Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 37

 

           

 

 

 

 

 

 

 

Ө.Мөнх-Эрдэнэд холбогдох

       эрүүгийн хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, шүүгч Т.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                        Б.Ганпүрэв

Нарийн бичгийн дарга                                         А.Доржпүрэв нарыг оролцуулан Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 148 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн улсын яллагчийн эсэргүүцлээр эрүүгийн 2017 1900 0155 дугаартай хэргийг 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын харьяат, Өвөрхангай аймгийн Бүрд суманд 1995 оны 07 сарын 23-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Батлан хамгаалах их сургуулийн Менежмент төрийн захиргааны ангийн 4 дүгээр курсын оюутан, ам бүл 5, аав, ээж, дүү нарын хамтаар Өвөрхангай аймгийн Бүрд сумын 4 дүгээр багийн Ар хошуут гэх газарт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Өлзийбаярын Мөнх-Эрдэнэ, /РД:ЙЕ95072317/.

Шүүгдэгч Ө.Мөнх-Эрдэнэ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 23 цагийн орчимд Төв аймгийн Эрдэнэсант сумын 1 дүгээр багийн нутаг Нохой хуцдаг гэх газар иргэн С.Батбаярын гэрт хохирогч Г.Цэвэлмааг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож, бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан, мөн С.Батбаярын гэрийн гадаа байсан түүний эзэмшлийн нарны цахилгаан үүсгэврийн толь, нарны цахилгаан үүсгэврийн тогоо, нарны цахилгаан үүсгэврийн тогооны дуран зэргийг модон иштэй хүрзээр санаатай цохиж, эвдэн гэмтээн 345 000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны 148 дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Боржигон овогт Өлзийбаярын Мөнх-Эрдэнийг бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатайгаар учруулсан, мөн бусдын эд хөрөнгийн санаатайгаар эвдэж, гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 /тав/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу /240 000х5=1 200 000/ 1 200 000 төгрөгөөр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 /тавин нэг/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу /240 000х51=12 240 000/ 12 240 000 төгрөгөөр тус тус шүүгдэгч Ө.Мөнх-Эрдэнийг торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 /тав/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу /240 000х5=1 200 000/ 1 200 000 төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 /тавин нэг/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу /240 000х51=12 240 000/ 12 240 000 төгрөгөөр торгох ялд багтаан нийт 12 240 000 /арван хоёр сая хоёр зуун дөчин мянган /төгрөгөөр торгох ялаар Ө.Мөнх-Эрдэнийг шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар ялтан Ө.Мөнх-Эрдэнэ нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг 3 жил хүртэл хугацаагаар хорих ялаар солихыг тайлбарлаж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилсэн Э.Мөнх-Эрдэний эзэмшлийн LG маркийн 42 инчийн телевизор 1 ширхэг, Hisense маркийн хөлдөөгч 1 ширхэг зэргийг битүүмжилснийг хүчингүй болгож,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дээд хэсгийг нь тайрсан дээсэн сэнжтэй, цэнхэр өнгийн усны сав 1 ширхэг, модон иштэй хүрз 1 ширхэг зэргийг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж,

Энэ хэрэгт Ө.Мөнх-Эрдэнэ нь бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан Ө.Мөнх-Эрдэнэд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ө.Мөнх-Эрдэнэ давж заалдах гомдолдоо: “Гомдол гаргагч Ө.Мөнх-Эрдэнэ би Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 148 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Уг тогтоолоор намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 12.240.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн болно. Энэхүү шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Миний бие үйлдсэн хэргээ ухамсарлаж учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан, хохирогчтой сайн дураараа эвлэрсэн, хохирогчийн зүгээс гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ бичгээр удаа дараа /хавтаст хэргийн 92, 94  дүгээр тал/, илэрхийлсэн, хохирогч болох хүмүүс нь миний өөрийн гэр бүлийн гишүүүн, хадам эх зэрэг хүмүүс байхад улсын яллагч болон шүүхээс хохирогч нь сайн дураараа, өөрийн хүсэл зоригоор эвлэрсэн эсэх нь эргэлзээтэй гэж дүгнэсэн нь хууль бус юм. Учир хохирогч Цэвэлмаа нь манай хадам ээж бөгөөд түүний охин Тамир нь миний эхнэр бөгөөд бид 1 хүүхэдтэй одоо хамт амьдарч байгаа болно. Мөн хадам ээж Цэвэлмаа нь хохирол төлбөр барагдсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохоо өөрөө сайн дураараа 2 удаа бичгээр илэрхийлж, нотариатаар батлуулан хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т “Яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасны дагуу надад холбогдох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан хэргийг дээрх үндэслэлийн дагуу хэрэгсэхгүй болгоогүйд гомдолтой байна. Надад оногдуулсан ял шийтгэл нь үйлдсэн хэрэг, учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээнд нийцээгүй гэж үзэж байна. Миний бие өөрийн буруугаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэг, гэм буруугаа ойлгон ухамсарлаж, чин санаанаасаа гэмшиж байгаа, учруулсан хохирлоо бүрэн төлж, гэм хорыг арилгасан, хохирогчоос чин сэтгэлээсээ уучлалт гуйж, сайн дураараа эвлэрсэн байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, надад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасан арга хэмжээг хэрэглэж өгөхийг хүсэж байна” гэжээ.

Улсын яллагч бичсэн эсэргүүцэлдээ: “Шүүгдэгч Ө.Мөнх-Эрдэнэ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын 1 дүгээр багийн нутаг “Нохой хуцдаг” гэх газар хувийн таарамжгүй харьцааны улмаас Г.Цэвэлмааг зодож, бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл, мөн С.Батбаярын эзэмшлийн эд хөрөнгийг санаатай эвдэж гэмтээн 345.000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан шалгаж, Аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлснийг Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэж, 148 дугаартай шийтгэх тогтоол гаргасныг ХЯНАВАЛ: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгч Ө.Мөнх-Эрдэнийг бусдын махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан, бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгаж, гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.200.00 төгрөгөөр, мөн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 12.240.000 төгрөгөөр торгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүнд ялд нь багтааж, нийт 12.240.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 54 дүгээр зүйлд заасан ял оногдуулах нийтлэг зарчимд нийцээгүй байна. Учир нь: Шүүгдэгч Ө.Мөнх-Эрдэнэ нь 22 настай, аав, ээж, дүү нарын хамт амьдардаг, мэргэжилгүй, Батлан хамгаалах их сургуулийн Менежмент төрийн захиргааны ангийн 4 дүгээр курсийн оюутан, эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогын эх үүсвэргүй, эд хөрөнгө үгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байхад шүүх ял шийтгэл оногдуулахдаа үндэслэл муутай дүгнэлт хийсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсэгт заасан “шүүх ял оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдлыг ... тал бүрээс нь харгалзан үзнэ” гэсэн, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасан “гэм буруутай этгээд үйлдсэн гэмт хэрэгтээ зөвхөн өөрөө эрүүгийн хариуцлага хүлээнэ” гэсэн зарчимд нийцээгүй ба шүүгдэгч Ө.Мөнх-Эрдэнэд оногдуулсан торгуулийн ял биелэгдэх боломжгүй гэж үзэхээр байна.

Мөн шүүхийн шийтгэх тогтоолын “ТОГТООХ” хэсэгт бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгаж, гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо “бусдын эд хөрөнгийг санаатайгаар эвдэж” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан зүйл ангид байхгүй үг хэллэгээр бичиж дүгнэсэн нь шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байна гэж үзэхээр байна.

Иймд Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 05-ний өдрийн 148 дугаартай шийтгэх тогтоол өөрчлөлт оруулахаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1-д зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангасан байна.

Шүүгдэгч Ө.Мөнх-Эрдэнэ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 23 цагийн орчимд Төв аймгийн Эрдэнэсант сумын 1 дүгээр багийн нутаг Нохой хуцдаг гэх газарт, гэрт нь хохирогч Г.Цэвэлмаатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж зодож, түүний бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан,

мөн С.Батбаярын гэрийн гадаа байсан түүний эзэмшлийн нарны цахилгаан үүсгэврийн толь, нарны цахилгаан үүсгэврийн тогоо, нарны цахилгаан үүсгэврийн тогооны дуран зэргийг модон иштэй хүрзээр санаатайгаар цохиж, гэмтээсний улмаас 345 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Ө.Мөнх-Эрдэнэ, хохирогч Г.Цэвэлмаа, С.Батбаяр, гэрч Б.Тамир нарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг, 2017 оны 02-р сарын 14-ний өдрийн Шинжээчийн дүгнэлт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ, зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон, энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл зөв, шүүх үйлдсэн хэргийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэсэн байх ба Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 324 дүгээр зүйлийн 324.1-д “ Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн, гэмт хэргийн хүнд, хөнгөн ба шийтгэгдсэн этгээдийн хувийн байдалд тохироогүй ял оногдуулсан нь тогтоогдвол давж заалдах шатны шүүх хөнгөн ялтай хууль хэрэглэх, эсхүл ялыг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэж заасны дагуу давж заалдах шатны шүүх хөнгөн ялтай хууль хэрэглэх, эсхүл ялыг хөнгөрүүлэн өөрчилж болох эрхийг эдлэх ба  харин ялыг хүндрүүлэх эрх хэмжээ хуулиар олгогдоогүй байна.

Өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүхээс Ө.Мөнх-Эрдэнэд мөнгөн төлөөс оногдуулсан торгох ялыг хүндрүүлж хорих ял болгон өөрчлөн шийдвэрлэх эрхгүй.

 Иймд прокурорын “...шүүх ял шийтгэл оногдуулахдаа үндэслэл муутай дүгнэлт хийсэн... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсэгт заасан... мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасан зарчимд нийцээгүй ба шүүгдэгч Ө.Мөнх-Эрдэнэд оногдуулсан торгуулийн ял биелэгдэх боломжгүй” гэсэн эсэргүүцэл, шүүгдэгч Ө.Мөнх-Эрдэнийн “..надад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасан арга хэмжээг хэрэглэж өгөхийг хүсэж байна “ гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Мөн анхан шатны шүүхээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг, улсын яллагчийн дүгнэлт зэрэгт тулгуурлан хохирогч Г.Цэвэлмаа нь шүүгдэгч Ө.Мөнх-Эрдэнэтэй сайн дураараа, өөрийн хүсэл зоригоор эвлэрсэн эсэх нь эргэлзээтэй гэж дүгнэснийг буруутгах боломжгүй байх ба шүүх хэргийг хэрэгсэхгүй болголгүйгээр ердын журмаар хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-д заасантай нийцэж байх тул шүүгдэгч Ө.Мөнх-Эрдэнийн “...надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоогүйд гомдолтой байна” гэх гомдол үндэслэлгүй байна.   

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, улсын яллагчийн эсэргүүцэл, шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч Ө.Мөнх-Эрдэнийг бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцохдоо “эвдэж” гэж бичсэн нь шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар ноцтой зөрчил биш байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1., 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 05-ний өдрийн 148 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Төв аймаг дахь прокурорын “шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах”-ыг хүссэн эсэргүүцэл, шүүгдэгч Ө.Мөнх-Эрдэнийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.  

3. Ө.Мөнх-Эрдэнэд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

        ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Г.БОЛОРМАА

                                                  ШҮҮГЧИД                                          Г.ТЭГШСУУРЬ

                                                                                                   Т.ЭНХМАА