Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 530

 

 

 

 

 2019           5             30                                               2019/ДШМ/530

 

          Н.У-т холбогдох эрүүгийн

      хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                                        

            прокурор Ц.Хашбаатар,

шүүгдэгч Н.У-ын өмгөөлөгч Х.Баатарбилэг,

            нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батболор даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 293 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Баатарбилэгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Н.У-т холбогдох 1903000940112 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шарнууд овгийн Н-ийн У, Улаанбаатар хотод 19.. оны ... дугаар сарын ..-ний өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4; эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, ............. дүүргийн .. дугаар хороо, Булгийн ... дугаар гудамжны ... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ............................/;

 

Н.У нь 2019 оны 1 дүгээр сарын 23-ны шөнө 04 цаг 15 минутын үед Б.Баярцэцэгийн эзэмшлийн “Тoyota pruis” загварын 59-64 УБВ улсын дугаартай автомашиныг жолоодон Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Спорт” цогцолборын хойд замаар явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-ийн а/-д “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэж,  12.2-т “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэж тус тус заасныг зөрчсөнөөс гэрэлтүүлгийн шон мөргөж, улмаар зорчигч Б.Баярцэцэгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн прокурорын газраас Н.У-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Н.У-ыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Н.У-т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хураагдаж ирсэн Н.У-ын В ангиллын 1157588 дугаартай жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.У нь 1,100,000 төгрөг төлснийг дурдаж, 4,415,000 төгрөг гаргуулан хохирогч Б.Баярцэцэгт олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарлаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар Н.У-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Н.У-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Н.У-ын өмгөөлөгч Х.Баатарбилэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх Н.У-ыг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр уг гэмт хэргийг үйлдсэн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрт 1,100,000 төгрөг төлсөн хэмээн шийтгэх тогтоолд дүгнэсэн атлаа 1 жилийн хорих ял оноож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх заалтуудыг хэрэглэх боломжтой байтал хэрэглээгүй.

Дээрх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн заалтуудыг хэрэглэх хуулийн ерөнхий шаардлага нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг төлсөн, төлөхөө илэрхийлсэн байхыг шаарддаг. Н.У-ын хувьд энэ бүх шаардлагыг хангасан байхад шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг зөрчин, хохирогч Б.Баярцэцэгийн шүүх хуралдаанд гаргасан сэтгэл хөдлөлд хэт автан нэг тапыг баримтлан шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэхэд оршино” хэмээн хууль тогтоогч заасан. Шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Н.У-аас 4,415,000 төгрөгийг хохиролд гаргуулан хохирогч Б.Баярцэцэгт олгуулахаар шийдвэрлэсэн атлаа Н.У-ыг ажил хөдөлмөр хийж хохирол барагдуулах боломж гаргаж өгөхгүй, нийгмээс тусгаарлан хорих ял оноож байгаа нь дээрх хуулийн зорилгод нийцэхгүй байна.

Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Н.У-т хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.

Шүүгдэгчийн эцэг нь хоригдож байх хугацаанд нас барсан ба нас барсны гэрчилгээ, хохиролд 4,220,000 төгрөгийн төлбөр төлсөн баримт зэргийг хавтас хэрэгт хавсаргуулах хүсэлтэй байна. ...” гэв.

 

Прокурор Ц.Хашбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Анхан шатны шүүхээс оногдуулсан ял тохирсон гэж үзэж байна. Хохирогчийн сэтгэл хөдлөлд хэт автсан гэдэг нь хохирогч хүүхэд төрүүлэх чадваргүй болсон гэж хэлснийг өмгөөлөгч дурьдсан байх. Залуу эмэгтэй хүний хувьд дээрх хор уршиг учирсан байхад анхан шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэх боломжгүй. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн ч хор уршиг огт арилаагүй, хэзээ ч арилахгүй хор уршиг тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Н.У-т холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, Н.У нь 2019 оны 1 дүгээр сарын 23-ны шөнө 04 цаг 15 минутын үед Б.Баярцэцэгийн эзэмшлийн “Тoyota pruis” загварын 59-64 УБВ улсын дугаартай автомашиныг жолоодон Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Спорт” цогцолборын хойд замд явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-ийн а/-д “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэж,  12.2-т “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэж тус тус заасныг зөрчсөнийг гэрэлтүүлгийн шон мөргөж, улмаар зорчигч Б.Баярцэцэгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь:

 

Тoyota pruis загварын 59-64 УБВ улсын дугаартай автомашиныг Н.У согтуугаар жолоодож яваад осол гаргасан талаар хохирогч Б.Баярцэцэгийн өгсөн мэдүүлэг /хх 21-22/, 2019 оны 1 дүгээр сарын 23-ны шөнө 04 цаг 15 минутын орчим Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, “Спорт” цогцолборын хойд замд Тoyota pruis загварын автомашин зам тээврийн осолд өртсөн байсныг харсан гэрч Т.Энх-Амгалангийн өгсөн мэдүүлэг /хх 31/, хохирогч Б.Баярцэцэгт ууцны 1-3 нугалмуудын зүүн хажуугийн массыг хамарч ууц, сүүжний үеийг дайрсан олон тооны ясны хэлтэрхий бүхий бяцарсан хугарал, баруун талын умдаг ясны их бие хэсгээр бага зэрэг зөрүүтэй хугарал, зүүн талын умдаг ясны их бие болон суудал ясны нум хэсэг зөрүүтэй, умдаг ясны дээд салаа болон ацетабулын өмнөд баганд үе дайрсан бяцарсан хугарал, хэвлийн хөндийд шингэн хуралдалт, зүүн ташаа, гуянд цус хуралт бүхий хүнд зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1840 тоот дүгнэлт /хх 34/, Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн №147 тоот дүгнэлт /хх 58-60/, автомашинд учирсан хохирлын үнэлгээний №475 тоот тайлан /хх 47-51/, Зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын хэмжилтийн зураглал /хх 3-13/, Н.У-ын согтуурлын зэргийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 14/, яллагдагч Н.У-ын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх 68-69/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогджээ.

 

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шалгаж, үнэлэх боломжтой байна.

Шүүгдэгч Н.У-ын Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-ийн а/, 12.2-т заасныг зөрчин согтуугаар автомашин жолоодож явахдаа хурдыг тохируулж яваагүйгээс замын гэрэлтүүлгийн шон мөргөн зам тээврийн осол гаргаж, бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжтэй гэж үзэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий болжээ.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар гэм буруугаа хүлээсэн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалтыг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээнд хамааралтай тул уг зохицуулалтыг хэрэглээгүй нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэл болохгүй.

Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцэх боловч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнцэх эсэхийг шийдвэрлэх учиртай.

Шүүхээс оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь шүүгдэгч Н.У-ын гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон байна. Тэрээр согтуугаар автомашин жолоодож зам тээврийн осол гаргасан хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан үзээд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг биеэр эдлүүлэх нь зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн тул “ял хөнгөрүүлэх” талаар шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Баатарбилэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Харин шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад хохирлыг дутуу тооцсон байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас хохирогч Б.Баярцэцэгийн эмчилгээний зардалд нийт 1,400,000 төгрөг төлсөн болох нь шүүх хуралдааны тэмдэглэл /хх 133/-ээр тогтоогдож байхад анхан шатны шүүх 1,100,000 төгрөг төлсөн гэж дүгнэсэн байх тул үүнийг зөвтгөж шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1,1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 293 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад “... 1,100,000 төгрөг ...” гэснийг “... 1,400,000 төгрөг...” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.У-ын өмгөөлөгч Х.Баатарбилэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                                                               

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                                                           

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Т.ӨСӨХБАЯР

                                 ШҮҮГЧ                                                                Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                                 ШҮҮГЧ                                                                М.ПҮРЭВСҮРЭН