Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2020/0273

 

2020.04.16-ны өдөр                                       221/МА2020/0273                               Улаанбаатар хот

 

М.Отгонжаргалын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ганхүрэм, нэхэмжлэгч М.О, түүний өмгөөлөгч Ө.Э нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 115 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, М.О-ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 115 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хууль /2002 он/-ийн 27 дугаар зүйлийн 27.2.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.1.7, 47.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.О-аас Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Газрын алба /хуучин нэрээр/-ны даргын 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн “М.О-ыг ажилд томилох тухай” Б/227 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоож, мөн газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “М.Отгонжаргалыг ажлаас халах тухай” Б/327 дугаар тушаалыг хүчингүй болгож, М.Отгонжаргалыг нийслэлийн Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар, Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргүүдийн аль нэг Газар зохион байгуулалтын албаны газрын төлбөр хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилохыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргад даалгаж Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан М.О-ын ажилгүй байсан 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэлх 1 жил 5 сар 21 хоног /ажлын 378 өдөр/-ийн цалин хөлс болох 11,311,638 төгрөгөөс зохих татвар суутгалыг хийж нэхэмжлэгч М.О-д олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны даргад даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 115 дугаар шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй тул хүчингүй болгуулахаар энэхүү гомдлыг гаргаж байна.

Нэхэмжлэгч нь түүнийг ажилд томилсон 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн Б/227 дугаар тушаалд Төрийн албаны зөвлөлд гомдол гарган урьдчилсан байдлаар шийвэрлүүлээгүй нөхцөл байдал өөрийнх нь бичгэн тайлбараар нотлогдож байхад анхан шатны шүүх шаардлагагүй, ач холбогдолгүй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдсэн.

Тухайн ажилд томилсон шийдвэрийг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн №11/1126 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол гарсан.

Тухайн тогтоолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 301.1-т “Энэ хуулийн 44, 55, 63 дугаар зүйлд зааснаа бусад шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн үйл ажиллагаатай холбоотой гомдлыг холбогдох этгээд уг шийдвэрийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор түүний дээд шатны албан тушаалтанд гаргана, 301.2-т дээд шатны албан тушаалтан гомдлыг холбогдох хууль тогтоомжид заасан хугацааны дотор шалгаж шийдвэрлэнэ гэж тус тус зааснаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул хуулийн хүчинтэй болсон байна.

Нэхэмжлэгч урьдчилсан журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхтэй байсан боловч тухайн эрхүүдээ хэрэгжүүлээгүй нөхцөл байдал нь маргаан бүхий актыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан шийдвэрлэх нь холбогдох хуулиар тогтоосон журамд нийцэх билээ.

Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 115 дугаар шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй тул хүчингүй болгож өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч М.О нь Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргад холбогдуулан Нийслэлийн газрын алба /хуучин нэрээр/-ны даргын 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн М.О-ыг ажилд томилох тухай Б/227 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоох, Нийслэлийн газрын алба /хуучин нэрээр/-ны даргын 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн М.О-ыг ажлаас халах тухай Б/327 дугаар тушаалыг хүчингүй болгох, М.О-ыг нийслэлийн Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар, Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргүүдийн аль нэг Газар зохион байгуулалтын албаны газрын төлбөр хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилохыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргад даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 93 дугаар шийдвэрээр М.О-ыг аль нэг дүүргийн Газрын албаны төлбөрийн байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоохыг Нийслэлийн Газрын албанд даалгаж шийдвэрлэсэн байх бөгөөд Улсын дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 280 дугаар тогтоолоор хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Хариуцагч М.О-ыг Нийслэлийн Газрын албаны даргын 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн Б/227 дугаар тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь хэсэг, Засгийн газрын 2014 оны Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, доод жишгийг шинэчлэн тогтоох тухай 332 дугаар тогтоол, Улсын дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 280 дугаар тогтоол, Хөдөлмөрийн дотоод журмын 2.4, Газрын албаны дүрмийн 2.5 дахь хэсгийг тус тус үндэслэн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс Багахангай дүүргийн Газрын албаны Газрын төлбөр хариуцсан мэргэжилтнээр томилсон байна.

Улмаар хариуцагч 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Б/327 дугаар тушаалаар ажлаа хүлээж аваагүй, удаан хугацаагаар ажил тасалсан үндэслэлээр Багахангай дүүргийн Газрын албаны газрын төлбөр хариуцсан мэргэжилтэн М.О-ыг төрийн албан 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халжээ.

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нь “М.О-ыг нийслэлийн Багахангай дүүрэг нь Улаанбаатар хотоос 100 км гаруй зайд байрладаг нь нийтэд илэрхий бөгөөд нэхэмжлэгч нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 29 дүгээр байрны 120 тоотод оршин суудаг, өдөр бүр 200 км явж ажилдаа очих, ирэх боломжгүй тул Б/227 дугаар тушаал нь үндэслэлгүй” гэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэж заасантай нийцэж байх бөгөөд хэрэгт авагдсан тус албаны “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 7 дугаар зүйлийн 7.1-д “Ажлын өдрийн үргэлжлэх хугацаа 8 цаг байх ба өглөө 08:00 цагт эхэлж, 17:30 цагт дуусна гэсэн тул нэхэмжлэгч нь Улаанбаатар хотоос өдөр бүр Багахангай дүүрэгт байрлах ажилдаа очих, ирэх нь бодит байдалд нийцэхээргүй байна.

Хариуцагч нь М.О-тай зөвшилцөхгүйгээр Багахангай дүүрэгт томилсон хэдий ч нэхэмжлэгчийг очиж ажиллах боломжтой эсэхийг тодруулахгүйгээр тухайн дүүргийн газрын албанд томилсноор 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 93 дугаар шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж зөвтгөх үндэслэл болохооргүй байх ба Нийслэлийн Газрын алба /хуучин нэрээр/-ны даргын 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн Б/227 дугаар тушаал илт хууль бус захиргааны акт байна.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т зааснаар “илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна” гэж заасан. 

Нийслэлийн Газрын алба /хуучин нэрээр/-ны даргын 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн “М.О-ыг ажилд томилох тухай” Б/227 дугаар тушаалыг илт хууль бус болох нь, мөн “М.О-ыг ажлаас халах тухай” мөн даргын Б/327 дугаар тушаал хууль бус болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтаар тогтоогдож байна.

Эдгээр болон бусад асуудлаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байх тул гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 115 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т-н давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Д.БАТБААТАР

 

ШҮҮГЧ                                                                          О.НОМУУЛИН

 

ШҮҮГЧ                                                                          Б.ТУНГАЛАГСАЙХАН