Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2020/0350

 

 

“Т а и” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ц нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 186 дугаар шийдвэртэй, “Т а и” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газар, тус газрын Кадастрын хэлтэст тус тус холбогдох захиргааны хэргийг хариуцагч нарын давж заалдах гомдлоор, шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 186 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5, 9 дүгээр зүйлийн 9.1.7, 11 дүгээр зүйлийн 11.1.14, 11.1.18, 11.1.22, 11.1.23, 11.1.25, 14 дүгээр зүйлийн 14.3, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2, 26 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Т а и” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, тусгай хамгаалалтад авсан 10,264 га газарт сонгон шалгаруулалт явуулсан Ашигт малтмал газрын /хуучин нэрээр/ үйлдэл хууль бус байсан болохыг тогтоож, уг талбайд төлсөн сонгон шалгаруулалтын хураамж 52,145,220 төгрөгийг Ашигт малтмал, газрын тосны газраас гаргуулж, үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.  

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э давж заалдах гомдолдоо: “… 2014 онд сонгон шалгаруулалт зарлах үед “Т а и” ХХК-ийн Д аймгийн М сумын нутаг Дг худаг нэртэй талбай нь хуулиар хориглосон хязгаарласан талбайтай ямар нэгэн байдлаар давхцалгүй байсан.

Улсын Их Хурлын 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор А Богд уулыг тусгай хамгаалалтанд авснаар нэхэмжлэгч компанийн ашигт малтмалын хайгуулын XV-0дугаартай тусгай зөвшөөрлийн зарим хэсэг хамрагдсан байна.

Ашигт малтмалын газар /хуучин нэрээр/ Кадастрын хэлтсийн УУККС-д 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр УИХ-ын 04 дүгээ ртогтоолыг бүртгэжээ. Өөрөөр хэлбэл сонгон шалгаруулалт зарлах үед тухайн газрыг тусгай хамгаалалтад авсан талаар бүртгүүлээгүй байжээ.

... Хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “эрх бүхий байгууллага тодорхой газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан бол ... төрийн мэдээлэл сэтгүүлд албан ёсоор нийлжээ. Тодруулбал ... 10,264,1 га татбайд сонгон шалгаруулалт зарласан Ашигт малтмалын газар /хуучин нэрээр/ Кадастрын хэлтсийн үйлдэл хууль бус байсан болох нь тогтоогдож байна” гэжээ.

УИХ-ын 04 дүгээр тогтоолыг “Төрийн мэдээлэл” сэтгүүлийн 2011 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн №6-6 дугаарт нийтэлжээ. Гэхдээ Төрийн мэдээлэл сэтгүүлд А Богд уул тэдгээрийн орчмыг гэж зааснаас тухайн газрын солбицлыг заагаагүй байсан.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 186 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

          Анхан шатны шүүх захиргааны хууль бус үйл ажиллагааны талаар үндэслэлтэй зөв дүгнэсэн боловч түүний улмаас учирсан хохирлын талаар хэрэглэх ёсгүй хуулийн заалт хэрэглэн, буруу дүгнэж шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

          Ашигт малтмал, гарын тосны газар нь Монгол Улсын Их Хурлын 2011 оны 04 дүгээр тогтоолоор[1] тусгай хэрэгцээнд авагдсан газар нутагт зарим хэсэг нь хамаарч байгаа талбайд /56000 га/ бүхэлд нь 2014 онд сонгон шалгаруулалт зарласан нь Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 11.1.25-д заасныг зөрчсөн хууль бус үйл ажиллагаа болсон талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “... солбицол нь тодорхой гараагүй байсан, сонгон шалгаруулалтын дараа гарсан учраас сонгон шалгаруулалт зарласан үйлдлийг хууль бус гэж үзэхгүй” гэх боловч Монгол Улсын Их Хурлын 2011 оны 04 дүгээр тогтоолоор Д аймгийн М сумын нутаг дэвсгэрт орших “А н Богд уул” орчмыг тусгай хэрэгцээнд авахаар тодорхой заажээ.

          Хариуцагч нь тухайн уул орчмын нутаг дэвсгэрт сонгон шалгаруулалт зарлахдаа ашигт малтмалын үйл ажиллагаа явуулахыг хориглосон газар нутгийн хил зааг хаагуур байгааг тодруулж, кадастрын мэдээлийн санд бүртгэн, хориглосон талбайд хамаарахгүй хэсэгт сонгон шалгаруулалт зарлах үүрэгтэй атал уг үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгчид тусгай хэрэгцээний газарт хамаарах талбайд тусгай зөвшөөрөл олгосон нь хууль бус байх тул “... тухайн үед тусгай хэрэгцээний газрын солбицол нь тодорхой гараагүй байсан”  гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

          Нэхэмжлэгч нь өөрийн тусгай зөвшөөрлийн талбайн зарим хэсэг нэгэнт тусгай хэрэгцээний газарт хамаарч байгаатай холбоотой хүсэлтээ гарган буцааж өгсөн байх бөгөөд энэхүү үйл ажиллагаа нь Ашигт малтмалын тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д зааснаар тусгай зөвшөөрлийн талбайн тодорхой хэсгийг өөрийн хүсэлтээр буцаан өгч байгаа хэрэг биш, хариуцагчийн дээрх хууль бус үйл ажиллагаатай холбоотой байх тул хариуцагчийн төлөөлөгчийн “... өөрсдөө буцааж өгсөн тул хохирол төлөх үндэслэлгүй” гэх тайлбар, гомдлыг хүлээн авах боломжгүй.

          Харин нэхэмжлэгч нь сонгон шалгаруулалтад оролцож авсан уг талбай нь Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 216 дугаар тогтоолоор[2] сонгон шалгаруулалт зарласан шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон ашигт малтмалын 106 тусгай зөвшөөрлийн талбайн нэг буюу урьд нь өөр хуулийн этгээдийн эзэмшиж үйл ажиллагаа явуулж байсан талбай болох нь хэрэгт авагдсан сонгон шалгаруулалтын баримт бичгээр тогтоогдож байна.

          Тухайн үед сонгон шалгаруулалтын босго үнийг хэрхэн тогтоож байснаас шалтгаалж нэхэмжлэгчийн учирсан хохирол гэх сонгон шалгаруулалтын босго үнийн тусгай хэрэгцээний талбайд хамаарах хэсгийг хариуцагчаас гаргуулах эсэхийг шийдвэрлэхээр байхад анхан шатны шүүх үүнтэй холбоотой хууль, журмыг хэрэглэлгүй босго үнийг талбайн хэмжээнээс хамаарч тогтоосон мэтээр тооцож, улмаар хариуцагчаас гаргуулан шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

          Засгийн газрын дээрх 216 дугаар тогтоолоор уг 106 талбайд сонгон шалгаруулалт явуулж, шинээр тусгай зөвшөөрөл олгоход оролцогчдын тэгш байдлыг хангасан, төр болон тусгай зөвшөөрөл эзэмшигчид эд хөрөнгийн хохиролгүй байдлаар шийдвэрлэх үүднээс тусад нь сонгон шалгаруулалтын журам баталжээ.

          Уг “Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”[3]-ын 2.4-д “Сонгон шалгаруулалт явуулах талбай тус бүр дээр өмнө нь хийгдсэн геологи, хайгуулын ажил, бусад зардлыг баримтад үндэслэн сонгон шалгаруулалтын босго үнийг тогтоох бөгөөд түүнийг төрийн захиргааны байгууллагын даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг баталгаажуулна” гэж зааснаар сонгон шалгаруулалтын босго үнийг урьд нь хайгуул хийсэн зардлын хэмжээнд үндэслэн тогтоосон байна.

          Үүнээс үзвэл нэхэмжлэгчийн сонгон шалгаруулалтын үнэд төлсөн 285 сая төгрөгийг хайгуулын талбайн хэмжээнээс хамаарч төлөөгүй, урьд нь хайгуул хийсэн хуулийн этгээдийн зардлыг харгалзан тогтоосон байх бөгөөд нэхэмжлэгч “Т а и” ХХК нь тухайн тусгай зөвшөөрлийн 43783,56 м.кв талбайг эзэмшиж хайгуулын үйл ажиллагааг явуулж байх тул сонгон шалгаруулалтын босго үнэд төлсөн төлбөрийг талбайн хэмжээнээс хамааруулж хувьлан тооцож нэхэмжилсэн төлбөрийг хариуцагчийн дээрх үйл ажиллагааны улмаас учирсан хохирол гэж үзэхээргүй байна.

          Харин нэхэмжлэгч тухайн талбайг буцаан өгсөн нь өөрийнх нь үйл ажиллагаатай холбоогүй, захиргааны дээрх хууль бус үйл ажиллагаатай холбоотой тусгай хэрэгцээний газрыг буцаан өгсөн байх тул Ашигт малтмалын тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн талбайн тодорхой хэсгийг буцаан өгөх тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагаас баталсан маягтын дагуу үйлдэж, уг талбайн тодорхойлолтын хамт ирүүлэх бөгөөд хайгуулын талбайн тодорхой хэсгийг буцаан өгөх тохиолдолд тухайн талбай нь энэ хуулийн 17.2-т заасан шаардлагыг, уурхайн талбайн тодорхой хэсгийг буцаан өгөх тохиолдолд энэ хуулийн 24.4-т заасан шаардлагыг тус тус хангасан байна” гэж заасныг хэрэглэх үндэслэлгүй.

          Гэтэл анхан шатны шүүх уг заалтыг хэрэглэж, тусгай хэрэгцээнд авсан талбайд илүү төлсөн хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий болж чадаагүй байна.

          Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2-т зааснаар  хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийг талбайн хэмжээнээс хамаарч жил бүр төлдөг тул тусгай хэрэгцээний газарт хамаарах хэсгийг сонгон шалгаруулалтаар эзэмшүүлсэн хариуцагчийн хууль бус үйл ажиллагааны улмаас илүү төлж байсан тусгай зөвшөөрлийн төлбөрийг учирсан хохирол гэж үзэх үндэслэлтэй тул буцаан өгсөн 12314.94 га талбайд хамаарах хэсгийг гаргуулах нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна.

          Хэдийгээр 10000 м.кв талбай тусгай хэрэгцээнд хамаарсан боловч буцааж өгсөн талбайн зураглалаас[4] үзвэл Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5.1-д заасан “дөрвөн өнцөгт хэлбэртэй, шулуун шугамаар хүрээлэгдсэн” гэх тусгай зөвшөөрлийн талбайн хэлбэрт тавигддаг шаардлагын дагуу үлдэх талбайнхаа солбицлыг гарган буцаан өгсөн байх тул нэхэмжлэгчийг тусгай хэрэгцээнд хамаарахаас бусад хэсгийг өөрөө саналаараа илүү буцаан өгсөн талбай гэж үзэхээргүй байна.

          Иймд хариуцагч талаас төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэрт нэхэмжлэлийн шаардлага болох хохирлын 7,499,797.8[5] төгрөгийг гаргуулах шаардлагыг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.

         

 


[1] Хэргийн 1 дүгээр хавтасны 228 дахь тал

[2] Хэргийн 3 дугаар хавтасны 130-132 дахь тал

[3] Хэргийн 3 дугаар хавтасны 130-132 дахь тал

[4] Хэргийн 1 дүгээр хавтасны 244 дэх тал

[5] Хэргийн 3 дугаар хавтасны 67 дахь тал