| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 167/2019/0154/Э |
| Дугаар | 157 |
| Огноо | 2019-09-12 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., 18.6.1., |
| Улсын яллагч | С.Энхням |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 157
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,
Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч,
Шүүгдэгч нарын өмгөөлөгчөөр өмгөөлөгч Ж.Жаргалсайхан,
Хохирогч Ж.Э
Шүүгдэгч С.Б,
Шүүгдэгч М.Л,
Шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Дүүрэнбилэгээс Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Б, М.Л, Ц.Б нарт холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2019 оны 08-р сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
С.Б,М.Л, Ц.Б
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
Шүүгдэгч С.Б, М.Л нар нь бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 2-р баг, Хар өндөр гэх газраас хохирогч Ж.Эийн олон тооны малыг буюу 10 адууг хулгайлж түүнд 8 750 000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Ц.Б нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутаг дэвсгэрт 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр яллагдагч С.Б, М.Л нарын хулгайлан авч ирсэн 10 тооны адуунаас 5 адууг худалдан борлуулж, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж 1 200 000 төгрөг авч эзэмшиж, ашигласан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч С.Бы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Намайг унтаж байхад үүрээр шөнө 04 цаг 30 минутын үед Л залгаад тамхи ус дөхүүлээд өг гэж хэлсэн. Очиход 10 адуу туугаад авчирчихсан энэ хэдэн адууг ченжид өгмөөр байна гэж хэлсэн. Тэгэхээр нь хулгайн адуу байна гэж ойлгосон. Хүүхдийн сургалтын төлбөрт 500 гаруй мянган төгрөг хэрэгтэй байсан. Энэ адууг нь зараад өгчихвөл надад мөнгө өгөх байх гэж бодсон ...” гэсэн мэдүүлэг
Шүүгдэгч М.Лийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 10 тооны адууг Далангийн араас тууж аваачаад Бтэй Быд очсон. Адууг тууж явахдаа болъё, буцая, байранд нь аваачаад орхиё, би дахиад шоронд орохоос айж байна гэж Бд хэлсэн. Тэгээд адуугаа ченж дуудсан байсан болохоор аваачиж өгсөн. Гэхдээ би адууг ачихад гар бие оролцоогүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна ...” гэсэн мэдүүлэг
Шүүгдэгч Ц.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2019 оны 05 дугаар сарын 04-ний өглөө Л ах залгаад гараад ир гэхээр нь гарч очсон. Хэдэн адуу хүнд өгөх гэсэн юм чи туугаад аваачаад өг гэхээр нь мотоциклтой яваад Хэнтий аймгийн Дархан сумын наана айлд аваачиж өгсөн. Эд нар ард машинтай дагаад явсан. Нэрээ ондоогоор хэлээрэй, Увс аймгийнх гэж хэлээрэй гэж Б ах хэлсэн ...” гэсэн мэдүүлэг
Хохирогч Ж.Эийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Даланжаргалан сумын Хар өндөр гэх газар ус уугаад гарсан адуугаа алдчихаад хүнээс асуухад сураг байхгүй болохоор нь суман дээр байж байтал цагдаа Хэнтий аймгийн Дархан суманд эзэнгүй адуу байна гэж хэлсэн. Тэгэхээр нь очоод ченжийн хашаанаас адуугаа авсан. Тухайн үед хоол ундгүй хоног хашигдсан байсан. Үлдсэн 5 адуугаа асуухад Б гэдэг хүнийд байгаа гэж хэлсэн. 2019 оны 05 дугаар сарын 10-наас 11-ний үед 2 гүү үхсэн. Зээрд байдасных нь цээж нь хавдсан байсан, ачихдаа цохьсон байх. Үнэлгээгээр буюу 1600 000 төгрөг нэхэмжилнэ. Мөн байцаагчтай уулзах, шүүх хуралд суухаар ирсэн машины бензины зардал нийт 232180 төгрөгийг нэхэмжлэнэ гэсэн мэдүүлэг
Шүүгдэгч С.Бы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Л над руу өөрийн 98948477 утсаар залгаж би гэр хорооллын энд явж байна, хатаж үхлээ, надад ус, тамхи хоёр дөхүүлээд өгөөч гэж хэлсэн. Би ус, тамхи аваачиж өгтөл надаас би адуугаа яах вэ, 10 тооны адуу туугаад ирлээ гэж хэлсэн. ...Намайг гэртээ хариад байж байтал Л нь Б гэх залууг дагуулаад манайд ирж энэ адууг борлуулчихаар хүн байна уу гэж асуусан. Би Хэнтий аймгийн Дархан сумын ченж О гэх залуутай ярьж хэзээ хот явах вэ гэж асуутал надад би өнөөдөр явна гэхээр нь ах нь адуу өгье гэж хэлтэл та хаана байна, хаанаас очиж авах юм гэхээр нь би манай хүү Бгийнд хүрээд ир гэж хэлсэн. ...Ченжтэй үнэ хөлсөө тохирч 4 500 000 төгрөгөөр 5 тооны адуу зарж миний данс руу мөнгөө хийлгэх болсон. Би Од 100000 төгрөгийн өртэй байсан болохоор мөнгөө шилжүүлэхэд нь өрөө суутгаад мөнгөө хийгээрэй гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 20-21 дүгээр хуудас/
Шүүгдэгч М.Лийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б надад мөнгө хэрэгтэй байна, чамд бас мөнгө хэрэгтэй биздээ, чи Төмрөөгөөс морь унаад холоос хэдэн адуу туугаад ир гэж хэлж байсан. Намайг хөдөө үлдсэний маргааш залгаж наанаасаа хэдэн адуу туугаад аваад ирээрэй гэж надад хэлсэн. Би тэгээд 2019 оны 05-р сарын 03-ны өдрийн өглөө Төмрөө гэх айлаас морь унаад явлаа гэж гараад хөдөөгүүр адуу хайж явж байтал оройхон бор азаргатай 10 тооны адуу таарахаар нь шууд Бор-Өндөр сум руу хөөгөөд явсан. ...Ченж ирээд адуу авах болсон чинь Б, Бөд хандаж чи адууны эзэн болоорой, өөрийгөө Увс аймгийн харьяат хүн гэж хэлээрэй гэж хэлсэн. Тэгээд тууж ирсэн адуун дотроос зээрд байдас, хул морь, зээрд морь, сартай хамар цагаан хонгор гүү, хонгор гүү эдгээр 5 тооны адууг ченжид барьж өгсөн. Б, Б хоёр нь ченж залуутай үнэ тохирч 4500000 төгрөгөөр зарж борлуулсан. Б ченжээс мөнгө авахдаа миний 100000 төгрөгийн өрийг суутгаад мөнгөө шилжүүлээрэй гэж хэлж байсан. ...Бор-Өндөр суманд очоод Б, Бөд Хаан банкны виза картаа өгөөд мөнгө аваад хэрэглэж бай гэж хэлсэн. Бид хоёр хаан банкны АТМ дээр очиж нэг үл таних хүүхэд байхаар гуйгаад ахдаа мөнгө шилжүүлээд аваад өгөөч гээд би бэлнээр 1 200 000 төгрөг авч, Б данс руугаа 1 200 000 төгрөг хийлгэсэн...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 22-23 дугаар хуудас/
Шүүгдэгч Ц.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 05-р сарын 04-ний өдөр өглөө 08 цагийн үед Л ах хөдөөнөөс гэртээ орж ирээд намайг хэвтэж байтал би хөдөөнөөс 2 шуудай чулуу олж ирсэн, ялгах хэрэгтэй байна чи босож надад тусал гэж хэлсэн. Бид хоёр Л ахын мотоциклийг асаагаад хөдөлсөн. Би хаашаа явж байгаа юм бэ, ямар чулуу байгаа юм бэ гэж асуухад чулуу биш ээ, хэдэн адуу хөөх хэрэгтэй байна, ахад нь мөнгө хэрэгтэй гэж хэлээд Б ахын гэрт нь очсон. ...Бор-Өндөр сумын баруун хойд зүгт 6-7 км зайд байсан бор азаргатай 10 тооны адуун дээр очоод байж байтал Б ах, араас ирж Лоо чи машинд суу гэж хэлээд Л ахыг машинд суулгаж, харин намайг миний машины араас 1 км зайд адуугаа туугаад дагаад яв гээд хойд зүг дагуулж яваад ойролцоогоор 20-30 км яваад нэг айлд очиход адуу авах ченж хүлээгээд байсан...үнэ тохиролцож 5 тооны адууг 4 500 000 төгрөгөөр худалдсан бөгөөд тухайн мөнгөө дансаар буюу Б ахын данс руу шилжүүлж авсан. ...Б ах “Та хоёр миний Хаан банкны картнаас тус тус 1 200 000 төгрөг аваад хэрэгтэй зүйлээ ав гээд, 0000 гэсэн кодтой Хаан банкны виза картаа өгсөн. Тэгээд Л ах бид хоёр сумын Хаан банкны АТМ дээр очиж тэнд нэг 17 орчим настай хүүхэд байхаар нь тэр хүүхдийг гуйгаад би өөрийн данс руу 1 200 000 төгрөг шилжүүлсэн, харин Л ах 1 200 000 төгрөг бэлнээр аваад халаасандаа хийгээд Б ахтай утсаар холбогдон уулзахад цагдаа нартай таарч баригдсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 24-25 дугаар хуудас/
Хохирогч Ж.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 2 дугаар багийн нутаг Хар-Өндөр гэх газар эхнэр, 3 хүүхдийн хамтаар мал маллаж амьдардаг юм. Би өөрийн “А” дансандаа нийт бог, бод нийлсэн 379 толгой малтай. Би 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр өөрийн адуугаа татаж услахад миний бор азаргатай 10 тооны адуу бүрэн байсан. Би 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр адуугаа услах гээд очтол бор азаргатай 10 тооны адуу маань байхгүй болсон байсан. Би хүн амьтнаас сураглаж хайтал Хэнтий аймгийн Дархан сумын 2 дугаар баг, Хараат гэх газар сураг гарсан. Би 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр адууныхаа сургийг гаргачихаад араас нь явж чадаагүй. Би 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр адуу маань огт сураггүй алга болсон. Миний алдсан адуун дотор саран толгойтой зуузай тамгатай бор азарга амандаа харсан давхар саран тамга давхар байгаа, саран толгойтой зуузай тамгатай хонгор гүү, саран толгойтой зуузай тамгатай хамар цагаан хонгор гүү, саран толгойтой зуузай тамгатай 2 шарга байдас, саран толгойтой зуузай тамгатай зээрд үрээ, монгол “б” тамгатай хул үрээ, 8-ын тамгатай цоохор үрээ, баруун талын гуяндаа арагшаа харсан хөвчтэй сар тамгатай байдас, саран дэвсгэртэй зуузай тамгатай хээр даага эдгээр 10 тооны адуугаа алдсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 14-15 дугаар хуудас/
Гэрч Ж.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр өглөө 07 цагийн үед танихгүй дугаар залгаж Б ах нь байна хэдэн адуу өгмөөр байна манай хүү Бгийнд давхиад ир гэж хэлсэн. Би босоод 10 цагийн үед хүү Батсүхийн дээр нь очтол Б үл таних 2 залуутай ирчихсэн байсан. Би очоод Б ахаас адууны чинь эзэн хэн юм гэж хэлтэл энэ залуу гээд нэг махлагдуу шар залууг зааж өгсөн. Тэгээд надад өөрийгөө Батнасан гэж танилцуулаад 5 тооны адуу заагаад үнэ хөлсөө тохиръё гээд хүрэн зээрд морь 900 000 төгрөгөөр, хонгор халзан гүү 900 000 төгрөгөөр, хонгор гүү 900 000 төгрөгөөр, хул морь 900 000 төгрөгөөр, зээрд байдас 700 000 төгрөгөөр нийт 5 тооны адууг 4 500 000 төгрөгөөр үнэ тохирч авсан. Би мөнгө шилжүүлэх болсон чинь Батнасан гэх хүн дансгүй гээд Б ах миний дансанд хийчих гээд 5945109452 гэх данс руу 4 500 000 төгрөгөөс 4 400 000 төгрөг шилжүүлж Б ах надад 100 000 төгрөгийн өртэй байсан тэрийгээ суутгуулж авсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 18-19 дүгээр хуудас/
Гэрч Л.Хгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..манай нөхөр Б нь нэг морь олчихоод араас очъё гэж хэлсэн. Би маргааш нь буюу 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр нөхрөө асуутал морь унаад явсан гэж хэлсэн. Би нөхөр рүүгээ залгатал утас нь холбогдохгүй байсан, тэгээд маргааш нь буюу 2019 оны 05 дугаар сарын 04-ний өглөө эрт орж ирээд гэрт байсан Б гэх залууг сэрээгээд хашаанд байсан мотоциклоо асаагаад явсан. Би яг хаашаа явж байгааг нь мэдээгүй, надад орж ирээд юм яриагүй гараад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/
Гэрч Д.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр билүү 04-ний өдөр билүү /яг сайн санахгүй байна/ Хэнтий аймгийн Дархан сумын 2 дугаар баг “Бага марц” гэдэг газарт гэртээ 7 настай охины хамт байж байтал гаднаас Б буюу манай нөхрийн аав нэг танихгүй эрэгтэй хүнтэй хамт ирсэн. Тэгээд гараад Бтай уулзаж “ченж О энд ирсэн үү” гэж асуухаар нь би үгүй гэж хэлтэл заза гэж хэлээд манай гэр рүү орж цай цүй ууцгаасан. Тэгж байтал удалгүй манай гэрт ченж Э ганцаараа хүрч ирсэн ба тэр 3 уулзаад сууж байтал гадаа нохой хуцаад байхаар нь гараад хартал мотоцикльтой хүн 10 тооны адууг хөөж ирээд манай хашаанд хашиж байсан. Тэгэхээр нь би “юу болоод байнаа” гэж асуутал Б надад “энэ хүн адуугаа зарах гэж байгаа юм аа, санаа зоволтгүй гэж хэлэхээр нь би тэгээд чимээгүй өнгөрсөн. Тэгтэл хэсэг хугацааны дараа манай нөхөр Б ажилтай явж байгаад хүрч ирээд мөн юу болоод байгаа талаар аав Баас асуухад Б хариуд нь надад хэлсэнтэй адил зүйл хэлсэн. Тэгсэн төд удалгүй Э тэр 10 тооны адуунаас 5 тооны адууг нь аваад явсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 32-33 дугаар хуудас/
Гэрч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...аав Б үл таних хоёр залуугийн хамт манай гэрт ирчихсэн малын хашаанд 10 адуу хашчихсан Дархан сумын харьяат О гэх ченжид худалдаад байж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 127-129 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч С.Б, М.Л нар нь бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 2 дугаар баг, Хар өндөр гэх газраас хохирогч Ж.Эийн олон тооны малыг буюу 10 адууг хулгайлж түүнд 8750000 төгрөгийн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгч С.Бы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ус, тамхи аваачиж өгтөл надаас би адуугаа яах вэ, 10 тооны адуу туугаад ирлээ гэж хэлсэн. ...Намайг гэртээ хариад байж байтал Л нь Б гэх залууг дагуулаад манайд ирж энэ адууг борлуулчихаар хүн байна уу гэж асуусан. Би Хэнтий аймгийн Дархан сумын ченж О гэх залуутай ярьж хэзээ хот явах вэ гэж асуутал надад би өнөөдөр явна гэхээр нь ах нь адуу өгье гэж хэлтэл та хаана байна, хаанаас очиж авах юм гэхээр нь би манай хүү Бгийнд хүрээд ир гэж хэлсэн. ...Ченжтэй үнэ хөлсөө тохирч 4 500 000 төгрөгөөр 5 тооны адуу зарж миний данс руу мөнгөө хийлгэх болсон...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч М.Лийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...“...Б надад мөнгө хэрэгтэй байна, чамд бас мөнгө хэрэгтэй биздээ, чи Төмрөөгөөс морь унаад холоос хэдэн адуу туугаад ир гэж хэлж байсан. Намайг хөдөө үлдсэний маргааш залгаж наанаасаа хэдэн адуу туугаад аваад ирээрэй гэж надад хэлсэн. Би тэгээд 2019 оны 05-р сарын 03-ны өдрийн өглөө Төмрөө гэх айлаас морь унаад явлаа гэж гараад хөдөөгүүр адуу хайж явж байтал оройхон бор азаргатай 10 тооны адуу таарахаар нь шууд Бор-Өндөр сум руу хөөгөөд явсан. ...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Ц.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бор-Өндөр сумын баруун хойд зүгт 6-7 км зайд байсан бор азаргатай 10 тооны адуун дээр очоод байж байтал Б ах, араас ирж Лоо чи машинд суу гэж хэлээд Л ахыг машинд суулгаж, харин намайг миний машины араас 1 км зайд адуугаа туугаад дагаад яв гээд хойд зүг дагуулж яваад ойролцоогоор 20-30 км яваад нэг айлд очиход адуу авах ченж хүлээгээд байсан. ...Б ах “Та хоёр миний Хаан банкны картнаас тус тус 1 200 000 төгрөг аваад хэрэгтэй зүйлээ ав гээд, 0000 гэсэн кодтой хаан банкны виза картаа өгсөн....” гэсэн мэдүүлэг, хохирогч Ж.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр өөрийн адуугаа услахад миний бор азаргатай 10 тооны адуу бүрэн байсан. Би 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр адуугаа услах гээд очтол бор азаргатай 10 тооны адуу маань байхгүй болсон байсан....” гэсэн мэдүүлэг, гэрч Ж.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр өглөө 07 цагийн үед танихгүй дугаар залгаж Б ах нь байна хэдэн адуу өгмөөр байна манай хүү Бгийнд давхиад ир гэж хэлсэн....” гэсэн мэдүүлэг, гэрч Д.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай гэрт ченж Э ганцаараа хүрч ирсэн ба тэр 3 уулзаад сууж байтал гадаа нохой хуцаад байхаар нь гараад хартал мотоцикльтой хүн 10 тооны адууг хөөж ирээд манай хашаанд хашиж байсан.Тэгэхээр нь би “юу болоод байнаа” гэж асуутал Б надад “энэ хүн адуугаа зарах гэж байгаа юм аа, санаа зоволтгүй гэж хэлэхээр нь би тэгээд чимээгүй өнгөрсөн...” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...аав Б үл таних хоёр залуугийн хамт манай гэрт ирчихсэн малын хашаанд 10 адуу хашчихсан Дархан сумын харьяат О гэх ченжид худалдаад байж байсан...” гэсэн мэдүүлэг,эд мөрийн баримтыг түр хураан авсан тэмдэглэл,үнэлгээний дүгнэлт зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр
Шүүгдэгч Ц.Б нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутаг дэвсгэрт 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр шүүгдэгч С.Б, М.Л нарын хулгайлан авч ирсэн 10 тооны адуунаас 5 адууг худалдан борлуулж, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө гэдгийг мэдсээр байж 1200000 төгрөг авч эзэмшиж, ашигласан болох нь шүүгдэгч М.Лийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Б, Б хоёр нь ченж залуутай үнэ тохирч 4500000 төгрөгөөр зарж борлуулсан. ...Бор-Өндөр суманд очоод Б, Бөд Хаан банкны виза картаа өгөөд мөнгө аваад хэрэглэж бай гэж хэлсэн. Бид хоёр хаан банкны АТМ дээр очиж нэг үл таних хүүхэд байхаар гуйгаад ахдаа мөнгө шилжүүлээд аваад өгөөч гээд би бэлнээр 1200000 төгрөг авч, Б данс руугаа 1200000 төгрөг хийлгэсэн...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч С.Бы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Намайг гэртээ хариад байж байтал Л нь Б гэх залууг дагуулаад манайд ирж энэ адууг борлуулчихаар хүн байна уу гэж асуусан...”гэсэн мэдүүлэг, гэрч Ж.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би очоод Б ахаас адууны чинь эзэн хэн юм гэж хэлтэл энэ залуу гээд нэг махлагдуу шар залууг зааж өгсөн. Тэгээд надад өөрийгөө Батнасан гэж танилцуулаад 5 тооны адуу заагаад үнэ хөлсөө тохиръё гээд хүрэн зээрд морь 900 000 төгрөгөөр, хонгор халзан гүү 900 000 төгрөгөөр, хонгор гүү 900 000 төгрөгөөр, хул морь 900 000 төгрөгөөр, зээрд байдас 700 000 төгрөгөөр нийт 5 тооны адууг 4 500 000 төгрөгөөр үнэ тохирч авсан.” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...аав Б үл таних хоёр залуугийн хамт манай гэрт ирчихсэн малын хашаанд 10 адуу хашчихсан Дархан сумын харьяат О гэх ченжид худалдаад байж байсан...” гэсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т заасан олон тооны мал хулгайлах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байх тул шүүгдэгч С.Б, М.Л нарыг энэ гэмт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх, шүүгдэгч Ц.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авч,эзэмшиж, ашиглаж мөнгө угаах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан гэж үзэн гэм буруутайд тооцон ,эрүүгийн харицлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Мөрдөгч О.Чинзориг нь гэрчээс мэдүүлэг авахдаа хавтаст хэргийн 19 дүгээр талд авагдсан гэрч Ж.Эын мэдүүлэгт хүү Бг “... хүү Батсүхийн дээр нь очтол... гэж , 26-27 дугаар авагдсан гэрч Л.Хгийн мэдүүлэгт “манай нөхөр Л” гэхийг “манай нөхөр Б нь” гэж ташаа бичсэн болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч С.Б, М.Л нар нь бүлэглэн бусдын олон тооны малыг хулгайлсан, шүүгдэгч Ц.Б нь гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авч эзэмшиж, ашиглан мөнгө угаах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч С.Б, М.Л нарт Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, шүүгдэгч Ц.Бөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.Б, М.Л нарын хулгайлах гэмт хэргийг удаа дараа үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаа хувийн байдал,бусдын олон тооны малыг хулгайлан хохирол учруулсан, хохирогч Ж.Эийн олон тооны малыг хулгайлснаас үүссэн үр дагавар болох цагдаа болон шүүхийн байгууллагад ирж очих зардал болох хор уршгийг арилгаагүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан хорих ялыг хөнгөрүүлэх шаардлагагүй гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч С.Б, М.Л нарт Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 2 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, шүүгдэгч Ц.Б нь мөрдөн байцаалтын шатнаас гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн,урьд нь гэмт хэрэгт холбогдож ял шийтгэгдэж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байгаа зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзахаар шийдвэрлэв. Ингэхдээ үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоох шаардлагагүй гэж үзлээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн ...ялтны бүртгэлийг түүний оршин сууж байгаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба ...хариуцан хөтлөнө гэж заасан тул шүүгдэгч Ц.Бийн оршин суух Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулах нь зүйтэй гэж үзлээ.
Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 5/09 дүгээр тогтоолоор битүүмжилсэн 58-29 СҮЭ улсын дугаартай, Тоёота Приүс-10 маркийн тээврийн хэрэгсэл, супер чансаа гэсэн нэртэй улаан өнгийн улсын дугааргүй мотоцикль зэргийг шүүгдэгч С.Б, М.Л нар нь хулгайн гэмт хэрэг үйлдсний дараа уг хулгайлсан адуугаа зарах үедээ хүү Бгийн гэрт очихдоо унаж явсан байх тул дээрх тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан хэрэгсэл гэж хураан авах үндэслэлгүй гэж үзлээ. Иймд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.
Шүүгдэгч М.Л нь хохирогч Ж.Эийн 10 тооны адууг Дорноговь аймгийн Даланжаргалан сумаас хулгайлан авахдаа Хэнтий аймгийн Бор-Өндөр сумаас баруун урд зүгт байх Төмөрөөгийнхөөс авсан мориор тууж авчран, уг морийг бэлчээрт тавьж,одоо энэ морь нь хаана байгаа нь тодорхойгүй болох нь шүүгдэгч М.Л, С.Б болон гэрч Л.Х,Т.Дарь-Эх нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
Иргэний нэхэмжлэгч Г.Саранчимэгт энэ гэмт хэргийн улмаас 4400000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч нараас эд мөрийн баримтаар хураан авсан 4400000 /одоо Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын Төрийн сангийн 320000427038 тоот дансанд байгаа/ төгрөгийг иргэний нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
Хохирогч Ж.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...ченжид ачуулахдаа 2 гүү гэмтсэн байсан,ижилдээ ирээд 3 хоноод үхсэн. Үүний үнэ 1600000 төгрөгийг мөн байцаагчтай уулзах,шүүх хуралд суухаар машинтай явсан бензиний зардал 232180 төрөгийг нэхэмжлэнэ” гэжээ.
Хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас 2019.05.07-нд Бор-Өндөр,Дархан сум руу цагдаа авч явсан зардал /бензиний үнэ/ 75600 төгрөг, 2019.05.20-нд Бор-Өндөр явсан зардал/бензиний үнэ/ 25000 төгрөг, 2019.09.12-нд шүүх хуралд оролцохоор ирсэн зардал/бензиний үнэ/ 50000 төгрөг нийт 150000 төгрөгийг хангаж, 2019.07.09, 08.13-нд Сайншандад ирж байцаагчтай уулзсан зардал /бензиний үнэ/ 81580 төгрөгийг хэрэгсэхгүй болгож/ Сайншандад хохирогчоос авсан мэдүүлэг байхгүй/ үхсэн 2 гүүний үнэ 1600000 төгрөгийн нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримт хангалтгүй байгааг харгалзан нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч С.Б нь 2008.03.03-нд төрсөн хүү Эын хамт ам бүл 2-уул амьдардаг болох нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр багийн засаг даргын албан бичгээр тогтоогдож байна.
Мөрдөн байцаалт болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх шатанд шүүгдэгч Бы бага насны хүүхдэд асран хамгаалагч томилуулах талаар сонирхогч этгээдээс хүсэлт, гомдол гараагүй бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсэгт “…хорих газарт ял эдэлж байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй… хүний хүүхдийн эрх, ашиг сонирхлыг сум, дүүргийн Засаг дарга хамгаална.”, мөн хуулийн 25.8 дахь хэсэгт “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 25.6, 25.7-д заасан хүүхдийн тухай мэдээллийг хүлээн авснаас хойш гурав хоногийн дотор хүүхдийн амьдралын нөхцлийг судалж, эцэг, эх болон төрөл садангийн хүн байхгүй нь тогтоогдсон бол түүний эрх, ашиг сонирхлыг хамгаалах үүрэг хүлээнэ.”, мөн хуулийн 25.9 дэх хэсэгт “Сум, дүүргийн Засаг дарга нь хүнд нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлж, бүртгэл хөтлөн, түүнийг гэр бүлдээ авч асран хүмүүжүүлэхээр хүсэлт гаргасан иргэнд шилжүүлж болно.”, мөн хуулийн 25.10 дахь хэсэг “Хүүхдийг энэ хуулийн 25.9-д заасны дагуу шилжүүлэх боломжгүй бол сум, дүүргийн Засаг дарга нь асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоолгох, үрчлүүлэх, хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагад шилжүүлэх асуудлыг шийдвэрлэнэ” гэж заажээ.
Иймд хүү Бы Эад асран хамгаалагч,харгалзан дэмжигч тогтоолгох асуудлыг шийдвэрлэхийг Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын засаг даргад хариуцуулах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б. овогт С. Б., Д. овогт М. Л. нарыг Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэн бусдын олон тооны малыг хулгайлсан, шүүгдэгч Ж.овогт Ц.Б.ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авч эзэмшиж, ашиглаж мөнгө угаах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б., М.Л. нарыг тус бүр 2 жил хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б.. хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-т зааснаар хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б., М.Л. нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө битүүмжилсэн 2019 оны 08 сарын 10-ны .рийн 5/09 тоот прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан одоо Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын Төрийн сангийн ............... тоот дансанд байгаа 4400000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Г.Саранчимэгт олгосугай.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б., М.Л. нараас тус бүр 75300 төгрөг гаргуулан хохирогч Ж.Э.д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 81980 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 1600000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7.Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 5, 8,9,10 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч С.Б.ы насанд хүрээгүй хүү Э. асран хамгаалагч,харгалзан дэмжигч томилохыг Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын засаг даргад даалгасугай.
8.Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б., М.Л. нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Ц.Б.. урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН