Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 28

 

МОНГОЛ  УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Саранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: “Тайшир-Гуулин  УЦС” ХХК-ний нэхэмжлэлтэй, тус аймгийн *******, татварын хяналт шалгалтын тасгийн дарга *******, улсын байцаагч *******, ******* нарт  холбогдуулан  аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны  өдрийн 050021475 дугаартай ******* ХХК-д ногдуулсан 664.194.322.5  төгрөгийг тогтоосон актнаас үл хөдлөх эд хөрөнгийн нөхөн татвар  423.147.405, торгууль 126.944.220, алданги 99.641.288, төгрөг тооцсон нийт 649.732.916 төгрөгийн мөнгөн дүнтэй актын холбогдох заалтыг, мөн уг актын хавсралт-2-ын 1,1.1-1.4, 3, 3.1-3.3-т заасныг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг  2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулан хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Тайшир-Гуулин” УЦС ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь

     Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 4-р зүйлийн 4.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа дараахь этгээд үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгч байна:” заасны дагуу татвар төлөгч биш байна гэж үзэж байна. Учир нь Компаний тухай хуулийн 2.6-д “Энэ хуулийн 2.5-д заасны дагуу үүссэн төрийн өмчит компаний хувьд өмчлөгч нь төрийг төлөөлж Улсын Их Хурал байна” гэж заасны дагуу тус компанийг үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч гэж үзэх үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл Засгийн газрын 2008.06.03-ны өдрийн тогтоолоор Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9.5, Компаний тухай хуулийн 2.5-д заасныг үндэслэн “Тайшир-Гуулин усан цахилгаан станцыг Алтай Улиастайн ЭХС, ТӨХК-ийн охин компани буюу ХХК хэлбэрээр үүсгэн байгуулсан тул балансд байгаа үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй “өмчлөгч” биш үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулахдаа эзэмшигч, ашиглагч байхаар зохицуулсан байна. Нөгөө талаар ******* ХХК-ийг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч биш, тухайн компаний эзэмшиж, ашиглаж байгаа үл хөдлөх эд хөрөнгө нь Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.3-т заасан Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөгдөх “нийтийн эзэмшил”-ийн хөрөнгөнд хамаарч байгаа бөгөөд төрийн чиг үүргийг хэрэгжүүлэх, нийгмийн хэрэгцээг хангах зорилгоор ард иргэдийг төрөөс тогтоосон тусгай тарифын дагуу цахилгаан эрчим хүчээр хангах үйл ажиллагаа явуулсан юм. Энэ талаар Үндэсний татварын ерөнхий газрын даргын зөвлөлийн 2001.04.05-ны өдрийн хуралдаанаар баталсан аргачлалын 6.1.3-т “зам, талбай, усны далан, зэрэг нь нийтийн эзэмшлийн барилга, байгууламжид хамаарахаар заасан байна.

  Иймд Аймгийн татварын хэлтсийн улсын байцаагчийн “*******” ХХК-д 664.194.322.5  төгрөгийг тогтоосон актнаас үл хөдлөх эд хөрөнгийн нөхөн татвар  423.147.405, торгууль 126.944.220, алданги 99.641.288, төгрөг тооцсон нийт 649.732.916 төгрөгийн мөнгөн дүнтэй актын холбогдох заалтыг, мөн уг актын хавсралт-2-ын 1,1.1-1.4, 3, 3.1-3.3-т заасныг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

    Хариуцагч *******, *******, ******* нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын татварын улсын байцаагч *******, татварын улсын байцаагч ******* нарын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 050021475 тоот актаар тогтоосон үл хөдлөх эд хөрөнгөд ногдуулсан 664,194,322 /зургаан зуун жаран дөрвөн сая, нэг зуун ерөн дөрвөн мянга, гурван зуун хорин хоёр/ төгрөгийн төлбөрийг “*******” ХХК мөн зөвшөөрөөгүй.

   2017оны 03 дуггар сарын 09-ны өдөр Говь-Алтай аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн хурлыг зарлан хуралдуулж, энэ хурлаар зөвлөлийн гишүүдийн 100 хувийн саналаар Татварын улсын байцаагчийн актыг хэвээр баталсан байна. Энэ хурал дээр тус компанид Татварын ерөнхий хууль /ТЕХ/-ийн 72 дугаар зүйл. Татвар төлөгчийн гомдлыг хянан шийдвэрлэх, 72.1. Татварын алба болон татварын улсын байцаагчийн гаргасан шийдвэрийн талаар татвар төлөгч нь захиргааны журмаар дараахь харьяаллаар гомдол гаргах эрхтэй: 72 дугаар зүйлийн 72.1. дэх заалт: “Маргаан таслах зөвлөлийн шийдвэртэй холбоотой маргааныг дээд шатны татварын албаны дэргэдэх Маргаан таслах зөвлөл”-ыг сануулсан байна.

  Гэтэл энэ заалтыг болон Татварын ерөнхий хуулийн 72.2 дахь заалт: “Энэ хуулийн 72.1.2, 72.1.4-т заасны дагуу гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл татвар төлөгч нь гомдлоо шүүхэд гаргах эрхтэй”-ыг зөрчиж, Мөн “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай” хуулийн 14.4-т заасан “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана”гэсэн заалтаар хандсан нь дээрх хуулиудын зохих заалтуудыг зөрчиж байна. “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль”-ийн 5 дугаар зүйл. 

 Төрийн өөрийн өмч 1. Төрийн өөрийн өмчид энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас бусад төр эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулж болон дараахь эд хөрөнгө хамаарна: төрийн байгууллага, албан газарт газарт эзэмшүүлсэн эд хөрөнгө, төрийн өмчит үйлдвэрийн газарт эзэмшүүлсэн эд хөрөнгө,  8 дугаар зүйл: Төрийн өмчийн талаархи Улсын Их Хурлын бүрэн эрх: 1. Улсын Их Хурал төрийн өмчийн талаарх дараахь бүрэн эрхтэй:  Улсын Их Хурал бүх ард түмнийг төлөөлөн төрийн өмчийн өмчлөгч байх, 16 дугаар зүйл. Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар нь эд хөрөнгийн талаар дараахь эрх, үүрэгтэй: өөрт олгогдсон үл хөдлөх эд хөрөнгийг дүрэмд заасан үйл ажиллагааныхаа зорилгод нийцүүлэн эзэмших, ашиглах, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ өөрөө бие даан борлуулах, Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, түүний эд хөрөнгийн эрх, онцлог,  Төрийн өмчийн хувьцаатай буюу төр хувь хөрөнгөө оруулсан хуулийн этгээдийг төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд гэнэ.  25 дугаар зүйл. Төрийн өмчийн эд хөрөнгийг үнэлэх, бүртгэх: Төрийн өмчийн эд хөрөнгийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7дугаар зүйлд заасан журмаар үнэлж бүртгэнэ. 26 дугаар зүйл. Төрийн өмчийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах. Төрийн өмчит хуулийн этгээд нь өөрт олгогдсон эд хөрөнгийг энэ хуулиар тогтоосон журмын дагуу эзэмшиж ашиглана гэх заалтууд нь УИХ өмчлөгч боловч энэхүү хуулиар төр эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулж болохоор заасан төдийгүй Төрийн өмчит хуулийн этгээдэд ч энэ эрх байгаа юм. Мөн өмчлөгч эзэмшигчийн тухайд “Иргэний хуульд”-д тодорхой заасан байна.

 Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ.

         91 дүгээр зүйлийн 91.1-т Гуравдагч этгээдийн хувьд эд хөрөнгө эзэмшигч нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж тооцогдоно. Дээрх хуулиудын заалтуудаар “*******” ХХК нь Үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшигч, өмчлөгч, ашиглагч гэдэг нь тодорхой байна. Иймээс “Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай” хуулийн 4 дүгээр зүйл: Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгч,  4.1 Монгол Улсын нутаг дэвсгэрт үл хөдлөх эд хөрөнгө /ҮХЭХ/ өмчилж байгаа дараах этгээд үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгч байна: 4.1.3. төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд гэсэн заалтуудаар үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгч мөн гэдэг нь нотлогдож байна.

  Нэхэмжлэлд “нийтийн эзэмшил”-ийн хөрөнгөнд хамааруулсан байна. Гэтэл ҮТЕГ-ын даргын зөвлөлийн 2001 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж зөвшөөрсөн “Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хуулийг хэрэгжүүлэх аргачлал”-ын 6.1.3 Нийтийн эзэмшлийн барилга байгууламж.

    Үүнд: нийтийн эзэмшил бүхий цахилгаан, дулаан, холбооны шугам сүлжээ түүний худаг узель, дэд станц, цэвэр бохир усны газар доогуурх ус зайлуулах хоолой, гүүр, үерийн усны далан, цэвэрлэх байгууламж, зам талбай, гэрэлтүүлэг, инженерийн зориулалт бүхий худаг орно. Мөн орон сууцны барилгын дунд өмчлөлийн хөрөнгө энэ заалтад хамаарагдана. Гэсэн байгаа. Энд хот, суурин газарт зориулан нийтийн эрх ашгийн төлөө хийгдсэн зам, талбай, үерийн усны даланг оруулсан байхад үер гэдэг үгийг хасан нийтийн эзэмшил бүхий байгууламжид оруулах гэсэн нь аргачлалыг буруу ташаа ойлгосон байна. Энэхүү нэхэмжлэл нь зохих хууль, аргачлалыг хэт нэг талаас бодон буруу ташаа ойлгож, хуулийн дагуу тавьсан татварын улсын байцаагчийн актыг үгүйсгэж байна гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

   Шүүх хэрэгт цугларсан нотлох баримт, шүүхэд болон шүүх хуралд хэргийн оролцогч ,нэхэмжлэгч хариуцагчийн  мэдүүлэг, тайлбар  зэргийг үндэслэн Говь-Алтай аймгийн “Taишир-Гуулин УЦС” ХХК-ний нэхэмжлэлтэй аймгийн *******, Татварийн хяналт шалгалтын тасгийн дарга *******, улсын байцаагч ******* нарт холбогдох Аймгийн татварын улсын байцаагчийн “*******” ХХК-д ногдуулсан 664.194.322.5 төгрөгийн акт тогтоосон 2016.10.03-ны өдрийн 050021475 дугаартай актнаас үл хөдлөх эд хөрөнгийн нөхөн татвар 423.147.405, торгууль 126.944.220, алданги 99.641.288 төгрөг тооцсон нийт 649.732.916 төгрөгийн мөнгөн дүнтэй актын холбогдох заалтыг, мөн актын хавсралт -2-ын 1, 1.1-1.4, 3, 3.1-3.3-т заасныг хүчингүй болгох  шаардлага бүхий нэхэмжлэлийг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

   Татварын хэлтсийн  хяналт шалгалтын татварын улсын байцаагч  *******, татварын улсын байцаагч ******* нарын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 050021475 тоот актаар тогтоосон үл хөдлөх эд хөрөнгөд ногдуулсан 664.194.322.5 төгрөгийн акт тогтоосон төгрөгийн төлбөрийг “*******” ХХК нь зөвшөөрөөгүй бөгөөд 2016 оны 12 дугаар сарын 28-нд 131 дугаартай албан бичгээр тус компаний гүйцэтгэх захирал Д.Амартүвшин нь аймгийн татварын хэлтсийн дэргэдэх “Маргаан таслах зөвлөл”-д хандсан байна. Улмаар 2017 оны 03 дугаар сарын 09-ны өдөр Говь-Алтай аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн хурлыг зарлан хуралдуулж, энэ хурлаар зөвлөлийн гишүүдийн 100 хувийн саналаар Татварын улсын байцаагчийн актыг хэвээр баталсан байна. Тухайн хурал дээр тус компанид Татварын ерөнхий хууль /ТЕХ/-ийн 72 дугаар зүйлийн 72.1-д Татварын алба болон Татварын улсын байцаагчийн гаргасан шийдвэрийн талаар татвар төлөгч нь захиргааны журмаар дараахь харьяаллаар гомдол гаргах эрхтэй: 72 дугаар зүйлийн 72.1.4 дэх хэсэгт "Маргаан таслах зөвлөлийн шийдвэртэй холбоотой маргааныг дээд шатны татварын албаны дэргэдэх “Маргаан таслах зөвлөл”-д хандахыг сануулсан байна.

 

 Гэтэл энэ заалтыг болон ТЕХ-ийн 72 дугаар зүйлйин 72.2 дахь хэсэгт "Энэ хуулийн 72.1.2, 72.1.4-т заасны дагуу гаргасан шийдвэрийг, эс зөвшөөрвөл татвар төлөгч нь гомдлоо шүүхэд гаргах эрхтэйг зөрчиж, Мөн "Захиргааны хэргийг шүүхэд хянан   шийдвэрлэх  тухай"   хуулийн   14.4-т, заасан   "Дээд  шатны  захиргааны байгууллага,   эсхүл   гомдлыг хянан   шийдвэрлэх  чиг  үүрэг бүхий   захиргааны байгууллага  байхгүй  бол  шийдвэрийг  мэдэгдсэнээс  хойш  30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана” гэсэн заалтаар хандсан нь дээрх хуулиудын зохих заалтуудыг зөрчиж байна. 

 

  "Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль"-ийн 5 дугаар зүйлд

1.Төрийн өөрийн өмчид энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь

хэсэгт зааснаас бусад төр эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулж болох дараахь эд

хөрөнгө хамаарна: Үүнд: 1/ төрийн байгууллага, албан газарт эзэмшүүлсэн эд хөрөнгө; 2/ төрийн өмчит үйлдвэрийн газарт эззмшүүлсэн эд хөрөнгө;

Мөн хуулийн 8 дугаар зүйлд Төрийн өмчийн талаархи Улсын Их Хурлын бүрэн эрх: 1. Улсын Их Хурал төрийн өмчийн, талаар дараахь бүрэн эрхтэй:

1/ Улсын Их Хурал бүх ард түмнийг төлөөлөн төрийн өмчийн өмчлөгч байх

16 дугаар зүйлд  Аж ахуйн тооцоотой үйлдвэрййн газрын эд хөрөнгийн эрх

1. Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар нь эд хөрөнгийн талаар дараахь эрх,

үүрэгтэй:   

 1/   өөрт   олгогдсон үл   хөдлөх, хөрөнгийг  дүрэмд   заасан   үйл ажиллагааныхаа зорилгод нийцүүлэн эзэмших, ашиглах;

4/ үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ өөрөө бие даан борлуулах, 

Мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 1-д Төрийн өмчийн хувьцаатай буюу төр хувь хөрөнгөө оруулсан хуулийн этгээдийг төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд гэнэ.  25 дугаар зүйлийн 1-д Төрийн өмчийн эд хөрөнгийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан журмаар үнэлж бүртгэнэ. 26 дугаар зүйл Төрийн өмчит хуулийн этгээд нь өөрт олгогдсон эд хөрөнгийг энэ хуулиар тогтоосон журмын дагуу эзэмшиж ашиглана. Мөн өмчлөгч эзэмшигчийн тухайд "Иргэний хууль"-д тодорхой заасан байна.

Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар: Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаварыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ.

Иймээс хуулийн этгээд өөрийнхөө хөрөнгөөр  хариуцлага хүлээдэг учир танай байгууллагын дансанд бүртгэлттэй  эдгээр  хөрөнгөөрөө хариуцлага хүлээх үүргийг хуульд тодорхой заасан байна

Дээрх хуулиудад зааснаар "*******" ХХК нь Үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшигч, өмчлөгч, ашиглагч гэдэг нь тодорхой байна. Иймээс "Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т Монгол Улсын нутаг дэвсгэрт үл хөдлөх эд хөрөнгө /ҮХЭХ/ өмчилж байгаа дараах этгээд үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгч байна: 4.1.3-т төрийн, болон орон нутгийн өмчит хуулийн этгээд гэсэн заалтуудаар Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгч мөн гэдэг нь нотлогдож байна.

 Нэхэмжлэгч нь Үл хөдлөх хөрөнгөө "нийтийн эзэмшил"-ийн хөрөнгөнд хамааруулсан байна. Гэтэл ҮТЕГ-ын даргын зөвлөлийн 2001 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж зөвшөөрсөн "ҮХЭХ-ийн албан татварын хуулийг хэрэгжүүлэх аргачлал"-ын 6.1.3 дахь хэсэгт Нийтийн эзэмшлийн барилга байгууламж. Үүнд: нийтийн ззэмшил бүхий цахилгаан, дулаан, холбооны шугам сүлжээ түүний худаг узель, дэд станц, цэвэр бохир усны газар доогуурх ус зайлуулах хоолой, гүүр үерийн усны  далан, цэвэрлэх байгууламж, зам талбай, гэрэлтүүлэг, инженерийн зориулалт, бүхий худаг орно. Мөн орон сууцны барилгын дундын өмчлөлийн хөрөнгө энэ заалтад хамаарагдана, гэсэн байгаа. Энд хот, суурин газарт зориулан нийтийн эрх ашгийн төлөө хийгдсэн зам, талбай, үерийн усны даланг оруулсан байхад үер гэдэг үгийг хасан нийтийн эзэмшил бүхий байгууламжид оруулах гэсэн нь аргачлалыг буруу ташаа ойлгосон байна. Энэхүү нэхэмжлэл нь зохих хууль, аргачлалыг хэт нэг талаас бодон буруу ташаа ойлгож, хуулийн, дагуу тавьсан татварын улсын байцаагчийн актыг үгүйсгэсэн байна

Тухайн хэрэгт  2017 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн 10/1831 тоот албан бичгээр Татварын Ерөнхий Газрын хуулийн хэлтсийн дарга зөвлөгөө өгөхдөө Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгч  хуулийн этгээд нь өмчлөх эрхийн гэрчилгээ аваагүй ч тухайн үл хөдлөх хөрөнгийг санхүүгийн тайланд хөрөнгөөр бүртгэж элэгдэл хорогдлын шимтгэл тооцон  албан татвар ногдох орлогоос хасч ашгаа бууруулж  татварыг тооцсон тохиолдолд үл хөдлөх хөрөнгийн татварын татварыг төлүүлнэ гэж зөвлөжээ.    Иймээс танай компаны  хөрөнгийн дансанд бүртгэлтэй хөрөнгөөс татвар авах нь хууль  эрх зүйн хувьд зүйтэй гэж үзэж байна. Хавтаст хэргийн 72 хуудасны  Үндсэн хөрөнгийн дэлгэрэнгүй бүртгэлд байгаа хуримтлагдсан элэгдлийн зардал тавигдсан байна.  Хэрвээ энэ маргаантай хөрөнгийг нитийн эзэмшил биш гэж үзэж байгаа бол дансандаа бүртгэлгүй элэгдэл хорогдлын шимтгэлийг байрьшуулахгүй байх хуультай. /Нятглан бодох бүртгэлийн тухай хууль/

Хяналт шалгалтын явцад Татварын улсын байцаагч ******* нь тус компаний нягтлан бодогч *******тэй ярилцсан тэмдэглэлд Төрийн өмчийн хороо, Эрчим хүчний  зохицуулах хороо, төлөөлөн удирдах зөвлөлөөс тооцсон зардлыг хасаж баталж байгаа учраас санхүүжилтгүй болж татвараа төлж чадахгүй байгаа гэсэн нь  2014, 2015 онуудын “Тайшир гуулин усан цахилгаан станцын техникийн үндсэн үзүүлэлт буюу зорилтоор төлөвлөгөөний төсөл боловсруулж батлуулдаг энэ төсөлд үл хөдлөх эд хөрөнгийн татварын зардлыг тусгасан байгааг гуйвуулж энэ байгууллага үл хөдлөх эд хөрөнгийн татварыг төлөх үүргээ мэдсээр байж биелүүлээгүйг харуулж байна.  Хавтаст хэргийн  /хх105/  хуудсанд хариуцагч талаас ирүүлсэн баримтанд тус станц нь 2011 оноос 2014 он хүртэл үл хөдлөх эд хөрөнгийн албан татварт нийт 57,724.000 төгрөгийн татварыг төлж байсан нь үүнийг давхар нотолж байна.

  Мөн “Тайшир гуулин” УЦС ХХК-тай ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг  Дулааны 3-р цахилгаан станц ХХК, дулааны 4-р цахилгаан станц ХХК, Багануур зүүн өмнөд бүс цахилгаан станц хувьцаат компани нь үл хөдлөх хөрөнгийн албан татвар төлдөг нь энэ талаар татвар төлөгчид нэг мөр ойлголттой татварын хуулийг хэрэгжүүлдэг болохыг дурьдах нь зүйтэй.

  Нэхэмжлэгч нь Татварын Ерөнхий Газрын харъяа Говь-Алтай аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч *******, ******* нар нь “Taйшир- Гуулин УЦС” ХХК-ний 2014 оноос 2015 оны санхүүгийн баримтад шалгалт хийж  2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 050021475 тоот актаар тогтоосон үл хөдлөх эд хөрөнгөд ногдуулсан 664.194.322.5 төгрөгийн акт тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй юм гэж шүүх дүгнэлээ.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, хуулийн 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.3 дахь заалтыг баримтлан “Тайшир-Гуулин  УЦС” ХХК-ний нэхэмжлэлтэй, тус аймгийн *******, татварын хяналт шалгалтын тасгийн дарга *******, улсын байцаагч *******, ******* нарт  холбогдуулан  аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны  өдрийн 050021475 дугаартай ******* ХХк-д ногдуулсан 664.194.322.5  төгрөгийг тогтоосон актнаас үл хөдлөх эд хөрөнгийн нөхөн татвар  423.147.405, торгууль 126.944.220, алданги 99.641.288, төгрөг тооцсон нийт 649.732.916 төгрөгийн мөнгөн дүнтэй актын холбогдох заалтыг, мөн уг актын хавсралт-2-ын 1,1.1-1.4, 3, 3.1-3.3-т заасныг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.   

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

  4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ               Б.САРАНЧИМЭГ