Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 110/ШШ2021/0002

 

             Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж, Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид Г.Сонинболор. Г.Янжиндулам нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

              Нэхэмжлэгч:Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын  ** дугаар багийн оршин суугч О.Х   нэхэмжлэлтэй;

              Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд болон Хурлын 2019 оны  10  дугаар сарын 31-ний өдрийн хуралдаан даргалагч, 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн анхдугаар хуралдаан даргалагчид тус тус холбогдох,

              Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  Тэргүүлэгчдийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний, 2019 оны 10 дугаар сарын 16-ны, 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрүүдийн хуралдаануудыг,  Хурлын ээлжит бус  2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн  хуралдааныг болоогүй   болохыг  тус тус тогтоох, мөн Тэргүүлэгчдийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 67 дугаар, 2019 оны 10 дугаар сарын  16-ны өдрийн 68 дугаар, 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 72, 73 дугаар тогтоолуудыг илт хууль бус болохыг тус тус тогтоох, Хурлын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаас гарсан бүх  тогтоолуудыг болон Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн анхдугаар хуралдааны 03 дугаар тогтоолыг  тус тус хүчингүй болгох, Хурлын даргын ажилд эгүүлэн тогтоох, 2019 оны 11 дүгээр сарын 01-ээс  2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч  О.Х, түүний өмгөөлөгч С.Н,  хариуцагч Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны  10  дугаар сарын 31-ний өдрийн хуралдаан даргалагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С, хариуцагч Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн анхдугаар хуралдаан даргалагч Б.Ж, иргэдийн төлөөлөгч С.А, шүүх  хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч О.Хаас  шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэсэн, тодруулсан тухай хүсэлтүүд болон шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа:

Миний бие О.Х 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгогдон ажиллаж  байна. Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Цагааннуур тосгоны захирагч Д.Е нь өөрийнхөө захирагчийн бүрэн эрх нь дуусаж байгаа учраас хувийн ашиг сонирхолтой хүмүүсээр сонгуулийн хороо байгуулан, уг сонгуулийн хороогоор өөрийгөө дахин захирагчаар сонгуулахын тулд дараах хууль бус ажиллагааг хийсэн.

Үүнд, ээлжит иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааныг хууль бусаар хуралдуулж, Хурлын дарга намайг оролцуулахгүйгээр чөлөөлсөн, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааныг өөрөө даргалж хууль зөрчсөн, ээлжит бус иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааныг төлөөлөгчдөд урьдчилан мэдэгдэхгүйгээр өөрийгөө тойрон хүрээлүүлсэн хэдэн төлөөлөгчийн хамт хуралдаан хийсэн, тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдааныг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хуульд заасан хугацаанд урьдчилан товлон зарлаагүйгээс гадна иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бэлтгэл ажил хийгдээгүй, хэлэлцэх асуудлын дараалал батлаагүй байсан юм.

Энэхүү хууль  бус хуралдаанаар Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга О.Х намайг чөлөөлсөн байна. Энэ талаар миний бие Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн газрын хяналтын  байцаагч А.Еркегүлээс олж мэдсэн.

Тодруулбал, Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Х.Ды хүчингүй болсон тамга тэмдэг ашигласан гэх гомдол  зөрчил шалган шийдвэрлэх  ажиллагааны явцад намайг Хурлын даргаас чөлөөлсөн тогтоолыг Цагааннуур тосгоны захирагч Д.Е нь хяналтын байцаагч А.Еркегүлд гаргаж өгсөн байна.

Үүнээс болж миний бие Хурлын даргын ажлыг хэвийн үргэлжлүүлж чадахгүй байдалд хүрч байгаа бөгөөд хууль журмын дагуу сонгуульт ажилдаа тогтвор суурьшилтай ажиллаж чадахгүйд хүрлээ.

Д.Еын даргалсан хуралдаанаар намайг Хурлын даргаас чөлөөлснөөс гадна өөр олон асуудлыг хэлэлцэж тогтоол гаргажээ. Хурлын дарга надад болон бусад төлөөлөгч, Тэргүүлэгчдэд мэдэгдэхгүйгээр хуралдаж, нууцаар гаргасан тогтоолуудыг зөвшөөрөх боломжгүй байна.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь холбогдох тооцоо, судалгаанд үндэслэж, холбогдох хууль журмын дагуу хуралдаж хамтын шийдвэрээр тогтоол гаргадаг юм.

Гэтэл хэсэг бүлэг төлөөлөгчид өөрсдийнхөө эрх ашгийн дагуу хууль бусаар хуралдаж тогтоол гаргаж ард иргэдийг хохироож байгаагийн зэрэгцээ Хурлын дарга, төлөөлөгч Тэргүүлэгчдийн эрх ашгийг зөрчиж байна.

Мөн Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуралдааны бүх шийдвэрүүд хууль бус, хуульд заасны дагуу иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын шийдвэрээр хуралдаан  зарлаагүй учраас  сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 09 дүгээр сарын 09, 2019 оны 10 дугаар сарын 16, 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрүүдийн, мөн Хурлын ээлжит 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаан болоогүй болохыг , Тэргүүлэгчдийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 67, 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 68, 2019 оны 10 дугаар сарын 23-ны  өдрийн 72, 73 дугаар тогтоолуудыг илт хууль бус болохыг тус тус тогтоож,  Хурлын ээлжит 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуралдааны бүх тогтоолуудыг хүчингүй болгож, Хурлын даргын ажилд эгүүлэн тогтоож, 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах  гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байгаа.

Учир нь, би Хурлын дарга байсан хугацаанд буюу 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр, 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр, 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ямар нэгэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаан болоогүй, би зохион байгуулаагүй, надад мэдэгдээгүй, би тэр Тэргүүлэгчдийн хуралдааныг удирдаагүй, гаргасан шийдвэрийг баталгаажуулаагүй байсан.

 Өөрөөр хэлбэл, шүүхэд маргаан үүссэний дараа иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Х.Д нь хариуцагч нартай хуйвалдаж хуурамчаар үйлдсэн тогтоолууд болно.

Хариуцагчаас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн анхдугаар хуралдааны 03 дугаар тогтоолтой  танилцаад урьд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар ихэсгэж байна.

Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн анхдугаар хуралдааны 03 дугаар тогтоолыг хууль бусад тооцож, хүчингүй болгуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг нэмж ихэсгэж байна.

Үндэслэл нь, Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн анхдугаар хуралдааны 03 дугаар тогтоолыг төлөөлөгчдөөр хэлэлцэж батлаагүй байсан ба уг тогтоолыг хуралдаан даргалагч хууль бусаар гаргаж миний эрх ашгийг зөрчсөн байх тул хүчингүй болгуулах талаар нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэж байна.

2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хуралдаан болоогүй гэдгийг маш олон гэрч нар нотолж байгаа. Тухайн өдөр бид нар хуралдааныг орхиж гараагүй. Хуралдаан Хурлын даргын өрөөнд болоогүй. Мөн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 14 цаг 10 минутад миний өрөөнд 21 төлөөлөгч цуглаж, би хуралдаанаа удирдаад явуулж байхад, маргаан гарсан учраас Хурлын дарга болон А.М, Б.О, Ж.З, Х.Ж, Б.И нар хуралдааныг орхиж гарсан гэж хуралдааны тэмдэглэлд тэмдэглэгдсэн байна.

2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр би хуралдааныг орхиж гарсан зүйл болоогүй. Тухайн өдрийн 07 дугаар тэмдэглэл нь өөрөө 3 хүний ашиг сонирхлын үүднээс гарсан. Цагааннуур тосгоны захирагч Д.Е нь өөрөө хуурамч тэмдэглэл хөтөлж, хуралдаан даргалж, би хуралдааныг орхин гарсан мэтээр гүтгэж, хуралдаан зарлаж,  сонгуулийн хорооны нэгдсэн хороо байгуулж 3 тогтоол гаргасан.

2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр тухайн үеийн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Б нь Ногооннуур сумын Засаг даргад хариуцлага тооцох асуудал байсан. Тухайн хариуцлагаас мултрахын тулд тухайн үеийн Засаг дарга К.Х бас оролцсон. 2019 оны 14 дүгээр тогтоолоор орон нутгийн орлогын давсан хэсгээс  өөртөө хуваарилах хэсгийг хуваарилж авч, эдгээр хүмүүс өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон. Энэ хэргийг үүсгэсний дараа шүүхэд 30-аад гэрч асуулгасан. Гэрч нарын зарим нь худал мэдүүлэг өгсөн.

 Тодруулж хэлбэл, К.Х  анх 2019 оны 02 дугаар сард гэрчээр мэдүүлэг өгөхдөө “... би Засаг даргын өрөөнд байхад, гаднаас төлөөлөгч нар орж ирээд хуралдааныг энэ өрөөнд хийе гэхэд, О.Х болон зарим төлөөлөгч нар хуралдааныг орхин гараад явсан” гэж мэдүүлсэн. Харин надад “би энэ асуудлыг огт мэдээгүй, сүүлд мэдсэн. Гэхдээ бид нар хуралдааныг тухайн өдөр үргэлжлүүлэн явуулсан” гэж хэлсэн.

Дараа нь 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр дахиж шүүхэд  мэдүүлэг өгөхдөө “... тухайн өдөр миний өрөөнд хуралдаан болсон. Тэр өдөр О.Х нь Д.Еад салаавч гаргаад гараад явсан” гэж хуралдаан  Засаг даргын өрөөнд болсныг өөрөө тодотгож хэлсэн байна. Тиймээс хуралдаан Хурлын даргын өрөөнд болоогүй гэдгийг гэрч К.Х баталж байгаа.

Д.С гэрчээр мэдүүлэг өгөхдөө “... би үдээс хойш Хурлын даргын өрөөнд очиход, 21 төлөөлөгч байсан. Тэр үед Д.Е О.Хийг дуудахад, О.Х ирээгүй болохоор Д.Е шууд хуралдааныг удирдаад явсан. Тэгээд бусад асуудлыг хэлэлцсэн ч, А.М гэдэг хүний асуудлыг хэлэлцээгүй” гэж мэдүүлсэн. Дараагийн мэдүүлэгтээ “... Засаг даргын өрөөнд хуралдаан болсон юм шиг байна” гэж тайлбар өгсөн. Д.С миний өрөөнд хуралдаан болоогүй гэдгийг баталж байгаа.

Дараагийн гэрч Ш.Х гэдэг хүн 2019 оны 02 дугаар сард өгсөн мэдүүлэгтээ “ ... бид нар Хурлын даргыг хараагүй, Хурлын дарга байгаагүй. Д.Е Хурлын даргыг утсаар дуудсан боловч Хурлын дарга ирээгүй. Тэгээд Д.Е шууд хуралдааныг удирдаад явсан. Бид нар баахан асуудлыг хэлэлцсэн ч орон нутгийн орлогын давсан хэсгийн асуудлыг хэлэлцээгүй. Баг гаргах асуудалд бид нар татгалзсан. А.Мыг төлөөлөгчөөс огцруулах асуудлыг хэлэлцээгүй” гэж мэдүүлсэн.

Дараагийн мэдүүлэг өгөхдөө Ш.Х нь Засаг даргын өрөөнд хуралдаан болсныг баталж, “... надад Х.Д өглөө утасдсан. Тэр үед Засаг даргын өрөөнд очиход, эхлээд намын бүлгийн хурал болно гэсэн. Тухайн өдөр дуудсан болохоор очсон” гэж тодотгож мэдүүлэг өгсөн. Гэхдээ тэмдэглэлд эдгээр хүмүүс А.Мыг төлөөлөгчөөс огцруулах асуудлыг хэлэлцэхэд саналыг дэмжсэн гэж тайлбарласан байна. Монгол Ардын намаас 15 төлөөлөгч, бие даагч 1 төлөөлөгч байсан. А.Мы асуудлыг хэлэлцээгүй гэж Ш.Х мэдүүлэг өгсөн, гэтэл тэмдэглэлд шийдвэрлэсэн мэтээр тусгасан.

Н.Т гэдэг гэрч 2019 оны 02 дугаар сард өгсөн гэрчийн мэдүүлэгтээ “... бид нар Хурлын даргыг хараагүй. Д.Е гадагшаа гарч ирээд, шууд хуралдааныг удирдсан. Гэхдээ хуралдааныг удирдаад явахдаа 4 төрлийн асуудлыг хэлэлцээгүй” гэсэн.

Гэтэл  дараагийн өгсөн мэдүүлэгтээ “... би Хурлын даргын өрөөнд болсон хуралдааныг ерөөсөө мэдэхгүй. Тэнд юу болсон талаар надад мэдэх зүйл байхгүй. Харин Засаг даргын өрөөнд болсон хуралдааныг мэднэ” гэсэн, “... хуралдаан хэзээ болсон бэ” гэж асуухад, “...Засаг даргын өрөөнд болсон, хуралдаан нь 2-3 хоногийн дараа болсон.  Тэр үед Засаг дарга К.Хт хариуцлага тооцох,  Хурлын дарга О.Хийг огцруулах асуудлыг хэлэлцсэн. Тэрнээс хойших хуралдааныг би мэдэхгүй” гэж хуралдаан нэг өдөр үргэлжилсэн мэтээр тайлбарласан.

А.Тилеухан гэдэг хүн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ “... би Хурлын даргын өрөөнд болсон хуралдаанд ерөөсөө оролцоогүй. Харин Засаг даргын өрөөнд болсон хуралдаанд оролцсон. Тэнд О.Х уучлалт гуйж ирвэл ажилд эгүүлэн томилъё гэж ярилцсан” мэтээр тайлбарласан.

Харин 2019 оны 02 дугаар сард өгсөн мэдүүлэгтээ “... 14, 15 цагийн үед Засаг даргын өрөөнд хуралдаан болсон. Тэр үед болсон хуралдаанд А.Мы асуудлыг огт шийдвэрлээгүй гэсэн. Тухайн хуралдаан хэзээ завсарласан бэ гэж асуухад, 17, 18 цагийн үед завсарласан” гэж  хэлж өгсөн.

Дараагийн гэрч Т.С  гэрчээр мэдүүлэг өгөхдөө “... 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Хурлын даргын өрөөнд хуралдаан эхэлсэн, тэр үед 21 төлөөлөгч байсан. О.Х хуралдааныг орхиж гараад явсан. Б.О, Ж.З, А.М нар байсан гэж тайлбарласан. Гэхдээ хэлэлцэх асуудлын хүрээнд А.М гэдэг хүний асуудлыг огт хэлэлцэж шийдвэрлээгүй. Гэхдээ хуралдаан 1 л өдөр үргэлжилсэн” гэж хэлсэн.

Б.Гүлжаухар гэдэг хүн 2019 оны 02 дугаар сард өгсөн гэрчийн мэдүүлэгдээ “... би Улаанбайшинтийн  банкны тооцооны төвд ажиллаж байсан. Тухайн өдөр Хурлын нарийн бичгийн дарга Х.Д өглөө утасдаад хуралдаан 10 цагт эхэлнэ гэсэн. Тэр үед амжиж очоогүй болохоор 13 цагт ажлаа дуусгаад 14 цагт Цагааннуурт очсон. Ногооннуур сумын төвд 16 цагт ирсэн. Миний хажууд хариуцагч Д.Е, Ж.Г, Тэргүүлэгч М.Ө нар байсан. Д.Е болон М.Ө машинаас буусан, Ж.Г бид хоёр  машинд байсан. Тэр хоёр Засаг даргын өрөөнд орсон. 30 минутын дараа Д.Е гүйж ирээд, О.Х намайг доромжиллоо гэж ярьж байсан. Гэхдээ бид нар О.Хийг хараагүй. Бид нар буугаад Засаг даргын өрөөнд ороход, тэр өрөөнд 10-аад хүн сууж байсан. О.Х, Ж.З, А.М, Б.О, Х.Ж нарыг бид нар хараагүй. Д.Е 16 цаг 30 минутын үед цаг орой болчихлоо гэж шууд хуралдааныг удирдаад явсан. Тэр үед олон асуудлыг хэлэлцэж байсан ч А.Мы асуудлыг шийдвэрлээгүй, хойшилсон. Төлөөлөгчийн ирц 100 хувь  бүрдсэний дараа энэ асуудлыг хэлэлцэнэ гэж хойшилсон” гэжээ. Гэтэл тэмдэглэлд А.Мы асуудлыг хэлэлцэхэд, Б.Гүлжаухар санал өгсөн мэтээр тооцож бичсэн байна.

Ж.Г гэдэг хүн гэрчээр мэдүүлэг өгөхдөө “... би Засаг даргын өрөөнд болсон хуралдаанд очсон. Хурлын даргыг бид нар хараагүй. Хурлын даргын өрөө цоожтой байсан. Хуралдаан болно гэж ярилцаж байх үед О.Х, А.М, Б.О, Д.С нарыг бид нар огт хараагүй,  хуралдаан нь 22 цаг хүртэл үргэлжилсэн, маргаашийн хуралдаанд бид нар огт оролцоогүй” гэсэн.

Б.И гэдэг хүн 2019 оны 02 дугаар сард өгсөн гэрчийн мэдүүлэгтээ “... 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр би эмнэлэгт хүн үзүүлэхээр яваад ирж байтал Ногооннуур сумын Засаг дарга К.Х над руу утасдаж, Монгол Ардын намын бүлгийн хурал хуралдана гэж хэлэхээр нь Засаг даргын өрөөнд очсон. Тэнд 10-аад хүн сууж байсан. Тэр үед бүлгийн хурал болно гэж ярьсан. Дараа нь хуралдаан үргэлжлэх мэтээр тайлбарласан болохоор би таслах эрхтэйгээр оролцоогүй, яваад өгсөн “ гэж мэдүүлсэн.  Б.И 2 дахь удаа гэрчийн мэдүүлэг өгөхдөө “... 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хуралдаан огт болоогүй. Тэр бол хуурамч зүйл” гэж мэдүүлсэн.

Х.Ж гэдэг хүнээс 2019 оны 02 дугаар сард гэрчийн мэдүүлэг авсан. Энэ хүн мэдүүлэгдээ “... би ямар нэгэн хуралдаанд оролцоогүй. Хурлын дарга О.Хийг бид нар хараагүй. Тухайн тогтоолд зурагдсан гарын үсэг миний гарын үсэг биш, О.Хийг ажлаас чөлөөлөхдөө би санал гаргаагүй” гэсэн. Гэтэл тэмдэглэлд Х.Ж О.Хийг ажлаас чөлөөлөхөд санал гаргасан мэт тайлбарласан.

Хуралдаан даргалагч Д.Е нь намайг  21 төлөөлөгчийн өмнө хуралдааныг орхин гарсан мэтээр тайлбарлаж байгаа. Би хуралдааныг орхин гарсан учраас эсрэг санал өгсөнд тооцож байгаа. Өөрөөр хэлбэл, хуралдаан даргалж байгаа учраас хуралдааны тэмдэглэлд 01, 02, 03, 04, 05, 06, 07, 08, 09, 10 нийт тогтоолыг 22 цаг хүртэл гаргасан. Маргааш нь хуралдааныг дахиад үргэлжлүүлэхээр болсон. 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Засаг даргын өрөөнд 16 төлөөлөгч дахин цугларч баг гаргах асуудал, орон нутгийн давсан хэсгийг хуваарилах, Засаг дарга К.Хт хариуцлага тооцох асуудлуудыг хэлэлцэж, 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 15 цаг 30 минутад хуралдааныг өндөрлөсөн гэж хурлын тэмдэглэлийг хөтөлсөн Х.Д, хуралдаан даргалагч Д.Е нар шүүхэд нотлох баримтаар 30 хэдэн хуудас баримт өгсөн байна. Д.Е тэр үед би О.Хт “... хуралдаанд ир “гэж мессеж бичсэн гэсэн.  Д.Е надад мессеж бичсэн нь үнэн. Мөн 14 тогтоолд гарын үсэг зурсан маань ч үнэн гэж мэдүүлэг өгсөн байна.

Тэргүүлэгч И.Б2019 оны 02 дугаар сард өгсөн гэрчийн мэдүүлэгтээ “... хуралдааны үед Хурлын дарга О.Х байгаагүй. Хуралдааны эхэн үед Тэргүүлэгч нар та нар хууль бус хуралдаан зарласан байна “гэж яваад өгсөн. Дараа нь хуралдаан хаана болсныг хэлээгүй. Гэхдээ хуралдаанаас Ж.З, А.М, Б.О нар гараад явсан юм шиг байна” гэж мэдүүлсэн.

2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хуралдаан болоогүй гэдгийг батлахаар шүүхэд 2 СД бичлэг гаргаж өгсөн байгаа. Тухайн өдөр төлөөлөгч нарын хуралдаан биш Тэргүүлэгч нарын хуралдаан болох гэж байсан. 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр тухайн үеийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Б надад Ногооннуур сумын Засаг даргад хариуцлага тооцох тухай албан тоот явуулсан. Бид нар 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Хурлын нарийн бичгийн дарга Х.Дд үүрэг өгч, Тэргүүлэгч нарыг хуралдуулах ёстой байсан. Гэтэл Х.Д байхгүй байсан. Тэр өдөр миний өрөөнд А.М, Ж.З, Б.О, Х.Ж нар байсан. Тэгээд Х.Д аймагт байгаа учраас 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хуралдуулъя  гэсэн. 2019 оны 10 дугаар сарын 31-ний Хурлын даргын өрөөнд очингуут  гаднаас Д.Е, И.Бахытбек, М.Ө, С.Делегат, Х.Д, С.Аманжол, Д.С, Т нар орж ирээд   “... Тэргүүлэгч нарт бид нар шийдвэр гаргуулахгүй” гэж маргаан үүсгэж байсан. Тэр үед би цагдаагийн тусламж авч,  цагдаа ирээд тараасан.

 Тухайн өдрийн хуралдааны тогтоолуудад миний гарын үсэг байхгүй учраас тухайн тогтоолууд хуурамчаар үйлдэгдсэн. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөхийг хүсэж байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тухайн өдрийн хуралдааны тогтоолууд илт хууль бусад  тооцуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргахад хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй байдаг. Илт  хууль бусад тооцуулахаар 4 төрлийн Тэргүүлэгчдийн тогтоолыг дурдсан байгаа. 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн  67, 2019 оны  10 дугаар сарын 16-ны өдрийн 68, 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 72, 73 дугаар тогтоолуудыг илтэд хууль бус болохыг тогтоож өгнө үү гэсэн шаардлага гаргасан.

Уг хууль бус тогтоолууд гарснаар хууль бус хуралдаан хийгдсэн гэж тайлбарлаж байгаа. Тэргүүлэгчдийн тогтоолыг хэн яаж хэрхэн, хуралдуулах вэ гэдгийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-д “ тухайн Хурлын ээлжит болон ээлжит бус хуралдааныг товлон зарлах, бэлтгэлийг хангах саналыг Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх” нь Хурлын даргын бүрэн эрхийн асуудал гэж тусгасан. Энэ эрхийг зөвхөн Хурлын дарга эдэлдэг. Хурлын дарга Тэргүүлэгч нарт хуралдаан товлон зарлах асуудлыг оруулж, шийдвэрлүүлээгүй байхад нэр дурдсан хэдэн Тэргүүлэгчид нийлж хуралдаан хийсэн болж, тогтоол гаргаж, тухайн тогтоолд өөрсдөө гарын үсэг зурж баталгаажуулсан. Хуулийн 22.1.1, мөн Хурлын тогтоолд тавигдах хуульд заасан шаардлага болон Хурлын Тэргүүлэгчдийн Хурлын даргын сонгох, чөлөөлөх тогтоолд хуралдаан даргалагч тус тус гарын үсэг зурна гэж заасныг зөрчиж байгаа.

 Энэ нь захиргааны акт илт хууль бус болох нөхцөл байдлыг бүрдүүлж байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2-д “бичгээр гаргасан захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй” гэсэн нь илт хууль бус болохыг тогтоож байгаа. Хурлын дарга Тэргүүлэгчдийн хуралдааныг хуралдуулж,  гарсан тогтоолыг албажуулах эрхтэй байдаг. Хурлын даргын бүрэн эрхийн асуудалд халдаж, Тэргүүлэгчид хуралдаж, хуурамч тогтоол гаргаж, түүнд Тэргүүлэгчид гарын үсэг зурсан асуудал хуульд заасан хэлбэрийн шаардлага, тухайн актыг гаргах эрх бүхий байгууллага өөрөөр хэлбэл, гаргасан байгууллага нь тодорхой бус болж байна. Тэргүүлэгчдийн тогтоол нь өөрөө илт хууль бус захиргааны акт мөн байна.

Хоёрдугаарт, 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хуралдаан болсон, болоогүй гэдэг асуудал байгаа. 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан болоогүй болохыг тогтоож өгнө үү гэсэн шаардлага гаргаснаар дараах нотлох баримтуудаар нэхэмжлэлийн шаардлага тогтоогдож байна.

Тухайн хуралдаанд оролцсон Тэргүүлэгч, төлөөлөгч нар 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хуралдаан болсон, болоогүй талаар өөр өөрсдийн мэдүүлгээ өгч байсан. Гэхдээ шүүх болсон болоогүйг тогтоохын тулд хөндлөнгийн бусад нотлох баримтыг харгалзан үнэлэх ёстой. Аль төлөөлөгч  худлаа ярьж, аль төлөөлөгч  үнэн ярьж байна гэдгийг харгалзан үзэх ёстой.

Хөндлөнгийн нотлох баримтын хувьд 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр шинээр 2019 оны 09 дүгээр сарын 13,14-ний өдөр томилогдсон Тэргүүлэгчид Хурлын даргын өрөөнд хуралдаж байх үед гаднаас хуучин Тэргүүлэгчид орж  ирээд хэрүүл маргаан гаргаж байсан. Энэ хугацаа нь 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хуралдаан болсон өдөр гэж байгаа. Тэр үеийн маргаан үл ойлголцох асуудал Хурлын даргын өрөөнд орой нь 20 цаг хүртэл үргэлжилсэн. Тухайн үл ойлголцох асуудал таслан зогсох шинжгүй байсан учраас цагдаа дуудсан асуудал байгаа. Тухайн өдрийн цагдаагийн гэрчийн мэдүүлгийг авч үзэх ёстой.

Хэрэгт авагдсан үзлэгийн тэмдэглэлд Тэргүүлэгчдийн хуралдаан болох гэж байхад хуучин Тэргүүлэгч нар гаднаас орж ирээд, хэрүүл хийж, янз бүрийн асуудал шаардлага тавьсан гэдэг асуудал  байгаа. О.Хийн өрөөнд байсан, О.Х өөрийнхөө гар утсаар бичлэг хийж авсан. Тэр бичлэгт үзлэг хийсэн байгаа. Уг бичлэгийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Уг бичлэгээр 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр юу болсон бэ гэдэг нь харагдаж байгаа.

2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Хурлын даргыг чөлөөлсөн, А.Мы асуудлыг хэлэлцсэн, өөр бусад асуудлын талаар хэлэлцсэн зүйл огт болоогүй. Тухайн хуралдааныг даргалагч Д.Е төлөөлөгчийн бичсэн мессеж байгаа. Уг мессежийг бид нар шүүх хуралдааны үед гаргаж өгөөд Д.Еаас “...ийм мессеж бичсэн чинь үнэн юм уу” гэдгийг тодруулж асуухад,  Д.Е нь “...2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр би О.Хийг дуудаж, мессеж бичсэн маань үнэн” гэдгийг өөрөө хүлээн зөвшөөрсөн.

 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ямар нэгэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан болоогүй. Харин Д.Е тэргүүтэй төлөөлөгчид 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хуралдаан хийх гэж Хурлын даргыг дуудахад Хурлын дарга очоогүй. Хурлын дарга очоогүй шалтгаан нь энэ хуралдаан Тэргүүлэгчдээр товлогдон зарлагдаагүй, хэлэлцэх асуудлыг урьдчилж бусад төлөөлөгчдөд  танилцуулаагүй байсан.

 Яагаад гэвэл, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан хийх ямар ч боломжгүй  байсан. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан гэдэг нь товыг Тэргүүлэгчид товлон зарлаж, хэлэлцэх асуудлын дарааллыг баталж, төлөөлөгчдөд тооцоо судалгаатайгаар 1 хоногийн өмнө танилцуулсан байх ёстой. Гэтэл ийм нөхцөл байдлыг хангаагүй нөхцөлд  2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдах ямар ч боломжгүй гэдгийг О.Х мэдээд очоогүй. Гэтэл О.Х очоогүйг далимдуулж 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр өөрсдөө баахан тогтоол гаргачхаад үүнийг 11 дүгээр сарын 31-ний өдөр гэж нөхөж бичсэн асуудал байгаа. Хариуцагч Б.Ж ч тайлбартаа “... иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Д дандаа гартаа байгаа тамгыг ашиглаж  хууль бус юм хийдэг” гэдгийг хэлж байна.

2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хуралдаан болсон гэдгийг хэлсэн,  Д.Еын ойр дотнын хэдэн төлөөлөгч нар байна. Эдгээр хүмүүсийн өгсөн мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүтэй. Иймээс 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ямар нэгэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан болоогүй гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа учраас тухайн өдөр хуралдаан болоогүй гэдгийг тогтоож өгнө үү гэсэн шаардлагаа гаргаж байна.

 Хууль бус нөхөж гаргасан маш олон тогтоолуудыг хүчингүй болгож өгөөч гэсэн шаардлага мөн гаргаж байгаа. О.Хийг Хурлын даргын албан тушаалаас чөлөөлсөн. 2019 оны 09 дүгээр сарын 13, 14-ний өдөр хийсэн хуралдаан, Тэргүүлэгчдийг өөрчилсөн,  дэг баталсан асуудлуудыг хэлэлцэж, 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр тогтоол гаргасан мэтээр хуурамч тогтоолуудаар Хурлын даргын бүрэн эрхийг үгүйсгэсэн асуудал гаргаж ирсэн. 2019 оны 09 дүгээр сарын 13, 14-ний өдөр гарсан зарим тогтоолуудыг хүчингүй болгосон асуудал, зарим нэгэн төлөөлөгчийг  огцруулсан асуудал гаргаж ирсэн.

Хурлын даргын тухайн хуралдааныг хууль журмын дагуу хуралдуулах, хууль журмын дагуу Хурлаас  тогтоол гаргах  эрх ашиг сонирхол нь ноцтой зөрчигдсөн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлахдаа захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа бүрэн эрхийн хугацаа дууссан. Тогтоолуудын биелэлт нь хэрэгжээд дууссан гэж ярьж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д “захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоож” шийдвэрлэж болно гэж заасан. О.Хийг хууль бусаар чөлөөлөөгүй байсан бол 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл Хурлын даргын ажлаа хийх ёстой байсан.

Тухайн хуралдаанаас гарсан тогтоолууд хэрэгжээд дууссан гэж байгаа бол О.Хийг чөлөөлсөн нь хууль бус байсан. О.Хийг огцруулсан тогтоолыг хүчингүй болгож, О.Хийн зөрчигдсөн эрх ашгийг хангах үүднээс цаашид хууль бус байсан асуудлыг тогтоох нэг үндэслэл нь 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хуралдаан болоогүй байхад тухайн тогтоолуудыг хүчингүй болгохоос өөр аргагүй.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-д “Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэж заасан. 

Хурлын даргыг огцруулах асуудлыг урьдчилж төлөөлөгч нарт танилцуулаагүй мөн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр  хэлэлцэгддэг бүх асуудлыг төлөөлөгчдөд танилцуулаагүй, тараагаагүй байсан учраас 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ямар ч асуудлыг хэлэлцэх боломжгүй байсан. Энэ нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-д заасныг зөрчсөн учраас 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гарсан бүх тогтоолууд хууль бус байсан болохыг тогтоож өгөхийг хүсэж байна. 

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилд эгүүлэн тогтоох, цалин хөлстэй холбоотой асуудлыг ярьж байгаа боловч О.Хийг 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн анхдугаар хуралдаан хүртэлх хугацаанд түүний цалин хөлс авах эрх нь нээлттэй байгаа. О.Хийн цалин хөлсний тодорхойлолтыг нягтлан бодогчийн тооцоолсноор 1 сарын цалин хөлс нь 1266546 төгрөг байгаа. 2019 оны  11 дүгээр сарын 01-ний өдрөөс, 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд тооцож, Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргуулан шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.

Мөн өнөөдөр нэхэмжлэлийн шаардлага ихэсгэсэн  2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 03 дугаар тогтоолын талаар ярихад, нэгэнт хариуцагч тухайн хуралдааныг даргалагч Б.Ж “... өөрөө хуралдаанаар ийм асуудал хэлэлцээгүй. Хурлын дарга О.Хийг 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр чөлөөлсөн талаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй. Энэ хууль бус тогтоол байна” гэж хүлээн зөвшөөрч байгаа учраас нэмж тайлбар хэлэх шаардлагагүй.

Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаан даргалагч  Д.Еаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны орон нутгийн ээлжит сонгуулиар төлөөлөгчөөр 27 хүн сонгогдсон. 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хуралдсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаар төлөөлөгчдийн бүрэн эрхийг нь зөвшөөрч, Хурлын даргаар Д.Тийг, Хурлын Тэргүүлэгчээр биднийг оролцуулан 7 хүнийг сонгосон. Эдгээр Тэргүүлэгчид одоог хүртэл бүрэн эрхээ хэрэгжүүлэн ажиллаж байна.

2019 оны 02 дугаар сарын эхээр Д.Т нас барж, 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Хурлын даргаар О.Х шинээр сонгогдон ажиллаж байсан. Тэргүүлэгчдийн болон төлөөлөгчдийн хуралдааныг Хурлын ажлын алба зохион байгуулах журамтай. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааныг  Хурлын Тэргүүлэгчид товлон зарлах тухай заасан. Хурлын дарга нь Тэргүүлэгчдийн болон төлөөлөгчдийн хуралдаанаас гаргасан төлөөлөгч, Тэргүүлэгчдийн хамтын шийдвэр тогтоолд  гарын үсэг зурах эрх бүхий албан тушаалтан юм.

Гэтэл Хурлын дарга О.Х нь төлөөлөгч, Тэргүүлэгчдээс гарсан шийдвэрийг биелүүлэхийн оронд эрх мэдлээ хэтрүүлэн өөрөө дур мэдэн төлөөлөгчдийн хуралдааныг хууль бусаар зохион байгуулах, Тэргүүлэгчдийн болон төлөөлөгчдийн өмнөөс өөрөө дур мэдэн тогтоол гаргаж, Хурлын ажлын албаны болон Тэргүүлэгчдийн эрх ашгаар тоглох, төлөөлөгчдийг хэл амаар доромжлох зэрэг ёс зүйн ноцтой зөрчлүүдийг гаргасан.

Тухайлбал, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 6 дугаар хуралдааныг 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хуралдуулахаар товыг зарласан. Мөн өдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дэс дарааллыг баталсан байна. 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хуралдаж, дээрх зарлагдсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 6 дугаар хуралдааны хугацааг хойшлуулан 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр сумын төвд хуралдуулахаар товлон зарлаж Тэргүүлэгчдийн хүчин төгөлдөр шийдвэрийг гаргасан юм.

Уг хуралдаанд Хурлын дарга О.Х оролцсон боловч санал зөрүүтэй байсан учир хуралдааныг орхин гарсан. Тэргүүлэгчдийн олонхийн саналаар үргэлжлүүлэн хуралдаж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 6 дугаар хуралдааныг хойшлуулах тухай хууль ёсны 67 дугаар тогтоолыг гаргасан байхад Хурлын дарга О.Х нь эрх мэдлээ хэтрүүлэн өөрөө дур мэдэн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хуралдаанд оролцвол зохих 27 төлөөлөгчөөс өөрийгөө тойрон хүрээлүүлсэн 10 төлөөлөгчийг оролцуулан 37 хувийн ирцтэйгээр, 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хуралдаанд оролцвол зохих 27 төлөөлөгчөөс 13 төлөөлөгчийг оролцуулан 48 хувийн ирцтэйгээр хууль зөрчиж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааныг хууль бусаар  2 удаа зохион байгуулсан.

О.Х нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаар хууль ёсны Тэргүүлэгчээр сонгогдсон ажил үүргээ гүйцэтгэж яваа 5 Тэргүүлэгчийг төлөөлөгчдийн өмнөөс 2019 оны 09 дүгээр сарын 13,  14-ний өдрүүдээр “Тэргүүлэгчээс чөлөөлөх тухай” хууль бус 02 дугаар тогтоолыг гаргаж, Тэргүүлэгчдийн эрхэнд халдаж хурлын байгууллагын тасралтгүй ажиллах жигд ажиллагааг алдагдуулсан. Мөн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид хуралдаж байхад хуралдааныг орхин гарч, Тэргүүлэгчдийн өмнөөс мөн өдрөөр Хурлын ажлын албаны даргыг ажлаас халсан  хууль бус 07 дугаар тогтоолыг өөрөө дур мэдэн гаргаж ажлын албаны даргын эрхэнд халдсан.

Хурлын дарга О.Хийн гаргасан дээрх хууль бус үйлдэл, зөрчлүүдийг төлөөлөгч гишүүд өөрт нь хэлж сануулсаар байхад гаргасан зөрчлөө ухамсарлан хүлээж авахын оронд урдаас нь тайлбар ярьж, эсэргүүцэл үзүүлж төлөөлөгч гишүүдийг хэл амаар доромжилсон, төлөөлөгч надад салаавч гаргасан зэрэг ёс зүйн ноцтой зөрчлүүдийг гаргасан. 

  Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 6 дугаар хуралдааныг дахин авч хэлэлцээд хууль бус хуралдаан болсон гэж үзээд төлөөлөгчдийн ээлжит бус долоодугаар хуралдааныг 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хуралдуулахаар товыг зарласан. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 3 удаагийн хүчин төгөлдөр шийдвэрээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  хуралдааныг 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хуралдуулахаар товлон зарласан байхад Д.Е 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хууль бус хуралдаан зохион байгуулсан гэсэн байна.

2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ээлжит бус долоодугаар хуралдаанд оролцсон Хурлын дарга О.Х уг хуралдааныг цааш нь үргэлжлүүлэхээс татгалзаж, хуралдааныг орхин гарсан тул хуралдаанд оролцсон төлөөлөгчид хуралдааныг үргэлжлүүлэн хуралдуулах нь зүйтэй гэж үзээд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч буюу Тэргүүлэгч гишүүн намайг  хуралдаан даргалагчаар  томилж, миний бие уг хуралдааныг удирдсан  юм.

2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн төлөөлөгчдийн ээлжит бус долоодугаар хуралдаанаар Хурлын даргаар ажиллаж байсан О.Хийн гаргасан зөрчил ёс зүйн асуудлыг авч хэлэлцээд хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 93.7 хувийн саналаар О.Хийг Хурлын даргын ажлаас чөлөөлөх тухай мөн өдрийн хүчин төгөлдөр 07 дугаар тоот тогтоолыг гаргасан. Үүнийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гарсан “Хурлын даргыг чөлөөлөх тухай” 07 дугаар тогтоол нотолно.

Иймд миний бие Хурлын даргаар ажиллаж байсан О.Хийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байгаа тул уг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

Хариуцагч Д.Еын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 О.Х нь нэхэмжлэлийн шаардлагадаа Хурлын даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжилж  байна. О.Хийг ажилд эгүүлэн тогтоох боломжгүй. Хурлын даргын бүрэн эрхийн хугацаа 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр дууссан.

Одоо Хурлын даргаар М.Т гэдэг хүн сонгогдож, хуралдаан даргалагч Б.Ж энд сууж байна. О.Хийг ажилд эгүүлэн тогтоох нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй.

Хоёрдугаарт, цалин нэхэмжилж байна. Төрийн албаны тухай хуульд зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна гэж заасан. Ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоосон байвал Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг ажил олгогчоос гаргуулах үүрэг байгаа. Ажилд нь эгүүлэн тогтоогоогүй хүний цалин хөлсийг гаргуулан гэдэг асуудал эргэлзээтэй. Төрийн албаны тухай хуульд цалин хөлсийг төлүүлэх талаар нарийвчилсан заалт байхгүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлд өмнөх ажилд нь эгүүлэн тогтоосон бол 69.1-д заасныг баримтлаад ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах ёстой. О.Хийг ажилд эгүүлэн тогтоогоогүй учраас ажилд эгүүлэн тогтоох тухай нэхэмжлэлийн шаардлага нь хэрэгсэхгүй болно гэж бодож байгаа. Тийм учраас цалингийн асуудал шийдвэрлэх эрх зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна.

Гуравдугаарт, олон тогтоолуудыг ярьж байгаа. Энэ шаардлагуудыг шүүх хүлээн авахаас татгалзаад хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай байна. Захиргааны хэргийн шүүхийн онцлог нь төрийн болон албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас болж тухайн хүний эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн байх  ёстой. Зөрчигдөж болзошгүй байх  ёстой. Тухайн тогтоолуудаас болж О.Хийн ямар эрх ашиг сонирхол нь зөрчигдөж байгаа вэ. Тиймээс бусад шаардлагуудыг хүлээн авахаас татгалзах ёстой.

Сумын Засаг даргаар ажиллаж байсан К.Х, А.М, Хурлын нарийн бичгийн дарга Х.Д нарын асуудлыг ярьж байна. Тэдгээр хүмүүс энд ямар ч хамааралгүй. Тухайн бүх тогтоол бүгд хэрэгжээд дууссан.  А.Мыг огцруулснаар О.Хийн ямар эрх ашиг сонирхол нь сэргээгдэх юм вэ, Ногооннуур сумын Хурлын даргаар ажиллаж байсан Т гэдэг хүн өвчний улмаас 2019 оны 5 дугаар сард нас барсан. О.Х 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Хурлын даргаар сонгогдсон.

Тэгээд өөрөөсөө бусад Тэргүүлэгчдийг 2019 оны 9 дүгээр сард хуралдаан хийж, бүгдийг чөлөөлсөн. Тэгээд өөрийг нь хамгаалах хүмүүсийг Тэргүүлэгчээр сонгосон. Энэ асуудлаас болж үл ойлголцол бий болж, маргах асуудал гарсан. О.Х өөрийнхөө зарласан хуралдааныг өөрөө орхиод явсан байгаа. Өөрийнхөө хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн талаар үндэслэлтэй нэхэмжлэл гаргах ёстой. Тиймээс ажилд эгүүлэн тогтоох, цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, бусад нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэхийг хүсэж байна гэв.

Хариуцагч орон нутгийн 2016 оны сонгуулийн үр дүнгээр бүрдсэн Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн шүүхэд ирүүлсэн тайлбарт:

Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны орон нутгийн ээлжит сонгуулиар төлөөлөгчөөр 27 хүн сонгогдсон. 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хуралдсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаар төлөөлөгчдийн бүрэн эрхийг нь зөвшөөрч, Хурлын даргаар Д.Тийг, Хурлын Тэргүүлэгчээр биднийг оролцуулан 7 хүнийг сонгосон.Эдгээр Тэргүүлэгчид одоог хүртэл бүрэн эрхээ хэрэгжүүлэн ажиллаж байна.2019 оны 02 дугаар сарын эхээр Д.Т нас барж, 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Хурлын даргаар О.Х шинээр сонгогдон ажиллаж байсан. Тэргүүлэгчдийн болон төлөөлөгчдийн хуралдааныг Хурлын ажлын алба зохион байгуулах журамтай. Хурлын дарга нь Тэргүүлэгчдийн болон төлөөлөгчдийн хуралдаанаас гаргасан төлөөлөгч, Тэргүүлэгчдийн хамтын шийдвэр тогтоолд  гарын үсэг зурах эрх бүхий албан тушаалтан юм.

Гэтэл Хурлын дарга О.Х нь төлөөлөгч, Тэргүүлэгчдээс гарсан шийдвэрийг биелүүлэхийн оронд эрх мэдлээ хэтрүүлэн өөрөө дур мэдэн төлөөлөгчдийн хуралдааныг хууль бусаар зохион байгуулах, Тэргүүлэгчдийн болон төлөөлөгчдийн өмнөөс өөрөө дур мэдэн тогтоол гаргаж, Хурлын ажлын албаны болон Тэргүүлэгчдийн эрх ашгаар тоглох, төлөөлөгчдийг хэл амаар доромжлох зэрэг ёс зүйн ноцтой зөрчлүүдийг гаргасан.

       Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 6 дугаар хуралдааныг дахин авч хэлэлцээд хууль бус хуралдаан болсон гэж үзээд төлөөлөгчдийн ээлжит бус долоодугаар хуралдааныг 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хуралдуулахаар товлон зарлаж Тэргүүлэгчдийн хүчин төгөлдөр шийдвэрийг гаргасан байхад  Хурлын дарга О.Х нь эрх мэдлээ хэтрүүлэн өөрөө дур мэдэн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хуралдаанд оролцвол зохих 27 төлөөлөгчөөс өөрийгөө тойрон хүрээлүүлсэн 10 төлөөлөгчийг оролцуулан 37 хувийн ирцтэйгээр, 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хуралдаанд оролцвол зохих 27 төлөөлөгчөөс 13 төлөөлөгчийг оролцуулан 48 хувийн ирцтэйгээр хууль зөрчиж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааныг хууль бусаар дахин дахин зохион байгуулсан.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 6 дугаар хуралдааныг 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хуралдуулахаар товыг зарласан. Мөн өдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дэс дарааллыг баталсан байсан.  2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид бид хуралдаж дээрх зарлагдсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 6 дугаар хуралдааны хугацааг хойшлуулан 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр сумын төвд хуралдуулахаар товлон зарлаж Тэргүүлэгчдийн 67 дугаар шийдвэрийг гаргасан болно. 

Уг хуралдаанд Хурлын дарга О.Х оролцсон боловч санал зөрүүтэй байсан учир хуралдааныг орхин гарсан. Тэргүүлэгчдийн олонхийн саналаар үргэлжлүүлэн хуралдаж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 6 дугаар хуралдааныг хойшлуулах тухай хууль ёсны 67 дугаар тогтоолыг гаргасан.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааныг  Хурлын Тэргүүлэгчид товлон зарлах тухай заасан байдаг. Хурлын дарга нь Тэргүүлэгчдийн  хамтын шийдвэр тогтоолд гарын үсэг зурах эрх бүхий албан тушаалтан юм.

Иймд 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 67 дугаар тогтоол хуулийн дагуу гарсан гэж үзэж байгаа гэжээ.

Хариуцагч Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны анхдугаар хуралдаанаар сонгогдсон Тэргүүлэгчдээс нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэсэнтэй холбогдуулан гаргасан тайлбарт:

2019 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн 67 дугаар тогтоол, 2019 оны 10 дугаар сарын 16-ны  өдрийн 68 дугаар тогтоол, 2019 оны 10 дугаар сарын 23-ны  өдрийн 72, 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 73 дугаар тогтоолтой танилцаж дараах тайлбарыг гаргаж байна.

Өмнөх Тэргүүлэгчид 2019 онд Тэргүүлэгчдийн хуралдаанаас 67, 68, 72, 73 дугаар тогтоолуудыг гаргасан байна, уг шийдвэрүүдийн талаар бид сайн мэдэхгүй учраас асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү  гэжээ.  

Хариуцагч Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн анхдугаар хуралдаан даргалагч Б.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Ногооннуур сумын анхдугаар хуралдаан болсон. Тэр үед ахмад настан гэж хуралдааныг надаар удирдуулсан. Гэхдээ уг хуралдаанаар 03 дугаар тогтоолын талаар танилцуулаагүй. Тухайн өдөр миний бие хуралдааны нээлтийг хийсэн,  Хурлын дарга О.Хын асуудал шүүхэд маргаантай явж байгаа учраас 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн ажлаас чөлөөлж, дараагийн Хурлын даргыг сонгох ажилд оролцоно гэж Хурлын нарийн бичгийн дарга Х.Д танилцуулсан. Гэхдээ төлөөлөгчид Хурлын даргыг чөлөөлөх талаар  хэлэлцээгүй, тогтоол батлан гаргаагүй.  2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хуралдсан анхдугаар хуралдаанаас гарсан 03 дугаар тогтоолыг хүчингүй болгохыг хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт:

Миний бие О.Хийн нэхэмжлэлтэй Ногооннуур сумын  иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдаанд оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд нэхэмжлэгч О.Хийг оролцуулахгүйгээр зохион байгуулсан. Уг хуралдаан болох талаар нэхэмжлэгч О.Хт урьдчилан мэдэгдээгүй. Уг хуралдан нь  заасан хугацааны дагуу болоогүй, хуралдааны  дараалал батлагдаагүй, хууль бусаар зохион байгуулж, нэхэмжлэгч О.Хийг ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцсэн.

 Тийм учраас хариуцагч талын хүмүүс өөрсдийнхөө ашиг сонирхлын төлөө хууль бус ямар ч үндэслэлгүйгээр нэхэмжлэгч О.Хийг ажлаас нь чөлөөлсөн байна гэж дүгнэлээ гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

              Нэхэмжлэгч О.Х нь Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд болон Хурлын 2019 оны  10  дугаар сарын 31-ний өдрийн хуралдаан даргалагч, 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн анхдугаар хуралдаан даргалагчид тус тус холбогдуулан Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  Тэргүүлэгчдийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний, 2019 оны 10 дугаар сарын 16-ны , 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрүүдийн хуралдаанууд, мөн  Хурлын   2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ээлжит бус 7 дугаар хуралдаан болоогүй болохыг  тогтоох (1), Тэргүүлэгчдийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 67 дугаар, 2019 оны 10 дугаар сарын  16-ны өдрийн 68 дугаар, 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 72, 73 дугаар тогтоолуудыг илт хууль бус болохыг тогтоох (2), Хурлын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаас гарсан бүх тогтоолуудыг болон Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн анхдугаар хуралдааны 03 дугаар тогтоолыг  хүчингүй болгох (3), Хурлын даргын ажилд эгүүлэн тогтоох (4), 2019 оны 11 дүгээр сарын 01-ээс  2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах (5) тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

              Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг болон хэргийн оролцогчдын тайлбарыг үндэслэн нэхэмжлэгчийн гаргасан шаардлагуудыг дараах байдлаар шийдвэрлэлээ. Үүнд,

Нэг.  Холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах  тухайд:

              Нэхэмжлэгч нь Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний, 2019 оны 10 дугаар сарын 16-ны, 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрүүдийн хуралдаанууд, мөн Хурлын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ээлжит бус хуралдаан болоогүй болохыг  тогтоох шаардлагыг  тус  захиргааны хэргийн шүүхэд гаргасныг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т тус тус зааснаар “...захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” маргаан гэж үзэн  холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,  хүлээн авахаас татгалзаж  нь зүйтэй гэж үзлээ. Учир нь,

               Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т заасан  ““Захиргааны акт” гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан бөгөөд “хуралдаан” гэдэг нь хуулийн дээрх ойлголтод хамаарахгүй, тодруулбал, “хуралдаан” нь дангаараа “гадагш чиглэсэн”, “тодорхой нэг тохиолдлыг зохицуулсан” буюу тодорхой этгээдэд, тухайлбал, нэхэмжлэгчид чиглэсэн эрх зүйн шууд үр дагаврыг үүсгэхгүй тул захиргааны актын үндсэн шинжийг агуулаагүй байна.

              Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т “Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна” гэж заасан, тодруулбал,  хуралдаан нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  шийдвэр гаргах ажиллагаа юм.

              Түүнчлэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дах хэсэгт  захиргааны хэргийн шүүхээс гарах шийдвэрийн төрлийг  хуульчилсан, үүнд захиргааны байгууллагаас  үйл ажиллагаа явуулсан эсэхийг   тогтоох   шийдвэрийг  гаргах  эрх хэмжээг захиргааны хэргийн шүүхэд хуулиар олгоогүй байна.

Хоёр. Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тухайд:

              Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн анхдугаар хуралдааны “ИТХ-ын даргыг ажлаас чөлөөлөх тухай” 03 дугаар тогтоолыг[1] хүчингүй болгуулахыг хүссэн.

              Энэхүү  шаардлагыг хариуцагч, анхдугаар хуралдааныг  даргалагч Б.Ж нь  шүүх хуралдаанд “... анхдугаар хуралдаанаар Хурлын даргыг чөлөөлөх асуудлаар тогтоол гаргаагүй, хүчингүй болгуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч байна” гэж тайлбарлан нэхэмжлэлийн  шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, энэ нь  бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй гэж үзэн  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т зааснаар хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Гурав. Нэхэмжлэлийн  шаардлагын зарим хэсгийг  хангасан тухайд:

              Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ээлжит хуралдааны 7 дугаар тогтоолоор[2] Монгол Улсын засаг  захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.14, 18 дугаар зүйлийн 18.1.1. “б”, 23 дугаар зүйлийн 23.3, 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Хурлын  Төлөөлөгчдийн болон Тэргүүлэгчдийн хуралдааныг хууль бусаар зохион байгуулсан, Хурлын байгууллагын тасралтгүй явагдах ажиллааг алдагдуулсан, Тэргүүлэгчдийг болон нарийн бичгийн дарга Х.Дөрветханыг үндэслэлгүй ажлаас нь чөлөөлсөн, төлөөлөгчдийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй, ёс зүйн ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр Хурлын дарга О.Хийг Хурлын даргын ажлаас нь чөлөөлжээ.

              Нэхэмжлэгчээс “... 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  ээлжит бус 7 дугаар хуралдааныг болоогүй, тухайн өдөр Тэргүүлэгчид хуралдахаар цугларсан байсан, гаднаас хэсэг төлөөлөгчид орж ирж хууль бус сонгогдсон Тэргүүлэгчдийг хуралдуулахгүй гэж маргаснаас болж хуралдаж чадаагүй, тараад явсан. Хуралдаанаас гарсан гэх тогтоолуудад миний гарын үсэг байхгүй” гэж маргажээ.

              Хэрэгт авагдсан бичмэл  нотлох баримтуудыг болон нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, гэрчүүдийн мэдүүлгүүдийг  харьцуулан судалж  үзэхэд, Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нийт 27 төлөөлөгчийн  15 төлөөлөгч буюу Д.Е, С.Делегат, М.Ө, И.Бахытбек, К.Х, Х.Д, Х.Ж, Б.Г, А.Т, Ш.Х, Н.Т, Д.С, Т.С, Ж.Г, С.А нар нь  “ээлжит бус 7 дугаар хуралдаан 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр болсон, маргааш нь буюу 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр үргэлжилсэн,   хэлэлцэх асуудлын төлөвлөгөөний дагуу асуудлуудыг хэлэлцэж баталсан“[3] гэж мэдүүлсэн бол, Б.И, У.С, С.Х, С.Т, А.С, Х.Ш, Р.Ак нарын  7 төлөөлөгч нь  “... хуралдааны талаар огт мэдээгүй, бидэнд мэдэгдээгүй”[4] гэж, 5 төлөөлөгч буюу  О.Х, А.М, Ж.З, Б.О, Х.Ж нар нь “...тухайн өдөр Хурлын ээлжит бус хуралдаан болоогүй, Тэргүүлэгчдийн хуралдаан болох байсан”  гэж[5] тус тус мэдүүлжээ.

              Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын хуралдаанд тухайн Хурлын нийт төлөөлөгчийн олонхи нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно”, 25 дугаар зүйлийн 25.1-т “Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар тус тус батална” гэж тус тус заасан.

              Хуулийн дээрх заалтын агуулгаас үзэхэд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын хувьд тухайн орон нутгийн нийгмийн болон эдийн засгийн аливаа асуудлыг бие даан шийдвэрлэх ба ийнхүү шийдвэр гаргахдаа олонхийн зарчмыг баримтлахыг хуульчилсан байх бөгөөд энэхүү маргааны хувьд нэгэнт олонхи буюу 15 төлөөлөгч хүрэлцэн ирж оролцсон тохиолдолд Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ээлжит бус 7 дугаар хуралдааныг  болоогүй гэж үзэх үндэслэл байхгүй  байна.

              Нэхэмжлэгчээс “ ... Хурлын нарийн бичгийн дарга нь  хэсэг төлөөлөгчидтэй хуйвалдаж, хуурамч тогтоолуудыг үйлдсэн, хуралдаан болсон мэтээр тэмдэглэл хөтөлсөн” гэж маргаж байгаа боловч хуралдаанаас батлан гаргасан тогтоолууд нь  хуурамчаар үйлдэгдсэн талаар  эрх бүхий байгууллагаас шалган тогтоосон, гэм буруугийн асуудал шүүхээр нотлогдсон зүйлгүй байх тул зөвхөн нэхэмжлэгчийн  тайлбарласнаар “...хуурамчаар үйлдэгдсэн бичиг баримтууд” гэж шүүхээс үзэх боломжгүй юм.

              Харин тухайн хуралдаанаар нэхэмжлэгчийг  Хурлын даргын  ажлаас чөлөөлсөн 07 дугаар тогтоол нь хууль бус, үүний улмаас нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх, цалин авах эрх нь тус тус зөрчигдсөн гэж үзлээ. Учир нь,

              Тэргүүлэгчдийн хуралдаанаас баталсан хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд Хурлын даргыг ажлаас чөлөөлөх асуудлыг тусгаагүй, зөвхөн хуралдааны үеэр төлөөлөгчдөөс энэ саналыг  оруулж шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан Тэргүүлэгчдийн хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 73 дугаар тогтоол[6], хуралдааны тэмдэглэл,[7] төлөөлөгчдийн “...ажлын албанаас  хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг  урьдчилж мэдэгдээгүй, танилцуулаагүй, ... Хурлын даргыг чөлөөлөх асуудлыг хуралдааны үеэр  хэлэлцсэн” гэсэн мэдүүлгүүдээр[8] тус тус тогтоогдож байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  24 дүгээр зүйлийн 24.1-д “Хурлын Тэргүүлэгчид, хороо, түүнчлэн төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй”,  24.3-т “Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэж хуульчилжээ.

              Хуулийн  дээрх заалтуудаас үзвэл Хурлын төлөөлөгчөөс Хуралд тодорхой асуудал хэлэлцүүлэхээр санаачлах, санал оруулах эрхтэй боловч тухайн санал нь дээрх шаардлагыг  хангасан тохиолдолд л хуралдаанаар хэлэлцүүлэхээр зохицуулсан, энэ нь  Хурлын төлөөлөгч  нарт Хурлаар хэлэлцэх асуудлын талаар урьдчилан мэдэгдэж, тэдэнд судалгаа хийх, хуралдаанд үндэслэл бүхий тайлбар гаргах боломжийг олгох агуулгатай  байна.

              Дээрх байдлаар хуульд заасан шаардлагыг хангахгүйгээр, өөрийг нь байлцуулж тайлбар гаргах боломж олгохгүйгээр  нэхэмжлэгчийг Хурлын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн Хурлын хуралдааны 07 дугаар тогтоол нь хуулийн холбогдох заалтуудтай нийцээгүй гэж үзлээ.

              Нэгэнт нэхэмжлэгч нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас ажлаас чөлөөлөгдөж улмаар цалин авах эрхээр хохирсон нь  тогтоогдож байх тул  Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй”, 101 дүгээр зүйлийн 101.2-т “Иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна”, 102 дугаар зүйлийн  102.1-т “Захиргааны актад гаргасан гомдолд захиргааны актын улмаас учирсан хохирлыг нэхэмжилж болно” гэж тус тус  зааснаар нэхэмжлэгчийн  ажилгүй байсан 2019 оны 11 дүгээр сарын 01-ээс 2020 оны 11 дүгээр сарын 04-ны  өдрийн хүртлэх 12 сар 3 хоногийн  цалин хөлсийг нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын  НДД №А 0912454 дугаартай дэвтэр дэх бичилтийг үндэслэн тооцож  нийт 15.375.279  /арван таван сая гурван зуун далан таван мянга хоёр зуу далан есөн/ төгрөгийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төсвөөс гаргуулан  нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

Дөрөв. Нэхэмжлэлийн шаардлагын үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосон тухайд:

              1. Нэхэмжлэгч нь Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн “Ээлжит хуралдааныг зарлах тухай” 67 дугаар тогтоол[9], 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр “Ээлжит бус хуралдааныг зарлах тухай” 68 дугаар тогтоол[10], 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн “Ээлжит бус хуралдааныг зарлах тухай” 72 дугаар тогтоол[11],  “Хуралдаанаар хэлэлцэх асуудлын товыг батлах тухай” 73 дугаар тогтоолыг[12] тус тус илт хууль бус болохыг тогтоохыг шүүхээс хүсжээ.

              2016 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр бүрдсэн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааны 06 дугаар тогтоолоор[13] Хурлын дарга Д.Т, төлөөлөгч И.Бахытбек, С.Делегат, Д.Е, Х.Д, Б.О, Д.С нарыг Тэргүүлэгчдээр сонгосон, Хурлын  2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуралдааны 11 дүгээр тогтоолоор[14] Д.Сийг чөлөөлж, мөн өдрийн 12 дугаар тогтоолоор[15] Д.Сийн оронд М.Өийг сонгосон, Хурлын дарга Д.Т нас барснаар О.Хийг 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Хурлын хуралдааны 02 дугаар тогтоолоор[16] иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгосон үйл баримтууд нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон.

              Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т зааснаар  “Хурлын хуралдааныг товлон зарлах, түүний бэлтгэлийг хангах, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон санал, шийдвэрийн төсөл боловсруулах, хэлэлцэх” бүрэн эрхийг Хурлын Тэргүүлэгчдэд олгосон бөгөөд энэхүү эрхийг хэрэгжүүлэхдээ хуралдаанаар хэлэлцэж, хамтын шийдвэрийг олонхийн зарчмаар   гаргах  тул 7 Тэргүүлэгчээс 5 Тэргүүлэгчийн оролцоотойгоор, тодруулбал, Тэргүүлэгч Д.Е, С.Делегат,  Х.Д, М.Ө, И.Бнар нь  2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр  хуралдаж, Тэргүүлэгчдийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 65 дугаар тогтоолоор[17] товлон зарлагдсан хуралдааны товыг хүчингүй болгож,  2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөр өөрчлөн  тов тогтоосон, энэ шийдвэрийг 2019 оны 10 дугаар сарын 16-ны, 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрүүдэд  давтан гаргасан, тогтоолд Тэргүүлэгчид гарын үсгээ зурж баталгаажуулсан, Хурлын тамга дарагдсан  байна.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт захиргааны акт илт хууль бус болох тохиолдлуудыг хуульчилсан байх ба үүнд, 47.1.1-т “утга агуулгын илэрхий алдаатай”, 47.1.2-т “бичгээр гаргасан захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй”, 47.1.3-т “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан”, 47.1.4-т “захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус”, “47.1.5-т “хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан”, 47.1.6-т “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй”, 47.1.7-т “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч талаас захиргааны актууд илт хууль бус болохыг тогтоох үндэслэлээ”...  Хурлын дарга байсан хугацаанд буюу 2019 оны 09 дүгээр сарын 09-ний, 2019 оны 10 дугаар сарын 16-ны , 2019 оны 23-ны өдрүүдэд Тэргүүлэгчдийн хуралдаан болоогүй, Хурлын дарга хуралдааныг зохион байгуулаагүй, мэдэгдээгүй, удирдаагүй, гарын үсэг зурж баталгаажуулаагүй” гэж тайлбарлан маргасан боловч эдгээр үндэслэлүүд нь захиргааны актыг илт хууль бус болохыг  тогтоох хуульд заасан дээрх тохиолдлуудад хамаарахгүй байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангах боломжгүй байна.

2. Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ээлжит ээлжит бус 7 дугаар хуралдаанаар хэлэлцэж, 01 дугаар “Төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай”, 02 дугаар “Хуралдаан даргалагчийг томилох тухай”, 03 дугаар “Тэргүүлэгчдийн хуралдааныг болон Тэргүүлэгчдийн тогтоолыг хүчингүй болгох тухай”, 04 дүгээр “Төлөөлөгчдийн хуралдааныг хүчингүйд тооцох тухай”, 05 дугаар “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргыг эгүүлэн тогтоож, томилох тухай”, 06 дугаар “Хурлын төлөөлөгчийг огцруулах тухай”, 07 дугаар “Хурлын даргыг чөлөөлөх тухай”, 08 дугаар “Тэргүүлэгчээс чөлөөлөх тухай“, 09 дүгээр “Тэргүүлэгчээс чөлөөлөх тухай“, 10 дугаар “Тэргүүлэгчээр сонгох тухай“, 11 дүгээр “Сонгуулийн товыг зарлах тухай”, 12 дугаар “Сонгуулийн нэгдсэн хороог байгуулах тухай”, 13 дугаар “Шинээр баг байгуулах тухай”, 14 дүгээр “2018 оны орон нутгийн орлогын давсан хэсгийн хуваарилалтыг батлах тухай” гэсэн тогтоолуудыг[18] тус тус батлан гаргажээ.

Нэхэмжлэгч талаас  дээрх 14 тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгуулахыг хүсэж, үндэслэлээ “... Хурлын даргын тухайн хуралдааныг хууль журмын дагуу хуралдуулах, хууль журмын дагуу Хурлаас  тогтоол гаргах  эрх ашиг сонирхол нь ноцтой зөрчигдсөн,  хуульд заасан Хурлын даргын бүрэн эрхэд халдаж, хуралдаан даргалах, шийдвэрийг баталгаажуулах эрхийг үгүйсгэсэн” гэж тайлбарласан, шүүхээс  07 дугаар “Хурлын даргыг чөлөөлсөн тогтоол”-ыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх ба үлдсэн тогтоолуудыг нэхэмжлэгчийн шаардлагаар хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ. Учир нь,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь  хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 106 дугаар зүйлийн 106.3.1-т “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж тус тус заасан.    

Хуулийн дээрх заалтуудын агуулга нь нэхэмжлэгч нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас өөрийнх нь субьектив эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй гэж үзсэн нөхцөлд  эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар тус захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах ба шүүхээс маргаан бүхий захиргааны акт нь хууль бус, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн нь  тогтоогдсон тохиолдолд уг эрхийг нь сэргээх зорилгоор  шүүхээс захиргааны актыг хүчингүй болгох асуудлыг зохицуулжээ. 

Гэтэл Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуралдааны 07 дугаар тогтоолоос  бусад тогтоолууд нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хамааралгүй, нэхэмжлэгч рүү чиглээгүй,  маргаан бүхий тогтоолуудыг хүчингүй болгосноор түүний зөрчигдсөн гэх Хурлын даргын хуульд заасан эрх нь  сэргээгдэхгүй,  өөрөөр хэлбэл,  Хурлын даргын хувьд тухайн хуралдааныг    даргалах, хуралдаанаас гарсан дээрх   шийдвэрүүдийг ёслон баталгаажуулах эрх нь шууд үүсэхгүй тул энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

3. Нэхэмжлэгчээс гаргасан Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын ажилд эгүүлэн тогтоох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /цаашид “Хурал” гэх/-ын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байх бөгөөд ээлжит бус сонгуулиар байгуулагдсан Хуралд энэ хугацаа хамаарахгүй”,  9.8-т ”Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийн хугацаа тухайн Хурлын шинээр сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрснөөр дуусгавар болно”, 11 дүгээр зүйлийн 11.1-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдсан Хурлын анхдугаар хуралдаанаар Хурлын даргыг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” гэж тус тус заасан.

Орон нутгийн 2016 оны сонгуулийн үр дүнгээр сонгогдсон Төлөөлөгчид нь Хурлын даргаар О.Хийг сонгосон, О.Хийн төлөөлөгчийн болон Хурлын даргын бүрэн эрхийн хугацаа хуулийн дээрх заалтаар 2020 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр сонгогдсон Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн анхдугаар хуралдаанаар дуусгавар болох ба Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хуралдаж, 01 дүгээр тогтоолоор[19] төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн, 05 дугаар тогтоолоор[20] Хурлын даргыг сонгосон үйл баримтууд тогтоогдож байх тул Хурлын даргад эгүүлэн тогтоох нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй юм.

Иймд дээрх байдлаар нэхэмжлэгчээс гаргасан  “Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  Тэргүүлэгчдийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний, 2019 оны 10 дугаар сарын 16-ны, 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрүүдийн хуралдаануудыг, мөн тус  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын   2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн  ээлжит бус 7 дугаар хуралдааныг болоогүй болохыг  тогтоох” шаардлагыг хүлээн авахаас татгалзаж,  мөн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн анхдугаар хуралдааны 03 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахыг хүссэн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргүүдийг тус тус хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэлийн   шаардлагын зарим хэсгийг  хангаж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуралдааны “Хурлын даргыг чөлөөлөх тухай” 07 дугаар тогтоолыг хүчингүй болгож, 2019 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Мөн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн  7.1.2-т “эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70 200 төгрөг” гэж заасан, нэхэмжлэгчээс   улсын тэмдэгтийн хураамжид  33686 /гучин гурван мянга зургаан зуун наян зургаа/ төгрөгийг  илүү төлсөн байх тул өөрт нь  буцаан олгох нь   зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.1,106.3.7,106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгийг тус тус удирдлага болгон

                                                       ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус  баримтлан нэхэмжлэгч О.Хаас Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд болон Хурлын  2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаан даргалагчид холбогдуулан гаргасан Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  Тэргүүлэгчдийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний, 2019 оны 10 дугаар сарын 16-ны , 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрүүдийн хуралдаанууд, мөн  Хурлын   2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ээлжит бус 7 дугаар хуралдаан болоогүй болохыг  тогтоох” шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хүлээн авахаас татгалзсугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч О.Хаас Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн анхдугаар хуралдаан даргалагчид холбогдуулан   гаргасан “Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн анхдугаар хуралдааны 03 дугаар тогтоолыг  хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр  зүйлийн 9.8, 11 дүгээр зүйлийн 11.1, , 20 дугаар зүйлийн 20.1.1, 23 дугаар зүйлийн 23.7, 24 дүгээр зүйлийн 24.3, 25 дугаар зүйлийн 25.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 100 дугаар зүйлийн  100.1, 101 дүгээр зүйлийн 101.1.2, 102 дугаар зүйлийн 102.1-т заасныг тус тус баримтлан  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 07 дугаар “Хурлын даргыг чөлөөлөх тухай” тогтоолыг хүчингүй болгож,  ажилгүй байсан  12 сар 3 хоногийн /2019 оны 11 дүгээр сарын 01-ээс 2020 оны 11 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх/ цалин  15.375.279  /арван таван сая гурван зуун далан таван мянга хоёр зуу далан есөн/  төгрөгийг Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төсвөөс гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн хэсэг болох Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн  67 дугаар тогтоол, 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 68 дугаар тогтоол, 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 72 дугаар тогтоол,   73 дугаар тогтоолыг  илт хууль бус болохыг тогтоох,  сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ээлжит 7 дугаар хуралдааны 01, 02, 03, 04, 05, 06, 08, 09, 10, 11, 12, 13, 14 дүгээр  тогтоолуудыг  хүчингүй болгуулах тухай   нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

            4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 48 дугаар зүйлийн 48.1-т тус тус зааснаар  нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс илүү төлсөн 33686 төгрөгийг төрийн сангаас гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

            4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ , ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            З.ГҮЛБАРША

                                                         ШҮҮГЧИД                                  Г.СОНИНБОЛОР

                                                                                                             Г.  ЯНЖИНДУЛАМ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                     

             

 

             

               

             

             

             

                

 

 

 

 

 

[1] Хэргийн 172 дугаар хуудас /3 хавтас/

[2] Хэргийн 74 дүгээр хуудас /1 хавтас/

[3] Хэргийн  1 хавтаснаас 167-184,187-189,191-194, 2 хавтаснаас 32-35,  54-56,59-61,72-74, 77-79,82-84,87-89,92-ч94,131-133, 3 хавтаснаас 39,46-47, 50-51,38-39, 75-76, 79-80, 90-91, 102-103, 106 дугаар  хуудаснууд,

[4] Хэргийн 1 хавтаснаас 210-213, 2 хавтаснаас 4-5, 8-9, 12-13, 17-18, 27-28, 49-51, 3 хавтаснаас 62, 66,69, 72,  87, 110 дугаар хуудаснууд,

[5] Хэргийн 1 хавтаснаас 198-201, 204-206, 210-213,216-219, 3 хавтаснаас42,  54-55, 83-84 94-95 дугаар хуудаснууд ,

[6] Хэргийн 42 дугаар хуудас /1 хавтас/

[7] Хэргийн 84-100 дугаар хуудас /1 хавтас/

[8] Хэргийн 1 дүгээр хавтаснаас 178-184, 187-189, 191-194, 198-201, ,204-206,210-213,216-219,225-228,244-249, 2 дугаар хавтаснаас  4-5,8-9,12-13,17-18,27-28,49-51,54-56,59-61,65-66, 77-79,82-84,87-89,131-133,137-138,158-159-р хуудас

[9] Хэргийн 39 дүгээр хуудас /1 хавтас/

[10] Хэргийн 40 дүгээр хуудас /1 хавтас/

[11] Хэргийн 41 дүгээр хуудас /1 хавтас/

[12] Хэргийн 42 дугаар хуудас /1 хавтас/

[13] Хэргийн 105 дугаар хуудас /1 хавтас/

[14] Хэргийн 106 дугаар хуудас /1 хавтас/

[15] Хэргийн 107 дугаар хуудас /1 хавтас/

[16] Хэргийн 6 дугаар хуудас /1 хавтас/

[17] Хэргийн 123 дугаар хуудас /1 хавтас/

[18]Хэргийн 52,57,58,60,61,62,74,75,76,77,78,79,80,81-р хуудас

[19] Хэргийн 164 дүгээр хуудас /3 хавтас/

[20] Хэргийн 176 дугаар хуудас /3 хавтас/