Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 150

 

 

 

 

                                       

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Асүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Ц.Саранчимэг ,

Улсын яллагчаар хяналтын  прокурор Б.Мөнгөншагай,

Хохирогч С.Б,

Иргэний нэхэмжлэгч У.Э, С.А,

Иргэний хариуцагч Б.Г,

Шинжээч  Ю.И,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Отгончимэг, Г.Сүхээ,

Шүүгдэгч Ю.Г, П.Б нарыг  оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын  хяналтын прокурор Б.Мөнгөншагайгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ю.Г, П.Б нарт холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2019 оны 07-р сарын 19-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Ю.Г, 

 

П. Б, 

 

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

 

  Шүүгдэгч Ю.Г нь ... машинчаар , шүүгдэгч П.Б нь ....аар ажиллаж байхдаа  2018 оны 08 дугаар сарын 12-ны шөнийн 05 цагийн орчимд “Улаанбаатар-Сайншанд” чиглэлийн суудлын .... дугаартай галт тэрэгийг жолоодон Дорноговь аймгийн Айраг сумын нутаг дэвсгэр У-н 747 дугаар километрийн 10 дугаар зуутад аялж явахдаа Зам тээвэр, аялал жуулчлалын сайдын 2008 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 63 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Төмөр замын техник ашиглалтын дүрэм”-ийн 17.36-д заасан “Галт тэрэг жолоодож яваа машинч, туслах машинчийн үүрэг: а/ Зам чөлөөтэй эсэхийг шалгах”, мөн дүрмийн 17.37-д заасан “ Галт тэрэг жолоодон явахдаа дараахь үйлдлийг гүйцэтгэнэ: в/...саад гэнэт тохиолдох үед яаралтай тоормослох бүх арга хэрэгслийг ашиглан галт тэргийг тухайн газарт тогтоосон тоормосны замаас илүүгүй зайд зогсоох”, мөн тушаалын 3 дугаар хавсралтаар баталсан “Галт тэрэгний хөдөлгөөн удирдлагын журам”-ын 11.19-т “..аадар бороо орж байгаа үед анхаарамж ба дохио байгааг үл харгалзан зүтгүүрийн бригад нь онцгой сонор сэрэмжтэй явах ба шаардлагатай үед хурдаа бууруулж зогсоход бэлэн явна” гэснийг, мөн Н“Улаанбаатар төмөр зам”-ын даргын 2018 оны 03 дугаар сарын 15 –ны өдрийн А-99 дугаар тушаалын 4 дүгээр хавсралтад “Зам үерт автах аюултай буюу аадар бороотой үед галт тэргийг өндөр сонор сэрэмжтэй жолоодох, шаардлагатай үед зогсоох хүртэл арга хэмжээ авч ажиллах километрүүдийн жагсаалт... Чойр-Айраг өртөө хооронд ... 747, 748 дугаар км” гэж заасныг тус тус зөрчин хурдаа тохируулж, өндөр сонор сэрэмжтэй яваагүйн улмаас зорчигч С.Б, Д.Н нарын эрүүл мэндэд хүнд хохирол, Н“У”-д 350.521.244 төрөгийн буюу их хэмжээний хохирол  учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ю.Гын  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 12-ны өдөр ажлаас дуудаад ирэхэд Чойр өртөөнөөс Сайншанд явах .... галт тэргийг жолоодон албан үүргээ гүйцэтгэж явсан. Энэ хугацаанд Цомог зөрлөгт 4 цаг 20 минутад очиж зогсоод хөдлөх гэхэд диспичер 33 дугаар галт тэрэг зөрж яваа гэж хэлсэн. Үүнээс хойш аялал хийгээд явж байхад зам гэнэт огцом донсолсон ба донслоход нь өндийж яаралтай тоормосоо татсан. Яаралтай тоормос татахад галт тэрэг хазайж газар унасан. Тэгээд намайг манай туслах машинист татаж гаргаж ирээд илчит тэрэгний харалдаа хагарсан байсан цонхоор бид хоёр гарч явсан. Манай туслах машинист мэдээ хүргэх гээд Айраг өртөө рүү гүйсэн, би арын вагонруу явсан. Тэнд очиход ямар ч хүн байгаагүй. Тэгтэл над дээр төмөр замын замчин залуу ирсэн. Бид хоёр чулуу аваад цонх хагалаад хүн байна уу гээд асуухад хүмүүс орилож байсан. Галт тэрэгний  дарга ирээд хүмүүсийг аврах ажиллагаанд оролцуулаад, галт тэргээ бүрэн бэхлээд байж байтал эмнэлэгийн тусламж ирээд бид хоёрыг эмнэлгийн үзлэгт оруулан Айраг суманд эмнэлэгт хэвтүүлсэн  ...” гэсэн мэдүүлэг

 

Шүүгдэгч П.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн : “...Чойроос Сайншанд явах илчит тэрэгний туслах машинистаар албан үүргээ гүйцэтгэж явсан. Цомог зөрлөгөөс хөдлөөд Айраг өртөө хүртэл явж байхад галт тэрэг осолдсон. Галт тэрэг унахад станцаар Айраг өртөөний жижүүрт мэдэгдэхээр утастахад хариу өгөөгүй учир цааш гүйж Айраг өртөөний анхааруулах дохионы хажууд замчинтай тааран болсон зүйлийн талаар мэдэгдээд буцаад унасан галт тэрэг дээрээ ирсэн  ...” гэсэн мэдүүлэг

 

Хохирогч С.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би унтлагын вагонд явж байсан. Унтаж байхад гэнэт вагон унасан. Миний биед хавирга хугарсан, аарцаг задарсан, цээжний хагалгаа, элэг уушгинаасаа тайруулах зэрэг гэмтэл учирсан. Одоо эрүүл мэндийн хувьд гайгүй байгаа ч аарцаг задарсан учир сайн алхаж чадахгүй байгаа. Манай хүүхэд Билгүүн тухайн үед хамт явж байсан ба тархи толгойн гэмтэл аваад эмнэлгийн байгаа Нөхөр маань нуруундаа гэмтэл авсан. Гэр бүлээрээ хохирсон учир гомдолтой байна. Би эмчилгээний зардал 10 000 000 төгрөг нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг.

 

Иргэний нэхэмжлэгч У.Эын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Би вагон дотор хоёр давхрын орон дээр хэвтэж байсан. Гэтэл гэнэт вагон унаад толгойгоороо хүчтэй цохиулсан. Нэг мэдэхэд газар хэвтэж байсан. Тэгээд удалгүй эмнэлгийнхэн ирсэн ба би хүнд өвчтөний тоонд ороод эмнэлэгрүү явсан. Би төмөр замын удирдлагад шүүх эмнэлгийн магадалгааг аваад очиход надад байгалийн гамшгийн улмаас энэ гэмтэл болсон гэв. Би эмнэлэгт долоо хоноод гарсан тэгэхэд миний нурууны өвчин эдгэрээгүй байсан. Тэгээд би шүүх эмнэлэг дээр очиход надад дүгнэлт гаргаж өгсөн. Анх ган зам даатгалаас надад 300 000 төгрөг өгсөн. Би одоо төмөр замын байгууллагаас 10 000 000 төгрөгийг эмчилгээ хийлгэхээр нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг.

 

Иргэний нэхэмжлэгч С.Аийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би нөхөр хүүхэдтэйгээ гэр бүлээрээ тус вагонд зорчиж явсан. Миний биед учирсан гэмтлийн хувьд 3 хавирга хугарсан, дараа нь эмнэлэгт очиж үзүүлэхэд өвчүү цөмөрсөн байна гэсэн. Тэгээд төмөр замын эмнэлэгт 10 хоног эмчилгээ хийлгэсэн. Одоо ч миний бие өвддөг. 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр миний хүүхэд Загдхорол маань эх нялхаст ахар сүүлний хагалгаанд орсон. Тухайн үед гэмтэл нь мэдэгдэхгүй байсан юм. Би нэхэмэжлэлийн шаардлага гаргах хүсэлтэй байна гэсэн мэдүүлэг.

 

Иргэний хариуцагч Б.Гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн : Осол гарах үед Улаанбаатар төмөр зам ажилласан. Аймгийн засаг даргын захирамжаар уг ослыг байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүссэн осол гэж нотолсон. Зүтгүүрийн ажилчид ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байсан гэдэг нь нотлогддог. Анхаарал болгоомж алдсан зүйл байхгүй. Төмөр замын зүгээс уг хэргийг хэрэгсэхгүй болгож өгөөч гэсэн санал гаргаж байна. Учирсан хохирлыг байгууллагын алдагдалд оруулан тооцохоор болсон гэсэн мэдүүлэг.

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-4 дүгээр хуудас/

 

Хохирогч Д.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар-Сайншанд чиглэлийн .... дугаар галт тэрэгний 14 дүгээр вагоны 10 дугаар суудалд зорчин явсан бөгөөд галт тэрэг осолдсон. “...ослын улмаас эрүүл мэндээрээ хохирсон..." гэх мэдүүлэг /2хх 60-62/

 

Гэрч Э.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...2018 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хэсгийн А утсаар яриад “өнөөдөр бороо их орж байна, замаа шалгах шаардлагатай байна, ажил дээр хүрээд ир гэсэн. Тэгээд би жолооч Эболон замчин Б нарт утсаар мэдэгдэж, ажил дээр дуудсан. Ингээд бид 3 ажил дээр ирэхэд мастер одоо очоод 747-р км-ийн гүүрийг шалгаад, тэндээсээ хоёр хуваагдаад шалга гэсэн үүрэг өгсөн. 747-р км гүүрний харалдаа ирэх үед Улаанбаатар-Сайншанд чиглэлийн .... дугаар галт тэрэг уг гүүрээр өнгөрч байсан. Гүүрээр өнгөрөөд л 200 гаруй метрийн цаад талд их дуу чимээ гарсан, гүйгээд очиход зүтгүүр замын баруун талдаа унасан байдалтай байсан” гэх мэдүүлэг / 1 хх 144-145, 2хх 4-5, 4хх 205-206 дугаар хуудсууд/

 

Гэрч Ж.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...манай замаас хамгийн эрсдэлтэй нь 747-р км-ийн 6-р зуутад байрлах гүүр байдаг бөгөөд тухайн өдөр бороо орж байсан болохоор тэр цэгийг шалгах гээд эргүүлүүд явсан байсан. Манай хэд гүүрэн дээр очих үед Улаанбаатар-Сайншанд чиглэлийн .... дугаар галт тэрэг уг гүүрээр өнгөрч байсан. Гүүрээр өнгөрөөд л 200 гаруй метрийн цаад талд их дуу чимээ гарч, зүтгүүр унасан талаар мэдээлсэн” гэх мэдүүлэг/1хх 146-147, 2хх 8-9, 4хх 207-208 дугаар хуудсууд/

 

Гэрч А.Бы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 12-ны 04:00 цагийн цагийн орчимд манай хэсгийн дарга Э надруу залгаж зам шалгах талаар хэлсэн. Тэгээд удалгүй Э, Б, Энар ирж, бид нар Айраг өртөөнөөс Цомог өртөө чиглэл рүү зам шалгахаар явсан. Замдаа машин 748-р км-т шаварт суусан учир цааш явган явсан. Ингээд 747-р км-ийн 5-6-р зуутад гүүрэн дээр ирэхэд ....-р галт тэрэг бидний хажуугаар өнгөрч яваад удалгүй тас няс хийх чимээ гарахаар нь юу болов гээд гүйгээд очтол галт тэрэг онхолдсон байсан...” гэх мэдүүлэг. /1хх 148-149 дүгээр хуудас/

 

Гэрч С.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...би 2018 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Бээжин-Улаанбаатар чиглэлийн 33-р галт тэргийг 01:50 цагийн орчимд Сайншанд өртөөнөөс хүлээн аваад өглөө 05:19 цагт Чойр өртөөн дээр ирсэн. Тухайн үед манай галт тэрэг 747-748 дугаар км-т 04:26 цагт явж өнгөрсөн. Намайг Айраг өртөөнд  ирэхэд бороо нилээд усархуу байдалтай орж байсан. Галт тэрэгний гэрлийн ашигтай тусгал 300 метрт үзэгдэл харагдаж байсан” гэх мэдүүлэг /2хх 2-3 дугаар хуудас/

Гэрч Б.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...Тэр шөнө харанхуй, их хэмжээний бороотой, Айраг суманд үер буусан байсан” гэх мэдүүлэг /2хх 6-7 дугаар хуудас/

Гэрч Л.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...Тухайн өдөр буюу 2018 оны 08 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнийн 02 цаг 30 минутаас эхлээд Дорноговь аймгийн Айраг сумын нутагт байх У 747 дугаар км орчимд 08 цагийн байдлаар нийт 05:19 цаг үргэлжлэн орсон байна. Борооны хур тундас 82мм байгаа нь гамшигт үзэгдлийн хэмжээнд үзнэ.” гэх мэдүүлэг. /1хх 208-209 дүгээр хуудас/

 

Гэрч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...Суудлын галт тэрэг цагт 75 км цагийн хурдтай явах юм бол замын хэвлийгээс хамаараад яаралтай тоормос хийсэн газраас 600-700 метр зам туулж зогсоно. “...Илчит тэрэгний гэрлийн тусгал дундажаар 300-350 метр байдаг ба цас, бороо, шуурга гээд байгалын үзэгдлээс хамаараад өөр өөр байдаг...” гэх мэдүүлэг /4хх 204 дүгээр хуудас/

 

Гэрч С.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хурд хэмжигчийн тууз нь бичлэг хийх гадаргуу дээр тусгай шохойн түрхлэгтэй байдаг, тууз нь өөрөө цаасан материалтай ус бороонд норсон үед гадаргуу дээрх бичлэг тодорхойлох харагдах боломжгүй болж, шохой арилна.Тиймээс зүтгүүрийн хурд, яаралтай тоормос хийсэн эсэхийг тодорхойлох боломжгүй юм...” гэх мэдүүлэг /4хх 234-235 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн .....дугаартай “...С.Бын биед баруун 6-11 дүгээр хавирганы хугарал, цээжний хөндий дэх цус хуралт, элэгний задрал, хэвлийн хөндийн цус хуралт, өрцний задрал, сүүжний хугарал, тархи доргилт, баруун буглага, баруун гуя, бэлэг эрхтэн, зүүн гарын сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдоо. Дээрх гэмтлүүд нь учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /Зхх 95-96 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн ..... дугаартай “...С.Бын биед зүүн уушигны доод дэлбэнд задрал, плеврийн хөндийд хий, шингэн, хуралт, хоёр талын олон хавирганы хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал, ууцны 1, 2 дугаар нугалмын латерал масс, зүүн сүүж ясны хугарал, баруун ташаа, баруун гуя, баруун шилбэ, нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /Зхх 97 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн ... дугаартай “...Д.Нн биед тархины аксоны тархмал гэмтэц гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /Зхх 100 дугаар хуудас/

 

Зам, тээврийн хөгжлийн яамны ХШҮДАГ-ын ЗТХХ-ийн Төмөр зам, замын байгууламжийн аюулгүй байдлын хяналт хариуцсан мэргэжилтэн, Мэргэжлийн хяналтын улсын байцаагч С.Мын 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн ..... дугаартай “...зүтгүүрийн урагш харсан камерт бичигдсэн 747-р км-ийн 9-р зуутад төмөр замын далан 12.5 м орчим сэтэрсэн..”, “...Осол гарахад галт тэрэгний машинч нарын буруутай үйлдэл байна...” гэх дүгнэлт /Зхх 123-129 дүгээр хуудас/

 

Шинжээч С.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...Тухайн галт тэрэгний машинч нар нь Монгол- Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын даргын 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А-99 дугаар тушаалын 4 дүгээр хавсралтад “...Зам үерт автах аюултай буюу аадар бороотой үед галт тэргийг өндөр сонор эзсэмжтэй жолоодох, шаардлагатай үед зогсох хүртэл арга хэмжээ авч ажиллах километрүүдийн жагсаалт ...Чойр-Айраг өртөө хооронд ...747, 748 дугаар км” гэж заасан заалтыг биелүүлж ажиллаж чадаагүй. Энэ нь галт тэрэгний машинч нар анхаарамжийн зорилго, ач холбогдлыг ойлгоогүй явсан гэж үзэж байна...” гэх мэдүүлэг /Зхх 138-141 дүгээр хуудас/

 

Зам, тээврийн хөгжлийн яамны ХШҮДАГ-ын ЗТХХ-ийн Төмөр замын хяналтын мэргэжилтэн, улсын байцаагч Х.Итгэлтийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ... дугаартай “...Зам тээвэр, аялал жуулчлалын сайдын 2008 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 63 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Төмөр замын техник ашиглалтын дүрэм”-ийн 17.36-д заасан “Галт тэрэг жолоодож яваа машинч, туслах машинчийн үүрэг: а/ Зам чөлөөтэй эсэхийг ажиглах", мөн дүрмийн 17.37-д заасан “Галт тэрэг жолоодож явахдаа дараах үйлдлийг гүйцэтгэнэ: в/...саад гэнэт тохиолдох үед яаралтай тоормослох бүх арга хэрэгслийг ашиглан галт тэргийг тухайн газарт тогтоосон тоормосны замаас илүүгүй зайд зогсоох”, мөн тушаалын 3 дугаар хавсралтаар баталсан “Галт тэрэгний хөдөлгөөн удирдлагын журам”-ын 11.19-т “...аадар бороо орж байгаа үед хаарамж ба дохио байгааг үл харгалзан зүтгүүрийн бригад нь онцгой сонор сэрэмжтэй явах ба шаардлагатай үед хурдаа бууруулж зогсоход бэлэн явна” гэснийг зөрчсөн байна...” гэх дүгнэлт /3хх 120-120 дугаар хуудас/

 

Цаг уур, орчны шинжилгээний газрын 2018 оны 08 дугаар сарын 16-ны ...дугаартай тодорхойлолт /4хх 14 дүгээр хуудас /

 

Зам тээвэр, аялал жуулчлалын сайдын 2008 оны 04 дүгээр сарын 04-ний 63 дугаар тушаал /4хх 39-44 дүгээр хуудас /

 

Төмөр замын техник ашиглалтын дүрэм, Н“Улаанбаатар төмөр зам”-ын даргын 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А-99 дугаар тушаал, Улаанбаатар-Сайншанд чиглэлийн суудлын .... дугаар галт тэрэгний зүтгүүрийн дотор талын камерийн бичлэг бүхий CD, Хууль зүйн албаны 2018 оны 12 дугаар сарын 12-ний өдрийн 10/535 дугаартай хохирол тооцсон талаарх албан бичиг /Зхх 165-167 дугаар хуудас/,

 

Мөрдөгчөөс 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг /1хх 15-42 дугаар хуудас/,

 

Замын 3 дугаар ангийн орлогч дарга М.Энхбат, 8 дугаар хэсгийн мастер Ж.А Э.Э нарын 2018 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн Төмөр зам шалгасан тухай акт” /1хх 43 дугаар хуудас/,

 

Мөрдөгчөөс 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хяналтын камерийн үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 47-48 дугаар хуудас/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / 3хх 218, 324 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримт болон хавтаст хэрэгт авагдсан бусад гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлгүүд, бичгийн бусад нотлох баримтуудыг  шинжлэн судлав.

 

Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ю.Г нь ... машинчаар , шүүгдэгч П.Б нь ....аар ажиллаж байхдаа  2018 оны 08 дугаар сарын 12-ны шөнийн 05 цагийн орчимд “Улаанбаатар-Сайншанд” чиглэлийн суудлын .... дугаартай галт тэргийг жолоодон Дорноговь аймгийн Айраг сумын нутаг дэвсгэр У 747 дугаар километрийн 10 дугаар зуутад аялж явахдаа Зам тээвэр, аялал жуулчлалын сайдын 2008 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 63 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Төмөр замын техник ашиглалтын дүрэм”-ийн 17.36-д заасан “Галт тэрэг жолоодож яваа машинч, туслах машинчийн үүрэг: а/ Зам чөлөөтэй эсэхийг шалгах”, мөн дүрмийн 17.37-д заасан “ Галт тэрэг жолоодон явахдаа дараахь үйлдлийг гүйцэтгэнэ: в/...саад гэнэт тохиолдох үед яаралтай тоормослох бүх арга хэрэгслийг ашиглан галт тэрэгийг тухайн газарт тогтоосон тоормосны замаас илүүгүй зайд зогсоох”, мөн тушаалын 3 дугаар хавсралтаар баталсан “Галт тэрэгний хөдөлгөөн удирдлагын журам”-ын 11.19-т “..аадар бороо орж байгаа үед анхаарамж ба дохио байгааг үл харгалзан зүтгүүрийн бригад нь онцгой сонор сэрэмжтэй явах ба шаардлагатай үед хурдаа бууруулж зогсоход бэлэн явна” гэснийг, мөн Н“Улаанбаатар төмөр зам”-ын даргын 2018 оны 03 дугаар сарын 15 –ны өдрийн А-99 дугаар тушаалын 4 дүгээр хавсралтад “Зам үерт автах аюултай буюу аадар бороотой үед галт тэргийг өндөр сонор сэрэмжтэй жолоодох, шаардлагатай үед зогсоох хүртэл арга хэмжээ авч ажиллах километрүүдийн жагсаалт... Чойр-Айраг өртөө хооронд ... 747, 748 дугаар км” гэж заасныг тус тус зөрчин хурдаа тохируулж, өндөр сонор сэрэмжтэй яваагүйн улмаас зорчигч С.Б, Д.Н нарын эрүүл мэндэд хүнд хохирол, Н“Улаанбаатар төмөр зам”-д 350.521.244 төрөгийн буюу их хэмжээний хохирол  учруулсан гэмт хэрэгт холбогдож Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.10 дугаар зүйлийн 1-т “хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч ...гаргаж өгсөн эд зүйл, баримт бичиг, мэдээлэл бусад баримтыг мөрдөгч, хүлээн авч, тэмдэглэл үйлдэн хавтаст хэрэгт тусгаж хавсаргана гэж заасан бөгөөд хавтаст хэргийн 145 /2/ дугаар талд иргэний хариуцагч Н.А, Б.Г нараас гаргаж өгсөн хүсэлт болон фото зургийг мөрдөгчийн тогтоолоор /152/ шийдвэрлэн хавтаст хэрэгт хавсаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийвэрлэх тухай хуулийн 16.10 дугаар зүйлийн 1-д  заасан журмыг зөрчөөгүй байх тул иргэний хариуцагч нараас хавтаст хэрэгт хавсаргасан фото зургийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шинжээч С.М, Ю.И нарын гаргасан дүгнэлт, иргэний хариуцагч Н.Агаас гаргаж өгсөн  баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14,16.10  дугаар зүйлд заасан нотлох баримт  цуглуулж бэхжүүлэх журмыг зөрчөөгүй байх тул  улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Отгончимэг нарын нотлох баримтаар тооцохгүй байх тухай хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

 

Улсын яллагчаас “... 6 минутын бичлэг дээр машинист болон туслах машинист 6 минутын туршид хоорондоо юм ярьж явдаг. Сонор сэрэмжгүй байна. Шинжлэн судалсан бичлэгээс замын гэмтэл нь тулж орж ирээд харагдаж байна. Шүүгдэгч нар тухайн тээврийн хэргслийг жолоодоод зам орчиндоо хяналт тавиад явж байсан бол энэ нөхцөл байдлыг олж харах байсан...” гэж мэтгэлцэж байгааг шүүх хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ.

 

Хавтаст хэргийн 47 дугаар /1/ талд авагдсан  05 цаг 00 минутаас 05 цаг 06 минут 12 секунтын хоорондох хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд шинжлэн судалсан камерийн бичлэгээс дүгнэхэд 05 цаг 06 минут 08  секунтанд камерын бичлэгт төмөр замын машинч талын ул шороо урсаж алга болсон байгаа нь харагдаж байгаад 05 цаг 06 минут 12 секунтэнд илчит тэрэг осолдсон болох нь тогтоогджээ.

 

Хэргийн үйл баримтын талаар  шүүгдэгч Б.Г, П.Б нарын мэдүүлснийг үндэслэлтэйгээр няцааж үгүйсгэх, өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Г, П.Б нарыг  2018 оны 08 дугаар сарын 12-ны шөнийн 05 цагийн орчимд “Улаанбаатар-Сайншанд” чиглэлийн суудлын .... дугаартай галт тэргийг жолоодон Дорноговь аймгийн Айраг сумын нутаг дэвсгэр У 747 дугаар километрийн 10 дугаар зуутад аялж явах үедээ Зам тээвэр, аялал жуулчлалын сайдын 2008 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 63 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Төмөр замын техник ашиглалтын дүрэм”-ийн 17.36, 17.37, мөн тушаалын 3 дугаар хавсралтаар баталсан “Галт тэрэгний хөдөлгөөн удирдлагын журам”-ын 11.19, мөн Н“Улаанбаатар төмөр зам”-ын даргын 2018 оны 03 дугаар сарын 15–ны өдрийн А-99 дугаар тушаалын 4 дүгээр хавсралтад заасан журмыг зөрчсөн гэж эргэлзээгүй, хөдөлбөргүй нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Харин шинжээч Х.Итгэлтийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн :”...зурган дээрээс үзэхэд яаралтай тоормоз хийсэн байна гэж үзэж болохоор байна...” гэсэн мэдүүлэг, шинжээч Ю.Иы өгсөн “...галт тэрэгний машинч туршлагаараа ямар ч тохиолдолд яаралтай тормоз хийдэг. Илчит тэрэг өөрөө 5000 морьны хүчин чадалтай бөгөөд асар их хүчээр аялж явж байгаа. Тухайн осол болох үед машинч нь туршлагаараа яаралтай тоормоз хийгээд зогссон байсан. Үүнийг зүтгүүрийн гар тоормозыг краны бариул 6 дугаар дээр байгаа нь тодорхойлж байна...” гэсэн мэдүүлэг,   2018 оны 10 сарын 23-ны өдрийн ... дугаартай шинжээч Х.Итгэлийн гаргасан дүгнэлт, 2018 оны 09 сарын 28-ний өдрийн 18/68/02 дугаартай шинжээч М.Мын гаргасан дүгнэлт болон  2019 оны 05 сарын 10-ны өдрийн бүрэлдхүүнтэй шинжээчийн дүгнэлт, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан камерын  бичлэгийг хэргийн бодит байдал, цугларсан нотлох баримтттай хянан үзэж  дүгнэвэл  06 минут 08 секунтэнд  төмөр замын ул шороо урсаж алга болсон нь машинчид харагдсан ба үүнээс өмнөх цаг хугацаанд  төмөр замын машинч талын ул шороо урсаж алга болсон нь харагдах боломжгүй байсан буюу харагдаагүй  байна.

 

Шүүгдэгч нар нь сонор сэрэмжтэй явж, ул шороо урсаж алга болсонг харснаас хойшхи 4 секунтын хугацаанд аюул саадыг мэдсэн үеэс яаралтай тоормозыг хийж зогсоох арга хэмжээ авч Зам тээвэр, аялал жуулчлалын сайдын болон  Н“Улаанбаатар төмөр зам”-ын даргын  тушаалаар батлагдсан дүрэм, журмыг мөрдөн ажилласан гэж үзэх үндэслэл тогтоогдож байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Ю.Г, П.Б нарт  холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд  хавтаст хэрэгт цуглуулсан нотлох баримтаар Ю.Г, П.Б нар  нь гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдоогүй байна гэж дүгнэж энэ үндэслэлээр шүүгдэгчийг гэм буруутайд тооцох боломжгүй гэж үзэн шүүгдэгч нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.2 дугаар зүйлийн 2-д заасан хэргийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэлээ.

 

Хэрэгт хураагдан ирсэн 1 ширхэг CD-ыг хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй болно.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,  иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ю.Г, П.Б нарыг шүүхээс гэм буруутайд тооцоогүй тул хохирогч болон иргэний нэхэмжлэгчээс нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг  хэлэлцэхгүй орхих нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1, 36.2 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.9 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  Б овогт Ю. Г, Д. овогт ПБ нарт холбогдох .......... тоот эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар хохирогч болон иргэний нэхэмжлэгч нараас гаргасан нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.

          

3. Хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.5-д зааснаар энэ хэрэгт хавсаргагдан ирсэн 1 ширхэг CD-ыг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.2-т зааснаар Ю.Г,П.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн  тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 ,36.10 дугаар зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг, иргэний нэхэмжлэгч нь шүүхийн тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах журмаар гомдол гаргаж болохыг  тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Д.АДЪЯАСҮРЭН