Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 191

 

Д.Э-ын  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2016/00980/и

           Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Оюунцэцэг даргалж, шүүгч С.Энхжаргал, О.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1307 дугаар шийдвэртэй,  

           Нэхэмжлэгч Баяр хилэн овогт Д-ын Э-ын нэхэмжлэлтэй,

           Хариуцагч Шарнууд овогт Ц-ийн М-д холбогдох

           “Гэм хор учруулсаны улмаас гарах эмчилгээний болон замын зардал 6.300.000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг

           Нэхэмжлэгч Д.Э-ын давж заалдсан гомдлыг үндэслэн

           2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч шүүгч О.Нарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Э-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд, хариуцагч Ц.М-, хариуцагчийн өмгөөлөгч Н.Цэдэндамбаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.   

           Нэхэмжлэгч Д.Э- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

           Миний бие 2016 оны 04 дүгээр сард Цагдаагийн байгууллагын дэргэдэх олон нийтийн цагдаагийн сургалтанд суралцаж байсан хүмүүсийн хамт Зулзагын амралтруу явсан. Амралтын газар Ц.М- надтай таарамжгүй харьцаа үүсгэж, миний амруу өшиглөж 3 шүдийг унагаж, надад хөнгөн гэмтэл учруулсан. Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шалгуулахад эрүүгийн хэрэг үүсгэхээргүй юм байна. Хохирлоо иргэний журмаар шүүхээр нэхэмжилж авах ёстой гэж хэлсний дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэмтлийн улмаас миний үүдэн 3 шүд унасан бөгөөд шүд шинээр хийлгэхэд 1 шүд 2,000,000 төгрөг болдог гэж эмч тодорхойлолт хийж өгсөн. Нийт 6,000,000 төгрөг болж байгаа бөгөөд шүдээ эмчлүүлэхээр Улаанбаатар, Дархан хооронд явахад гарах замын зардалд 300,000 төгрөг тооцож, нийт 6.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Цагдаагаар шалгагдаж байхад 300,000 төгрөгийг Ц.М-гаас авсан нь үнэн бөгөөд гэхдээ энэ нь тухайн үед эмнэлэгт үзүүлэхэд гарсан зардал юм.

Иймээс нийт 6.300.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.М- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Д.Э- нь Зулзагын амралт дээр байхад би таеквондогоор хичээллэдэг, хар бүстэй, хоёулаа тулалдъя гээд татаад байсан. Тэгээд миний гэдсэнд 2 өшиглөсөн бөгөөд тухайн үед би гэдсэндээ оёотой байсан учир задарчих байх гээд өвдгөө дээш нь өргөөд хаасан. Тэгээд Д.Э- эргээд өшиглөх гэж байгаад хальтраад унахдаа миний өвдгийг шүдээрээ цохисон. Тэгээд шүд нь унасан байсан. Би түүнийг цохиж, өшиглөсөн зүйл байхгүй. Бид муудалцсан зүйл ч байхгүй. Шүд унасан нь надаас болоогүй, миний буруутай үйлдэл байхгүй тул би хохирол хариуцахгүй. Иймээс нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1307 дугаар шийдвэрээр:

           Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Э-ын хариуцагч Ц.М-гаас 6,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч Д.Э- нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Э- давж заалдсан гомдолдоо:

2016 оны 04 дүгээр сард би Цагдаагийн байгууллагын дэргэдэх олон нийтийн цагдаагийн сургалтанд бүртгүүлээд 4 хоног сургалтанд сууж шалгалт өгсөн. 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр сургалтанд хамт сурч байсан Болдсайхан, монтажны зураг авах гэж байна хүрээд ир гээд дуудахаар нь очиход зулзагын гол хүргээд өгчих гэж гуйгаад байхаар нь би хүргэж өгсөн. Тэнд 12 залуу байсан бөгөөд насаар ахмад Д.М- нь над руу хандаж жаахан дээрэлхэх байдалтай байсан. Тэр миний шүд рүү өшиглөж 3 шүдийг минь унагасан. Цагдаагийн байгууллагад гомдол гаргах үед тэнд байсан залуучууд бүгд үгсэн тохирч нэг ижил мэдүүлэг өгч, тоглож байгаад би өөрөө унаж шүдээ унагасан мэт нөхцөл байдал үүссэн болгож намайг гүтгэсэн. Шүүхэд би шүд хийлгэх зардлаа замын зардалтайгаа гаргуулахаар 6.300.000 төгрөг нэхэмжилсэн. Би өөрөө ажил хийдэггүй өндөр настай тэтгэвэрт байдаг эцэг, эх хоёр маань шүд хийлгэх мөнгө урьдчилаад гаргаж өгч чадахгүй байсан учраас буруутай этгээдээс гэм хорын хохирол эмчилгээний зардлыг гаргуулахаар нэхэмжилсэн.  Шүүх хуралдаан дээр шүүгч “Чи заавал өндөр үнэтэй шүд хийлгэх ямар шаардлагатай юм бэ хямд газар хийлгэх нь яасан юм  бэ амь насанд чинь аюул учирч заавал хагалгаанд орох гээгүй л бол энэ зардлыг чинь зайлшгүй урьдчилан гаргах зардал гэж үзэхгүй” гэж хэлсэн. Би аль эмнэлэгт үзүүлэх ямар эд эрхтэн хийлгэхээ өөрөө сонгох эрхтэй гэж бодож байна. Шүдний эмнэлэгт үзүүлж зургаа авахуулаад рентген зураг хавсаргасан эмчийн тодорхойлолтоор нэхэмжлэлээ гаргасан. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа баримтаа шүүхэд гарган өгч хохирлоо гаргуулан авах хүсэлтээ байгаа тул 1307 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр  хууль ёсны бөгөөд  үндэслэл  бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлд заасан  шаардлагыг хангаагүй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч  Д.Э-  нь хариуцагч Ц.М-гаас  гэм   хорын хохирол   6.300.000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан бичгийн нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй баримт гэж үзээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу  хэргийн зохигчид шүүхэд гаргасан шаардлага болон татгалзлаа нотлох баримтыг бүрдүүлэх, шүүхээр бүрдүүлүүлэх  эрхтэй  бөгөөд ийнхүү шүүхэд гаргасан баримтыг үндэслэн маргааны үйл баримтын  талаар мэтгэлцэх зарчимтай. 

          Хэрэгт цугларсан баримтуудыг судалвал нэхэмжлэгч талын гаргаж ирүүлсэн баримтыг хариуцагч тал маргаж  баримт ирүүлээгүй байна.

          Иргэний хуулийн 228 дугаар зүйлд заасны дагуу хохирогч  эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр шаардах эрхтэй байна.

          Ийнхүү шаардахдаа гэм хор учруулсан этгээдийн гэм буруу болон учирсан  хохирлын талаар шүүхэд баримт ирүүлснийг хариуцагч гэм буруугийн талаар болон хохирол учирсан байдал, эмчилгээний зардлын талаар ямар нэгэн баримт гаргаж мэтгэлцээгүй байхад шүүх нэхэмжлэгчийн гаргасан баримтыг үнэлэхдээ хөндлөнгийн байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчимд нийцээгүй шийдвэр гаргасан байна.

Хэргийн 49 дүгээр хуудаст байгаа нэхэмжлэгч талын гаргаж өгсөн  эмчилгээ хийлгэх шаардлага болон эмчилгээний үнийн дүнг тодорхойлсон баримтад агуулагдсан мэдээлэл үнэн зөв эсэх талаар хариуцагч маргаагүй ч шүүх энэхүү баримт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болох нь хэлбэрийн болон агуулгын тухайд үнэн зөв эргэлзээгүй гэж дүгнэхэд хангалтгүй байгаа тохиолдолд уг баримтыг нотлох нэмэлт нотлох баримт бүрдүүлэх эсхүл шүүхээр бүрдүүлүүлэх талаар нэхэмжлэгч талд мэдэгдэх нь шүүх хөндлөнгийн байх зарчимд харшлахгүй юм.

Нэхэмжлэгч  эмчилгээний зардлаа урьдчилан нэхэж байгаа тохиолдолд шүүх  нэхэмжлэлийг хангахад шаардлагатай  баримтыг бүрдүүлж чадаагүй гэж үзвэл маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4-т зааснаар зүйлчлэх учиртай  бөгөөд гэм хорын хохирлыг нэхэмжлэгч  өөрийн зардлаар арилгаж улмаар гарсан эмчилгээний зардлаа дараа нь нэхэмжлэх боломжийг шүүхийн Иргэний хуулийн 497, 505  дугаар зүйлд заасныг баримтлан нэхэмжлэлийг  хэрэгсэхгүй  болгож шийдвэрлэсэн шийдвэр нь   үгүйсгэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн заасныг 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангаж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1307 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

            3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

            4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            С.ОЮУНЦЭЦЭГ             

                                 ШҮҮГЧИД                                            С.ЭНХЖАРГАЛ

                                                                                              О.НАРАНГЭРЭЛ