Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2017/001432

 

Ш.А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 235 дугаар шийдвэр,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 84 дүгээр магадлалтай,

Ш.А-ийн  нэхэмжлэлтэй,

О.С, О.А нарт холбогдох,

108.000.000 төгрөг гаргуулах тухай үндсэн,

2011 оны 04 сарын 28-ны өдрийн 1372 тоот гэрээг хүчингүйд тооцуулах, 1623 мкв газрыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, хүчингүй хэлцлийг үндэслэн хийсэн бусад хэлцлийг хүчингүйд тооцуулах, 2011 оны 04 сарын 19-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах гэрээг хүчингүйд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч О.С-ын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Ш.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О.А, О.С нартай эгч дүүс мэт дотно харилцаатай олон жил найзалж, хэн хэндээ тус дэм болж явсаар бие биедээ итгэдэг болсон байсан үед О.С, О.А нар нь өөрсдийн эрхэлж байсан хувийн бизнес болон өр төлбөртөө зориулан миний ах дүү, найз нөхдөөс надаар дамжуулан удаа дараа их хэмжээний мөнгө зээлэн авсан боловч хэн хэн нь ажилгүй болж, эрхэлж байсан бизнес нь амжилтгүй болж надаар дамжуулан авсан зээлээ эргүүлэн төлөлгүй намайг эдийн засгийн болон сэтгэл санааны маш их дарамтад оруулан хүнлэг бус байдал гаргасаар олон жил хохироож байна. Иймд О.С, О.А нараас нийт 120.000.000 төгрөг гаргуулан, намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ш.А- нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, О.С-аас 108.000.000 төгрөг гаргуулахаар шаардаж, хариуцагч О.Ад холбогдох шаардлагаасаа татгалзжээ.

Хариуцагч О.С шүүхэд гаргасан тайлбартаа: Бид 3 тухайн үед миний гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Рингнит ХХК-ийн эзэмшлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн нутагт байрлах 6,300 мкв талбайтай газар дээр барилга барихаар хамтран ажиллахаар тохирч, Ш.А- тэр барилгад хөрөнгө оруулалт хийсэн. Барилга бариулах ажлыг би хариуцаж байсан бөгөөд бидний хүсэл зоригоос үл хамаарах шалтгаанаар буюу аймгийн мэргэжлийн хяналтын албаны шаардлагаар энэ барилгын ажил зогссон. О.А надад барилгынхаа өмчлөх эрхийг Ш.А-т шилжүүлж өг гэсний дагуу би Ш.А-тэй уулзаж Энхболд нотариатчаар гэрчлүүлсэн хэлцлийг хийсэн. Гэтэл Ш.А- дараа нь энэ гэрээг гэрчлэхэд би өөрөө гарын үсэг зураагүй тул хүчин төгөлдөр биш, та 2 намайг залилсан гэж Цагдаад гомдол гаргаж байсан. Нэгэнт шүүх бидний үйлдлийг эрүүгийн хэрэг биш гэж тооцсон, мөн бид нар барьж байсан барилгаа бодит байдалд Ш.А-т шилжүүлэн өгсөн, Ш.А- уг барилгыг бусдад худалдсан байсан учир би энэ асуудлыг дууссан. Ш.А-ээс Зоос банкнаас зээлсэн 30.000.000 төгрөг, Мөнхцэцэгээс зээлсэн 24.000.000 төгрөг, миний цалингийн зээлийг төлсөн 1.000.000 төгрөг, эгчийн нөхөр нас барахад буяны ажилд зориулж 1.500.000 төгрөг, нийт 56.500.000 төгрөгийг авсан. Би авсан мөнгөндөө барилгаа өгсөн. Иймээс нэхэмжилж байгаа мөнгийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Хэрэв миний барилгыг буцаан өгвөл 56.500.000 төгрөгийг буцаан төлөхөд татгалзах зүйлгүй  гэжээ.

Хариуцагч О.С шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Нотариатч Д.Гантулгын гэрчилсэн 2011 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Рингнит ХХК-аас Д.Ерөөхүүд газар эзэмших эрх шилжүүлсэн 1372 тоот гэрээг хуульд заасан үндэслэл шаардлагыг хангаагүй хэлцэл учраас хүчингүйд тооцуулах, Дархан сумын 14 дүгээр багийн нутагт байрлах 1623 мкв газрыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, хүчингүй хэлцлийг үндэслэн хийсэн бусад хэлцлийг хүчингүйд тооцуулах, барилга шилжүүлэхээр А.Тодхүүгийн хийж өгсөн итгэмжлэлийг ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн итгэмжлэлд тооцон, 2011 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах гэрээг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ш.А- сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: О.С гэх хүн Рингнит ХХК, Д.Ерөөхүү, Мөнхзул нарын хооронд хийгдсэн гэрээнд ийм нэхэмжлэл гаргах эрх бүхий субьект биш, сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндсэн нэхэмжлэлтэй хамааралгүй. Энэ барилгыг Мөнхзул, Д.Ерөөхүү нарт өгсөн гэсэн баримт байхгүй. Хариуцагч тал сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа бол түүнийгээ нотлох баримтаар нотлох үүрэгтэй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 235 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 476 дугаар зүйлийн 476.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч О.Саас 31.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.А-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 77.000.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч О.Ад холбогдох шаардлагаасаа татгалзсан нэхэмжлэгч Ш.А-ийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 106 дугаар зүйлийн 106.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч О.Сын 2011 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Рингнит ХХК-иас Д.Ерөөхүүд газар эзэмших эрх шилжүүлсэн 1372 тоот гэрээ хүчингүйд тооцуулах, Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн нутагт байрлах 1623 м.кв газрыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, хүчингүй хэлцлийг үндэслэн хийсэн бусад хэлцлийг хүчингүйд тооцуулах, барилга шилжүүлэхээр А.Тодхүүгийн хийж өгсөн итгэмжлэлийг ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэлд тооцуулах, 2011 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчингүйд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Ш.А-ээс төлсөн 760.000 төгрөг, хариуцагч О.Саас төлсөн 70.200 төгрөгийг тус тус Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Саас улсын тэмдэгтийн хураамжид 312.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.А-т олгож шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 84 дүгээр магадлалаар: Нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 235 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 552.950 төгрөгийг Төрийн сангийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч О.С хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Бид 3 барилга барихаар тохирохдоо амаар тохирсон байсан бөгөөд харин барилгын ажил эхэлсний дараа О.А ямар ч байсан, ядаж энэ дэвтэр дээр нэг өгүүлбэрээр ярьсан тохирсноо бичээд гарын үсэг зурцгаая гэж хэлснээр О.Агийн тэмдэглэлийн дэвтэр дээр гарын үсгээ зурсан. Энэ бичиг дээр хэдэн оны хэдэн сарын хэдний өдрөөс эхлэн барилга барих болсон талаар огт бичээгүй байсан бөгөөд 2009.09.04-ний өдөр уг бичгийг хийж гарын үсэг зурцгаасан нь барилгын ажил эхлүүлсэн хугацааг үүнээс өмнө эсвэл үүнээс хойно гэж дүгнэх үндэслэл болохгүй байх гэж бодож байна. Хэрэгт авагдсан барилгатай холбоотой зарим зардлын баримтууд дээрх хугацаа О.Агийн дэвтэр дээр гарын үсэг зурахаас өмнө тавигдсан байдаг. Энэ нь барилгын ажил 2019.09.04-өөс өмнө эхэлснийг нотолно. Ш.А- бидний хооронд хийсэн хэлцэл А.Тодхүүгээс Ш.А-т итгэмжлэл хийж өгөх барилгын өмчлөх эрхийг гуравдагч этгээдэд шилжүүлэх гэрээний үндсэн суурь нь болсон. А.Тодхүү “барилгаа ээж О.А, О.С нарын Ш.А-т өгөх өр төлбөрт шилжүүлсэн гэж бодож байсан” гэж гэрчээр асуугдахдаа хэлсэн нь хэрэгт авагдсан. Мөн А.Тодхүү тухайн барилгын үнэ хөлс гэж Ш.А-ээс нэг төгрөг ч аваагүй А.Тодхүү, Ш.А- 2 энэ барилгыг захиран зарцуулах эрхийг шилжүүлсэн итгэмжлэлийг зөвхөн бидний өр төлбөрт өгөх зориулалтаар хийж өгсөн нь нотлох баримтуудаар нотлогдож байдаг.

Гэтэл анхан шатны болон давж заалдах шатны шүүх уг хэлцлийг нотлох баримтын хүрээнд үнэлээгүй, үгүйсгэсэн үндэслэл шалтгаанаа шийдвэр, магадлалдаа тусгаагүй. Ш.А- бид 2-н хооронд байгуулсан хэлцлээр бидний өр авлага дуусч барьж байсан барилгаа Ш.А-т өгөхөөр тохирч бодит байдалд барилгыг түүнд хүлээлгэн өгч, барилгын өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, захиран зарцуулах эрхийг олгосон итгэмжлэлийг О.Агийн хүү А.Тодхүү хийж өгсөн зэрэг нь хэрэгт нотлох баримтууд авагдсаар байтал Ш.А-т 31.000.000 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Бидний хооронд хийсэн хэлцлээр болон бодит байдалд барилга Ш.А-ийн мэдэлд шилжиж уг барилгыг худалдсан болохоор би Ш.А-т ямар нэг төлбөр төлөхгүй.

Иргэний хэргийн анхан шатны шүүх миний гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй орхисон тул нэхэмжлэлээ шинээр тусд нь шүүхэд хандан гаргах болно гэжээ.

ХЯНАВАЛ

Хариуцагчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч Ш.А- нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.Ад холбогдох шаардлагаас татгалзаж, хариуцагч О.Саас 108.000.000 төгрөг шаардахдаа нэхэмжлэлийн үндэслэлийг зээлдүүлсэн болон барилга барихад оруулсан хөрөнгө гэж тодорхойлжээ.  Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...хамтарч барилга барихаар харилцан тохирсон, ...авсан мөнгөндөө барилгыг шилжүүлэн өгсөн гэсэн тайлбар гарган маргаж, улмаар 2011 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Рингнит ХХК-иас Д.Ерөөхүүд газар эзэмших эрх шилжүүлсэн 1372 тоот гэрээг хүчингүйд тооцуулах, Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн нутагт байрлах 1623 м.кв газрыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, хүчингүй хэлцлийг үндэслэн хийсэн бусад хэлцлийг хүчингүйд тооцуулах, барилга шилжүүлэхээр А.Тодхүүгийн хийж өгсөн итгэмжлэлийг ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэлд тооцуулах, 2011 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчингүйд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Ш.А-, О.А, О.С нар нь Дархан уул аймгийн 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт орон сууцны зориулалттай байшин барихаар харилцан тохирч 2009 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр  хэлцэл хийжээ. Уг хэлцэлд 1.Амартуяа мөнгө барина, данс хөтөлнө, Алтаа эгч мөнгө, олно хүү төлнө, О.С барилгаа бариулна, материал хямд олно гэжээ /хэргийн 1 дүгээр  хавтас 53 дугаар тал/.

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээхээр байгуулсан гэрээг хамтран ажиллах гэрээ гэнэ.

Хамтран ажиллах гэрээ нь оролцогчдын хураамж, хамтын үйл ажиллагаанаас бүрдэх бөгөөд хураамж нь талуудаас хамтын үйл ажиллагаанд зориулж байгаа хөрөнгө юм.

Талууд орон сууцны зориулалттай байшин барьж хамтран ажиллахаар тохирсон боловч оролцогчдын хураамж, хамтын үйл ажиллагаа тодорхой бус, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Түүнчлэн барилгын үйл ажиллагаа зогссон тул хариуцагч дуусаагүй барилгыг Ш.А-т шилжүүлэн өгсөн, тэрээр барилгыг Б.Мөнхзул, Д.Ерөөхүү нарт 45.000.000 төгрөгөөр худалдахаар тохирсны дагуу 40.000.000 төгрөг авсан  үйл баримт тогтоогджээ.

Хамтын үйл ажиллагааны зорилгыг биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд хамтран ажиллах гэрээ дуусгавар болох ба энэ тохиолдолд талууд биелүүлээгүй хэлцлийг дуусгавар болгож, үлдэх хөрөнгийн жагсаалтыг үйлдэж, талуудад хуваарилахаар Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.1.4, 480.3-т заасан.

О.А, О.С нар нь дуусаагүй барилгыг газрын хамт захиран зарцуулах эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэн өгсөн байх ба нэхэмжлэгч нь “...О.А авсан 39.000.000 төгрөгт тооцон барилгыг шилжүүлэн өгсөн тул түүнд холбогдох шаардлагаас татгалзаж байна”  гэжээ. 

Талууд хамтран ажиллахаас өмнө хариуцагч О.С нь Зоос банкнаас 30.000.000 төгрөгийг Ш.А-ээр дамжуулан авсан, мөн түүнээс 1.000.000 төгрөг авч цалингийн зээлээ төлж дуусгаснаа үгүйсгэж чадаагүй бөгөөд уг мөнгийг буцааж өгснөө нотлоогүй байна.

Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааны үйл баримтын талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, хариуцагч О.Саас 31.000.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 476 дугаар зүйлийн 476.1-т нийцжээ.

Харин шүүх сөрөг нэхэмжлэл үндсэн нэхэмжлэлтэй тооцогдохгүй байна гэж үзсэн атлаа сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд нийцээгүй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т “Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ. Бусад тохиолдолд тэдгээрийг хамтруулан шийдвэрлэх эсэхийг шүүх шийдвэрлэнэ” гэж заасан.

Дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 84 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1, Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 235 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дах заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т заасныг баримтлан хариуцагч О.Сын 2011 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Рингнит ХХК-иас Д.Ерөөхүүд газар эзэмших эрх шилжүүлсэн 1372 тоот гэрээ хүчингүйд тооцуулах, Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн нутагт байрлах 1623 м.кв газрыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, хүчингүй хэлцлийг үндэслэн хийсэн бусад хэлцлийг хүчингүйд тооцуулах, барилга шилжүүлэхээр А.Тодхүүгийн хийж өгсөн итгэмжлэлийг ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэлд тооцуулах, 2011 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчингүйд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай”. гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч О.Сын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 7 дугаар сарын 06 өдөр төлсөн 312.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.УНДРАХ

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ