронд нь над руу залгаж өөрийнхөө зодсон зодоогүй талаараа надад хэлдэг байсан. Тэгээд над руу ярилгүй 10 гаран хоног чимээгүй болчихсон юм. Гэтэл манай эгч Тунгалаг   гэрт очиход А гэрийнхээ мухарт шигдээд суучихсан хүнтэй юм ярихгүй хумс хуруугаа оролдоод суугаад байсан. Тэгээд гайхаад хүү Э-ээс ээж нь яасан талаар асуухад ээж сүүлийн үед ийм болчихсон гэж хэлсэн байсан.           Ингээд бие нь муудаад тэр өдөр 103 дуудсан чинь наад хүн чинь сэтгэцийн өөрчлөлтэй байна сэтгэцийн эмч дууд гэхээр нь шар хадны сэтгэцийн эмнэлэгт дуудлага өгч эгчийг авч явуулж, шар хадны эмнэлэгт 2 хоног эмчлүүлж байгаад гаргасан юм." гэх мэдүүлэг, /1 дүгээр хх-26-27/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Чийн дахин байцаасан: “...манай эгч Т.А нь 1998 онд С.Отай гэрлэж байсан юм. Тэгээд 2004 оны 8 дугаар сарын 25-ны үеэр би би Улаанбаатар хотод оюутан болж ирэхдээ эгч Т.А-ийн гэрт буюу 13 дугаар хороололд 14 дүгээр байранд хамт амьдарсан. За намайг хамт байсан цагаас хойш О нь байнга архи уудаг эхнэрийгээ хархаараа мишок харсан юм шиг хэрүүл хийж зоддог байсан. С.О нь  өдөр болгон архи уудаг байсан өдөр болгон өшиглөнө толгой руу нь гараараа хөлөөрөө эд зүйлээр цохидог сандал авч шиддэг байсан. Намайг байх 3 сарын хугацаанд бол байнга зоддог байсан...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 170/

насанд хүрээгүй хохирогч О.Э-ийн "...Манай аав намайг ухаан орохоос эхлээд архи уудаг байсан. Архи уухаараа агсам, согтуу тавьж ээж бид хоёрлуу дайрч, ээжийг янз бүрээр зодож эхэлсэн юм. Тэр үеэс би аавыг цагдаа дуудаад өгчихдөг болсон. Аав архи уух болгондоо өнгөрсөн үйл явдлыг санаж агсам тавина, ээжийг зоддог байсан. Шинэ байранд ирсэн чинь аав архи ууж бас л агсам тавьж, ээжийг зоддог байсан. Аав ээжийг зодохдоо миний мэдэхийн цээж рүү нь өшиглөж, толгой руу нь цохиж, хоолойг нь бооно, үснээс нь зулгаана. Ер нь бол гараа атгаж байгаад эрэгтэй хүн зодож байгаа юм шиг л ээжийг зоддог байсан юм. Аав ээжийг хүн болгонтой хардаж, жижигхэн зүйлээс болж маргалдаж улмаар ээжид гар хүрч зоддог байсан юм. Манай гэрт ямар нэгэн эд хөрөнгийн маргаантай асуудал байдаггүй байсан. Ээжийн биеийн байдал 2015 оны 09 дүгээр сарын сүүлээс эхэлж биеийн байдал нь муудаж, сэтгэл санаагаар унана, хоол унд идэхээ байсан, юм асуухаар хариулахгүй болчихсон байсан. Миний мэдэхийн хамгийн сүүлд 10-р сард ээжийг зодчихсон. Ээж илт мэдэгдэхээр байдалтай байсан. Гэхдээ энэ талаар надад хэлээгүй юм. Ер нь бол урд нь аав ээжийг зодохоор ээж надад хэлдэг байсан юм. Аав нилээд хэдэн удаа согтуу байхдаа ээж, дүү бид гурвыг гэрээс хөөн гаргаж гудамжинд хонуулж байсан удаа бий. ...Ер нь бол ээж рүү их дайрч ээжийг л зоддог байсан. Манай гэрийг Дарь-Эхэд байхад аав согтуугаар ээжийн хацрын ясыг цөмөртөл нь цохиж ээжийг эмнэлэгт хэвтүүлж байсан..." гэх мэдүүлэг. /1 дүгээр хх-29/,

гэрч Ө.Б"...Аэгчийг зодуулсныхаа дараа энд, тэнд нь хөхөрсөн, хавдсан байхыг нь харж байсан." гэх мэдүүлэг /1 дүгээр хх-33-34/,

гэрч Т.Б"...2013 оны 04 сард дүү А уулзаад ярьсныг сонсож байхад алийг нь санахгүй байна нэг нүднийх нь доод талд хавдартай байхаар нь би яасан талаар асуухад надад манай нөхөр цохиод би хагалгаанд орж байсан тэрнээс хойш ийм болчихсон гэж надад хэлж байсан." гэх мэдүүлэг /1 дүгээр хх-38/,

гэрч Т.Т"...Ань мотоциклоос уначихсан гээд их хэцүү ирсэн. Би сүүлд мэдэхэд гэртээ тэлээний арлаар зодоод бэртэл учруулсан юм байна лээ. О нь хөдөө байхаасаа л эхлэн хөдөөний архи уудаг хүмүүстэй нийлэн архи ууж, эхнэрээ байнга л зодож дарамталдаг байсан. ...Солонгост байхад манай эгч мөн байнга зодуулж, дарамтлуулдаг байсан тухайгаа надад ярьсан. Манай эгч Отай танилцсан цагаасаа л эхлэн архи ууж, зодож дарамталж, том хүүгээ төрсний дараа ч мөн зоддог. Энэ байдлаас болж одоо манай эгч сэтгэцийн хүнд өвчтэй болсон, мөн бамбай булчирхай нь өвдсөн... 2011 оны намар О, А хоёр хашаа байшин худалдаж авсан ба тэнд очсоноос хойш А эгч байнга над руу залгаж зодуулж байгаа талаараа хэлж, намайг дууддаг байсан. 7 хоногт 1 удаа бол байнга дууддаг байсан. Гэрт нь очиход манай эгч А хөл, гар бие нь хөхөрч, няцарсан байдалтай байдаг байсан. Би нэг удаа очиход машины түлхүүрийг хөлийн шилбэнд нь зоосон байдалтай байсан ба би гэртээ дагуулаад ирж хувцас хунарыг нь сольж өгч байсан, хөхөрч няцарсан зүйл байнга байдаг байсан. Манай эгч энэ тухайгаа эхлээд байнга нуудаг байсан. Энэ хүнээс болж өөрийгөө золиосолсон юм. О архинд бол маш их дуртай. ...Эгч нөхрөөсөө сална гээд хэд хэдэн удаа 2 хүүхдээ дагуулаад төрхөмдөө ирсэн ба удалгүй буцаад яваад өгдөг байсан..." гэх мэдүүлэг/1 хх-91-93, 192/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын №133 дугаар дүгнэлтэд: Комиссын гишүүд дараах дүгнэлтийг санал нэгтэй гаргав. Иргэн Т.А нь эрүүгийн 201525022551 дугаартай хэрэгт хохирогчоор болон хууль ёсны төлөөлөгчөөр оролцох боломжгүй. Иргэн Т.А нь сэтгэцийн "Холимог диссоциатив эмгэг" /хуваагдсан ухамсар/ хэмээх өвчинтэй болно. Иргэн Т.А нь сэтгэцийн "Холимог диссоциатив эмгэг" /хуваагдсан ухамсар/ өвчтэй тул болсон байдлыг зөв тусгаж үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй. Иргэн Т.Ат сэтгэцийн өвчинд нөлөөлсөн бамбай булчирхайн
хордлоготой хэлбэр хэмээх архаг өвчинтэй болно. /1хх-102-106/,
 

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн №1118 дугаартай комиссын 5 бүрэлдэхүүнтэй дүгнэлтэд: 1. СЭМҮТ-ийн Шүүх сэтгэц эмгэг судлалын №133 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.  2 ба 3 дугаар асуултанд хариулах боломжгүй. Учир нь бамбай булчирхайн эмгэг нь дотоод шүүрлийн булчирхайн эмгэг юм. 4. Уг эмгэг үүсэхэд хувь хүний сэтгэл зүйн хэв шинжийн төрлөх онцлог, бие махбодын өвчин эмгэг, сэтгэл зүйн дарамт зэрэг нь “Холимог диссоциатив эмгэг үүсэхэд нөлөөлж болно. Мөн бамбай булчирхайн эмгэгийг сэдээх хүчин зүйлийн нэг нь болж болно. Сэтгэл зүйн дарамт гэдэгт ажилгүй байх, ахуй амьдрал ядуу байх, гэр бүлийн гишүүдийн таагүй харилцаа гэх сэт олон зүйл ордог.Сэтгэцийн эрүүл мэндийн хуулиар тодорхойлсноор сэтгэцийн эрүүл мэнд гэж хүн сэтгэцийн эмгэггүй байхын зэрэгцээ нийгэм болон хүрээлэн байгаа гадаад орчинтойгоо дасан зохицож хэвийн амьдрах, ажиллах, суралцах, нийгэмд зохих байр сууриа эзлэн хувь нэмрээ оруулж чадахуйц байдлыг хэлнэ. Үүнээс үзэхэд дан ганц нөхрийн дарамтаас үүссэн гэж үзэх үндэслэлгүй байна.5 А “Холимог диссоциатив эмгэг буюу хуваагдсан ухамсар эмгэг нь стрессийн шалтгаанаар ихэвчлэн үүсдэг тул төрөлхийн өвчин биш, удамшихгүй ба хүнээс хүнд халдварлахгүй. Харин бамбай булчирхайн хордлого  нь хүнээс хүнд халдварлахгүй бөгөөд үүсэх шалтгаан, нөлөөлөх хүчин зүйлсийн талаар дотоод шүүрлийн булчирхайн эмчээс тодруулах шаардлагатай. 6. Т.Аийн биеийн байдал нь сэтгэцийн өвчнөөс болж хүндрээгүй. 7. Бамбай булчирхайн өвчнөөр хэдий үеэс өвчилсөн, өвчин ямар үе шатандаа байгаа талаар бид дотоод шүүрлийн булчирхайн эмч биш тул хариулт өгөх боломжгүй. Иймээс дотоод шүүрлийн булчирхайн эмчээс тодруулах хэрэгтэй. 8. Одоогийн байдлаар объектив анамнезаар болон хавтаст хэргийн материалаас үзэхэд Ариунцэцэгт сэтгэцийн өвчний удамшил байхгүй юм байна...” /2хх-ийн 179-186/, 

шинжээч эмч Г.Нарантуяагийн "...Ань Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвд 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл хэвтэж эмчлүүлсэн. Ань манайд ирэхдээ архаг бамбай булчирхайн хордлого /холимог диссоциатив/ гэх оноштойгоор хэвтэж эмчлүүлж байсан. Холимог диссоциатив гэдэг нь сэтгэл зүйн гэмтэл өвчинтэй холбоотойгоор үүсдэг өвчин байгаа юм. Бамбай булчирхайн өвчин нь энэ өвчинд нөлөөлөөд илэрч байгаа юм. Ань ар гэрийн хувьд их стрессенд байдаг ба сэтгэл зүйн цохилтонд, гэр бүлийн дарамтанд удаан жил амьдарсан, мөн энэ бамбай булчирхайн өвчинтэй, энэ бүгдээс үүсэж ийм өвчтэй болсон гэж үзэж байгаа. Энэ өвчин цэвэр сэтгэлзүйн гэмтэлтэй холбоотой, энэ бүгдээс үүссэн, олон жилийн хугацаанд үргэлжилсэн сэтгэл зүйн гэмтэлтэй холбоотой." гэх мэдүүлэг/1 хх-188-189/, 

шинжээч эмч Д.Лянхуагийн "... Ань манай эмнэлэгт 2016 оны 02 сард ирж үзүүлсэн ба Ань сэтгэцийн шалтгаантай холимог диссоциатив /хуваагдсан ухамсар/ гэх өвчинтэй байсан. Ийм өвчинтэй хүн үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй байдаг. Энэ байдалд бамбай булчирхайн хордлого нөлөөлдөг энэ үед хүний сэтгэл санаа тогтворгүй болдог. Энэ нь уг өвчнийг даамжирахад нөлөөлсөн байх магадлалтай. Бамбай булчирхай өвчин нь стресс болон сэтгэл санааны байнгын дарамтаас үүсэх боломжтой байдаг. ...Энэ өвчин өөрөө стрессээс үүсэх боломжтой, тухайн хүн байнга стресс, сэтгэл санааны тогтворгүй байдал, сэтгэл өвдсөний хариу урвалд ийм өвчин үүснэ..." гэх мэдүүлэг /1хх 190-191/,

насанд хүрээгүй хохирогч О.Эийн Хүчирхийлэлийн эсрэг төвд өргөдөл гаргаж байсан гэх өргөдөл. /1 дүгээр хх-20/, ялтан С.Оудаа дараа захиргааны арга хэмжээ авагдаж байсан гэх лавлагааны баримтууд. /1 хх7-9/ зэрэг нотлох баримтуудаар, 

2. С.О нь 2013 оны 01 сард Баянзүрх дүүргийн .................... тоот хашаанд байрлах өөрийн гэртээ эхнэр Т.А-ийг эр эмийн хардалтын улмаас хацран тус газарт нь гараараа цохиж, түүний бие махбодид "зүүн хацар ясны зөрөөтэй хугарал" бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болох нь:

            хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Чийн "...Ань 2013 онд гэр бүлээрээ хотод нүүж ирээд Дарь-Эхэд амьдарч байхдаа нөхөр Одаа зодуулж хацрынхаа ясыг хугалуулсан тухайгаа нууж явсаар байгаад 2015 оны 6 дугаар сард бид нарт хэлж байснаар би мэдсэн юм. Би 2014 оны 3, 4 сард Т.Аийн гэрт нь хонох гээд очиж байх үед эгчийн бие болон нүд, ам нь хөхөрчихсөн босож чадахгүй хонож байна хоол унд ч байхгүй гээд хэвтэж байсан. Тэгтэл нөхөр О нь зодчихоод явчихсан гэж хэлж байсан юм.

насанд хүрээгүй хохирогч О.Эийн "...Манай гэрийг Дарь-Эхт байхад аав согтуугаар ээжийн хацрын ясыг цөмөртөл нь цохиж ээжийг эмнэлэгт хэвтүүлж байсан." гэх мэдүүлэг /хх-29/

С.О анхан шатны шүүх хуралдаанд хэргээ хүлээн мэдүүлсэн: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.8-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, Би энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1, 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасан зүйл ангиудыг хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг /3хх-ийн 121/,

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 17406 дугаартай актын дүгнэлт: А биед 2013 оны 1 дүгээр сард, зүүн хацар ясны зөрүүтэй
хугарал, 2013 оны 04 дүгээр сард, баруун 10 дугаар хавирганы цууралт, 2015 оны 06
дугаар сард, тархи доргилт, нүүрний баруун хэсэг ба цээжний зөөлөн эдийн
няцрал гэмтэл учирч байжээ.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүдээс зүүн хацар ясны зөрүүтэй хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр, бусад гэмтэл нь 2.4.1-д зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ань бамбай булчирхайн тархмал хордлогот бахуу өвчтэй байна. /1хх-40/ ,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн №96 дугаартай шинжээчийн: Шинжээч эмч Ч.Эрдэмболорын 2015.12.09-ний өдрийн №17406 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Т.Аийн биед 2013 оны 1 сард зүүн хацар ясны зөрөөтэй хугарал, 2013 оны 4 дүгээр сард баруун 10 дугаар хавирганы цууралт , 2015 оны 6 сард тархи доргилт, нүүрний баруун хэсэг ба цээжний зөөлөн эдийн няцрал гэмтлүүд учирчээ. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Зүүн хацар ясны зөрөөтэй хугарал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт, баруун 10 дугаар хавирганы цууралт, тархи доргилт, нүүрний  баруун хэсэг болон цээжний зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь тус тусдаа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /2 хх-ийн231-232/ болон бусад нотлох баримтуудаар,

            3. С.О нь 2012 оны 11 сард Баянзүрх дүүргийн ............... тоот хашаанд байрлах өөрийн гэртээ төрсөн хүү О.Эийг "гэртээ хулгайч шиг чимээгүй орж ирлээ" гэх шалтгаанаар нүүр, хэвлийн тус газарт нь гар болон хөлөөрөө цохисон,

2013 оны 01 сард Баянзүрх дүүргийн .................. тоот хашаанд байрлах өөрийн гэртээ О.Эийн шанаан тус газарт гараараа цохисон,

2014 оны 04 сард Сүхбаатар дүүргийн .................... тоот өөрийн гэртээ О.Эийг "цагдаад байнга дуудлага өгч баривчлуулдаг" гэх шалтгаанаар хоолны халбагаар толгойн тус газарт нь цохиж, гараараа хацран тус газарт нь алгадсан,

2015 оны 01 сард Сүхбаатар дүүргийн .................... тоот өөрийн гэртээ О.Эийг ямар ч шалтгаангүйгээр унтаж байхад нь алгадаж сэрээсэн, мөн оны 11 сард Сүхбаатар дүүргийн ....................... тоот өөрийн гэртээ О.Эийг дээрх шалтгаанаар түүний толгойн тус газарт гараараа, цээжин тус газарт хөлөөрөө тус тус цохисон,

            2016 оны 02 дугаар сард Сүхбаатар дүүргийн ...................... тоот
өөрийн гэртээ О.Эийг дээрх шалтгаанаар толгойн тус газарт гараараа,
шүдэн тус газарт тохойгоороо тус тус цохиж байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн болох нь,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Чийн "...С.О нь өнжөөд л архи уудаг, уухаараа л эхнэр хүүхэд хоёртоо агсам тавьж зоддог. Хүүхэд нь айсандаа орны буланд нуугддаг байсан юм. Эийг бага байхад нь алгадаж унагаадаг, өмсөж байсан хувцаснаас нь заамдаж хана руу савдаг байсан. Намайг оюутан байхад нэг өдөр гэртээ ирсэн чинь хүүхдийнхээ дээлнээс заамдаад өргөчихсөн зогсож байсан. Том болсон хойно нь Э 2015 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр О нь гэртээ архи уучихаад хүү Эийг зодоод Цагдаад дуудлага өгсөн байсан. 2014 оны 02 сард эгчийн бие муудаад Орхон аймаг руу авч яваад нэг хоноод гэрт нь ирсэн чинь Э шөнөжингөө аавдаа зодууллаа гээд эмэгтэй Батмөнх дүүгийнх нь гэрт ирчихсэн байсан. Тэгээд хамгийн сүүлд 2016 оны 02 дугаар сарын эхээр цагаан сарын өмнө О гэрийнхээ хаалгыг цоожилж байгаад гар утсыг хураан авч байгаад зодсон гэж Э хэлж байсан. Тэрээр хэлэхдээ "би одоо аавыг зодохоор нь бултдаг болсон шүү дээ" гэж надад хэлж байсан, шүд нь нэлээд хөдөлсөн байсан гэж хэлсэн..." гэх мэдүүлэг, /1 дүгээр хх-26-27/,

насанд хүрээгүй хохирогч О.Эийн "...Манай аав намайг ухаан орохоос эхлээд архи уудаг байсан. Архи уухаараа агсам, согтуу тавьж ээж бид хоёрлуу дайрч, ээжийг янз бүрээр зодож эхэлсэн юм. Тэр үеэс би аавыг цагдаа дуудаад өгчихдөг болсон. Аав намайг зодохдоо өшиглөж, алгадаж, хоолой боож, толгой руу цохидог байсан. Энэ үйл явдал бараг өдөр болгон шахуу болдог байсан. Аав нэлээд хэдэн удаа согтуу байхдаа ээж, дүү бид гурвыг гэрээс хөөн гаргаж гудамжинд хонуулж байсан удаа бий. Одоогоос хоёр сарын өмнө аав гэртээ согтуу байхдаа намайг "чи яахаараа цагдаа дуудаж өгдөг юм бэ, чи миний хүүхэд биш, эцгийгээ цагдаад барьж өгдөг, мангар, тэнэг, солиотой гээд гарлуу өөрийнхөө гараар цохиод л өшиглөж байсан. Урд нь энэ оны нэг сард намайг гэртээ унтаж байхад аав согтуугаар алгадаж сэрээсэн, тэгээд би айсандаа гэрээсээ гарч зугтаагаад орцонд хоноод өглөө нь гэртээ орсон чинь аав "чи шөнө гараад явсан байна, яагаад зугтааж байгаа юм бэ гээд бас намайг зодоод гэдэс рүү өшиглөөд, боож унагаасан. Хамгийн сүүлд 2016 оны 02 сарын 02-ны өдөр би гэртээ очсон, тэгээд аав, дүү хоёртой хамт байхад аав миний утас болон гэрийн түлхүүрийг хурааж аваад намайг "чи цагдаа дуудаж аавыгаа өгдөг" гэх шалтгаанаар миний толгой руу цохиж, хоолойноос боосон, мөн шүд рүү тохойдож, гар хөл рүү цохисон, мөн алгадсан ба шөнө зодсон. Тэгээд би маргааш өглөө нь гэрээс гараад явчихсан. Үүний өмнө 2015 оны 11 сарын 13-ны өдөр аав О нь "чи цагдаа дууддаг" гээд жижиг өрөө рүү оруулж байгаад миний толгой, тархи руу цохиж, цээж рүү өшиглөсөн. Мөн 2012 оны 11 сард Дарь-Эхэд байхад орой ээж, дүү хоёртойгоо хамт гэр рүү ороход аав унтаж байсан, тэгээд бид нар нөгөө өрөө рүүгээ ороход аав сэрээд бид гурвыг "та нар хулгайч шиг чимээгүй орж ирлээ" гээд миний гэдэс болон нүүр рүү цохиж, өшиглөсөн. Тэгээд ээж, дүү бид гурав гараад хашааны буланд нэлээн удаж байгаад гэртээ орсон. 2014 оны 04 сарын 15-ны үеэр манай ээж Эрдэнэт явна гээд явсан байхад аав О нь гэртээ хүнтэй архи ууж байгаад ямар ч шалтгаангүй намайг зодож, нүдсэн. Тухайн үед хоолны халбагаар миний толгой руу цохиж, сандал дээр сууж байхад намайг мангастаж унагаасан ба босоод иртэл алгадаад унагаасан. Тэгээд унтаж байхад мөн өшиглөж босгоод зодсон. Тухайн үед би дотуур хувцастайгаа гараад явсан ба тэр шөнө орцонд хоносон. Шөнө хаалгаа тайлж өгөөгүй, тэгээд өглөө гэр рүү ортол аав "чи шөнө хаачаад ирдэг юм, ханилгаагүй новш вэ" гээд мөн зодсон. Энэ мэтээр намайг маш олон удаа зодож байсан ба нарийн он сарыг нь төдийлөн сайн санахгүй байна..." гэх мэдүүлэг. /1 дүгээр хх-29/,

гэрч Ө.Бямбасүрэнийн "...О хүүхдээ "чи цагдаад өгдөг" гээд зоддог болсон гэж сонссон. Миний сонссоноор О нь архи уух болгондоо хүүхдээ зоддог гэж сонссон. ...Ер нь бол их л айдас, түгшүүртэй байдалтай болчихсон мэт санагддаг болсон..." гэх мэдүүлэг/1 хх 33-34/,

гэрч Т.Т"...О нь өөрийн хүүтэйгээ огт юм ярьдаггүй, хүний эцэг шиг ойр харилцаа байдаггүй. Эрүүл үедээ хүүтэйгээ ярьж хөөрдөггүй, согтуу үедээ хүү рүүгээ агсарч дайрч зодож, нүдэж дарамталдаг. Согтуу үедээ Эийг ер нь л үздэггүй, байнга л зодож байдаг. Хүмүүс хажууд нь байхад учир зүггүй зодоод байдаггүй, хашгирч дайрах тохиолдол бол байдаг. Ихэвчлэн хүмүүс байхгүй үед зодож нүддэг. Энэ асуудлыг манай гэр бүлийнхэн бүгд л мэднэ. О архи байнга хэрэглэдэг. Согтуу үедээ эхнэр, хүүхдээ зодоод л дарамталдаг." гэх мэдүүлэг/1 дүгээр хх-91-93, 192/,

гэрч /О.Эангийн багш/ "...Эийн ээжтэй 2015 оны 5 сард эцэг, эхийн хурлаар уулзалдаж байсан. Ахэлэхдээ "...ер нь бол нөхөр бид хоёрын амьдрал тусдаа болж байгаа, салж байгаа, архи уухаараа хүүдээ их хатуу ширүүн байдаг, унтаж байхад нь чирч босгож ирж байгаад зоддог байсан гэж ярьж байсан." гэх мэдүүлэг. /1 хх-32/ болон хавтаст хэрэгт цугларсан  бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

            С.От холбогдох хэргийг  шүүх хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байж болох нөхцөл байдлуудыг мөрдөн байцаалтын ажиллагаагаар шалгасан, хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр заавал буцаах шаардлагагүй, хэргийн оролцогчдыг шүүх хуралдаанд биечлэн оролцуулж, тэдний мэдүүлэг болон хавтаст хэрэгт цугласан нотлох баримтуудыг харьцуулан дүгнэж хэргийг эцэслэн шийдвэрлэжээ.

            Иймээс дээрх нотлох баримтыг үндэслэн С.Оүйлдлийг бусдыг зовоон тарчлааж бие махбодид хүнд гэмтэл мөн хүндэвтэр гэмтэл санаатай тус тус учруулсан,  байнга зодож тарчлаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь үндэслэлтэй ба түүнд Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.8, 100 дугаар зүйлийн 100.1 дэхь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулж,Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэхь хэсэгт заасан гэмт хэргийг нь “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажилагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар өршөөл үзүүлсэн нь хуулийг зөв хэрэглэсэн, ял шийтгэл тохирсон байна.

            Давж заалдах гомдлын тухайд:

            Ялтан С.О, ялтны өмгөөлөгч Э.Ганбат, Ш.Эрдэнэцэцэг нар нь:  Т.Аийн сэтгэцийн өвчин нь ялтны үйлдэлтэй шалтгаант холбоогүй, шүүхээс нотлох баримтыг бүрэн гүйцэт үнэлж чадаагүй, С.ОЭрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.8-д заасан гэмт хэрэгт ялласан нь хууль зүйн үндэслэлгүй, хэргийг дахин шалгуулах хүсэлт гаргажээ.

            Шүүх сэтгэц эмгэг судлалын 1118 дугаар дүгнэлтээр “ эмгэг үүсэхэд хувь хүний сэтгэл зүйн хэв шинжийн төрлөх онцлог,бие махбодийн өвчин эмгэг,сэтгэл зүйн дарамт зэрэг нь “ холимог диссоциатив эмгэг үүсэхэд нөлөөлж болно. …А “холимог диссоциатив эмгэг буюу хуваагдсан ухамсар эмгэг нь стрессийн шалтгаанаар ихэвчлэн үүсдэг тул төрөлхийн өвчин биш,удамшихгүй ба хүнээс халдварлахгүй”, шинжээч эмч Г.Нарантуяагийн "Т. Ань манайд ирэхдээ архаг бамбай булчирхайн хордлого /холимог диссоциатив/ гэх оноштойгоор хэвтэж эмчлүүлж байсан. Холимог диссоциатив гэдэг нь сэтгэл зүйн гэмтэл өвчинтэй холбоотойгоор үүсдэг өвчин байгаа юм. Мөн бамбай булчирхайн өвчин нь энэ өвчинд нөлөөлөөд илэрч байгаа юм. Ань ар гэрийн хувьд их стрессенд байдаг ба сэтгэл зүйн цохилтонд, гэр бүлийн дарамтанд удаан жил амьдарсан, мөн энэ бамбай булчирхайн өвчинтэй, энэ бүгдээс үүсэж ийм өвчтэй болсон гэж үзэж байгаа. /1 хх-188-189/, гэрч болох хүний их эмч, дотоод шүүрэл судлаач Т.Баясгалангийн  “стресс, сэтгэл зүйн байнгын стресс, сэтгэцийн хүнд гэмтлүүд Грейвсийн өвчин үүсэхэд нөлөөлнө” гэсэн мэдүүлгүүд, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан талаарх бусад баримтууд /х-3,х-12-33, болон дээр дурдсан бусад баримтуудаар хохирогч Т.А нь ялтан С.Отай хамт амьдрах хугацаандаа С.Оөшиглөх, зодох зэрэг зовиур шаналгаа учруулан байнга зовоон тарчлааж байсан үйлдлийн улмаас “холимог диссоциатив” эмгэг,/хуваагдсан ухамсар/ өвчтэй болсон нь нотлогдсон, прокуророос С.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.8-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, анхан шатны шүүхээс уг зүйл ангиар гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.  

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан С.О, ялтны өмгөөлөгч Э.Ганбат, Ш.Эрдэнэцэцэг нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХнь:

            1.Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 143 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан С.О, түүний өмгөөлөгч Э.Ганбат, Ш.Эрдэнэцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

            2.Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

                       

                                               

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.МЯГМАРЖАВ

           

                        ШҮҮГЧИД                                                                   Т.ӨСӨХБАЯР

                                                                                                           

                                                                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ