Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2017/01447

 

Х.О, Э.М нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 296 дугаар шийдвэр,

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 212/МА2017/00087 дугаар магадлалтай,

Х.О, Э.М нарын нэхэмжлэлтэй,

А.Ж, С.Ж нарт холбогдох,

2.014.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Зулхашын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Х.О, Э.Мнар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр А.Ж гэдэг жолоочтой Казахстан улс руу зорчихоор явсан. Явах замдаа гааль дээр зарим бараагаа үлдээхээр болж хамт явсан жолооч А.Ж хадгалж байхаар нэг цүнхтэй бараа авч үлдсэн. Уг цүнхэнд Монгол Улсад үйлдвэрлэгдсэн тэмээний ноосон болон хөөврөн цамц, пальто, савхин бээлий, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн хувцаснууд байсан. Уг бараануудыг хар хөх өнгийн цүнхэнд хийж А.Жэд хүлээлгэн өгсөн. Уг барааг А.Жийн гэрт хадгалж байгаад буцаж ирэхдээ авахаар тохиролцсон. Казахстан улсаас буцаж ирээд бараагаа буцааж авах гэсэн боловч цүнхтэй барааг хулгайд алдсан гээд буцааж өгөөгүй. Бид бараагаа А.Жэд хүлээлгэн өгсөн тул А.Жээс барааны үнэ 2.014.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч А.Ж шүүхэд гаргасан тайлбартаа: Би Х.О, Э.Мгэгч хүмүүсийг урьд нь огт танихгүй бөгөөд 2016 оны 10 дугаар сарын 03-ны өглөө Казахстан улс руу машинаар авч явсан. Тэд дундаа 7-8 орчим цүнх, боодол ачаатай байсан. Оросын хил дээр ирэхэд Х.О нарын ачаанаас нэг цүнхийг Ташантын гааль нэвтрүүлээгүй. Би урьд нь таньдаг С.Кенжебектэй уулзаад түүнд замд Айнагүлийн гуанзанд зорчигч Х.Оын нэг цүнх байгаа түүнийг аваад манай гэрт аваачаад өгчих гэж захисан. Энэ хэлсэн үгийг Х.О нар болон бусад зорчигчид сонсож байсан. Ахташ гэдэг газарт ирэхэд С.Кенжебекээс “цүнхийг авлаа” гэсэн мэссеж ирсэн. Би буцаад Монгол хилээр 2016 оны 10 дугаар сарын дундуур орж ирсэн. Энэ хугацаанд Х.О нартай уулзаж учраагүй. Өлгийд буцаж ирэхэд С.Ж надад цүнхийг Улаанбайшинтын боомтод Айнагүлээс авч өөрийн орон сууцны гадаа машинаа тавьж хонохдоо бусад ачаануудын хамт шөнө хулгайд алдсан. Машины камерт хулгайлсан байдал бичигдсэн бөгөөд одоо энэ хэргийг цагдаагийн газар шалгаж байгаа гэсэн. Би цүнхийг аваагүй, цүнхэнд юу байсныг огт мэдэхгүй, хараагүй тул нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Ж шүүхэд гаргасан тайлбартаа: Би Бүгд найрамдах Казахстан улсын иргэн учраас энэхүү хэрэг Казахстан улсын шүүхээр шийдвэрлэгдэх ёстой гэж бодож байна. Хариуцагч А.Ж тухайн үед надад хэлэхдээ: “...ойр зуурын замд идэж уух зүйлтэй хөнгөхөн жижиг цүнх байна. Боомтоос хүнсний бүтээгдэхүүн гаргахгүй байна. Тийм учраас түүнийг аймаг руу авч яваад туслахгүй юу. Дараа нь тэгж байгаад авчихъя” гэсэн. Энэхүү цүнх хулгайд алдагдсан нь бас үнэн. А.Ж надад тухайн үед тийм төрлийн бараа байгаа гэж огт хэлж байгаагүй, бараануудыг надад нэг бүрчлэн тоолж албан ёсоор хүлээлгэж өгөөгүй. Нэхэмжлэгчид болон хариуцагч А Жанарбек түүний эхнэр А Хуралай нар цүнхийг нэгэн үл таних эмэгтэйд өгч ОХУ-ын Ташанта боомтоос Монгол Улсын Цагааннуур боомт руу хүргүүлж, улмаар хил нэвтрүүлсэн байдаг. Үүнээс үзэхэд тэрхүү үл таних эмэгтэй нэхэмжлэгч нарын барааг авсан байх магадлалтай. Эсхүл уг цүнх Улаанбайшинт дахь “Мурат" гэх гуанзанд байх хугацаанд бараа алдагдсан байх магадлалтай. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5дугаар сарын 02-ны өдрийн 296 дугаар шийдвэрээр:Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 393.1-д зааснаар нэхэмжлэгч Х.О, Э.Мнарын хариуцагч А.Ж, С.Ж нарт холбогдох алдагдсан барааны үнэ 2.014.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47.200 төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 212/МА2017/00087 дугаар магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 296 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Зулхаш хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 296 дугаар шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6дугаар сарын 30-ны өдрийн 212/МА2017/00087 дугаар магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Энэхүү маргааныг хянан шийдвэрлэхэд Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05-р сарын 02-ны өдрийн 296 тоот шийдвэр гаргахдаа Иргэний хуулийн 380-р зүйлийн 380.1; 393.1-д заасныг баримтлан хянан шийдвэрлэсэн нь “Тээвэрлэлтийн гэрээ”-ний ерөнхий заалтыг шүүх баримталсан явдал бөгөөд тухайн харилцааг зохицуулж байгаа, “нарийвчилсан” хуулийн заалтуудыг зөв бөгөөд оновчтой хэрэглэж чадаагүйгээс болж шүүхийн шийдвэр “хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй” байна. Тээвэрлэлтийн гэрээгээр зөвхөн Иргэний хуулийн 393-р зүйлийн 393.4-д зааснаар “тээвэрлэгчийг хариуцлагаас чөлөөлөхөөр” заасан учир шүүх Иргэний хуулийн 393-р зүйлийн 393.1-д заасан “хариуцлага хүлээлгэх” заалтыг баримталж “нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон” шийдвэр гаргасан нь хууль хэрэглээний хувьд алдаа гаргасан гэж үзэж байна. Иргэний хуулийн 393-р зүйлийн 393.3-т зааснаар  нэхэмжлэгч нар “алдагдсан эд хөрөнгийн үнэлгээг тогтоогоогүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч нарын дахин нэхэмжлэл гаргах эрхийг “бүхэлд” хаасан, алдагдсан эд хөрөнгийг нэхэмжилж авах эрхэд халдсан хууль бүс шийдвэр болжээ. Иймд хяналтын гомдлын үндсэн дээр Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05-р сарын 02-ны өдрийн 296 тоот шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06-р сарын 30-ны өдрийн 212/МА2017/00087 тоот магадлалыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Нэхэмжлэгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Х.О, Э.Мнар нь хариуцагч А.Ж, С.Ж нараас 2.014.000 төгрөг нэхэмжлэхдээ шаардлагаа барааны үнэ гэж тодорхойлжээ. Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргахдаа “...цүнхийг хулгайд алдсан” гэжээ.

Нэхэмжлэгч нар нь 2016 оны 10 дугаар сарын 3-ний өдөр Казакстан улс явах замдаа өөрсдийн 1 цүнхийг жолооч А.Жийн таньдаг хүнээр буцаан өгч явуулсан, С.Ж нь А.Жийн хэлсний дагуу цүнхийг Улаанбайшинт дах Мурат гуанзаас авсан боловч Өлгий суманд хонохдоо машинаасаа хулгайд алдсан болох нь хэргийн баримтаар тогтоогджээ.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд “...цүнхэнд тэмээний ноосон болон хөөврөн цамц, пальто, савхин бээлий, БНХАУ-д үйлдвэрлэсэн бараа байсан” гэх тайлбараа нэхэмжлэгч нотолж чадаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.  

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй нь хууль хэрэглээний алдаа болжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д заасан  тээвэрлэлтийн гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Гэрээнд өөрөөр заагаагүй бол гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас өмчлөлийн зүйл, түүний үр төл, үр шим устсан, гэмтсэний эрсдлийг өмчлөгч хариуцахаар Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.7-т заасан. Нэхэмжлэгч нарын цүнхтэй ачаа хулгайд алдагдсан нь тогтоогдсон, энэ тохиолдолд эрсдлийг өмчлөгч буюу нэхэмжлэгч хариуцах тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй болно.  

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч нарын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 212/МА2017/00087 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1, Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын  02-ны өдрийн 296 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...380 дугаар зүйлийн 380.1, 393.1...” гэснийг “101 дүгээр зүйлийн 101.7” гэж өөрчлөн шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.      

2. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр төлсөн 47.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.АМАРСАЙХАН

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ