Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 159

 

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,

Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч  Ж.Хүдэрчулуун, Э.Эрдэнэбаатар,

Гэрч Т.Х,

Шүүгдэгч Ц.Х,

Шүүгдэгч Л.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Дорноговь аймаг дахь Цагдаагийн газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Мөнхнавчаас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн .... дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

      

Ц.Х 

 

 Л.О 

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Л.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шүүгдэгч Ц.Хтай 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг нутагт харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Л.Огийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 18 цаг өнгөрөөгөөд эхнэр хүүхдийн хамт машиндаа суугаад хөдлөх үед ардаа байсан машинд хүрсэн. Тухайн үед зугтах үйлдэл хийгээгүй. Нэг залуу гарч ирээд машины түлхүүрийг маань авсан байсан. Түлхүүрээ авах гээд очиход чам шиг 10 писпа байсан ч цохино гээд шууд миний хамар луу цохиж доошоо тонгойх үед дээрээс цохьсон. Надад энэ хүнийг түрүүлж цохьсон зүйл байхгүй. Энэ хүнтэй хамт байсан хүүхэн цагдаа дуудсан байх, бид хоёрыг зодолдож байхад Хд утсаар ярих ямар ч боломж байгаагүй. Би арын машинаа мөргөчихөөд эргэж машиндаа суугаагүй, мөн зугтаах үйлдэл хийгээгүй, мөргөсөн машинаа ямар байдалтай байгааг харж байх үед машины түлхүүр аваад зодоон эхэлсэн. Удалгүй цагдаа ирээд намайг аваад явсан ...” гэсэн мэдүүлэг

 

Шүүгдэгч Ц.Хын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Яагаан 60-айлын гадна ажил үүргээ гүйцэтгэж яваад энэ хэрэгт холбогдсон. Энэ хүнд зүй ёсны шаардлага тавьж иргэний үүргээ биелүүлэх бодолтойгоор та битгий машин барьж яваач гэсэн шаардлага тавьсан. Гэтэл энэ залуу надад чамд хамаагүй, замаас холд банди минь гэж хэлсэн. Цагдаагийн байгууллага руу утсаар холбогдож хэлэхэд та наад жолоочоо битгий замын хөдөлгөөнд оролцуулаарай гэж хэлсэн. Тэр үед энэ залуу явах үйлдэл хийхээр нь би машиных нь түлхүүрийг авсан. Тэр үед түлхүүрээ авъя гээд намайг цохьсон. О намайг түрүүлж цохьсон гэж байгаа боловч би тухайн үед эрүүл байсан. Мөн манай ажилтан бид хоёрын хажууд байсан. Тэр хүн ч эрүүл байсан. Тухайн үед Огийн эхнэр машин дотроо хүүхдээ тэврээд цаашаа хараад сууж байсан. Намайг цагдаа дуудах явцад хүүхдээ тэврээд цаашаа яваад өгсөн. Тийм байж мэдүүлэг дээрээ манай нөхрийг Х гэх залуу түрүүлээд цохьсон гэсэн байдаг. Мөн Х үнэхээр бид хоёрыг харсан бол та хоёр боль гэж хэлэх боломжтой байсан. О намайг заамдаад авахад манай ажилтан Н Ог таны буруу шүү дээ гээд салгах гэж оролдсон. Жижиг биетэй болохоор яаж ч чадаагүй байх. Энэ хүн намайг 2 удаа цохьсон. Тэр үед нь би түүнийг тэврээд унасан. Ийм нөхцөл байдлын улмаас би яллагдагч болчихоод байж байна ...” гэсэн мэдүүлэг

 

Гэрч  Т.Хий шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2019 оны 07 дугаар сарын 30-ны орой хөдөө явж ирчихээд гадаа сууж байсан. О машинаараа ухарч байгаад манай байрны ахын машиныг мөргөсөн. Энэ залуу чи хүний машин мөргөчихлөө, согтуугаар машин барьж болохгүй гээд түлхүүрийг нь авчихсан. Энэ залуу Ог эхэлж цохиод дээр нь гараад суусан. Тэр үед О чи намайг цохьлоо гээд байсан. Энэ хоёр зодолдохоосоо өмнө хоорондоо маргасан асуудал болоогүй.  О нь чи миний түлхүүрийг яагаад авах ёстой юм бэ гээд Хын хойноос туугаад байсан юм. Тухайн үед би засмалын зүүн талд модон саравчинд энэ хүмүүстэй ойрхон байсан. ” гэсэн мэдүүлэг

 

Гэрч С.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“...Х машинаасаа бууж очоод тухайн согтуу жолоочийн тээврийн хэрэгслийн түлхүүрийг авсан ба тухайн согтуу жолооч нь “түлхүүрээ авъя чи яахаараа миний машины түлхүүрийг авдаг юм бэ” гэж уурлаж байсан ба эрхлэгч Х цагдаад дуудлага өгөхөд “наадах машинаа хөдөлгөөнд битгий оролцуулаарай” гэж хэлсэн ба нөгөө хүн нь заамдаж хоолойг нь боож байснаа цохиод авсан. Тэгэхээр нь би цагдаа ирэхгүй болохоор нь цагдаагийн газар руу гүйж байсан чинь эрхлэгчийн утас руу цагдаагаас залгаад та нар яг хаана байгаа юм бэ гэж хэлэхэд хаана байгаагаа зааж өгөөд буцаад очиход эрхлэгч Хын 2 гарыг нь нуруун дээр нь хумиад барьчихсан өөрийнхөө машин болох цагаан өнгийн Марк X маркийн машины хамар дээр тонгойлгосон байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 3, 60-61 дүгээр хуудас/

 

Гэрч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэр залуу манай нөхрийн нүүрэн хэсэгт нэг удаа цохисон манай нөхрийн хамарнаас цус гарч байсан. Тэгээд хүүхдээ харж байж байгаад эргээд харсан чинь тэр залуу манай нөхрийн толгойг газарт дарсан байсан. Манай нөхрийг чам шиг 10 залуу байсан ч зодно гэж ярьж байсан. Тэгээд манай нөхөр уурлаж хоорондоо зодолдсон... өмнө нь хамраа гэмтээж байсан удаа байхгүй. Тэр хүнтэй маргалдахаас өмнө шарх сорвигүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 55-56 дугаар хуудас/

 

Гэрч Ч.Бы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Дорноговь аймаг дахь цагдаагийн газарт 24 цагаар мэдээлэл хүлээн авагчаар ажиллаж байсан. Тухайн өдөр 18 цагийн орчим Х гэх залуу цагдаагийн газрын тусгай дугаар руу залгаж “нэг согтуу жолооч автомашинаа унаад хүний автомашин шүргэсэн байна яаралтай замын цагдаа явуулна уу” гэж хэлсэн. Тэгээд би тэр иргэнд “наад хүнээ боломжтой бол дахиад машиныг нь унуулахгүй байлгаж байгаарай бага насны хүүхэд мөргөчих вий” гэж хэлсэн. Тэгээд замын цагдаа явсан. Тэгээд удалгүй нөгөө Х гэх залуу өөрийн биеэр цагдаагийн газарт ирж намайг согтуу жолооч зодсон би гомдолтой байна гэж хэлсэн... дараа нь нөгөө согтуу жолооч нь орж ирээд би согтуугаар машин барьсан нь үнэн, гэхдээ намайг үл таних залуу чи муу согтуу автомашин барьдаг хэн бэ гэж хэлээд намайг цохиж зодсон миний хамар гэмтсэн гэж хэлсэн....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 62-64 дүгээр хуудас/

 

Гэрч Ж.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...цонхоор хартал өндөр цагаан цамцтай залуу хажуу байрны Одко гэх залууг заамдаад авсан нүүр хэсэг рүү нь цохиж байгаа харагдсан. Мөн Одко гэх залуугийн хамарнаас цус гарсан байдалтай цагаан өнгийн суудлын автомашины ард дараад цохиод байх шиг байсан. Ямар ч байсан Одко гэх залуугийн хамарнаас цус гарсан хувцас хунар нь нил цус болсон харагдсан. Тэгээд Одко босож ирээд нөгөө залууг барьж аваад ноцолдоод доороо хийгээд зодолдож байтал цагдаагийн ажилтан яваад ирсэн... Бие биенийгээ 3-4 удаа цохисон би яг хаана хаана нь цохисоныг хараагүй ямар ч гэсэн Одко гэх залуугийн хамарнаас цус гарсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 67-68 дугаар хуудас/

 

Гэрч Т.Хийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэр өндөр шар залуу дээр очсон чинь тэр шар залуу Ог цохиод унагааж байгаа харагдсан. Тэгээд унасан хойно нь тэр шар залуу дээр нь дараад суусан. Тэгээд би мөргүүлсэн автомашины жолоочийг дуудах гээд гэр рүү нь орчихоод гараад ирсэн чинь О тэр залуу хоёр цус гарсан зодолдоод байж байсан. Би яг хаана цохисоныг нь хараагүй, ямар ч гэсэн Ог түрүүлээд цохиод л унагаасан... хоёулаа нүүр ам болон хувцас хунар нь учиргүй их цус болсон харагдаж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 69-71 дүгээр хуудас/

 

Шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн ..дугаартай: ...Л.Огийн биед хамар ясны хугарал, хамар духны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 11 дүгээр хуудас/

 

Шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн ... дугаартай: “...Ц.Хын биед тархи доргилт, зүүн нүдний доод зовхины цус хуралт, дух, зүүн хацар, цээж баруун тохой, зүүн тохой, баруун өвдөг, зүүн өвдөгний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамааарна... Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 16 дугаар хуудас/

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 72-73 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

 

2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг Энхтайваны 22 дугаар байрны гадна  шүүгдэгч Л.О нь машины түлхүүр булааж авлаа гэснээс шалтгаалан , шүүгдэгч Ц.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцлоо гэж  автомашиных нь түлхүүрийг булааж авснаас  харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд  хөнгөн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогч Л.Огийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 18 цагийн үед Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ягаан 60 айлын хажуу талын байрнаас ...би автомашиныг гаргах гэж байгаад хойно байсан автомашины хойд хаалгыг мөргөсөн. Тэгээд буугаад хараад байж байтал үл таних нэг залуу ирээд чи согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодлоо гээд миний автомашины түлхүүрийг шууд авсан. Би тэгээд түлхүүрээ авъя гэсэн чинь чам шиг 10 пизда байсан ч намайг барахгүй шүү гээд намайг шууд цохиод унагаасан. Тэгээд  бид 2 зодолдсон...” гэсэн мэдүүлэг, хохирогч Ц.Хын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 18 цагийн үед Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ягаан 60 айлын гадна талын талбайд... согтуугаар цагаан өнгийн Марк Х маркийн тээврийн хэрэгсэл 60 айлын гадна байсан Ниссан Эдван маркийн автомашины баруун талын хойд хаалгыг мөргөөд зогсохгүй зугтаах үйлдэл хийхэд урдуур нь явган орж чи хүний юм мөргөсөн байна ингээд яваад өгөх гэж байгаа юм уу гэж хэлэхэд Марк X автомашины жолооч чамд хамаагүй банди минь замаас холд гэж хэлсэн. Тэгээд би өөрийн дугаар болох 95116552 дугаарын утаснаас цагдаагийн байгууллагын тусгай дугаар руу залгаж “Согтуу жолооч хүний автомашин мөргөсөн байна, ягаан 60 айлын гадаа байна” гэж хэлэхэд цагдаагийн байгууллагын жижүүр “согтуу жолоочийг хөдөлгөөнд битгий оруулаарай та байлгаж байгаарай” гэж хэлсэн. Тэгэхэд би согтуу жолоочийг дахин явах үйлдэл хийхэд нь цонхоор нь автомашины түлхүүрийг нь авсан. Тэр үед жолооч бууж ирж чамд ямар хамаатай юм банди минь гэж миний подволкны зах хэсэг болон монетан гинжээр боосон. Тэгэхээр нь би боолтыг нь тавиулах санаатай гарнаас нь барьхад миний нүүрэн тус газар 2 удаа цохьсон. Тэгээд би өөрийн биеэ хамгаалах гэж тэр залуутай зууралдсан. Тэгээд би тэврээд унагаасан....” гэсэн мэдүүлэг, гэрч С.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Х машинаасаа бууж очоод тухайн согтуу жолоочийн тээврийн хэрэгслийн түлхүүрийг авсан ба тухайн согтуу жолооч нь “түлхүүрээ авъя чи яахаараа миний машины түлхүүрийг авдаг юм бэ” гэж уурлаж байсан ба эрхлэгч Х цагдаад дуудлага өгөхөд “наадах машинаа хөдөлгөөнд битгий оролцуулаарай” гэж хэлсэн ба нөгөө хүн нь заамдаж хоолойг нь боож байснаа цохиод авсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Ч.Бы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр ...Тэгээд удалгүй нөгөө Х гэх залуу өөрийн биеэр цагдаагийн газарт ирж намайг согтуу жолооч зодсон би гомдолтой байна гэж хэлсэн... дараа нь нөгөө согтуу жолооч нь орж ирээд би согтуугаар машин барьсан нь үнэн, гэхдээ намайг үл таних залуу чи муу согтуу автомашин барьдаг хэн бэ гэж хэлээд намайг цохиж зодсон миний хамар гэмтсэн гэж хэлсэн....”гэсэн мэдүүлэг, гэрч Ж.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...цонхоор хартал өндөр цагаан цамцтай залуу хажуу байрны Одко гэх залууг заамдаад авсан нүүр хэсэг рүү нь цохиж байгаа харагдсан. Мөн Одко гэх залуугийн хамарнаас цус гарсан байдалтай цагаан өнгийн суудлын автомашины ард дараад цохиод байх шиг байсан. ... Бие биенийгээ 3-4 удаа цохьсон би яг хаана хаана нь цохьсоныг хараагүй ямар ч гэсэн Одко гэх залуугийн хамарнаас цус гарсан байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Т.Хийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Би яг хаана цохьсоныг нь хараагүй, ямар ч гэсэн Ог түрүүлээд цохиод л унагаасан...” гэсэн мэдүүлэг, шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн ..дугаартай дүгнэлт, шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн ... дугаартай дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас,гэрэл зургийн үзүүлэлт  зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуунаас“...Х иргэний үүргээ биелүүлэн Б гэх цагдаагийн дуудлага хүлээн авагчид дуудлага өгсөн байдаг. Цагдаагийн ажилтан наад хүнээ битгий хөдөлгөөрэй гэхэд нь машиных нь түлхүүрийг нь булааж авсан байдаг. Үүнээс болоод хоорондоо зодолдсон байдаг. Иргэний үүргээ биелүүлснийхээ төлөө шүүгдэгчийн ширээний ард сууж байна. Х нь гарцаагүй байдалд хохирол учруулсан. Энэ гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал нь хангалттай тогтоогдож байгаа гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.3 дугаар зүйлд заахдаа Эрүүгийн хуулиар хамгаалагдсан харилцаанд гарцаагүй байдалд хохирол учруулсан бол гэмт хэрэгт тооцохгүй гэжээ.  Өөрөөр хэлбэл,тухайн этгээд болон бусад хүний эрхэнд халдсан ,эсхүл хуулиар хамгаалагдсан нийгэм болон төрийн ашиг сонирхолд аюул заналхийлсэн тохиолдолд учруулсан хохирол нь учрах байсан хохирлоос бага бөгөөд уг аюулыг өөр бусад арга,хэрэгслээр арилгах боломжгүй байсан нөхцөлд гэмт хэрэг гэж үзэхгүй байхаар заажээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлцэгдсэн хэргийн үйл баримтыг шууд гэрчилж буй  гэрч Т.ХийЭнэ залуу Ог эхэлж цохиод дээр нь гараад суусан. Тэр үед О чи намайг цохьлоо гээд байсан. Энэ хоёр зодолдохоосоо өмнө хоорондоо маргасан асуудал болоогүй. О нь чи миний түлхүүрийг яагаад авах ёстой юм бэ  гээд Хын хойноос туугаад байсан юм. Тухайн үед би засмалын зүүн талд модон саравчинд энэ хүмүүстэй ойрхон байсан...” гэсэн мэдүүлэг, хохирогч Л.Огийн “....Хтай ярилцах боломж байгаагүй. Намайг мөргөсөн машинаа хараад машиныхаа араар явж байхад цонхоор машины түлхүүр авсан байсан. Очоод түлхүүрээ авъя гэхэд чам шиг 10 залуу байсан ч намайг барахгүй гээд зодолдож эхэлсэн...” гэсэн мэдүүлэг болон гэрч Ж.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“... барилгын 8 айлын гэртээ байж байтал /2 давхарт/ гадаа хүмүүс хэрэлдэх дуу сонсогдсон. Цонхоор хартал өндөр цагаан цамцтай залуу хажуу байрны Одко гэх залууг заамдаад авсан нүүр хэсэг рүү цохиж байгаа харагдсан..”гэсэн мэдүүлэг, гэрч С.Нийн “...Х машинаасаа бууж очоод тухайн согтуу жолоочийн тээврийн хэрэгслийн түлхүүрийг авсан ба тухайн согтуу жолооч нь “түлхүүрээ авъя чи яахаараа миний машины түлхүүрийг авдаг юм бэ” гэж уурлаж байсан ба эрхлэгч Х цагдаад дуудлага өгөхөд “наадах машинаа хөдөлгөөнд битгий оролцуулаарай” гэж хэлсэн ба нөгөө хүн нь заамдаж хоолойг нь боож байснаа цохиод авсан...” гэсэн мэдүүлэг, “...саравчны хажууханд зогсох цагаан өнгийн 2 тээврийн хэрэгслийн гадаа хар цагаан өнгийн хувцастай 2 хүн бие биетэйгээ муудалцаж байгаа “дүрс бичлэг байсныг тэмдэглэлд тусгав гэсэн камерын бичлэгийн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг харьцуулан дүгнэлт хийхэд шүүгдэгч Ц.Х нь согтууруулах ундаа хэрэглэсэн жолоочийн автомашины түлхүүрийг өөртөө авч түүний үйлдлийг таслан зогсоож, цагдаагийн байгууллагад мэдэгдсэн ба хохирогч Л.О нь автомашиныхаа түлхүүрийг нэхэж шүүгдэгч Ц.Хын араас очиход нь түүний нүүр лүү цохиж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь  тухайн хохирлыг өөр бусад арга,хэрэгслээр арилгах боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж үзэх үндэслэл   тогтоогдохгүй байна.

 

Иймд  шүүгдэгч Ц.Хын хувьд гарцаагүй байдлын нөхцөл байдал үгүйсгэгдэж байна гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүгдэгч Л.О, Ц.Х нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч Л.Огийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал болон шүүгдэгч Ц.Х нь хохирогчийн хууль бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн, тэдэнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурор, өмгөөлөгч нарын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Од 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Ц.Хд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял тус тус  оногдууллаа.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.О, Ц.Х нар нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т заасан хугацаанд төлүүлэхээр тогтоов.

 

Хохирогч Ц.Хын нэхэмжлэлээс пудвольк /anta/, саарал өнгийн шортны үнэ 45000 төгрөгийг, хохирогч Л.Огийн нэхэмжлэлийн шаардлагаас сорочкон цамц, бугуйн цаг, хослол зэргийн үнэ 165000 төгрөгийг гаргуулж, хохирогч Ц.Хын 2510000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 2465000 төгрөгийн, хохирогч Л.Огийн  эрүүл мэндэд учирсан хамрын хугарал засах эмчилгээний зардал 1800000 төгрөгийн нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримт хангалтгүй байгааг харгалзан нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нар нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй. Харин шүүгдэгч нар нь бие биедээ хөнгөн хохирол учруулснаас Ашид билгүүн ХХК-аас эд зүйл үнэлсэний төлбөрт төлсөн тус бүрийн  10500 төгрөгийг  гаргуулах шардлагагүй гэж үзлээ.     

 

Хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

      

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг бугуйн цаг, сорочикон цамц,  хар хөх өнгийн эрэгтэй хослол зэргийг устгахыг эд мөрийн баримт устгах комисст устгахыг даалгаж, 1 ширхэг мөнгөн  гинжийг хохирогч Л.Од буцаан олгохоор шийдвэрлэв.

 

 Шүүгдэгч Л.О, Ц.Х нар нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар /хх-ийн 72-73 дугаар хуудас/ тогтоогдож байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Г. овогт Ц. Х., Б овогт Л. О. нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.О.г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох,шүүгдэгч Ц.Х.ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялаар тус тус  шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Х., Л.О. нар нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

   

4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Х.аас 165000 төгрөг гаргуулан хохирогч Л.О.д, шүүгдэгч Л.О.гээс 45000 төгрөг гаргуулан хохирогч Ц.Х.д олгосугай.

 

5.Хохирогч Ц.Х.ын 2465000 төгрөгийн, хохирогч Л.О.гийн  1800000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6.Хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг бугуйн цаг, сорочкин цамц, хар хөх өнгийн эрэгтэй хүний хослол,  зэргийг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, мөнгөн гинжийг Л.О.д буцаан олгосугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.О., Ц.Х. нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох дурдсугай. 

 

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.АДЪЯАСҮРЭН