Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 0115

 

 

 

 

 

 

 

2020 оны 02 сарын 11 өдөр            Дугаар 128/ШШ2020/0115       Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд хийсэн хуралдаанаар М.Оын нэхэмжлэлтэй, Нгзбаны даргад холбогдох захиргааны хэргийг хэлэлцэв. 

Нэхэмжлэгч: Г овгийн М-н О

Хариуцагч:   Нгзбад

Нэхэмжлэлийн шаардлага:

1. Нгаа/хуучин нэрээр/-ны даргын 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн “М.Оыг ажилд томилох тухай” Б/227 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоох,

2. Нгаа/хуучин нэрээр/-ны даргын 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “М.Оыг ажлаас халах тухай” Б/327 дугаар тушаалыг хүчингүй болгох,

3. М.Оыг нийслэлийн Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар, Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргүүдийн аль нэг Гзбагтхмний албан тушаалд эгүүлэн томилохыг Нгзбаны даргад даалгах,

4. Нгаанаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж холбогдох дэвтрүүдэд бичилт хийхийг даалгах”

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.О, түүний өмгөөлөгч Ө.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нарыг оролцуулан хийв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.О шүүхэд гаргасан нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Багахангай дүүрэгт газрын төлбөрийн байцаагчийн орон тоо байхгүй байсан гэдэг нь харагдаж байна. Энэ нь санаатай үйлдэл байсан 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр өмгөөлөгчийн хамт очиж н.Д******* гэх хүнтэй уулзахад одоо ажилдаа оч, хэлж байгаа зүйлийг бичээд ав гэсэн. Гэтэл одоо шүүхэд тайлбараа ирүүлэхгүй, Багахангай дүүрэгт томилсон тушаал байхгүй. Би 4 жил гаран шүүхээр явж байна. Бага насны 3 хүүхэдтэй. 8 хувийн ипотекийн зээлтэй, нөхөр цалингийн зээлтэй, санхүүгийн хувьд маш муу байгаа. Би сэтгэл санааны болон эд материалын хохирол нэхэмжлээгүй. Хариуцагч мөнгөний сонирхолтой байна гэж тайлбарлаж байна. Би өмгөөлөгчтэйгөө хамт очиж н.Э******* даргатай уулзахад Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд гэрээт ажилтан бол гэсэн. Миний хувьд тэнд ажиллах боломжгүй. Нөхөн олговроос татгалзаж ажилдаа оръё гэсэн боловч хүсэлтийг хүлээж аваагүй. Мөнгөний төлөө маргаагүй. 3 хүүхэд, өндөр настай ээж минь байгаа болохоор шүүх үнэн шударга шийдвэр гаргаж Нгааны даргын 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн Б/227 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох, Нгааны даргын 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Б/327 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, М.Оыг Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, Хан-Уул, Сүхбаатар, Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргүүдийн Газар зохион байгуулалтын албануудын аль нэг Газар зохион байгуулалтын албанд газрын төлбөр хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилохыг Нгаанд даалгах, Нгаанаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговороор гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Нгааны 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн М.Оыг ажилд томилох тухай Б/225 дугаар тушаал илт хууль бус гэж үзэж байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан тухайн захиргааны актыг бодит байдал дээр гүйцэтгэх боломжгүй захиргааны акт тул илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Учир нь Багахангай дүүрэг нь Улаанбаатар хотоос 100 км-ийн зайд оршдог. Төрийн алба өглөөний 08 цаг 30 минутад ажил цуглаж оройны 17 цаг 30 минутад тардаг. Тиймээс нэхэмжлэгч нь өдөр бүр ирэх очихын 200 км газар явж ажилдаа ирж, очих боломжгүй.

Мөн нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн томилох тухай Улсын Дээд шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдсэн маргаан нь өмнө нь ажиллаж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон. Аль нэг дүүрэг гэдэг нь Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн аль нэг дүүрэг юм. М.О өмнө нь Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт орших Драгон үйлчилгээний төвд газар зохион байгуулагчийн ажил хийж байсан тул энэ ажилдаа буюу энэ нөхцөлөөр ажилдаа эгүүлэн тогтоолгоно гэсэн шаардлага гаргасан. Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад дүүрэг гэсэн үг орсон гэж шүүхийн шийдвэрийн агуулга зорилгыг гуйвуулж Багахангай дүүрэгт томилсныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг биелүүлсэнд тооцохгүй. Тухайн захиргааны байгууллага нь М.Оыг алслагдсан дүүрэг буюу дагуул хотод томилох бүрэн эрхтэй. Энэ эрхээ ашиглаж нэхэмжлэгчийн эрх ашгийг дахин зөрчсөн. Тиймээс илт хууль бус захиргааны актын шинжийг агуулж байна.

Уг илт хууль бус тушаалаа үндэслэл олгож М.Оыг ажлаа хүлээж авахгүй, ажлаа тасалсан гэх үндэслэлээр 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Б/327 дугаар тушаалаар төрийн албанд 1 жилийн хугацаатай орох эрхгүйгээр халсан. Энэ тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Уг тушаал нь эрх зүйн зөрчилтэй буюу хууль зөрчсөн гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл М.Оыг ажилд эгүүлэн томилох тухай шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болоогүй байсан. М.Оыг ажилд томилогдсон гэж үзэж албан ёсны шийдвэр гаргах процесс нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болох тухай тогтоол нь 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр гарсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байх хугацаанд шийдвэр гүйцэтгэх байгууллага бид биелүүлсэн гэтэл ажлаа хийхгүй байна гэж үзээд ажлаас нь халсан нь хууль бус. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага шүүхийн шийдвэрийг биелүүлэх, зөрчигдөн эрхийг сэргээх ажиллагаагаа бодит байдал дээр гүйцэтгэх, албадлага хэрэглэх эрх бүхий байгууллага. Энэ эрхийнхээ хүрээнд ажиллагаа явуулж, ажиллагаа дуусаагүй байсан. Тиймээс уг тушаалыг хууль бус тушаал гэж үзэж байна.

Мөн уг тушаалын үндэслэл нь бодит нөхцөл байдалтай нийцэхгүй байна. Ажил тасалсан, ажлаа хүлээж аваагүй гэдэг нь бодит нөхцөл байдал дээр үүсээгүй. Ажил тасалсан гэдэг нь ажлаа хүлээж аваад албан ёсоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа биелэгдсэн тохиолдолд ажлаа тасалсан гэдэг нөхцөл байдал яригдана. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад нэхэмжлэгч би Улаанбаатар хотын төвийн аль нэг дүүрэгт томилогдоно гэсэн хүсэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад гаргаж байсан. Тиймээс ажлаа хүлээж авахгүй байсан гэдэг нь үндэслэлгүй. Хариуцагч байгууллага анхнаасаа Улаанбаатар хотоос 100 км-ийн зайд байдаг дүүрэгт томилоод ажлаа авахгүй байна гэдгээр нь шалтаглан ажлаас халах зорилготой байсан гэдэг нь энэ тушаалаас харагдаж байна. Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн газар зохион байгуулалтын албаны аль нэг Газар зохион байгуулалтын албанд газрын төлбөр хариуцсан мэргэжилтний албан тушаалтаар эгүүлэн томилохыг Нгзбанд даалгуулах шаардлагын тухайд нэхэмжлэгч нь Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн хуульд зааснаар хөдөлмөрлөх эрх нь зөрчигдсөн гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гарсан. Энэ шаардлагыг нь шүүх үндэслэлтэй гэж үзэж хангаж шийдвэрлэсэн. Гэтэл нэхэмжлэгчийн эрхийг сэргээх үйл ажиллагааны явцад үндэслэлгүйгээр Улаанбаатар хотоос 100 км-ийн зайд алслагдсан дүүрэгт томилж ажилд авахгүй байна гэх шалтгаанаар ажлаас халсан нь ажил хөдөлмөр эрхлэх эрхэд нь халдаж үндэслэлгүйгээр халсан. Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэгт ажилд орох эрхтэй гэж үзэж байгаа үндэслэл ажлаас чөлөөлөгдөх үедээ Сонгинохайрхан дүүргийн Драгон худалдааны төвд байрлах салбарт газрын төлбөр хариуцсан мэргэжилтний чиг үүргийг гүйцэтгэж байсан. Тиймээс Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн аль нэг дүүрэгт томилогдох эрхтэй гэж үзэж байна. Эдгээр 6 дүүргийн аль дүүрэгт сул орон тоо байгаа гэдгийг бид мэдэх боломжгүй. Хариуцагчийг тайлбараас үзэхэд Газар зохион байгуулалтын албаны даргын бүрийн эрхэд байдаг. Ямар нэг байдлаар дээд орон тоог нь зохицуулж өгдөг. Алинд нь ч томилох эрх нь байдаг гэсэн тул шүүхийн шийдвэр биелэгдэх магадлал, мөн хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд хүндрэл учруулахгүй тулд тодорхой заагаагүй. Зөвхөн энэ дүүрэгт гэвэл тус дүүрэгт орон тоо гарахгүй, ачаалал байхгүй бол боломжгүй нөхцөл байдал үүснэ гэж үзэж 6 дүүргийн аль нэг гэж тодотгосон.

... Мөн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Б/327 дугаар тушаалыг 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр мэдэж 2019 оны 01 дүгээр сарын 7-ний өдөр Нийслэлийн Төрийн албаны салбар зөвлөлд гомдол гаргасан. Уг гомдолдоо шаардлагаа тодорхой заасан. Тиймээс энэ асуудлаар гомдол гаргасан.

Шүүхэд нэхэмжлэлийн 4 шаардлага гаргасан. Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай ижил байвал урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийсэн гэж үзнэ гэж ойлгож болохгүй. Нэг нь нөгөөгөөсөө залгамжилсан холбоотой үйл ажиллагаа. Тэгэхээр урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явагдана гэж үзэх үндэслэлтэй. М.Оын хувьд 4 жил ажилгүй байсан. Ингэж амьдрах сонирхол хэнд ч байхгүй. Энэ мөнгийг нэг дор аваагүй. Өмнөх нөхөн олговрыг 2016 оноос хойш маргаж 2018 оны сүүлээр авсан. Ажлаа хийгээд сар бүр цалингаа авах, олон жил ажилгүй байж байгаад шүүхэд маргаж мөнгө авч амьдрах уу гэдэг нь харьцангуй ойлголт. Нэхэмжлэгчид тийм бодол байхгүй. Тиймээс Газрын албанд очиж уулзаад би зүгээр л ажилдаа оръё нөхөн олговор авахгүй татгалзаж байна гэж хэлсэн. Гэтэл ажилд аваагүй. Тиймээс мөнгөний төлөө маргаж байгаа хэрэг биш. 4 жилийн турш нэхэмжлэгчийг хохироосон, хууль бус байсан гэдгийг нь шүүх тогтоосон тул нөхөн олговор авсан. Гэтэл М.Оыг мөнгөний төлөө ингэж байна гэж дүгнэх үндэслэлгүй. Ажилд томилох тушаал гарахаас өмнө М.Оыг дуудаж хаана томилох гэж байгаа талаар хэлсэн зүйл байхгүй.

...Хариуцагчийн хууль бус шийдвэрийн улмаас 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл ажил хөдөлмөр эрхлээгүй тул энэ хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах,  нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай шаардлага гаргаж байгаа” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлд зааснаар Төрийн албаны зөвлөлд урьдчилсан журмаар гомдол гарах ёстой байсан. Гомдол гаргаагүй талаар нэхэмжлэлдээ дурдсан байдаг. Тиймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй.

Мөн Нгааны 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн М.Оыг ажлаас халах тухай Б/327 дугаар тушаалыг хүчингүй болгох тухай шаардлагынхаа үндэслэлийг тодорхой тайлбарладаггүй. Илт хууль бус тул хүчингүй болгуулна гэдэг.

Б/327 дугаар тушаалын хувьд М.О нь ажлаа хүлээж аваагүй. Ажилдаа очоогүй. М.О нь өөрөө хууль эрх зүйн мэдлэг дутмаг байлаа гэхэд байнга өмгөөлөгчтэй байсан. Тушаал хууль бум гарсан. Энэ тушаалыг биелүүлэх боломжгүй байна гэж гомдол гаргаагүй. Тиймээс өнөөдрийн үр дагаврыг хүссэн гэж үзэж байгаа. Ажлаас халах тушаалыг хүлээж байсан. Тиймээс ажилдаа очоогүй. Гомдол гаргасан талаар баримт хэрэгт байхгүй. Өмнө нь Газрын албан болон Нөхгтай маргаж 10,000,000 төгрөгийн нөхөн олговор гаргуулж байсан туршлагатай. Өнөөдрийн байдлаар мөн 10,000,000 сая төгрөгийн нөхөн олговор шаардаж байна. Энэ нь ажил эрхлэх сонирхол байна уу? эсхүл нөхөн олговор гаргуулж амьдралын эх үүсвэр болгож байна уу гэдгийг шүүгч дотоод итгэл үнэмшлээрээ үнэлэх байх.

Нэхэмжлэлийн 1, 2 дугаар шаардлага биелэгдсэн эсэхээс хамаарч хангагдах эсэх нь тодорхой болно. Нэхэмжлэлийн 1, 2 дугаар шаардлага үндэслэлгүй тул 3, 4 дүгээр шаардлага биелэгдэх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.Учир нь нэхэмжлэгч Б227 дугаар ажилд томилсон тушаалд гомдол гаргаагүй. Ажилд томилогдсон гэдгийг мэдсээр байж биелүүлээгүй. Бид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дотоод ажиллагааг заах эрхгүй. Ажиллагаа дуусгавар болгосон тогтоолыг ямар хугацаанд гаргадаг талаар мэдэхгүй. Хэрэв нэхэмжлэгч гомдол гаргасан бол шийдвэр гүйцэтгэх ажиллагааг тооцохгүй. Аль нэг дүүрэг гэдэг нь Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэг гэсэн үг гэх мэтчилэн зааварчилгаа чиглэл манайд ирэх байсан. Ийм ажиллагаа хийгдээгүй тул бид зөвшөөрсөн гэж ойлгосон. Ажилдаа ирэхгүй байсан тул арга хэмжээ авсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг одоо хаах ёстой гэх мэтээр нөлөөлөх боломжгүй. Дотоод дүрэм журмын асуудал

Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл баталгааг дордуулсан байна гэж гомдож байгаа бол холбогдох хууль журмын дагуу яагаад гомдлоо гаргаагүй юм бэ? Гомдол гаргасан бол өнөөдрийн үр дагавар гарахгүй байсан. Мөн нэхэмжлэлийн шаардлагаа аль нэг дүүрэг гэж тодорхойлсон учир нь юу юм.  Одоо гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагадаа болохоор төвийн 6 дүүргийн аль нэг нь гэж тодорхойлсон байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалд аль нэг дүүрэг гэхээр нэхэмжлэлийн шаардлага биелэгдэх боломжгүй байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой болго гээд анхан шатны шүүх рүү буцаахад нэхэмжлэгч тал гомдол гаргаж аль нэг дүүрэг гэсээр байгаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлэгсэн. Гэтэл одоо яагаад гомдож байгааг чинь ойлгохгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.О нь анх Нгаа/хуучин нэрээр/-д холбогдуулж, “Нгааны даргын 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн “М.Оыг ажилд томилох тухай” Б/227 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоох, Нгааны даргын 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “М.Оыг ажлаас халах тухай” Б/327 дугаар тушаалыг хүчингүй болгох, М.Оыг нийслэлийн Баянзүрх дүүргийн Газрын албаны төлбөр хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилохыг Нгаанд даалгах, Нгаанаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж холбогдох дэвтрүүдэд бичилт хийхийг даалгах” нэхэмжлэл гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагаа “М.Оыг нийслэлийн Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар, Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргүүдийн аль нэг Гзбагтхмний албан тушаалд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж холбогдох дэвтрүүдэд бичилт хийхийг Нгзбаны даргад даалгах”[1] гэж тодруулсан тул шүүх энэхүү шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. Үүнд:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12/ШШ2018/009******* шийдвэрээр “...М.Оыг аль нэг дүүргийн Газрын албаны төлбөрийн байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоохыг Нгаанд даалгаж” шийдвэрлэсэн байх ба Монгол Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 280 дугаартай тогтоолоор дээрх шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 2 дахь хэсэгт “Нгаанд...” гэснийг “...Нөхгт...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Хариуцагч Нгаа/хуучин нэрээр/-ны дарга нь шүүхийн дээрх шийдвэрүүдийг биелүүлж 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн Б/227 дугаар тушаалаар “М.Оыг Багахангай дүүргийн Газрын албаны газрын төлбөр хариуцсан мэргэжилтнээр томилж”[2], улмаар мөн оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Б/327 дугаар тушаалаар “...ажлаа хүлээж аваагүй, удаан хугацаагаар ажил тасалсан” гэсэн үндэслэлээр Багахангай дүүргийн Газрын албаны газрын төлбөр хариуцсан мэргэжилтэн М.Оыг тус төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халж шийдвэрлэжээ[3].

     

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс дээрх шийдвэрүүдийг эс зөвшөөрч “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болоогүй байхад түүнчлэн алслагдсан дүүрэг болох Багахангай дүүргийн Газрын албанд томилсон нь биелэгдэх боломжгүй, захиргааны илт хууль бус акт бөгөөд илт хууль бус актын үндсэн дээр төрийн албанаас халж шийдвэрлэсэн нь мөн хууль бус” гэж тайлбарлан маргасан бол хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “шүүхийн шийдвэрээр М.Оыг нийслэлийн аль нэг дүүргийн Газрын албанд эгүүлэн томилохыг даалгаж шийдвэрлэсний дагуу нийслэлийн нэг дүүрэг болох Багахангай дүүргийн Газрын албанд томилсон байхад М.О нь ажлаа хүлээж аваагүй тул төрийн албанаас халж шийдвэрлэсэн хууль тогтоомжид нийцсэн” гэж тайлбарлан нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн.

 

1/ “Нгаа/хуучин нэрээр/-ны даргын 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн “М.Оыг ажилд томилох тухай” Б/227 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоох” нэхэмжлэлийн тухайд:

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” нөхцөлд захиргааны актыг гаргасан бол уг захиргааны акт илт хууль бус буюу эрх зүйн үйлчлэлгүй байхаар заажээ.

Нэхэмжлэгчээс илт хууль бус болохыг тогтоолгохоор шаардаж буй Нгаа/хуучин нэрээр/-ны даргын “М.Оыг ажилд томилох тухай” 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн Б/227 дугаар тушаал нь шүүхийн шийдвэрийг биелүүлж, нэхэмжлэгчийг ажлын байраар хангаж байгаа мэт боловч түүний зөвшөөрөөгүй, очиж ажиллах боломжгүйгээ илэрхийлсэн ажлын байранд томилсоноороо нэхэмжлэгчийн хувьд сөрөг нөлөөлөл бүхий акт байна.

Хуулийн дээрх зохицуулалт болон “зөвшөөрснөөс бусдыг хориглох” нийтийн эрх зүйн зарчмын хүрээнд захиргааны байгууллагын эрх хэмжээ нь хуульд зааснаар хязгаарлагдах буюу захиргааны байгууллага нь хууль тогтоомжоор олгосон эрх хэмжээний хүрээнд иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхолд халдсан аливаа шийдвэрийг гаргах боломжтой юм.

Өөрөөр хэлбэл, маргааны тохиолдолд хариуцагч Нгзбаны даргын төрийн жинхэнэ албан хаагчийг ажилд томилох, чөлөөлөх эрх хэмжээтэй боловч энэхүү эрх хэмжээ нь тухайн байгууллагын урьдчилан тогтоогдсон бүтэц, орон тооны хязгаар, ажилтан ажлын байрны шаардлагыг хангаж байгаа эсэх, түүнчлэн ажилтан тухайн албан тушаалд ажиллахыг зөвшөөрсөн эсэх зэргээр хязгаарлагдана.

 

Хэрэгт авагдсан “Бүтэц, орон тоо батлах тухай” Нгааны даргын 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/01 тушаалд[4] Багахангай дүүргийн Газрын алба/хуучин нэршил/ нь албаны дарга 1, газар зохион байгуулагч, газар өмчлөлийн мэргэжилтэн 1, архив, бичиг хэргийн ажилтан 1, нийт 3 орон тоотой байхаар тогтоосноос үзвэл, Багахангай дүүрэг нь нийслэлийн алслагдсан дүүрэг болохынхоо хувьд тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанд газрын төлбөрийн мэргэжилтний тусдаа орон тоо байхгүй, газар зохион байгуулагч, газар өмчлөлийн мэргэжилтэн нь уг ажлын байр/газрын төлбөрийн мэргэжилтэн/-ны чиг үүргийг хэрэгжүүлдэг гэж үзэхээр байна.

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Багахангай дүүргийн Газрын албаны дээрх гурван ажлын байрны тодорхойлолтууд батлагдаагүй, мөн Нгааны даргын 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/01 тушаалаар батлагдсан дүүргүүдийн Газрын албаны зохион байгуулалтын бүтэц, орон тоонд өөрчлөлт ороогүй” хэмээн тайлбарлаж шүүхээс шаардсаны дагуу Багахангай дүүргийн Газрын албыг албаны дарга, газар зохион байгуулагч, газар өмчлөлийн мэргэжилтэн, архив бичиг хэргийн ажилтны ажлын байрны тодорхойлолтыг ирүүлээгүй.

Дээрхээс үзвэл, хариуцагч нь батлагдаагүй буюу “байхгүй” ажлын байр болох нийслэлийн Багахангай дүүргийн газрын албанд Газрын төлбөр хариуцсан мэргэжилтнээр М.Оыг томилох боломжгүй байсан байхад ийм шийдвэрийг гаргасан байх тул Нгаа/хуучин нэрээр/-ны даргын 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн “М.Оыг ажилд томилох тухай” Б/227 дугаар тушаал нь илт хууль бус захиргааны акт болжээ гэж шүүх дүгнэлээ.

Учир нь захиргааны эрх бүхий албан тушаалтан нь төрийн жинхэнэ албан хаагчийг ажилд томилох, чөлөөлөх эрх хэмжээтэй боловч энэхүү эрх нь урьдчилан батлагдсан ажлын байранд, тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хангасан, мөн тухайн албан тушаалд ажиллахыг зөвшөөрсөн иргэнийг томилох байдлаар хэрэгжсэн тохиолдолд хууль ёсны гэж тооцогдоно. Харин байхгүй буюу батлагдаагүй ажлын байранд ажилтныг томилох боломжгүй тул хариуцагч Нгаа/хуучин нэрээр/-ны даргын 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн “М.Оыг ажилд томилох тухай” Б/227 дугаар тушаалыг гаргах эрх хэмжээгүй байсан гэж үзнэ.

 

Мөн нийслэлийн Багахангай дүүрэг нь Улаанбаатар хотоос 100км гаруй зайд байрладаг нь нийтэд илэрхий бөгөөд нэхэмжлэгч нь Хан-уул дүүргийн ******* хороо, Дунд голын *******, *******од оршин суудаг байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “М.О нь өдөр бүр 200км явж ажилдаа очих, ирэх боломжгүй тул Б/227 дугаар тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэснийг зөрчиж гарсан” гэсэн тайлбарыг хүлээн авах үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл, Нгааны даргын 2016 оны А/14 дүгээр тушаалаар батлагдсан тус албаны “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 7 дугаар зүйлийн 7.1-д “Ажлын өдрийн үргэлжлэх хугацаа 8 цаг байх ба өглөө 8.00 цагт эхэлж, 17.30-д дуусна”[5] гэсэн байх тул нэхэмжлэгч нь Улаанбаатар хотоос өдөр бүр Багахангай дүүрэгт байрлах ажилдаа очих, ирэх нь бодит байдалд хэрэгжихэд бэрхтэй тул хариуцагч нь бусад дүүрэгт ажлын байр байхгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийг биелүүлэх шаардлагаар уг албан тушаалд М.Оыг томилох бол түүнтэй урьдчилан зөвшилцөх нь бодит байдалд нийцнэ.

Гэтэл хариуцагч нь М.Оыг нийслэлийн алслагдсан дүүрэгт байрлах ажлын байранд ажиллуулахаар шийдвэрлэхдээ түүнтэй зөвшилцөөгүй болох нь шүүхээс шаардсаны дагуу М.Отай зөвшилцсөн эсэх талаар нотлох баримтыг гаргаж ирүүлээгүй болон нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн “бид хамтдаа 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Нгааны холбогдох албан тушаалтан болох н.Д*******той очиж уулзсан. Алслагдсан дүүрэгт ажиллах боломжгүйгээ хэлэхэд томилсон ажилд очиж ажилла гээд хүлээж аваагүй” гэсэн тайлбараар, мөн тус албаны 2018 оны 10 дугаар сарын 16-ний өдрийн 03-04/4455 тоот албан бичигт “...ажилдаа ирэхгүй бол сахилгын шийтгэл ногдуулах тухай мэдэгдлийг хүлээн авахаас татгалзсан”[6] гэснээр тогтоогдож байна.

Хэдийгээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12/ШШ2018/009******* шийдвэрээр “...М.Оыг аль нэг дүүргийн Газрын албаны төлбөрийн байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоохыг Нгаанд даалгаж” шийдвэрлэсэн, Багахангай дүүрэг нь аль нэг дүүрэг гэдэгт хамаарах боловч энэ нь М.Отай зөвшилцөхгүйгээр, очиж ажиллах боломжтой эсэхийг тодруулахгүйгээр тухайн дүүргийн газрын албанд томилсныг зөвтгөх үндэслэл болохгүй.

Дээрхээс нэгтгэн үзвэл, Нгаа/хуучин нэрээр/-ны даргын 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн “М.Оыг ажилд томилох тухай” Б/227 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Нэхэмжлэгч нь түүнийг ажилд томилсон тухай Б/227 дугаар тушаалыг 2018 оны 08 дугаар сарын 23-ний өдөр хүлээж авсан тухайд маргаагүй ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “нэхэмжлэгч нь Б/227 дугаар тушаалыг зөвшөөрөхгүй байсан бол холбогдох төрийн албаны зөвлөлд гомдол гаргаагүй, урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдол гаргаагүй тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй” хэмээн тайлбарлан маргах боловч шүүх нэгэнт М.Оын нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан, хариуцагчаас Б/227 дугаар тушаалыг биелүүлээгүй үндэслэлээр дараагийн захиргааны акт болох Б/327 дугаар тушаалыг гаргасан байх тул Б/227 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагаар урьдчилан шийдвэрлэх ажиллагааг явуулах нь ач холбогдолгүй гэж үзэж хэргийг эцэслэн шийдвэрлэснийг тэмдэглэв.

 

2/ “Нгаа/хуучин нэрээр/-ны даргын 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “М.Оыг ажлаас халах тухай” Б/327 дугаар тушаалыг хүчингүй болгох, М.Оыг нийслэлийн Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар, Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргүүдийн аль нэг Гзбагтхмний албан тушаалд эгүүлэн томилохыг Нгзбаны даргад даалгах” нэхэмжлэлийн тухайд:

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т заасны дагуу “Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна” гэж заажээ.

Дээр дурьдсан үндэслэлүүдээр Нгаа/хуучин нэрээр/-ны даргын 2018 оны Б/227 дугаар тушаал нь илт хууль бус захиргааны акт болох нь тогтоогдож байх тул эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй буюу М.Оын хувьд нийслэлийн Багахангай дүүргийн Газар зохион байгуулалтын албанд очиж ажиллах үүрэг үүсгэхгүй.

Гэтэл хариуцагч нь өөрт байхгүй эрх хэмжээг хэрэгжүүлж “байхгүй” албан тушаалд М.Оыг томилж, улмаар томилогдсон ажлаа хүлээж аваагүй, удаан хугацаагаар ажиллаагүй гэсэн үндэслэлээр 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Б/327 дугаар тушаалыг гаргасан нь төрийн жинхэнэ албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх заалтаар олгогдсон “энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх” нэмэгдэл баталгааг алдагдуулсан хууль бус шийдвэр болсон байх тул Нгаа/хуучин нэрээр/-ны даргын 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Б/327 дугаар тушаалыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

“...М.Оыг аль нэг дүүргийн Газрын албаны төлбөрийн байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоохыг Нгаанд даалгаж” шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12/ШШ2018/009******* шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байх боловч энэхүү шийдвэрийг биелүүлж М.Оыг ажилд томилсон Нгаа/хуучин нэрээр/-ны даргын 2018 оны Б/227 дугаар тушаал илт хууль бус болох нь тогтоогдож байхын зэрэгцээ М.Оаас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны даргад гаргасан гомдолд тус газрын 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 4/159 дугаартай албан бичгээр хариу өгч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон шийдвэр гүйцэтгэгчийн 11/1126 тогтоол гарчээ[7].

Мөн улсын Дээд Шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 280 дугаартай тогтоолоор “...хэргийн нөхцөл байдал тодорхой, нэхэмжлэлийн шаардлага ойлгомжтой...” гэсэн үндэслэлээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 221/МА2018/0242 дугаар магадлалыг хүчингүй болгож, “...М.Оыг аль нэг дүүргийн Газрын албаны төлбөрийн байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоохыг Нгаанд даалгаж” шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12/ШШ2018/009******* шийдвэрийн холбогдох заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, нэхэмжлэгч нь хэдийгээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зохих ёсоор хэрэгжүүлээгүй гэж үзэж эс зөвшөөрсөн атлаа энэ талаарх нэхэмжлэлээ ерөнхий харъяаллын шүүхэд гаргаж шийдвэрлүүлээгүй байх боловч хариуцагч захиргааны байгууллагаас шүүхийн шийдвэрийг биелүүлж гаргасан гэх Нгаа/хуучин нэрээр/-ны даргын 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн “М.Оыг ажилд томилох тухай” Б/227 дугаар тушаалыг илт хууль бус болох нь, мөн “М.Оыг ажлаас халах тухай” мөн газрын даргын Б/327 дугаар тушаал  хууль бус болох нь тус тус тогтоогдож байх тул “М.Оыг нийслэлийн Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар, Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргүүдийн аль нэг Гзбагтхмний албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах” тухай шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Улмаар Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “... ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгох” гэж заасны дагуу М.Оын ажилгүй байсан 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэлх 1 жил 5 сар 21 хоног(ажлын 378 өдөр)-ын цалин хөлсийг түүний 2016 онд Нөхгт ажиллаж авч байсан цалин хөлсний дунджаар тооцож, нийт 11,311,638 төгрөгийг нэхэмжлэгч М.Од олгох, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Нгзбаны даргад даалгаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 13******* зүйлийн 133.2-т заасны дагуу шүүхээс хууль бус болохыг нь тогтоосон шийдвэрийг дахин гаргах зорилгоор өөрийн бүрэн эрхэд хамаарах эрх зүйн акт, албан тушаалд тавигдах нийтлэг шаардлага, шалгуур үзүүлэлтийг өөрчилж, нэхэмжлэгчийн эрхийг дахин зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг шүүхийн шийдвэрийг биелүүлсэнд тооцохгүй гэснийг зөрчиж Б/227 дугаар тушаалыг гаргасан” гэж тайлбарлаж маргах боловч энэ нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд холбогдох маргаан байх тул захиргааны хэргийн шүүхээс дүгнэлт хийх шаардлагагүй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.2, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хууль/2002 он/-ийн 27 дугаар зүйлийн 27.2.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.1.7, 47.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Оаас Нгзбаны даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Нгаа/хуучин нэрээр/-ны даргын 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн “М.Оыг ажилд томилох тухай” Б/227 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоож, мөн газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “М.Оыг ажлаас халах тухай” Б/327 дугаар тушаалыг хүчингүй болгож, М.Оыг нийслэлийн Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар, Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргүүдийн аль нэг Гзбагтхмний албан тушаалд эгүүлэн томилохыг Нгзбаны даргад даалгасугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан М.Оын ажилгүй байсан 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэлх 1 жил 5 сар 21 хоног(ажлын 378 өдөр)-ын цалин хөлс болох 11,311,638 /арван нэгэн сая гурван зуун арван нэгэн мянга зургаан зуун гучин найман/ төгрөгөөс зохих татвар суутгалыг хийж нэхэмжлэгч М.Од олгох, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Нгзбаны даргад даалгасугай.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ц.МӨНХЗУЛ

 


[1] 2 дугаар хавтаст хэргийн 114 дэх талд

[2] 1 дүгээр хавтаст хэргийн 196 дахь талд

[3] 1 дүгээр хавтаст хэргийн 243 дахь талд

[4] 1 дүгээр хавтаст хэргийн 153 дахь талд

[5] 1 дүгээр хавтаст хэргийн 118-127 дахь талд

[6] 1 дүгээр хавтаст хэргийн 161 дэх талд

[7] 2 дугаар хавтаст хэргийн 60-62 дахь талд