| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Чагдаагийн Хосбаяр |
| Хэргийн индекс | 2006000003 |
| Дугаар | 2024/ХШТ/35 |
| Огноо | 2024-03-13 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | О.Сарангэрэл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2024 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 2024/ХШТ/35
Ц.Б-т холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Танхимын тэргүүн Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, прокурор О.Сарангэрэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.П, түүний өмгөөлөгч Ө.Сайнбаяр, шүүгдэгчийн өмгөлөөгч Д.Цолмон, Т.Сайнбаяр, нарийн бичгийн дарга М.Шолпан нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 1169 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1190 дүгээр магадлалтай, Ц.Бд холбогдох эрүүгийн 2006000003 дугаартай хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагважавын гаргасан гомдлыг үндэслэн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, Танхимын тэргүүн Ч.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1969 онд өдөр төрсөн, 54 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто механикч мэргэжилтэй, “Бо.Жо” ХХК-д гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 4, урьд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1999 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 32 дугаар таслан шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 172 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар торглуулийн ял шийтгэгдэж байсан, Ц.Б.
Ц.Б нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ц.Б-ийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 жилийн хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокуророос Ц.Бт Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалт, Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэжээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхбаяр хяналтын шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “...давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт “өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэмт буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч нь үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг хүлээдэггүй онцлогтой оролцогч бөгөөд шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг нь бусад нотлох баримтууд давхар нотлогдон тогтоогдсон тохиолдолд түүнийг нотлох баримтаар үнэлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасан нотлох баримтыг шалгаж үнэлэх заалттай нийцэх юм.
Гэтэл амь хохирогч нь санаатай, зүй бус, хууль бус үйлдлээр шүүгдэгч Ц.Б-ийн эсрэг довтолгоон хийсэн гэж үзэх үндэслэл хэрэгт тогтоогдоогүй байхад дан ганц шүүгдэгчийн өөрийнх нь өгсөн “ ...хутга гарган далайж босох үед айж сандран хутгатай гарыг нь дарж суулгаж, түлхсэн” гэсэн мэдүүлэгт үндэслэн аргагүй хамгаалалт хийсэн гэж дүгнэн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, үндэслэл муутай шийдвэр болсон байна.
Түүнчлэн хэргийн газарт байсан гэрч Т.Б, гэрч Н.М, Х.Т, Э.Б нарын мэдүүлэг, цагдаагийн байгууллагын 102 дугаар утсанд өгсөн дуудлагын яриа, шинжээчийн дүгнэлт зэргийг ямар байдлаар үгүйсгэж, няцааж байгаа талаар үндэслэл бүхий дүгнэлтийг өгч чадаагүй, шүүх нотлох баримтыг цогц байдлаар үнэлэхгүйгээр хэт нэг талыг барьсан гэж үзэх үндэслэл болж байна.
Мөн давж заалдах шатны шүүх “5 дугаар хавтас хэргийн 73, 81, 88 хуудсанд авагдсан “мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл” нь ямар үндэслэлээр хийх болсон нь тодорхойгүй, хэрэгт хяналт тавьж буй прокурорыг оролцуулаагүй, мөрдөн шалгах чиг үүрэгтэй албан тушаалтнууд хийсэн байх тул нотлох баримтаар тооцох үндэслэлгүй байна” гэсэн атлаа уг нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ямар журмыг зөрчсөн болох, хууль бус арга хэрэгслээр цуглуулж, бэхжүүлсэн эсэх талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт өгөөгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Мөрдөн шалгах туршилт хийхэд хөндлөнгийн хоёр гэрчийг байлцуулах ба яллагдагч, хохирогч, гэрчийг оролцуулж болно. Шаардлагатай бол бусад байгууллага, мэргэжилтний туслалцааг авна.” гэж заасны дагуу 5 дахь хавтаст хэргийн 73, 81, 88 хуудсанд авагдсан байгаа мөрдөн шалгах туршилтыг хийхэд хөндлөнгийн 2 гэрчийг байлцуулсан, мөн бусад байгууллагын туслалцааг авч энэ талаар тэмдэглэлд тусгасан байна. Уг ажиллагаанд прокурорыг оролцуулаагүй учраас нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна.
Гэтэл давж заалдах шатны нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж үзсэн мөрдөн шалгах ажиллагааны туршилтаар үхлийн шууд шалтгаан болсон гэмтлийг амь хохирогчийн гарт байсан хутгыг дарж, түлхэх үед учруулах боломжгүй болох нь тогтоогдсон байдаг.
Нөгөө талаас хэргийн газрын үзлэг хийх үед хэдийгээр амь хохирогчийн гарт хутга байсан боловч шүүгдэгч түүнийг хутгалсны дараа хутгыг амь хохирогч нь өөрөө биеэсээ сугалан авч атгасан байдалтай нас барсан байж болохыг, эсхүл шүүгдэгч тэр даруйд хутгыг амь хохирогчийн гарт атгуулсан байж болохыг, шүүгдэгч буюу гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүний өөрийгөө өмгөөлөн хамгаалж, өөртөө ашигтай, худал мэдүүлэг өгч байж болзошгүй асуудлуудыг шүүх анхаарч үзээгүй, өөрөөр хэлбэл хэрэгт цугларсан нотлох баримтуудын харилцаа хамаарал, нотолгооны ач холбогдол зэргийг харьцуулан цогц байдлаар үнэлэхгүйгээр, гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүний өөрийнх нь өгсөн дан ганц мэдүүлгийг бусад нотлох баримтуудаас илүүд үзсэн нь учир дутагдалтай болсон байна.
Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичив.” гэсэн байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч К.Бауиржан хяналтын шатны шүүхэд: “...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болоод өмгөөлөгчдийн зүгээс давж заалдах шатны шүүхийн энэхүү дүгнэлт, магадлалыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Учир нь давж заалдах шатны шүүх Ц.Бт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэг гарсан нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт өгөлгүйгээр дан ганц шүүгдэгч Ц.Б-ийн өгсөн мэдүүлэг, уг мэдүүлгийг үндэслэж хийгдсэн туршилт зэргийг туйлын үнэн мэтээр дүгнэж, хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн түүний гэм бурууг нотолсон бусад нотлох баримтуудыг үгүйсгэж тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаар үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй хэт нэг талыг барьж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн болно.
Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно" гэж, мөн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно" гэж тус тус зааснаар шүүгдэгч Ц.Б-ийн үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй буюу Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлд заасан хүнийг алах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан болох нь нотлогддог. Уг хэрэг гарсан даруйд цагдаагийн байгууллагаас гэмт хэргийн талаарх дуудлага мэдээллийг хүлээн авч хэргийн газарт үзлэг хийж, холбогдох гэрчүүд болон хэрэгт холбогдогч Ц.Б нараас мэдүүлэг авч, хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримтыг цуглуулж бэхжүүлсэн ба эдгээр баримтуудаар Ц.Б-ийн бусдыг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдон тогтоогддог.
Тухайлбал, хэрэг гарсан даруйд үйлдэгдсэн “манай суурь гэх найз Ч.Дыг хутгалчихлаа" гэх гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас, цагдаагийн дуудлага мэдээллийн 102 дугаарын утсанд бичигдсэн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, согтуурлын зэрэг тогтоосон тэмдэглэл, гэрч Т.Бы хэрэг гарсны маргааш өдөр буюу 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 11 цагт өгсөн “... би 00 ороод гарч ирэхэд Ч.Д газар ширээний хажууд уначихсан байсан, харин Ц.Б хажуухан талд нь зогсож байсан. Тэгэхээр нь би Ц.Бт чи хүн хутгалчихсан байна шдээ гээд цагдаа руу залгасан. Ц.Б тухайн үед эхнэр рүүгээ залгаад би хүн хутгалчихлаа гэж хэлж байсан" гэх мэдүүлэг, 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн “ ... би тухайн үед Батсууриас юу болчхов гэж асуухад Ц.Б надад хэлэхдээ чамайг ОО-н өрөөнд байхад Ч.Д би шоронгийн атаман гэж яриад бид хоёр маргалдсан. Тэгээд би Ч.Дыг хутгалчихсан юм гэж надад хэлсэн” гэсэн мэдүүлэг, Ц.Б-ийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 13.45 цагт өгсөн “би прокурорын тогтоолтой танилцлаа, ямар хэрэгт яллагдагчаар татаж байгааг ойлгож байна, би дээрх зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна, би бичиг үсэг мэднэ, уншиж бичиж чадна” гэх мэдүүлэг, Ц.Б-ийн эхнэр Н.Мийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “... 00 цаг 00 минутад залгахад Ц.Б утсаа аваад би хүн хутгалчихлаа ш дээ гэж хэлэхээр нь би итгэхгүйгээр чи худлаа яриад бай, үнэн юм уу гэж асуухад Ц.Б би чамд үнэн ээ хэлээд байна, би хүн хутгалчихсан гэж ярьж байгаад утсаа салгасан,... би хүн хутгалсан гэж үнэнээ хэлээд байна, миний хутгалсан хүн уначихлаа, би цагдаа дуудчихсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг,
гэрч Х.Тийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр өгсөн “ ... тэгтэл Н.М над руу залгаад энд бөөн юм болоод байна, Ц.Б хүн хутгалчихсан юм шиг байна, цагдаа ирчихсэн намайг оруулахгүй байна гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг, гэрч П.Т-ын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “... тухайн үед Ц.Б өөрөө эхнэр рүүгээ залгаад би хүн алчихлаа гэж хэлсэн талаар Мөнзөө надтай утсаар ярихдаа хэлсэн, Батсуурийн эхнэр надад миний утас руу Ц.Б залгаад би хүн алчихлаа гэж хэлээд байгаа газрынхаа хаягийг зааж өгсөн гэсэн” гэх мэдүүлэг, хэрэг гарсан даруйд дуудлагаар очсон цагдаагийн албан хаагч Э.Б-ийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн “... жижүүрийн шуурхай албанд манай Суурь гэдэг найз Ч.Д-ыг хутгалчихлаа гэх дуудлага ирсэн, ... юу болсон юм гэж асуухад Ц.Б гэх хүн нь хоорондоо маргалдаад намайг ална гэхээр нь би хутгалчихсан, хүний амь ийм амархан байдаг юм уу гэж хэлж байсан" гэх мэдүүлэг болон шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 30 дугаартай “талийгаачийн биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр зүүн мөрний дээд хэсэгт цээжний хөндий рүү нэвтэрч гол судас гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь хурц ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлийн, 1 удаагийн үйлдлээр дээрээс доош чиглэлтэй үүсгэгдэнэ.
Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Талийгаач нь цээжний хөндий рүү нэвтэрч гол судас гэмтээсэн шархны улмаас цээжний хөндийд цочмогоор цус алдаж нас баржээ” гэсэн дүгнэлт, гэрч Н.Хандмаагийн “... талийгаач нөхөр маань баруун гараараа хоол хийдэг, хоолоо иддэг, баруун гараараа юм бичдэг, оёдог, ер нь бүх л зүйлийг баруун гараараа хийдэг байсан. Солгой гараараа юм хийх байтугай солгой гараараа юм огт барьдаггүй байсан” гэсэн мэдүүлэг, шинжээч Ц.Ганболд, Н.Энхцолмон, О.Болор нарын өгсөн “... шархнаас үзэхэд уг гэмтлийг урдаас болон ардаас аль алинаар нь үүсгэгдэж болно, ... урд болон ард талаас хутгалах байдлаар дээрх гэмтлийг учруулах боломжтой, ... шархны байрлал чиглэлээс харахад урдаас үүсгэгдсэн байх боломж илүүтэй” гэсэн мэдүүлгүүд, мөн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн мөрдөн байцаалтын туршилт хийсэн тухай тэмдэглэл, туршилтад оролцсон мөрдөгч, цагдаагийн алба хаагч нараас авсан “... хутганы ирийг дотогш харуулан зүүн гараараа барьж, амь хохирогчийн биед учирсан шархны орчимд буюу өөрийнхөө хүзүүний зүүн хажуу хэсэгт хутганы үзүүрийг тааруулахад зүүн гарын булчингийн массан дээр гар хөшигдөж, боломжгүй байсан, харин хутгыг хүчээр дарж, миний бие рүү түлхэхэд гар хөшигдөж, хутганы ир, үзүүр нь эгэмний доод хэсэгт таарч байсан бөгөөд хүзүү хэсэг рүү хүрэхгүй байсан” гэх гэрчээр өгсөн мэдүүлгүүд зэргээр тус тус Ц.Б-ийг бусдыг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдон тогтоогддог.
Гэвч давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан дээрх баримт нотолгоонуудыг үл хэрэгсэж, “шүүгдэгч Ц.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад эрхийг нь зөрчсөн зөрчил тогтоогдохгүй байгаа тул” гэж үзээд түүний мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... талийгаач бид 2 юм ярьж байтал ... талийгаач зүүн гартаа хутга бариад далайж хандыг чинь хага дарна, ална чамайг гээд баруун гараараа ширээгээ тохойлдоод дээш хагас өндийх агшинд л хутгатай гарыг нь түлхэж дараад хойш огцом ухраад хөргөгчийн хажууд очоод зогссон чинь талийгаач ална чамайг гээд цустай хутга өргөөд урагш хагас алхаад өнхөрч унасан” гэх мэдүүлгийг “үнэлэх үндэслэлтэй байна” гэж дүгнэсэн ба мөн “түүний мэдүүлгийг үндэслэн хийсэн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн талуудыг оролцуулан прокурорын хяналт дор мөрдөн шалгах ажиллагааны туршилтаар Ч.Дыг хутгалсан гэх үйлдэл нь шүүгдэгч Ц.Б-ийн мэдүүлгээр аргагүй хамгаалалтын улмаас хутгалсан болохыг няцаан үгүйсгэсэн үндэслэл тогтоогдохгүй байна” гэж дүгнэсэн.
Улмаар давж заалдах шатны шүүх “... амь хохирогч Ч.Д нь шүүгдэгч Ц.Бтай мөнгөний асуудлаар маргаан үүсгэж, түүний хундагалж өгсөн архийг уусангүй гэх шалтгаанаар шоронгийн талаар ярьж, үг хэлээр айлган сүрдүүлж, хутга гарган далайж, босох үед Ц.Б айж сандран хутгатай гарыг нь дарж суулгаж, хутга нь хүзүүнд нь хатгагдаж амь нас хохирсон үйл баримт тогтоогдож байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болсон.
Ингээд зогсохгүй хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хэрэг гарсан нөхцөл байдал буюу шүүгдэгчийн мэдүүлэгтэй холбоотойгоор хийсэн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагааны туршилтыг үгүйсгэж “хэргийн 5 дугаар хавтасны 73, 81, 88 дугаар хуудсанд авагдсан мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл нь ямар үндэслэлээр хийх болсон нь тодорхойгүй, хэрэгт хяналт тавьж буй прокурорыг оролцуулаагүй, мөрдөн шалгах чиг үүрэгтэй албан тушаалтнууд хийсэн байх тул нотлох баримтаар тооцох үндэслэлгүй байна” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй болсон. Эрүүгийн процессын хуулийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “мөрдөгч хэрэгт ач холбогдолтой тодорхой нөхцөл байдал, үйл явдлыг сэргээн дүрслэх шаардлагатай тохиолдолд мөрдөн шалгах туршилт хийж болно” гэж, 2 дахь хэсэгт “мөрдөн шалгах туршилт хийхэд хөндлөнгийн 2 гэрчийг байлцуулах ба яллагдагч, хохирогч, гэрчийг оролцуулж болно. Шаардлагатай бол бусад байгууллага, мэргэжилтний туслалцааг авна” гэж зааснаас үзэхэд мөрдөн шалгах туршилт хийхэд "хэрэгт хяналт тавьж буй прокурорыг заавал оролцуулна”, “мөрдөн шалгах чиг үүрэг бүхий албан тушаалтнууд хийхийг хориглоно” гэж заагаагүй болно. Өөрөөр хэлбэл, мөрдөн шалгах туршилтын ажиллагааг хөндлөнгийн 2 гэрчийг заавал оролцуулах байдлаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулах, үйл явдлыг сэргээн дүрслэх зорилгоор мөрдөгч өөрөө бие даан хийж хийж болохоор хуульчилсан байхад давж заалдах шатны шүүх мөрдөгчийн бие даан хийсэн туршилтыг "үндэслэлгүй", "прокурор оролцоогүй", "мөрдөгч нар оролцсон" хэмээн шууд үгүйсгэж нотлох баримтаар тооцох үндэслэлгүй гэсэн нь ойлгомжгүй байна.
Эрүүгийн процессын хуулийн 16.9, 16.11, 16.12 дугаар зүйлд нотлох баримтыг шинжлэн судлахаас татгалзах, нотлох баримтаар тооцохгүй байх талаарх үндэслэл, журмыг тодорхойлсон. Хуульд нотлох баримтаар тооцох, нотлох баримтыг үнэлэх, нотлох баримтаар тооцохгүй байх тухай асуудал нь тухайн нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн эсэх болон тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилгод нийцэж байгаа эсэхээс шууд хамаарахаар заасан. Энэ хэргийг мөрдөн шалгах явцдаа хэргийн нөхцөл байдлыг зөв тодорхойлох, хэрэг гарсан байдлыг сэргээн дүрслэх, яллагдагчийн өгч байгаа мэдүүлэг үнэн эсэхийг шалгах үүднээс хуульд заасан үндэслэл журмын дагуу мөрдөгчийн бие даан хийсэн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн мөрдөн шалгах туршилтыг шууд үгүйсгэх, нотлох баримтаар тооцохгүй байх үндэслэл байхгүй гэж үзэж байна.
Давж заалдах шатны шүүх магадлалдаа Ц.Б-ийн үйлдлийг аргагүй хамгаалалт гэж үзэн түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ " ... Ч.Дын зүй бус үйлдлээс хамгаалах, таслан зогсоох үйлдэл хийхдээ шүүгдэгч, хохирогч нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байснаас гадна хутга булаалдах үедээ хана налуулж байсан сандал дээр хохирогч Ч.Д түлхэгдэн суух уг эрчиндээ хүзүү хэсэгт хутгалагдсан байх тул” гэж хэрэгт огт байхгүй, тогтоогдоогүй нөхцөл байдлыг өөрсдийн таамгаар дэвшүүлсэн байдлаар дүгнэлт хийсэн байдаг. Энэ хэрэгт яллагдагчаар татагдсан Ц.Б-ийн хувьд мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд хэд хэдэн удаа мэдүүлэг өгч ирсэн боловч талийгаач Ч.Дтай “хутга булаалдсан” талаар мэдүүлэг өгөөгүй бөгөөд харин хутгатай гарыг 2 гараараа дарж түлхсэн талаар мэдүүлдэг байхад давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн “хутга булаалдах үедээ хутгалагдсан” мэтээр дүгнэлт хийсэн нь хэрэгт авагдсан, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар тогтоогдоогүй нөхцөл байдал болсон.
Эрүүгийн процессын хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ" гэж заасан. Гэвч давж заалдах шатны хуулийн энэхүү заалтыг баримтлалгүй дан ганц шүүгдэгчийн мэдүүлгийг туйлын үнэн мэтээр ойлгож, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг хооронд нь харьцуулалгүй, харилцан хамааралтай эсэхэд үнэлэлт өгөлгүй, бодит байдлаар нь хянаж үзэлгүйгээр анхан шатны шүүхийн шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ц.Бт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн явдал нь хуулийг буруу хэрэглэх үндэслэл болсон. Шүүгдэгч Ц.Б-ийн хувьд өөрийгөө өмгөөлөх, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, гэм буруугүйгээ нотлох үүрэг хүлээхгүй байх эрхтэй хэдий боловч хүн алах гэмт хэргийг үйлдсэн болох нь түүний анх удаа өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрч эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцаж, хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг болоод хэрэгт авагдсан бусад гэрч, хохирогчийн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг, шинжээчийн дүгнэлт, мөрдөн шалгах туршилт зэрэг холбогдох бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байгаа нөхцөлд Эрүүгийн хууль, Эрүүгийн процессын хуульд заасан үндэслэл журмын дагуу гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй юм.
Анхан болон давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлт, гаргасан тогтоол, магадлал нь хоорондоо эрс зөрүүтэй, Эрүүгийн хуулийг өөр өөр байдлаар хэрэглэж ойлгомжгүй байдлыг бий болгосон, хүний амь хохирсон хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг өөр өөр байдлаар үнэлж дүгнэсэн, ялангуяа давж заалдах шатны шүүх хуулийг буруу хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохих байдлаар үнэлээгүй, дан ганц шүүгдэгчийн мэдүүлгийг туйлын үнэн мэтээр ойлгож үнэлсэн явдал нь хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон, гэм буруутай этгээдийг эрүүгийн хариуцлагаас үндэслэлгүй чөлөөлсөн хэрэг юм.
Иймд дээрх нөхцөл байдлууд болоод хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харгалзан үзэж хуулийг буруу хэрэглэх замаар Ц.Бт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэсэн байна.
Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ө.Сайнбаяр хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал нь илт үндэслэлгүй хэргийг шийдвэрлэсэн гэх үндэслэлээр хяналтын гомдол гаргасан. Учир нь Ц.Б нь Ч.Дыг хутгалж алсан талаар нийтдээ 12 баримт байгаа. Эдгээр баримтуудыг үгүйсгэж дүгнэсэн баримт байхгүй байдлаар хэргийг хянан шийдвэрлэсэн. Гэрч Тунгалаг, Мөнхцэцэг, Батзориг нарын мэдүүлгийг ч үнэлж дүгнээгүй, үгүйсгэж байгаа талаар ч дүгнэлт хийгээгүй байдлаар магадлал гарсан гэж үзэж байна. Гэрч Тунгалаг, Мөнхцэцэг нар нь сонссон зүйлээ мэдүүлсэн байдаг ч Ц.Бтай утсаар холбогдоод ярьсан зүйлүүдийг мэдүүлдэг. Анхан шатанд өгсөн баримт мэдүүлгээр эдгээр өгсөн гэрчийн мэдүүлэг болон Ц.Б-ийн өгсөн мэдүүлгүүд хоорондоо тохирч байдаг. Шүүх хуралдааны явцад мэдүүлгийг өөрчлөх байдлаар ярьсан боловч анхан шатны мэдүүлгийг яагаад өөрчилсөн талаар дүгнэлт хийж шийдвэрлээгүй гэж харж байна. Нөгөөтээгүүр ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил байхгүй гэрч н.Батзориг байгаа. Батзориг нь Ц.Б-ийн өөрийн амнаас сонссон “намайг ороход тэр айлын зочны ширээний дэргэд хүзүү оршим шархтай эрэгтэй хутгалагдсан нас барсан байдалтай байсан. Эмч үзээд нас барсан байна гэж хэлсэн. Тухайн амь хохирогчийн дэргэд Т.Б, Ц.Б гэх хоёр хүн байсан бөгөөд юу болсон талаар асуухад хоорондоо маргалдаад намайг ална гэхээр нь би хутгалчихсан. Хүний амь ийм амархан байдаг юм уу?. Ц.Б гэх хүн хар өнгийн бэлтгэлийн өмдтэй, ногоон өнгийн гуталтай, буурал толгойтой байсан. Т.Б, Ц.Б, амь хохирогч гурав гуравлаа байсан гэж хэлсэн” хэмээн мэдүүлсэн байдаг. Гэтэл тус мэдүүлгийг давж заалдах шатны шүүхээс үнэлж дүгнэлт өгөөгүй. Анхан шатны шүүхээс тус мэдүүлгийг үнэлж дүгнээд, үндэслэлтэй дүгнэлт хийж шийдвэрлэсэн. Хойшлуулшгүй тохиолдолд гэж хүн амь нас эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой хохирол учрах сэжигтэн яллагдагч оргон зайлах, хэргийн ул мөр, эд мөрийн баримт устгах зөөвөрлөгдөх нөхцөл байдлыг ойлгодог. Энэ нөхцөл байдал байсан учраас хойшлуулшгүй нөхцөл байдлын хүрээнд Мөнхцэцэг, Тунгалаг нараас гэрчийн мэдүүлэг авсан. Түүнийг буруутгах үндэслэл байхгүй. Хуулийн зохицуулалтынхаа хүрээнд хийгдсэн ажиллагаа учраас шүүхээс үнэлж дүгнэх ёстой. Шуурхай удирдлагын төвөөс ирүүлсэн CD бичлэгт Т.Б, Ц.Б-ийн дуудлага мэдээллийн дуу бичлэг нь байдаг. Хоёр CD бичлэг бичигдсэн. Эхний бичлэгт нь Т.Б цагдаад дуудлага өгч байсан бичлэг байгаа. Тэмдэглэлээс үзэхэд “Т.Б цагдаад дуудлага өгөхөд цаанаас нь цагдаа юм уу? Хуцаад бай гэж хэлээд” тус дуудлагыг тасалсан нөхцөл байдал байгаа. Анхан шатны шүүхэд дуудлагаа мэдээллийн бичлэгийг сонсоход яг л тийм нөхцөл байдал байсан. Өөрөөр хэлбэл, Ц.Б нь цагдаад дуудлага өгөх сонирхолгүй, Т.Быг хориглож байсан нөхцөл байдал харагддаг. Гэтэл анхан шатны шүүх түүнд үнэлэлт дүгнэлт өгөөгүй үгүйсгэсэн ямар нэгэн зүйлийг гаргаагүй, зөвхөн Ц.Б-ийн мэдүүлгийг үндэслэсэн. Ц.Б-ийн өөрийнх нь хэргийг сэргээн дүрслэх байдлаар туршилт хийгдсэн дээр нь хутганы ирийг таарсан эсэх талаар дүгнэлт байхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны туршилт нь байгаа. Харин гурван хүний оролцоотой дүгнэлтэд хутганы ирийг дотогш нь харуулаад байрлуулсан байдалтайгаар хүзүүний тусам газар яг Ц.Б-ийн хэлсэнчлэн үзэхэд хүзүү хэсэгт биш эгэмд таарч байна гэсэн оролцсон гурван хүний туршилт адилхан гарсан.
Өөрөөр хэлбэл, талийгаач Ч.Дтай бие болон жин ойролцоо, туранхай хүнийг оролцуулахад ч тийм нөхцөл байдал гарна. Ц.Б-ийн хэлээд байгаа шиг нөхцөл байдлаар хүний аминд хүзүүнд хутгалагдсан байдлаар шарх үүсэхгүй болохыг шинжээч нар болон туршилтаар тогтоогдсон. Түүнийг үгүйсгэсэн зүйл байхгүй. Шинжээч нар ийм байдлаар хутгалагдах боломжгүй байна. Харин урдаас нь хутгалагдахад боломжтой байна гэсэн гурван шинжээчийн дүгнэлт байгаа. Туршилтын дээр ч түүнийг нотолсон гэж харж байгаа. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрээр туршилт хийх, шинжээч томилох тухай даалгавруудыг биелүүлээд, Ц.Б-ийн хэлсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байхад давж заалдах шатны шүүхээс хуульд заасны дагуу хийгээгүй гэх үндэслэлээр үнэлээгүй. Хуулийн аль, ямар зүйл заалтыг зөрчсөнөөр уг туршилт нь хууль бус болохыг тогтоогоогүй. Ч.Д хутгалагдах үед хажууд нь гэрч Т.Б байсан. Т.Б нь анхны мэдүүлэгтээ “намайг гараад ирэхэд Ц.Б цустай хутга бариад зогсож байсан” гэж мэдүүлсэн. Гэтэл яагаад гэнэт “би цустай хутга барьж зогсож байсныг санахгүй байсан юм. Мөрдөн байцаагч болон прокурор намайг дарамталсан гэх байдлаар мэдүүлгийг өөрчилснийг тогтоогоогүй. Мөрдөн байцаагч дарамталсан эсэх прокурор болон хохирогч талаас дарамталсан юм уу гэх нөхцөл байдлыг тогтоолгохоор давж заалдах шатны шүүхээс чиглэл өгөөд хэргийг буцааж, ажиллагаа хийгдэхэд дарамталсан зүйл байхгүй болох нь тогтоогдсон. Гэвч эсрэгээрээ хутга барьж байсныг санахгүй болоод хувирсан дээр үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Анхан шатны шүүх хуралдаан дээр Т.Б нь “би өөрөө хэрэгт холбогдохуй гэж байсан учраас ингэж мэдүүлсэн” гэж тайлбарладаг. Үнэхээр тийм байгаа. Хутга бариад зогсож байсныг хараад хэлэхгүй өөрчилсөн нь худал мэдүүлэг өгөх эрсдэл болох учраас өөрөө айгаад эхнээсээ аргагүй хамгаалалт болчихвол холбогдолгүй болох юм байна гэж үзэж худал мэдүүлсэн гэж үзэхээр байна. Хэрэг болсон газрын байрлалын талаар сайн мэдэх хүн дүү нь А.П байгаа.
Гэтэл ариун цэврийн өрөөний хаалганы цоожны нүхээр харж байсан гэж хэлээрэй гэж дарамталсан гэж байгаа. Уг хаалганы цоожны нүхээр харагдах боломжгүй. Тиймээ Т.Быг дарамталсан байх нөхцөл байдал байхгүй. Гэтэл Т.Быг өгсөн мэдүүлгүүдэд ямар үндэслэлээр үнэлээгүй болохыг давж заалдах шатны шүүхээс үнэлэлт дүгнэлт өгөөгүй шийдвэрлэсэн.
12 баримтын хүрээнд бүхэлд нь дүгнэлт хийгээд эргэлзээ үүсэж байвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэгдэх нөхцөл байдал үүсэх ёстой. Гэтэл тус 12 баримт нь Ц.Б-ийн эсрэг өөрөөр хэлбэл, эргэлзээгүй байдлаар буруутай гэдгийг тогтоогоод байгаа. Түүнээс ганц нэг баримт нь эргэлзээтэй болбол түүнийг магадгүй Ц.Бд ашигтай байдлаар тайлбарлаж боловч 12 баримт, магадгүй 6 баримт нь эерэг 6 баримт нь сөрөг байдлаар байгаад эргэлзээ үүсгэж байгаа бол түүнийг шүүгдэгчид ашигтайгаар тайлбарлана. Гэтэл гурван шинжээчийн дүгнэлт, гурван туршилт, гуравлаа Ц.Б-ийг эсрэг, гэмт хэрэг үйлдсэн гэдгийг тогтоосон байхад аргагүй хамгаалалт байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Аргагүй хамгаалалт нь довтолгон бодиттой, ирсэн довтолгооны эсрэг хариу үйлдлүүд байдаг. Гэтэл талийгаач Ч.Д нь Ц.Б-ийн эсрэг довтолгоо хийж, хутга бариад дайрсан гэх нөхцөл байдлыг тогтоосон нэг ч баримт байхгүй.
Т.Б ч мөн адил “энэ хоёр хооронд маргалдаагүй, маргалдсан бол би сонсоно” гэж найзынхаа гэрт нь байж байхад болон гэрт ирсний дараа нь мэдүүлдэг. Маргалдаагүй нөхцөл байдал байгаагүй бол Ч.Дыг ямар байдлаар довтолгоо хийсэн хэмээн нотолж байгаа юм бэ?. Тийм нотолсон баримт байхгүй байна. Давж заалдах шатны шүүхээс “хувийн нөхцөл байдлын талаар буюу өмнө хэрэгт холбогдож байсан учраас шоронгийн атаман байна гэж хэлсэн байж болзошгүй байна” гэх байдлаар дүгнэлт хийсэн байдаг. Тус хэрэгт холбогдолгүй болох талаар шийдвэр нь гарсан. Шүүх эцэслэн гаргасан тогтоол, шийдвэрийг л үндэслэнэ. Гэтэл холбогдож байсан, уг гэмт хэргийг үйлдсэн байхаар юм байна гэх байдлаар дүгнэлт хийж болохгүй. Харин эсрэгээр Ц.Б нь Эрүүгийн хуулийн 215.3 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт Зөрчлийн хуулиараа олон нийтийг үл хүндэтгэж танхайрсан зөрчлүүдэд холбогдож байсан. Тухайн нөхцөлд ямар байдлаар танхайрсан, гэмт хэрэг үйлдэх боломжтой гэх хувийн байдлыг тогтоохгүйгээр хохирогчийн хувийн байдлыг тогтоох байдлаар магадлалд дүгнэсэн. Зөрчлийн хэрэгт холбогдож байсан хэргээс нотлох баримтуудыг дэлгэрэнгүй авч, өгсөн гомдол ирсэн мэдээллийг үзээд тухайн хүн согтохоороо бусдын эсрэг ямар үйлдэл буюу хувийн байдлыг тогтоох ёстой байсан. Гэтэл шүүхээс эдгээр нөхцөл байдлуудыг үзэхгүйгээр цагаатгах тогтоол гаргасан байна.
Эрүүгийн хуулийн 40 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалт бодиттой хийгдсэн, эсвэл хийгдэх нь тодорхой болсон төр, нийгмийн ашиг сонирхол өөрийн болон бусдын амь нас, халдашгүй байдал чөлөөтэй байхад учирсан хохирлын эсрэг хийж байгаа үйлдэл юм. Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлд ч Ц.Б “гартаа хутга бариад далайгаад ирэхэд би түлхсэн юм” гэж мэдүүлсэн мэдүүлэг нь тусгагдсан. Гэтэл мэдүүлэг нь яваандаа өөрчлөгдөж “түлхсэн” нь “дарсан” болж, сүүлдээ хоёр гараараа дарж, хананд наалдуулсан болж өөрчлөгдсөн. Туршилтын үе шатанд ч байж болох өөрийнхөө боломжит бүхий л хувилбараар үзсэн. Учир нь шүүх хуралдаан удааширсан нийлэн хэдэн жил болсон. Эцсийн байдлаар даарахад хутганы ирийг тогтоогоод хутганы ир ингэж таарах юм байна гэх нөхцөл байдлыг тогтоосон баримт байхгүй. Бүх хүний биеийн физиологи адилхан. Хутганы ирийг дотогш харуулсан байдлаар хүзүүнд тулгаж барихад хутганы ир нь доошоо харсан байдалтай байж байгаа. Одоо талийгаачийн хүзүүнд үүсэж байгаа шархны хутганы ир нь дээшээ гарсан байдалтай. Өөрөө хэлбэл, хутганы ирийг гадагш харуулсан байдалтай урьдаас нь хутгалагдахад үүсэхээр хутганы ир байгаад байна. Судалж үзэхэд хүнийг нас барахад хүргэгдэх тийм амархан үйлдэгдэг шарх биш юм байна. Маш хүнд хэцүү байдалд урьдаас нь арьс, мах тулахгүйгээр хутгалагдах нөхцөл байдалтай байгаа учраас яг урдаас нь хутганы ирийг талийгаачийн зүг харуулсан байдлаар хутгалагдах үед үүсэх шарх байна гэдгийг гурван шатны шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байгаа. Тиймээ Нийслэлийн давж заалдах шатны магадлалд эдгээр 12 баримтыг үгүйсгэсэн нэг ч агуулгыг яриагүй, зөвхөн талийгаачийн хэлсэн мэдүүлгийг үндэслээд гарсан магадлал байгаа учраас магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Прокурор О.Сарангэрэл шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Прокуророос шүүгдэгч Ц.Б-ийг 2020 оны 12 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Шинэ үе хотхоны 102 тоот байрны 41 тоотод хохирогч Ч.Дын хүзүү хэсэгт нь хутгалж алсан гэж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн.
Анхан шатны шүүхээс Ц.Бд холбогдох хэрэгт хийсэн үйл баримтын болон түүнд өгсөн эрх зүйн дүгнэлт нь Эрүүгийн хуульд нийцсэн байтал давж заалдах шатны шүүхээс хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийж, аргагүй хамгаалалт хийсэн гэж Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
Аргагүй хамгаалалт нь аюул заналхийлсэн довтолгоон бодитой хийгдэж эхэлсэн бөгөөд дуусаагүй байх үндсэн шинжийг агуулдаг. Энэ тухай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ. Довтолгоо төгссөн хойно хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцохгүй” гэж заасан байгаа.
Шүүгдэгч Ц.Б нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогч агсам тавьж ална гэж хутга барьж дайрсныг эсэргүүцэж Ч.Дын хутгатай гарыг нь түлхэхэд талийгаачид үхэлд хүргэсэн гэмтлийг учруулсан гэсэн мэдүүлгүүдийг өгөх боловч шинжээч нарын дүгнэлт, шинжээч эмч нарын “амь хохирогчийн сууж байх үед нь урд болон ар талаас нь хутгалсан тохиолдолд аль аль нь тохиолдолд үүсгэх боломжтой. Шархны байрлал, чиглэлээс харахад урдаас үүсгэгдсэн байх боломж илүүтэй. Хүзүүнд зоосон хутгыг амь хохирогч өөрөө сугалсан байхыг үгүйсгэхгүй” гэсэн агуулга бүхий мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Мөн шүүгдэгч амь хохирогчийг хутга барин довтолсон гэж мэдүүлж байх боловч хууль бус довтолгоо эхэлсэн, довтолгоог хамгаалсан гэх нөхцөл байдал хэргийн газрын үзлэг болон бусад баримтуудаар нотлогдоогүй, шүүгдэгчийн мэдүүлэг нь эх сурвалжгүй, бусад нотлох баримтуудаар давхар нотлогдоогүй байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг дамжиж байна” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Сайнбаяр шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Өмгөөлөгч К.Бауиржаны гаргасан гомдолд тайлбар хэлье. Хүн хутгалчихлаа гэх тайлбараар гурван гэрч болох Мөнхцэцэг, Тунгалаг, Батзориг нарын талаар тайлбарлаа. Гэрч Мөнхцэцэг, Тунгалаг, Батзориг нарын мэдүүлэг тус 12 төрлийн баримтад орж байгаа байх. Энэ гэрч нар нь дандаа үйл баримтыг сонссон дан гэрч нар байгаа. Түүнээс тухайн нөхцөл байдлыг бодиттой харсан гэрч нар биш. Хүн хутгалсан талаар шүүгдэгч өөрөөр маргаадгүй. Миний үйлдлээс болоод Ч.Д нас барсан болохыг хүлээн зөвшөөрдөг. Гэм буруугийн талд шүүгдэгчийн өмгөөлөгч нар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийг баримтлан мэтгэлцсэн. Гурван удаагийн туршилт хийгдсэн. Нэг нь давж заалдах шатны шүүхээс гарсан магадлалын дагуу, хоёрт нь хэргийн оролцогч нарын бүгдийг байлцуулж байгаад хэргийн газарт очиж хийсэн. Гуравдах нь мөрдөх албаны ажилчид өөрсдөө хийсэн. Анхан шатны шүүх мөрдөх албаны ажилчдын хийсэн туршилтыг үнэлээд дүгнэлт гаргасан боловч үлдсэн хоёр туршилтыг үгүйсгэсэн хууль зүйн үндэслэлээ тайлбарлаагүй нь учир дутагдалтай. Шүүхийн танхимд болон хэргийн оролцогч нарыг байлцуулж байгаад хийсэн туршилтууд нь тухайн нөхцөл байдалд амь хохирогч хутгалагдах боломжтой гэсэн дүгнэлт гарсан. Түүнээс биш боломжгүй гэсэн дүгнэлт гаргаагүй.
Ц.Б-ийг зөрчлийн хэрэгт холбогдож байсан, нэг удаа торгуулийн ял шийтгүүлж байсан талаар тайлбарлалаа. Торгуулийн ялаар хууль бусаар хилээр бараа материал нэвтрүүлсэн хэрэгт холбогдож шийтгүүлж байсан. Шүүгдэгч болон амь хохирогчийн хувийн байдлыг яагаад анхааралтай үзээд мэтгэлцээд байгаагийн учир нь хэн хутгыг бариад довтолгоог эхлүүлэх боломжтой байсан бэ, зан характерийг судалж тухайн шүүх дээр анализ хийж хувийн байдлуудыг судалсан. Ц.Б нь зөрчлийн хэрэгт холбогдож байсан байна. Гэтэл амь хохирогч нь гурав, дөрвөн шийтгэх тогтоолоор ял эдэлж байсан. Гадаад улсад байхад хутганы асуудлаар хэрэгт холбогдож байсан байна. Тиймээс хувийн байдлуудыг тогтоож мэтгэлцсэн. Иймээс хэн хутга барих боломжтой вэ гэдэг талаас шүүгдэгчдийн талаас амь хохирогч нь өөрөө хутганы асуудалд хоёроос дээш удаа холбогдож байсан хүн байна гэж үзэж байгаа.
Т.Бы цустай хутга бариад зогсож байсан мэдүүлгийн талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч тайлбарласан. Хэрвээ Ц.Б цустай хутгыг гартаа атгаад барьж байсан бол Ц.Б-ийн гарын хумснаас цус илрэх ёстой. Шүүх хуралдааны явцад шинжээчээс “хэрвээ цустай хутга барьж байгаад гараа угаасан бол хумсны завсраас цус илрэх үү” гээ асуухад “хэчнээн угаасан ч бодисоор арчихгүй бол хумсны завсраар орсон цус хэр баргийн арилдаггүй” гэж хэлсэн. Хэрвээ цустай хутга бариад зогсож байсан бол энэ үйл явдал болсноос хойш Ц.Б ариун цэврийн өрөөнд орж гараа угаасан уу? гэдэг асуултыг Т.Баас асуухад “Ц.Б энэ өрөөнөөс гараагүй хөдлөөгүй” гэж хэлсэн. Тиймээс Ц.Б гараа угаах боломж олдоогүй, шинжээчийн дүгнэлтээр гарсан хумснаас авсан дээжээс цус илрээгүй. Ц.Б-ийг ганцхан оймсноос нь цус илэрсэн. Тэгэхээр цустай хутгалагдаад хэвтэж байгаа амь хохирогч дээр очиж гарт нь хутгаа шургуулах гээд гэх зэрэг янз бүрийн байдлаар хөндөхийн бол заавал биед нь болон хувцсанд нь цусны мөр илрэх ёстой байсан. Тиймээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн тайлбарлаад байгаа шиг цустай хутга бариад зогсож байсан гэх байдал тогтоогдохгүй байна.
Прокурорын эсэргүүцэлд “шүүгдэгч Ц.Б-ийн эсрэг довтолгоон хийсэн гэж үзэх үндэслэл хэрэгт тогтоогдоогүй. Өөрийнх нь өгсөн мэдүүлгээр хэргийг шийдвэрлэсэн” хэмээн тайлбарласан. Гэтэл хуульд зааснаар прокурор шүүхийн өмнө шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг нотлоод орж ирэх ёстой. Хуульд заасан өөрийнхөө үүргийг хэрэгжүүлээгүй байж оролцогчдын мэтгэлцээний үндсэн дээр шүүхээр хэргийг шийдвэрлэх гээд зогсож байна. Довтолгоог хэн эхэлсэн талаар прокуророос нэг ч дүгнэлт байхгүй. Ц.Б дээр хутгаар довтолгоон эхэлсэн юм уу, амь хохирогч довтолгоон эхэлсэн юм уу гэх талаар дүгнэлт байхгүй. Тийм учраас шүүгдэгчийн өмгөөлөгч нар болон хохирогчийн өмгөөлөгч нарын хэн нь хутга барих боломжтой вэ гэдэг талаар мэтгэлцэж байгаа. Хэрвээ прокуророос тогтоосон бол мэтгэлцэх шаардлага байхгүй. Амь хохирогч нь хутга нууж байгаа, чамайг ална гээд босоод ирсэн нь үндэслэлтэй байна эсвэл Ц.Б нь прокурор болон амь хохирогчийн яриад байгаа шиг ширээн дээр юм уу хаана ч хамаагүй байсан хутгаар амь хохирогчийг хутгалж алсан гэх нөхцөл байдал үүсэхгүй байсан.
Амь хохирогчийн гарт байгаа хутга хэнийг байсан бэ? Гэдэг талаар мөн адил дүгнэлт байхгүй. Ц.Б нар нь айлаас цуг гарч ирсэн. Тус хутга нь хаанаас гараад ирсэн бэ? Хоёр хутга байсан. Нэг нь ширээн дээр талх, хиам зүсэж байсан. Нөгөөх нь амь хохирогчийн гарт буюу амь хохирогчийн амийг тасалсан хутга байгаа. Хэний хутга байсан, хаанаас хэн гаргаж ирсэн бэ? гэдэг талаас аль аль нь дүгнэлт хийгээгүй. Амь хохирогчийн гэрээс гарч ирэх боломжтой хутга байгаад байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдолдоо “түлхүүрийн оосорт байгаа тонгорогийг аваад явж байсан” гээд тайлбарласан. Ц.Бд жижиг хэмжээний тонгорог байсан байна. Харин хутгыг авч яваагүй. Айлд очиход айлын хутга хаана байгааг мэдэх боломж байхгүй. Нэг хүн ширээнд нэг л хутга тавьж талх, хиам зүснэ. Гэрийн эзэн хоёр хутгаар юу хийх вэ? Талх, хиам зүссэн хутга нь ширээн дээр байж л байсан. Энэ талаар дүгнэлт хийгээгүй. Ц.Б-ийн мэдүүлгээр явж байгааг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа. Яагаад гэвэл амь хохирогч нь хутгыг гартаа бариад нуугаад сууж байх боломж нь илүү харагдаад байна.
Амь хохирогчийн гарт хутга яагаад атгагдсан бэ гэдэг талаар шинжээчээс асуусан, энэ талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч мэтгэлцээд байна. Энэ нь амь хохирогч гараа хагас атгасан байгаа. Тэр хутгыг ишнээс бариад оруулсан байна. Хагас атгасан гар руу хутгыг хийвэл Ц.Б тус хутгыг ирнээс нь буюу цустай талаас нь барьж хийх ёстой. Хэрвээ барьсан бол хутган дээр гарын мөр үлдэх ёстой. Гэтэл гарын мөр үлдээгүй. Ц.Б-ийн гарт цус илрээгүй. Дээр нь бүгдээрээ архи уусан байсан. Тиймээс хутганы ирнээс барихад гар нь исгэгдсэн, ямар нэгэн шарх үлдсэн байх ёстой. Гэвч шарх үлдээгүй. Амь хохирогчийн гарт хутгыг Ц.Б атгуулсан гэх тайлбар нь ямар ч үйл баримтаар тогтоогдоогүй. Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмаа баримтлах ёстой гэж анхан шатанд мэтгэлцсэн. Гэхдээ Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс тус заалтыг хэрэглээгүй. Үнэхээр аргагүй хамгаалалт байсан байна. Довтолгоог амь хохирогч эхлүүлсэн үйл баримт тогтоогдсон гэж үзсэн. Тийм учраас давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж өгнө үү” гэв.
Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цолмон хуралдаанд хэлсэн саналдаа: “Шүүх хуралдаанд Т.Сайнбаяр өмгөөлөгчтэй хамт оролцож байгаа. Өмгөөлөгчийнхөө гаргасан тайлбартай санал нэг дэмжиж байна. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ц.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн гол нотлох баримт нь сүүлд 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хийгдсэн туршилт байдаг. Энэ хэрэгт нийт гурван удаа туршилт хийгдсэнээс эхний хоёр туршилт нь Ц.Б-ийн мэдүүлгийг давхар нотолсон туршилт болсон. Энэ туршилтад бүх хэргийн оролцогчид оролцсон. Нотлох баримтын шаардлага хангасан баримт гэж үздэг. Гэтэл анхан шатны шүүх гурав дахь туршилтыг ямар үндэслэлээр дахин хийсэн нь тодорхойгүй. Хэргийн оролцогч нарыг оролцуулаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн буюу оролцсон оролцогч нар нь гарын үсэг зураагүй. Тухайн хэргийг мөрдөн шалгаж байгаа цагдаагийн газрын албан хаагчаар ажил үүргийн хувьд нэгдмэл сонирхолтой этгээдүүдээр хийлгэсэн зэрэг нотлох баримтын шаардлага ханаагүй баримтуудаар анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгож шийдвэрлэсэн. Эхний хоёр үндэслэлийг ямар үндэслэлээр үнэлээгүй болох талаар шийтгэх тогтоолдоо дурдаагүй болох нь хэт нэг талыг барьсан, бодит байдалд нийцээгүй шийдвэр гаргахад хүргэсэн. Харин Ц.Б-ийн “намайг ална хэмээн хутга бариад өндийхөөр нь хутгатай гарыг нь цааш түлхэж дарж суулгасан” гэх удаа дараагийн тогтвортой өгсөн мэдүүлгийг бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. Энэ нь аргагүй хамгаалалтын шинжтэй гэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг үндэслэлтэй гарсан гэж үзэхээр байгаа тул Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1190 дүгээр магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг “... гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх ...” хэмээн тодорхойлсон билээ.
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах шатанд нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон эсэх, хэрэгт цугларсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг хөдөлбөргүй тогтооход хүрэлцэхүйц байх шаардлагыг хангасан эсэх, нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх ажиллагаанд хуульд заасан журмыг зөрчсөн эсэх, оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг үндэслэлгүйгээр хасаж, хязгаарласан эсэхийг бүхэлд нь шалгаж, хууль ёсны ба үндэслэл бүхий шийдвэр гаргах үүрэгтэй болно.
Шүүх хуралдаанаар тухайн хэрэгт хамааралтай нотлох баримт бүрийн эх сурвалжийг магадлан шалгаж, тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судалж, харьцуулан үнэлэх замаар гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийг яллах, эсхүл цагаатгах үндэслэл, хэргийн зүйлчлэл болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нөхцөл байдлыг хөдөлбөргүй тогтоосноор шүүхээс хэргийн бодит байдалд нийцсэн шийдвэр гаргах нөхцөл бүрдэнэ.
Шүүгдэгч Ц.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 12 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Шинэ-Үе хотхоны 102 дугаар байрны 41 тоотод иргэн Ч.Д-ын хүзүү хэсэгт нь хутгалж алсан үйл баримтыг анхан шатны шүүх тогтоохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, оролцогчийн эрхийг хориглоогүй, хязгаарлаагүй байна.
Харин давж заалдах шатны шүүх Ц.Бт холбогдох хэрэгт хийсэн анхан шатны шүүхийн үйл баримтын болон эрх зүйн дүгнэлтийг үндэслэлтэйгээр няцаан үгүйсгээгүй атлаа шинэ үйл баримтыг шүүгдэгчийн зөрүүтэй мэдүүлгүүдэд үндэслэн хоёр янзаар тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван зургадугаар бүлгийн зарим зүйл, хэсгийг тайлбарлах тухай Улсын дээд шүүхийн 2023 оны 16 болон 24 дугаар тогтоолуудад зааснаас зөрүүтэйгээр хэргийн үйл баримтыг үнэлэх ажиллагааг хийжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүнийг санаатай алах гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэгдсэн хэргийг хянан шийдвэрлэх явцад шүүгдэгч нь халдагч этгээдэд гэм хор учруулан өөрийн болон бусдын амь насыг хамгаалсныг шүүх тогтоож буй бол хэргийн үйл баримтыг өөрчилсөнд тооцогдох ба нотлох баримтын өөр үндэслэлийг нотлон харуулах учиртай.
Хүнийг алах гэмт хэргийг нотолж буй гэж үзэж, прокуророос ирүүлсэн баримтад шүүх дүгнэлт хийхдээ нотлогдсон байдлаас хамааран хүнийг санаатай алсан үйл баримт тогтоогдсон эсэх талаар дүгнэхээс бус “шүүгдэгчид ашигтай” гэх үндэслэлээр хэргийн үйл баримтыг шинээр тогтоох нь хэрэг хянан хэлэлцэх хэмжээ хязгаараас давж заалдах шатны шүүх хальсан гэж дүгнэгдэнэ.
Яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг нь хэргийн бодит байдлыг тал бүрээс нь тогтооход ач холбогдолтой хэдий ч тодорхой гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй явдалтай нь холбогдуулж байцаадгаас мэдүүлэгт дурдсан нөхцөл байдлуудыг тал бүрээс нь бүрэн шалгахгүйгээр, тухайлбал, мэдүүлэгт агуулагдаж буй мэдээллийг тухайн хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудтай харьцуулахгүйгээр үйл баримтын үндэслэл болгох нь ноцтой алдаанд хүргэдэг болно.
Энэхүү хэрэгт давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтыг өөрчлөн тогтоохдоо яллах талын нотлох баримтуудыг үндэслэлтэй няцаахгүйгээр, зөвхөн шүүгдэгчийн мэдүүлэгт хөтлөгдөн хэт нэг талыг барьж, хэргийн бодит байдалд нийцэхгүй дүгнэлтийг хийжээ.
Тухайлбал, шүүгдэгчийн “...хутга гарган далайж, босох үед Ц.Б айж сандран хутгатай гарыг нь дарж суулгаж, хутга нь хүзүүнд нь хатгагдаж амь нас хохирсон...”, мөн “...хутга булаацалдах үедээ хана налуулж байсан сандал дээр хохирогч Ч.Д түлхэгдэн суухдаа уг эрчиндээ хүзүү хэсэгт хутгалагдсан...” гэж хэргийн үйл баримтыг хоёр янзаар дүгнэсэн байна.
Давж заалдах шатны шүүх нотлох баримтуудаас шинжээчийн хэд, хэдэн дүгнэлтийг үнэлэхдээ хамгийн бага магадлалтай гэж шинжээчдийн мэдүүлсэн хэсгүүдийг хэргийн үйл баримтыг тогтооход хэрэглэж, харин магадлал өндөртэй гэж үзсэн өгүүлэмжүүдийг ямар нэгэн тайлбаргүйгээр орхигдуулжээ. Шинжээчийн дүгнэлтийг шүүх, прокурор, мөрдөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүрэггүй боловч дүгнэлтийг зөвшөөрөөгүй үндэслэлээ шүүхийн шийдвэртээ заавал тусгах учиртай.
Давж заалдах шатны шүүхээс гэрч нарын мэдүүлгүүдийг үнэлэхдээ дээрхийн адил алдаа гаргасныг дурдах нь зүйтэй гэж үзэв.
Гэмт хэрэгт шүүгдэгчтэй нэгдмэл болон тусдаа хувийн сонирхолтой гэрчүүд нь гэмт хэрэг гарах болсон шалтгаан үндэслэл, хохирлын хэмжээ, шинж чанар, хүч хэрэглэсэн байдал, гэмт хэрэг гарахад өөрсдийн зүгээс нөлөөлсөн байдал, шүүгдэгчийн гэм бурууг нуух, хохирогчийн зүй бус ажиллагааг хэтрүүлэх байдлаар мэдүүлж болзошгүй байдлыг харгалзан мэдүүлэгт агуулагдаж буй мэдээллийг бусад нотлох баримтуудтай харьцуулан шалгаж батлах, няцаах замаар үнэлэх шаардлагатай болно.
Гэтэл давж заалдах шатны шүүх гэрч Т.Б нь мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт нийт 6 удаа мэдүүлэг өгөхдөө шүүгдэгч Ц.Б-ийг цустай хутга барьсан байсан гэх эхний мэдүүлгээ шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өөрчилсөн байдалд хувийн болон нэгдмэл сонирхолтой эсэхэд нь үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.
Мөн энэ хэрэгт яллагдагчаар татагдсан Ц.Б-ийн хувьд мөрдөн шалгах болон шүүхийн шатанд хэд хэдэн удаа мэдүүлэг өгсөн боловч талийгаач Ч.Дтай “хутга булаалдсан” талаар өгүүлж байгаагүйгээс гадна хэргийн талаар анхнаасаа цагдаад мэдэгдэх хүсэлгүй, хэргийн талаар зөрүүтэй мэдүүлж байсныг давж заалдах шатны шүүх харьцуулан үнэлээгүйгээс алдаатай дүгнэлт хийжээ.
Иймд давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ц.Б-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хийсэн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1.2-т заасан шаардлагыг хангаагүй байх бөгөөд энэхүү зөрчил нь мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаарах тул мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1190 дүгээр магадлалыг хүчингүй болгож, хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1190 дүгээр магадлалыг хүчингүй болгосугай.
2.Хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хүртэл шүүгдэгч Ц.Бт “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
ДАРГАЛАГЧ М.ПҮРЭВСҮРЭН
ШҮҮГЧИД Б.АМАРБАЯСГАЛАН
С.БАТДЭЛГЭР
Б.БАТЦЭРЭН
Ч.ХОСБАЯР