Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 190

 

“Ариг” банкны Дархан салбарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2016/00959/и

           Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Оюунцэцэг даргалж, шүүгч О.Нарангэрэл, С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 1201 дугаар шийдвэртэй,  

          Нэхэмжлэгч: “Ариг” банкны Дархан-Уул аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: Л.С-, Ц.Д- нарт  холбогдох, 

          “Зээлийн гэрээ цуцалж, зээлийн гэрээний үүрэг 18.539.824 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг,

          Хариуцагч Л.С-ийн давж заалдсан гомдлыг үндэслэн,

           2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: хариуцагч Л.С-, Ц.Д-, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

           Нэхэмжлэгч “Ариг” банк шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

           Л.С-, Ц.Д- нар 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 2120008160 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 20.000.000 төгрөгийг бизнесийн зээлийн зориулалтаар 36 сарын хугацаатай жилийн 30.6 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Гэвч зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байсаар одоогийн байдлаар 18.539.824 төгрөгийн өртэй болоод байна. Л.С-, Ц.Д- нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн зээл болон зээлийн хүүг хугацаанд нь төлөөгүй бөгөөд энэ талаар удаа дараа банкнаас мэдэгдэл өгч шаардаж байсан боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлэх талаар огт санал санаачлагагүй байсаар өнөөдрийг хүртэл төлбөрөө барагдуулаагүй байна.

          2120008160 тоот зээлийн гэрээний 4.2.3, 4.2.5, 4.2.6-д заасныг тус тус үндэслэн зээлийн гэрээг цуцалж зээлдэгчээр үндсэн зээлийн үлдэгдэл 17.800.000 төгрөг, үндсэн хүүний  үлдэгдэл  729.164 төгрөг, нэмэгдүүлсэн    хүүний     үлдэгдэл   1660 төгрөг,    нийт 18.530.824 төгрөг, нотариатын зардал 9000 төгрөг, бүгд 18.534.824 төгрөгийг хариуцагчаас гаргуулж хохирлыг барагдуулж өгнө үү.

            Л.С-, Ц.Д- нар зээлийн барьцаанд Дархан сум 16 дугаар баг, 1 дүгээр хороолол, 12 дугаар байрны 48 тоот Y-2003004395 дугаартай 21.0 м2 талбай бүхий 2 өрөө орон сууцыг шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах үүднээс битүүмжилж, зээлийн болон гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

            Хариуцагч Л.С-, Ц.Д- нар шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Тус банктай зээлийн гэрээ байгуулж 20.000.000 төгрөгийг Э.Энхбат гэдэг хүний бизнесийг дэмжихээр 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 15.000.000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 5 сая төгрөгийг тус тус өгсөн. Э.Энхбат нь зээлийг тус “Ариг” банктай байгуулсан зээлийн гэрээний дагуу хугацаанд нь төлж барагдуулахаар тохиролцож авсан ба энэ тухайгаа өөрийн гараар бичиж нотариатаар батлуулан баталгаа гаргаж өгсөн. Иймд “Ариг” банкны гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн болох 18.538.824 төгрөгийг иргэн Э.Энхбат хариуцаж төлж барагдуулах ёстой юм гэжээ.

            Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 1201 дугаар шийдвэрээр:    

            Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 451  дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зохигчдын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан 2120008160 тоот зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Л.С-, Ц.Д- нараас 15.939.824 төгрөг гаргаж нэхэмжлэгч “Ариг” банкны Дархан-Уул аймаг дахь салбарт олгож, үлдэх 2.600.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

            Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн  Y-2003004395 дугаартай Дархан-Уул аймаг Дархан сум 16 дугаар баг, 1 дүгээр хороолол, 12 дугаар байрны 48 тоот, 2 өрөө орон сууцыг албадан худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж,

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250.650 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч  нараас улсын тэмдэгтийн хураамжид 250.650  төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Ариг” банкны Дархан салбарт олгож шийдвэрлэжээ.

            Хариуцагч Л.С- давж заалдсан гомдолдоо:

           Э.Энхбат гэдэг хүнтэй хамтарч бизнес эрхлэхээр тохиролцож бид байраа барьцаалан “Ариг банкнаас 20 сая төгрөг аваад авсан даруйдаа 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 15 сая төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 5 сая төгрөгийг тус тус бэлнээр Э.Энхбатад өгсөн. “Ариг” банктай байгуулсан зээлийн гэрээний төлөлтийг хуваарийн дагуу хугацаанд нь Э.Энхбат төлж барагдуулахаар тохиролцож авсан ба энэ тухайгаа өөрийн гараар бичиж нотариатаар батлуулан баталгаа гаргаж өгсөнийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн, хамтран хариуцагчаар татуулах хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Бид Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт өргөдөл гаргасны дагуу Э.Энхбатад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлд заасан залилангийн гэмт хэрэг үүсгэж шалгаж байна.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нөхөр бид хоёр  үндсэн зээлийн төлөлтөнд 2.600.000 төгрөг төлсөн боловч нэхэмжлэгч Ариг банк нь уг төлөлтөөс тэргүүн ээлжинд хүү, нэмэгдүүлсэн хүү болох 730.824 төгрөгийг тооцон хассан нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т зааснаар “тэргүүн ээлжинд үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлнө гэж заасныг зөрчсөн байхад анхан шатны шүүх үүнийг харгалзаж үзэхгүйгээр нэхэмжлэлийн  шаардлагыг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна гэв.

ХЯНАВАЛ:

            Шүүхийн шийдвэр  нь  хууль ёсны, үндэслэл бүхий болж чадаагүй байна.

            Шүүх урт хугацаатай  зээлийн гэрээг цуцлах үндэслэл нь хуульд нийцсэн эсэхийг  анхаараагүй,  гэрээний  үүргийн зөрчлийг  хугацаа  болоогүй  нийт үүргийн  хэмжээгээр  тооцсоныг  буруу  гэж үзнэ.

            “Ариг” банкны Дархан-Уул аймаг  дахь салбар нь хариуцагч   Л.С-, Ц.Д- нарт  холбогдуулан  зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний дагуу  18.530.824  төгрөг, нотариатын зардал  9000 төгрөг, нийт 18.539.824  төгрөг  гаргуулж, барьцаа  хөрөнгөөр  үүргийн  гүйцэтгэлийг хангуулах  шаардлага  гаргажээ.

            Зохигчдын  хооронд  2015 оны  11 дүгээр  сарын 19-ний  өдөр зээлийн болон  барьцааны гэрээ байгуулагдсан, гэрээнд зааснаар  20.000.000 төгрөгийг 36 сарын хугацаатай  жилийн  30,6 хувийн хүүтэй  зээлдүүлсэн, төлөлтийг  сар бүр  хувиарийн  дагуу төлөхөөр  тохирчээ.

            2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд  ирүүлсэн  нэхэмжлэлийн үндэслэлд үндсэн зээлийн  үлдэгдэл  17.800.000 төгрөг, хүүгийн үлдэгдэл 729.164 төгрөг  гэсэн  бөгөөд хариуцагч нь зээл, зээлийн хүүд  4.864.497  төгрөг төлсөн байна.

Зээлийг эргэн төлөх  хувиараар  2015 оны 12 дугаар сарын 20-ноос 2016 оны 06 дугаар сарын 20 хүртэл хугацаанд  үндсэн зээлд 3.300.000 төгрөг, хүүд  3.393.661  төгрөг нийт 6.693.661 төгрөг төлөхөөс  үндсэн зээлд  2.200.000 төгрөг, хүүд 2.664.497  төгрөг төлж   биелүүлээгүй үүрэг нь 1.829.164 төгрөг  байжээ.

Харин нэхэмжлэлийн  шаардлагын агуулгад зөрчлийг  гэрээний нийт хугацаанд  төлөх хэмжээгээр  ирүүлснийг  шүүх  үүргийн  зөрчлийг  зөв  тодорхойлоогүй   байна.

Гэрээний   үүргийг зөрчсөн нь  гэрээг цуцлах үндэслэл болж байвал  Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2, 225 дугаар зүйлийн 225.2-т  зааснаар  гэрээний  үүрэг биелүүлэх нэмэлт хугацаа  тогтоохыг заасан байна.

Хэрэгт цугларсан баримтаас үзэхэд  нэхэмжлэгч нь  хариуцагчийг 1.876.826  төгрөг төлөх  үүргийг  2016 оны 8 дугаар сарын 12-ны дотор   биелүүлэхийг   8 дугаар сарын 10-ны өдөр мэдэгдсэн  нь  шүүхэд нэхэмжлэл  гаргаснаас хойно  өгсөн мэдэгдэл  байх тул  дээрх  хуулийн  шаардлагад  нийцээгүй  байна.\хх-47 дугаар хуудас\

Нэмэлт хугацаа  тогтоосноор  гэрээний  талуудад  нэг нь  зөрчлөө арилгаж  цааш  гэрээг үргэлжлүүлэх боломжийг бий болгож, нөгөөд нь хохирол  арилсан  үр дүн  гарсан   байх  ач  холбогдолтой  юм.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  хариуцагч  нар  төлсөн  2.600.000 төгрөгийг  2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх үүргийн  үлдэгдэл  1.829.164 төгрөгийг хасч үлдэх  776.836 төгрөгийг  энэ хугацаанаас  хойшх  үүрэгт  тооцуулахаар  үлдээх  боломжтой.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс  шүүх хуралдааны  үед зээлийн гэрээний   4.2.3  “Зээлдэгч зээлийн гэрээ болон түүний бүрэлдэхүүн хэсэг болох зээл  түүний хүүг буцаан төлөх хуваарь, гэрээнд  оруулсан нэмэлт өөрчлөлт, барьцааны болон батлан даалтын гэрээний заалтыг зөрчсөн, 4.2.5 Зээлийг бусдад дамжуулж зээлдүүлсэн, 4.2.6  Зээлийг зориулалт бусаар ашигласан,  үр ашиггүйгээр зарцуулсан нь тогтоогдсон“   зэргээр зээлийн  гэрээг  цуцлах үндэслэлээ  болгожээ.

Үүргийг  ялимгүй зөрчсөн бол гэрээнээс  татгалзаж болохгүй  болохыг  Иргэний хуулийн  225 дугаар зүйлийн  225.4, 225.4.1 дэх хэсэг   зохицуулсан,   гэрээний  4.2.3-ийг  зөрчсөн  зөрчлийг  энэ заалтад   үндэслэн  дээрх  гаргасан зөрчлийг дүгнэхэд    үүргийг ялимгүй  зөрчсөн гэж үзнэ. Э.Энхбатад 15.000.000 төгрөг зээлүүлсэн  зорилгын агуулгаас  үзвэл   “Эрэл” спорт  заалны цайны газрыг  хамтран ажиллуулж ашиг олох бөгөөд энэ нь  бизнесийн зээлийн  үйл ажиллагаатай нь холбоотой  учир  гэрээний  4.2.5, 4.2.6-т  дурдсан  зөрчилд хамааралгүй   байна.

Иймд зээлийн гэрээг цуцлаж,  гэрээ цуцалсны  үр дагавар  18.539.824 төгрөг  гаргуулах, барьцаа  хөрөнгөөр  үүргийн гүйцэтгэлийг  хангуулахыг хүссэн  нэхэмжлэлийг  хэрэгсэхгүй  болгож, анхан шатны  шүүхийн  шийдвэрийг  энэхүү  үндэслэлээр хүчингүй болгох  нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 166 дугаар зүйлийн  166.4  дэх заалтад  харшлахгүй  гэж дүгнэлээ.

Хариуцагч нь гэрээний үүргээ дахин зөрчиж, зээлийг хувиарийн  дагуу төлөхгүйгээс гэрээг цуцлах  үндэслэл бий болсон үед  дахин нэхэмжлэл  гаргахад  энэ  шийдвэр  саад болохгүй  болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.4-т   заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 1201 дугаар шийдвэрийг  хүчингүй болгож, Иргэний   хуулийн  451 дүгээр зүйлийн  451.1 дэх хэсгийг баримтлан  “Ариг” банкны Дархан-Уул аймаг дах салбарын  хариуцагч  Л.С-, Ц.Д-  нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний  хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн  56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д  зааснаар  нэхэмжлэгчээс  анхан шатны  шүүхэд улсын тэмдэгтийн   хураамжид төлсөн  250.650  төгрөгийг   төрийн сангийн  орлогод хэвээр үлдээж,  хариуцагчаас давж  заалдах гомдол гаргахдаа  улсын тэмдэгтийн хураамжид  22.090 төгрөг төлснийг  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар шүүгчийн захирамжаар гаргаж, буцаан  олгосугай.

           3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар  зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

           4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               С.ОЮУНЦЭЦЭГ   

                          ШҮҮГЧИД                                                О.НАРАНГЭРЭЛ

                                                                                            С.ЭНХЖАРГАЛ