| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шаравын Оюунханд |
| Хэргийн индекс | 101/2015/05744/И |
| Дугаар | 1770 |
| Огноо | 2016-10-21 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 1770
Т.*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Мөнхзул, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 8 дугаар дугаар 17-ны өдрийн 361 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Т.*******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г.*******ад холбогдох
Эд хөрөнгөнд учруулсан гэм хорын хохиролд 2 751 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг
Хариуцагч Г.*******ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: Т.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Маралмаа нар оролцов.
Нэхэмжлэгч Т.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Г.******* нь 2015 оны 5 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Раун маркийн ******* ******* улсын дугаартай авто машинтай согтуугаар замын хөдөлгөөнд оролцож, миний ******* ******* улсын дугаартай, Марк-2 маркын автомашиныг мөргөж, 4 548 000 төгрөгийн хохирол учруулснаас 2 040 000 төгрөгийг төлсөн. Иймд үлдэгдэл 2 508 000 төгрөг, үнэлгээний хөлс 143 000, шатахууны зардал 100 000, нийт 2 751 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би согтуугаар машин барьж, сөрөг урсгалд орж, зам тээврийн осол гарган *******ийн машиныг урдаас нь мөргөж, эвдрэл гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч, 2 040 000 төгрөгийг хохиролд төлсөн. Мөн миний буруугаас ар талд явж байсан машин ирж, мөргөөд урд талынх нь крыло хагарсны хохиролд 200 000 төгрөг төлсөн. Машины ар талын гэмтлийг хүлээн зөвшөөрөхгүй, хуучин гэмтэлтэй байсан. Тухайн үед согтуу байсан учраас намайг цагдаа шууд аваад явсан. Осол болоход шаланз машиныг мөргөсөн зүйл огт байхгүй. Иймээс ар талын эд ангийн эвдрэлийг төлөхгүй гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Боржигон овогт Ганбатын *******аас гэм хорын хохирол 2.355.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 396 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58966 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 52630 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч Г.******* давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Осол болдог өдөр Т.*******ийн машиныг жолоодож явсан *******а нь гэрчийн мэдүүлэгтээ Г.*******ын машинтай мөргөлдчихөөд зогсож байхад 1 дүгээр эгнээгээр явж байсан Хово маркын ачааны машин арын хэсгийг хамж явсан гэж мэдүүлсэн. Мөн гэрч Энхбаяр осол болох үед Улаанбаатар хотод явж байсан гэх өдөр сар нь зөрүүтэй байхад замын цагдаагийн байцаагч Т.******* нь ямар нотлох баримтыг үндэслэж Г.******* нь Т.*******ийн машиныг мөргөсний улмаас хово маркын машинд мөргүүлж арын хэсэгтээ эвдрэл авсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.
Нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч Г.*******аас эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 2 751 000 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч Г.*******ын согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэм буруутай үйлдлийн улмаас миний автомашинд 4 578 000 төгрөгийн хохирол учирсан гэжээ.
Хариуцагч нь машины урд талын эд ангийн хохирлыг төлөхийг хүлээн зөвшөөрч барагдуулсан, машиныг урдаас мөргөсөн, ар талын эд ангийн гэмтэл нь түүний үйлдэлтэй шалтгаант холбоогүй, хуучин гэмтэл, мөн осол гараад зогсож байхад 1 дүгээр эгнээгээр явж байсан өөр тээврийн хэрэгсэл нэхэмжлэгчийн машинд гэмтэл учруулсан гэж маргажээ.
Хариуцагч Г.******* нь 2015 оны 5 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Home плазагийн урд зам дээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөнд оролцохдоо Т.*******ийн өмчлөлийн ******* ******* улсын дугаартай, Марк-2 суудлын автомашиныг мөргөж, бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан үйл баримтад талууд маргаагүй.
Г.******* нь өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч 2 040 000 төгрөгийн хохирлыг нэхэмжлэгчид төлж барагдуулсан. Харин нэхэмжлэгч Т.*******ийн машины арын гэмтэл нь хуучин гэмтэл тул хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар “...үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүргээ биелүүлээгүй байна.
Гэрч Энхбаяраас мэдүүлэг авахыг хүссэн хүсэлтдээ нэхэмжлэгч тал “., 2015 оны 09 дүгээр сарын 8-9-нд шилжих шөнө Улаанбаатар хотод 00 цагийн орчим хаана, ямар машинтай явсан вэ” гэж осол гарсан огноо цагийн талаар зөрүүтэй асуулт тавьснаас гэрч “.., би 9 дүгээр сард Улаанбаатарт байгаагүй” гэж хариулжээ. Мөн осол гарчихаад зогсож байхад нэгдүгээр эгнээгээр явж байсан өөр тээврийн хэрэгсэл нэхэмжлэгчийн машины арын бөгсийг хамж явсан тул арын гэмтэлд буруугүй” гэж маргасан ч уг ослын зөрчлийг шалгасан Т.******* “...2015 оны 5 дугаар сарын 09-ний шөнө зам тээврийн осол гарсан талаар ахлах дэслэгч Мөрөнгөөс ослын газрын схем зураг болон хэрэг учралын газрын тэмдэглэл, авто машин жолоодож авсан бичиг баримтуудтай материалыг 2015 оны 5 дугаар сарын 09-ний өглөө хүлээж авсан. ******* ******* улсын дугаартай тоёота марк-2 машиныг тухайн үед *******а жолоодон явсан. Хүлээн авч ажиллагаа хийн танилцахад Г.******* нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нь зам тээврийн осол гаргасан холбогдогч, хохирогч, гэрч нарын тайлбар ослын актын схем зураг, хэргийн газрын үзлэг зэргээр Г.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.4 дэх заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байсан ба А цэгийг хохирогч, холбогдогч нар схем зураг болон тайлбараар хүлээн зөвшөөрсөн тул зам тээврийн ослын улмаас ******* ******* улсын дугаартай тоёота марк-2 автомашинд эвдрэл учирсан байна”, “...Г.******* нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон эсрэг урсгалд явсан ******* ******* улсын дугаартай тоёота марк-2 автомашины зүүн урд талыг мөргөснөөс баруун хойд тал нь шидэгдэн 2 дугаар эгнээд явсан Хово маркийн тээврийн хэрэгслийг мөргөсөн байх үндэслэлтэй юм. Жолооч Г.******* нь осол болох шалтгаан нөхцлийг бүрдүүлснээрээ хариуцлага хүлээнэ” гэж гэрчээр мэдүүлжээ.
Гэрч *******а “.., урдаас машин ирж мөргөснөөс болж шарваад явж байсан шаланз машины доогуур орсон. Урдаас согтуу жолооч ирж мөргөөд , машин хөндлөн болж ороод хамж явсан.., шудраад гарсан“ гэж мэдүүлжээ. Дээрх мэдүүлгээс үзэхэд нэхэмжлэгчийн осолд ороод нэгэнт зогсчихсон байсан машины араас, өөр урсгалаас тээврийн хэрэгсэл орж ирж нэмж мөргөсөн байдал тогтоогдоогүй. Харин урдаас мөргөсний улмаас нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэл шарваж бөгсөн хэсэг нь өөр урсгалд шидэгдэх үед зэрэгцээд явж байсан шаланз машинд арын хэсэг нь мөргөгдсөн байдал тогтоогджээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж заасан. Хариуцагч нь өөрөө осол гарах нөхцөл шалтгааныг бүрдүүлээгүй, зогсож байхад араас өөр тээврийн хэрэгсэл ирж нэхэмжлэгчийн машиныг мөргөсөн, арын гэмтэлд буруугүй, өөр машин замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх байдлаа нотлоогүй, хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.
Иймд Иргэний хуулийн 479 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч Г.*******аас гэм хорын хохирол шаардах эрхтэй байна.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар дугаар 17-ны өдрийн 361 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Г.*******ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.*******ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58 966 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ
ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ
Ш.ОЮУНХАНД