Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2020/0338

 

“Х” ХХК, “М т” ХХК-иудын

нэхэмжлэлтэй захиргааны

хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Цогт, Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, нэхэмжлэгч “Х” ХХК-ийн төлөөлөгч Б.От, өмгөөлөгч Б.А, хариуцагч “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, Л.Н, өмгөөлөгч З.С, хариуцагч “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ХХК-ийн тендерийн Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, Ц.И, Б.Х, гуравдагч этгээд “К-И” ХХК-ийн төлөөлөгч Г.Э, өмгөөлөгч Э.Г нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 246 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч “Х” ХХК, “М т” ХХК-иудын төлөөлөгч Б.О, Ц.Б нарын давж заалдах гомдлоор “Х” ХХК, “М т” ХХК-иудын нэхэмжлэлтэй, “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК, түүний Тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 246 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27.1.1, 30.1, 30.1.1, 30.4.3, 34.2-т тус тус баримтлан “Х” ХХК, “М т” ХХК-иас “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК, түүний Тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдуулан гаргасан “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-иас зарласан “Үнсэн сан шинээр барих” ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ТЗБАХ-01/2019 тендерийн үнэлгээний хорооны шийдвэр, 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн ТЗБАХ-130/ДҮ-1-01/2019 дугаартай зөвлөмж хүчингүй болгуулж, тус тендерт манай компаниудын түншлэлийг шалгаруулсан дүгнэлт гаргаж, гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахыг даалгах, 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А-01 дугаартай Гэрээ шууд байгуулах ажлын хэсгийн зөвлөмж”, “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК болон “К-И”, “Э” ХХК-иудын 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2-3-400/19 дугаартай “Үнсэн сан шинээр барих ажил гүйцэтгэх гэрээ”-г хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж тус тус шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Х” ХХК, “М т” ХХК-иудын төлөөлөгч Б.О, Ц.Б нараас шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...“Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-иас 2019 онд “Үнсэн сан шинээр барих ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах” ТЗБАХ-2019-01 дугаартай тендерийг зарласан бөгөөд анх зарлагдсан үеэс эхлэн нэхэмжлэгч нар тухайн тендерт баримт, саналаа хүргүүлж байсан.

Тендер үнэлгээний хорооноос удаа дараа нэхэмжлэгч нарын тендерээс татгалзаж, түүнийг нь Сангийн яамнаас хууль зөрчсөн болохыг тогтоож байсан.

1. Анхан шатны шүүхээс ТОӨЗ 5.3.а заалтыг хэрхэн тайлбарлах, хэргийн оролцогчид болон Сангийн яамны бүрэн эрхийн хүрээнд тайлбарласныг хэрхэн үнэлж, дүгнэсэн нь тодорхойгүйгээр, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон.

2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Тендер үнэлгээний хороо хуралдан “Бүх тендерээс татгалзаж, шууд гэрээ байгуулах эрхийг захиалагчид олгож” шийдвэрлэсэн ба нэхэмжлэгч компаниудын тендерээс татгалзсан үндэслэлээ “ТОӨЗ 5.3 /а/- “Борлуулалтын хэмжээ. Сүүлийн 3 жилийн аль нэг жилийн борлуулалтын орлогын хэмжээ нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 100 хувиас багагүй байна/ гэсэн заасан шаардлагыг хангаагүй” гэж заасан.

ТОӨЗ-д “Түншлэл” гэж тухайн тендерийн шаардлагыг хангахын тулд хамтран орж байгаа этгээдүүдийг ойлгохоор заасан бөгөөд энэ агуулгаар уг тендерт заагдсан шаардлагыг хангахын тулд “Х” ХХК болон “М т” ХХК-иуд нь хамтран оролцож, “түншлэл” болсон. Иймд дээрх шаардлагыг хамтран аль нэг жилүүдийнхээ нийлбэр дүнгээр буюу “Х” ХХК-ийн 2017 оны борлуулалтын орлого болон “М т” ХХК-ийн 2018 оны борлуулалтын орлогоор, нийт 10,84,444,167 төгрөг буюу тендерт санал болгосон үнийн дүн болох 10,793,901,109 төгрөгөөс илүү борлуулалтын орлоготой байжээ.

Энэ заалтыг тайлбарлуулахаар Тендерийн үнэлгээний хороо Сангийн яаманд хандсан бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.2-т “худалдан авах ажиллагаатай холбоотой мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр захиалагчийг хангах” бүрэн эрхийнхээ хүрээнд аргачлалыг тодорхойлон нэхэмжлэгч компаниудын тендер шаардлагыг хангасан болохыг 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 6-1/7393 дугаартай албан бичгээрээ тогтоож өгсөн.

Иймд, нэхэмжлэгч компаниуд тендерийн шаардлагыг хангасан, Тендерийн Үнэлгээний хорооноос өөр бусад шаардлагыг хангасан гэж үзсэн байгаа тул ТОӨЗ 5.3/а/ заалтыг хуульд нийцээгүй үндэслэлээр тайлбарлаж, нэхэмжлэгчийн тендерээс татгалзсан нь мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т “27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана” гэж заасанд нийцээгүй бөгөөд нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн тул татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын тендер ямар нэгэн зөрчилгүй, түүнээс өөр шаардлага хангасан тендер үгүй байгаа тул шалгаруулсан дүгнэлт гаргаж, гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахыг даалгах хуулийн үндэслэлтэй болно.

2. Улмаар тухайн хууль бус шийдвэрийг "Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК үргэлжлүүлэн хэрэгжүүлж, дээрх шийдвэрүүдэд үндэслэн 2019 оны 11 оны дүгээр сарын 20-ны өдөр А/316 дугаартай тушаал гарган Гэрээ шууд байгуулах ажлын хэсгийг томилж, уг хэсэг нь 11 дүгээр сарын 28-ны өдөр хуралдан А-01 дугаартай шийдвэр гаргаж, “К-И”, “Э” ХХК-иудтай манай компанийн санал болгосон үнийн дүнгээс 3 тэрбум гаруй төгрөгөөр /23 хувиар/ илүү дүнтэйгээр гэрээ байгуулахыг захиалагчид зөвлөмжилсөн.

Энэ тухайд нэхэмжлэгч нар “анхнаасаа шууд гэрээ байгуулагдах нөхцөл бүрдээгүй байсан болон “К-И” нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасны дагуу “...захиалагч энэ хуулийн 14-16 дугаар зүйлийн шаардлагыг хангасан, тухайн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх чадавхитай нэг, эсхүл түүнээс дээш тооны этгээдтэй хэлэлцээ хийж, техникийн тодорхойлолт болон бусад нөхцөл. шаардлагыг хамгийн сайн хангасан этгээдтэй энэ хуульд заасны дагуу гэрээ байгуулах...” гэж заасныг зөрчсөн гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан байхад шүүхээс мөн л дүгнэлт хийлгүй хууль зөрчөөгүй” гэж шийдвэрлэжээ.

Уг заалтын дагуу шууд гэрээ байгуулж байгаа тохиолдолд саналаа ирүүлсэн этгээдүүд шаардлага хангахгүй бол зарлагдсан тендерт санал ирүүлээгүй боловч тендерийн шаардлагыг хангасан, гүйцэтгэх чадавхитай, техникийн тодорхойлолт, нөхцөл шаардлагыг хангасан этгээдтэй тохиролцон гэрээ байгуулахаар байна. Гэтэл хариуцагч үүнийг буруугаар ашиглаж, бүх тендерээс татгалзсан бол нөхцөл чадавхи хамааралгүйгээр 3 тэрбум илүү үнийн дүнгээр гэрээ байгуулах эрх олгохоор тайлбарлаж байгаа нь хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх” зарчимд нийцэхгүй.

“К-И” ХХК болон “Э” ХХК-иуд нь дээр заасан санхүүгийн болон техникийн чадавхи, туршлагын шаардлага, мөн тухайн тендерийг гүйцэтгэх этгээдэд тавигдсан шаардлагыг дараах байдлаар хангаагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог. Үүнд:

1. ТОӨЗ 5.3 /е/ алдагдалгүй ажилласан байх жилийн тоо 3 жил /2016, 2017, 2018/ “К-И” ХХК-ийн ирүүлсэн материалд байгаа санхүүгийн баримтуудаас үзэхэд сүүлийн 3 жил алдагдалтай ажилласан.

2016 он-104,734,941 төгрөгийн алдагдалтай, “К-И” ХХК хавтас-266/

2017    он-1,168,112,288 төгрөгийн алдагдалтай, /КИ Х-226/

2018    он - 226,201,036 төгрөгийн алдагдалтай, /КИ Х-200/

2. ТОӨЗ 5.3 /а/-д заасан /Нэхэмжлэгч нарын хангаагүй гэх заалтыг/ гүйцэтгэх ажлын үнийн дүнтэй тэнцэх хэмжээний орлоготой байх

 

2016 он

2017 он

2018 он

ТОӨЗ шаардлага

“К-И” ХХК

4.457 тэрбум

7.345 тэрбум

8,221 сая

 

“Э” ХХК

2.427 тэрбум /ЭК Х-44/

2.453 тэрбум /ЭК Х-76/

2,345 сая /ЭК Х-113/

13,8 тэрбум төгрөгийн 25%

Хангахгүй />3.4 тб/

Үнийн дүн

6.884 тэрбум

9.798 тэрбум

10.566 тэрбум

 

          3. ТОӨЗ 4.4 /в/ зайлшгүй шаардлагатай Тусгай зөвшөөрөл 2.3.2 /БА-3.2/

          “К-И” /КИ Х-30 /ар//-Хөрсний ус доошлуулах, шүүрүүлэх, эргийн бэхэлгээ, далан суваг болон газар шорооны тусгай ажил /туслан гүйцэтгэгчийн тусгай зөвшөөрөл /КИ Х-521/

          2.8.9 Үерийн хамгаалалтын далан барих-мөн уг тусгай зөвшөөрөл байхгүй.

          Туслан гүйцэтгэгч “Т с з” ХХК-д ТЗ 2.3.2 байгаа боловч 2.8.9 гэсэн зөвшөөрөл аль алинд нь байхгүй.

          Гол шаардлагатай тусгай зөвшөөрлийг туслан гүйцэтгэгчид байж болно гэж үзсэн боловч нэхэмжлэгч нарын санхүүгийн чадавхийг хамтран хангаж болохгүй гэж хариуцагч, анхан шатны шүүх үзсэн.

          4. ТОӨЗ 5.3 /д/ Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн нийт дүн 13 тэрбум төгрөгөөс багагүй.

          К-И” ХХК олгох боломжтой зээлийг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн албан бичгээр 6.5 тэрбум /КИ Х-12/, 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн албан бичгээр олгох боломжтой зээл 8 тэрбум төгрөгийн /КИ Х-13/

          Харин “Э” ХХК нь 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Хас банкны албан бичгээр 3.25 тэрбум төгрөгийн боломжит зээлийн хэмжээтэй байгаа бөгөөд нийлбэр дүнгээр тухайн заагдсан хэмжээнд хүрэх боломжгүй буюу санхүүгийн чадавхийн шаардлагыг хангахгүй. Энэ нь мөн ТОӨЗ 5.4-д заасан түншлэлийн эзлэх хувийн 40 % /8,4 тэрбум байх ёстой/, 25 % /5,5 тэрбум байх ёстой/ заалтыг зөрчсөн.

          5. ТОӨЗ 5.3/б/ ижил төстэй гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын талаар мэдээлэл -Үнсэн сан, түүнтэй ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлага байхгүй.

          6. Баримтууд дунд Х-106 “К-И” ХХК өмнө нь шууд гэрээ байгуулах үед санал ирүүлж байсан “Х и...” ХХК-тай хамтран ажиллаж байсан болох нь харагддаг бөгөөд хамтран ажилладаг компаниудад шууд гэрээ байгуулах үедээ гэрээний саналыг хүргүүлсэн нь шударгаар тухайн ажиллагааг явуулсан гэж үзэх боломжгүй юм.

          7. “Э” ХХК нь шүүхийн төрөлжсөн архиваас авсан лавлагаагаар иргэний хэргийн шүүхэд хариуцагчаар оролцож байсан болох нь тогтоогдсон ТОӨЗ 5.2 /ЭК Х-9/

          8. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т “Захиалагч гүйцэтгэлийн баталгааны дүнг гэрээний үнийн дүнгийн 5 хувиар тогтоож тендерийн баримт бичигт тусгана”, 43.4-д “3ахиалагч дор дурдсан нөхцөлд гүйцэтгэлийн баталгаа ирүүлэхийг гүйцэтгэгчээс шаардана”, 43.4.1-д “150 сая төгрөгөөс дээш төсөвт өртөгтэй ажил худалдан авах гэрээ байгуулах” болон ТОӨЗ 40.1 Гүйцэтгэлийн баталгаа болгон гэрээний үнийн дүнгийн 5 хувьтай тэнцэх мөнгийг гэрээнд гарын үсэг зурахаас өмнө байршлуулахаар заасан бөгөөд энэ тохиолдолд 13.8 тэрбум төгрөгийн 5% болох 690 сая төгрөгийг баталгаанд байршуулаагүй байна.

          Ажлын гүйцэтгэлийг графикаар харуулсан бөгөөд үүнд үнсэн сангийн гүйцэтгэлийн ажлыг 4 сараас 4 тэрбум төгрөгийн бараа материалын худалдан авалт эхлэхээр заасан байхад гуравдагч этгээдүүд болон хариуцагчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гаргасан тайлбаруудад ажил хийгдэж байгаа худалдан авалтуудад их хэмжээний хөрөнгө зарцуулсан зэрэг нь үндэслэлгүй болохыг харуулж байна.

          “К-И" ХХК нь уг тендерт оролцон Тендерийн Үнэлгээний хорооны 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн шийдвэрээр тендерээс нь татгалзсан байдаг.

          Эдгээрээс гадна, хариуцагч нар гэрээ байгуулах үедээ тогтоосон байх шаардлагатай иргэний хэргийн шүүхийн шийдвэрийг шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед гаргаж өгсөн нь шийдвэр гаргахдаа шалгах ажиллагааг бүрэн гүйцэд хийгээгүй болохоо нотолсон.

          Иймд хууль зөрчсөн Тендерийн Үнэлгээний хорооны шийдвэрийг үндэслэн гарсан 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А-01 дугаартай Гэрээ шууд байгуулах ажлын хэсгийн зөвлөмж, “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК болон “К-И”, “Э” ХХК-иудын 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2-3-400/19 дугаартай “Үнсэн сан шинээр барих ажил гүйцэтгэх гэрээ”-г хүчингүй болгох хуулийн үндэслэлтэй болно.

          Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль, холбогдох журмыг буруу тайлбарласан, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл бүрт дүгнэлт өгөөгүй, үгүйсгэсэн үндэслэл болон хариуцагчийн шийдвэрийг хэрхэн зөв гэж үзсэнээ тайлбарлаагүй тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

          Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

          Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 246 дугаар шийдвэрийг хянаад, өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчээс анх “Х” ХХК, “М т” ХХК-иас “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК, түүний Тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-иас зарласан “Үнсэн сан шинээр барих” ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ТЗБАХ-2019-01 тендерийн ТОӨЗ 5.3(а)-д заасан “Сүүлийн 3 жилийн аль нэг жилд санал болгож байгаа үнийн дүнгийн 100 хувиас багагүй байна” гэсэн шаардлагыг манай компаниудын түншлэлийн бичиг баримт хангаж байгааг тогтоож, улмаар Тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн МТЗБАХ-130/ДҮ-1-01/2019 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, тус тендерийн үнэлгээг хуульд нийцүүлэн хийхийг даалгах” гэсэн 3 шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.

          Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, мөн нэмэгдүүлсэн. Ингэснээр нэхэмжлэлийн шаардлага нь 1/ “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-иас зарласан “Үнсэн сан шинээр барих” ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ТЗБАХ-01/2049 тендерийн үнэлгээний хорооны шийдвэр буюу 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн ТЗБАХ-2019-01-1/02 дугаартай зөвлөмжийг хүчингүй болгуулах, 2/ мөн М-ТЗБАХ-130/ДҮ-1-01/2019 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах, 3/ тус тендерт манай компаниудын түншлэлийг шалгаруулсан дүгнэлт гаргуулах, 4/ гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахыг даалгах, 5/ “Тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг үндэслэн гарсан 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А-01 дугаартай Гэрээ шууд байгуулах ажлын хэсгийн зөвлөмжийг хүчингүй болгуулах, 6/ “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК болон “К-И”, “Э” ХХК-иудын хооронд байгуулсан 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2-3-400/19 дугаартай “Үнсэн сан шинээр барих ажил гүйцэтгэх гэрээ”-г хүчингүй болгуулах” гэсэн 6 шаардлагатай болсон гэж үзэхээр байна.

Анхан шатны шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагаас “М-ТЗБАХ-130/ДҮ-1-01/2019 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах” шаардлагыг хэрхэн шийдвэрлэсэн талаараа Тогтоох хэсэгтээ шийдвэрлээгүй орхигдуулсан байна.

Мөн “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-иас зарласан “Үнсэн сан шинээр барих” ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ТЗБАХ-01/2049 тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгосугай гэж шийдвэрлэсэн байна. Гэвч хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбар зэргээс үзэхэд тусдаа “ТЗБАХ-01/2049 тендерийн үнэлгээний хорооны шийдвэр” гэсэн шийдвэр гараагүй, шийдвэрийг хүчингүй болгох гэдэг нь тухайн өдөр гарсан зөвлөмж, дүгнэлтийг хэлж буй ажээ. Гэтэл нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа бичихдээ ... “ТЗБАХ-01/2049 тендерийн үнэлгээний хорооны шийдвэр буюу 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн ТЗБАХ-2019-01-1/02 дугаартай зөвлөмж хүчингүй болгуулах” хэмээн бичих үедээ ... буюу ... гэсэн холбоос үгийг бичээгүй орхигдуулснаас шийдвэр болон зөвлөмж гэсэн 2 өөр захиргааны акттай маргасан мэт ойлгогдож, анхан шатны шүүх дээрх байдлаар шийдвэрийн Тогтоох хэсэгтээ бичжээ. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 1 дэх заалтад зөвтгөсөн өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд анхан шатны шүүх  нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

          Энэхүү хэргийн тухайд ТОӨЗ-ны 5.3-д “Тендерт оролцогч ТОӨЗ-ны 1.1-д заасан ажлыг гүйцэтгэх гэрээг хэрэгжүүлэхийн тулд дор дурдсан чадварын доод шалгуур үзүүлэлтийг хангасан байна” гээд 5.3(а)-д “ТӨШХ-д заасан хугацааны буюу сүүлийн 3 жилийн аль нэг жилийн гүйцэтгэсэн ажлын борлуулалтын орлогын хэмжээ нь ТШӨХ-д заасан мөнгөн дүнгээс буюу тендерт санал болгож буй үнийн дүнгийн 100 хувиас багагүй байна” гэх нөхцөлийг хангасан байх гэдгийг хэрхэн ойлгож хэрэглэх вэ гэдэгт маргаан оршиж байна.

          “10,793,901,109 төгрөгөөс дээш борлуулалтын орлоготой байх” шаардлагыг шүүхээс хэд хэдэн оны нийлбэр бус гагцхүү аль нэг оны борлуулалтын орлогын дүн гэсэн агуулгаар ойлгож байна. Учир нь хэрвээ тендерт ганц этгээд бие даан оролцсон бол 2016, 2017, 2018 оны аль нэг онд нь заавал ч үгүй “10,793,901,109 төгрөгөөс дээш борлуулалтын орлоготой байх” шаардлага тавигдана. Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн “Худалдан авах ажиллагааны зарчим” гэсэн 6 дугаар зүйлд “өрсөлдөх тэгш боломжтой байх” зарчим тусгалаа олжээ. Хуулийн энэхүү зарчмыг зөрчиж, бие даан оролцсон этгээдэд “10,793,901,109 төгрөгөөс дээш борлуулалтын орлоготой байх” шаардлагыг тавиад “түншлэл” болж оролцож буй этгээдэд энэхүү шаардлагыг тавихгүй, аль ч онд энэ шаардлагыг хангахгүй байж болно. Хэд хэдэн оны нийлбэр нь энэхүү хэмжээнд хүрсэн байхад болно гэж дүгнэх боломжгүй.

          Нөгөө талаар ТОӨЗ-д “Түншлэл” гэж тухайн тендерийн шаардлагыг хангахын тулд хамтран орж байгаа этгээдүүдийг ойлгохоор заасан бөгөөд энэ агуулгаар уг тендерт заагдсан шаардлагыг хангахын тулд “Х” ХХК болон “М т” ХХК-иуд нь хамтран оролцож, “түншлэл” болсон гэж үзнэ. Түншлэлийн тухайд ч ялгаагүй дурдсан 2016, 2017, 2018 оны аль нэг онд энэхүү шаардлагыг хангасан байх ёстой байна.  

Нэхэмжлэгч талаас ТОӨЗ-ны 5.4-д зааснаар “түншлэлийн гишүүн тус бүр ... заасан чадварын доод шалгуур үзүүлэлтийн доод тал нь 25 хувийг, төлөөлөх эрх бүхий гишүүн доод тал нь 40 хувийг хангасан байх” нэмэлт шаардлагыг хангасан гэж маргаж байна. Энэхүү зүйлд байгаа 25 хувь, 40 хувь гэдэг нь түншлэлийн гишүүн аль нэг онд 25 хувь, түншлэлийг төлөөлөх эрх бүхий этгээд аль нэг онд 40 хувь хангасан байхад болно гэсэн ойлголт биш юм. Хэрвээ ингэж үзвэл 25%+40%=65% хангасан этгээд ч өөрийгөө “шаардлага хангасан тендер ирүүлсэн” гэж маргаж болохоор байна. Иймд энэхүү нэмэлт шаардлага нь “10,793,901,109 төгрөгөөс дээш борлуулалтын орлоготой байх” шаардлагыг хангасан бол түншлэлийн гишүүн дурдсан онуудын аль нэг онд 25 хувь, түншлэлийг төлөөлөх эрх бүхий этгээд 40 хувийг хангасан байхыг шаардсан гэж үзэх үндэслэлтэй.

Мөн нэхэмжлэгч нараас давж заалдах гомдолдоо “ашигтай ажиллаагүй компанийг шалгаруулсан”, “түргэн хөрвөх чадвар шаардлага хангаагүй” зэрэг хэд хэдэн үндэслэл дурджээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.3-д ““нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч нар нь тендер шалгаруулалтын хянан үзэх шатнаас хасагдсан бөгөөд тэдний гаргасан “тус тендерт манай компаниудын түншлэлийг шалгаруулсан дүгнэлт гаргуулах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй.

Нөгөө талаар тендер шалгаруулалтыг 2 удаа явуулсан, тендерийн хүчинтэй хугацааг сунгаж байсан, 5 удаа үнэлгээ хийсэн зэргийг харгалзан “Тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг үндэслэн гарсан 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А-01 дугаартай Гэрээ шууд байгуулах ажлын хэсгийн зөвлөмжийг хүчингүй болгуулах, “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК болон “К-И”, “Э” ХХК-иудын хооронд байгуулсан 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2-3-400/19 дугаартай “Үнсэн сан шинээр барих ажил гүйцэтгэх гэрээ”-г хүчингүй болгуулах” шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон