Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2020/0275

 

 

2020 оны 04 сарын 16 өдөр                             221/МА2020/0275                                          Улаанбаатар хот

 

В.Нарантуяагийн нэхэмжлэлтэй

   захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ганхүрэм, нэхэмжлэгч В.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д, Д.С, М.Д нарыг оролцуулан онлайнаар хийсэн хуралдаанаар, Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, В.Нарантуяагийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2 дугаар шийдвэрээр:

Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 46 дугаар зүйлийн 46.2.2, 46.3 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч В.Н-гийн гаргасан Баянхонгор аймгийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/509 дугаартай “В.Нарантуяаг ажлаас чөлөөлөх тухай” захирамжийг хүчингүй болгож, Эрүүл мэндийн газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан 12 дугаар сарын цалин 1,622,000 төгрөг, нийгмийн болон эүүл мэндийн даатгалын шимтгэлийг 11.5 хувиар бодож Засаг дарга Г.Б-аас хувиас нь нөхөн төлүүлэх, ажилгүй байсан хугацааны цалинг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж байгаа Засгийн газрын 2019 оны 472 дугаар тогтоолоор ТЗ-10 дугаар шатлалтын 5 дахь зэрэглэлийн цалин 1,088,657 төгрөг, төрийн байгууллагад ажилласан хугацааны болон зэрэг дэвийн нэмэгдэл 45 хувь, хоолны мөнгө 110,000 төгрөгөөр тооцож, 1 сарын цалин 1,688,552 төгрөг, 1 өдрийн цалин 78,537 төгрөг болох бөгөөд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 11.5 хувиар бодож шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл Засаг даргаар нөхөн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч В.Н давж заалдах гомдолдоо:

Нэхэмжлэгч Баянхонгор аймгийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/509 дугаартай захирамжийг хүчингүй болгох, аймгийн Эрүүл мэндийн газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 12 дугаар сарын цалин болон нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг шимтгэлийг нөхөн төлүүлэх мөн 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Засгийн газрын 2019 оны 472 дугаар тогтоолоор ТЗ-10 дугаар шатлалын 5 дахь зэрэглэлийн цалин 1,088,657 төгрөг, төрийн байгууллагад ажилласан хугацааны болон зэрэг дэвийн нэмэгдэл 45 хувь, хоолны мөнгө 110,000 төгрөгийг тооцож, 2020 оны 1 дүгээр сарын цалин 1,688,552 төгрөг, нэг өдрийн цалин 78,537 төгрөг, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлүүдийг тус тус төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Аймгийн Засаг даргын Тамгын газрын 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 4/1175 дугаартай албан бичиг нь Эрүүл мэндийн газрын статистикийн эргэн мэдээллэх номд 3 дугаар улирлын статистик үзүүлэлтийг дүгнэж бичсэн дүгнэлтийг хуулж тавьсан ба хэрэв үр дүнгийн гэрээг үнэхээр 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр дүгнэсэн юм бол эхний хагас жилийн гэрээний биелэлтийг хянаж шинжлээд зөвлөмж бичиж өгөх ёстой байсан.

Гэтэл 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 17 цаг өнгөрч байхад дуудаж, сонсох ажиллагаа хийхдээ энэхүү албан бичгийг надад өгсөн нь Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь заалтын үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээг харгалзан үзнэ гэдэг хуулийг заалтыг хангахын тулд хийсэн үйлдэл гэж үзэж байна.

Аймгийн Засаг даргатай Эрүүл мэндийн газрын даргын 2016, 2017 онуудад хамтран ажиллаж гэрээ байгуулсан ба 2016 оны жилийн эцсийн гэрээний биелэлтийг Засаг дарга Г.Б 87% дүгнэсаэн илтгэх хуудсыг Засаг даргын туслах Эрдэнэмөнх тамгын газрын бичиг хэрэгт өгсөн. Намайг 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр ажлаас чөлөөлсөн.

Намайг 2017 онд ажиллаж байх хугацаандаа санхүүгийн зөрчил гаргасан гэж АТГ-т Засаг дарга Г.Б гомдол гаргаж, АТГ-аас шалгалт хийж, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ц-гийн Хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах тухай 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 290 дугаартай прокурорын тогтоолыг Тамгын газрын дарга Ц.Д эс зөвшөөрч аймгийн ерөнхий прокурор Ж.У-т гомдол гаргаж, хариуг 2018 оны 01 дүгээр сарын 18-н ыөдрийн аймгийн прокурорын газрын 29 дүгээр хариу мэдэгдэх хуудас болон прокурорын 01 дүгээр тогтоолоор хариу хүргүүлснийг мөн эс зөвшөөрч Монгол улсын Ерөнхий прокурорын газарт гомдол гаргаж, хариуг улсын Прокурорын газрын орлогч прокурор Б.А-ын 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 1/374 дүгээр хариу мэдэгдэх хуудас, гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай 1/97 дугаар тогтоол гарсан.

2018 онд аймгийн анхан шатны шүүх хурал зарлагдаж байсан ба энэ хариуг ирсний дараа 2018 онд аймгийн анхан шатны шүүх хурал зарлагдаж байсан ба санхүүгийн зөрчил гэж шүүхээр тогтоогдоогүй байхад санхүүгийн зөрчил гаргасан гэж үндэслэл болгосон нь хэт нэг талыг барьсан үндэслэл шийдвэр гэж үзэж байна.

Санхүүгийн хяналт, дотоод аудитын албанаас 2017 онд Бөмбөгөр сумын Эрүүл мэндийн төвийн 2016 оны санхүүгийн гүйцэтгэлд хийсэн хяналт шалгалтаар акт тавигдаж буцааж төлөгдсөн болно. Энэ талаар 2018 онд АТГ-т Ц.Д гомдол гаргаж, шалгагдаад надаас мэдүүлэг авч, хариуг нь гомдол гаргагчид хүргэгдсэн гэж аймгийн Цагдаагийн газрын мөрдөгч Б-д утсаар мэдэгдсэн.

Эндэгдэл гарсантай холбоотой сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд эмнэлгийн туслажийн хэлтсийн дарга болон мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж, эхийн эндэгдлийн шалтгаан нөхцөлд судалгаа, дүн шинжилгээ хийж, эхийн эндэгдлийг бууруулах гарц нь төрөх насны эмэгтэйчүүдийг нэрээр нь хянаж, эргэх холбоо тогтоох нь чухал юм байна гэдгийг санаачилж, захирамжийн төслийг боловсруулж, Засаг дарга Б-д танилцуулан 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 552 дугаар захирамжийг гаргуулж, хэрэгжүүлсний үр дүнд 2017, 2018, 2019 онуудад эхийн эндэгдэлгүй ажиллаж байгаа нь миний амралтгүй ажилласны гавьяа гэдгийг би хаана ч бахархалтайгаар хэлнэ.

Энэхүү төрөх насны эмэгтэйчүүдийн нэрийн хяналт тогтолцоог хэрэгжүүлж, тодорхой үр дүнд хүрч байгааг Эрүүл мэндийн яам өндрөөр үнэлж улсын хэмжээнд хэрэгжүүлж эхэлсэн ба энэхүү захирамжийг гаргаж, үр дүнтэй хэрэгжүүлж байгааг үнэлж Засаг дарга Г.Б-ыг Эрүүл мэндийн яамнаас эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнасан.

Аймгийн Засаг дарга Г.Б, ЗДТГ-ын дарга Ц.Д нар миний ажил мэргэжлээ сонгох Үндсэн хуулиар олгогдсон эрхийг маань удаа дараа бүдүүлгээр зөрчиж, зориуд миний нэр төрийг унагаж, гүтгэн доромжилж, эрүүл мэнд, сэтгэл санаагаар хохироож байгаад туйлын гомдолтой байна.

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүх хуралдаанд дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй богож шийдвэрлэсэн нь илт хариуцаг талыг барьсан шийдвэр гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Д давж заалдах гомдолдоо:

Нэхэмжлэгч Баянхонгор аймгийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/509 дугаартай захирамжийг хүчингүй болгох, аймгийн Эрүүл мэндийн газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 12 дугаар сарын цалин болон нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг шимтгэлийг нөхөн төлүүлэх мөн 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж байгаа Засгийн газрын 2019 оны 472 дугаар тогтоолоор ТЗ-10 дугаар шатлалын 5 дахь зэрэглэлийн цалин 1,088,657 төгрөг, төрийн байгууллагад ажилласан хугацааны болон зэрэг дэвийн нэмэгдэл 45%, хоолны мөнгө 110,000 төгрөгийг тооцож, 2020 оны 01 дүгээр сарын цалин 1,688,552 төгрөг, нэг өдрийн цалин 78,537 төгрөг, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлүүдийг тус тус нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Ингэхдээ шүүх нотлох баримтыг буруу үнэлж, дүгнэн хуулийг буруу хэрэглэж шийдвэр гаргасан.

Маргаан бүхий аймгийн Засаг даргын Б/509 дугаар захирамжийн гол үндэслэл болгосон Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь заалтад “төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргана. Уг хүсэлтийг тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтан хүлээн авч төрийн албанаас чөлөөлөх, эсхүл түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, туршлага, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргана” гэж заасан.

Шүүх дээрх хуульд заасан түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, туршлага, эрүүл мэндийг үнэлэхдээ 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 2019 оны хагас жилийн үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэсэн илтгэх хуудас, аймгийн эрүүл мэндийн салбарын 2019 оны тусламж үйлчилгээний үндсэн үзүүлэлтийн дүгнэлт, Төрийн албаны тухай хууль болон холбогдох журмыг хэрэгжүүлээгүй талаар аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2019 оны 110 дугаар албан бичиг, аймгийн Эрүүл мэндийн газрын даргад хандсан аймгийн Засаг даргын 2019 оны 4/1175 дугаар албан бичиг, Улсын ерөнхий прокурорын газрын 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 1/374 дүгээр хариу мэдэгдэх хуудас, аймгийн Прокурорын газрын 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хариу мэдэгдэх хуудас аймгийн санхүүгийн хяналт, аудитын албаны 2018 оны 19-06/11, 19-06/29, 19-06/61 дуугаар Улсын байцаагчийн актууд зэрэг нотлох баримтуудаар үнэлж дүгнэсэн.

2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж байгаа Төрийн албаны тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.3-т “төсвийн байгууллагын төсвийн шууд захирагчийн ажлын гүйцэтгэл, үр дүнг харьяа байгууллагын үйл ажиллагааны үр дүнгээр үнэлнэ” мөн Засгийн газрын 2019 оны 37 дугаар тогтоолын 4.5.1 дэх хэсэгт “сум, дүүрэг, аймаг, нийслэл дэх агентлаг, орон нутгийн өмчит хуулийн этгээд, орон нутгийн төсөвт үйлдвэрийн газрын шууд захирагч 1 дүгээр сарын 5-ны дотор аймаг, нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагдагч үйл ажиллагааны тайлан илтгэх хуудсаа хүргүүлэхээр тус тус заасан байхад аймгийн Засаг дарга Г.Б нь уг журам болон Төрийн албаны тухай хуулийн 52.3 дахь заалтыг тус тус зөрчиж нэхэмжлэгчийн ажлын гүйцэтгэл, байгууллагын үйл ажиллгааны үр дүнг, үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэсэн гэх илтгэх хуудас нэрээр мөн түүнчлэн хагас жилээр үнэлсэн нь Төрийн албаны тухай хууль болон Засгийн газрын тогтоолыг зөрчсөн баримтыг нотлох баримтаар үнэлсэн.

Нэхэмжлэгч нь 2016 он, 2017 онуудад Эрүүл мэндийн газрын даргаар ажиллаж байхдаа үр дүнгийн гэрээг жил болгон байгуулж байсан хэдий ч үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэж байгаагүй байдаг. 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 6/519 тоот аймгийн Засаг даргын хууль бус актаар чөлөөлөгдөж, 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 13 дугаар Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Эрүүл мэндийн газрын даргын албан тушаалд буцаан томилогдсон.

Тэрээр 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр аймгийн Засаг даргын захирамжаар үүрэгт ажлаа хүлээн авсан. Ийнхүү 2018 оны Эрүүл мэндийн газрын даргын үр дүнгийн гэрээ нь нэхэмжлэгч В.Н-гаар дүгнэгдээгүй байдаг.

Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3-т “түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээг” харгалзан үзсэний үндсэн дээр төрийн албан хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргана гэсэн ба үр дүн мэргэшлийн түвшинг Төрийн албаны тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.3-т “төсврийн байгууллагын төсвийн шууд захирагчийн ажлын гүйцэтгэл, үр дүнг харьяа байгууллагын үйл ажиллагааны үр дүнгээр үнэлнэ гэж хуульд заасан.

Гэтэл шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг буруу үнэлж дүгнэлт гаргаж байгаа нь нэхэмжлэгчийн Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2, 46 дугаар зүйлийн 46.3-т заасан хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн буруу шийдвэр гаргасан гэж дүгнэж байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэлтэй дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч В.Н нь Баянхонгор аймгийн Засаг даргын 2015 оны 679 дүгээр захирамжаар аймгийн Эрүүл мэндийн газрын даргын албан тушаалд томилогдон ажиллаж байгаад 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Б/519 дүгээр захирамжаар чөлөөлөгдөж, Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 13 дугаар ажилд эгүүлэн тогтоох шийдвэр гарч, мөн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/801 дүгээр захирамжаар Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газрын даргаар томилогдож, 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/509 дүгээр захирамжаар чөлөөлөгдсөн байна.

Улмаар нэхэмжлэгч В.Н шүүхэд Баянхонгор аймгийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/509 дугаартай захирамжийг хүчингүй болгох, аймгийн Эрүүл мэндийн газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 12 дугаар сарын цалин болон нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг шимтгэлийг нөхөн төлүүлэх мөн 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж байгаа Засгийн газрын 2019 оны 472 дугаар тогтоолоор ТЗ-10 дугаар шатлалын 5 дахь зэрэглэлийн цалин 1,088,657 төгрөг, төрийн байгууллагад ажилласан хугацааны болон зэрэг дэвийн нэмэгдэл 45%, хоолны мөнгө 110,000 төгрөгийг тооцож, 2020 оны 01 дүгээр сарын цалин 1,688,552 төгрөг, нэг өдрийн цалин 78,537 төгрөг, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлүүдийг тус тус нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Баянхонгор аймгийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/509 дугаар тушаалаар В.Н-г Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10 дахь заалт, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2, 46.3, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Төрийн албан хаагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан сөрөг нөлөөлөл бүхий, төрийн албанаас халах, чөлөөлөх захиргааны акт нь заавал эрх зүйн үндэслэлтэй байх ёстой бөгөөд уг үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн зохих зүйл заалтад нийцсэн байхыг шаарддаг.

Гэтэл маргаан бүхий захиргааны актад үндэслэл болгосон Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2-т “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн” бол Төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас түр чөлөөлөхөөр, харин 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргана. Уг хүсэлтийг тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтан хүлээн авч төрийн албанаас чөлөөлөх, эсхүл түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, туршлага, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргана. Төрийн жинхэнэ албан хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц болон төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл үргэлжлүүлэн ажиллуулахаар тогтоосон хугацаа дуусмагц төрийн албанаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргаагүй нь захиргааны санаачилгаар түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй” гэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т зааснаар “ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн” гэж заасан, мөн Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т зааснаар “хуульд өөрөөр заагаагүй бол төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийн төрийн алба хаах насны дээд хязгаар нь 65 нас байна” гэж тус тус заажээ.

Төрийн албаны тухай хуульд төрийн жинхэнэ албан хаагчийг тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөх, төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргана. Уг хүсэлтийг тухайн төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан хүлээн авч төрийн албанаас чөлөөлөх, эсхүл түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, туршлага, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр төрийн алба хаах насны дээд хязгаарт хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргахаар байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4.1-д зааснаар даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болохоор зохицуулсан нь эмэгтэй даатгуулагч 55 нас хүрсэн бол шууд тэтгэвэрт гаргахаар хуульчилсан биш, харин өөрөө хүссэн тохиолдолд дээрх насанд хүрсэн тохиолдолд өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх олгосон зохицуулалт гэж үзнэ.

Дээрхээс үзвэл Баянхонгор аймгийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/509 дүгээр тушаал нь хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт тул хүчингүй болгох үндэслэлтэй.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 46 дугаар зүйлийн 46.2.2, 46.3 дахь заалтуудыг баримтлан Баянхонгор аймгийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/509 дүгээр захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч В.Н-г  Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газрын даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны 12 дугаар сарын цалин 1,622,000 төгрөг, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 11.5 хувиар бодож Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж, ажилгүй байсан хугацааны цалинг 2020 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж байгаа Засгийн газрын 2019 оны 472 дугаар тогтоолоор ТЗ-10 дугаар шатлалын 5 дахь зэрэглэлийн цалин 1,088,657 төгрөг, төрийн байгууллагад ажилласан хугацааны болон зэрэг дэвийн нэмэгдэл 45 хувь, хоолны мөнгө 110,000 төгрөгөөр тооцож, 1 сарын цалин 1,688,552 төгрөг, 1 өдрийн цалин 78,537 төгрөгөөр тооцож нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 11.5 хувиар бодож шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулсугай” гэж өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

 

ШҮҮГЧ                                                                       Н.ХОНИНХҮҮ

 

ШҮҮГЧ                                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН