Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2020/0296

 

2020.04.30-ны өдөр                                                  221/МА2020/0296                              Улаанбаатар хот

 

Б.Жавзангийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 96 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Б.Ж-н нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 96 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, 49 дүгээр зүйлийн 49.1, 57 дугаар зүйлийн 57.2.2, 57.12, 63 дугаар зүйлийн 62.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Ж-ийн нэхэмжлэлтэй нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргаснаар нийслэлийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Б/87 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны үндсэн цалин, нэмэгдэлтэй тэнцэх хэмжээний 9,755,421 төгрөгийн нөхөн олговрыг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Ж заалдах гомдолдоо: Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсгийн нэгдүгээрт “Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-т “энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх” төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангагдах эрхтэй” “хууль зөрчиж томилогдсон гэх үндэслэл нь нэхэмжлэгчийг буруутгах, цаашлаад түүнийг төрийн ажил, албан тушаалаас чөлөөлөх хуульд заасан үндэслэлд хамаарахгүй юм” гэж зөв дүгнэсэн.

Харин үндэслэх хэсгийн хоёрдугаарт “нэхэмжлэгч Б.Ж-нг нийслэлийн Дотоод аудитын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэл тогтоогдохгүй байна” гэжээ. Гэтэл хариуцагчаас 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Б/87 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж гаргасан нөхцөл байдал нь өөрөө түүнийг ажил албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэл болох юм. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн хууль бусаар ажлаас халсан шийдвэр буюу нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн шийдвэр, үйл ажиллагааны улмаас үргэлжилж буй эрхийн зөрчил нь хариуцагчийн буруутай үйлдлээс болсон байхад түүний үр дагаврыг нэхэмжлэгчид хамааруулан шийдвэрлэх нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Шүүх нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нийслэлийн Засаг даргын захирамжийг буюу захиргааны актыг хууль бус гэж үзэж хүчингүй болгосон мөртлөө захиргааны акт, шийдвэрийн улмаас ажиллах боломжгүй болж, үндсэн хуулиар олгогдсон хөдөлмөрлөх ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, үндсэн эрхийг хөндсөн захиргааны үйл ажиллагааг зөвтгөж, хамгаалсан дүгнэлтийг гаргасан нь логикийн хувьд алдаатай үндэслэлгүй байна.

Түүнчлэн шүүх “нэгэнт төрийн албан тушаалд хуулиар тогтоосон шаардлагыг хангаагүй Б.Ж-нг уг албан тушаалд томилох, шүүхээс томилохыг даалгах боломжгүй” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

Учир нь нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “ажилд эгүүлэн тогтоолгох” гэж гаргасан бөгөөд энэ талаар талууд мэтгэлцсэн байх ба тухайн албан тушаалд “томилохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг гаргаагүй. “Ажилд эгүүлэн тогтоолгох” тухай хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөнтэй холбоотой гардаг бол “ажилд томилохыг даалгах” тухай нэхэмжлэл нь захиргааны хууль бус эс үйлдэхүйтэй холбоотойгоор үүсдэг ялгаатай харилцаа юм.

Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсгийн хоёрт “нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 18.3-д эрхэлсэн түшмэлийн албан тушаалд яамны газрын дарга, хэлтсийн дарга, тэдгээртэй адилтгах бусад албан тушаал хамаарна, 23.2.2-т эрхэлсэн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 12 оос доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4 өөс доошгүй ажил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх гэж төрийн жинхэнэ албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг хангаагүй байна” гэжээ. Гэтэл Дотоод аудитын газрын даргын албан тушаалын ангилал, зэрэглэл нь ТЗ-10 ба Засгийн газрын 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 275 дугаар тогтоолоор Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл түүнд хамаарах албан тушаалын жагсаалтыг баталсан бөгөөд ТЗ-10-д хамаарах албан тушаалын ангилал нь “ахлах түшмэл”-ийн ангилалд хамаарч байна. Гэтэл шүүхээс нэхэмжлэгчийг эрхэлсэн түшмэлийн ангилалд хамаарах, төрийн жинхэнэ албан тушаалд тавигдах шаардлагыг хангаагүй гэж үзсэн.

Мөн Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт заасан төрийн албан тушаалд тавих тусгай шаардлагууд нь зөвхөн тухайн албан тушаалд шинээр томилогдох иргэнд хамаарах заалтууд байх бөгөөд нэхэмжлэгч нь дээрх хуулийг хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхээс өмнө буюу 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн Дотоод аудитын албан даргаар томилогдон ажиллаж байсан. Шинэчилэн баталсан Төрийн албаны тухай хууль нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн, шүүхээс хуулийг хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхээс өмнө томилогдсон төрийн албан хаагчид хамаатуулан шийдвэрлэж төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг дордуулж, иргэний Үндсэн хуулиар баталгаажсан хөдөлмөрлөх, ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хөндсөн шийдвэрийг гаргасанд гомдолтой байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 96 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн “урьд эрхэлж байсан нийслэлийн Дотоод аудитын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох” шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гомдлыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэв.

Харин хариуцагчийн давж заалдах гомдлыг хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэж, хэлэлцэхгүй орхив.

Нэхэмжлэгч Б.Ж-гаас нийслэлийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Б/87 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, урьд ажиллаж байсан үүрэгт ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Нийслэлийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Б/87 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5, 62 дугаар зүйлийн 62.1.4, Засгийн газрын 2019 оны “Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтэц, тэдгээрийн орон тооны хязгаарыг батлах тухай” 100 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд ажиллах хэрэгжүүлэгч агентлагуудыг шинэчлэн тогтоож, Нийслэлийн Дотоод аудитын албыг өөрчлөн байгуулж, өөрчлөн байгуулагдсан Дотоод аудитын газрын даргын албан тушаалд тавигдах Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан тусгай шаардлагыг хангахгүй гэж Б.Ж-нг Нийслэлийн Дотоод аудитын албаны даргын үүрэгт ажлаас чөлөөлж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч нийслэлийн Дотоод аудитын албаны даргын ТЗ-10 ангиллаар шалгалт өгч, улмаар нийслэлийн Дотоод аудитын албаны даргын албан тушаалд томилуулахаар Засаг даргад санал болгосон байх бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 62 дугаар зүйлийн 62.1.1-д заасан төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх, төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангагдах эрхтэй болжээ.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх, хууль зөрчиж томилогдсон нь нэхэмжлэгчийг буруутгах, цаашлаад түүнийг төрийн ажил, албан тушаалаас чөлөөлөх хуульд заасан үндэслэлд хамаарахгүй гэж зөв дүгнэлт хийж, нийслэлийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Б/87 дугаар захирамжийг хүчингүй болгосон нь үндэслэл бүхий болжээ. .

Харин анхан шатны шүүх “Хууль бус болох нь тогтоогдсон захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэснээр шүүхэд хандсан нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь сэргэх учиртай хэдий ч энэ тохиолдолд Б.Ж-нг нийслэлийн Дотоод аудитын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлгүй” гэж буруу дүгнэлт хийжээ.

Нэхэмжлэгч нь нийслэлийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Б/274 дүгээр захирамжаар нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Дотоод аудитын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, нийслэлийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Б/28 дугаар захирамжаар нийслэлийн Дотоод аудитын албаны даргын албан тушаалд томилогдсон бөгөөд нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 46, 47, 62 дугаар зүйлд заасан “Төрийн жинхэнэ албан хаагчийг түр чөлөөлөх, чөлөөлөх, албан тушаалаас нь халах” нөхцөл байдал тогтоогдоогүй байжээ.

Улмаар Засгийн газрын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 100 дугаар тогтоолоор тус агентлагийн нэрийг “нийслэлийн Дотоод аудитын газар” гэж өөрчилсөн бөгөөд тогтоолын 6 дахь хэсэгт нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлэгч агентлаг дотоод аудитын газар ажиллуулахаар тогтоосон.

Учир нь өөрчлөн байгуулагдсан бүтцийн нэгжид тухайн албан тушаалын нэр өөрчлөгдсөн боловч хэрэгжүүлэх чиг үүрэг нь өөрчлөгдөөгүй, зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөн гэдэгт бүтцийн нэгжүүд өөрчлөгдөж, чиг үүргүүд нь хоорондоо шилжин зохион байгуулагдсаныг хамааруулан ойлгох бөгөөд энэ тохиолдолд нэхэмжлэгч өмнө нь одоо бий болсон нийслэлийн Дотоод аудитын албаны даргын албан тушаалд ажиллаж байгаад газар болж, уг албаны даргаар ажиллаж байгаад дахин газар болон өөрчлөгдсөн тул түүнийг нийслэлийн Дотоод аудитын газрын даргаар томилон үргэлжлүүлэн ажиллуулахаар байсан байна. Энэ талаарх анхан шатны шүүх буруу дүгнэлт гаргажээ.

Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д зааснаар “энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх”, 62.1.3-д зааснаар “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авах”-аар зохицуулсан.

Дээрх тохиолдолд нийслэлийн Дотоод аудитын газрын даргын албан тушаал хэвээр үлдсэн, орон тоо цөөрөөгүй болох нь Засгийн газрын 2019 оны “Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтэц, тэдгээрийн орон тооны хязгаарыг батлах тухай” 100 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Дотоод аудитын албаны даргын ажлын байрны тодорхойлолт, 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 22 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт “албан тушаалын тодорхойлолт”-оор тус тус тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нийслэлийн Дотоод аудитын газрын даргын албан тушаалаас чөлөөлсөн тушаалын үндэслэл буруу, өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуулийн 62.1.4-г барьсан нь үндэслэлгүй.  

Нийслэлийн Засаг дарга нь эрх зүйн зөрчилтэй тушаал гаргаж, нэхэмжлэгч Б.Ж-нг үүрэгт ажлаас чөлөөлсөн нь төрийн албан мэргэшсэн, тогтвортой байх зарчимд нийцээгүй, төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангаагүй захиргааны акт гаргасан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нийслэлийн Засаг даргын захирамжийг хууль бус акт гэж зөв дүгнэсэн атлаа нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээгээгүй нь буруу байна. 

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг баримтлан

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 96 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Төрийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.3, 23 дугаар зүйлийн 23.2.2-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн “урьд эрхэлж байсан нийслэлийн Дотоод аудитын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох”-ыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.2, 62 дугаар зүйлийн 62.1.1, 62.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “урьд эрхэлж байсан нийслэлийн Дотоод аудитын албаны даргаар ажиллаж байсан Б.Ж-нг одоогийн нийслэлийн Дотоод аудитын газрын даргаар томилохыг нийслэлийн Засаг даргад даалгасугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

 

ШҮҮГЧ                                                                      Н.ХОНИНХҮҮ

 

ШҮҮГЧ                                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН