Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2017/01449

 

Д.Г-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж,  шүүгч Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2017/01108 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 1559 дүгээр магадлалтай,

Д.Г-ын нэхэмжлэлтэй,

“А” ХХК-д холбогдох,

Орон сууцны талбайн зөрүү болон түрээсийн төлбөрт 12.775.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Эрхбилгүүний гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Г.Буянбадрал, Д.Мөнхтуяа, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Жавхлантөгс, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Г- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдөр бэлтгэн нийлүүлэгч “А” ХХК-иас 45.88 м.кв бүхий 2 өрөө байрыг 1 м.кв-ыг 2.500.000 төгрөгөөр худалдан аваxaap харилцан тохиролцон гэрээ байгуулж, байрны төлбөрт 114.700.000 төгрөгийг төлсөн. Гэтэл тус компани нь гэрээнд заасан хугацаанд буюу 2013 оны 11 сард байр хүлээлгэж өгөөгүйгээс сарын 400.000 төгрөгөөр 2013 оны 12 дугаар сарын 01-нээс 2014 оны 04 дүгээр сарын 01 хүртэл 4 сарын хугацаанд 1.600.000 төгрөгөөр байр түрээсэлж амьдарсан. Мөн худалдан авсан байранд хэмжилт хийлгэхэд 41.41 м.кв буюу 4.47 м.кв-ын зөрүү гарсан. Шүүхээс шинжээч томилж, Хот айл ХХК-иар дүгнэлт гаргуулахад 42.11 м.кв гарсан тул 3.77 м.кв талбайн зөрүүд 9.425.000 төгрөг болон байр түрээсэлсэн 1.600.000 төгрөг, нийт 11.025.000 төгрөгийг “А” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “А” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Д.Г- нь 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Орон сууц захиалан бариулах Б2/1001 дугаар гэрээ байгуулж, Хан-уул дүүргийн 15 хорооны нутаг дэвсгэрт баригдах Б2 байрны 1001 тоот 45.88 м.кв талбай бүхий орон сууцанд 114.700.000 төгрөгийн хөрөнгө оруулж бариулсан. Орон сууцны зураг төслийг Барилгын тухай хуульд заасны дагуу барилгын зураг төслийн ажлыг гүйцэтгэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдүүдээр гүйцэтгүүлж, эрх бүхий байгууллагаар баталгаажуулсны үндсэн дээр орон сууцыг батлагдсан зураг төслийн дагуу бариулсан. Д.Г- нь өрөөний доторх зохион байгуулалт, өрөө тус бүрээр харуулсан дэлгэмэл масштаб зурагтай танилцан хүлээн зөвшөөрсөн. Гэрээний 1.3-т талбайн хэмжээг тэнхлэгээс тооцно гэж заасан ба ингэж тооцоход тохиролцсон хэмжээнд байгаа. Нэхэмжлэгч 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 04 дүгээр сарын 01 хүртэл 4 сарын хугацаанд 1.600.000 төгрөгөөр байр түрээслэх эсэх нь манайд ямар ч хамааралгүй ба Д.Г-ын учирсан хохиролд түрээсийн мөнгийг тооцох үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2017/01108 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч "А" ХХК-иас орон сууцны талбайн зөрүү болон гэрээнээс учирсан хохиролд 10.625.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Боржигон овогтой Дүйхэрсүрэнгийн Ганболдод олгож, шаардлагаас үлдэх 400.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 219.350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 184.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 1559 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2017/01108 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч "А" ХХК-иас 1.200.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Г-од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9.825.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дах заалтын “184.950” гэснийг “33.350” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 219.350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Эрхбилгүүн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 1559 дүгээр магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар дараах гомдлыг гаргаж байна.

Нэхэмжлэгч Д.Г- 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, А ХХК-ийг хариуцагчаар татаж, 12.775.000 төгрөг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэгч нь 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр орон сууцыг хүлээн авч өмчлөлдөө шилжүүлэн аваад талбай нь зөрүүтэй, дутуу байгааг мэдэж, 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байхад давж заалдах шатны шүүх гэрээний зүйлийг нэхэмжлэгч хүлээн авснаас хойш доголдлыг илрүүлэх боломжтой атал хуульд заасан хугацаанд шаардлага гаргаагүй, шаардах эрхээ алдсан гэж үзэхээр байхад гэрээгээр тохиролцсон орон сууцны талбайн 3.77 м.кв хэмжээгээр дутуу зөрүүгийн үнэ 9.425.000 төгрөгийг гаргуулсан нь учир дутагдалтай болсон гэж дүгнэн хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэгч орон сууцыг хүлээн авснаас хойш 2 сарын дараа буюу 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байхад давж заалдах шатны шүүх түүнийг 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдөр гаргасан гэж буруу дүгнэсэн. Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсгийн заалтыг магадлалдаа орхигдуулж бичээд захиалагч буюу нэхэмжлэгчийг 6 сарын дотор гомдлын шаардлага гаргаагүй гэж дүгнэж байгаа нь шүүх нэг талд хэтэрхий их үйлчилснийг нь харуулж байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 1559 дүгээр магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Д.Г- нь 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, хариуцагч “А” ХХК-с орон сууцны талбайн үнэнд илүү төлсөн төлбөр, хохиролд нийт 11.025.000 төгрөг шаарджээ. Тэрээр энэхүү нэхэмжлэлийг өмнө нь гаргаж байсан ба Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 04206 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгохдоо зохигчдын маргаж байгаа зүйл түүний үндэслэл болох Орон сууц, барилгын дотоод талбайг тооцох аргачлал, стандартын талаар Захиргааны хэргийн шүүх захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэж байгаа гэсэн үндэслэл дурджээ.

Хариуцагч нэхэмжлэлээс татгалзахдаа “...гэрээнд орон сууцны талбайг тэнхлэгээр тооцохоор заасан ба нэхэмжлэгч орон сууцны дэлгэмэл зурагтай танилцаж зөвшөөрсөн...” гэсэн тайлбар гаргажээ.

Зохигчдын хооронд 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан сууц захиалан бариулах гэрээгээр хариуцагч нь орон сууцыг 2013 оны 4 дүгээр улиралд багтаан хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн ба нэхэмжлэгч орон сууцны үнэ 114.700.000 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тохирч, улмаар Хан-уул дүүргийн 15 дугаар хороо, Хансвилл хотхоны 104 дүгээр байрны 1001 тоотын 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгджээ /хэргийн 15-19 дүгээр тал/.

Маргааны зүйл болох орон сууцны талбайг “Инжкон” ХХК 41.41 м.кв гэж  тодорхойлсон бол “Хот айл” ХХК 42.11 м.кв гэжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангасан, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлээс орон сууцны талбайн үнэнд илүү төлсөн 9.825.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.1 дэх зохицуулалтыг баримталжээ.

Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээхээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д заасан. Гэтэл зохигчдын хооронд байгуулагдсан дээрх гэрээнд гүйцэтгэгч нь орон сууцыг 2013 оны 4 дүгээр улиралд ашиглалтад оруулахаар үүрэг хүлээсэн байгааг шүүх анхаараагүй, уг барилга хэзээ ашиглалтад орсон, нэхэмжлэгч орон сууцыг хэдийд эзэмшилдээ авсан нь тодорхой бус, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Ажил гүйцэтгэх гэрээний захиалагч доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ нь буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулах эрхтэй талаар Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3.-т заасан ба зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл хангалттай бүрэн тогтоогдоогүй гэж үзнэ.

Нэхэмжлэгчээс хариуцагчид төлсөн төлбөр нь ажлын хөлс, эсхүл эд хөрөнгийн үнэ болох талаар шүүх эрх зүйн үүднээс нотлох баримтад үндэслэсэн дүгнэлт хийж чадаагүй байна.

Түүнчлэн хариуцагч нь орон сууцны барилгыг ашиглалтад оруулсан, нэхэмжлэгч тухайн орон сууцыг эзэмшилдээ авсан болон анхны нэхэмжлэлийг хэдийд гаргасан нь тодорхой бус байгаа, энэ тохиолдолд нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааны талаар дүгнэлт хийх боломжгүй болно. Өөрөөр хэлбэл, зохигчдын хооронд ажил гүйцэтгэх, эсхүл худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэхээс шалтгаалан хөөн хэлэлцэх хугацаа өөр өөрөөр тоологдох юм .

Дээр дурдсанаас үзвэл шүүх зохигчдын хоорондох маргааныг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв хэрэглэсэн эсэхийг хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хяналтын шатны шүүх дүгнэх боломжгүй, хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2017/01108 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 1559 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 172.150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ