Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 715

 

 

 

 

 

 

 

 

 

                                              

   Г.Х-д холбогдох эрүүгийн

       хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Х.Эрдэнэтуяа,

шүүгдэгч Г.Х-, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан:

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батболор даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 356 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Х- гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 1910002220244 дугаартай хэргийг 2019  оны 7 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Олби овгийн Г.Х., 19.. оны 7 дугаар сарын 27-ны өдөр Архангай аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “......” ХХК-ийн гүйцэтгэх захирал, .........зөвлөх ажилтай гэх, ам бүл ........ хүүхдийн хамт ........дүүргийн . дүгээр хороо, “Нүхт гарден вилла” хотхоны 4-16 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ЗЮ82072715/;

Г.Х- нь 2019 оны 1 дүгээр сарын 13-ны өглөө 08 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байхдаа 09-53 УБР улсын дугаартай Тоёота Приус-20 /Toyota Prius-20/ маркийн автомашины жолооч Х.Г-ын машинаар Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Нүхт гарден вилла” хотхонд хүргүүлээд буухдаа ямар ч шалтаг шалтгаангүйгээр Х.Г-ыг шанаанд нь гараараа цохиж, газар унахад нь цээж,толгой, нүүр хэсэгт нь хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Г.Х- үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Олби овгийн Г.Х-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Хаш-Эрдэнийг 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Г.Х-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарлаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Г.Х-д сануулж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Г.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Х- гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Болсон асуудалд маш их гэмшиж байгаа бөгөөд хохирогчоос уучлалт гуйж, эвлэрэн сэтгэл санааны болон хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохиролд нийт 7.000.000 төгрөг төлсөн. Хохирогч ямар нэгэн гомдол саналгүй гэдгээ мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн. Цаашид нэхэмжлэх зүйлгүй гэм хор арилсан болно. Миний бие “Азийн хөгжлийн банк”-д зөвлөхөөр ажилладаг бөгөөд 1 сард 3.000 ам.долларын цалин авдаг ба 7.800.000/ монгол мөнгөөр/ төгрөгийн цалинтай. Мөн солилцооны нэгдсэн биржийн үүсгэн байгуулагч, захирлаар нь ажилладаг. Тогтмол цалин орлого, эрхэлсэн ажилтай. Ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг. Манайх 0-10 насны 3 хүүхэдтэй, эхнэр хувиараа бизнес эрхэлдэг. Миний бие үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа бөгөөд ар гэр, ажлын нөхцөл байдлыг минь харгалзан үзэж 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялын хамгийн доод хэмжээгээр тогтоож өгнө үү гэж хүсч байна. ...” гэв.

Шүүгдэгч Г.Х-ийн өмгөөлөгч Н.Одонтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Х-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан. Түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож торгуулийн ял оногдуулж өгнө үү гэсэн саналтай байна. Хавтас хэргийн материалд эрхэлж буй ажлыг нотлосон зүйл байхгүй боловч солилцооны нэгдсэн биржид захирлаар ажилладаг. Мөн Азийн хөгжлийн санд захирлаар ажилладаг. 2 ажил хийдэг гэдгээ шүүх хуралд мэдүүлсэн байгаа. Урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, анх удаагаа тохиолдолын шинжтэй гэмт хэрэгт холбогдсон. Тухайн үед жолооч өөрийг нь сэрээх үед гэнэт цочиж босч ирээд биед нь халдах гэж байна гэж буруу бодоод ийм үйлдэл болсон гэж мэдүүлдэг. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Хохирогч гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн. Өнөөдрийн шүүх хуралд оролцоод гомдол саналгүй гэдгээ хэлээд өгөөч гэхэд хохирогч хөдөө амарч байна гэсэн. Ажлын 8 цагаар ажилладаг, нийтэд тустай ажил хийх боломжгүй, амьдралд нь хүнд байдал үүсэх нөхцөл байдал байгаа учраас шүүгдэгч Г.Х- үйлдсэн үйлдэл, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, бага насны хүүхдүүдээ тэжээн тэтгэдэг, ар гэр, хувийн байдал, ажлын байдал, хохирогч гомдол саналгүй гэх байдлыг харгалзан үзээд  торгуулийн ял оногдуулж, торгох ялын хамгийн доод хэмжээгээр ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэв.

Прокурор Х.Эрдэнэтуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Х-д ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хангалттай харж үзсэн. Хохирогч 60 хүрч байгаа хүн байдаг. Хохирогчийн 5-6 хавирагыг хугалсан, нэг хавирга нь 2 хурсан ч байгаа. Анхан шатны шүүх хуралд хохирогч ирээгүй. Яагаад гэвэл босч чадахгүй байсан байдаг. Одоо ч гэсэн эмчилгээ хийлгээд явж байгаа байх. Настай хүнийг ямар ч шалтаг шалтгаангүйгээр зодсон. Шүүгдэгч 2 ажил хийдэг гэж байна. Анхан шатны шүүх хурал дээр болон мөрдөн байцаалтын шатанд ажил хийдэггүй, ажилтай байсан боловч гарчихсан гэж мэдүүлдэг байсан. Нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулчихаар ажилтай гээд байгааг ойлгохгүй байна. Хэрвээ 2 ажил хийдэг юм бол яагаад торгох ялын хамгийн доод хэмжээгээр торгуулах санал хэлээд байгааг ойлгохгүй байна. Иймд анхан шатны шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:                     

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

Хавтаст хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

шүүгдэгч Г.Х- нь 2019 оны 1 дүгээр сарын 13-ны өглөө 08 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байхдаа 09-53 УБР улсын дугаартай Тоёота Приус-20 /Toyota Prius-20/ маркийн автомашины жолооч Х.Г-ын машинаар Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Нүхт гарден вилла” хотхонд хүргүүлээд буухдаа ямар ч шалтаг шалтгаангүйгээр Х.Г-ыг шанаанд нь гараараа цохиж, газар унахад нь цээж, толгой, нүүр хэсэгт нь хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Х.Г-ын “...Миний дүү буугаарай, гэрт орж амар гэж хэлэхэд ямар нэгэн зүйл хэлэлгүй шууд миний зүүн шанаанд гараараа нэг удаа хүчтэй цохьсон. Тэгэхээр нь би машинаасаа буугаад зугтаах гэтэл нөгөө эрэгтэй хойд хаалгаар бууж ирээд намайг барьж хоёр шанаа руу нэг, нэг удаа гараараа цохьсон. Энэ үед би газар унасан, гэтэл хөлөөрөө цээж, толгой, нүүр хэсэгт 10 гаран удаа цохьсон. Тэр үед эмэгтэй нь “болиоч чи хүн аллаа” гэхэд энийг ална гээд өшиглөөд байсан. Тэгээд тэр эрэгтэй хүн 10-аад минут намайг зодсон...”  /хх-7/,

Х.Г-ын “...ямар нэгэн шалтгаангүйгээр миний нүүрэнд гараараа нэг удаа цохиод газарт унагаасан...Тэгээд би тэр залууд хандаж “миний дүү болиоч дээ ах нь настай хүн” гэж гуйсан боловч болихгүй өшиглөөд цохиод байсан ба нилээн удсаны дараа эхнэр нь байшин дотроос хүн дуудаж гаргаж ирээд намайг зодож байсан залууг салгасан юм...” /хх-12/,

гэрч Д.Баярбатын “...би гэрээс гараад хартал Хаш-Эрдэнэ ах таксины жолоочтой зууралдаад газар хэвтэж байсан. Тэгээд Ха-Эрдэнэ ахыг салгаад гэрт нь оруулаад таксины жолоочийг машинд нь суулгаад эмнэлэгт үзүүлье гэтэл машинаа бариад явчихсан...”  /хх-16/,

гэрч Д.Номин-Эрдэнийн “...манай нөхөр тэр жолооч ахын нүүрэнд нь нэг удаа гараараа цохьсон...тэгээд манай нөхөр тэр жолооч ах дээр очоод нүүрэнд нь 5-6 удаа гараараа цохихоор нь би дундуур нь орж салгах гэсэн боловч нөхрийгөө дийлэхгүй байсан болохоор гэрт байсан төрсөн дүү Баярбатыг утсаар дуудаад манай дүү гарч ирээд Хаш-Эрдэнийг салгаж авсан юм...”  /хх-18/,

гэрч Д.Осорын “...Хаш-Эрдэнийн сууж ирсэн машины жолооч настай ахын нүүр нь цус болоод хөхөрч, хавдсан, явж чадахгүй тонгойгоод байж байхаар нь юу болсон талаар асуухад “Хаш-Эрдэнийг гэрийнх нь гадна ирээд одоо буу гэж хэлтэл зодчихлоо” гэсэн...” /хх-22/ гэх мэдүүлгүүд,

хохирогч Х.Г-ын өвчний түүх /хх-49-57/,

хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-32-35/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 321 дугаартай “...Х.Г-ын биед зүүн атгаал ясны зөрөөтэй хугарал, зүүн 3-9 дүгээр хавирганы нэг болон хоёрлосон хугаралууд, 2 нүдний зовхи, зүүн чамархайн нурууны зөөлөн эдийн няцрал, 2 нүдний алимны салстад тархмал цус харвалт, тархи доргилт, зүүн нүдний зовхи, баруун хөмсөг, дух, зүүн шанаа, зүүн чихний дэлбэн, баруун чихний дэлбэнд зулгаралт гэмтлүүд учирсан. Дээрх гэмтлүүд нь 2019 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр учирсан байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, тархи доргилт, зөөлөн эдийн няцрал, цус харвалт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт, зулгаралтууд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх шинжээч эмчийн дүгнэлт /хх-44/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан ба эдгээрийг үндэслэн шүүгдэгч Г.Хаш-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Г.Х- хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Г.Х- гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

            Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож, 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн хэргийн нөхцөл байдал, гэм буруу, хувийн байдалд тохирсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байх тул шүүгдэгч Г.Х- гаргасан “320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялын хамгийн доод хэмжээгээр сольж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Х- гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 356 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Х- гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Д.ОЧМАНДАХ

 

ШҮҮГЧ                                                            С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                            Б.ЗОРИГ