Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 189

 

Т.Э-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2016/00138/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Л.Амарсанаа, С.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

          Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 1154 дүгээр шийдвэртэй,  

         Нэхэмжлэгч Цацагт овогтой Т-ын Э-ийн нэхэмжлэлтэй,

         Хариуцагч Тайжууд овогтой Г-ын Б-д холбогдох

         “22.357.900 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг

         Хариуцагч Г.Б-гийн давж заалдсан гомдлыг үндэслэн

          2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд хариуцагч Г.Б-, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

          Нэхэмжлэгч Т.Э- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          Би Г.Б-тай 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гэрээ байгуулан 10 сая төгрөгийг зээлсэн. Би энэ мөнгийг өөрөө банкнаас зээлж авч өгсөн юм. Сар болоод мөнгөө өгөхгүй болохоор нь гэрээ байгуулсан. Ингээд шүүхэд хандаж зээлийн үндсэн төлбөр 10 сая төгрөг, хүү 3580.000 төгрөг, алданги 8.777.900 төгрөг нийт 22.357.900 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгч авч, алданги үндсэн зээлийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн хуулийн дагуу нэхэмжлэлийн шаардлагаа бууруулж байна.

          Хариуцагч Г.Б- нь зээлийн гэрээ байгуулснаас хойш нийт 4.780.000 төгрөг өгсөн. Үүний 1.889.000 төгрөг нь хүүд үлдсэн 2.937.000 төгрөг нь үндсэн зээлд өгсөн. Үндсэн зээл 10.000.000 төгрөгнөөс үндсэн зээлд төлсөн 2.937.000 төгрөгийг хасаад үндсэн эээл 7.062.000 төгрөг, алданги 5.000.000 төгрөг нийт 12.062.000 төгрөг нэхэмжилж байна. хариуцагч Г.Б- нь зээлийн гэрээнд сар бүр 360.000 төгрөгөөр тусгасан боловч зарим сард нь төлдөггүй, эсвэл бага хэмжээгээр төлдөг тул бидний хооронд хийсэн зээлийн гэрээг цуцалж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г Б- шүүхэд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Т.Э-ээс гаргасан нэхэмжлэлийн дагуу шүүх хэргийг хянан хэлэлцэх хугацаанд 360.000 төгрөгийг төлж байгаа болно. Анхан шатны шүүхийн шийдвэрээс хойшхи хугацаанд 2016 оны 7 сараас бусад саруудад 360.000 төгрөг, 2016 оны 8 сард 250.000 төгрөг төлсөн болно.

Бидний зээлийн гэрээ нь цөөн хоногийн хугацаа хэтэрсэн болохоос хариуцагч Г.Б- би Т.Э-ийг залилсан зүйл байхгүй. Нэхэмжлэгч Т.Э-тэй холбоотой зээлийн гэрээний төлбөрийг төлж барагдуулах эх үүсвэр нь улсын төсвийн санхүүжилт юм. Улсын төсвийн тодотгол батлагдсанаар санхүүжилт хийгдэх тул манайд санхүүжилт хийгдэхээр холбогдох зээлийн төлбөрийг барагдуулах болно. Одоогоор зээлийн гэрээ үргэлжлэн явагдаж байгаа. Зээлийн төлөлтийг хийж байгааг хянан үзэж хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 1154 дүгээр шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар эүйлийн 232.5, 225 дугаар зүйлийн 225.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.Э-, хариуцагч Г.Б- нарын хооронд байгуулсан зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Г Б-гаас 10.593.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.Э-т олгож, 1.469.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7 1.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Э-ээс улсын тэмдэгтийн хураамжинд 269.740 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод, хариуцагч Г.Б-гаас 184.438 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Г.Б- давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4, 225.4.1 дэх хэсэгт “Үүргийг ялимгүй зөрчсөн бол гэрээнээс татгалзаж болохгүй” гэсэн заалтыг, мөн Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1 дэх хэсэгт “нэхэмжлэгч нь шүүхэд үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй” гэсэн заалтуудыг зөрчсөн. Би зээлийн гэрээг цуцлахыг зөвшөөрөхгүй татгалзсан тайлбарыг гаргасан бөгөөд шүүхэд хэрэг маргаан хянагдаж байх хугацаанд зээлийн гэрээний хуваарийн дагуу сар бүр төлөх төлбөрөө тогтмол хийж байсан болно. Зээл авсан хугацаа буюу 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах хүртэл 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл төлбөр төлсөөр байтал намайг 4.780.000 төгрөг төлсөн. Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнээд Г.Б-гаас үндсэн зээл 7.062.000 төгрөг, алданги 3.531.000 төгрөг нийт 10.593.000 төгрөг гаргуулахаар заажээ. Гэтэл зээлийн гэрээгээр зээлдүүлэгч болон зээлдэгч ямар үүрэг буюу үндсэн зээл, хүүд хэдэн төгрөг төлөх үүрэг хүлээсэн үүнээс зээл, хүүд хэдэн төгрөг төлсөн, үлдэгдэл нь хэдэн төгрөг болж байна гэдгийг дурдаагүй байна.   

Иймд сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 1154 дүгээр шийдвэрийн Г.Б-гаас 10.593.000 төгрөг гаргуулах, хэсгээс зөвшөөрөхгүй байгаа алдангийн 3.531.000 төгрөг, үндсэн зээл, хүүд төлсөн 2.880.000 төгрөг нийт 6.411.000 төгрөгийг хасч өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Б- давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Давж заалдах шатны шүүхэд хэрэг ирсний дараа нэхэмжлэгч Т.Э-тэй эвлэрлийн гэрээ байгуулсан тул эвлэрлийн гэрээг баталж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Т.Э- хариуцагч Г.Б-д холбогдуулан зээл, зээлийн хүү “22.357.900 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч  зээлийн төлөлтийг хийж байгаа гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Т.Э-, хариуцагч Г.Б- нарын хооронд байгуулсан зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Г Б-гаас 10.593.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.Э-т олгож, 1.469.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Г.Б-гаас шүүх 10.593.000 төгрөг гаргуулж шийдвэрлэснээс хариуцагч алданги 3.531.000 төгрөг, үндсэн зээл, хүүд төлсөн 2.880.000 төгрөг, нийт 6.411.000 төгрөгийг хасуулахаар давж заалдах гомдол гаргажээ.

Давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч Г.Б- нэхэмжлэгч Т.Э-т зээл 3.009.831 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж  184.438 төгрөг буюу нийт 3.194.269 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 25-ны дотор, мөн өмгөөлөгчийн хөлс гэх 500.000 төгрөгийг  2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр тус тус төлөхөөр 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байна.  

Иймээс нэхэмжлэлийн шаардлага болох зээл 3.009.831 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж  184.438 төгрөг буюу нийт 3.194.269 төгрөгийг төлөх тухай эвлэрлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Харин зохигчид нэхэмжлэлийн шаардлагад холбогдолгүй өмгөөлөгчийн хөлс гэх 500.000 төгрөгийг төлөх талаар талууд хэлэлцэж эвлэрлийн гэрээ байгуулсныг шүүх батлах боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 1154 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож,   нэхэмжлэгч Т.Э-ийн нэхэмжлэлийн шаардлагаас анхан шатны шүүх хариуцагч Г.Б-гаас 10.593.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.Э-т олгохоор шийдвэрлэснээс хариуцагч 3.184.260 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн, 7.408.740 төгрөгийг зохигчид эвлэрэн хэлэлцсэн болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 117.600 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч  хяналтын журмаар гомдол гаргах,  тухайн асуудлаар анхан шатхны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        О.НАРАНГЭРЭЛ          

                                 ШҮҮГЧИД                                        Л.АМАРСАНАА

                                                                                          С.ОЮУНЦЭЦЭГ