Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 1711

 

ХХХХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч С.Энхтөр, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2016/05460 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ХХХХ-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ХХХ, ХХХ нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 13 216 527.99 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагч ХХХийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн

 

Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ХХХХ,

Хариуцагч: ХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч ХХХХ, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч нь 2013 оны 07 дугаар сарын 19-ний өдөр тус банкнаас 40 000 000 төгрөгийг сарын 1.7 хувь, жилийн 20.4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан бөгөөд 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн зээл, зээлийн хүүг хуваарийн дагуу төлөх гэрээний үүргээ зөрчиж 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 9 999 921.39 төгрөг, хүүгийн өр 1 942 091.83 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн өр 274 084.28 төгрөг болж хуримтлагдсан. Зээлдэгч нь зээл, зээлийн хүүг төлүүлэх талаарх банкны удаа дараагийн шаардлагыг биелүүлээгүйн улмаас зээлдэгчтэй удаа дараа уулзаж зээлийн төлбөрийг төлж барагдуулах, төлөөгүй тохиолдолд шүүхэд хандах талаар хугацаатай мэдэгдлүүдийг өгсөн. 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр тусгай активын хэлтэст зээл нь шилжиж ирсэн. Зээлийн гэрээний ерөнхий хугацаа 2015 оны 07 дугаар сарын 19-ний өдөр дууссан. Гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүссэн үүрэг буюу үндсэн зээлийн төлбөр 9 999 921.39 төгрөг, зээлийн хүү 1 942 091.83 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 274 084.28 төгрөг, нийт 12 216 097.50 төгрөгийг ХХХ, ХХХ нараас гаргуулахаар нэхэмжилж байна. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд дугаар 463 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-д заасан ХХХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХ дүгээр хороолол, ХХХХХХХ тоот 2 өрөө 27 м.кв ХХХХХХХХХХ дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулан зээл, зээлийн хүүг төлүүлэх талаар шүүхийн шийдвэрт зааж өгнө үү. Уг иргэний хэрэгт холбогдуулан хариуцагч ХХХийн шүүхэд гаргасан удаа дараагийн хүсэлтүүдээс үндэслэн шүүх хуралдаан тодорхой хугацаагаар хойшилсон. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацааны зээлийн хүүгийн төлбөр 832 760.58 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 167 669.91 төгрөг, нийт 1 000 430.49 төгрөг нэмж гаргуулах үндэслэлтэй тул нийт 13 216 527.99 төгрөгийг ХХХ, ХХХ нараас гаргуулахаар нэхэмжпэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.

 

Хариуцагч ХХХ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2013 оны 07 дугаар сарын 19-ний өдөр зээл авсан. Санхүүгийн хүндрэлээс болоод эргэн төлөлт удааширсан. ХХХХинд гэрээний нөхцөлийг өөрчлөх хүсэлт удаа дараа тавьж, хугацааг сунгах талаар хэлж байсан. Хүүг нэг мөр хийх боломжтой эсэхийг асуухад бидний саналыг хүлээж аваагүй. Үндсэн нэхэмжлэлд удаа дараа шүүхэд хандаж байсан гэж дурдсан боловч тийм зүйл болоогүй. Шүүх хуралдаан хариуцагч надаас болж хойшилсон гэх асуудлын хувьд шүүхийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан, хууль зөрчсөн зүйл байхгүй. Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 07 дугаар сарын 19-ний өдөр дууссан. Нэхэмжлэгч талтай 2015 оны 07 дугаар сард ярилцаад шүүхээр шийдвэрлүүлнэ гэсэн учраас түүнээс хойших хугацааны төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. 2 тал ярилцаад зээлийн гэрээнд өөрчлөлт оруулна гэж гэрээнд заасныг нэхэмжлэгч тал зөрчсөн учраас мөнгийг төлөх боломжгүй гэжээ.

 

Хариуцагч ХХХ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ХХХ нь 2013 оны 07 дугаар сарын 19-ний өдөр тус банкнаас 463 тоот гэрээгээр өөрийн өмчлөлийн 2 өрөө байраа барьцаалан 40 000 000 төгрөгийг сарын 1.7 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлэхэд би хамтран зээлдэгчээр оролцсон. Энэ зээлийг авахын өмнө бид тухайн банкаар хэд хэдэн удаа үйлчлүүлж хүндэт харилцагч, найдвартай зээлдэгчээр шалгаран, хүү багасаж байсан. Бидний зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ирсэн ч эрхэлж байгаа бизнест хүндрэл учирсан, мөнгөний ханш унасан, иргэдийн худалдан авах чадвар эрс муудсан, мөн миний бие эрүүл мэндийн шаардлагаар ажлаас түр хугацаагаар чөлөөлөгдсөн зэргээс болж зээлээ төлөх боломжгүй болсон. Энэ тухай 2015 оны 01 дүгээр сард ХХХХ-ны эдийн засагч ХХХ-ийн ХХХХХХХХ дугаар утсаар мэдэгдэж, cap бүр төлөх боломжгүй, төлбөрийг хэсэгчлэн төлөх хүсэлт тавихад хүлээн аваагүй, сард төлөх мөнгөө бүтэн төлнө гэсэн шаардлагыг хэлсэн. ХХХХ-ны зүгээс зээлээ хэрхэн төлөх, гэрээний үүргээ биелүүлэх өөр ямар гаргалгаа байгаа талаар уян хатан байдал гаргаагүй, хариу албан бичиг өгч байгаагүй. Банкны зээлийг 2015 оны 03 дугаар сараас хойш төлж чадаагүй. Нэхэмжлэгч нь 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр шүүхэд хандсан байна. Энэ хугацаанд ХХХХнаас бидэнтэй нэг ч удаа зээлтэй холбоотой асуудлаар холбогдоогүй. Банктай байгуулсан зээлийн гэрээ 2015 оны 07 дугаар сарын 19-ний өдөр дуусгавар болсон учир 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардсаныг хүлээн зөвшөөрөхгүй, 2015 оны 07 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх хүсэлтэй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ХХХ, ХХХ нараас үндсэн зээлд 9 999 921.39 төгрөг, зээлийн хүү 2 774 852.41 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 441 754.19 төгрөг, нийт 13 216 527.99 төгрөгийг гаргуулж ХХХХинд олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд ипотекийн зүйл болох улсын бүртгэлийн ХХХХХХХХХ дугаарт бүртгэгдсэн ХХХХХХ дүүрэг, ХХ дугаар хороо, ХХХ дүгээр хороолол, ХХ дугаар байр ХХХХХХХ тоот хаягт байрлах 27 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж ХХХХинд олгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238 969 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч ХХХ, ХХХ нараас 238 969 төгрөгийг гаргуулж ХХХХинд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч ХХХ давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Санхүүгийн хүндрэлээс шалтгаалан зээлийн эргэн төлөлт удааширсан учраас гэрээний нөхцөлийг өөрчлөх хүсэлт удаа дараа тавьсан боловч хүсэлтийг хүлээн авалгүй явсаар 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд зээлийн гэрээний үүрэгт 13 216 527.99 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргасан байна. ХХХХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ нь шүүхийн харьяалал андуурч хугацаа алдсан. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс гарсан шүүгчийн захирамжид тодорхой байгаа тул Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд ХХХХнаас 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацааны зээлийн хүүгийн төлбөр 832 760.53 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 157 669.91 төгрөг, нийт 1 000 430.49 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч “ХХХХ” нь хариуцагч ХХХ, ХХХ нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 13 216 527.99 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, банктай байгуулсан зээлийн гэрээ 2015 оны 07 дугаар сарын 19-ний өдөр дуусгавар болсон учир түүнээс хойш 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үндэслэлгүй гэж маргажээ.

 

Талууд 2013 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 40 000 000 төгрөгийг сарын 1.7 хувь, жилийн 20.4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд зээл, зээлийн хүүг буцаан төлөх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцож, бичгээр гэрээ байгуулж, гарын үсэг зурснаар тэдний хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүсжээ. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Талуудын хоорондын гэрээний 2.1.4-т заасны дагуу зээлийн гэрээний ерөнхий хугацаа 24 сар буюу 2015 оны 07 дугаар сарын 19-ний өдөр гэрээний хугацаа дуусгавар болсон боловч зээлдэгч ХХХаас 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс хойш үндсэн зээл, зээлийн хүүгийн төлөлт хийгдээгүй ба үндсэн зээлийн үлдэгдэл 9 999 921.39 төгрөг байгаа үйл баримтын талаар зохигчид маргаангүй болно.

Харин хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “... зээл төлөх боломжгүй болсон, зээлийн гэрээний нөхцөлийг өөрчлөх талаар эдийн засагч ХХХ-ийн ХХХХХХХХ дугаар утас руу залгаж мэдэгдсэн, ХХХХинд удаа дараа хүсэлт тавьсан ...” /хх.20, 21/ гэх боловч хэрэгт энэ талаар баримт авагдаагүй тул хариуцагчийг зээлийн гэрээний 2.5-д зааснаар гэрээнд өөрчлөлт оруулах тухай хүсэлт гаргаж байсан, Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1 дэх хэсэгт заасан гэрээг өөрчлөх нөхцөл байдал үүссэн талаар шаардлага гаргасан гэж үзэх үндэслэлгүй юм. Иргэний хуулийн  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч нь өөрийн тайлбар, татгалзлыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй.

 

Мөн хариуцагчийн “2015 оны 06 дугаар сард ХХХХ-ны хуулийн зөвлөх, эдийн засагч нартай ярилцаж шүүхээр шийдвэрлүүлэхээр тохиролцсон тул 2015 оны 07 дугаар сарын 19-ний өдөр гэрээ дуусгавар болсон” гэх тайлбар нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг болон талуудын хоорондын зээлийн гэрээний 4.1.2-т заасан хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах зээлдүүлэгчийн эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй.

 

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, талуудын хоорондын гэрээний 2.1.2, 2.1.3-т зааснаар нэхэмжлэгч ХХХХ нь хариуцагч ХХХ, ХХХ нараас үндсэн зээлийн үлдэгдэл 9 999 921.39 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх 1 жил, 4 сар, 16 хоногийн хүү 2 810 644.5 /9 999 921.39*20.4%+9 999 921.39*1.7%*4 сар+ 9 999 921.39*1.7%*16 хоног=2 810 644.5/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 562 128.91 /2 810 644.5*20%=562 128.91/ төгрөг, нийт 13 372 694.79 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн өөрийн тодорхойлсон шаардлагын хэмжээгээр хэргийг шийдвэрлэж, хариуцагч нараас 13 216 527.99 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, багасгах, өөрчлөх эрхтэй бөгөөд энэхүү эрхээ шүүх хуралдаан эхлэхээс өмнөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед эдлэх боломжтой. Хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх хуралдаан хойшилсон, хэргийг харьяаллын дагуу өөр шүүхэд шилжүүлсэн зэрэг нөхцөл байдлын улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа тодорхой хугацаагаар хойшилсон нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, багасгах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй. Иймд нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагад заасан 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс мөн оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацааны үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үндэслэлгүй гэх хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2016/05460 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28 560 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ЦОГТСАЙХАН

                                                               ШҮҮГЧ                                     С.ЭНХТӨР

                                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ