Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 293

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

улсын яллагч Ц.Хашбаатар /томилолтоор/, 

хохирогч Б.Б ,       

шүүгдэгч Н.У , түүний өмгөөлөгч С.Батзаяа,

гэрч О.Д нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар Ш  овогт Н-ийн У   холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1903000940112 дугаартай,  187/2019/0286/Э индекстэй хэргийг 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, ...... оны .... дугаар сарын ....-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, .... настай, ..., .... боловсролтой, .... мэргэжилтэй, ....., ам бүл ..., ...., .... хамт, Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамж ....тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Ш  овогт Н-ийн У    /РД:..................../ 

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Н.У  нь 2019 оны 01 дүгээр сарын 23-ны шөнийн 04 цаг 15 минутын үед Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Спорт цогцолборын хойд замд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 1.61 хувийн согтолттой үедээ Б.Б ийн эзэмшлийн Тоёота приус маркийн **-** УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг ...согтууруулах ундаа,...үедээ ...хэрэглэсэн...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээнд дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг зөрчин гэрэлтүүлгийн шон мөргөсний улмаас зорчигч Б.Б ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэг холбогджээ.       

   

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Н.У  нь 2019 оны 01 дүгээр сарын 23-ны шөнийн 04 цаг 15 минутын үед Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Спорт цогцолборын хойд замд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 1.61 хувийн согтолттой үедээ Б.Б ийн эзэмшлийн Тоёота приус маркийн **-** УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа гэрэлтүүлгийн шон мөргөсний улмаас зорчигч Б.Б ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь:

1. Шүүгдэгч Н.У ын шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “...Би хамтран амьдарч байхдаа зээл авсан. Хэрэг болсноос хойш миний гар утас алга болоод хохирогчтой холбоо барьж чадаагүй. Одоо хохирлоо бүрэн барагдуулна. Мөрдөн байцаалтын шатанд ажил хийж чадаагүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

2 Хохирогч Б.Б ийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “...2019 оны 1 дүгээр сарын 23-ны шөнө осол гарсан. Би тухайн үед бага зэргийн согтууралтай байсан. Би аарцгандаа хүнд гэмтэл авсан... Би насаараа хүүхэд тээх эрхгүй болсон. Тэр үед У    бид хоёр маргалдаад У    машины түлхүүрийг хүчээр авсан. Намайг бараг хүчээр жолооны хажууд суулгасан. Би гомдолтой байна...Н.У аас 1.100.000 төгрөг авсан. Үлдэгдэл хохирлоо хурдан төлүүлж авмаар байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

3. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, ослын хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 3-13/

             4. Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан: “Тоёота Приус-20 маркийн **-** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явсан Нямаа овогтой У   ыг драйгер багаж ашиглан шалгахад 1.16 % тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14/

            5. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн №1840 дугаартай дүгнэлт:

          -Б.Б ийн биед ууцны 1-3 нугалмуудын зүүн хажуугийн массыг хамарч ууц, сүүжний үеийг дайрсан, олон тооны ясны хэлтэрхий бүхий бяцарсан хугарал, баруун талын умдаг ясны их бие хэсгээр бага зэрэг зөрүүтэй хугарал, умдаг ясны дээд салаа болон ацетабулын өмнөд баганд үе дайрсан бяцарсан хугарал, хэвлийн хөндийд шингэн хуралдалт, зүүн ташаа, гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

          -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

          -Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.15-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

          -Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна. /хх-ийн 34/

            6. Техникийн шинжээчийн 147 дугаартай дүгнэлт

            -Тоyоta Pruis-20 маркийн **-** УБВ улсын дугаартай автомашины жолооч Н-ийн У    /27 настай, эрэгтэй/ нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоочийн дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөр дүрмийн 12.2-т заасан харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. /1.2.4.3. “харанхуй үе” гэж үдшийн бүрийгээс үүрийн гэгээ орох хүртэл хугацааг/

          -Осол хэргийн үлдсэн дугуйн даралтын мөрөөр болон автомашины бүрэн зогсолтын бус мөрөөр автомашины хурдыг ойролцоогоор тодорхойлох боломжгүй байдаг.

          -Зам тээврийн осол гарахад замын эвдрэл, замын тэмдэг тэмдэглэгээ болон замын бусад нөхцөл байдал нөлөөлсөн гэх үндэслэл хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд тогтоогдохгүй байна.

          -Зам тээврийн осол гарахад тээврийн хэрэгслийн бүрэн бус байдал нөлөөлсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. /хх-ийн 58-59/

            7. Автотээврийн үндэсний төв Төрийн өмчит үйлдвэрийн газрын 2019 оны 2 дугаар сарын 128-ны өдрийн 3/325 дугаартай албан бичиг

            8. Хохирогч Б.Б ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2019 оны 01 дүгээр сарын 23-ны шөнө хамт амьдардаг найз залуу Н.У ын хамт Баянбүрдийн хажууд караокед орж архи пиво уусан. Тэгээд шөнө гэрлүүгээ харихаар бид хоёр миний эзэмшлийн Тоёота Приус-20 маркийн **-** улсын дугаартай автомашиныг У    жолоодон би хажууд нь суугаад гэр лүүгээ Нисэх орохоор явсан. Би хэсэг автомашин дотор унтаад явж байсан. Нэг сэрсэн чинь зам тээврийн осолд орсон автомашин дотроо сууж байсан. Миний ухаан санаа орж гараад шокийн байдалтай мөн согтолттой байсан болохоор сайн санахгүй байна. Ослын улмаас аарцаг хугарсан, умдагны яс үүрсэн, өөр хүнд гэмтэл байгаагүй, одоо миний биеийн байдал өдөр өдрөөр сайжирч байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22/

            9. “Хас үнэлгээ” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний: “Тоёота приус-20 маркийн **-** УБВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 5.025.000 төгрөгийн шууд, 5.245.000 төгрөгийн нийт хохирол” гэх тайлан /хх-47-51/

            10. Гэрч Т.Э-ийн  мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би 2019 оны 01 дүгээр сарын 23-ны шөнө 04 цаг 15 минутын орчим Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Спорт цогцолборын хойд замд гэртээ харихаар явж байтал зорчих хэсгийн урд талд Т.Приус-20 маркийн автомашин маш их эвдрэлтэй зогсож байгаа харагдсан. Юу болсон юм бол гээд яваад очтол автомашин дотор хойд суудал дээр эрэгтэй, эмэгтэй хоёр хүн юм яриад хэвтэж байгаа харагдсан. Би юу болсон юм бол гээд сонирхоод автобусны буудалд автомашинтайгаа яваад очтол автобусны буудлын хажуу талын гэрлийн шонг мөргөсөн байсан. Мөн замын хажуугаар маш их автомашины эвдэрхийнүүд болон гэрлийн шил унасан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31/

            11. Шүүгдэгч Н.У ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...Би сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 69/

            12. Шүүгдэгч Н.У ын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлсэн: “...Би 2019 оны 01 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө хамтран амьдрагч Б.Б ийн хамт Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Баянбүрдийн хажуу талд байдаг караокед орж суусан. Бид хоёр 2 шил архи авч хувааж уусан. Тэгээд 23-ны шөнө үүрээр гэртээ харихаар хамтран амьдрагч Б.Б ийн эзэмшлийн Т.Приус-20 маркийн **-** УБВ улсын дугаартай автомашиныг би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодон, жолоочийн хажууд Б- сууж бид хоёр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа спорт цогцолборын арын замд явж байтал би зүүрмэглэсэн. Тэр үед автомашины хойд дугуй зүүн гар талруугаа дарж байсан. Түүнээс хойш юу болсноо санахгүй байна. Нэг сэрсэн чинь урсгал сөрөөд зорчих хэсгийн урд замаас гарчихсан автомашины гадна явган хүний замын хажуу талын шороон дээр би хэвтэж байсан. Хамтран амьдрагч Б- автомашин дотор сууж байсан автомашины хажуу талд гэрэлтүүлгийн шон унасан байсан. Би тэр үед шон мөргөсөн гэдгээ мэдсэн. Мөн замаар явж байсан таксины жолооч зогсож гэмтлийн эмнэлэгт бид хоёрыг хүргэж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 70-71/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.  

            Шүүгдэгч Н.У  нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 81/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№1840/-ний дүгнэлт, техникийн шинжээчийн №147 дүгнэлт зэргийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүгдэгч Н.У ын үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй бөгөөд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний улмаас ямар нэгэн хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцож үйлдсэн гэж үзнэ.

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч Н.У  нь 2019 оны 01 дүгээр сарын 23-ны шөнийн 04 цаг 15 минутын үед Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Спорт цогцолборын хойд замд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 1.61 хувийн согтолттой үедээ Б.Б ийн эзэмшлийн Тоёота приус маркийн **-** УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг ...согтууруулах ундаа,...үедээ ...хэрэглэсэн...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээнд дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг зөрчин гэрэлтүүлгийн шон мөргөсний улмаас зорчигч Б.Б ийн биед ууцны 1-3 нугалмуудын зүүн хажуугийн массыг хамарч ууц, сүүжний үеийг дайрсан, олон тооны ясны хэлтэрхий бүхий бяцарсан хугарал, баруун талын умдаг ясны их бие хэсгээр бага зэрэг зөрүүтэй хугарал, умдаг ясны дээд салаа болон ацетабулын өмнөд баганд үе дайрсан бяцарсан хугарал, хэвлийн хөндийд шингэн хуралдалт, зүүн ташаа, гуянд цус хуралт бүхий хүнд гэмтэл учруулсныг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас согтуурсан үедээ хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

Иймд шүүгдэгч Н.У ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас согтуурсан үедээ хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болно.

            Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогч Б.Б т 1.100.000 төгрөг нөхөн төлсөн ба үлдэгдэл 4.415.000 /дөрвөн сая дөрвөн зуун арван тав/ төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирогч Б.Б ийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “...Би аарцгандаа хүнд гэмтэл авсан... Би насаараа хүүхэд тээх эрхгүй болсон. Тэр үед У    бид хоёр маргалдаад У    машины түлхүүрийг хүчээр авсан. Намайг бараг хүчээр жолооны хажууд суулгасан. Би гомдолтой байна...Н.У аас 1.100.000 төгрөг авсан. Үлдэгдэл хохирлоо хурдан төлүүлж авмаар байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, Н.У ын хувийн байдал /...27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт амьдардаг... драйгер багаж ашиглан шалгахад 1.16 % тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн/ зэргийг харгалзан шүүгдэгч Н.У ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар Н.У ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж,  1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Н.У ын эдлэх 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

Н.У т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хураагдаж ирсэн Н.У ын В ангиллын 1157588 тоот жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.У  нь 1.100.000 төгрөг төлснийг дурдаж, 4.415.000 /дөрвөн сая дөрвөн зуун арван тав/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Б т олгохоор шийдвэрлэв.

Хохирогч нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Ш  овогт Н-ийн У   ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас согтуурсан үедээ хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар Ш  овогт Н-ийн У   ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Н.У ын эдлэх 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.   

4. Н.У т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хураагдаж ирсэн Н.У ын В ангиллын 1157588 тоот жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй. 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.У  нь 1.100.000 төгрөг төлснийг дурдаж, 4.415.000 /дөрвөн сая дөрвөн зуун арван тав/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Б т олгосугай.

7. Хохирогч нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай. 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар Н.У ын тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Н.У т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн тооцсугай.

10. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.

11. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Н.У т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР