Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гэндэндоржийн Болормаа |
Хэргийн индекс | 151/2016/0308/э |
Дугаар | 36 |
Огноо | 2017-06-09 |
Зүйл хэсэг | 096.2.5, |
Улсын яллагч | Б.Эрхэмбаяр |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 36
Б.Дашнямд холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Энхмаа даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, ерөнхий шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Б.Эрхэмбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбаяр
Нарийн бичгийн дарга Г.Энхтамир нарыг оролцуулан Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 131 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлоор Б.Дашнямд холбогдох эрүүгийн 2016 1900 0368 дугаартай 2 хавтас 402 хуудас хэргийг 2017 оны 12 дугаар сарын 28-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 1968 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын операторч мэргэжилтэй, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт Төв аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр баг Эрдэнэ уулын 2-3 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Бавуудоржийн Дашням, /РД:НС68082070/.
Шүүгдэгч Б.Дашням нь согтуугаар Төв аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр багийн Эрдэнэ уулын 2-3 тоотод 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 22 цагийн орчим ямар ч шалтаг шалтгаангүйгээр танхайн сэдэлтээр С.Гүррагчаагийн хэвлийн тус газар нь заазуурдаж, бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны 131 дугаар шийтгэх тогтоолоор: Боржигон овогт Бавуудоржийн Дашнямыг танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дашнямыг 7 /долоон/ жил, 5 /таван/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Дашнямд оногдуулсан 7 /долоон/ жил, 5 /таван/ сарын хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Дашнямын цагдан хоригдсон 145 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцож, ялтан Б.Дашнямд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлж, ял эдлэх хугацааг 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн тоолж,
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ногоон иштэй заазуурыг устгахыг Шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж,
Энэ хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж,
Ялтан Б.Дашням нь хохирогч С.Гүррагчаад эмчилгээний зардалд 4.500.000 төгрөг төлсөн, энэ шүүх хуралдаанаар гаргах гэм хорын төлбөргүй, хохирогч С.Гүррагчаа нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтан Б.Дашнямд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбаяр давж заалдах гомдолдоо: “...Улсын дээд шүүх “танхайн сэдэлт” гэдэг ойлголтыг 2009 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн дугаар 14 тогтоолоороо тайлбарласан бөгөөд уг тогтоолын 5.3-т “Танхайн сэдэлт” гэж нийгэмд тогтсон эрх зүйн болон ёс суртахууны хэм хэмжээ, уламжлагдсан ирсэн зан заншлыг үл тоомсорлон, өөрийн ичгүүр сонжуургүй, догшин зан авир, бүдүүлэг үйлдлээ бусдын анхаарлын төвд байлгахыг эрмэлзэх, ямар ч шалтгаангүй, эсхүл ялимгүй зүйлийг шалтаг болгосныг хэлнэ” гээд “танхайн сэдэлт нь бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, нийгмийн журмыг ноцтой зөрчих зэрэг хэлбэрээр илэрнэ” гэжээ.
Өөрөөр хэлбэл, танхайн сэдэлтээр гэмт хэрэг үйлдэх үед тухайн этгээд нь нийгмийн тогтсон хэм хэмжээг үл тоомсорлосон, бусдын анхаарлын төвд байх гэсэн субъектив санаа бодолтой байдаг бол ялтан хохирогч хоёр хоёулхнаа байсан, өөр гуравдагч этгээд дэргэд нь байхгүй байхад бусдын анхаарлын төвд байхыг эрмэлзсэн байх боломжгүй тул танхайн сэдэлттэй гэж тайлбарлах нь учир дутагдалтай.
Ялтан, хохирогч хоёр хэрэлдэж, маргаагүй, ямар нэгэн хувийн өс хонзонгүй “хуурай ах дүү”-гийн хэмжээнд хүртэл нутгийнхан нь хүлээн зөвшөөрдөг, “бараг төрсөн ах дүү шиг байнга хамт явдаг хүмүүс, сална гэсэн ойлголт байхгүй, цагаан сараар хүртэл Гүррагчаа өөрийн төрсөн ах эгчээсээ илүү Дашням дээр ирж золгож байдаг” урт удаан хугацаанд ингэж нөхөрлөсөн хүмүүсийн хооронд ийм танхайн сэдэлт яригдах боломжгүй.
2. Шүүгдэгчид энэ гэмт хэрэг үйлдэх санаа зорилго анхнаасаа байгаагүй байна.
Ялтан, хохирогч хоёр хэрэлдэж, маргаагүй, ямар нэгэн хувийн өс хонзонгүй “хуурай ах дүү”-гийн хэмжээнд хүртэл нутгийнхан нь хүлээн зөвшөөрдөг, “бараг төрсөн ах дүү шиг байнга хамт явдаг хүмүүс, сална гэсэн ойлголт байхгүй, цагаан сараар хүртэл Гүррагчаа өөрийн төрсөн ах эгчээсээ илүү Дашням дээр ирж золгож байдаг” хүмүүс бие биендээ ийм гэмтэл учруулна гэдэг нь энэ гэмт хэрэгт анхнаасаа санаатай гэмтэл учруулсан биш, харин санамсар болгоомжгүйгээс ийм байдалд хүрсэн болов уу гэсэн дүгнэлтэд хүргэж байна.
Учир нь Б.Дашнямын эхнэр болох гэрч О.Мөнхжаргалын мэдүүлэгт “Дашням машинаас бууж ирэхэд нилээн согтсон гуйвж алхсаар байгаад машин руу орсон”, гэрч Ц.Рэгзэдмаагийн мэдүүлэгт “тухайн хүн /хохирогч/-д үзлэг хийж байхад өөрөөс нь архи, согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан” гэснээс үзэхэд ялтан, хохирогч 2 хоёулаа согтуу байсан, ялтан бүр хөл дээрээ тогтож чадахгүй байсан бөгөөд хоол идэх гэж байсан хоёр согтуугийн их согтолттой нэг нь гуйвж дайвж байгаад нөгөөдөө санамсар, болгоомжгүй байдлаас гэмтэл учруулсан байх магадлал маш өндөр байгааг анхан шатны шүүх анхаарч үзсэнгүй.
3. Өөрийнөө үйлдэлд эргэлзсэнийх нь төлөө хүнд ял шийтгэх оногдууллаа.
Шүүх хуралдаан дээр шүүгдэгч тухайн гэмт хэрэг гарах үед болсон явдлыг сайн санахгүй байна гээд “би ер нь хутгалаагүй байх” гэж өөрийн үйлдэлдээ эргэлзэж байгаагаа шүүх бүрэлдэхүүнд хэлсэн байдаг. Гэтэл анхан шатны шүүх ял оногдуулахдаа шүүгдэгч хүн заавал хэргээ хүлээх ёстой, өөртөө өчүүхэн төдий ч эргэлзэж болохгүй мэтээр хүний бодол санааг хүртэл өөрсдийн дураар байлгах, эс бөгөөс “ял шийтгэлийг хүндрүүлнэ” гэсэн байдлаар хандаж байгаа нь Эрүүгийн хуульд заасан “шударга ёсны” болон “энэрэнгүй ёсны” зарчмыг үл хэрэгсэж байгаагийн илрэл юм.
Ийм учраас шүүгдэгчид ял оногдуулахдаа өмнө нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийг журамлаж байсан бол 2 дахь удаагаа татгалзаж, шүүгдэгчээс өөрийн үйлдлээ санахгүй байгаа учраас өөрөө үйлдээгүй байх гэж эргэлзсэнийх нь төлөө хувийн байдлын хувьд “хэргээ хүлээхгүй байгаа” хэмээн ялыг үндэслэлгүйгээр хүндрүүлжээ.
4. Гэмтлийн эдгэрэлтийг ял оногдуулахдаа харгалзаж үзсэнгүй.
Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтэнд хохирогчийн гэмтэл “ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэсэн бөгөөд эмчилгээний явцад хохирогчийн гэмтэл хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөөгүй байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 84 дүгээр 84.5 дахь хэсэгт “шинжээчийн дүгнэлтийг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, шүүх заавал баримтлах үүрэггүй” гэж тодорхой заасан байтал заавал баримтлах үүрэгтэй мэтээр хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хохирогчийн гэмтэл бүрэн эдгэрч хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөөгүй байсан ч анхан шатны шүүх эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тодорхой хэмжээгээр харгалзаж үзсэнгүй нь Эрүүгийн хуульд заасан “Энэрэнгүй ёсны зарчим”-ыг үл тоомсорлосон шийдвэр боллоо.
Иймээс Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 308 дугаар зүйлд заасны дагуу “шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт байгаа материалыг үндэслэн энэхүү давж заалдах гомдолд дурдсанаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж” Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 131 дугаар шийтгэх тогтоолыг “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, оногдуулсан ял нь шийтгэгдсэн этгээдийн хувийн байдал болон гэмт хэргийн хүнд хөнгөнд тохироогүй болохыг тогтоож”, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 324 дүгээр зүйлд даасны дагуу өөрчилж өгнө үү” гэжээ.
Шүүх хуралд оролцсон прокуророос: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байгаа тул хэвээр үлдээж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Дашнямыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт заасан танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байх ба анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтын талаарх хууль зүйн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн байна.
Шүүгдэгч Б.Дашням нь согтуугаар Төв аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр баг. Эрдэнэ уулын 2-3 тоотод 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 22 цагийн орчим ямар ч шалтаг шалтгаангүйгээр танхайн сэдэлтээр иргэн С.Гүррагчаагийн хэвлий болон зүүн бугалганд заазуурдаж, бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-3-5/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-13/, хувцсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-17-19/, Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны 292,190 дугаар дүгнэлтүүд /хх-64-65,173/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 4980, 4979, 4981, 3756 дугаар дүгнэлтүүд /хх- 69, 73 ,76, 77-81/, өвчний түүх /хх-133-160/, хохирогч, гэрч, шинжээчийн өгсөн мэдүүлгүүд болон Б.Дашнямын сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна.
Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 92, 93 дугаар зүйлд заасан нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж бүхэлд нь үнэлсэн дээрх нотлох баримтууд болон хохирогч С.Гүррагчаагийн “... би Дашням ахыг гэрт нь хүргэж өгсөн... би ус уучихаад эргэсэн чинь Дашням ах үгийн зөрүүгүй намайг заазуураар өрц рүү хатгасан, зүүн бугалганд цохиж зүссэн” гэсэн мэдүүлэг, гэрч О.Мөнхжаргалын “...Гүррагчаа байшингаас над руу ирээд Дашням ах намайг хутгалчихлаа гээд цамцаа сөхөж харуулсан, үүдний өрөөнд цустай ногоон өнгийн бариултай заазуур, зочны өрөөнөөс үүдний өрөө хүртэл шалан дээр цус дусалсан мөр гарсан байсан...” гэх мэдүүлэг, хэрэг гарах үед тухайн орчинд буюу гэрт хохирогч С.Гүррагчаа шүүгдэгч Б.Дашням нараас өөр хүн байгаагүй болох нөхцөл байдал, шүүгдэгчийн гэрээс эд мөрийн баримтаар хураан авсан заазуур дээрх хохирогчийн цусны бүлэг нь хэрэг учрал болсон газар буюу шүүгдэгч Б.Дашнямын гэрийн шалан дээрх цусны бүлэг, хохирогчийн өмсөж явсан хувцсанд үүссэн цусны бүлэгтэй тохирч байгааг дүгнэсэн шинжээчийн дүгнэлтүүд, хохирогчийн биед үүссэн гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдах болохыг тогтоосон 292 дугаар шинжээчийн дүгнэлт, түүнчлэн гэрч С.Ганбаатар, С.Зоригтбаатар, О.Мөнхжаргал, Д.Оюунсүрэн, Т.Ууганбаяр, Ц.Рэгзэдмаа нарын мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүдийг харьцуулан дүгнэж, гэмт үйлдэл хор уршиг хооронд шалтгаант холбоотой, хохирогч С.Гүррагчаагийн мэдүүлэг нь бусад гэрчийн мэдүүлгээр давхар нотлогдон тогтоогдсон, гэмт хэргийг шүүгдэгч Б.Дашням ямар ч шалтаг шалтгаангүйгээр, танхайн сэдэлтээр үйлдсэн, тухайн гэмт хэрэгт гэм буруутай гэсэн хууль зүйн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн байх ба энэ байдлаар шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбаярын “...гэмт хэрэг танхайн сэдэлтгүй үйлдэгдсэн, хэргийн зүйлчлэлийг өөрчлүүлэх” гэсэн гомдол няцаагдаж байна.
Харин шүүгдэгч Б.Дашням анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж, ял эдлэх дэглэмийг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иймд дээрх байдлаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4, 324 дүгээр зүйлийн 324.1 дэх хэсэг, 325 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 131 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дах заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дашнямыг 7 /долоон/ жил, 5 /таван/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дашнямыг 4 /дөрөв/ жил, 9 /есөн/ сарын хорих ялаар шийтгэсүгэй” гэж,
- шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дах заалтын “Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Дашнямд оногдуулсан 7 /долоон/ жил, 5 /таван/ сарын хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Дашнямд оногдуулсан 4 /дөрөв/ жил, 9 /есөн/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй” гэж тус тус өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
3. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбаярын “хэргийн зүйлчлэлийг өөрчлүүлэх” тухай давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл ялтан болон хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, Улсын ерөнхий прокурор магадлал гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧИД Г.ТЭГШСУУРЬ
Г.БОЛОРМАА