Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 356

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,

улсын яллагч Х.Эрдэнэтуяа,      

шүүгдэгч Г.Х нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О  овогт Г-ийн  Х-д холбогдох эрүүгийн 1910002220244 дугаартай 187/2019/0326/Э индекстэй хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, .....оны .... дугаар сарын ..... өдөр Архангай аймагт төрсөн, ...настай, ...., ......боловсролтой, .... мэргэжилтэй, ..... ХХК-ийн гүйцэтгэх захирал, .... ажилтай, ам бүл ..... хүүхдийн хамт, Хан-Уул дүүргийн .... хороо, Нүхт .........тоотод оршин суух, О  овогт Г-ийн  Х /РД:............................/    

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Г.Х нь 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өглөө 08 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байхдаа **-** УБР улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн автомашины жолооч Х.Г-ын машинаар Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхт Гарден Вилла хотхонд хүргүүлээд буухдаа  ямар ч шалтаг шалтгаангүйгээр Х.Г-ыг шанаанд нь гараараа цохиж, газар унахад нь цээж, толгой, нүүр хэсэгт нь хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч нь Г.Х нь 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өглөө 08 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байхдаа **-** УБР улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн автомашины жолооч Х.Г-ын машинаар Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхт Гарден Вилла хотхонд хүргүүлээд буухдаа  ямар ч шалтаг шалтгаангүйгээр Х.Г-ыг шанаанд нь гараараа цохиж, газар унахад нь цээж, толгой, нүүр хэсэгт нь хөлөөрөө өшиглөж зэргээр зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

1. Шүүгдэгч Г.Х-ий шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/  

            2. Хохирогч Х.Г-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өглөө 08 цаг өнгөрч байхад ганцаараа өөрийнхөө **-** УБР улсын дугаартай приус 20 маркийн автомашинаараа таксинд явж байсан ба яг 40 мянгат буюу Мөнгөн завъяа дэлгүүрийн ойролцоо замын хажууд 10 гаран залуучууд гар өргөхөөр нь зогстол эрэгтэй, эмэгтэй хоёр хүн суусан. Тэгээд тэр хоёр Нүхт явна гэж хэлсэн ба эрэгтэй нь арын суудал дээр унтчихсан юм. Тэгээд эхнэр нь надад зам зааж өгөөд Хан-Уул дүүргийн Нүхтийн аманд байдаг Гарден Вилла хотхоны гадаа очоод зогссон. Тэгээд эхнэр нь надтай тооцоо хийж дансаар мөнгөө шилжүүлчихээд нөхрөө “Хашаа босоорой гадаа ирчихлээ” гэж дуудтал тэр залуу сэрэхгүй байсан. Тэгэхээр нь би машинаасаа буугаад хойд хаалгаа онгойлгоод “босоорой ахын дүү ирчихлээ орж амраарай” гэж хэлээд хувцаснаас нь бага зэрэг сэгсэрсэн боловч сэрэхгүй байсан ба эхнэрт нь чихийг нь үрээд үз гэж хэлсэн. Тэгээд би буцаад машиндаа суух гээд жолоочийн хаалганы урд иртэл тэр залуу сэрээд машинаас бууж ирээд ямар нэгэн шалтгаангүйгээр миний нүүрэнд гараараа нэг удаа цохиод газарт унагаасан. Тэгээд миний цээж, нүүр, гар хэсэгт олон удаа өшиглөж цохьсон ба эхнэр нь түүнийг болиулах гээд “хүн аллаа чи, наад хүн чинь таксины жолооч настай хүн” гэж гуйсан боловч болихгүй өшиглөөд цохиод байсан ба нилээн удсаны дараа эхнэр нь байшин дотроос хүн дуудаж гаргаж ирээд тэр залуу намайг зодож байсан залууг салгасан юм. Тэгээд би босох гэтэл босч чадахгүй цээж хэсгээр хөндүүрлээд байхаар нь сүүлд гарч ирсэн залууг гуйж өргүүлээд машиндаа суулгуулсан юм. Тэгээд би харуулын байранд очоод болсон асуудлын талаар хэлж цагдаа дуудсан. Мөн намайг нөхөр нь зодож байхад би эхнэрээс нь “ахыгаа босгоод өгөөч” гэж гуйтал “та яасан бааштай юм бэ, би ч гэсэн зодуулсан шүү дээ” гэж хэлж байсан. Би эхлээд гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд зүүн гарын бугалга хэсгээр цууралттай байна гээд гипсдэж өгөөд явуулсан боловч тэр өдрийнхөө оройноос эхлээд цээжний зүүн хэсгээр өвдөөд босч чадахгүй байхаар нь 4 хоногийн дараа “Эм Жи Жи” гээд хувийн эмнэлэгт үзүүлэхэд миний зүүн талын 7 ширхэг хавирга, хоёр хоёр хугарсан, зүүн чихний хэнгэрэг цоорсон, хамрын баруун талын суваг мурийсан байна гээд 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 31-ний өдөр хүртэл 14 хоног хэвтэж эмчилгээ хийлгэсэн. Х надад эмчилгээний зардалд 7.000.000 төгрөг өгсөн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-15/  

            3. Гэрч Д.Б-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр би ах Х-ийн гэрт байсан. Тэгтэл эхнэр Н- намайг гараад ир гэж хэлэхээр нь  би гэрээс нь гартал Х ах байрны гадаа таксины жолоочтой зууралдаад газар хэвтэж байсан юм. Тэгээд Х ахыг салгаад гэрт нь оруулаад таксины жолоочийг машинд нь суулгаад эмнэлэгт үзүүлье гэтэл машинаа бариад явчихсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16/

            4. Гэрч Д.Н-ий мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “..Би өөрийн гэр болох Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхт гарден вилла хотхоны гадаа очиж зогсоод би жолоочийн дансанд 16.000 төгрөг хийчихээд нөхрөө сэрээх гэтэл огт сэрэхгүй байсан ба нилээн сэгсэрч сэрээх гэж оролдсон боловч унтаад сэрэхгүй байсан юм. Тэгтэл жолооч ах хойд хаалга онгойлгоод манай нөхрийг сэрээх гэж татаад чихийг нь үрээд бас сэрээгүй байж байгаад хальт сэрээд тэр ахыг “яагаад байгаа юм” гэтэл тэр ах манай нөхрийг сэрчихлээ гэж бодоод буцаж жолоочийн суудалдаа суугаад эргээд эргэж хараад “сэрээрэй залуу” гэж хэлтэл манай нөхөр тэр жолооч ахын нүүрэнд нь нэг удаа гараараа цохьсон. Тэгэхээр нь би нөхрийгөө яаж байгаа юм бэ гэж хэлтэл манай нөхөр машинаас буугаад жолооч ахыг машинаас нь татаад газарт унагаатал тэр ах “гар эвгүй болчихлоо босч чадахгүй байна” гээд газарт суугаад байсан. Тэгэхээр нь би нөхрөө “чи яаж байгаа юм бэ, хүн гэмтээчихэж байгаа юм биш үү” гэтэл наадах чинь баашилж байгаа юм гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр тэр жолооч ах дээр очоод нүүрэнд нь 5-6 удаа гараараа цохихоор нь би дундуур нь орж салгах гэсэн боловч нөхрийгөө дийлэхгүй байсан болохоор гэрт байсан төрсөн дүү Б-ыг утсаар дуудаад манай дүү гарч ирээд Х-ийг салгаж авсан юм. Тэгтэл тэр ах машинаа унаад зугатаачихсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-19/

            5. Гэрч Д.О-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би Нүхт гарден вилла хотхонд харуулаар ажилладаг. 2019 оны 01 дүгээр сарын 12-ноос 13 хүртэл ажил дээрээ харуулын үүрэг гүйцэтгэж байсан. 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өглөө манай байрны Х эхнэрийн хамт такси бололтой машинтай ирж байх шиг байсан. Хэсэг хугацааны дараа манай байрны нэг залуу хүрч ирээд “тэнд нэг хүн машин барих гээд гар өргөөд байна, та яваад оч” гэхээр нь би яваад очтол 4 дүгээр байрны гадаа нөгөө Х-ий сууж ирсэн машины жолооч настайвтар ахын нүүр нь цус болоод хөхөрч хавдсан явж чадахгүй тонгойгоод байж байхаар нь юу болсон талаар асуухад “Х-ийг гадаа ирээд одоо буу гэтэл зодчихлоо” гэж хэлсэн. Тэгээд би цагдаа дуудсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23/

          6. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-32-35/ 

          7. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№321/-ний дүгнэлт:

          -Х.Г-ын биед зүүн атгаал ясны зөрүүтэй хугарал, зүүн 3-9-р хавирганы нэг ба хоёрлосон хугарлууд, 2 нүдний зовхи, зүүн чамархай нурууны зөөлөн эдийн няцрал, 2 нүдний алимны салстад тархмал цус харвалт, тархи доргилт, зүүн нүдний зовхи, баруун хөмсөг, дух, зүүн шанаа, зүүн чихний дэлбэн, баруун чихний дэлбэнд зулгаралт гэмтлүүд учирсан.

          -Дээрх гэмтлүүд нь 2019.01.13-ны өдөр учирсан байх боломжтой.

          -Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй.

          -Дээрх гэмтлүүд нь нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, тархи доргилт, зөөлөн эдийн няцрал, цус харвалт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт , зулгаралтууд нь  гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. /хх-ийн 43-44/

          8. Хохирогч Х.Г-ын өвчний түүх /хх-ийн 49-57/  

          9. Шүүгдэгч Г.Х-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “....Би яллагдагчаар татсан зүйл хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би тэр хүнийг санаатайгаар зодсон асуудал байхгүй. Миний үйлдлийг болгоомжгүйгээр үйлдсэн гэж үзэх нь зүйтэй гэж бодож байна. Учир нь би тухайн үед архи хэтрүүлэн хэрэглэсэн унтаж байхад гэнэт танихгүй хүн хувцаснаас татаад чих үрээд байхаар нь дээрэмдэж байна уу, зодож байна уу гэж бодоод өөрийгөө хамгаалах байдлаар эсэргүүцэл үзүүлсэн байх гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 68/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.  

            Шүүгдэгч урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 74/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№321/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч нь Г.Х нь 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өглөө 08 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байхдаа **-** УБР улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн автомашины жолооч Х.Г-ын машинаар Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхт Гарден Вилла хотхонд хүргүүлээд буухдаа  ямар ч шалтаг шалтгаангүйгээр Х.Г-ыг шанаанд нь гараараа цохиж, газар унахад нь цээж, толгой, нүүр хэсэгт нь хөлөөрөө өшиглөх зэргээр зодож түүний биед зүүн атгаал ясны зөрүүтэй хугарал, зүүн 3-9-р хавирганы нэг ба хоёрлосон хугарлууд, 2 нүдний зовхи, зүүн чамархай нурууны зөөлөн эдийн няцрал, 2 нүдний алимны салстад тархмал цус харвалт, тархи доргилт, зүүн нүдний зовхи, баруун хөмсөг, дух, зүүн шанаа, зүүн чихний дэлбэн, баруун чихний дэлбэнд зулгаралт бүхий гэмтлүүд учруулсныг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.  

Иймд шүүгдэгч Г.Х-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.  

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.  

          Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн /7.000.000 төгрөг/, хохирогч Х.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би эмчилгээний зардал 7.000.000 төгрөг авсан. Нэхэмжлэх зүйл байхгүй. Миний бие зодуулсны улмаас хэвтрийн дэглэм сахиж одоо болтол ажлаа хийж чадахгүй байдалтай байна...” гэсэн /хх-80/, түүний хувийн байдал “...36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “.....................” ХХК-ийн гүйцэтгэх захирал, .................. зөвлөх ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг...” гэсэн тайлбар, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэргийн хор уршиг зэргийг харгалзан улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Х-д 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын санал гаргасныг шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Х-д 320 /гурван зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зохимжтой гэж үзсэн болно.  

          Шүүгдэгч Г.Х-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж шийдвэрлэв.     

Хохирогч нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарлах нь зүйтэй.  

Г.Х-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.   

    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч О  овогт Г-ийн  Х-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О  овогт Г-ийн  Х-ийг 320 /гурван зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.    

3. Г.Х-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

4. Хохирогч нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.   

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Г.Х-д сануулсугай.    

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.

8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Г.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР