Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 1307

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2015/00980/и

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, шүүгч Д.Алтантуяа, З.Тунгалагмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сум, 1 дүгээр баг, *** тоотод оршин суух  Б*** /РД:***/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сум, 8 дугаар баг, *** тоотод оршин суух Ш*** М*** /РД: ****/-д  холбогдох,

“Гэм хор учруулсны улмаас гарах эмчилгээний болон замын зардалд нийт 6,300,000 төгрөг гаргуулах тухай” шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд, хариуцагч Ц.М***, хариуцагчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаа, иргэдийн төлөөлөгч Д.Цэнд-Аюуш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2016 оны 04 дүгээр сард Цагдаагийн байгууллагын дэргэдэх олон нийтийн цагдаагийн сургалтанд суралцаж байсан хүмүүсийн хамт Зулзагын амралтруу явсан. Амралтын газар Ц.М*** надтай таарамжгүй харьцаа үүсгэж, миний амруу өшиглөж 3 шүдийг унагаж, надад хөнгөн гэмтэл учруулсан. Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шалгуулахад эрүүгийн хэрэг үүсгэхээргүй юм байна. Хохирлоо иргэний журмаар шүүхээр нэхэмжилж авах ёстой гэж хэлсний дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэмтлийн улмаас миний үүдэн 3 шүд унасан бөгөөд шүд шинээр хийлгэхэд 1 шүд 2,000,000 төгрөг болдог гэж эмч тодорхойлолт хийж өгсөн. Нийт 6,000,000 төгрөг болж байгаа бөгөөд шүдээ эмчлүүлэхээр Улаанбаатар, Дархан хооронд явахад гарах замын зардалд 300,000 төгрөг тооцож, нийт 6,300,000 төгрөгийг нэхэмжилж байна. Цагдаагаар шалгагдаж байхад 300,000 төгрөгийг Ц.М***гаас авсан нь үнэн бөгөөд гэхдээ энэ нь тухайн үед эмнэлэгт үзүүлэхэд гарсан зардал юм. Иймээс нийт 6,300,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

Хариуцагч Ц.М*** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Д. нь Зулзагын амралт дээр байхад би таеквондогоор хичээллэдэг, хар бүстэй, хоёулаа тулалдъя гээд татаад байсан. Тэгээд миний гэдсэнд 2 өшиглөсөн бөгөөд тухайн үед би гэдсэндээ оёотой байсан учир задарчих байх гээд өвдгөө дээш нь өргөөд хаасан байсан. Тэгээд Д. эргээд өшиглөх гэж байгаад хальтраад унахдаа миний өвдгийг шүдээрээ цохисон. Тэгээд шүд нь унасан байсан. Би түүнийг цохиж, өшиглөсөн зүйл байхгүй. Бид муудалцсан зүйл ч байхгүй. Шүд унасан нь надаас болоогүй, миний буруутай үйлдэл байхгүй тул би хохирол хариуцахгүй. Иймээс нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна ” гэв.

 Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д. нь хариуцагч Ц.М***д холбогдуулан, гэм хор учруулсны улмаас гарах эмчилгээний болон замын зардалд нийт 6,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Д. нь нэхэмжлэлийн үндэслэлээ “...хариуцагч Ц.М***д өшиглүүлсний улмаас 3 шүд унасан бөгөөд инфлантаар шүд хийлгэхэд 1 шүд нь 2,000,000 төгрөг байдаг учир нийт 6,000,000 төгрөгөөр Их зайсан гэх эмнэлэгт хийлгэх шаардлагатай байгаа, мөн ийнхүү шүдээ хийлгэхээр Улаанбаатар Дарханы чиглэлд ирж очиход замын зардал 300,000 төгрөг, нийт 6,300,000 төгрөгийг хариуцагчаас урьдчилан гаргуулах үндэслэлтэй” гэж, хариуцагч Ц.М*** нь “... Д.т би гэм хор учруулаагүй, надад гэм буруу байхгүй, өөрөө хальтирч унахдаа миний өвдгийг мөргөснөөс шүд нь унасан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй” гэж тус тус тайлбарладаг болно.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Ц.М***д холбогдох эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тогтоолтой материалыг эх хувиар нь нотлох баримтаар гаргуулж, шүүх хуралдааны явцад шинжлэн судалсан бөгөөд тус прокурорын газрын прокурорын 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 409 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай” тогтоолоор Д.аас 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан “...иргэн Ц.М***д цохиулж гэмтсэн..” гэх 555 дугаартай гомдолд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзжээ.

Энэхүү тогтоолд Д.аас тус аймгийн прокурорт гомдол гаргасныг 2016 оны 06 сарын 08-ны өдрийн *** тай тогтоолоор гомдлыг хүлээн авахаас татгалзаж, дээрх тогтоол хүчин төгөлдөр болсон байна.

Прокурорын тогтоолын үндэслэлд Ц.М***гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлд заасан Бусдын бие мах бодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, Ц.М*** нь болгоомжгүйгээр Д.ын биед хөнгөн гэмтэл учруулсан нь тогтоогдож байна гэж дурджээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д: “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан бөгөөд Прокурорын эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай тогтоолын үндэслэлээс үзэхэд Ц.М*** нь Д.ын биед болгоомжгүйгээр хөнгөн гэмтэл учруулсан болох нь тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөхөөр заасан бөгөөд хариуцагч Ц.М*** нь Д.ын шүд унасан нь түүний буруутай үйлдлээс болоогүй гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаар нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, дээрх эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан материалд авагдсан нэр бүхий хүмүүсийн тайлбарыг үндэслэж байгаа боловч энэхүү тайлбарууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авагдсан гэрчийн мэдүүлэг биш тул дээрх тайлбаруудыг үндэслэж, хариуцагч Ц.М***г гэм буруугүй байна гэж үзэх үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгч Д. нь унасан шүдээ одоогоор хийлгээгүй байгаа, хиймэл шүд хийлгэхэд гарах 6,000,000 төгрөг, шүд эмчлүүлэхээр Улаанбаатар явахад гарах замын зардалд 300,000 төгрөг, нийт 6,300,000 төгрөгийг хариуцагчаас урьдчилан гаргуулахаар нэхэмжилж байгаа бөгөөд үүний үндэслэлийг Дархан-Уул аймгийн Прокурорын газраас ирүүлсэн Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоолтой материалд авагдсан нүүр амны их эмчийн үзлэг гэх баримт гэж тайлбарладаг болно.

Энэхүү баримтад их эмч Л*** гэж бичиж тэмдэг дарсан байгаа боловч хаанахын ямар эмнэлэг болох, энэ эмнэлэг нь хиймэл шүд хийдэг эсэх нь тодорхойгүй, мөн эмчлүүлэгчийн карт хэрэгт авагдаагүй, инфлантаар шүд сэргээхэд 1 шүд 2,000,000 төгрөг байдаг гэж дээрх баримтанд дурдсан боловч энэ нь тухайн эмнэлгийн үнэ тариф мөн эсэх нь тодорхойгүй байх тул зөвхөн дээрх баримтыг үндэслэн хиймэл шүд хийлгэхэд гарах зардал 6,000,000 төгрөгийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Мөн нэхэмжлэгч шүд хийлгэхэд Улаанбаатар орох замын зардал 300,000 төгрөг гэж байгаа боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, ямар үндэслэлээр зардлын хэмжээг тогтоосон нь тодорхойгүй байна.

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д: “...эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан .... хиймэл эрхтэн хийлгэх ...зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй”, мөн хуулийн 228 дугаар зүйлийн 228.4-т: “хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй” гэж тус тус заасан боловч нэхэмжлэгч Д. нь унасан шүдээ инфлантаар сэргээх зайлшгүй шаардлагатай байгаа, энэхүү хиймэл шүд хийлгэхэд нийт 6,000,000 төгрөг, замын зардалд 300,000 төгрөгийн зардал гарна гэх шаардлагын үндэслэл нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх нь зохигчдын үүрэг бөгөөд нэхэмжлэгч Д. нь хуульд заасан энэхүү үүргээ биелүүлээгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр Д.ын хариуцагч Ц.М***д холбогдуулан гаргасан нийт 6,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1. Иргэний хуулийн 497 дугаар  зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Д.ын хариуцагч Ц.М***гаас 6,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч Д. нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол  гаргах эрхтэйг дурдсугай.

        

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.ОЮУНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД                                                       Д.АЛТАНТУЯА

 

                                                                                    З.ТУНГАЛАГМАА