Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 42

 

Д.Б-од холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                             Я.Туул

Шүүгчид                                            Ц.Амаржаргал

Б.Манлайбаатар

Прокурор                                        Д.Энхтуяа

Хохирогч                                        Э.Ууганбаяр

Хохирогчийн өмгөөлөгч                Л.Цуурай

Ялтан                                             Д.Б-

Ялтны өмгөөлөгч                           Х.Сэргэлэнбат

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, шүүгч Т.Батжаргал, Г.Гэрэлт-Од нарын бүрэлдэхүүнтэй 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хийсэн эрүүгийн шүүх хуралдааны 122 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан, түүний өмгөөлөгчийн бичсэн давж заалдах гомдлоор Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д-ийн Б-од холбогдох эрүүгийн 2016000575 тоот 2 хавтаст хэргийг 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Ялтны биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1955 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 63 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ам бүл 2, хүүхдийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 4 дүгээр байр, 05 тоотод оршин суух, улсаас Биеийн тамир спортын улсын хорооны хүндэт жуух бичиг, Алтангадас одон тус тус шагнуулж байсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, С- овогт Д-ийн Б- /регистрийн дугаар ********/ Урьд:

-1978 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Дархан хотын Наймдугаар хэсгийн Ардын 24 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 169 дүгээр зүйлийн 169а-д зааснаар 1 жил 6 сар хорих ялаар,

-2001 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Баянгол дүүргийн шүүхийн 282 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 127.3-т зааснаар 2 жил 6 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар 6 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 37.1-т зааснаар оногдуулсан хорих ялыг нэмж, бүгд 3 жил хорих ялаар шийтгүүлснийг 2001 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Нийслэлийн шүүхийн 330 дугаар магадлалаар 2 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

-2002 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 424 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 127.2-т зааснаар 2 жил, 125 дугаар зүйлийн 125.2-т зааснаар 1 жил, 224 дүгээр зүйлийн 224.3-т зааснаар 3 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 37.1-т зааснаар хэрэг тус бүрт оногдуулсан ялуудыг нэмж бүгд 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж,  өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг нэмж бүгд 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2006 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 65 дугаартай шүүгчийн захирамжаар 1 жил 9 сар 29 хоногийн хорих ялыг тэнсэн сулласан,

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор Д.Б-ыг итгэл эвдэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан мэхлэн авч бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-т заасныг журамлан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Д.Б- нь 6.000.000 төгрөгний барьцаанд тавьсан иргэн С.Сайханбаярын өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сум, 10 дугаар баг 4 дүгээр байр, 335 тоот 29 мкв 2 өрөө орон сууцыг иргэн Э.Ууганбаярт 35.000.000 төгрөгөөр зарна гэж 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 15.000.000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 11.000.000 төгрөг давтан үйлдлээр авч, мөн өдөр үлдэгдэл мөнгөний зөрүүд Сэлэнгэ аймаг Сайхан сумын 2 дугаар баг Ширээ нуруунд байрлах 1730 мкв талбайтай улсын бүртгэлийн Г-1310001074 дугаартай бүртгэгдсэн газрын гэрчилгээг итгэмжлэл хийн өмчлөх эрхийг өөрийн мэдэлд авч шунахай сэдэлтээр хуурч мэхлэх аргаар залилан мэхлэх гэмт хэргийг үйлдэж бусдад 34.788.000 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 122 дугаартай  шийтгэх тогтоолоор:

-Дархан-Уул аймгийн Прокурорын газраас СорхонБ- овогт Довчингийн Б-од холбогдуулан  хуурч мэхлэх аргаар залилан мэхлэж 34,788,000 төгрөг авсан гэх хэргээс 8,788,000 төгрөгийг  залилан мэхлэж авсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож,

-СорхонБ- овогт Довчингийн Б-ыг хуурч мэхлэх аргаар бусдын эд хөрөнгийг  залилан мэхлэж авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-т зааснаар СорхонБ- овогт Довчингийн Б-од ногдох хөрөнгөнөөс  100,000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 05 жил 10 хоног /таван жил арван хоног/-ийн хугацаагаар хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ялтан Д.Б-од оногдуулсан 05 жил 10 хоног /таван жил арван хоног/-ийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр,

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Д.Б-оос 26,200,000 төгрөг /хорин зургаан сая хоёр зуун мянган төгрөг/ гаргуулан хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сум 2 дугаар баг, Ширээн нуруу 6-8 тоотод оршин суух Боржигон овогт Энх-Амгалангийн Ууганбаярт олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож...

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Д.Б-од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжпүүлэхээр тус тус заажээ.

Ялтан Д.Б- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“... Би 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Э.Ууганбаярт өөрийн өмчлөлийн байраа хуулийн дагуу зарсан. Байрны гэрчилгээ хавтаст хэргийн материалд байгаа. Байрны мөнгө болох 10.000.000 сая төгрөгийг би авсан, үлдэгдэл 35.000.000 төгрөгийг Э.Ууганбаяр надад өгнө гэж хэлээд өнөөдрийг хүртэлх хугацаанд өгөөгүй. Би байраа буцаан худалдаж авъя. Хэргийг шүүхээр шийдвэрлүүлэх боломжтой байхад Э.Ууганбаяр эрүүгийн хэргээр намайг айлгаж илүү мөнгө авах зорилготой гэдгийг би ойлголоо. Шүүхэд 10.000.000 төгрөг өгснөөс өөр баримт байхгүй болохоор надад эрүүгийн хэрэг үүсгэж дарамталж байна. Бүр давраад мөрдөн байцаагч дэслэгч Б.Гэрэлцогтыг ашиглан гарын үсэг хуурамчаар зурж намайг мөнгө авсан болгосон. Би 10.000.000 төгрөгөөс өөр мөнгө аваагүй. Миний гарын үсгийг хуурамчаар зурсныг тогтоож өгнө үү. Мөн хууль зүйн үндэслэлгүй гарсан 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 122 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.

Миний хэрэгт шүүгч нар оролцоод байгаа тул Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч нараас татгалзаж байна. Шударга шүүхээр шүүлгэж, шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлттэй байна” гэжээ.

Ялтны өмгөөлөгч Х.Сэргэлэнбат давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“...Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт “энэ хуульд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүхий л шинжийг агуулсан гэмт хэрэг үйлдэгдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болно” гэж заасан. Д.Б-ын үйлдсэн гэх гэмт хэрэг нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, хохирогчийг хуурч, залилан мэхлэх санаа зорилго байхгүй. Иргэд хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд иргэний маргаантай асуудал байхад эрүүгийн хуулиар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүх хуралд өмгөөлөгчийн зүгээс өөрийн биеэр оролцоно. Мөн Д.Б-ыг шүүх хуралдаанд биечлэн оролцуулж өгнө үү. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд ялтан Д.Б- гаргасан мэдүүлэгтээ:

“...Давж заалдах гомдлоо дэмжиж байна. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан. Э.Ууганбаяр надад 10.000.000 төгрөг л өгсөн. Надад Э.Ууганбаярыг залилах санаа байгаагүй. Би Э.Ууганбаярт “2-3 удаа байраа ав, уулзаж тохиролцох зүйл байна” гэж хэлсэн. Би хүний байрыг хадгалсан, Э.Ууганбаярт байрыг өгье гэсэн хүсэлтэй байна” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд ялтны өмгөөлөгч Х.Сэргэлэнбат гаргасан тайлбартаа:

“...Давж заалдах гомдлоо дэмжиж байна. Нотариат н.Алтанцэцэг “та нар байраа худалдаж байгаа юм уу гэхэд н.Сайханбаярын эхнэр нь байраа зарж Улаанбаатар хот руу эмчилгээнд явж байна” гэж хэлсэн байдаг. Тэгэхээр нь н.Сайханбаярыг өөрөө гэрээтэй танилцаж байж гарын үсэг зур гэсэн байдаг. Энэ гэрчилгээ нь хавтаст хэргийн материалд байгаа. Прокурорын эсэргүүцэлд “н.Сайханбаярыг Д.Б- залилсан гэж үзэх үндэслэлгүй” гэж дурдсан. н.Сайханбаяр Д.Б- нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ хийгдэж нэг этгээдээс нөгөө этгээдэд шилжүүлж шинэ өмчлөгчид байр шилжсэн. Өмчлөгч байрыг захиран зарцуулах эрхтэй бөгөөд уг эрхийнхээ дагуу Э.Ууганбаярт байрыг зарахаар болсон. 35.000.000 төгрөг гэж хэлээгүй. Нийт 26.000.000 төгрөг өгсөн гэдэг. Э.Ууганбаяр 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр зээл авсан, гэтэл 10.000.000 төгрөг, нэг болохоор 11.000.000 төгрөг зээлсэн гэж өөрөөр мэдүүлдэг. Хохирогч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чаддаггүй. Д.Б- 10.000.000 төгрөг авсан болохоос 26.000.000 төгрөг аваагүй гэдэг. 11.000.000 төгрөг, 15.000.000 төгрөг өгсөн гэдэг нь нотлох баримтаар нотлогддоггүй. Д.Б- хэлэхдээ “Сайханбаяр надад мөнгөө өгөөгүй” гэдэг...” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Л.Цуурай гаргасан тайлбартаа:

“...Д.Б- мөрдөн байцаалтын шатанд Э.Ууганбаяраас 26.000.000 төгрөг авсан, Д.Б- мөнгийг удахгүй өгнө гэж хэлээд мөрдөн байцаалтын ажиллагааг 1 сар гаруй хугацаанд удаашруулсан. Д.Б-оос “26.000.000 төгрөг авсан уу гэхэд би хотод бизнес хийгээд явж байна мөнгийг өгнө” гэж хэлсэн. Уг байрыг түрээсэлж байсан айлыг нүүлгэхэд н.Сайханбаяр хэлэхдээ “намайг яагаад байрнаас гаргасан юм бэ” гэж шүүхэд гомдол гаргасан. Д.Б- нь байрыг н.Сайханбаярын байр юм байна гэж хэлсэн, тэгээд бүх баримтаа иргэний хэргийн шүүхэд гаргаж өгөхөд Э.Ууганбаяр хохирсон. Үүнийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Э.Ууганбаяр мөнгөө авч чадахгүй байр түрээслэж хохирч байна. Д.Б-оос 26.000.000 төгрөгийг гаргуулах шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд хохирогч Э.Ууганбаяр гаргасан тайлбартаа:

“...Банкнаас би зээл авсан, банк худал баримт гаргахгүй. Миний өмнөх бүх мэдүүлэг үнэн зөв. Байрыг өөрийн өмчлөгч гэж Д.Б- ярьж байна. “15.000.000 төгрөг, 11.000.000 төгрөгийг өгчихөөд яагаад гарын үсэг зураагүй юм бэ” гэж хэлээд намайг гүтгэж байна. Д.Б- байрны гэрчилгээ бариад ирэхээр нь надад хар төрөөгүй, би байртай болчихлоо гэж бодож нотариат ч ороогүй. Би мөнгийг Д.Б-ын данс руу нь хийе гэхэд “би наймаа хийдэг хүн мөнгө бэлэн авна” гэж хэлсэн. Тухайн үед нүдний шилтэй хүн явж байсан, би Д.Б-ын нүдийг нь харсан бол би Д.Б-од итгэхгүй байсан” гэв.

Улсын яллагч Д.Энхтуяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

“...н.Сайханбаяр Д.Б- нарын хооронд иргэний гэрээ хийгдсэн, залилан мэхлэх гэмт хэргийн шинж байхгүй байна. Д.Б-ын нэр дээр шилжүүлсэн байрыг хугацаа болоогүй байхад бусдад зарах гэж байрыг үзүүлж, 35.000.000 төгрөгөөр зарна гэж хэлсэн. Д.Б- 26.000.000 төгрөгийг бэлэн авсан. Үлдсэнд нь газрын гэрчилгээг авахаар болсон. Байрыг 35.000.000 төгрөгийн хохиролд тооцож зүйлчилсэн. Д.Б-ын үйлдэл тохирсон боловч газрын гэрчилгээний 8.788.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон. Итгэмжлэл хийлгэсэн боловч Д.Б- өөрийн нэр дээр шилжүүлж аваагүй учраас бодит хохирол учраагүй байна гэсэн. Ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болж байгаа хуулийн зүйл заалтыг бичээгүй. Хохирогч 11.000.000 төгрөгийг өгөхдөө банкнаас зээл авсан байдаг. Хавтаст хэргийн материалд зээл авсан гэрээгээр 11.800.000 төгрөг гэдэг. н.Сайханбаяр Д.Б- нарын гэрээ худалдах, худалдан авах дүр эсгэсэн гэрээ байгаа боловч иргэний хэргийн шүүхэд шийдвэр гарсан. Хэргийн материалд баримт байхгүй учраас 26.000.000 төгрөгийг өгөөгүй гэж Д.Б- хэлдэг. Залилангийн гэмт хэрэг үйлдсэн учраас 8.788.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох саналтай байна”  гэв.

Тодорхойлох нь:

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Д.Б-ыг шунахай сэдэлтээр хуурч мэхлэх аргаар залилан мэхлэх гэмт хэргийг үйлдэж бусдад 34.788.000 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Д.Б-ыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-т зааснаар 05 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн 122 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “...хууль ёсны ба үндэслэлтэй байх” хуулийн шаардлагыг хангасан байна.

Ялтан Д.Б-ын “...Би 10.000.000 төгрөгөөс өөр мөнгө аваагүй. Миний гарын үсгийг хуурамчаар зурсныг тогтоож өгнө үү...” гэх, ялтны өмгөөлөгч Х.Сэргэлэнбатын  “...Д.Б-ын үйлдсэн гэх гэмт хэрэг нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, хохирогчийг хуурч, залилан мэхлэх санаа зорилго байхгүй. Иргэд хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд иргэний маргаантай асуудал байхад эрүүгийн хуулиар шийдвэрлэсэнд гомдолтой байна” гэх үндэслэлүүдээр бичсэн давж заалдах гомдлын дагуу хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд:

Ялтан Д.Б- нь хуурч мэхлэх аргаар залилан мэхлэх гэмт хэргийг үйлдэж бусдад 34,788,000 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Э.Ууганбаярын мэдүүлэг /1-р хавтас хх-ийн 125 хуудас/, гэрч С.Батцэцэгийн мэдүүлэг /1-р хавтас хх-ийн 127 хуудас/, гэрч О.Уранцэцэгийн мэдүүлэг /1-р хавтас хх-ийн 128-129/, гэрч С.Сайханбаярын мэдүүлэг /1-р хавтас хх-ийн 130-132 хуудас/, гэрч Т.Энхтайваны мэдүүлэг /1-р хавтас хх-ийн 133-134 хуудас/, гэрч Ш.Алтанцэцэгийн мэдүүлэг /1-р хавтас, хх-ийн 136-137 хуудас/, гэрч М.Уянгын  мэдүүлэг /1-р хавтас, хх-ийн 138 хуудас/, гэрч Т.Амарцогтын мэдүүлэг /1-р хавтас, хх-ийн 139 хуудас/, гэрч О.Баярсайханы мэдүүлэг /1-р хавтас, хх-ийн 140 хуудас/, Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, гэрчилгээний хуулбар /1-р хавтас, хх-ийн 12-13 хуудас/, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2/2274 дугаартай албан бичиг, орон сууцны өмчлөлийн талаарх холбогдох материалууд /1-р хавтас, хх-ийн 25 хуудас/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон бөгөөд анхан шатны шүүхээс хэргийн байдалд хууль зүйн үндэслэлтэй дүгнэлтийг хийжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад уг гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан, хэргийн сэдэлт, гэмт хэргийг хэн үйлдсэн зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг мөрдөн байцаалтаар бүрэн шалгаж тогтоосон, мөрдөн байцаалт явуулахдаа нэг талыг барьсан буюу гүйцэд биш хийсэн байдал тогтоогдоогүй, шийтгэх тогтоолд дурдсан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, анхан шатны шүүхээс ялтан Д.Б-ын үйлдсэн хэргийг зүйлчилсэн хуулийн зүйлчлэл зөв, шүүхээс оногдуулсан ял шийтгэлийн төрөл, хэмжээ нь түүний үйлдсэн хэргийн шинж байдал, гэм бурууд тохирсон байх тул ялтан Д.Б-, түүний өмгөөлөгч Х.Сэргэлэнбатын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 122 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Д.Б-, түүний өмгөөлөгч Х.Сэргэлэнбатын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                             ДАРГАЛАГЧ                                         Я.ТУУЛ

                                             ШҮҮГЧИД                                             Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                                           Б.МАНЛАЙБААТАР