Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2017/01470

 

Н.З-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 182/ШШ2017/00927 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 1455 дугаар магадлалтай,

Н.З-ын нэхэмжлэлтэй,

“Т” ХХК-д холбогдох,

ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Буянхишигийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Батгэрэл, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Н.З- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Тинд 2013 оны 01 сарын 25-ны өдрөөс 2016 оны 12 сарын 19-ний өдөр хүртэл хугацаанд захирлын туслах, бичиг хэргийн мэргэжилтнээр ажилласан. Тны гүйцэтгэх удирдлага солигдсонтой холбогдуулан орон тоог цөөрүүлж. зардал бууруулах-ын тулд 2016 оны 11 сарын 10-ны өдрөөс 11 сарын 14-ний хооронд ажилтнуудаас Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалт авсан. Гэвч шалгалт авах тухай урьдчилан мэдэгдээгүй, Тны Захиргаа удирдлагын газрын Сургалт хөгжлийн хэлтсийн Бичиг хэргийн мэргэжилтний Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээ, Ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн эрх, үүрэгт холбогдолгүй, гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалд огт хамааралгүй байсан учраас бичиг хэргийн мэргэжилтний мэдлэг, ур чадварын түвшинг тогтоох шалгалт гэж үзэхгүй байна. Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалтын үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байсан учраас шалгалтын материал, үнэлгээтэй танилцах хүсэлтийг удаа дараа тавьсан боловч танилцуулаагүй. 2016 оны 12 сарын 19-ний өдрийн Б/1751 тоот Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал нь хууль бус үндэслэлгүй. Иймд урьд эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорт 5.078.983 гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогч Т ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Т” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: 2016 оны 11 сарын 04-ний өдөр Тны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын хуралдааны дэг, Тны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагааны мэдлэг, ур чадварын болон оролцоо, чанарын арга хэмжээнд мөрдөх журам-ыг 01 дүгээр шийдвэрийн хавсралтаар баталсан. Комиссын 2016 оны 11 сарын 05-ний өдрийн хуралдаанаар Тны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагааны мэдлэг, ур чадварын болон оролцоо, чанарын арга хэмжээний тов болон тухайн арга хэмжээнд ажилтны мэдвэл зохих зүйл хүрээ нь тухайн ажилтны ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн дагуу холбогдох хууль тогтоомж хүрээнд хамаарагдахыг зааж, харьяалах газар, хэлтсийн захирлын үнэлгээг хийх хүснэгтийн маягт, загвар, аргачлалыг баталсан 02/02 дугаар шийдвэрийг тус тус гаргаж ажилтнуудад мэдээлж ажилласан. Тны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс Захиргаа, удирдлагын газрын Сургалт хөгжлийн хэлтсийн бичиг хэргийн мэргэжилтэн Н.З-ыг мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон тогтоогдсон талаар комиссын дүгнэлт гаргасан тул Т ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 12 сарын 19-ны өдрийн Б/1751 тоот тушаал үндэслэлтэй болсон. Иймд Н.З-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 182/ШШ2017/00927 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Т ХХК-д холбогдох Захиргаа, удирдлагын газрын Сургалт хөгжлийн хэлтсийн бичиг хэргийн мэргэжилтний ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 5.078.983 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг даалгах тухай Н.З-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 1455 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2017/01527 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Буянхишиг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 182/ШШ2017/00927 тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 1455 дугаар магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдлыг гаргаж байна.

 Ажлаас халсан тушаалын үндэслэл болсон мэргэжил ур чадварын түвшин тогтоох комиссын дүгнэлтийг 1. Харьяалах газар, хэлтсийн захирлын үнэлгээ, 2. Мэдлэг, ур чадвар /сорилго, даалгаврын гүйцэтгэл, үзүүлэх сургууль г.м/-ын үнэлгээ, 3. Оролцоо, чанарын үнэлгээ гэсэн 3 төрлийн үнэлгээг үндэслэн гаргасан. Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын дүгнэлтийн үндэслэл болсон харьяалах газар, хэлтсийн захирлын үнэлгээ, мэдлэг, ур чадварын үнэлгээ, оролцоо чанарын үнэлгээ үндэслэлгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон, банкны зүгээс Тны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журмыг зөрчсөн ажиллагаа явуулсан байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, давж заалдах шатны шүүх түүнийг хэвээр үлдээсэнд гомдолтой байна. Хүний нөөцийн газрын захирал Ц.Нацагдолгор, Хүний нөөцийн хэлтсийн захирал Л.Болормаа нар ажилтан ажлын байрны тодорхойлолтод тавьсан шаардлагыг хэрхэн хангаж байгаа эсэх талаар үнэлгээг өгөхдөө хавсралтаар өгөгдсөн материал, хувийн хэрэг, дотоод ажлын ур дүнг суурь мэдээлэл болгон ашигласан тухай хавтаст хэрэгт авагдсан үнэлгээний хуудаст дурдсан байдаг. Гэвч энэхүү үнэлгээний үндэслэл болсон хавсралтаар өгөгдсөн материал. хувийн хэрэг, дотоод ажлын үр дүнг хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т заасны дагуу нотлох баримтын шаардлага хангасан байдлаар гаргаж өгөөгүй. Хүний нөөцийн газрын захирал Ц.Нацагдолгор, Л.Болормаа нар “Тны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журам” болон “Үнэлгээний хуудсын загвар” батлагдахаас өмнө буюу 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр үнэлсэн байсан нь Т ажилтан Н.З-ыг ажлаас халах шийдвэрийг урьдчилан гаргасан болох нь тодорхой харагдана. Н.З-ын ажлын байрны тодорхойлолтод ажилтанд тавигдах мэргэжил, туршлагын 4 төрлийн шаардлага, ур чадварын 6 төрлийн шаардлага, нийт 10 төрлийн шаардлага тавигдсан байхад “Захиргаа хүний нөөцийн газрын ажилтныг үнэлэх үнэлгээний хуудас”-аар өгсөн үнэлгээ нь нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтод тавигдах 10 төрлийн шаардлагад огт хамааралгүй болохыг шүүх бүрэлдэхүүн анхааран үзэхийг хүсье. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, Улсын дээд шүүхийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 15.2-т зааснаас үзэхэд ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсныг салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэрээр тогтоохоор зохицуулсан байна. Гэтэл Тны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс нь ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэх эсэхийг тогтоох гол шалгуур, үзүүлэлт болох ажлын байрны тодорхойлолтод тавьсан шаардлагыг хэрхэн хангаж байгаа эсэхийг огт үнэлээгүй, энэ байдлыг тогтоогоогүй. Н.З-аас авсан 30 асуулт бүхий сорилгын асуултууд нь бичиг хэргийн мэргэжилтний ажлын байрны гүйцэтгэх ажил, үүрэгтэй огт хамааралгүй болох нь ажилтан Н.З-ын ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, 30 асуулт бүхий сорилгын шалгалтын баримтаар нотлогдсон. Тны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журмыг зөрчсөн ажиллагаа явуулж, үндэслэлгүй шийдвэр гаргасан байхад анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн маргааныг зөв тодорхойлж, үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

Иймд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 182/ШШ2017/00927 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 1455 дугаар магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Н.З- нь хариуцагч “Т” ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан  ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, маргажээ.

Тны гүйцэтгэх захирлын 2016 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн Б/1751 дүгээр тушаалаар “...мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон” гэсэн үндэслэлээр Захиргаа, удирдлагын газрын Сургалт хөгжлийн хэлтсийн бичиг хэргийн мэргэжилтэн Н.З-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлжээ /хэргийн 17 дугаар тал/.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т заасан “ажилтан мэргэжил, ур чадварын... хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон” гэдгийг ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комиссын албан ёсны шийдвэр гарсан байхыг ойлгоно. Мэргэжил ур чадварын түвшин тогтоох шалгалтыг байгууллагын хэмжээнд эрх бүхий этгээдийн шийдвэр, журмын дагуу зохион байгуулах нь Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх зохицуулалтад нийцнэ.

Т нь ажилтнуудаас мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалтыг 2016 оны 11 дүгээр сарын 15-ний дотор зохион байгуулахаар шийдвэрлэж, гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/352 дугаар тушаалаар комиссын бүрэлдэхүүн, мэргэжил, ур чадварын түвшин тогтоох дүгнэх журмыг баталсан, уг шалгалтад нэхэмжлэгч Н.З- 41.27 оноо авсан нь хэргийн баримтаар тогтоогджээ.

Дээр дурдсанаас үзвэл, ажил олгогч нь ажилтнуудын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалт зохион байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчөөгүй байна.      

Тны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журмын 3.4.2-т зааснаар ажилтан 60 хүртэл хувийн үнэлгээ авсан бол тэнцээгүй гэж үзэж, хөдөлмөрийн гэрээг цуцлахаар шийдвэрлэсэн, нэхэмжлэгч үнэлгээг эс зөвшөөрч нэхэмжлэлийн үндэслэл болгожээ.

Дээрх журмын 4.2-т “ажилтан өөрийн үнэлгээг зөвшөөрөөгүй тохиолдолд үнэлгээтэй танилцсан өдрөөс хойш 3 хоногийн дотор гомдлоо комисст гаргаж болно. Комисс нь гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувийн бүрэлдэхүүнтэй хуралдаж шийдвэрлэх ба комиссын шийдвэр эцсийн байна” гэж заасан. Н.З- үнэлгээг эс зөвшөөрч гомдол гаргасан, комисс гомдлыг хянан үзэж, “...үнэлгээ бодитой дүгнэгдсэн” гэсэн хариу өгчээ /хэргийн 86-87 дугаар тал/.

Хариуцагч хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайг ажилтанд 2016 оны 11 дүгээр  сарын 18-ны өдөр мэдэгдсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна. 

Иймд нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасантай нийцсэн талаарх шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.  

Хүний нөөцийн газрын болон хэлтсийн захирал Ц.Нацагдолгор, Д.Болормаа нар нь нэхэмжлэгч Н.З-д үнэлгээ өгөхдөө Тны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 02/2 дугаар шийдвэрээр баталсан загвар, үзүүлэлт, онооны хүрээнд үнэлсэн байх тул үнэлгээний хуудасны огноотой холбоотой гомдол нэхэмжлэлийг хангах үндэслэл болохгүй. 

Түүнчлэн түвшин тогтоох комисс нэхэмжлэгчийн мэдлэг, ур чадвар, мөн оролцоо, чанарын үнэлгээг түвшин тогтоох журам, удирдамжийн дагуу явуулсан байх тул энэ талаарх үнэлгээг бодитой гараагүй гэх гомдол үндэслэлгүй байна.

Давж заалдах шатны шүүх магадлалын тогтоох хэсэгт Баянзүрх дүүргийн шүүхийн шийдвэрийг нэрлэн заасан боловч зохигчдын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 182/ШШ2017/00927 дугаар шийдвэртэй хэргийг хэлэлцэж, тухайн маргааны талаар дүгнэлт хийж шийдвэрийг хэвээр үлдээх талаар магадлалын хянавал хэсэгт тодорхой тусгасан байгааг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 182/ШШ2017/00927 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 1455 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Буянхишигийн гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ