Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 1559

 

Д.Ганболдын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Н.Батзориг, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

                                   

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2017/01108 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Ганболдын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Асар пропертиз” ХХК-д холбогдох

 

Орон сууцны талбайн зөрүү болон түрээсийн төлбөрт 12 775 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжилсэн төлөөлөгч Ч.Мөнх-Ачит, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Жавхлантөгс, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Даваажав нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.Ганболдын нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Миний бие 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдөр бэлтгэн нийлүүлэгч "Асар пропертиз" ХХК-иас 45.88 м.кв бүхий 2 өрөө байрыг 1 м.кв-ыг 2 500 000 төгрөгөөр худалдан аваxaap харилцан тохиролцон гэрээ байгуулж, байрны төлбөрт 114 700 000 төгрөгийг бүрэн төлсөн. Гэтэл тус компани нь гэрээнд заасан хугацаанд буюу 2013 оны 11 сард байр хүлээлгэж өгөөгүйгээс сарын 400 000 төгрөгөөр 2013 оны 12 дугаар сарын 01-нээс 2014 оны 04 дүгээр сарын 01 хүртэл 4 сарын хугацаанд 1 600 000 төгрөгөөр байр түрээслэж амьдарсан. Мөн худалдан авсан байр маань тусгай зөвшөөрөл бүхий “Инжкон” ХХК-иар хэмжилт хийлгэхэд 41.41 м.кв буюу 4.47 м.кв-ын зөрүү гарсан. Шүүхээс шинжээч томилж, “Хот айл” ХХК-иар дүгнэлт гаргуулахад 42.11 м.кв гарсан тул 3.77 м.кв талбайн зөрүүнд 9 425 000 төгрөг болон байр түрээслэсэн 1 600 000 төгрөг, нийт 11 025 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Асар пропертиз” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбарт: Д.Ганболд нь 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Орон сууц захиалан бариулах Б2/1001 дугаар гэрээ байгуулж, Хан-уул дүүргийн 15 хорооны нутаг дэвсгэрт баригдах Б2 байрны 1001 тоот 45.88 м.кв талбай бүхий орон сууцанд 114 700 000 төгрөгийн хөрөнгө оруулж бариулсан. Орон сууцны зураг төслийг Барилгын тухай хуульд заасны дагуу барилгын зураг төслийн ажлыг гүйцэтгэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдүүдээр гүйцэтгүүлж, эрх бүхий байгууллагаар баталгаажуулсны үндсэн дээр орон сууцыг батлагдсан зураг төслийн дагуу бариулсан. Д.Ганболд нь өрөөний доторх зохион байгуулалт, өрөө тус бүрээр харуулсан дэлгэмэл масштаб зурагтай танилцан хүлээн зөвшөөрсөн. Гэрээний 1.3-т талбайн хэмжээг тэнхлэгээс тооцно гэж заасан ба ингэж тооцоход тохиролцсон хэмжээнд байгаа. Нэхэмжлэгч 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 04 дүгээр сарын 01 хүртэл 4 сарын хугацаанд 1 600 000 төгрөгөөр байр түрээслэх эсэх нь манайд ямар ч хамааралгүй, байрны түрээсийн төлбөр төлөх үүрэг манайд үүсээгүй, хуульд зааснаар зөвхөн өөрт учирсан бодит хохирлыг шаардах эрхтэй ба Д.Ганболдын учирсан хохиролд түрээсийн мөнгийг тооцох үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч "Асар пропертиз" ХХК-иас орон сууцны талбайн зөрүү болон гэрээнээс учирсан хохиролд 10 625 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Боржигон овогтой Дүйхэрсүрэнгийн Ганболдод олгож, шаардлагаас үлдэх 400 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 219 350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 184 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнх-Ачитын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161.1-д заасныг үндэслэн давж заалдах гомдол гаргаж байна. Д.Ганболд нь "Асар Пропертиз" ХХК-тай 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан "Орон сууц захиалан бариулах №Б2/1001 тоот гэрээгээр Хан-Уул дүүргийн 15-р хороо Б2-р байрны 1 орцны 1001 тоотод орших 45.88 м.кв талбай бүхий орон сууцны байрыг 114 700 000 төгрөгөөр захиалан бариулахаар гэрээ байгуулсан. Д.Ганболд нь тус худалдаж авсан орон сууцныхаа талбайн хэмжээ 4.47 м.кв дутсан болохыг "Инжкон" ХХК-ийн хэмжсэн дүгнэлтээр тогтоосон байдаг. Шүүхээс шинжээч томилж, “Хот айл” ХХК-иар дүгнэлт гаргуулахад 42.44 м.кв гарсан тул 3.77 м.кв дутсан байдаг. Дээрх хоёр шинжээчийн дүгнэлт нь Орон сууцны барилгын доторх тайлбай тооцох аргачлал MNS 6058:2009 стандартын дагуу хийж гаргасан дүгнэлт юм.

Гэтэл Орон сууц захиалан бариулах гэрээний 1.3-д "байрны м.кв-н хэмжээг барилгын зураг төсөлд тусгагдсаны дагуу тэнхлэгээс тооцсон болно" гэж тодорхой заасан. "Инжкон" ХХК болон "Хот айл” ХХК-ийн гаргасан шинжээчийн дүгнэлт нь байрны м.кв-ын хэмжээг барилгын зураг төсөлд тусгагдсаны дагуу тэнхлэгээс тооцсон хэмжээ биш юм. Иймд манай компани нь анхан шатны шүүх хуралдаанд оролцохдоо хүсэлт гаргаж тухайн маргаан бүхий орон сууцыг Орон сууц захиалан бариулах гэрээний 1.3-т заасны дагуу шинжээч томилж хэмжүүлэх хүсэлт гаргасан. Гэтэл шүүх “хариуцагч нь шинжээч томилуулах хүсэлтийн үндэслэлээ хэмжилт хийх аргын хувьд маргаж, гэрээгээр тохирсноор барилгын хананы тэнхлэгээс хэмжилт хийлгэх гэж тайлбарлах ч шинжээчийн дүгнэлтүүд эргэлзээтэй, ойлгомжгүй, зөрүүтэй зэргээр тайлбарлаагүй болно. Иргэний хуулийн 353.2-т “гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй" гэж үзэхээр заасан ба хүлээлгэн өгөх ажлын үр дүн болох 45.88 м.кв талбайг хүлээлгэн өгөөгүй буюу доголдолтой хөрөнгө хүлээлгэн өгсөн гэж үзэн "Хот айл" ХХК-ийн дүгнэлтийг үндэслэх нь зүйтэй” гэж үзсэн.

Манай компани иргэн Д.Ганболдтой харилцан тохирч 2013 оны 07 дугаар сарын 27-ны өдөр орон сууц захиалан бариулах Б2/1001 дугаар гэрээ байгуулж байрны м.кв-ын хэмжээг барилгын зураг төсөлд тусгагдсаны дагуу тэнхлэгээс тооцно гэж тохиролцсон бөгөөд Д.Ганболд нь үүнтэй маргадаггүй. Гэтэл шүүх "Хот Айл" ХХК-ийн гаргасан шижээчийн дүгнэлтийг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь учир дутагдалтай эргэлзээ бүхий болжээ.

Иймд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1, 40.2-т заасан шаардлагын дагуу нотлох баримтыг үнэлэлгүй, хэт нэг талыг барьж, хэргийг үндэслэлгүй, хуулийн хүрээнд шийдвэрлээгүй гэж үзэж байна. Дээрх байдлаар анхан шатны шүүх маргааны үйл баримтыг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үнэн зөв үнэлээгүй, гаргасан шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй тул Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШШ2017/01108 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул зөвтгөж өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

 

Нэхэмжлэгч Д.Ганболд нь "Асар пропертиз" ХХК-д холбогдуулан орон сууцны талбайн зөрүү болон түрээсийн төлбөрт 11 025 000 төгрөг гаргуулахаар шаардсныг хариуцагч эс зөвшөөрч, орон сууцны дэлгэмэл зурагтай танилцан талбайн хэмжээг зөвшөөрсөн, түрээсийн төлбөр төлөх үүрэг үүсээгүй гэж маргажээ.

 

Д.Ганболд нь "Асар пропертиз" ХХК-тай 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Хан уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах орон сууцны барилгын Б2 байрны 1 дүгээр орцны 1001 тоот, 45.88 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг захиалахаар Б2/1001 тоот гэрээ байгуулж, хариуцагч нь орон сууцыг 2013 оны 4 дүгээр улиралд багтаан барьж гүйцэтгэн, улсын комисст хүлээлгэн өгөхөөр, нэхэмжлэгч нь 1 м.кв талбайг 2 500 000 төгрөгөөр тооцон, орон сууцны төлбөрт 114 700 000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцжээ.

 

Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан шаардлагад нийцжээ.

 

 Гэрээний дагуу захиалагч Д.Ганболд нь хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргийг биелүүлсэн, хариуцагч буюу ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан 2013 оны 4 дүгээр улиралд багтаан орон сууцыг барих үүргээ хугацааг хэтрүүлэн биелүүлж, нэхэмжлэгчид орон сууцыг 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдөр олгогдсон өмчлөх эрхийн гэрчилгээний хамт хүлээлгэн өгсөн үйл баримт хэрэгт авагдсан мөнгө төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээ, зохигчдын тайлбараар тогтоогдсон. Энэ талаар талууд маргаангүй байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар “ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авах...” үүрэгтэй тул хариуцагч нь нэхэмжлэгчид гэрээгээр тохирсон ажлын  үр дүнг хүлээлгэн өгсөн эсэх, энэ ажлын үр дүн доголдолтой эсэхэд дүгнэлт хийвэл зохино.

 

Ажил гүйцэтгэгч нь Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-д зааснаар гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх, 350.1.6-д зааснаар захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүргийг хүлээдэг.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч нь гэрээгээр тохирсон 45.88 м.кв талбай бүхий орон сууцыг хүлээлгэн өгөх үүргээ зөрчиж 42,11 м.кв  талбай бүхий орон сууцыг хугацаа хэтрүүлэн хүлээлгэн өгчээ. Ийнхүү үүргээ зөрчсөн болохоо ажил гүйцэтгэгч хүлээн зөвшөөрсөн байна.

 

Нэхэмжлэгч хүлээн авсан ажлын үр дүнгийн доголдлын талаарх гомдлоо 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд гаргасан.

 

Шүүх орон сууцны талбайн хэмжилтийг нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрөл бүхий “Инжкон" ХХК-иар хийлгэж зөрүүг мэдсэн гэж тайлбарласан тул хуулийн хугацаанд гомдлыг гаргасан гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д “ажил гүйцэтгэгч гэрээний нөхцлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана” гэж заасан шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

 

Талуудын тайлбар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл нэхэмжлэгч орон сууцыг 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд хүлээн авч, амьдарсан байна.

 

Гэрээний зүйлийг нэхэмжлэгч хүлээн авснаас хойш доголдлыг илрүүлэх боломжтой атал хуульд заасан хугацаанд шаардлагаа гаргаагүй, шаардах эрхээ алдсан гэж үзэхээр байхад гэрээгээр тохиролцсон орон сууцны талбайн 3.77 м.кв хэмжээгээр дутуу зөрүүгийн үнэ 9 425 000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

Харин ажил гүйцэтгэгч нь захиалагчид орон сууцыг хүлээлгэн өгөх гэрээнд заасан хугацааг хэтрүүлснээс  нэхэмжлэгч нь орон сууц хөлслөх гэрээг үргэлжлүүлэх шаардлага үүсч, зардал гарсан тул Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт “үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж зохицуулсны дагуу нэхэмжлэгчид учирсан хохиролд 1 200 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулсныг буруутгах үндэслэлгүй байна.

 

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байх тул хэрэгт авагдсан баримтад үндэслэн давж заалдах шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой юм.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2017/01108 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх  хэсэгт заасныг баримтлан хариуцагч "Асар Пропертиз" ХХК-иас 1 200 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Ганболдод олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9 825 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

2 дах заалтын “184 950” гэснийг “33 350” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 219 350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         А.МӨНХЗУЛ

                                                           

                                                    ШҮҮГЧИД                        Н.БАТЗОРИГ

                                                                          

                                                                                             Б.НАРМАНДАХ