Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2020/0312

 

О.Х-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ганхүрэм, нэхэмжлэгч О.Х, түүний өмгөөлөгч С.Н, хариуцагч иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан даргалагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С нарыг оролцуулан, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 14 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч, хариуцагч бөгөөд хариуцагч иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, О.Х-ийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаан даргалагч болон Тэргүүлэгч нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 14 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 20 дугаар зүйлийн 20.1.1, 23 дугаар зүйлийн 23.3, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.3, 25 дугаар зүйлийн 25.4,Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 07 дугаар “Хурлын даргыг чөлөөлөх тухай” тогтоолыг хүчингүй болгож, О.Хийг Хурлын даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 3 сар 19 хоногийн /2019 оны 11 дүгээр сарын 01-ээс 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийг оролцуулан/ дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 4918909 /дөрвөн сая есөн зуун арван найман мянга есөн зуун ес төгрөгийг Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төсвөөс гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн хэсэг болох Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 04 дүгээр Төлөөлөгчдийн хуралдааныг хүчингүйд тооцох тухай, 08 дугаар Тэргүүлэгчээс чөлөөлөх тухай тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч О.Х-ийн Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 01, 02, 03, 05, 06, 09, 10, 11, 12, 13, 14 дүгээр тогтоол, Тэргүүлэгчдийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 67 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчөөс давж заалдах гомдолдоо: Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн зарим нэгэн Төлөөлөгчид, Хурлын нарийн бичгийн дарга Х.Д-тай нийлж, 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хуралдаан хийсэн мэтээр тогтоолууд, мөн Тэргүүлэгчдийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 67, 68. 72, 73 дугаар тогтоолуудыг тус тус хуурамчаар үйлдэж хурлын дарга миний болон бусад төлөөлөгч, Тэргүүлэгчдийн. эрх ашгийг ноцтой зөрчсөн юм. Үүнийг миний бие мэдсэний дараа тухайн тогтоолуудыг хууль буст тооцож, хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан судалж, дүгнэлт хийхгүйгээр дутуу шийдвэрлэсэн явдалд гомдолтой байна.

Шүүхээс нэхэмжлэгч намайг "Тэргүүлэгчдийн хуралдааныг хуралдуулах, зохион байгуулах нь Хурлын даргын эрх, гэтэл Хурлын дарга нь 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Тэргүүлэгчдийг хуралдуулаагүй, хуралдаанд өөрөө оролцоогүй байх тул тухайн өдрийн хуралдааныг хууль ёсны хуралдаан гэж үзэхгүй” гэж маргасан мэтээр дүгнэсэн нь маргааныг буруу ойлгосон байна. Огт хуралдаан болоогүй юм чинь юу гэж хурлыг орхин гарах билээ.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1, 22.1.2-т зааснаар Тэргүүлэгчдийн хуралдааныг хурлын дарга хуралдуулж, хуралдааныг даргалж, гарсан шийдвэрийг ёсчлон баталгаажуулдаг юм. Гэтэл 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 67, 68, 72, 73 дугаартай тогтоолуудыг намайг шүүхэд нэхэмжлэл гаргасны дараагаар хариуцагчид хурлын нарийн бичгийн даргатай хамтран хуурамчаар нөхөн үйлдэж, өөрсдөө гарын үсэг зурсан.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 67, 68, 72, 73 дугаартай тогтоолоор хуралдааныг хойшлуулсан, дахин зарласан тогтоолууд бодитоор гарсан бол төлөөлөгчид болох А.М, Х.Ж, Б.О, Б.И, Ж.З, С.Т, А.С, Х.Ш, С.Х, Р.А, У.С, Х.Ж, Б.Г, Г, Д.С, К.Х, Н.Т, А.Т, Т.С, Ш.Х нар мэдэх ёстой байсан. Гэвч эдгээр төлөөлөгчид шүүхэд гэрчийн мэдүүлэг өгөхдөө бүгд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 67, 68, 72, 73 дугаартай тогтоолоор иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааныг хойшлуулсан, дахин зарласан талаар огт мэдээгүй байсан талаар хэлсэн. Иймээс иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 67, 68, 72, 73 дугаартай тогтоолуудыг хуурамчаар нөхөн үйлдсэн, хуурамч гэдэг нь тогтоогдож байгаа боловч шүүх үүнийг хамгаалж байгааг ойлгож чадахгүй байна.

Энэ нь эцсийн эцэст 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны 07 дугаар тогтоолын дагуу хурлын нарийн бичгийн даргаас чөлөөлөгдсөн Х.Д болон тус сумын нутаг дэвсгэрт оршдог Цагааннуур тосгоны захирагч бөгөөд Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Д.Е-ын хууль бус эрх ашгийн үүднээс ийнхүү хуурамч тогтоолуудыг гаргаж байгаад шүүх анзаараагүйд гомдолтой байна.

Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн хуралдаанд нийт 7 Тэргүүлэгчээс 5 Тэргүүлэгч оролцсон мэтээр шүүхээс буруу дүгнэлт хийжээ. Шүүхээс олонхи нь нийлж хуурамч зүйлийг нөхөж хийсэн л бол хуулийн дагуу болжээ хэмээн дүгнээд, шийдвэр гаргаад байж болохгүй. 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Тэргүүлэгчид хуралдаагүй болох талаар Тэргүүлэгч Б.О гэрчийн мэдүүлэг болон хурлын дарга миний мэдүүлгээр тогтоогдсоор байхад шүүх олон хүний саналаар Тэргүүлэгчид тогтоол гаргажээ гэж байгаа нь хуульд нийцэхгүй.

Шүүхээс "Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 6 дугаар хуралдааныг 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хуралдуулахаар товлон зарласан нь хуулийн дээрх заалтад нийцсэн, Тэргүүлэгчдийн бүрэн эрхийн хүрээнд гаргасан" гэж нотлох баримт болон бодит байдлаас гажсан, хууль бус дүгнэлт хийсэн байна.

Хариуцагчид 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааныг ээлжит бус 7 дугаар хуралдаан гэж товлон зарлаж, хуралдуулсан мэтээр хуурамч тогтоолуудыг шүүхэд гаргаж өгсөн байхад шүүхээс 7 биш 6 дугаар хуралдаан хууль ёсны болсон мэтээр дүгнэсэн нь шүүх зөвхөн нэг талыг баримтлан хууль бус шийдвэр гаргасны илрэл юм.

Нэхэмжлэгч миний бие шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт болох видео бичлэгт /бичлэгт хийсэн үзлэг/ 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид болох А.М, Х.Ж, Б.О, Б.И, Ж.З нарын хамт Тэргүүлэгчдийн хуралдаан хийж байхад гаднаас Д.Е, С.А, И.Б, Х.Д, М.Ө, С.Д, Д.С, А.Т, Х.Д нар орж ирээд маргаан гаргаж, Тэргүүлэгчдийн хуралдааныг үймүүлж, хуралдуулахгүй байсан тэр өдөрт нь ямар нэгэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан болоогүй бөгөөд Тэргүүлэгч бид хурал хийж байхад Д.Е тэргүүтэй төлөөлөгчид ирж оройн 20 цаг хүртэл маргаан гаргаж байгаад тарцгааж явсан.

Бодит байдалд 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ямар ч хуралдаан болоогүй байсныг өөрсдөө нотлон харуулж байхад шүүх үүнийг анзаарахгүй байгаад гомдолтой байна.

2019 оны 09 дүгээр сарын 13, 14-ний өдрийн хуралдааныг ирц хүрээгүй тул хүчингүй хэмээн хуулийг буруу тайлбарлан шийдвэрлэсэн явдалд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү”,

Хариуцагч бөгөөд хариуцагч иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчиж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн маргаанд хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй нь талаас нь үнэлээгүй явдалд гомдолтой байна.

Анхан шатны шүүх нь 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хуралдсан Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас баталсан 01, 02, 03, 05, 06, 09, 10,11, 12, 13, 14 дүгээр тогтоол, Тэргүүлэгчдийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 67 дугаар тогтоолуудыг хүчингүй болгоогүй мөртлөө дан ганцхан С.Хуанышийг Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаас чөлөөлсөн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн маргаан бүхий 07 дугаартай тогтоолыг хүчингүй болгож байгаа нь зөвхөн О.Х-ийн эрх ашгийг хамгаалах үүднээс өрөөсгөл дүгнэлт хийсэн, нэг талыг барьсан илт хууль бус шийдвэр гэж үзэж байна.

Хуулийн дагуу явагдсан хуралдаанаас гарсан О.Х-ийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаас чөлөөлсөн тогтоолыг хүчингүйд тооцож байгаа нь эргэлзээтэй шийдэл гэж үзэж байна. Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын үүрэгт ажлаас нэхэмжлэгчийг чөлөөлөх болсон шалтгаан нөхцөлд анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй явдалд гомдолтой байна.

Анхан шатны шүүхээс О.Х*ийн ажилгүй байсан 3 сар 19 хоногт ногдох цалин хөлсний нөхөн олговрыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төсвөөс олгож байгаа нь хэрхэвч шударга ёсонд нийцэхгүй гэж үзэж байна.

Учир нь нэхэмжлэгч нь сумын Хурлын төсвийн шууд захирагчийн хувьд Төсвийн тухай хуулийг үйл ажиллагаандаа ягштал нарийн чанд сахин биелүүлэх үүрэгтэйгээс гадна өөрийн ажиллаж буй байгууллагын төсөвт элдэв дарамт үүсгэхгүй байх, төсвийг зүй бусаар зарцуулахгүй байх, төсвийг үр ашигтай зарцуулах зарчмыг үйл ажиллагаандаа хатуу мөрдлөг болгон ажиллах үүрэг бүхий албан тушаалтан юм. Гэтэл өнөөдөр нэхэмжлэгч нь үүрэгт ажлаа хийхээс татгалзан мөртлөө өөрийн удирдаж буй төсвөөс бага бус хэмжээний мөнгө авахаар улайрч байгаа нь буруу гэж үзэж байна.

Иймд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсгийг буюу нэхэмжлэгч О.Х-ийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан асуудлыг хүчингүйд тооцож, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч миний гомдлыг ханган шийдвэрлэж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

     ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлж, нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг бүрэн тодруулаагүй, маргааны үйл баримтад холбогдох дүгнэлтийг хийгээгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

Нэхэмжлэгч О.Х-аас “Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 11 дүгээр сарын 01-ний өдрийн хуралдааны “Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга О.Х-ийг чөлөөлөх тухай” тогтоолыг хууль бусд тооцуулж, хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэж ажиллагааны явцад “2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуралдааны “Хурлын даргыг чөлөөлөх тухай” 07 дугаар тогтоолыг хууль бусд тооцуулж, хүчингүй болгуулах” гэж тодруулж, “...2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаас гаргасан бүх тогтоолыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 67 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” гэж тус тус нэмэгдүүлжээ.

Нэхэмжлэгчээс дээрх нэхэмжлэлийн шаардлагуудын үндэслэлээ “...Ээлжит иргэдийн төлөөлөгчдийн хуралдааныг хууль бусаар хуралдуулж, хурлын дарга намайг оролцуулахгүйгээр чөлөөлсөн ... хуралдааныг төлөөлөгчдөд урьдчилан мэдэгдэхгүйгээр Д.Е болон өөрийгөө тойрон хүрээлүүлсэн хэдэн төлөөлөгчийн хамт хурал хийсэн”, “...2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралдаан болоогүй” гэж зөрүүтэй байдлаар тодорхойлжээ.

Гэтэл анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн эрх зүйн байдал, нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл нь тодорхой бус, зөрүүтэй байхад түүнийг тодруулж, маргааны үйл баримттай холбогдох нотлох баримтыг цуглуулан маргааны үйл баримтад хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй...”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасныг зөрчсөн байна.

Тодруулбал, гэрч К.Х, С.А, А.Т, Ш.Х, Н.Т, Д.С, Т.С нараас “...2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хуралдаан болсон...” гэж мэдүүлсэн, харин гэрч А.М, Ж.З, Х.Ж, Б.О, Б.И нараас “...тухайн өдөр хуралдаанаар ямар нэгэн асуудал хэлэлцэж, шийдвэрлээгүй ... Тэргүүлэгчдийн хуралдаан болоогүй” гэсэн илт зөрүүтэй мэдүүлэг өгсөн, гэрч У.С, С.Х, С.Т, А.С, Х.Ш, Р.А, Х.Ж нараас “...2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ямар нэгэн хуралдаан болоогүй гэж бодож байна ...хуралдаан болсон талаар сонсоогүй, мэдэх зүйл байхгүй” гэсэн энэ тохиолдолд уг гэрчийн мэдүүлгүүдийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй.

Мөн уг хэргийн хариуцагч болох С.Д, Х.Д, И.Б, М.Ө нараас авсан мэдүүлэг нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ”, 37.10.1-д “үүргээ гүйцэтгэх замаар хэргийн нөхцөл байдлыг мэдэх болсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч”-ийг гэрчээр дуудах болон мэдүүлэг авч болохгүй гэж заасныг зөрчсөн, нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэхгүй.

Түүнчлэн Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаан болоогүй, хурлын тэмдэглэлийг хуурамчаар үйлдсэн гэж маргаж байгаа тохиолдолд дан ганц хурлын тэмдэглэлийг үндэслэн хурал болсон гэж дүгнэх боломжгүй бөгөөд хурал болсон гэдгийг нотлох дуу, дүрсний бичлэг бүхий 3 ширхэг CD хэрэгт авагдсан байх боловч уг CD-үүд нь нотлох баримтын шаардлага хангахгүй, тодруулбал 2 ширхэг CD нь уншигдахгүй, 1 ширхэг CD дээрх хүмүүсийн яриа казах хэл дээр яригдсан нь ойлгомжгүй, энэ тохиолдолд хуульд заасны дагуу олсон нотлох баримт гэж үзэх үндэслэлгүй байна.

Дээр дурдсанаар анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг бүрэн тодруулж, үүнтэй холбоотойгоор маргаан бүхий 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуралдааны зарыг Хурлын Тэргүүлэгчдэд хэрхэн мэдэгдсэн, ямар байдлаар хүргэсэн, тухайн өдрийн хуралдаанд болсон эсэх, болсон бол хэлэлцэх асуудлын дагуу бүрэн хийгдсэн эсэхтэй холбоотой баримтуудыг цуглуулж, тухайн ойлгомжгүй байдлыг тодруулж, дүгнэлт өгөх нь зүйтэй.

Иймд дээрх ажиллагаа хийгдээгүй байхад давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад дүгнэлт өгч хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 14 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг буцаан олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Д.БАТБААТАР

                         ШҮҮГЧ                                                                         Н.ХОНИНХҮҮ

                         ШҮҮГЧ                                                                         Д.БААТАРХҮҮ