Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 40

 

Д.Д-ид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                             Я.Туул

Шүүгчид                                           Б.Манлайбаатар

Ц.Амаржаргал

Прокурор                                          Н.Дуламсүрэн

Ялтны өмгөөлөгч                           Ц.Гэнэндулам

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Я.Туул даргалж 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хийсэн эрүүгийн шүүх хуралдааны 117 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтны өмгөөлөгч Ц.Гэнэндуламын бичсэн давж заалдах гомдлоор Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тухай тогтоол үйлдэж ирүүлсэн Д-гийн Д-ид холбогдох эрүүгийн 201709000060 тоот 1 хавтаст хэргийг 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Ялтны биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б- овогт Д-гийн Д-, / РД:********/, 1963 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар баг, тосгоны 5 дугаар гудамжны 84 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй

Сэжигтнийг яллагдагчаар татах тухай тогтоолд бичигдсэнээр Д.Д- нь 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 19.00 цагийн орчим Дархан сумын 3 дугаар баг, Тосгоны 5-84 тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Ц.Болдбаатартай маргалдаж, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 117 дугаартай  шийтгэх тогтоолоор:

-Шүүгдэгч Боржигон овогт Д-гийн Д-ийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар шүүгдэгч Боржигон овогт Д-гийн Д-ид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж,

-Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Д.Д-оос 750.000 /долоон зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар баг, Хараагийн 3-36 тоотод оршин суух Цэрэндоржийн Болдбаатарт /РД:ТГ65050272/ олгож,

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шүүгдэгч Д.Д-ийн эзэмшлийн 35.000 төгрөгийн үнэ бүхий “Нокиа 2600” маркийн гар утсыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж, зарж борлуулан хохирол төлбөрт тооцон олгуулахаар Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр биелүүлэх албанд шилжүүлж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3-т зааснаар Д.Д- нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан торгох ялыг 3 жил хүртэл хугацаагаар хорих ялаар солихыг анхааруулж,

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Д.Д-ид батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тус тус зааж шийдвэрлэжээ.

Ялтны өмгөөлөгч Ц.Гэнэндулам давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“...Д.Д- нь хохирол төлбөрөө төлж барагдуулсан, анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон байдлыг харгалзан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн гэм буруутай этгээд хохирогчтой сайн дураараа эвлэрсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлж, гэм хорыг арилгасан бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно гэсэн заалтыг баримтлан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэжээ.

Ялтны өмгөөлөгч Ц.Гэнэндулам давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Хувийн таарамжгүй харьцааны улмаас Д.Д- нь Ц.Болдбаатарыг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон. Өмгөөлөгчийн зүгээс хэргийн зүйлчлэлд маргахгүй. Д.Д- нь давж заалдах шатны шүүхэд хүсэлт гаргасны үндсэн дээр өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд биечлэн оролцож байна. Д.Д- нь хохирлыг хохирогчид хүлээлгэж өгсөн, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн үндэслэлээр эвлэрсэн, уг гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэрэг тул дээрх нөхцөл байдлыг харгалзан хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Прокурор Н.Дуламсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

“...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй. Анхан шатны шүүх хуралдааны шатанд Д.Д- нь 750.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулаагүй байсан. Д.Д- нь хохирогчид хохирол төлж барагдуулсан, хохирогчийн гомдол саналгүй гэх баримт хавтаст хэрэгт авагдсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасны дагуу эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх эсэхийг шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргана уу” гэв.

Тодорхойлох нь:

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Д.Д-ийг хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Ц.Болдбаатартай маргалдаж, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тухай тогтоол үйлдэж хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Д.Д-ийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэсэн 117 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “...хууль ёсны ба үндэслэлтэй байх” хуулийн шаардлагыг хангасан байна.

Ялтан Д.Д-ийн үйлдсэн гэмт хэрэг нь мөрдөн байцаалтын шатанд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар бүрэн нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүхээс хэргийн үйл баримтад хийсэн дүгнэлт үндэслэлтэй, шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл нь түүний гэм бурууд тохирсон байна.

Харин хавтаст хэргийн 134, 135-р хуудаснуудад авагдсан хохирогч Ц.Болдбаатарт хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн болон хохирогч хохирлын мөнгийг хүлээн авсан гэх баримтууд нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй, хохирогч нь хохирлыг өөрөө хүлээн авсан эсэх нь эргэлзээтэй, хохирол авсан гэх баримтанд хохирогчийн иргэний үнэмлэх хавсаргагдаагүй, нотариатаар гэрчлэгдээгүй, хохирогчийн гарын үсгүүд илтэд харилцан өөр өөрөөр зурагдсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар гэм буруутай этгээд нь хохирогчтой сайн дураараа эвлэрснийг нотолсон баримтгүй байх тул дээрх хохирол хүлээн авсан, хүлээлгэн өгсөн гэх баримтуудыг давж заалдах шатны шүүх хуралдаанаас үнэлэх боломжгүй бөгөөд хохирлоо нөхөн төлсөн гэж дүгнэх үндэслэлгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр ялтны өмгөөлөгч Ц.Гэнэндуламын давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 117 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтны өмгөөлөгч Ц.Гэнэндуламын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                         ДАРГАЛАГЧ                                         Я.ТУУЛ

                                         ШҮҮГЧИД                                             Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                                       Б.МАНЛАЙБААТАР