Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 0101

 

 

 

 

 

 

2020 оны 02 сарын 04 өдөр           Дугаар 128/ШШ2020/0096          Улаанбаатар хот

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны тавдугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

         Нэхэмжлэгч: Б.Ж,

          Хариуцагч: НЗД

Нэхэмжлэлийн шаардлага: “НЗД-ын 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Б/87 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, урьд ажиллаж байсан үүрэгт ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”-ийг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч Б.Ж болон түүний өмгөөлөгч Г.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...НДАА /хуучин нэрээр/ нь Төсвийн тухай хуулийн 69.1-д “төсвийн ерөнхийлөн захирагч бүр дотоод аудитын албыг байгуулж, дотоод аудитор ажиллуулна" гэж хуульчилсны дагуу Засгийн газрын 2012 оны 190 дүгээр тогтоолоор анх байгуулагдсан бөгөөд Засгийн газрын 2016 оны 8 дугаар тогтоолын дагуу мөн уг нэрээр НЗД-ын эрхлэх асуудлын хүрээнд ажилласан. Засгийн газрын 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 100 дугаар тогтоолоор тус агентлагийн нэрийг НДАГ гэж өөрчилжээ.

Төсвийн тухай хуулиар хуульчлан тогтоосон “дотоод аудитын алба” хэмээх нэрийг Засгийн газрын тогтоолоор “дотоод аудитын газар” гэж өөрчилсөн нь тухайн байгууллагыг өөрчлөн байгуулж буй хэрэг биш бөгөөд гагцхүү хуулийн этгээдийн оноосон нэрийг өөрчилж байгаа хэрэг юм. Хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах, оноосон нэрийг өөрчлөх зэрэг нь өөр, өөр утга агуулга бүхий хууль зүйн нэр томьёо бөгөөд хууль зүйн хувьд харилцан адилгүй үр дагавартай байдаг.

Тухайлбал, Иргэний хуулийн 31 дүгээр зүйл болон Төрийн албаны тухай хуулийн 62.1.3-т төрийн байгууллагыг хуульд заасан журмын дагуу зөвхөн нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх замаар өөрчлөн байгуулж болохоор хуульчилсан байна. Мөн Иргэний хуулийн 27.1-д “Хуулийн этгээд өөрийн нэртэй байна. Хуулийн этгээдийн нэр нь түүний зохион байгуулалт, эрх зүйн хэлбэрийг тусгасан байна” гэж, 27.3-т “Хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй” гэж, 27.4-т “Хуулийн этгээдийн нэрийг бусад этгээд хууль бусаар ашиглахыг хориглоно” гэж тус тус заасан.

Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзэхэд НДАА /хуучин нэрээр/-ны нэрийг “газар” хэмээн өөрчилсөн нь тус байгууллагыг хуулийн этгээдийн хувьд өөрчлөн байгуулж байгаа хэрэг биш гэдэг нь тодорхой байна.

Өөрөөр хэлбэл, хуульд заасны дагуу НДАА /хуучин нэрээр/-ны үйл ажиллагааг зогсоож, эрх, үүрэг, хариуцлагыг шинээр бий болсон болон өөр бусад хуулийн этгээдэд шилжүүлээгүй, эсхүл үйл ажиллагааг нь зогсоохгүйгээр зарим эрх, үүрэг, хариуцлагыг нь шинээр байгуулагдсан хуулийн этгээдэд шилжүүлээгүй, түүнчлэн зохион байгуулалтын төрөл, хэлбэр, үндсэн зорилгыг нь өөрчлөөгүй тул тус агентлагийг хууль зүйн хувьд өөрчлөн байгуулагдсан гэж үзэхгүй юм.

НЗД С.А*******ы 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Б/87 дугаар захирамжид дурдсан “НДАГ-ын даргад тавих шаардлагыг хангахгүй” хэмээх үндэслэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Учир нь миний бие Төрийн албаны тухай 2002 оны хууль тогтоомжид заасан журмын дагуу буюу тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийн дагуу 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр төрийн албаны шалгалт өгч, 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Монгол улсын төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд уг хуулийн дагуу сонгон шалгаруулалтад оролцон шалгарч НДАА /хуучин нэрээр/-ны даргаар томилогдсон.

Өнгөрсөн хугацаанд миний бие үүрэгт ажлаа хуулийн дагуу хэвийн гүйцэтгэж ирсэн боловч Төрийн албаны тухай хуулийн 46, 47 дугаар зүйл, 62 дугаар зүйлийн 62.1.3, 62.1.4-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийг үүрэгт ажлаас чөлөөлөх, халах үндэслэлүүдийн аль нь ч бүрдээгүй байхад үүрэгт ажлаас чөлөөлснийг хууль бус гэж үзэж байна.

Улсын Их Хурлаас 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр баталсан Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн бөгөөд уг хуульд заасан шинэ зохицуулалтууд нь өмнө нь үйлчилж байсан 2002 оны Төрийн албаны тухай хуулийн дагуу томилогдсон яамдын Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн дарга, аймаг, НЗД-ын Тамгын газрын дарга нараас бусад төрийн жинхэнэ албан хаагчдад буцаж үйлчлэхгүй гэж үзэж байна...”, “...тухайн байгууллагын нэр өөрчлөгдсөн болохоос биш чиг үүрэг нь өөрчлөгдөөгүй. Нэр өөрчлөгдсөн гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлөх нь хуульд нийцэхгүй. Төрийн албаны тухай хуулийн холбогдох хуулийг зааж өгсөн ч хууль хэрэглээний хувьд бодит байдалтай нийцэхгүй.

Дотоод аудитын тухай Төсвийн тухай хуульд нэрлэн заасан байхад өөрчилсөн гэсэн үндэслэлээр захирамж гаргаад ажлаас чөлөөлж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд НЗД-ын 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Б/87 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан...” гэв.

Хоёр. хариуцагч НЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.Жг 2016 оны 274 дүгээр захирамжаар Дотоод аудитын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Төрийн албаны тухай хууль, Төрийн албаны зөвлөл, Засгийн газрын тогтоолыг зөрчин хууль бусаар томилсон байдаг. Монгол улсын Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолоор “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг  түр орлон гүйцэтгэх” тухай журмаар төрийн жинхэнэ албан хаагч нь өвчтэй, чөлөөтэй, ээлжийн амралттай тохиолдолд түр орлон гүйцэтгэгчээр томилох ёстой байтал агентлагийн албаны даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон байдаг. Ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэжлийн мэргэшсэн нягтлан бодогч, эрх зүйч мэргэжилтэй байх ёстой байсан. Энэхүү шаардлагыг Б.Ж хангахын тулд 2016 оны 12 сараас мэргэшсэн нягтлан бодогч болсон байдаг. Тухайн албанд томилогдсоноос хойш жил гаруйн дараа Б.Ж нь Төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалтад орж төрийн жинхэнэ албан хаагч болсноор 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр захирамж гарч агентлагын албаны даргаар томилогдсон. Монгол улсын Засгийн газрын 123 дугаар тогтоолоор Дотоод аудитын албыг газар болгон өөрчилсөн байдаг. Иймээс Дотоод аудитын газрыг татан буулгаад өөрчилж Б.Жг газрын даргаар томилох гэтэл Төрийн албаны тухай хуульд заасан тусгай шаардлагыг хангахгүй байсан. Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 2 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад заасан Төрийн захиргааны албан тушаалын эрхэлсэн түшмэл, түүнтэй адилтгах тавигдах албан тушаалтанд тавигдах тусгай шаардлагыг заасан байдаг. Тусгай шаардлага нь төрийн албанд 12-оос доошгүй жил ажилласан, үүнээс 4-өөс доошгүй жил ахлах тушаалын албан тушаалд ажилласан байх шаардлагыг заасан. Энэхүү шаардлагыг Б.Ж хангахгүй байсан. Үүнийг нотлох баримтаар хэрэгт хавсаргасан.

Мөн Б.Жгийн дотоод аудитын албаны даргаар ажиллаж байх хугацаандаа ямар алдаа дутагдлууд гаргаж байсан талаар хуудсуудыг хавсаргасан. Тухайн ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага буюу дээд боловсролын магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх шаардлагыг хангаагүй хүн томилсон байдаг. Төрийн албаны шалгалт өгөөгүй, ажлын туршлагагүй хүнийг томилсон байгаа юм. Тэтгэвэрт гарсан н.О******* гэдэг хүнийг төрийн захиргааны албан тушаалд томилсон байдаг. Ахлах аудитор н.Ш*******, н.М*******г дэвшүүлэн томилохдоо хянаагүй шууд томилсон байдаг.

Мөн Б.Ж үүрэгт ажлаа эрхэлж байхдаа НЗДас өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлээгүй. 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнөөс НЗД С.А-д удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, ажлаа танилцуулаагүй, ажилдаа хариуцлага хандсан. Иймд Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 2 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад батлагдсан төрийн захиргааны удирдах албанд тавигдах тусгай шаардлага болон ур чадварын байдлыг хангахгүй байна гэж үзээд дотоод аудитын газрын даргын албан тушаалаас чөлөөлөх үндэслэл болсон.

 

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “НЗД-ын 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Б/87 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, урьд ажиллаж байсан үүрэгт ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” гэж  нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

Шүүх хуульд заасан журмаар хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, болон нэхэмжлэгч, хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан тайлбар зэргийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлага тус бүрийг дараах байдлаар дүгнэлээ.

Нэхэмжлэгчээс “...нийслэлийн Дотоод аудитын  албаны нэрийг газар хэмээн өөрчилсөн нь тус байгууллагыг хуулийн этгээдийн хувьд өөрчлөн байгуулж байгаа хэрэг биш бөгөөд намайг төрийн жинхэнэ албан хаагчийг үүрэг ажлаас чөлөөлөх, халах үндэслэлүүдийн аль нь ч бүрдээгүй байхад чөлөөлснийг хууль бус гэж үзэж байна...” гэж, хариуцагчаас “...Б.Ж анх 2016 онд дотоод аудитын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдохдоо л тухайн үед хүчинтэй үйлчилж байсан хууль, тогтоомжуудыг зөрчсөн. Мөн Засгийн газрын 100 дугаар тогтоолоор НДАА нь газар болон өөрчилсөн бөгөөд газрын даргын албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжлийн ерөнхий шаардлагыг  хангаагүй тул үүрэг ажлаас чөлөөлсөн...” гэж маргажээ.

Нэг. “НЗД-ын 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Б/87 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:  НЗД-ын 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн  Б/274 дүгээр захирамжаар Б.Жг НЗД-ын хэрэгжүүлэгч агентлаг Дотоод аудитын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, НЗД-ын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн “Ажилд томилох тухай” Б/28 дугаар захирамжаар НДААны даргын албан тушаалд томилсон байх ба 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Б/87 дугаар тушаалаар, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5, 62 дугаар зүйлийн 62.1.4, Засгийн газрын 2019 оны “НЗД-ын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны  бүтэц, тэдгээрийн орон тооны хязгаарыг батлах тухай” 100 дугаар тогтоолыг үндэслэл болгон нэхэмжлэгчийг НДААны даргын ажил, албан тушаалаас чөлөөлжээ.

Хариуцагчаас нэхэмжлэгчийг “...анх энэ албан тушаалд хууль зөрчиж томилогдсон, албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлэн шаардлага хангаагүй иргэдийг төрийн захиргааны албан тушаалд томилсон, төрийн албан хаагчийг үндэслэлгүйгээр албан тушаал бууруулж, халсан, хууль тогтоомж зөрчиж, төр хохирох нөхцөл үүссэн, удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй, удирдах албан тушаалтанд тавигдах ур чадварын шаардлага хангаагүй” гэж ажлаас чөлөөлсөн үндэслэлээ тайлбарлаж байгаа болно.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас үзвэл НЗД-ын 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн “нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын 2018 оны “Ажил дүгнэх тухай” А/52 дугаар захирамжийн нэгдүгээр хавсралтад үйл ажиллагааны үр дүнгийн үнэлгээ “дотоод аудитын алба”-ыг “хангалттай” гэж үнэлсэн байна.

Мөн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн удирдах ажилтны сонгон шалгаруулалтын дүнгийн хуудаснаас үзвэл нэхэмжлэгч НДААны даргын ТЗ-10 ангиллаар шалгалт өгч 80.4 онооны үнэлгээ авч, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн “ Төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны нөөцөд бүртгэх, нэр дэвшүүлэх тухай” 27 дүгээр тогтоолоор “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 32,39 дүгээр заалтуудыг үндэслэн Б.Жг НДААны даргын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлэн Засаг даргад санал болгожээ.

Дээрх баримтуудаас үзвэл нэхэмжлэгч нь НЗД-ын 2018 оны Б/28 дугаар захирамжаар НДААны даргын албан тушаалд томилогдсон төрийн албан тушаалыг эрхэлж эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа төрийн албан хаагч болохын хувьд Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-т “Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халах”-ыг хориглох, мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-т “энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх” төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангагдах эрхтэй байна.

   Өөрөөр хэлбэл хариуцагчийн “...нэхэмжлэгчийг анх томилохдоо тухайн үед мөрдөгдөж байсан хүчинтэй хууль, тогтоомжийг зөрчиж томилсон...” гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй бөгөөд “хууль зөрчиж томилогдсон” гэх үндэслэл нь нэхэмжлэгчийг буруутгах, цаашлаад түүнийг төрийн ажил, албан тушаалаас чөлөөлөх хуульд заасан үндэслэлд хамаарахгүй юм.

   Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т “захиргааны акт, ...хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж зааснаар НЗД-ын 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Б/87 дугаар захирамжийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх зүйтэй гэж үзлээ.

Хоёр. “Урьд ажиллаж байсан НДААны даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Хууль бус болох нь тогтоогдсон захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэснээр шүүхэд хандсан нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь сэргэх учиртай хэдий ч энэ тохиолдолд нэхэмжлэгч Б.Жг НДАГ-ын даргын албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэл тогтоогдохгүй байна.

Учир нь Засгийн газрын 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн “НЗД-ын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтэц,тэдгээрийн орон тооны хязгаарыг батлах тухай” 100 дугаар тогтоолын 6 дахь хэсэгт НЗД-ын эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлэгч агентлаг “дотоод аудитын газар” ажиллуулахаар тогтоожээ.

Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д “тухайн албан тушаалын чиг үүрэг, түүнийг хэрэгжүүлэх албан хаагчид тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадварын шаардлагыг баталгаажуулсан баримт бичиг”-ийг хэлнэ гэжээ.

 Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 22 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар НЗД-ын хэрэгжүүлэгч агентлаг-Дотоод аудитын газрын албан тушаалын тодорхойлолтыг баталж, Дотоод аудитын газрын даргын албан тушаалын ангилал, зэрэглэл нь ТЗ-10, албан тушаалд тавигдах тусгай шаардлага: боловсрол-магистр түүнээс дээш боловсролын зэрэгтэй, мэргэжил- санхүүч, нягтлан бодох бүртгэл, эдийн засагч, эрх зүйч, туршлага- төрийн албанд 12-оос доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил, тухайн салбарт мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байхаар байна.

Тэгвэл нэхэмжлэгч Б.Жгийн нийгмийн даатгалын дэвтэр дээрх бичилт болон төрийн албан хаагчийн анкетаас үзвэл МБ хянан шалгагчаар 2005 оны 2 дугаар сарын 22-ны өдрөөс 2007 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл, НДААД-аар 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл төрд ажилласан хугацааг тооцвол төрийн албанд нийт 5 жил 1 сар ажилласан байх ба энэ нь Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр батлагдан, улмаар 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээр уг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Төрийн захиргааны албан тушаалыг тэргүүн түшмэл, эрхэлсэн түшмэл, ахлах түшмэл, дэс түшмэл, туслах түшмэл гэж тус тус ангилна”, 18.3-д “Эрхэлсэн түшмэлийн албан тушаалд яамны газрын дарга, хэлтсийн дарга, тэдгээртэй адилтгах бусад албан тушаал хамаарна.” 23 дугаар зүйлд “Төрийн албан тушаалд тавигдах тусгай шаардлага” 23.2.2-т “эрхэлсэн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 12-оос доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх” гэж төрийн жинхэнэ албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг хангаагүй байна.

Нэгэнт төрийн албан тушаалд хуулиар тогтоосон шаардлагыг хангаагүй Б.Жг уг албан тушаалд томилох, шүүхээс томилохыг даалгах боломжгүй, шүүхийн шийдвэр бодит байдлаар хэрэгжих боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж үзэхээр байна.

Харин нэгэнт, хариуцагч НЗД нь нь эрх зүйн зөрчилтэй тушаал гаргаж, нэхэмжлэгч Б.Жг үүрэгт ажлаас чөлөөлсөн, үүний улмаас нэхэмжлэгч нь “ажилгүй” болж хохирсон, хохирлоо “ажилгүй байсан хугацааны цалин”-гаар тооцож нэхэмжлэх эрхтэй тул 2017 онд батлагдсан Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.2-т “захиргааны албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон төрийн алба хаасан хугацааны, цолны, зэрэг дэвийн, докторын зэргийн нэмэгдэл, нэмэгдэл хөлснөөс бүрдэнэ”, 57.12-т “Төрийн захиргааны албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид Хөдөлмөрийн тухай хуульд заасан нэмэгдэл хөлс олгоно.”, 41 дүгээр зүйлийн 41.3-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна.”, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасны дагуу хариуцагчаас ирүүлсэн цалингийн тодорхойлолтод нэхэмжлэгчийг тухайн албан тушаалыг эрхэлж байхдаа сарын үндсэн цалин 874,164 төгрөг, удаан жил, зэрэг дэвийн нэмэгдэл 147,833 төгрөг, нийт нэг сарын цалин 1,021.997 төгрөгийн цалин авч байсныг тодорхойлсон тул ажилгүй байсан хугацаа буюу 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны 9 сар 12 хоногийг ажлын 22 өдөрт хуваан нэг өдрийн цалин 46,454 төгрөг, нийт 9,755.421 /үүнээс эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг суутгана/ төгрөгийг нөхөн гаргуулж, нэхэмжлэгчид олгож харин урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1 106.3.4,106.3.13-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, 49 дүгээр зүйлийн 49.1, 57 дугаар зүйлийн 57.2.2, 57.12, 62 дугаар зүйлийн 62.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Жгийн нэхэмжлэлтэй НЗДд холбогдуулан гаргаснаар НЗД-ын 2019 оны 04 дүгээр сарын 263-ны өдрийн Б/87 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны үндсэн цалин, нэмэгдэлтэй тэнцэх хэмжээний 9,755.421 төгрөгийн нөхөн олговрыг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.3, 23 дугаар зүйлийн 23.2.2-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн “урьд эрхэлж байсан НДАГ-ын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох”-ыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  108  дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                           ШҮҮГЧ                               Д.ЧАНЦАЛНЯМ