Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 2024/ХШТ/40

 

Г.Д-ид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, С.Соёмбо-Эрдэнэ, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Өнөржаргал, хохирогч М.О-ын хууль ёсны төлөөлөгч С.Ч, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1263 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 21 дүгээр магадлалтай, Г.Д-ид холбогдох 2206000003846 дугаартай хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Ч.Өнөржаргал нарын гаргасан гомдлыг үндэслэн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ... онд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 367 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 01 сарын хугацаагаар хорих ял оногдуулж уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь хэсэгт заасныг журамлан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Дүүргийн эрүүгийн хэргийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 175 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлсэн, Д.

Шүүгдэгч Г.Д- нь Баянзүрх дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар гудамжны ... тоотод 2022 оны 12 дугаар сарын 15-ны орой 23 цагийн орчимд согтуурсан үедээ хохирогч Б.Б-г алахыг завдсан, М.О-ыг онц харгис хэрцгийгээр алсан буюу хүнийг алах гэмт хэргийг хоёр хүний эсрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Г.Д-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.6 дахь заалтад зааснаар “онц харгис хэрцгийгээр хоёр хүнийг алсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.6 дахь заалтад зааснаар Г.Д-ид бүх насаар нь хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгэж, түүний цагдан хоригдсон нийт 299 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, цус мэт улаан хүрэн зүйлээр бохирлогдсон бор өнгийн элдүүр мод 1 ширхэг, хар өнгийн иштэй төмөр заазуур 1 ширхэг, хэргийн газрын үзлэгээр бамбар модонд бэхжүүлэн авсан цус мэт улаан хүрэн өнгийн зүйлийн дээж 10 ширхэг, цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон “Хараа” нэртэй архины шилний хагархай шилнүүд 1 ширхэг, “Сэнгүр” нэртэй пивоны лааз 1 ширхэг, цахилгаантай хар өнгийн богино түрийтэй гутал 1 хос, “Хараа” нэртэй архины шил 3 ширхэг, том улаан өнгийн цоож 1 ширхэг, эвдэрхий цагаан өнгийн цоож 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон хар хүрэн өнгийн савхин куртик 1 ширхэг, “НӨАТ”-ын баримт 2 ширхэг, “Өсөх Зоос” барьцаат зээлийн гэрээний хувь 1 ширхэг, хар, цагаан өнгийн хүзүүвч 1 ширхэг, цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон урд хэсэгтээ “Реrformance” гэсэн бичиглэл бүхий цагаан өнгийн фудволк 1 ширхэг, “Аdidas” гэсэн бичиглэл бүхий 3 ширхэг цагаан кант бүхий хөх өнгийн цахилгаантай цамц 1 ширхэг, хар өнгийн богино хүрэм 1 ширхэг, баруун өвдөгний орчим бохирлогдсон хар өнгийн хоёр талдаа халаастай даавуун өмд 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон шар өнгийн арьсан гутал 1 хос, бор суран тэлээ 1 ширхэг, хар өнгийн саравчтай малгай, 100 төгрөгийн дэвсгэрт 3 ширхэг, 50 төгрөгийн дэвсгэрт 2 ширхэг, автобусны карт 2 ширхэг, “Хаан” банкны виза карт 1 ширхэг, “Самсунг” маркийн гар утас 1 ширхэг, цагаан өнгийн фудволк 1 ширхэг, хар саарал өнгийн ноосон цамц 1 ширхэг, хар өнгийн дотуур өмд 1 ширхэг, “Nike” гэсэн бичиглэл бүхий хар өнгийн даавуун өмд 1 ширхэг, саарал өнгийн дотуур өмд 1 ширхэг, хөх өнгийн оймс 1 хос, урдаа үдээстэй богино түрийтэй хар хөх өнгийн гутал 1 хос зэрэг эд зүйлсийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Г.Д- нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Д-оос 97.154.655 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ц-д, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар 2.135.200 төгрөгийг мөн түүнээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт тус тус олгох”-оор шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Д-ийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Г.Д- гаргасан гомдолдоо “... ар гэрийн нөхцөл байдал болон өөрийн дотоод итгэл үнэмшил байр суурийг хоёргүй сэтгэлээрээ илэрхийлэхийн ялдамд шүүхийн байгууллагад асар их итгэл найдварыг тээж энэхүү хүсэлтийг илэрхийлэхийг зорьсон билээ.

Хүний амь нас хохирсонд чин сэтгэлээсээ гэмшиж туйлын ихээр эмгэнэл илэрхийлж байгаа болон цаашид хохирогчийн ар гэрээс нэхэмжилсэн мөнгөн төлбөр хохирол зэргүүдийг бүрэн төлж барагдуулахаас гадна хохирогчийн төрөл төрөгсдөд учирсан уй гашуу, зовлонг сэтгэл зүрхээрээ хуваалцаж уучлалтыг хүсэж эмгэнэл илэрхийлэн гашуудаж суугаа билээ. Цаашдаа Монгол улсын шүүхээс оногдуулсан хорих ял шийтгэлийг эдлэх цаг хугацаандаа өөртөө маш сайн дүгнэлт хийж өөрийн дадал зуршил чиг хандлагыг өөрчлөн төлөвшүүлэн, алдаа дутагдлаа цэгнэж, хохирол төлбөрөө бүрэн арилгаж, буруу үйлдлийнхээ үйлийн үрийг эдэлж, сэтгэл зүрхэндээ сүү шиг цагаахан сэтгэлийг шингээн үлдсэн насныхаа амьдралд өөрийн үр хүүхэд болох 9 настай А, 8 настай Х, 7 настай Б нарынхаа ирээдүйн амьдралынх нь төлөө эцэг байх эрхэм үүргээ нэр төртэй биелүүлж ааваараа овоглох нэрээ ариунаар дуудуулж үнэ цэнийг өөртөө оршоож, нийгэмд эзлэх байр суурийг олж хүн шиг зөв шударга замналаар хуулиа дээдлэн, хуулийн дор утга учиртай амьдарч явах урам зориг итгэл найдварыг бэлэглэж цаашид эдлэх хорих ялыг минь хугацаат хорих ял болгож өгөхийг маш ихээр хүсэж энэхүү өргөдлийг чин сэтгэлээсээ эрхэм хүндэт шүүх бүрэлдэхүүн, шүүгч та бүхнээс аминчлан хичээнгүйлэн гуйж байгааг минь хүлээн авч надад ганцхан удаа амьдралд амьдрах эрх хүч, итгэл найдварыг олгож өгөхийг маш ихээр хүсэмжлэн энэхүү өргөдлийг бичсэн болно. Надад оногдуулсан хорих ял шийтгэлийг минь уян хатан байдлаар тооцон өгч хугацаат хорих ял шийтгэлээр шийдвэрлэж өгөхийг маш ихээр хүсэж Монгол улсын дээд шүүхэд хандан чин сэтгэл зүрхнээсээ өөрийн сэтгэгдэл, үзэл бодол болон ар гэрийн байдлаа илэрхийлэхийг зорьсон билээ.

Миний бие Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 21 дүгээр магадлалыг гардан авсны дараагаар дээд шүүхэд хандан өргөдлөө бичсэн болно. Хүсэлтийг минь судлан авч үзэн зохих арга хэмжээг авч өгөн хувь заяа цаашдын амьдралд минь нөлөөлөх эерэг шийдвэрийг маш ихээр гаргаж өгнө гэдэгт гүнээ итгэл тээж найдварыг өвөрлөн сүүлийн боломжийг олгож өгөхийг хичээнгүйлэн хүсэж энэхүү хүсэлт өргөдлийг гаргасан болно” гэжээ.

Мөн шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Өнөржаргал гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа мэдэж улмаар эрх зүйн туслалцаа үзүүлэхээр ар гэрийнхэнтэй нь харилцан тохиролцсон. Шүүгдэгч Г.Д- нь анхан шатны шүүх хуралдаанд Баянзүрх дүүргийн эрх зүйн туслалцааны өмгөөлөгчтэй оролцсон. Түүнчлэн гэмт хэрэгт холбогдсон нөхцөл байдлын талаар өмгөөлөгчтэйгөө болон ар гэрийнхэнтэйгээ цөөхөн уулзсан байдаг. Давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарсны дараа ар гэрийнхэнтэйгээ сэтгэл зүйн хувьд хэцүү байсан учир уулзаагүй нөхцөл байдал бий. Анхан шатны шүүхээс бүх насаар хорих ял шийтгүүлсний дараа 461 дүгээр ангиас 7 хоногт 2-3 удаа сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлдэг. Харин давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээснээс хорих ангид шилжих хүртэлх хугацаанд өдөр бүр сэтгэл зүйчтэй уулзуулдаг юм байна. Сэтгэл зүйн хувьд хэнтэй ч өөрийгөө нээж ярих байдал алдагдсан байх үед нь өмгөөлөгчөөр ажилласан бөгөөд сэтгэл зүйчийн тусламж авсантай холбоотойгоор давж заалдах болон хяналтын гомдол бичих хэмжээний шүүхэд итгэх итгэл тээсэн гэдгийг онцлон хэлье. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас хөнгөн гэмтэл учирсан хүний хувьд маш их айдас, дарамтад байсан нөхцөл байдал харагддаг. Өмгөөлөгчийн зүгээс шүүхээс оногдуулсан ялыг харгалзан үзэх нөхцөл байдал байна гэж үзсэн. Учир нь анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Д-ид эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байхгүй гэж дурдсан байдаг. Гэтэл 1 дүгээр хавтаст хэргийн 13 дугаар талд авагдсан баримтаас харахад хэрэгт холбогдогч өөрөө дуудлага өгсөн нөхцөл байдал бий. Тэгэхээр тухайн үед өөрийгөө илчилсэн үйлдэл нь эрүүгийн хариуцлага оногдуулахдаа харгалзан үзэх нөхцөл байдал гэж үзэхээр байна. Шүүгдэгч ар гэрийнхэнтэй уулзахгүйгээр шүүх хуралдаанд оролцсон, түүнчлэн өмгөөлөгчтэйгөө харилцан ярилцаагүй, өөрийгөө илэрхийлээгүй учир шүүхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байхгүй гэж ойлгогдсон байхыг үгүйсгэхгүй. Г.Д-ийн хувьд сэтгэл санааны хохирол гаргуулахаар шийдвэрлэснийг ямар нэгэн байдлаар үгүйсгээгүй. Харин төлөхөө илэрхийлсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаас харагддаг. Мөн гэмт хэрэгт холбогдогчийн хувийн байдалтай холбогдуулаад хамтран амьдарч байсан Б.Б, түүний аав Н.Г, ээж Х.О нарын мэдүүлгээс муу муухай харагдуулахуйц зарим хэсгийг яллах дүгнэлтэд дурдсанаар хэт нэг талыг барьсан шүүхийн шийдвэр гарсан гэж үзэж байна. Хувийн байдалтай нь холбогдуулж ар гэрийнх нь өгсөн мэдүүлэг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал хамаарахгүй болохыг дурдах нь зүйтэй. Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон, урьд ял эдэлж байсан хүмүүсийн хувьд нийгэмшүүлэх асуудал хол орхигдсоноос болж өөртөө гутрах, ганцаардсанаар асуудалд холбогддог болох нь харагдаж байна. Тэгэхээр Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм байгуулах зорилгод нийцэхгүй нөхцөл байдал бий. Шүүгдэгч бага насны хүүхдүүдтэй болсон, сайхан амьдарч буй тухайгаа надад хэлж байсан. Гэтэл гэмт хэрэгт холбогдсон, ялгаварлан гадуурхагдсан, өөрийн сэтгэл зүйн асуудлыг даван туулаагүйгээс энэ хэрэг үйлдэгдсэн гэж үзэж байна. Өөрийн үйлчлүүлэгчийн хүний амь нас бүрэлгэсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан асуудлыг зөвтгөх зүйлгүй. Харин гэм буруугаа хүлээн зөвшөөрч давж заалдах болон хяналтыг гомдол гаргасан. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлд заасныг журамласнаас шалтгаалж хэргийн зүйлчлэл хүндэрсэн нөхцөл байдал бий. Иймд хяналтын шатны шүүх энэ асуудлаар хууль хэрэглээний дүгнэлт хийж бүх насаар хорих ялыг хугацаатай хорих ялаар сольж өгнө үү. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм байгуулах зорилгод нийцэх юм. Түүнд амьдрах итгэх, боломж олгосон шийдвэр гаргахыг хүсье” гэв.

Мөн шатны шүүхэд хохирогч М.О-ын хууль ёсны төлөөлөгч С.Ч шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон байр суурь хэвээр байна. Учир нь шүүгдэгч урьд хүнийг алах гэмт хэрэг үйлдээд ялыг гэртээ эдэлсэн. Монгол улс түүнд нэг удаа боломж олгосон боловч даварсан байна. Шүүгдэгч одоо 27 настай. 20 жил хорих ял оногдуулбал 47 настай гарч ирээд 3 хүн алах уу. Хохирогчийн ээж хүнд өвчтэй хүн бөгөөд энэ асуудлаас болж хүндрээд ганц сарын настай л байгаа. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Прокурор А.Золзаяа шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч Г.Д-ид холбогдох хэргийн үйл баримтыг зөв тогтоож, бодит байдалд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна. Харин хэргийн зүйлчлэлийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.6-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлгүй байна. Хэдийгээр хоёр шатны шүүх шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэсэн ч хууль хэрэглээний хувьд алдаа гаргасан байна. Өөрөөр хэлбэл, нэг хүний алахыг завдсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.6-д зааснаар буюу хоёр, түүнээс олон хүнийг алсан гэж зүйлчилсэн нь хуулийг буруу хэрэглэсэн байх тул зөвтгөн шийдвэрлэх нь зүйтэй. Түүнчлэн гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирол 97,154,655 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Тус гэмт хэрэг 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гарсан. Шүүх шинжилгээний тухай хууль болон бусад дагалдах хуулиуд 2023 оны 07 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн бөгөөд хууль хэрэгжих хугацаанаас өмнө үйлдэгдсэн хэрэгт сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Дээрх үндэслэлүүдээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүдийг хүчингүй болгох нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн Г.Д-ид холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхүүд хуулийг жинхэнэ агуулгаас нь зөрүүтэй буруу ойлгож хэрэглэсний улмаас шүүхийн тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Д- нь согтуурхаж 2022 оны 12 дугаар сарын 15-нд шөнийн 23 цагийн орчим хамт архи ууж байсан Б.Б-г архины шил, заазуураар цохиж олон тооны шарх, гэмтэл учруулж алахыг завдаж, улмаар М.О-ыг гурилын элдүүр мод, заазуур хэрэглэн зодож онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэгт холбогджээ.

Прокуророос мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийхдээ хүнийг алахыг завдсан үйлдлийг хүнийг алсан үйлдэлтэй нэгтгэн Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.6-д заасан “хоёр түүнээс олон хүнийг алсан” гэж хүндрүүлэн зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлгүй болно.

Анхан болон давж заалдах шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхдээ “хэргийн зүйлчлэл шүүгдэгчид ашигтай” гэсэн хууль зүйн алдаатай дүгнэлт хийсний зэрэгцээ эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулиар тогтоосон хамгийн хүнд ял болох “бүх насаар хорих ял” оногдуулахдаа үндэслэл муутай дүгнэлт хийсэн байна.

Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэхээр завдах хууль зүйн ойлголтыг тодорхойлж, гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулахаар заасан болно.

Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдэхээр завдсан тохиолдолд оногдуулах ял нь төгссөн гэмт хэрэгт оногдуулах ялаас ямагт бага байхаар хуульчилсан бөгөөд гэмт хэрэг үйлдэхэд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч гэмт этгээдийн хүсэл зоригоос үл хамаарах учир шалтгааны улмаас гэмт хэргээ төгсгөөгүй, хүссэн хор уршгаа учруулж чадаагүй үйлдлийг төгссөн гэмт хэрэгт нэгтгэн зүйлчлэх хууль зүйн үндэслэлгүй тул үйлдэл тус бүрд тохирох ялыг оногдуулж улмаар уг ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоох ёстой.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.6-д заасан “хоёр, түүнээс олон хүнийг алсан” гэх гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хүнийг алахаар завдсан үйлдэл хамаарахгүй бөгөөд гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийг төгссөн гэмт хэрэгтэй адилтган  зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Үүнээс гадна гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тухайн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруу, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор хүлээлгэх учиртай.

Шүүгч, шүүх бүрэлдэхүүн Эрүүгийн хуулиар тодорхойлсон хорих ялыг оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн хүний эрх чөлөөг бүх насаар нь хязгаарласан хамгийн хүнд ялыг сонгосон тохиолдолд шалтгаан, үндэслэлээ тодорхой тайлбарлан тогтоолд тусгах нь хуулиар тавигдсан шаардлага болно.

Эрүүгийн хуулийн энэхүү буруу хэрэглээг хяналтын шатны шүүх засч залруулах хууль зүйн боломжгүй тул шүүх хуралдаанд оролцсон прокурорын энэ талаар гарсан хууль зүйн дүгнэлтийг хангаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, түүнийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэлээ.

Хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцэх хүртэл шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1263 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 21 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Г.Д-ид холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлсүгэй.

2. Хэргийг шүүхэд очтол шүүгдэгч Г.Д-ийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэ

 

 

                       ДАРГАЛАГЧ                                                           М.ПҮРЭВСҮРЭН

                  ШҮҮГЧ                                                           Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                              С.БАТДЭЛГЭР

                                                                                         С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                        Б.ЦОГТ