Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 35

 

                           

Л.Отгонхүү, Б.Батням, Д.Батнасан, Т.Кунанбай нарт холбогдох эрүүгийн

                  хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Энхмаа даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, Ерөнхий шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор                                                      Ц.Батбямба

Шүүгдэгч Л.Отгонхүүгийн өмгөөлөгч     Ж.Энхчулуун

Нарийн бичгийн дарга                             Г.Энхтамир нарыг оролцуулан Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 113 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Л.Отгонхүүгийн өмгөөлөгч Ж.Энхчулуун, шүүгдэгч Л.Отгонхүү нарын гомдол, улсын яллагчийн бичсэн эсэргүүцлээр Л.Отгонхүү, Б.Батням, Д.Батнасан, Т.Кунанбай нарт холбогдох эрүүгийн 2016 1900 0248 дугаартай 2 хавтас 458 хуудас хэргийг 2017 оны 05 дугаар сарын 10-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1974 оны 10 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 7, эхнэр, 4 хүүхэд, хадам эхийн хамт Төв Батсүмбэр сумын Цогт-Өндөр 2 дугаар багт оршин суух улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Боржигон овогтой Даваадуламын Батнасан, /РД:НБ74101614/.

Монгол улсын иргэн, 1980 оны 06 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, малчин, ам бүл 5, эхнэр, 4 хүүхдийн хамт Төв аймаг Батсүмбэр сумын Цогт-Өндөр 2 дугаар багт оршин суух улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Боржин овогтой Баттулгын Батням /РД:НБ80062914/

Монгол улсын иргэн, 1978 оны 03 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Төв аймаг Батсүмбэр сумын Цогт-Өндөр 2 дугаар баг Хужирын тохой 1-14 тоотод оршин суух улсаас авсан гавьяа шагнал, урьд 2001 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт зааснаар 45000 төгрөгөөр торгох ялаар, Төв аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 67 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар, Төв аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 41 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэхь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Боржигон овогтой Лувсангийн Отгонхүү, /РД:НБ78030710/.

Монгол улсын иргэн, 1966 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тракторчин мэргэжилтэй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Төв аймаг Батсүмбэр сумын Буудайн толгой 2-64 тоотод оршин суух улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Молк овогтой Тайпын Кунанбай, /РД:НБ66122516/.

Шүүгдэгч Д.Батнасан, Б.Батням, Л.Отгонхүү нар нь согтуугаар Төв аймгийн Батсүмбэр сумын 1 дүгээр баг Уйлантын 5-56 тоотод оршин суух иргэн С.Мөнхбатын хашаанд 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 17 цагийн орчим хохирогч Т.Кунанбайтай хамт архидан согтуурч, улмаар Т.Кунанбайг бүлэглэн зодож, бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэгт,

шүүгдэгч Т.Кунанбай нь 2016 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр мөрдөн байцаалтын ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “... Д.Батнасан миний толгойн тус газар юугаар цохисоныг мэдэхгүй, нэг цохисон тэгээд би ухаан алдсан. Намайг нэг сэрэхэд би тухайн гудамжинд Мөөгийгийн /Мөнхбат/ хашааны үүдэнд хэвтэж байсан. Миний баруун талын 3 хавирга хугарсан, уушиг гэмтсэн байсан. Атараа /Отгонхүү/, Баагий /Батням/ нарын аль нэг нь миний хавирга руу өшиглөсөн. Би ухаан алдсан байсан тул хэн нь яг хаана цохиж, зодсоныг мэдэхгүй байна...” гэж мэдүүлсэн боловч, Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд “...намайг доошоо тонгойсон байхад баруун талаас Л.Отгонхүү, зүүн талаас Б.Батням өшиглөсөн. Б.Батням намайг Батнасангийн “Бонго” машины урд тэврээд цохиулсан. Тухайн үед эдгээр хүмүүс гэр бүлээрээ манайд ирээд ахаа битгий энэ талаар мэдүүлэээч гээд надаас гуйгаад байсан. Би тэгээд л хүн сэтгэл гаргаад энэ талаар мөрдөн байцаалтын ажиллагаанд мэдүүлээгүй” гэж гэж мөрдөн байцаалтын ажиллагаанд зориуд худал мэдүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 113 дугаар шийтгэх тогтоолоор: Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Отгохүүгийн Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 41 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 5 сарын 27-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсанаас хойшхи Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3 дахь хэсэгт заасан ялгүй болох угацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгож,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт зааснаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Батнямд холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2 дахь хэсэгт зааснаар Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Батнасанг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг зааснаар,

-шүүгдэгч Л.Отгонхүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.5 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар тус тус өөрчлөн зүйлчилж,

Шүүгдэгч Боржигон овогтой Лувсангийн Отгонхүүг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг,

шүүгдэгч Борожгон овогтой Даваадуламын Батнасанг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг,

шүүгдэгч Молк овогтой Тайпын Кунанбайг худал мэдүүлэг өгөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дах хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Батнасанд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Отгонхүүг 5 /таван/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Кунанбайг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Л.Отгонхүүд оногдуулсан 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Т.Кунанбайд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлж,

Д.Батнасан, Б.Батням нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож,

Энэ шүүх хуралдаанаар бусдад гаргуулах хохирол төлбөргүй, Л.Отгонхүү, Т.Кунанбай, Д.Батнасан нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Т.Кунанбайд ялтан Л.Отгонхүү 2000000 төгрөг, Д.Батнасан 620000 төгрөг, Б.Батням 2000000 төгрөг тус тус төлсөн, хохирогч Т.Кунанбай нь 994750 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж, нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөгчийн хөлс 300000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дах хэсэгт зааснаар мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг бэхжүүлсэн СД 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хавсаргаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан Т.Кунанбайд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Т.Кунанбайд тэнсэнгийн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Төв аймгийн Цагдаагийн газарт үүрэг болгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар

тэнсэгдсэн ялтан Т.Кунанбайд нь хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх болохыг мэдэгдэж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Д.Батнасангийн эзэмшилийн “Бонго” маркийн 23-23 ТӨВ улсын дугаартай хөх өнгийн тээврийн хэрэгслийн битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн ялтан Л.Отгонхүүгийн эзэмшилийн 2 үнээ, Б.Батнямын эзэмшилийн1 үнээ битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг тус тус хүчингүй болгож,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар болон шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, Б.Батням, Д.Батнасан, ялтан Т.Кунанбай нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж,

Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Л.Отгонхүүд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх хорих ялыг 2017 оны 04 сарын 10-ны өдрөөс эхлэн тоолж,

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Батням, Д.Батнасан, Т.Кунанбай нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг, ялтан Л.Отгонхүүд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Л.Отгонхүүгийн өмгөөлөгч Ж.Энхчулуун давж заалдах гомдолдоо: “Өмгөөлөгч миний бие Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлэн ял эдлэж буй Лувсангийн Отгонхүүгийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна. Анхан шатны шүүх энэхүү эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ ЭБШХ-ийн холбогдох зүйл заалтуудын шаардлагыг мөрдөн байцаах ажиллагааны явцад хангаж чадаагүй, ЭБШХ-ийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг бүрэн шалгаж, нотолж чадаагүй, хэргийн бүрдэл бүрэн хангагдаагүй байхад хэргийг хянан шийдвэрлэж, шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн явдал нь ЭБШХ-ийн 284 дүгээр зүйлд заасан шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Тухайлбал: 1. Хохирогч өөрийн биед учирсан гэмтэл, тухайн гэмтэл нь хэний ямар үйлдлээс болсон тухай л мэдүүлдэг. Гэтэл эрүүгийн хэргийн холбогдогчид болох шүүгдэгч Т.Кунанбайн биед Л.Отгонхүү л өшиглөж, цохиж зодсон талаар огт мэдүүлдэггүй, тийм зүйл болоогүй тухай мэдүүлсэн байхад анхан шатны шүүхээс дээрх мэдүүлгүүдэд ач холбогдол өгч, үнэлж, дүгнэж чадаагүй, зөвхөн хохирогчийн мэдүүлэгт үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна. Гэтэл хохирогч болох Т.Кунанбай нь худал мэдүүлэг өгдөг өолох нь нотлогдож, энэ хэрэгт мөн эрүүгийн хариуцлага хүлээсэн байна. 2. Мөрдөн байцаалтын шатанд шүүх эмнэлгийн шинжээч нар хоёр удаа дүгнэлт гаргаж ирүүлсэн байдаг. Эдгээр дүгнэлтийг гаргахдаа өвчний түүхийг үндэслэж, хавтаст хэргийн материалаар дүгнэлт гаргасан гэж дурджээ. Дүгнэлтэнд бичсэн бичвэрүүд нь эргэлзээтэй, цаг хугацааны хувьд зөрүүтэй байгаа нь анхаарал татаж байгааг тэмдэглэж байна. Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч Э.Дэлгэрхүү шинжээчийн дүгнэлтдээ: “...Тайп овогт Кунанбайн биед гэмтлийн зэргийг тогтоох зорилгоор шүүх эмнэлгийн үзлэгийг хийв” гэсэн атлаа дүгнэлт хэсэгтээ: ГССҮТ-ийн өвчний түүхийг үндэслэн дүгнэлт гаргав. Дүгнэлт гээд хүнд гэмтэл болохыг тогтоосон байна. Мөн түүнчлэн ашиглагдсан өвчний түүхэнд 2016 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр мэс ажилбар хийгдсэн тухай бичигдэн оржээ. Гэтэл хэрэг учрал 2016 оны 04 дүгээр 07-ны өдрийн 17 цагийн орчимд болсон байдаг. Дүгнэлт нь /хх-ийн 31 дүгээр талд авагдсан байгаа/

Эдгээр нөхцөл байдлуудаас үзэхэд шинжээч эмч хохирогчийн биед үзлэг хийв үү? Эсхүл өвчний түүхийг үндэслэж дүгнэлт гаргаад байна уу? гэдэг нь ойлгомжгүй байна. Энэ ойлгомжгүй, үндэслэл муутай дүгнэлтийг ШШҮХ-ийн бүрэлдэхүүнтэй шинжээчид давхар баталгаажуулж, гэмтлүүд болон гэмтлийн зэргийг тогтоосон дүгнэлтийг дахин гаргажээ. Шүүхийн шинжээч нарын дүгнэлт гаргахаар ажилласан байдал, хийсэн ажиллагаанууд нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 10, 14, 18, 28, 29, 36 дугаар зүйлүүдийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна.

Эдгээр дүгнэлтүүдээс үзэхэд зарим нотлогдоогүй /нотолж чадаагүй/ гэмтлийг хохирогчийн биед учирсан мэтээр бичиж, эдгээр гэмтлүүд ямар учир шалтгааны улмаас үүсээд байгааг нотолж дүгнэлтдээ тусгаагүй асуудал нь эргэлзээ төрүүлж буйг зориуд тэмдэглэж байна. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.2-т “Эмнэлгийн тусламжийн үр дүнд энэ журмын 3.1-д заасан амь насанд аюултай гэмтлийн улмаас амь аврагдсан нь энэ шалгуур шинжийг өөрчлөх үндэслэл болохгүй” гэж заасан байна. Хохирогч Т.Кунанбайн биед 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 17 цагийн орчимд дээрх гэмтэл учраад мөн өдрийнхөө 19 цагийн орчимд сумын эмнэлэгт очиж анхны тусламж авсан байдаг. Өвчний түүхээс үзэхэд хохирогчид маргааш өглөө нь буюу 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 10 цагт ГССҮТ-д өвчний түүх нээж, тэнд 4 хоног хэвтэж эмчлүүлээд гаргасан байна. Үнэхээр хүнд гэмтэл авч, яаралтай тусламж хэрэгтэй үед 2016 оны 04 дүгээр сарын 07-ний 19 цагаас 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өглөөний 10 цаг хүртэлх 15 цагийн хооронд хохирогч Т.Кунанбайн хаана байж, ямар эмчилгээ хийлгэсэн нь тодорхойгүй байна. Дээр дурдсан ойлгомжгүй нөхцөл байдал, холбогдох нотлох баримтуудаар нотлогдоогүй хэргийн үйл баримтуудыг нотлон тогтоосны үндсэн дээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, гэм бурууг тогтоож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзээд, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтандбуцаалгах давж заалдах гомдол гаргалаа” гэжээ.

Шүүгдэгч Л.Отгонхүү, түүний өмгөөлөгч Ц.Раашзэвэг давж заалдах гомдолдоо: “Л.Отгонхүү миний бие дор дурдсан үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

  1. Отгонхүү надад холбогдох хэрэг нь эргэлзээтэй, хохирогч Кунанбайн биед учирсан гэмтлийн компьютерийн МРI цээжний дижитал рентген томограф бичлэгүүд хийгдээгүй. Ахан дүү нарын яриагаар түүний 3 хавирга хугарсан гэдэг нь маргаантай. Хохирогч Кунанбайгийн удаа дараагийн мэдүүлэг нь тогтворгүй, хэрэг учрал болсны дараа уулзсан С.Хүрэлбаатар, Ц.Бүрэнбаяр нарт хэн зодсон, ямар гэмтэл учирсан зэргээ хэлээгүй гэмтлийн эмнэлэгт 04 сарын 07-ний орой хүргэгдэн очиход нь хэвтүүлээгүй. Дараах өдөр нь хэвтүүлсэн зэргээс үзэхэд өвчтөний түүх болон шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтүүд эргэлзээтэй. Кунанбайн биед чухам хэн, хаана түүний 3 хавиргыг хугалсан зэрэг нь тодорхойгүй байна. Өвчтөний түүх болон шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтэд түүний 3 хавирга хугарсан нь миний дурдсан гурван шинжилгээний чухам алинаар нь нотлогдож байгааг бичээгүй байна. Хэрэг учрал болсны дараахан дөнгөж эмнэлгээс гарсныхаа дараа Кунанбай 20 литрийн бетонтой сүүнүүдийг хоёр гартаа бариад машинд ачиж байсан дэлгүүрээс 50-н килограммын сахар аваад авгайтайгаа хоёулаа дамнаад явсан, түлээ модоо хагалаад зүгээр сууж байсан гэсэн хүмүүсийн тодорхойлолтоос үзвэл уг гэмтэл нь хүнд буюу хүндэвтэр биш байж болохоор байгаа юм. Эдгээр байдлуудыг нэмэлт мөрдөн байцаалтаар дахин шалгавал Кунанбайгийн 3 хавирга нь хугарсан эсэх нь тодорхой болох билээ.
  2. Л.Отгонхүү, Б.Батням, Д.Батнасан бид нар гэмт хэрэгт хамтран оролцоогүй, тодруулбал Кунанбайгийн биед бүлэглэж гэмтэл учруулаагүй болохыг анхан шатны шүүх зөв тогтоож, уг хэргийг зөв зүйлчилжээ.
  3. Хохирогч Кунанбайн ... би нэг хэсэг ухаан алдаад нэг сэрэхэд гудамжинд Мөөгийгийн хашааны үүдэнд байж байсан. Тэр үед Хүрэлээ гэх залуу морьтой явж байсан. Би явж чадахгүй байсан тул Ц.Бүрэнбаярын гэрт хүргүүлж, Ц.Бүрэнбаяраар гэрлүүгээ хүргүүлж, тэр оройдоо эмнэлэгт хүргэгдсэн. Д.Батнасан миний толгойн тус газар юугаар цохисныг нь мэдэхгүй нэг цохьсон тэгээд би ухаан алдсан намайг нэг сэрэхэд би тухайн гудамжинд Мөөгийгийн хашааны дэргэд хэвтэж байсан. Миний баруун талын 3 хавирга хугарсан уушги гэмтсэн байсан. Атараа Баагий аль нэг нь миний хвирга руу өшиглөсөн гэж мэдүүлж байснаа миний баруун талаас Отгонхүү нэг удаа өшиглөсөн гэж мэдүүлсэн нь үнэмшилгүй байна. Толгой руугаа цохиулаад ухаан алдсан юм бол хэн хэзээ яаж хавирга нь гэмтэл учруулсныг мэдэх боломжгүй билээ. Хэд хэдэн удаа ял шийтгүүлсэн нөгөө хоёроо бодвол төлбөрийн чадвартай зэргийг нь ашиглаж, Л.Отгонхүү өшиглөн жийж гэмтэл учруулсан гэж гүтгэсэн байж ч болохоор байна. Мөрдөн байцаалтанд болох шүүх хуралдааны байцаалтанд Л.Отгонхүү, Батнасан, Батням нарын хэн аль нь ч Кунанбайн биед гэмтэл учруулаагүй гэж тогтвортой мэдүүлснээс үзвэл Кунанбай нь энд биш Мөнхбатын хашааны үүдэнд өөр хэн нэг хүнээр зодуулсан байж ч болохоор байна. Иймд анхан шатны шүүхийн 113 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж, нэмэлт мөрдөн байцаалт хийлгэх шаардлагатай байна гэж үзэж байна. Хэрэв давж заалдах шатны шүүх ийм ажиллагаа хийлгэх шаардлагагүй гэж үзвэл Отгонхүү миний бие ялтай байдал нь 2015 оны Өршөөлийн хуулийн 6.1.1 дэх хэсгээр хэрэгсэхгүй болсон, хохирлоо нөхөн төлж гэм хорыг арилгасан зэрэг хувийн байдлыг нь харгалзан эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж өгөхийг хүсэж байна” гэжээ.

Аймгийн прокурор бичсэн эсэргүүцэлдээ: “Аймгийн прокурорын газраас яллагдагч Д.Батнасан, Б.Батням, Л.Отгонхүү нар нь согтуугаар Т.Кунанбайг бүлэглэн зодож, бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.5 дахь хэсэгт зааснаар,

Яллагдагч Т.Кунанбай нь мөрдөн байцаалтанд зориуд худал мэдүүлэг өгсөн үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Хэргийг шүүх ...шийдвэрлэснийг хүлээн авч ХЯНАВАЛ: шүүх нь шүүгдэгч нарт холбогдох хэргийг шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтанд хууль зүйн дүгнэлт бүрэн хийгээгүй, эрүүгийн хууль буруу хэрэглэж, хууль ёсны бөгөөд үндэслэлтэй шийдвэрлэж чадаагүй байна.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад өгсөн мэдүүлгээр шүүгдэгч нар хэрэг үйлдэх явцдаа үйлдлээрээ, санаа зорилгоороо нэгдэж, нэг цаг хугацаанд, нэг орон зайд иргэн Т.Кунанбайг бүлэглэн санаатай зодож, хүнд гэмтэл учруулсан болох нь тогтоогдсон байна. Тухайлбал, Хохирогч Кунанбайгийн “Би Батнасангийн портерын зүүн урд талд зогсож байгаад Батнасантай заамдалцах үед Батнасан намайг толгой руу цохиж доош тонгойлгосон, тэр үед Атраа буюу Отгонхүү баруун гар талаас ирээд цээжний баруун хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Батням тухайн үед миний зүүн талын гарнаас барьж байсан...” гэх мэдүүлэг,

Гэрч К.Сүэрбайгийн: “...Батням архи хундагалаад Батсүрэнг уу гээд шахаад байсан. Батсүрэн уухгүй гээд байсан. Тэгээд Батнасан ах Батсүрэнг архи аваад өг, чи архи авч өгөлгүй их удлаа гэж хэлээд шаналгасаар байгаад Батсүрэн, Батням нар дэлгүүр явж 1 шил 750 грамын Ерөөл архи авч ирээд Батнасан, Отгонхүү, Батням нар хувааж уусан. Тухайн үед манай аавын нагац ах Миземхаан машинаа засуулахаар ирэхэд нь Батням архи шахаад “Хасаг хүн” хүн биш гэж хэлээд байсан. Намайг Мөнхбатын хашаанаас явахад Отгонхүү, Батнасан, Батням нар нэлээн согтуу байсан...” гэх мэдүүлэг,

Гэрч С.Мөнхбатын: “...2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр ... Батнасан, Отгонхүү, Батням нар болон ойролцоо Кунанбай ирсэн. ...Кунанбай, Батнасан, Отгонхүү, Батням нар архи уугаад бараг дуусч байсан...” гэх мэдүүлэг,

Гэрч Б.Батсүрэнгийн: “...Тухайн үед Батнасан, Отгонхүү, Батням, Кунанбай нар бүгдээрээ нэлээн халсан байсан...” гэх мэдүүлэг

Гэрч С.Хүрэлбаатарын: “...2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр ... 17 цаг 30 минутын үед Мөнхбатын хашааны хаалганы шонгийн хажууд Кунанбай хашааны хаалганы зүүн талын шонг зүүн гараараа түшээд биеийнхээ зүүн хэсгээр налсан сууж байсан.

Гэрч Ц.Бүрэнбаярын: ...2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 18 цагийн үед манай хашаан дотор Кунанбай жаахан халамцуу орж ирээд намайг хүргээд өгөөч гэж гуйсны дагуу түүнийг сумын төвөөс 1-2 км зайд байрлах гэрт нь хүргэж өгсөн. Тухайн үед Кунанбайн толгой нь хагарсан, нүүр нь цусаар бохирлогдсон байсан...” гэх мэдүүлэг,

Гэрч Ж.Зинагийн: ...Маргааш өглөө нь Кунанбайн хавирга хэсэгт зүсэлт хийж, гуурс шургуулж, баллон зүүсэн. Би зун түлээгүй болчихоод Отгонхүүгээс тус болооч гэхэд бид хоёрын үйлдэл хэрэгсэхгүй болсон та хоёр юм олж долоохгүй юу гэж хэлэхээр нь би өмгөөлөгч авсан юм...” гэх мэдүүлэг,

 Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн 175 тоот дүгнэлтэнд... “1. Кунанбайн биед цээжний хэнхэрцэгний баруун талд 4, 5, 6-р хавирганд хугарал, баруун уушгинд бүрэн бус уналт, няцралт, цээжний хөндийд хий, цээжинд зөөлөн эдийн няцрал, духанд шарх гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай гэмтэл тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байхад шүүгдэгч нарт холбогдох хэргийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлж зүйлчилж шийдвэрлэсэн байна.

Иймд Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсгүүдэд зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичлээ” гэжээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:          

 Давж заалдах шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлийн 308.2 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол, дээд шатны прокурорын эсэргүүцлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзээд:

 Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй буюу мөрдөн байцаалтыг гүйцэд биш хийсэн, тогтоол гаргахад чухал ач холбогдолтой байж болох байдлыг тодруулалгүй орхигдуулсан байхад шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу   гэж дүгнэлээ. 

1. Анхан шатны шүүх Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 04 дугаар сарын 14-ны өдрийн №175 дугаарт шинжээчийн дүгнэлтийг үнэлж, улмаар шүүгдэгч Л.Отгонхүү нь хохирогч Т.Кунанбайн биед амь насанд нь аюултай хүнд гэмтэл учруулсан гэж дүгнэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт заасан шүүх нь тухайн хэрэгт хамааралтай хуулийн дагуу цуглуулж бэхжүүлж авсан бүх нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлэх журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэл боллоо.

            Учир нь мөрдөн байцаагчийн шүүхийн шинжилгээний байгууллагаар шинжилгээ хийлгэхээр шинжээч томилсон тогтоолд “тогтоолын хамт үзүүлэгч Т.Кунанбай нь ГССҮТ-ын хавсарсан гэмтлийн тасагт хэвтэж байгаа” гэснээс үзвэл хохирогчийн биед бодитоор үзлэг хийлгэж, дүгнэлт гаргуулахаар тогтоол гаргасан байхад шинжээч Э.Дэлгэрхүү нь дүгнэлтийг ГССҮТ-ийн өвчний түүхийг үндэслэн гаргасан байгаа нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан “Шинжилгээний объект, түүнд тавих шаардлага”, мөн хуулийн 28, 29 дүгээр зүйлд заасан “Хүний биед шинжилгээ хийх үндэслэл, нөхцөл”- ийг ханган хэрэгжүүлнэ гэсэн журмыг зөрчсөн байгааг анхан шатны шүүх анхаараагүй байна.

Өөрөөр хэлбэл шинжээч нь мөрдөн байцаагчийн дүгнэлт гаргуулахаар шилжүүлсэн объектод шинжилгээ хийж дүгнэлт гаргаагүй, шинжээч эмч Э.Дэлгэрхүүд мөрдөн байцаагч  ГССҮТ-ийн өвчний түүхийг  шинжилгээний объектод шилжүүлээгүй, шинжээчийн дүгнэлтэнд  рентген, эхо үзлэгийн талаар тэмдэглэсэн байх боловч хэрэгт рентген зураг болон бусад баримтууд  авагдаагүй байна. Шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 151 дугаар шүүхийн тогтоолын 3 дахь заалтанд “...Т.Кунанбайгийн өвчний түүх болон холбогдох баримт бичгийг хэрэгт хавсаргах”-ыг заасан заалт биелэгдээгүй байна.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4.1, 10.4.2 дахь хэсэгт заасан шинжилгээний объект нь шинжилгээ хийхэд шаардагдах тоо, хэмжээ, чанарын үзүүлэлтийг хангасан байх, эх хувь буюу биет байдлаар, эсхүл шинжилгээний шаардлага хангахуйц бусад хэлбэртэй байх  гэсэн шаардлагыг хангаагүй, шинжээч нь шинжилгээний магадлагааны эх сурвалж болох анхан шатны үзлэг оношлогооны үр дүнг тусгасан баримт бичгийг дүгнэлтэд тодорхой бичээгүй, улмаар Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.6 дахь хэсэгт заасан “шинжээчийн дүгнэлтэд шинжилгээний объект ба хэргийн материалыг шинжилсэн явцыг тусгана”, мөн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 1.13-д зааснаар шинжээч шинжилгээ хийхдээ шинжилгээний баримт бичгийг “Шүүх эмнэлэгийн шинжилгээ хийх журам”-ын 3.4-т зааснаар буюу уг журмын 3.6.2-т зааснаар … дүрслэл оношлогооны болон эмнэл зүйн, лабораторын үндсэн төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчийн зөвлөгөө зэргийг оролцуулан бүрдүүлэх зэрэг журмыг буюу хуульд заасан шинжилгээ хийх журмыг зөрчсөн нь уг дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзэх үндэслэл болохоос гадна хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан нотлох баримт гэж үзэх боломжгүй юм. Иймд дахин шинжилгээ хийх шаардлагатай гэж үзнэ. Энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гомдол үндэслэлтэй байна.

2. Шүүгдэгч Т.Кунанбайг мөрдөн байцаалтанд зориуд худал мэдүүлэг өгсөн үйлдлийн хувьд “Д.Батнасан миний толгойн тус газар юугаар цохисоныг мэдэхгүй, нэг цохисон тэгээд би ухаан алдсан... Атараа /Отгонхүү/, Баагий /Батням/ нарын аль нэг нь миний хавирга руу өшиглөсөн. Би ухаан алдсан байсан тул хэн нь яг хаана цохиж, зодсоныг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлгээр зориуд худал мэдүүлсэн гэж үзсэн нь тодорхойгүй байна. Дээрх мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн“...намайг доошоо тонгойсон байхад баруун талаас Л.Отгонхүү, зүүн талаас Б.Батням өшиглөсөн. Б.Батням намайг Батнасангийн “Бонго” машины урд тэврээд цохиулсан, эдгээр хүмүүс  битгий мэдүүлээч гээд гуйгаад байсан, мөрдөн байцаалтын ажиллагаанд мэдүүлээгүй” гэсэн мэдүүлгээс юугаараа ялгаатай болох, хэргийн үйл баримтын талаар юуг бодит байдлаар зөрүүтэйгээр гуйвуулж мэдүүлсэн болох, тухайн гэмт хэргийн субъектив шинж болох зориуд худал мэдүүлсэн гэм буруугийн шууд санаатай үйлдэл байгаа эсэх, энэ үйлдлийн улмаас шүүн таслах ажиллагааны хэвийн үйл ажиллагаа алдагдах, бусдын эрх ашиг хөндөгдсөн эсэхийг мөрдөн байцаалтын шатанд бүрэн шалгаагүй байна.           

Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан “мөрдөн байцаалтыг гүйцэд биш хийсэн, тогтоол гаргахад чухал ач холбогдолтой байж болох байдлыг тодруулалгүй орхигдуулсан” гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.         

            Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 317 дугаар зүйлийн 317.1.1, 318 дугаар зүйлийн 318.1, 318.2.3, 322 дугаар зүйлийн 322.1, 325 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 113 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасугай.          

2.Шүүгдэгч Л.Отгонхүү, түүний өмгөөлөгч Ц.Раашзэвэг, Ж.Энхчулуун нарын “хэргийг мөрдөн байцаалтанд буцаах” тухай давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

3. Дээд шатны прокурорын “шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх” тухай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эсэргүүцэл бичих эрхгүйг дурдсугай.

           

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Т.ЭНХМАА

             ШҮҮГЧИД                                              Г.ТЭГШСУУРЬ

     Г.БОЛОРМАА